| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Энхтунгалаг |
| Хэргийн индекс | 312/2025/0420/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/78 |
| Огноо | 2026-02-02 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Т.Д |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2026 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 2026/ШЦТ/78
2026 02 02 2026/ШЦТ/78
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Э даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.П,
улсын яллагч Т.Д,
насанд хүрээгүй хохирогч Б.Б-ын хууль ёсны төлөөлөгч Б.Б,
шүүгдэгч Х.П, түүний өмгөөлөгч Б.А нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Шүүгдэгчийн биеийн байцаалт;
Монгол Улсын иргэн, 1989 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, программ хангамжийн инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхлэдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сум ********* баг ********* тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,
А овогт Х-ийн П,
Шүүгдэгч Х.П нь;
2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 18.00 цагийн орчим Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг “Бялзуухай” цэцэрлэгийн баруун талд хүүгээ өмөөрч, “хүүхэд нийлж зодлоо” гэсэн шалтгаанаар бага насны буюу 11 настай, биеэ хамгаалж чадахгүй хохирогч Б.Б-ыг алгадах, өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь “тархи доргилт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт;
шүүгдэгч Х.П “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.
насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “…Товчхондоо энэ хэрэг бага насны гурван хүүхдийг зодсон, тэр дунд нь ямар ч гэм зэмгүй хүүхдийг хэлмэгдүүлэн зодож, араас нь олон 100м халтиргаа гулгаатай замаар доромжилж хөөсөн. Манай гэр тухайн газраас километр зайтай байдаг, хүүхэд маань хөөгдөж байх явцдаа малгайгаа хаян барин километр орчим гүйж ирсэн байдаг, дараа нь би “юу болов, яав” гээд хэргийн газар очиход гэр бүлийн хүний хамт “шүүх, цагдаагаар яваад амжилт олохыг чинь харна” гэж хэлсэн, хүүхдүүдийг аваад цагдаад мэдүүлэг өгөх гээд явах гэхэд миний машины хойд гуперын түгжээг хуга өшиглөсөн. Энэ кэйсийн хувьд энэ хүн хоёрхон удаа цагдаад байцаагдсан байдаг, тэгэхэд би 26 удаа байцаагдаж 6 удаа прокурор дээр очсон, ийм аймаар нөлөө бүхий хүн. Нөлөө бүхий гэдэг нь шүүх хурал болох гээд байхад шүүхийн тамгын газрын 2 давхрын өрөөнүүдээр хэсээд яваад байдаг, мөнгөтэй хүнтэй өчүүхэн би үнэний төлөө тэмцэж байна.
Би гурван санал гаргаж байна, “ийм, ийм гомдолтой байна” гээд гомдлоо мэдүүлэхээр энэ хүн надтай “хувийн өс хонзонтой” гээд яриад байдаг, надад энэ хүнд хувийн өс хонзон санаад ч юм уу, тэгээд байх илүүдээ гарсан цаг зав, энерги байхгүй. Нөгөө талаас ямар ч гэм хийгээгүй хүүхдээ зодуулчихаад инээгээд явж байх уу, энэ хүн надаас уучлалт гуйгаад ямар ч хэрэггүй, үүний оронд манай хүүхдүүдээс, анги хамт олноос нь уучлалт гуйсан бол арай өөр хэрэг, мөн “хохирлоо төлье” гэж надад ганц ч удаа хэлээгүй.
Хоёрдугаарт; сүүлийн шүүх хурлыг би хойшлуулсан юм шиг над руу дайрч байна, эдний талын өмгөөлөгч байгаагүй, хойшлогдох нь тодорхой байсан. Бид хоёр шүүхийн байрнаас гарч явахад “чамайг ч гэсэн ална аа, чи хүүхэддээ үг зааж өгч шүүх шинжилгээгээр орж надаас мөнгө салгах гэж байгааг чинь би мэдэж байна, та нар намайг яаж ч чадахгүй” гэж доромжлох жишээний байсан. Манай гэр бүлийг төрийн хамгаалалтад авахгүй бол энэ хэргийн кэйс 32, 16, 14 настай эмэгтэйчүүдийн кэйс шиг болох вий гэж айж байна, энэ хүн намайг олон удаа хэл үгээр доромжилж байна.
