| Шүүх | Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигмэддоржийн Долгормаа |
| Хэргийн индекс | 168/2021/0158/Э |
| Дугаар | 2021/ДШМ/34 |
| Огноо | 2021-10-27 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | С.Ариунаа |
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 10 сарын 27 өдөр
Дугаар 2021/ДШМ/34
О.Балжмаад холбогдох эрүүгийн хэргийн талаар
Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Долгормаа даргалж, ерөнхий шүүгч З.Энхцэцэг, шүүгч О.Баатарсүх нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд хаалттай хийв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Г.Чинзориг
Прокурор С.Ариунаа
Хохирогч Б.Галбадрахын өмгөөлөгч Р.Атарцэцэг
Хохирогч Б.Намжилдорж, Д.Жамуха, М.Баяржаргал
Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Нямсүрэн
С.Батдэлгэр
Шүүгдэгч О.Балжмаа нар оролцов.
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 2021/ШЦТ/240 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.Балжмаа, түүний өмгөөлөгч З.Нямсүрэн, С.Батдэлгэр, хохирогч Б.Галбадрах, түүний өмгөөлөгч Р.Атарцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлоор О.Балжмаад холбогдох эрүүгийн 2121000000127 дугаартай хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Ж.Долгормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Баян-Уул суманд 1989 оны 02 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, 32 настай, эмэгтэй, Бодонгууд овогт Оросоогийн Балжмаа.
Шүүгдэгч О.Балжмаа бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглан “мал зарна” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан
2021 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хохирогч Д.Жамухад 3 тооны бяруу зарна гэж хуурч мэхлэн 1.150.000 төгрөгийн,
2021 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хохирогч Д.Алтанцэцэгт 8 тооны бяруу, 2021 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 4 тооны бяруу зарна гэж хуурч мэхлэн, нийт 2.000.000 төгрөгийн,
2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хохирогч Б.Намжилдоржид 8 тооны бяруу зарна гэж хуурч мэхлэн 1.100.000 төгрөгийн,
2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хохирогч Б.Цэндэнхандад 8 тооны бяруу зарна гэж хуурч мэхлэн 2.000.000 төгрөгийг, 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 3 тооны бяруу нэмж зарна гэж хуурч мэхлэн 2.200.000 төгрөгийг буюу нийт 4.200.000 төгрөгийн,
2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хохирогч О.Жигжидсүрэнд 16 тооны бяруу зарна гэж хуурч мэхлэн 2.900.000 төгрөгийн,
2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хохирогч Б.Энхбаатарт 16 тооны бяруу зарна гэж хуурч мэхлэн 3.000.000 төгрөгийн,
2021 оны 02 дугаар сарын 23, 24-ний өдрүүдэд хохирогч Б.Галбадрахад нийт 20 тооны бяруу зарна гэж хуурч мэхлэн 5.000.000 төгрөгийн,
2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хохирогч М.Баяржаргалд 16 тооны бяруу зарна гэж хуурч мэхлэн 3.000.000 төгрөгийн,
2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хохирогч Ц.Нямдоржид 12 тооны бяруу зарна гэж хуурч мэхлэн 4.000.000 төгрөгийн буюу нийт дээрхи нэр бүхий 9 иргэнд 26.350.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Ариунаа шүүгдэгч О.Балжмааг бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залиласан гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.
Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 2021/ШЦТ/240 дүгээр шийтгэх тогтоолоор:
- Шүүгдэгч Бодонгууд овогт Оросоогийн Балжмааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Оросоогийн Балжмааг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Балжмаад оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
- Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Балжмаагаас гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд нийт 19.350.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Д.Жамухад 1.150.000 төгрөг, хохирогч Д.Алтанцэцэгт 2.000.000 төгрөг, хохирогч Б.Намжилдоржид 1.100.000 төгрөг, хохирогч Б.Цэндэнхандад 4.200.000 төгрөг, хохирогч О.Жигжидсүрэнд 2.900.000 төгрөг, хохирогч Б.Галбадрахад 5.000.000 төгрөг, хохирогч М.Баяржаргалд 3.000.000 төгрөгийг тус тус олгож,
- Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.Энхбаатарт 3.000.000 төгрөг, хохирогч Ц.Нямдоржид 4.000.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгч О.Балжмаагийн ЖВ89022205 тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлж,
- Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Балжмаад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ... шийдвэрлэжээ.
