| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 320/2026/0067/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/86 |
| Огноо | 2026-02-12 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Э.Гэрэлтуяа |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2026 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 2026/ШЦТ/86
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Урангоо,
Улсын яллагч Э.Гэрэлтуяа,
Хохирогч Ц.Б-,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү,
Шүүгдэгч С.М- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.М-д холбогдох эрүүгийн 2638000000006 дугаартай хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, С.М-,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.М- нь Хөвсгөл аймгийн ... сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт 2025 оны 10 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Ц.Б-той үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар нүүр рүү нь мөргөж, хавсарч унагаан, нүүрэн тус газарт нь өшиглөж баруун хоншоорын дотор ханын хугарал, зүүн дээд 2, баруун дээд 2, баруун доод 2 дугаар шүдний хугарал, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн 2638000000006 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч Ц.Б- өгсөн мэдүүлэгтээ: “…уг гэмт хэргийн улмаас гарсан зардал, цаашид 3 шүдний имплант хийлгэх, хамрын таславчийн муруйлт засах хагалгаа хийлгэх зардлыг нэхэмжилж байна...” гэв.
Шүүгдэгч С.М- нь Хөвсгөл аймгийн ... сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт 2025 оны 10 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Ц.Б-той үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар нүүр рүү нь мөргөж, хавсарч унагаан, нүүрэн тус газарт нь өшиглөж баруун хоншоорын дотор ханын хугарал, зүүн дээд 2, баруун дээд 2, баруун доод 2 дугаар шүдний хугарал, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь хохирогч Ц.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2025 оны 12 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө 00 цагийн үед байх дүү нар болох А.М-, Н-, М- нарын хамт 10 дугаар хорооны ... дэлгүүрийн хамгийн хойд гудманд бид нар машинтай харих гээд явж байхад манай дүү надад “та хальт зогсож байгаач, таньдаг хүмүүс зогсож байна би уулзъя” гээд зогссон. Тэгээд манай дүү машины цонх буулгаад “та нар хариач юу хийж явж байгаа юм бэ” гэж хэлсэн чинь тэгсэн цаана нэг нөхөр агсам тавьж байсан. Тэгсэн тэр залуучууд манай дүүг буугаад ир гэсэн чинь манай дүү болох А.М- машинаас буугаад тэр залуучууд дээр очсон. Тэгсэн нэг залуу нь машинд сууж байгаа залуу буугаад ир гэхээр нь би буусан чинь агсам тавиад байсан залуу ирээд над руу томроод байсан чинь нөгөө хоёр найз нь ирээд тэр залууг авсан. Тэгсэн нэг залуу нь “чи одоо яаж харьцаад байгаа юм бэ” гээд намайг мөргөж авсан. Би унасан чинь нүүр рүү тэр залуу өшиглөж авсан. ...Би гомдолтой байна. Нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 тал/,
Гэрч Н.Г-ын өгсөн: “...Манай хоёр найз болох Э-, Б-, хуурай ах болох Б-бид дөрөв 10 дугаар хорооны "...” дэлгүүрийн тэнд машинтай явж байсан. Тэгсэн Б-ах руу С.М-, Г- гэх хоёр хүүхэд залгаад хүргээд өгчихөөч гээд ... буудлаас очиж авсан. С.М- гэх хүүхдийн гэр нь 10 дугаар хорооны "... " гэх дэлгүүрийн ойролцоо байдаг юм байна лээ гэрт нь хүргэж өгөх замдаа С.М-, Г- хоёр Э-, Б- хоёр руу уурлаад хоорондоо маргалдаад байж байсан. Тэгээд байж байсан чинь цагаан өнгийн Приус 30 машинтай 3 эмэгтэй 1 эрэгтэй хүүхэд байсан. Тэр эрэгтэйг нь Б- гэдэг хүүхэд байсан. 2 машин зөрөлдөөд зогссон. Тэгэхэд Б- бид хоёр машинаас буугаагүй машин дотроо сууж байсан. С.М-, Г- хоёр цагаан машин дээр очсон. Араас нь Э-, Б-нар салгах гээд очсон. ...Б-ыг С.М- цохисон. Г- болохоор цохиогүй. Орилж хашгираад тэрүүгээр яваад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 тал/,
Насанд хүрээгүй гэрч А.М-ийн өгсөн: “...Тухайн шөнө би Б- ах, Н- гээд манай найз бид гурав машинтай гадуур хэсэг явж байгаад намайг гэрт хүргэж өгөх гээд 10 дугаар хорооны ... дэлгүүрийн хамгийн арын гудмаар машинтайгаа явж байсан чинь манай таньдаг хүн машиныхаа гадаа зогсож байхыг би хараад “агаа хальт зогсчих миний таньдаг хүмүүс байна” гэж хэлсэн. Тэгээд ах манай таньдаг хүмүүсийн хажууд зогсохоор нь би машины цонх буулгаад мэнд мэдсэн чинь бууж ирээд мэнд мэдээч гэхээр нь би машинаас буугаад очсон чинь нэг залуу намайг хавсраад унагаасан. Тэгсэн агаа “чи яагаад байгаа юм бэ” гээд машинаасаа буугаад ирсэн чинь нэг өндөр танихгүй залуу агаа руу томроод заамдаж аваад байсан. Тэгсэн дундуур нь нэг намхан найз нь орж ирээд тэр хоёрыг салгаад агааг цааш нь авч яваад хавсарч унагаагаад нүүр хэсэгт нь 2, 3 удаа өшиглөж авсан. Тэгэхээр нь би очоод салгаад аваад бид нар салаад явсан. С.М- гэдэг зүс таньдаг залуу хавсарч унагаагаад нүүр хэсэгт нь 2, 3 удаа өшиглөж авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 тал/,
Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Х.Ө-н 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 07 дугаартай: “Ц.Б-ын биед баруун хоншоорын дотор ханын хугарал, зүүн дээд 2, баруун дээд 2, баруун доод 2 дугаар шүдний хугарал, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт /хх-ийн 41-42 дугаар тал/