Хэрэгтэй холбоотой 3 дахь зүйлийг яръя. Хууль эрх зүйн бичиг баримтын асуудалд шинээр гарч байгаа боловсон хүчнүүд хайнга хандаж байгаа нь миний сэтгэлийг эмзэглүүлж байна. Бүрэлдэхүүнтэй шинжээчээр хоёр эмч ажилласан, гэтэл шүүх шинжилгээний дүгнэлт дээр гурван хүний гарын үсэг байсан, нэг эмч нь хаанаас гараад ирсэн юм, би тэрийг таашгүй, магадгүй шүүх юм уу, Шүүх шинжилгээний ерөнхий газрын дүгнэлт хийх эрх бүхий этгээдүүд мэргэжлийн туршлагатай, шийдвэрээ олон талаас нь дүгнээд гаргадаг байх гэж бодож байна.” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны үед эрүүгийн 2525000430297 дугаартай хэрэгт цуглуулсан;
насанд хүрээгүй хохирогч Б.Б-ын “...М, Т, А, Б, М, Т бид нар хичээлээ тараад 18.00 цагийн үед 4-25 дугаар байрны 1 дүгээр орцны хажуу талын шороо дээр тоглож байгаад, М нь Т-ийг “барилдая” гэсэн, Т зөвшөөрч тэр хоёр барилдаад Т-ийг унагасан, унагачихаад “яагаад зуураад байгаа юм” гээд Тийн ташаан тус газар нь өшиглөсөн. ...Т “шар хөдөлчихлөө” гээд М руу дайраад “хоёулаа барилдая” гээд куртикнээс нь зуураад байсан, М куртикээ тавиулах гээд “чи тавиач” гээд гараа дээш өргөх үедээ Т-ийн нүүрэн тус газар нь цохисон, тэгсэн чинь Т “Орос, Монголын аль нь дийлэх үү, араа үзэх үү” гээд уйлаад гүйгээд явсан. Бид нар цүнх, хувцсаа янзлаад явах гээд байж байтал Т аавыгаа дагуулж ирээд, аав нь М, Т бид гурвыг зодсон. ...миний харснаар Т-ыг алгадаагүй, намайг болон М-ыг алгадсан, мөн бид гурвыг өшиглөсөн, намайг араас хөөж байхдаа “хөөе чи наанаа зогсож бай, мал минь” гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 27 дахь тал/,
“...Т-ийн аав П ирээд, “та нар хүүхэд яаж байгаа юм” гээд М-ыг алгадсан, дараа нь намайг алгадах гээд гараа өргөөд ирэхээр нь би нүүрээ хамгаалаад гараа нүүрнийхээ урдуур хаагаад барихад миний зүүн талын чих болон түүний эргэн тойрон руу гарынхаа алга хэсгээр цохиод, гараа доош буулгахдаа зүүн чихний дотор хэсгийг урсан. Тыг хальтирч унасан байхад нуруу хэсэг рүү нь өшиглөсөн, ...миний араас хөөж эхлэхээр нь би зугтаасан, зугтааж байхдаа эргэж харахад “хөөе, нааш ир” гээд араас гүйгээд байсан.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 29-30 дахь тал/,
насанд хүрээгүй гэрч М.М-ын “...2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 17.00 цагийн орчим сургуулиасаа тараад...Т, Т, Б, бид нар Хүрэнбулаг багийн “Бялзуухай” цэцэрлэг, өрхийн эмнэлэг хоёрын хоорондох хэсэг газар батралцах буюу барилдаж тоглосон, Т, М хоёр барилдаад, Т “газар унасан байх үед М бөөр хэсэгт өшиглөсөн” гэж ярьж байсан, ...би Ттэй барилдах үед Т намайг унагаах гээд уурлаад өшиглөөд байхаар нь нэг удаа толгой хэсэгт нь цохисон, тэгээд байж байтал Т, Т хоёр заамдалцаад, муудалцаад эхэлсэн, тэгэхээр нь бид гурав Тийг “гэртээ харь” гэсэн, гэтэл Т “Орос, Монголын аль нь дийлэхийг харах уу” гээд утсаараа аав рууraa залгаад яваад өгсөн, бид гурав явах гээд жаахан тоглож байтал Т аавыгаа дагуулаад ирж байсан, аав нь ирээд намайг алгадсан, дараа нь Т-ыг алгадсан, тэрний дараа Быг алгадсан, гэхдээ Б гараараа хаах шиг болсон, гартай нь хамт алгадсан байх бид гурвыг нэг, нэг өшиглөсөн, Т-ын нуруу, миний өгзөг хэсэгт, Бын хаана өшиглөсөн талаар бол мэдэхгүй, намайг эргээд харахад Б зугтаад, араас нь тэр ах “тэр яагаад зугтаад байгаа юм” гээд хөөгөөд гүйсэн. Бид нар барилдаж тоглож байгаад маргалдаад ийм асуудал болсон.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 33 дахь тал/,