Шүүгдэгч О.Балжмаа, түүний өмгөөлөгч З.Нямсүрэн нар 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр гаргасан давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, шийдвэрийн үндэслэл шүүхээс хэлэлцсэн нотлох баримтын агуулга, нотлох баримтын хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаар шүүх бодит дүгнэлт гаргаагүй, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон нотлох баримт, дүгнэлтийг үгүйсгэж чадаагүйд гомдолтой байна.
Хэрэгт хэргийн зүйлчлэлд ямарч хамааралгүй шүүгдэгчийн эрх зүйн байдлыг хүндрүүлсэн Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтыг энэ тогтоолд зааж байгаа нь ойлгомжгүй байна. Мөн миний үйлчлүүлэгч О.Балжмааг бусдыг хуурч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулсан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож дүгнэхдээ яг аль заалтаар нь гэм бурууг тогтоож байгааг үндэслэлтэй дүгнэлт гаргаагүйд гомдолтой.
Шүүхийн тогтоолд үйл ажиллагааныхаа эх үүсвэр болгож тогтвортой ашигласан гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байхаас гадна дээрх мөнгийг цахим орчинд мөрийтэй тоглож алдсан гэх шүүгдэгчийн мэдүүлгийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй гэж дүгнэж байгаа нь буруу байна. Цахим тоглоом тоглосон гэм буруутай хүмүүст Улаанбаатар хотод эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгааг прокурор хэрэгт хавсаргаж өгсөн. Ер нь иргэнээс мөнгө зээлээд юунд зарцуулах нь тухайн иргэний асуудал. Харин авсан мөнгөө хугацаанд нь төлөх үүрэгтэй. Энэ үйлдлийг иргэний шүүхээс шийдвэрлэдэг.
Дээрх хохирогчийн ихэнхийг танихгүй байхад урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашигласан гэдэг нь хуульд нийцэхгүй байна. Мөн шүүгдэгчийн хохирол барагдуулах талаар ямар нэгэн бодитой арга хэмжээ аваагүй гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй. Учир нь хоёр хохирогчид 7.000.000 төгрөг төлж барагдуулсан байгаа.
Эрүүгийн хуулиар нэг ой нэг сартай хүү Дүүрэнбаяр нь эцэг Дамдиндаваагийн асрамжинд үлдэх боломжтой гэж үзэж гэр бүлийн холбогдолтой иргэний асуудлыг шийдэж тогтоолд зааж байгаа нь хууль бус байна. Хэргийн нөхцөл байдлын хувьд өмгөөлөгч энэ хэрэг нь иргэн, эрүүгийн хэрэг аль нь болохыг мөрдөн байцаалтаар тогтоож чадаагүй эргэлзээтэй байна. Иргэдээс хавар нь хямд бяруу аваад намар нь үнэтэй зардаг нь иргэн хоорондын харилцаа байнга л иргэний шүүхээр шийдвэрлэгдэж байдаг. Харин энэ хэрэгт гэмт хэргийн шинж байгаа эсэх, нотолбол зохих зүйлийг нотолсон эсэхийг шүүх тогтоолдоо эргэлзээтэй дүгнэсэнд гомдолтой байна.
О.Балжмаа нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, 1-7 насны 2 хүүхэдтэй, нэр бүхий 9 хүнд нийт 26.350.000 төгрөгийн хохирол учруулснаас Б.Энхбаатарт 3.000.000, Ц.Нямдоржид 4.000.000 төгрөгийн хохирлыг тус тус төлж барагдуулсан. Хохирогчид болох Д.Жамухад 1.150.000, Д.Алтанцэцэгт 2.000.000, О.Жигжидсүрэнд 2.900.000, Б.Галбадрахад 5.000.000, М.Баяржаргалд 3.000.000 төгрөгийн нийт 19.350.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулна гэдгээ мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд өөрөө болон өмгөөлөгч нь илэрхийлсэн ба О.Балжмаа нь энэ хэрэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч 2 хохирогчид 7.000.000 төгрөг төлсөн. Бусад хохирогчтой уулзах боломж байгаагүй мөн Ковид-19 гарсантай холбогдуулан мөнгө олох хаагдмал байсан зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар бусад хохирогчид төлбөрөө төлж чадаагүй. Заавал төлнө гэдгээ удаа дараа илэрхийлж байсан. Харин шийтгэх тогтоол гарах үед 3 сартай жирэмсэн байсан гэдгээ өмгөөлөгч болон шүүгчид хэлээгүй О.Балжмаагийн хэргийн бодит байдлыг харгалзан үзээд Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 1.1, 3.1.2, 4.1, 7.1 дүгээр зүйлд зааснаар өршөөн хэлтрүүлэх боломжтой байсан. Шийтгэх тогтоол гаргахдаа хэргийн бодит байдлыг буруу дүгнэж эргэлзээтэй хэрэг шийдвэрлэснээр хууль буруу хэрэглэсэн гэж үзэж байна.
