| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягийн Батзаяа |
| Хэргийн индекс | 148/2023/00588/И |
| Дугаар | 148/ШШ2023/00596 |
| Огноо | 2023-10-16 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 10 сарын 16 өдөр
Дугаар 148/ШШ2023/00596
| 2023 оны 10 сарын 16 өдөр | Дугаар 148/ШШ2023/00596 | Сэлэнгэ аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 3 дугаар баг, 3 дугаар хэсэг, 201 тоотод оршин суух, Баргил овогт *******гийн Юмжир /РД: *******/-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 6 дугаар баг, 7 дугаар хэсэг, 25 тоотод оршин суух, Зэлмэн овогт Пэрэнлэйн Цээсүрэн /РД: *******/-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 3,060,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Учрал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь *******д холбогдуулан 3,060,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
... Миний бие Цээсүрэн гэгч хүнээс ээж *******гээр дамжуулан 2020 оны 12 сарын 25-ны өдөр 900.0 төгрөг зээлсэн .Зээлэх үедээ ээжийг таньж мэддэг нэг дор хамт ажилладаг гэдэг утгаар ойрын хугацаанд өгөөрэй хүү гэдэг зүйл яриагүй юм. Ингээд миний бие амьдралын шаардлагаар мөнгийг нь тэр даруй төлж чадаагүй байсан. Би ээжийн интернет банкийг ашиглан дараах байдлаар төлөлтийг хийж байсан.
Үүнд : 2022 оны 01 сарын 31-ны өдөр 150.000 төгрөг
2022 оны 02 сарын 25-ны өдөр 150.000төгрөг
2022 оны 03 сарын 25-ны өдөр 150.000 төгрөг
2022 оны 04 сарын 11-ны өдөр 110.000 төгрөг
2022оны 05 сарын 12-ны өдөр 110.000 төгрөг
2022 оны 07 сарын 6-ны өдөр 200.000 төгрөг
Цээсүрэн гэх хүний өгсөн түүний эгчийн нь данс руу 200.000 төгрөг шилжүүлж нийт 1.070.0 төгрөгийг шилжүүлж төлбөр дууссан билээ.
Гэтэл намайг байхгүй хойгуур Цээсүрэн нь ээжийг дагуулж танай охины авсан 900.000 төгрөгийн өр нь 3,060,000 төгрөг болсон үүнийг төлөхгүй гэвэл залилсан гэж Шүүх, Цагдаад өгнө гэж дарамтлан шүүх рүү авчирч өөрөө үгийг нь хэлж цагаан цаасан дээр бичүүлээд энэ мөнгийг төлнө гэж эвлэрлийн гэрээ хийлгүүлэн 2023 оны 05 сарын 18-ны өдөр 01203 дугаартай шүүгчийн захирамжаар баталгаажуулсан төдийгүй ээжид нэг хувь захирамжийг өнөөдрийг болтол өгөөгүй байхад шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хүмүүс ирж манай гэрийг битүүмжлэхээр ирэхэд нь юу байгаа талаар асуухад ийм захирамжийг гүйцэтгэхээр явж байна гэж хэлснээр миний бие мэдсэн.
Гэтэл миний ээжийг хүний өмнөөс юм ярьж чадахгүй байдал , хуулийн нарийн асуудлыг мэдэхгүйг Цээсүрэн овжин ашиглаж үндэслэлгүйгээр мөнгө нэхэж ийм байдалд хүргэсэн байна.
Нэгэнт Цээсүрэн гэгч хүнээс зээлсэн 900.000 төгрөгийг 1070.000 төгрөг болгож төлчхөөд байхад хүнийг хууран мэхэлж айлган сүрдүүлж үндэслэлгүйгээр 3.060.000 төгрөгийг захирамж гаргуулан намайг хохироож байна. Энэ асуудлаас болж ээж бид хоёр ээж охины харилцаагүй болж байна.
Тэгээд ч манайх ийм мөнгө төлөх тийм хөрөнгө чинээтэй айл биш ядуу дорой болохоор ингэж дээрэлхэж худлаа мөнгө нэхэмжилж авсанд гомдолтой байна.