насанд хүрээгүй гэрч А.Т-ын “...2024 оны 12 дугаар сарын 17-ны орой...хичээл тараад бид хэд батралцах буюу барилдаж тоглохоор “Бялзуухай” цэцэрлэгийн баруун талын шороо дээр тоглосон, би Ттэй барилдаад намайг хонхор хэсэгт унагасан, “миний нуруу өвдөөд байна.” гээд барилдахаа больсон, ...М куртикээ буулгахдаа Т-ийг санаандгүй цохиход Т уурлаад аав руугаа залгаад явсан, удалгүй Т-ийн аав ирээд М-ыг алгадаад өшиглөсөн, дараа нь Быг алгадаад өшиглөсөн, тэгээд намайг цохисон, бас нуруу хэсэгт өшиглөөд, Бын араас хөөгөөд явсан, эргэж ирээд миний дух хэсэгт нясалсан. Бын нүүр хэсэгт алгадсан тэр үед гараараа хаагаад тэр ахын гар нь чих хэсгийг нь хавсраад алгадах шиг болсон, мөн нэг удаа өшиглөсөн, миний зүүн тал руу нэг удаа алгадсан, нуруу хэсэгт нэг удаа өшиглөсөн, буцаж ирээд дух хэсэгт нясалсан. Гомдол саналгүй.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 36 дахь тал/,
Х.П-ийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн “…би хүүгээсээ хэн, хэн яаж зодсон талаар асуухад “М гэх хүүхэд газар унагаад бөөр хэсэгт өшиглөсөн, М нь толгой руу цохиж алгадсан, Т газар унасан байх үед дээрээс цохисон” гэж надад ярьсан, би айлгах санаатай М-ыг алгадсан, Б-ыг нэг удаа өшиглөх гэсэн хөл шүргээд өнгөрсөн, Б тэр дороо зугтаад явсан би араас нь 100 орчим метр газар хөөж гүйсэн, тэгээд машин доор орчих байх гэж бодоод хөөхөө больсон. ...Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 100, 102 дахь тал/,
Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Э.Б-ын 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 119 дугаартай; “...Б.Б-ын биед тархи доргилт, зүүн хацар, зүүн гуянд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн хоёр ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх тархи доргилт гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Бусад гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 40-41 дэх тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Булган аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Б.Э, С.Ч, С.Э нарын 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн ЕГ0525/687 дугаартай; “...Б-ын биед тархи доргилт, зүүн хацар, зүүн гуяны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн цохих, алгадах, өшиглөгдөх үйлчлэлээр хэрэг болсон тухайн үед, нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Дээрх тархи доргилт гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдоно. Зүүн хацар, зүүн гуяны зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь тус тусдаа болон нийлээд эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Э.Б-ын 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 119 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.” гэсэн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 54-57 дахь тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газар Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Д.Б, Б.Д, Э.Б нарын 2026 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн ЕГ0526/077 дугаартай;
“…Шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 119 дугаартай болон 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн ЕГ0525/687 дугаартай дүгнэлтүүд үндэслэлтэй байна. Б.Бын биед тархи доргилт, зүүн хацар, зүүн гуяны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн цохих, цохигдох, алгадах, өшиглөгдөх үйлчлэлээр хэрэг болсон тухайн үед, нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтлүүд байна. Дээрх тархи доргилт гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдоно. Зүүн хацар, зүүн гуяны зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь тус тусдаа болон нийлээд эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 222-225 дахь тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газар Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын Шүүх сэтгэцийн шинжилгээний тасгийн шинжээч Б.А, Ц.Д нарын 2025 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 536 дугаартай;