Шүүгдэгчийн хувийн байдал, хэргийн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөд Ковид-19 нөлөөлж, сум аймаг, орон нутгаас гарах боломж байгаагүй, хохирогч нартай уулзах боломж нь хязгаарлагдмал байсан.
Иймд О.Балжмаад холбогдох хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдуулж, хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгөхийг хүсэж гомдол гаргаж байна.” гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Батдэлгэр 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр гаргасан давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх дараах байдлаар Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, мөн хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, Өршөөл үзүүлэх тухай хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлаж хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй зэрэг шүүхийн тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.
1. О.Балжмаа нь Д.Дүүрэнбаярыг 2020.07.27-ны өдөр төрүүлсэн, хүүхэд нь одоо 1 нас 2 сартай. Нөхөр Дамдиндаваатай албан ёсны гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч гэр бүл болж дундаасаа хүүхэд төрүүлсэн. Шүүх дүгнэлт хийхдээ “...хүү Д.Дүүрэнбаяр нь эцэг Дамдиндаваагийн асрамжинд байх боломжтой гэж үзлээ” гэж дүгнэсэн. Гэтэл шүүхийн дүгнэлт ямар баримтанд тулгуурлаж 1 настай хүүхдийг эцэгтэйгээ байх боломжтой гэж үзсэн гэдэг нь тодорхойгүй. Энэ талаарх нотлох баримт хэрэг байхгүй. Мөн тухайн хүүхдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэсэн ямар нэгэн шийдвэр байхгүй болно. Харин одоо бодит байдал дээр хүүхэд хаана байгаа вэ гэвэл Дамдиндаваа нь хөдөө ганцаараа мал малладаг учир 1 настай хүүхдээ асарч хамгаалах боломжгүй. Өөрийнхөө аав, ээж дээр аваачиж өгсөн гэх мэдээлэл байна.
Эрүүгийн хуулийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүн, жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно.” гэж заасан. О.Балжмаа нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. Гэтэл шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, ямар ч нотлох баримтгүй зүйлд хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийж “хүүхэд эцгийнхээ асрамжинд үлдэх боломжгүй гэж” үзэж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлгүй гэж үзэх үндэслэл болж байна. Түүнчлэн О.Балжмаа нь одоо 2 сар гарантай жирэмсэн байна. Энэ талаар баримтаа цагдан хорих байрны эмчээс гаргуулж өгч байгаа болно .
2. Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь 2021 оны 07 сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солих зохицуулалтад хамаарч байна. Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт “... яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн” гэж заасан. О.Балжмаагийн тухайд өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч мөн хохирлоо төлнө гэдгээ шүүх хуралдаанд илэрхийлсэн. Гэтэл шүүхээс “төлнө гэж байгаа нь хангалтгүй” гэж хуульд байхгүй шаардлагыг тавьж хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй байна. Өршөөл үзүүлэх тухай хуульд төлөхөө илэрхийлсэн гэж зааснаас биш гарын үсэг зурж, гэрээ хэлцэл хийж, мөнгө дансанд байршуулж, эд хөрөнгө шилжүүлэн өгч, хугацаагаа тохирсон байхыг шаардана гэсэн ямар ч зохицуулалт тайлбар байхгүй. Өршөөлийн хуулийн энэ заалт практик дээр ч гэсэн төлөхөө илэрхийлж зөвшөөрсөн байдлаар хэрэглээд явж байгаа. Шүүх хуралдаан дээр гаргасан мэдүүлэг бол шүүх хуралдааны тэмдэглэлээр баталгаажиж нотлох баримтаар үнэлэгддэг. Гэтэл шүүх хуульд заагаагүй шаардлагыг тавьж хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй нь ноцтой зөрчил юм.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж заасан байна. Харин О.Балжмаагийн тухайд одоо тус аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 үйлдэл дээр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татагдсан байна. Иймд уг хэргүүдээ нэгтгүүлж нэг удаа ял шийтгүүлэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэхээр байна.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү.” гэжээ.