Иргэний нэхэмжлэгч Ж.Т-ийн: “...95,040 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан байна. Дээрх төлбөрийг гэм буруутай этгээдээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн ... тоот дансанд хохирогчийн овог, нэр, регистрийн дугаар, хэргийн дугаараар нөхөн төлүүлж өгнө үү...” гэх нэхэмжлэл /хх-ийн 72 тал/,
Шүүгдэгч С.М-н мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...тухайн үед хохирсон гээд байгаа хүүхдийг би хавсарч унагаад нэг удаа нүүр хавь руу нь өшиглөсөн. Харанхуй байсан болохоор сайн анзаараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 54-55 тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Ц.Б-ын мэдүүлэг /хх-ийн 8-9 тал/, гэрч Н.Г-ын мэдүүлэг /хх-ийн 16-17 тал/, насанд хүрээгүй гэрч А.М-ийн мэдүүлэг /хх-ийн 28-29 тал/, Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Х.Ө-н 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 07 дугаартай дүгнэлт /хх-ийн 41-42 дугаар тал/, иргэний нэхэмжлэгч Ж.Т-ийн нэхэмжлэл /хх-ийн 72 тал/, шүүгдэгч С.М-н мэдүүлэг /хх-ийн 54-55 тал/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 тал/ зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч С.М- нь Хөвсгөл аймгийн ... сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт 2025 оны 10 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Ц.Б-той үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар нүүр рүү нь мөргөж, хавсарч унагаан, нүүрэн тус газарт нь өшиглөж баруун хоншоорын дотор ханын хугарал, зүүн дээд 2, баруун дээд 2, баруун доод 2 дугаар шүдний хугарал, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулж, “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай нь нотлогдож байна.
Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Ц.Б-ын биед хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч С.М-н үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч С.М-н үйлдэл идэвхтэй, хохирогч Ц.Б-ын бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэж, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.
Шүүгдэгч С.М-н хохирогч Ц.Б-ын бие, эрх чөлөөнд халдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулсан гэм буруугийн санаатай, нийгэмд аюултай, бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл мөн тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч С.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:
Хохирогч Ц.Б- нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт эмчилгээний зардал нэхэмжилж, 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн толгойн тодосгогчгүй КТГ шинжилгээний дүгнэлтийн төлбөр 160,000 төгрөгийн Е-баримт, ... эмийн сангийн 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн эм, эмнэлэгийн хэрэгслийн үнэ 108,700 төгрөгийн Е-баримт, Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн шүдний мэс заслын төлбөр 90,000 төгрөгийн баримтуудыг гаргаж өгснийг шүүх шинжлэн судлаад нотлох баримтаар үнэлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч С.М-гээс 358,700 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Б-од олгож, хохирогч Ц.Б- нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч С.М-гээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.
Иргэний нэхэмжлэгч Ж.Т- нь мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Ц.Б-ын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардалд 95,040 төгрөгийг нэхэмжилснийг шүүгдэгч нөхөн төлсөн болох нь Төрийн банкны 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч С.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Хавтаст хэргийн 59-67 талд авагдсан ... зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч С.М- нь ... зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага зэргийг харгалзан үзсэн болно.
Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх шүүгдэгч С.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүх хуралдаанд улсын яллагчийн: “...3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах...” санал, шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүүгийн: “...1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж өгнө үү...” гэх саналыг тус тус харгалзан шүүгдэгч С.М-г 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.
Шүүгдэгч С.М-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар Хөвсгөл аймгийн ... сумын хилийн дээсээр тогтоож, шүүгдэгчийг 3 сарын хугацаанд Хөвсгөл аймгийн ... сумаас гадагш явахыг хориглох үүргийг хүлээлгэж шийдвэрлэв.
Шүүгдэгч С.М- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдэж, шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна
Эрүүгийн 2638000000006 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардалгүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.М-г 3 (гурав) сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.М-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар буюу Хөвсгөл аймгийн ... сумын хилийн дээсээр тогтоож, шүүгдэгч С.М-г Хөвсгөл аймгийн ... сумаас гадагш явах эрхийг 3 (гурав) сарын хугацаагаар хязгаарласугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч С.М-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч С.М-гээс 358,700 (гурван зуун тавин найман мянга долоон зуу) төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Б-д олгосугай.
7. Эрүүгийн 2638000000006 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардалгүй, хохирогч Ц.Б- нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч С.М-гээс нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР