Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 148/ШШ2023/00532

 

 

 

 

 

2023 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 148/ШШ2023/00532

Сэлэнгэ аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярсайхан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны В танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ******* *******,

Хариуцагч: ******* ******* Сэлэнгэ салбарт холбогдуулан гаргасан

 

******* ******* Сэлэнгэ салбарын захирлын 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаартай Сэлгэн ажиллуулах тухай тушаалыг хүчингүй болгуулж, ******* ******* Сэлэнгэ салбарын харилцааны менежерийн ажилд эгүүлэн томилуулах тухай гомдолтой иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

  Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: *******

Хариуцагчийн төлөөлөгч: *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: ******* нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.    Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан гомдолдоо:

Иргэн ******* би 2019 онд ******* ******* Сэлэнгэ салбарт харилцааны менежерийн ажилд орж ажилласан юм. Би хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүргээ сайн гүйцэтгэж ирсэн, ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүй билээ. Гэтэл Сэлэнгэ салбарын захирал ******* нь 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр ******* дугаартай тушаал гаргаж ******* намайг 2023 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас минь чөлөөлж 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн Сүхбаатар вокзал тооцооны төвийн харилцааны менежерээр сэлгэн ажиллуулах тушаал гаргасан юм. ******* би Салбарын захирлыг ажил үүргээ зохих ёсоор гүйцэтгэхгүй зөрчил гаргаад байсныг нь ил тод шударгаар хэлсэн явдалд захирал илт дургүйцэж хувийн үзэл бодлоороо намайг ажлаас чөлөөлж сэлгэн ажиллуулах тушаал гаргаж хохироож байна. Миний хувьд ******* ******* ажлыг амжилттай явуулахын төлөө захирлын гаргаж байгаа зөрчлүүдийг үнэнээр нь хэлсэн юм. Сэлэнгэ салбарын захирал ******* нь олон зөрчил гаргаж байгаа бөгөөд нэг зөрчлийг нь жишээ болгон дурдахад: Зээлийн хорооны хуралд захирал заавал оролцож шийдвэр гаргах үүрэгтэй удирдах албан тушаалтан атлаа хуралдаа суухгүйгээр дараа нь ямар ч ойлголтгүйгээр гарын үсэг зурдаг хүн юм. ******* би салбарын захирлын өөрийнх нь дутагдал зөрчлийг нь хэлсэнтэй холбогдуулан хэвийн гүйцэтгэж байсан ажлаасаа чөлөөлөгдөж хохирч байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д: ажил олгогч ажилтантай харилцан тохиролцсоны үндсэн дээр аж ахуй, нэгж, байгууллага дотроо харъяа нэгж, салбар хоорондын ажилтныг гурван жил хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулж болно гэж заасан байна. Гэтэл салбарын захирал нь ажилтан надад огт мэдэгдэлгүйгээр, харилцан тохиролцохгүйгээр ямар хугацаагаар ажиллуулах гэж байгаа нь ч тодорхой бишээр хууль зөрчиж ажлаас чөлөөлж шилжүүлэн хохироож байна. ******* миний ажил төрлийн нэр хүнд хамт олны дунд сөргөөр ойлгогдох нөхцөлд хүрч байна. Иргэн би ажлаасаа чөлөөлөгдөж шилжих ямар нэгэн алдаа дутагдал гаргаагүй учир зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар ийнхүү шүүхэд хандаж нэхэмжлэл гаргаж байна. Миний нэхэмжлэлийг хүлээн авч ******* ******* Сэлэнгэ салбарын захирлын 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаартай Сэлгэн ажиллуулах тухай тушаалыг хүчингүй болгож ******* намайг ******* ******* Сэлэнгэ салбарын харилцааны менежерийн ажилд эгүүлэн томилж өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгч ******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би ******* банк ХХК-ийн Сэлэнгэ салбарт харилцааны менежерийн ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байхад захирал ******* 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Б108 дугаартай тушаал гаргаж намайг 2023 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас чөлөөлж, 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн Сүхбаатар вокзал салбарын харилцааны менежерээр сэлгэн ажиллуулах тушаал гаргасан. Энэ тушаалыг яагаад гаргах болсон үндэслэл нь өөр шалтгаантай байгаа. Энэ тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт Ажил олгогч ажилтантай харилцан тохиролцсоны үндсэн дээр аж ахуйн нэгж, байгууллага дотроо, харьяа нэгж, салбарын хооронд дараах үндэслэлээр ажилтныг гурван жил хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулж болно гэж заасан байхад захирал ******* нь энэ тухай огт мэдэгдээгүй, харилцан тохиролцоогүй, хугацаа заагаагүй тушаал гаргасан. Тушаалтай танилцахад 2023 оны 07 дугаар сарын 02-ны өдөр буюу амралтын өдрөөр тасалбар болгож үүрэгт ажлаас чөлөөлөөд 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар вокзал тооцооны төвд сэлгэн ажиллуулах тушаал гаргасан. Миний тушаал дээр хэнд ажлаа хүлээлгэн өгөх нь тодорхойгүй, ямар ажилд орж байгаа нь тодорхойгүй нөхцөл байдал үүссэн. Сэлгэн ажиллуулах тушаал дээр хугацаа байхгүй ямар хугацаагаар явж байгаа нь мэдэгдэхгүй, надтай ярьж тохирсон зүйл байхгүй байна. Байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмыг баримталсан гэж заасан байгаа. Хөдөлмөрийн дотоод журмын 12.2 дахь заалт дээр байгууллага өөрөө 3 хүртэл жилийн хугацаанд томилно гэсэн байна. Хөдөлмөрийн дотоод журмын 12.4 дэх хэсэгт тэр хүний хугацаа дуусвал тухайн хүнийг буцаан ажилд нь авна гэсэн байна. Тиймээс хугацаа заагаагүй байгаа нь энэ хүн өөрөө байгууллагын дотоод журмыг зөрчсөн байна гэж үзэж байна. Мөн тушаалын он сар засвартай байсан. Хөдөлмөрийн тухай хууль шинэчлэгдсэнтэй холбоотой хөдөлмөрийн гэрээг шинэчлэхэд хавсралт дээр сэлгэн ажиллуулах тухай хэсэгт хугацаа бөглөөгүйгээр бүх ажилтнаар 2022 оны 04 дүгээр сард гарын үсэг зуруулсан. Салбарын захирлын зөвлөл Хөдөлмөрийн дотоод журмын дагуу асуудлыг шийдвэрлэх ёстой гэсэн. Тиймээс салбарын захирлын хууль зөрчсөн тушаалыг хүчингүй болгож ажилд эгүүлэн тогтоолгож өгнө үү

3. Хариуцагч ******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцсан. ******* нь 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр ******* банк ХХК-ийн Сэлэнгэ салбарын харилцааны менежерийн албан тушаалд томилогдож 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүртэл тухайн албан тушаалд 4 жил ажилласан. Ажлын байрны тодорхойлолтын дагуу үндсэн чиг үүргээ хангалттай биелүүлж ажиллаагүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлдэггүй, тайлбар тавьж ажилтнаас өгсөн үүрэг даалгавар биелүүлдэггүй, ажилтнуудад буруу сэтгэгдэл төрүүлж ажилладаг байсан. Энэ тухай баримт хавтаст хэрэгт авагдсан байгаа. Ажлын байрны тодорхойлолтын дагуу үндсэн чиг үүргийнхээ ажлыг гүйцэтгэж чадаагүй, хангалтгүй ажилласан. Мөн Мэргэжлийн харилцааны менежерийн нэмэгдэл цалин хөлс тогтоох журам батлагдсантай холбогдуулан энэ хүндэтгэн үзэх шалтгаангүй зэрэг тогтоох үнэлгээнд 2 удаа 60-аас доош үнэлгээ авсан харилцааны менежерийг үргэлжлүүлэн ажиллах эсэх орон нутгийн нэгж хариуцсан салбарын Захирлын зөвлөл шийдвэрлэнэ гэж заасан байгаа. 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 41,3 оноо, 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 51,3 оноо авч хангалтгүй үзүүлэлттэй ажилласан. Энэ асуудлаар журмын дагуу хариуцлага тооцох асуудал яригддаг. Харилцааны менежер ******* нь ажил байдал, харилцаа, ёс зүйтэй холбоотой удаа дараа байгууллагын удирдлагыг гуйлгачин гэж дуудах асуудал гаргадаг. Энэ нь хамт ажиллаж байгаа ажилчдад таагүй мэдрэмж үүсгэдэг учир хамт нэг өрөөнд ажилладаг ажилчин энэ хүний ёс зүйн талаар хурал хийх удаа дараа санал ирүүлсэн. 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 4224 тоот хурлаар хэлэлцэж хурлын протоколыг нотлох баримтаар гаргаж өгсөн байгаа. Тиймээс салбарын захирлын зөвлөл хуралдаж, ажилтанд хохирол багатайгаар, ажил байдлын тодорхойлолт өөрчлөгдөхгүйгээр шилжүүлэн ажиллуулахаар шийдвэрлэсэн. Өмнө асуудал гаргахад нь шилжүүлэх тухай хэлэхэд миний ээлжийн амралтыг дуусахаар шилжүүлж өгнө үү гэж хэлж байсан. Энэ байдлыг үндэслэн нэгжийн ажилтан тухайн ажлын байранд 2 жилээс багагүй хугацаанд ажилласан бол ажлын ачааллыг тэнцвэржүүлж, ижил албан тушаалд сэлгэн ажиллана гэх заалтыг мөрдөж тушаал гаргасан. Бусдын ажилд нөлөөлж байгаа байдлыг харгалзан салбарын захирлын зөвлөл энэхүү тушаалыг гаргасан гэв.