Хохирогч Б.Галбадрах түүний өмгөөлөгч Р.Атарцэцэг нар 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр гаргасан давж заалдах гомдолдоо: “Шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж чадсангүй гэж үзэж байна. Шүүх хуралдаанд өмгөөлөгчийн зүгээс тухайн хэргийг мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаах саналтай оролцсон. Гэвч шүүх түүний үйлдсэн хэргийн талаар дахин шалгах шаардлагагүй, зүйлчлэл тохирсон гэсэн дүгнэлт хийсэн. Шүүхийн шийтгэх тогтоолд бичигдсэн зүйлүүд нь хэргийн бодит байдалтай нийцээгүй учир дутагдалтай дүгнэлт болсон гэж үзэж байна.
1. Шүүгдэгч О.Балжмаа нь бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглан “мал зарна” гэж зохиомол байдлыг бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж итгэлийг урвуулан ашиглаж 2021.02.23, 24-ний өдрүүдэд хохирогч Б.Галбадрахаас 5.000.000 төгрөгийг эзэмшилдээ авч хохироосон байдал тогтоогдсон. Хэдий тийм боловч энэ өдөр авсан мөнгийг чухам юунд зарцуулсан нь тодорхойгүй үлдэж байгаа төдийгүй мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоож чадаагүй байдал харагдана.
Зөвхөн шүүгдэгчийн мөрийтэй тоглоод алдсан гэх үгэнд итгэлтэй хандаж энэ олон хохирогч нарын мөнгийг тухайн үед аваад юунд зарцуулсан гэдгийг зайлшгүй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдалтай нийцэх юм. Гэтэл үүнийг огтоос шалгаагүй, шалгахыг ч хүсэхгүй байдал анзаарагдсан.
2. Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй. Шүүхэд холбогдсон хэргийн талаар тайлбар өгөхгүй гэх байдлууд нь түүнд шүүхээс оногдуулсан эрүүгийн хариуцлага нь түүний үйлдсэн хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.
3. Хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх тал дээр огтоос санаачлага гаргаагүй. Энэ хэргийг ямар хугацаанд шалгасан билээ гэтэл нэг ч хүний хохирлыг төлөөгүй, төлөгдсөн гэх хохирогчийн мөнгийг данснаасаа авч амжаагүй байхад нь хохирогчид гаргаж өгснийг хохирол сайн дураараа төлсөн гэж үзэх үндэслэл байгаа эсэхийг анхаарах хэрэгтэй.
4. Энэ хэрэгт хамтран оролцсон хүн байгаа эсэхийг огтоос шалгаагүй. Түүний нөхөр Дамдиндаваа мэдүүлэхдээ миний картнаас мөнгө авч байсныг би мэдсэн, мөн миний найзаас мөнгө аваад байсныг мэдээд хохирлыг нь би төлсөн гэх мэдүүлэг хэрэгт авагдсан байгаа. Хамт амьдарч байгаа хүн нь ийм төрлийн гэмт хэрэг үйлдээд 26.350.000 төгрөгийн хохирол учруулаад байхад мэдэхгүй байх боломжгүй. Гэмт хэрэг үйлдэх цаг хугацаанд нөхрийн хамт гэртээ амьдарч байсан төдийгүй алсад тусдаа байгаа гэж мэдүүлж байгаа боловч нэг гэрт хамт байгаа нь хохирогч нарын шүүх хуралд өгсөн мэдүүлгээр тогтоогдож байгаа.
Хохирогч Б.Галбадрах үнэхээр мал зарах гэж байгаа эсэх, малтай эсэхийг асуухад багийн засаг дарга, хэсгийн төлөөлөгч, нөхрийнхөө утсыг өгсөн байдаг. Найдвартай хуулийн хүн гэдэг утгаар нь хэсгийн төлөөлөгч рүү утсаар холбогдож тодруулахад “энэ айл малтай, найдвартай айл” гэж хэлснээр итгэсэн тул 2021.02.23, 24-ний өдрүүдэд бяруу авах гэж 5 сая төгрөгийг шилжүүлсэн байдаг. Тиймээс хамтран оролцсон этгээд байгаа эсэхийг тогтоох ёстой.
Далд санаа өвөрлөж байна гэж миний үйлчлүүлэгчийн хэлж байгаа үгийг анхаарч үзэх хэрэгтэй байна. Энэ хэргийг нөхөр нь дэмждэг тэгээд эмэгтэй хүн гэдгээр нь О.Балжмааг ганцааранг нь гэмт хэрэг үйлдсэн болгож байгаа магадлал өндөр юм. Мөн түүний нөхөр Дамдиндаваагийн төрсөн эгч нь тус аймгийн прокурорын хяналтын прокуророор ажилладаг энэ хэрэгт нөлөөлж байна гэх асуудлыг тавьж байгаа учир үүнийг шалгаж тогтоох ёстой.
5. О.Балжмаагийн үйлдсэн хэргийг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэж үзэхээр байгаа. Учир нь 2019.01.18-ны өдрийн 33 тоот тогтоолоор тухайн зүйл ангийг тайлбарлахдаа нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд, гурав түүнээс дээш удаа үйлдсэн гэх мэтээр үйлдэл, үг болгон дундаа таслалтай байгаа. Тиймээс О.Балжмаа нь 9 удаагийн үйлдээр бусдад 26.350.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь энэ төрлийн хэргийг тайлбарласан гурваас дээш удаа гэдэг хүндрүүлэх нөхцөл байдалтай нийцнэ гэж үзэж байгаа тул зүйлчлэлийг зөвтгөх хууль зүйн үндэслэл тогтоогдож байна.
Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт: “14 хоногийн хугацаанд 9 удаагийн үйлдлээр дээрх нэр бүхий иргэдийг залилж нийт 26.350.000 төгрөгийг өөртөө шилжүүлэн авсан байна. Шүүгдэгч О.Балжмааг дээрх мөнгийг өөрийн болон гэр бүлийн хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг залгуулахад ашигласан нь тогтоогдохгүй байна”, “гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд үйлдэж ашиг орлого олох зорилго болгосон байхыг ойлгоно” гэж дүгнэж зүйлчлэл тохирсон гэж үзсэн нь арай ядмаг дүгнэлт болжээ.
Энэ зүйл заалтад өөр өөр утга санааг агуулсан, өгүүлбэр болгоны ард таслал байгааг хуульчид бид ойлгож байгаа. Гэтэл 14 хоногийн дотор эсвэл сарын дотор бусдын эд зүйлийг хуурч мэхэлж залилсан бол гэмт хэрэг биш гэж үзэх үү, яах гэж хууль тайлбарлагч нар 3 ба түүнээс дээш гэдэг өгүүлбэрийг, үйлдлийг оруулж ирж байгааг ойлгох хэрэгтэй. Тэгвэл мөрдөн шалгах ажиллагаагаар 9 хохирогчоос авсан мөнгийг, хэзээ, хэдийд яаж юунд захиран зарцуулсан гэдгийг шалгаж тогтоогоогүй дутуу дулимаг хэргийн материалыг прокурор мөрдөгч шүүхэд шилжүүлээд хэргийг прокурорт буцааж, нэмэлт ажиллагаа хийлгүүлэх тухай хохирогчийн өмгөөлөгчийн саналыг хэрэгсэхгүй байгаа үед О.Балжмаагийн бусдаас хуурч мэхэлж авсан мөнгөний зарцуулалтыг шүүх хуралдаан дээр гаргаж ирэх боломжтой. Тиймээс шүүх тогтоогдохгүй байна гэж дүгнэлт хийгээд байгаа нь ойлгомжгүй байна.
О.Балжмаагийн хувьд дээрх нэр бүхий хохирогч нарын хохирлыг хэзээ ч төлөхгүйгээр хөрөнгө мөнгө байхгүй, 2 нялх хүүхэдтэй, хэрэг яаж шийдэхээс нөхөр нь чамтай цаашид хамт амьдрах эсэхээ шийднэ гэх мэтээр ярьж байгаа байдлууд нь хийсэн хэрэгтээ огтоос гэмшихгүй, миний цаана намайг хамгаалдаг хүмүүс байгаа гэсэн байдлаар хандаж байгаа нь зохисгүй юм. Цагдан хоригдож байгаа үедээ ч гэсэн нөхөр нь хууль хяналтын байгууллагаар гүйгээд эхнэрээ жирэмсэн гэж гаргаж авахаар явж байгаа мэдээ ч байгаа.
Хэрэг хянан шийдвэрлэх хугацаанд хохирлоо төлчихвөл бид заавал хүнийг хориулах сэтгэл байхгүй л байсан. Түүнчлэн шийтгэх тогтоол гарснаас хойш ч төлөх боломж байсан боловч сэтгэл гаргахгүй жирэмсэн, нялх хүүхэдтэй гэдгээрээ аль болох хэргээс өөрийгөө аврах, гарчих нөхцлийг хайж байгаа болохоос үнэхээр олон хохирогчийг хохироосон хохирлыг нь төлчих юмсан гэсэн сэтгэл түүнд огтоос байхгүй байгаа нь илт харагдаж, ойлгогдож байна.
Тиймээс түүнд шүүхээс оногдуулсан ял хэргийн бодит байдалтай огтоос нийцээгүй, шүүх зүйлчлэл дээр буруу дүгнэлт хийсэн зэрэг байдлуудаас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах үүднээс гомдол бичлээ.” гэжээ.
Шүүх хуралдаанд оролцсон хохирогч Намжилдорж гаргасан тайлбартаа: О.Балжмаагийн хувьд хохирлоо барагдуулсан, эсвэл нөхөн төлөхөө илэрхийлсэн байх ёстой гэж байх шиг байна. Бид заавал хохирлоо барагдуулсан байх ёстой гэдгийг л хэлэхийг хүсч байна. Дахин өөр хүнийг хулхидаж, хууран мэхэлсэн үйлдэл нь шүүхэд ирсэн гэж ярьж байна. Энэ бол ингээд зогсох хүн биш. Энэ чиглэлээрээ дагнасан өөр ч хүнийг хохироож магадгүй хүн юм гэв.
Шүүх хуралдаанд оролцсон хохирогч Жамуха гаргасан тайлбартаа: ...Би уг нь эцэг, эхийг нь сайн танина. Эцэг, эх нь худал хэлээд байхаар хүмүүс биш гэж бодож байна. Миний итгэсэн итгэлийг урвуулан ашиглаж намайг залилж байгаад гомдолтой байна. Давхар надад мал зааж өгчихөөд авах гэж очихоор дам зарсан байсан. Юу гэж хэлэхээ ч мэдэхгүй байна. Би хохирлоо барагдуулж авмаар байна гэв.
Шүүх хуралдаанд оролцсон хохирогч Баяржаргал гаргасан тайлбартаа: ...Бид хууль мэдэхгүй. Гэхдээ жирэмсэн гэж хэлээд ял авахгүй үлдэх гээд байх шиг байна. О.Балжмаагийн хувьд биднийг хохироочихоод нэг ч удаа холбогдоогүй. Хэзээ, яаж хохирлоо нөхөн төлөх хүсэлтэй байгаагаа ч хэлээгүй. Зүгээр л өмгөөлөгч нартайгаа нийлж хуулийн цоорхойг ашиглах гэж байгаа л харагдаж байна гэв.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч З.Нямсүрэн гаргасан саналдаа: ...Анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгуулах саналтай байна. Хэргийг шийдвэрлэхдээ Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, бусад хуулийг чанд сахих ёстой байсан. Шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй шийдвэр гаргаж өгөхийг хүсч байна. Тиймээс хэргийг мөрдөн байцаалтад буцаах нь зүйтэй. Хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн гэв.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч С.Батдэлгэр гаргасан саналдаа: Хохирогчийн өмгөөлөгч хоёр үндэслэл хэлж байна. Амьдралын эх үүсвэр болгосон болон нөхөр нь хамтран оролцсон гэдэг зүйлийг ярьж байна. Энэ талаар прокурор маш тодорхой тайлбар хэллээ гэж үзэж байна. Хэргийг тусад нь шийдвэрлэх боломжтой гэж ярьж байна. Анхан шатны шүүхээр хэрэг хэлэлцэгдэж байх үед хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийгдэж байсан гэдгийг хэлэхийг хүсч байна. Тэрнээс биш шийтгэх тогтоол гарсны ард нь шинээр шалгагдсан зүйл байхгүй. Хууль зөрчих зүйл байхгүй. Мөн “Өршөөлийн тухай хууль”-д төлөхөө илэрхийлсэн байх боломжтой талаар хэлсэн. Гэтэл хувийн байдалтай нь холбож тайлбарлаад байх юм. Хуулийг нэг мөр хэрэглэх л ёстой гэж хэлмээр байна гэв.