Нэгэнт би өөрт оногдсон зээлсэн мөнгөө бүгдийг төлсөн байхад 3.060.000 төгрөгийн мөнгийг үндэслэлгүйгээр авч байгаа учраас Цээсүрэн гэгч хүнээс 3.060.000 төгрөгөө буцаан гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
2. Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би энэ хүнээс 3,060,000 төгрөг аваагүй учраас нэхэмжлэл гаргасан. 900,000 төгрөг зээлсэн нь үнэн. Хавар манай ээжийг шүүхэд өгсөн юм билээ.Тухайн үед би ажилтай байсан учраас ирж чадаагүй. Ээж маань 3,060,000 төгрөгийг авсан гээд гарын үсэг зурсан байсан учраас би аваагүй гээд нэхэмжлэл гаргасан гэв.
3. Хариуцагч ******* нэхэмжлэлийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Үүнд:
*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь нэхэмжлэгчийн ээж *******г миний бие тус сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд 3,060,000 төгрөгийг нэхэмжилж хандсан. 2023 оны 5 сарын 11-ний өдрийн 94 дугаартай сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагч Мөнхцэцэгийн шийдвэрээр 3,060,000 төгрөг гаргуулах тухай харилцан тохиролцож, эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 26 дугаар зүйл, иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсгийг үндэслэн 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдөр эвлэрлийн гэрээ байгуулж, ******* нь миний тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлж барагдуулахад татгалзах зүйлгүй гэсэн байдаг. Эвлэрүүлэн зуучлалын 27 дугаар зүйлийн 27.2-т зааснаар эвлэрлийн гэрээг шүүгчийн захирамжаар баталгаажуулахаар тохиролцсон байдаг. Гэрээнд заасан хугацаанд төлбөрийг сайн дураар төлж барагдуулаагүй тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар албадан гүйцэтгүүлэхээр талууд тохиролцсон байдаг. Миний бие *******гийн өгсөн 5135769169 дансанд:
2020 оны 9 сарын 24-ний өдөр 500,000 төгрөг, 2020 оны 12 сарын 25-ны өдөр 900,000 төгрөг шилжүүлсэн байдаг. Юмжирын 5137769169 дансаар 2022 оны 7 сарын 06-нд 200,000 төгрөг, 2022 оны .... 200,000 төгрөг, нийт 400,000 төгрөг шилжин ирээд 1,000,000 төгрөгийн үлдэгдэл үлдсэн.
******* нь зээл хаагаад өгье гээд хүнээс 2,000,000 төгрөгийн 0,3 хувийн хүүтэй авхуулаад урьдны үлдэгдэл 1,000,000 төгрөгийн хамт нийт 3,000,000 төгрөг өгнө гэж хамтын гэрээ хийж, гарын үсгээ зурсан. ******* нь надаас 2019 оноос хойш олон удаа бэлнээр болон дансаар мөнгө аваад 1,000,000 төгрөгийн үлдэгдэл үлдэж тооцоо дууссан байдаг.
Мөн ******* нь 2022 онд 670,000 төгрөг аваад өөрийн дансаар төлсөн баримтыг өөрөө төлж байсан мэтээр харагдуулж бичжээ. Гүйлгээний утга дээр ******* байгаа учир. Иймд Цээсүрэн миний бие *******гийн охин Юмжирыг танихгүй, мэдэхгүй, түүнтэй огт харьцаж байгаагүй учраас энэ нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь огт хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул *******гийн охин Юмжирын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4.Хариуцагч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би 3,000,000 төгрөг нэхэмжлээд шүүхэд өгсөн, ээж нь шүүхэд өөрөө зөвшөөрөөд шийдэгдсэн байтал охин нь ээжээрээ дамжуулж мөнгө авсан гээд худлаа яриад байх юм гэв.
5. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн лавлагаа, Хаан банкны дансны хуулга, Голомт банкны дансны хуулга, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулбар, хариуцагчаас Хаан банкны шилжүүлгийн баримтын хуулбар, Хаан банкны дансны хуулга, иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хариу гаргах нь гэх тайлбарын хуулбар, нэхэмжлэлийн хуулбар, *******, А.******* нарын хамтарсан гэрээний хуулбар, эвлэрлийн гэрээний хуулбар, Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 148/ШЗ2023/01203 дугаартай захирамжийн хуулбар зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Шүүхээс зохигчийн хүсэлтээр бүрдүүлсэн баримт байхгүй байна.
Шүүх зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан 3,060,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч ******* нь *******т мөнгө зээлээгүй. Түүний ээж *******д олон удаа мөнгө зээлж авч байсан. *******гийн охин Юмжирыг танихгүй, мэдэхгүй, түүнтэй огт харьцаж байгаагүй учраас энэ нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь огт хүлээн зөвшөөрөхгүй маргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Учир нь: Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл 2020 оны 9 сарын 27-ны өдөр нэхэмжлэгч *******ын 5135769169 тоот харилцах данс руу хариуцагч *******гийн 5675395288 тоот харилцах данснаас 1,100,000, 500,000 төгрөгийн дүнгээр 2 удаа гүйлгээ хийгдсэн, мөн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэгч *******ын 5135769169 тоот харилцах данснаас хариуцагч *******гийн 5675395288 данс руу 3,469,000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн, мөн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэгч *******ын 5135769169 тоот харилцах данс руу хариуцагч *******гийн 5675395288 тоот харилцах данснаас 900,000 төгрөг шилжүүлсэн, 2022 оны 7 сарын 06-ны өдөр yumjir huu гэж 200,000 төгрөг ******* лүү шилжүүлсэн болох нь *******ын хаан банкны дансны хуулга, *******ын хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулбар, *******гийн хаан банкны дансны шилжүүлгийн баримтын хуулбар, *******гийн хаан банкны дансны хуулга зэргээр нотлогдож байна.
Иймд *******, ******* нар нь харилцан дансаараа мөнгө шилжүүлж, авч байсан, хүү гэж төгрөг шилжүүлж байгаа зэргээс үзвэл тэдний хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн, Иргэний хуулийн 281 дүгээр 281.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан байна гэж шүүхээс дүгнэв.
Хариуцагч *******гийн нэхэмжлэгч *******т мөнгө зээлээгүй, *******гийн охин Юмжирыг танихгүй, мэдэхгүй, түүнтэй огт харьцаж байгаагүй гэх тайлбар нь тэдний хооронд мөнгө шилжүүлсэн дансны хуулга, нэхэмжлэгч *******ын хариуцагч *******гээс нийт 2,500,000 төгрөгийг зээлсэн, түүнээс 1,600,000 төгрөгийг хүүгийн хамт эргүүлэн төлсөн, одоо 900,000 төгрөгийн үлдэгдэл байгаа гэх тайлбар зэргээр үгүйсгэгдэж байна.
Гэвч нь нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрт оногдсон зээлсэн мөнгөө бүгдийг төлсөн, үндэслэлгүйгээр авч байгаа 3,060,000 төгрөгийг гаргуулна гэж тодорхойлж байгаа боловч шүүх хуралдааны явцад зээлсэн төгрөгөөс 900,000 төгрөгийн үлдэгдэл байгаа гэж тайлбарласан, мөн хариуцагч *******д 3,060,000 төгрөгийг хэзээ, ямар байдлаар төлсөн болох нь тодорхойгүй, хариуцагчийн зүгээс нотлох баримтаар ирүүлсэн иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хариу гаргах нь гэх тайлбарын хуулбар, нэхэмжлэлийн хуулбар, *******, А.******* нарын хамтарсан гэрээний хуулбар, эвлэрлийн гэрээний хуулбар, Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 148/ШЗ2023/01203 дугаартай захирамжийн хуулбар зэргээс үзвэл *******, А.******* нарын хооронд үүссэн 3,060,000 төгрөгийн зээлийн маргааныг шийдвэрлэсэн, нэхэмжлэгч *******тай холбогдолгүй байна.
Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нотлох, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй байна.
Иймд нэхэмжлэгч *******ын 3,060,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 63,950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******ын 3,060,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 63,950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БАТЗАЯА