4. Нэхэмжлэгчээс Сэлэнгэ салбарын захирлын *******ийг үндсэн ажилтнаар ажиллуулах тухай 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 200 дугаартай захирлын тушаал, *******ийг сэлгэн ажиллуулах тухай 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаартай захирлын тушаал, 2023 оны цалингийн карт, хөдөлмөрийн гэрээ, 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн өөр ажилд түр шилжүүлэх тухай зөвшөөрөл, 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн сэлгэн ажиллуулах зөвшөөрөл зэрэг баримтуудыг,

Хариуцагчаас *******ийг ажилд томилох тухай 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 145 дугаартай захирлын тушаал, *******ийг сэлгэн ажиллуулах тухай 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаартай захирлын тушаал, хөдөлмөрийн гэрээ, 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн өөр ажилд шилжүүлэх зөвшөөрөл, 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн сэлгэн ажиллуулах зөвшөөрөл, зээл олголтын судалгаа, 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн журам батлах тухай захирлын тушаал, харилцааны менежерийн ажил, мэргэшлийн зэрэглэл, нэмэгдэл цалин хөлс тогтоох журам, 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн *******, 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн , 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн дугаартай Сэлэнгэ салбарын захирлын зөвлөлийн хурлын протокол, тогтоол, хөдөлмөрийн дотоод журам шинэчлэн батлах тухай захирлын тушаал, зэрэг баримтуудыг шүүхэд гаргажээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь ******* ******* Сэлэнгэ салбарт холбогдуулан ******* ******* Сэлэнгэ салбарын захирлын 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаартай Сэлгэн ажиллуулах тухай тушаалыг хүчингүй болгуулж, ******* ******* Сэлэнгэ салбарын харилцааны менежерийн ажилд эгүүлэн томилуулах тухай гомдлыг шүүхэд гаргасан бөгөөд шүүхээс гомдлыг дараах үндэслэлээр хангах нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.4-д Шүүх аж ахуйн нэгж, байгууллага тэдгээрийн албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаа хуульд нийцэж буй эсэх, шийдвэрийг эрх бүхий этгээд гаргасан, гомдол үндэслэлтэй эсэхийг тогтооно гэж заасны дагуу шүүхээс хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбарт үндэслэн хууль зүйн дүгнэлт хийв.

 

Маргаан бүхий ******* ******* Сэлэнгэ салбарын захирлын 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаартай Сэлгэн ажиллуулах тухай тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.1, ******* ******* хөдөлмөрийн дотоод журмын 12 дугаар зүйлийн 12.2, 8 дугаар зүйлийн 8.1.3 дах заалтууд болон Салбарын захирлын зөвлөлийн 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 32/37-06 дугаартай шийдвэрийг тус тус үндэслэн тушаалын 1 дэх заалтад Сэлэнгэ салбарын харилцааны менежер ******* Уранбилэгийг 2023 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн Сэлэнгэ салбарын харьяа Сүхбаатар Вокзал тооцооны төвийн харилцааны менежерээр сэлгэн ажиллуулсугай гэж нэхэмжлэгч *******ийг сэлгэн ажиллуулахаар шийдвэрлэснийг нэхэмжлэгчээс эс зөвшөөрч гомдол гаргажээ.

 

Дээрх гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4, 13 дугаар зүйлийн 13.1-д зааснаар тухайн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан байна.

 

2. Хариуцагч нь маргааны бүхий тушаалд хуулийн үндэслэлээ Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.1 гэж заасан бөгөөд хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д Ажил олгогч ажилтантай харилцан тохиролцсоны үндсэн дээр аж ахуйн нэгж, байгууллага дотроо, харьяа нэгж, салбарын хооронд дараах үндэслэлээр ажилтныг гурван жил хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулж болно:

59.1.1-д ажлын ачааллыг тэнцүүлэх гэж заажээ.

 

Хариуцагчаас нэхэмжлэгч *******ийг сэлгэн ажиллуулсан хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.1-д заасан үндэслэл байсан гэдгийг нотлох баримтаар нотолж чадаагүй бөгөөд шүүх хуралдааны үед нэхэмжлэгч, хариуцагч нь нэхэмжлэгч М.******* оронд тухай салбараас нэг ажилтанд ирж ажиллаж байгаа гэж тайлбарлаж байна.