Шүүх хуралдаанд оролцсон прокурор С.Ариунаа гаргасан дүгнэлтдээ: О.Балжмаад холбогдох хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Шүүх хуралдаанд өөр прокурор оролцсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд эрүүгийн хэрэгт ял шийтгэгдэхээс өмнө өөр хэрэгт шалгагдсан бол гэж заасан байгаа. Иймд хэд хэдэн шийтгэх тогтоолоор тусад нь шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солих боломжтой, мөн “Өршөөлийн тухай хууль”-ийг хэрэглэх боломжтой гэж ярьж байна. Энэ хуулийг хэрэглэх гол шаардлага нь “хохирлоо нөхөн төлсөн, эсвэл төлөхөө илэрхийлсэн” байх ёстой байдаг. Шүүгдэгчийн хувьд нийт хохирлоос 7 сая төгрөгийг төлсөн гэж ярьж байна. Гэтэл энэ мөнгийг сайн дураар төлсөн үү үгүй юу гэдэг асуудал яригддаг. ... “Өршөөлийн тухай хууль”-ийг хэрэглэх боломжгүй. Одоо жирэмсэн гэж хэлж байна. Хувийн байдлаа ашиглан ял завших үйлдэл гаргаж байна гэж харж байна. Мөн хохирогчийн өмгөөлөгчийн хувьд Дамдиндаваа энэ хэрэгт хамааралтай хэргийг мөрдөн байцаалтад буцаах хэрэгтэй гэж хэлж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ хүнийг шалгасан. Хамаарал бүхий этгээд хэдий ч хамтран оролцсон зүйл байхгүй гэдэг нь нотлогдсон. Амьдралын эх үүсвэх болгосон гэж мөн ярьж байна. О.Балжмаагийн хувьд покер тоглоод алдсан гэж хэлж байна. Байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэдгийг хуульд өөрөөр тайлбарласан байдаг гэдгийг мэдэж байгаа гэж найдаж байна. ...Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх шүүгдэгч О.Балжмаа, түүний өмгөөлөгч З.Нямсүрэн С.Батдэлгэр, хохирогч Б.Галбадрах, түүний өмгөөлөгч Р.Атарцэцэг нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дэх хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.
Шүүгдэгч О.Балжмаа бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглан “мал зарна” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хохирогч Д.Жамухад 3 тооны бяруу зарна гэж хуурч мэхлэн 1,150,000 төгрөгийн; 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хохирогч Д.Алтанцэцэгт 8 тооны бяруу, 2021 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 4 тооны бяруу зарна гэж хуурч мэхлэн, нийт 2,000,000 төгрөгийн; 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хохирогч Б.Намжилдоржид 8 тооны бяруу зарна гэж хуурч мэхлэн 1,100,000 төгрөгийн; 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хохирогч Б.Цэндэнхандад 8 тооны бяруу зарна гэж хуурч мэхлэн 2,000,000 төгрөгийг, 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 3 тооны бяруу нэмж зарна гэж хуурч мэхлэн 2,200,000 төгрөгийг буюу нийт 4,200,000 төгрөгийн; 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хохирогч О.Жигжидсүрэнд 16 тооны бяруу зарна гэж хуурч мэхлэн 2,900,000 төгрөгийн; 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хохирогч Б.Энхбаатарт 16 тооны бяруу зарна гэж хуурч мэхлэн 3,000,000 төгрөгийн; 2021 оны 02 дугаар сарын 23, 24-ний өдрүүдэд хохирогч Б.Галбадрахад нийт 20 тооны бяруу зарна гэж хуурч мэхлэн 5,000,000 төгрөгийн; 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хохирогч М.Баяржаргалд 16 тооны бяруу зарна гэж хуурч мэхлэн 3,000,000 төгрөгийн; 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хохирогч Ц.Нямдоржид 12 тооны бяруу зарна гэж хуурч мэхлэн 4,000,000 төгрөгийн буюу нийт дээрхи нэр бүхий 9 иргэнд 26,350,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Д.Жамуха, Д.Алтанцэцэг, Б.Намжилдорж, Б.Цэндэнханд, О.Жигжидсүрэн, Б.Энхбаатар, Б.Галбадрах, М.Баяржаргал, Ц.Нямдорж, гэрч Д.Дамдиндаваа нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, шүүгдэгч О.Балжмаагийн ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, хохирогч Б.Галбадрах, Б.Намжилдорж, Б.Цэндэнханд, М.Баяржаргал, Д.Алтанцэцэг, Б.Энхбаатар нараас гаргаж өгсөн шүүгдэгчтэй харилцсан мессэжний хуулга зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотолсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмыг ноцтой зөрчөөгүй бөгөөд шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.
Шүүгдэгч О.Балжмаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт оногдуулахаар заасан дөрвөн төрлийн ялаас Эрүүгийн хуульд заасан ялын хүрээ хэмжээний дотор, шүүгчид олгогдсон эрхийн хүрээнд нэг жилийн хугацаагаар хорих ялыг сонгож оногдуулсан нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимтай харшилсан гэж үзэх үндэслэлгүй байна.
Шүүгдэгч О.Балжмаа нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.2 дахь заалттай нийцжээ. Харин шүүх “хохирлыг ямар хугацаанд хэрхэн барагдуулах талаар хохирогч нартай тохирсон, эсхүл хохирол төлөхөд хүрэлцэхүйц мөнгийг тусгай дансанд байршуулсан, тодорхой эд хөрөнгийг хохиролд тооцон шилжүүлэхээр санал гаргах зэргээр хохирлыг хэрхэн төлөх боломжтойгоо нотлох баримтаар нотлоогүй” гэх үндэслэлээр мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх заалтыг хэрэглээгүй талаар бичсэн шүүгдэгчийн өмгөөлөгч С.Батдэлгэрийн гаргасан гомдлыг хүлээж авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Иймд Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталж, мөн оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс дагаж мөрдөж буй “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэг буюу хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих тухай заалтад хамааруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Балжмаад оногдуулсан 1 жилийн хорих ялаас энэ хугацаанд цагдан хоригдсон 49 хоногийг /2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 07-н хүртэл/ хасаж, эдлээгүй үлдсэн 10 сар 11 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солихоор шийтгэх тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Батдэлгэрийн гаргасан бусад гомдлын тухайд:
Шүүгдэгч О.Балжмаа нь шүүх хуралдаан дээр 1-7 насны 2 хүүхдийн хамт амьдардаг тухай биеийн байцаалтад дурдсан хэдий ч хэрэгт 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр төрсөн Д.Дүүрэнбаярын төрсний гэрчилгээ 1 дүгээр хавтаст хэргийн 120 дугаар талд нотлох баримтаар авагдсан байна. Шүүх шийтгэх тогтоол гаргахдаа Д.Дүүрэнбаяр нь эцэг Д.Дамдиндаваагийн асрамжинд үлдэх боломжтой гэж дүгнэсэн нь учир дутагдалтай боловч өмгөөлөгчийн гомдолд дурдсан шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэх гомдлыг хүлээж авах үндэслэлгүй байна.
Эрүүгийн хуулийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүн, жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно.” гэж заасан.
Уг заалт нь шүүхэд эрх олгосон заалт бөгөөд заавал хэрэгжүүлэхээр үүрэг болгосон хуулийн зохицуулалт биш байна.
Түүнчлэн шүүгдэгч О.Балжмаа нь шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн талаар дурдсаныг хүлээж авах үндэслэлгүй шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзнэ.
Хохирогч Б.Галбадрах, түүний өмгөөлөгч Р.Атарцэцэг нарын гаргасан гомдлын тухайд:
Шүүх шийтгэх тогтоолдоо Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтын талаар үндэслэлтэй зөв тайлбарласнаас гадна шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэснийг хууль зөрчсөн гэж үзэхгүй.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр шүүгдэгч О.Балжмаа, түүний өмгөөлөгч С.Батдэлгэр, З.Нямсүрэн, хохирогч Б.Галбадрах, түүний өмгөөлөгч Р.Атарцэцэг нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 1,4 мөн зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 2021/ШЦТ/240 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч бодонгууд овогт Оросоогийн Балжмааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн 10 /арав/ сар 11 /арван нэг/ хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсугай.”,
“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Балжмаад Дорнод аймгийн Баян-Уул сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй”,
“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Балжмаа зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг мэдэгдсүгэй.” гэсэн заалтуудыг тус тус нэмсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.
3. Шүүгдэгч О.Балжмаад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ДОЛГОРМАА
ШҮҮГЧИД З.ЭНХЦЭЦЭГ
О.БААТАРСҮХ