 

Үүнээс үзвэл Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байна.

 

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д ажил олгогч ажилтантай харилцан тохиролцсоны үндсэн дээр сэлгэн ажиллуулахаар заажээ.

 

Хариуцагчаас нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 2 дугаар хавсралтад заасан Сэлгэн ажиллуулах зөвшөөрөл-д нэхэмжлэгч нь гарын үсэг зурсан тул нэхэмжлэгчтэй сэлгэн ажиллуулахаар тохиролцсон гэж үзнэ, мөн нэхэмжлэгчтэй сэлгэн ажиллуулахаар ярилцаж байсан гэж тайлбарлаж байна.

 

Нэхэмжлэгчийн гарын үсэг зурсан хөдөлмөрийн гэрээний 2 дугаар хавсралтад заасан Сэлгэн ажиллуулах зөвшөөрөл нь 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр үйлдэгдсэн байх бөгөөд уг зөвшөөрөлд хаана байрлалтай, ямар албан тушаалд сэлгэн ажиллуулах талаар тодорхой заагаагүй байх бөгөөд хариуцагчаас нэхэмжлэгчтэй сэлгэн ажиллуулах талаар тохиролцсноо нотолж чадсангүй.

 

Хуульд заасан тохиролцсон гэдэгт ажил олгогч, ажилтан нар нь сэлгэн ажиллуулж буй тухайн ажлын байрны талаар санал зөрөөгүй, харилцан хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгоно.

 

Иймээс нэхэмжлэгчийн Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар сэлгэн ажиллуулах талаар надтай тохиролцоогүй гэсэн гомдол үндэслэлтэй байна.

 

Иймд ******* ******* Сэлэнгэ салбарын захирлын 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаартай Сэлгэн ажиллуулах тухай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч *******ийг ******* ******* Сэлэнгэ салбарын харилцааны менежерийн ажилд эгүүлэн томилохоор шийдвэрлэлээ.

 

4. Маргаан бүхий ******* ******* Сэлэнгэ салбарын захирлын 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаартай Сэлгэн ажиллуулах тухай тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 болон 59.1.1 дэх заалтуудыг зөрчсөн нь тогтоогдсон тул тушаалын үндэслэлд заасан ******* ******* хөдөлмөрийн дотоод журмын 12 дугаар зүйлийн 12.2, 8 дугаар зүйлийн 8.1.3 дах заалтууд болон Салбарын захирлын зөвлөлийн 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 32/37-06 дугаартай шийдвэрт шүүхээс дүгнэлт өгөх шаардлагагүй байна.

 

Мөн хариуцагчийн нэхэмжлэгч нь ажлаа хангалтгүй гүйцэтгэдэг, харилцаа хандлагын хувьд тухайн байгууллагад ажиллах боломжгүй гэсэн тайлбар нь маргаан бүхий тушаалын хууль зүйн үндэслэлд хамаарахгүй байх тул шүүхээс дүгнэлт хийгээгүй болно.

 

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч ******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.1.1-д заасныг баримтлан ******* ******* Сэлэнгэ салбарын захирлын 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаартай Сэлгэн ажиллуулах тухай тушаалыг хүчингүй болгож, ******* Уранбилэгийг ******* ******* Сэлэнгэ салбарын харилцааны менежерийн ажилд эгүүлэн томилсугай.

 

  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч ******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийг гардан авах, хүлээн авах, давж заалдах журмаар гомдол гаргах талаар дараах эрх, үүрэгтэй болохыг дурдсугай.

  3.1. Шүүх хуралдаанд оролцсон оролцогч нар шийдвэрийг албажуулснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд ирж өөрөө шийдвэрийг гардан авах бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй.

3.2. Шүүх хуралдаанд оролцоогүй оролцогч нарт шийдвэрийг албажуулснаас хойш 14 хоногийн дотор шүүхээс гардуулна. Гардуулах боломжгүй тохиолдолд 7 хоногийн дотор баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлнэ. Ийнхүү хүргүүлснийг шийдвэрийг гардан авсанд тооцох бөгөөд хаягаа өөрчилснөө шүүхэд мэдэгдээгүйгээс шүүхээс хүргүүлсэн шийдвэрийг аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй.

3.3. Шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

3.4. Нэг талын нэхэмжлэгч (эсхүл хариуцагч), гуравдагч этгээд, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нарын хэн нь эхэлж шийдвэрийг гардан авсан огнооноос тухайн талын гомдол гаргах хугацааг тоолно.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БАЯРСАЙХАН