“...Тус хэргээс шалтгаалан хохирогч Б.Б /РД; ***********/, эрэгтэй, 11 настай/-ын сэтгэцэд стресст үзүүлэх айдас, түгшилтийн хариу урвалын шинжүүд хөнгөн түвшинд илэрч байна. Энэ нь хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарч байна. Цаашид сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай.” гэсэн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 46-47 дахь тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газар Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын Шүүх сэтгэцийн шинжилгээний тасгийн шинжээч Д.Н, Д.М, Д.А нарын 2026 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн ЕГ/0826/180 дугаартай;
“...Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын Шүүх сэтгэцийн шинжилгээний тасгийн шинжээч Ц.Д, Б.А нарын 536 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Бын Б /РД; ***********/-ын сэтгэцэд тухайн гэмт хэргийн улмаас дасан зохицохуйн хариу урвалын шинжүүд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна. Цаашид сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай байна.” гэсэн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 228-230 дахь тал/,
Б.Б-ын “...2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр миний хүү Б.Б-ыг ангийнх нь хүүхэд болох Т-ийн аав зодсон.” гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг Орхон аймгийн Цагдаагийн газар 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авсан тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 14 дэх тал/,
Б.Б-ын Орхон аймгийн Цагдаагийн газар бичгээр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл /1 дэх хавтаст хэргийн 16 дахь тал/,
“Бялзуухай” цэцэрлэгийн гадна талын хяналтын камерын бичлэгийг хуулбарласан нэг ширхэг хуурцагийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1 дэх хавтаст хэргийн 61 дэх тал/,
Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг “Бялзуухай” цэцэрлэгийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 62-66 дахь тал/,
насанд хүрээгүй хохирогч Б.Бын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 233-239 дэх тал/,
насанд хүрээгүй хохирогч Б.Б-ын;
Амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар, тархины цахилгаан бичлэгийн болон компьютер томограф шинжилгээний хариунууд /1 дэх хавтаст хэргийн 82-95 дахь тал/,
хохирол нэхэмжилсэн доорх баримтууд,
шинжилгээ хийлгэсэн зардал 39.000 төгрөгийн баримт /1 дэх хавтаст хэргийн 165 дахь тал/,
эм, тос, витамин, амин дэм авсан гэх зардлын 151.500 + 31.880 + 13.900 = 197.280 төгрөгийн баримтууд /1 дэх хавтаст хэргийн 166-168 дахь тал/,
Эрдэнэт-Улаанбаатар хооронд явсан гэх унааны зардлын 46.600 + 46.600 + 46.600 + 46.600 + 46.600 + 46.600 + 46.600 + 46.600 + 46.600 + 46.600 = 466.000 төгрөгийн баримтууд /1 дэх хавтаст хэргийн 169-178 дахь тал/,
“Силвэрмоунтайн” ХХК-ийн “Амралт чөлөөт цагт зориулагдсан бусад төрлийн үйлчилгээ” гэсэн бичэлттэй 2.120.000 төгрөгийн, тамга тэмдэггүй баримт /1 дэх хавтаст хэргийн 180 дахь тал/,
“...эрүүл мэндийн нийт гарсан зардал 3.529.080 төгрөг зарим нь баримтанд ороогүй болно. Хүүхдийнхээ хичээлийн хоцрогдол арилгахын тулд “Билэгт-Өргөө” сургуульд оруулахыг хүсэж байна, жилийн сургалтын төлбөр 7.500.000 төгрөг, хоолны мөнгө сарын 130.000 x 9 = 1.170.000 төгрөг нийт 12.199.080 төгрөг нэхэмжилж байна.” гэсэн нэхэмжлэл /1 дэх хавтаст хэргийн 181 дэх тал/,
шүүх хуралдаанд эхлэхэд шинээр гаргаж өгсөн,
витамин, амин дэм авсан гэх зардлын 120.950 төгрөгийн,
Эрдэнэт-Улаанбаатар хооронд явсан гэх унааны зардлын 51.600 + 51.600 + 51.600 + 51.600 = 206.400 төгрөгийн,
Эрдэнэт-Улаанбаатар хооронд явсан гэх 68.300 +64.700 = 133.000 төгрөгийн галт тэрэгний цахим тасалбар,
Шүүгдэгч Х.П-ийн;
иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дэх хавтаст хэргийн 109 дэх тал/,
эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дэх хавтаст хэргийн 112 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед шинжлэн судлав.
Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй хохирогчоос, насанд хүрээгүй гэрч нараас, Х.Поос мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй,
шинжээчийн дүгнэлтүүдийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, өөрсдийн гаргасан дүгнэлтүүдийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч нар гаргасан байх тул шүүх эдгээр баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох;
шүүгдэгч Х.П нь 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 18.00 цагийн орчим Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг “Бялзуухай” цэцэрлэгийн баруун талд хүүгээ өмөөрч, “хүүхэд нийлж зодлоо” гэсэн шалтгаанаар бага насны буюу 11 настай, биеэ хамгаалж чадахгүй хохирогч Б.Б-ыг алгадах, өшиглөх зэргээр зодож, түүний эрүүл мэндэд “тархи доргилт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдааны үед өгсөн шүүгдэгчийн болон насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлгүүдээс гадна мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн шатанд цуглуулсан хэргийн үйл баримтын талаарх,
насанд хүрээгүй хохирогч Б.Б-ын “...Т “шар хөдөлчихлөө” гээд М руу дайраад “хоёулаа барилдая” гээд куртикнээс нь зуураад байсан, М куртикээ тавиулах гээд “чи тавиач” гээд гараа дээш өргөх үедээ Т-ийн нүүрэн тус газар нь цохисон, тэгсэн чинь Т “Орос, Монголын аль нь дийлэх үү, араа үзэх үү” гээд уйлаад гүйгээд явсан. ...Т аавыгаа дагуулж ирээд, аав нь М, Т, бид гурвыг зодсон. ...намайг болон М-ыг алгадсан, мөн бид гурвыг өшиглөсөн, намайг араас хөөж байхдаа “хөөе чи наанаа зогсож бай, мал минь” гэж хэлсэн.” гэх,
түүний дахин мэдүүлсэн “...Т-ийн аав П ирээд, “та нар хүүхэд яаж байгаа юм” гээд М-ыг алгадсан, дараа нь намайг алгадах гээд гараа өргөөд ирэхээр нь би нүүрээ хамгаалаад гараа нүүрнийхээ урдуур хаагаад барихад миний зүүн талын чих болон түүний эргэн тойрон руу гарынхаа алга хэсгээр цохиод, гараа доош буулгахдаа зүүн чихний дотор хэсгийг урсан. Т-ыг хальтирч унасан байхад нуруу хэсэг рүү нь өшиглөсөн.” гэх,
насанд хүрээгүй гэрч М.М-ын “...Т, М хоёр барилдаад, Т “газар унасан байх үед М бөөр хэсэгт өшиглөсөн” гэж ярьж байсан, ...би Т-тэй барилдах үед Т намайг унагаах гээд уурлаад өшиглөөд байхаар нь нэг удаа толгой хэсэгт нь цохисон, тэгээд байж байтал Т, Т хоёр заамдалцаад, муудалцаад эхэлсэн, тэгэхээр нь бид гурав Т-ийг “гэртээ харь” гэсэн, гэтэл Т “Орос, Монголын аль нь дийлэхийг харах уу” гээд утсаараа аав рууraa залгаад яваад өгсөн, бид гурав явах гээд жаахан тоглож байтал Т аавыгаа дагуулаад ирж байсан, аав нь ирээд намайг алгадсан, дараа нь Тыг алгадсан, тэрний дараа Б-ыг алгадсан, ...бид гурвыг нэг, нэг өшиглөсөн.” гэх,
насанд хүрээгүй гэрч А.Т-ын “...М куртикээ буулгахдаа Тийг санаандгүй цохиход Т уурлаад аав руугаа залгаад явсан, удалгүй Т-ийн аав ирээд М-ыг алгадаад өшиглөсөн, дараа нь Б-ыг алгадаад өшиглөсөн, тэгээд намайг цохисон, бас нуруу хэсэгт өшиглөөд, Б-ын араас хөөгөөд явсан, эргэж ирээд миний дух хэсэгт нясалсан.” гэх,
Х.П-ийн өөрийнх нь өгсөн “…Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлгүүдээр,
Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Э.Б-ын 2024 оны 119 дугаартай, Шүүх шинжилгээний ерөнхий газрын Булган аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Б.Э, С.Ч, С.Э нарын 2025 оны ЕГ0525/687 дугаартай, Шүүх шинжилгээний ерөнхий газар Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Д.Буяннэмэх, Б.Д, Э.Б нарын 2026 оны ЕГ0526/077 дугаартай, “...тархи доргилт гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Бусад гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй.” гэсэн,
Шүүх шинжилгээний ерөнхий газар Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын Шүүх сэтгэцийн шинжилгээний тасгийн шинжээч Б.А, Ц.Д нарын 2025 оны 536 дугаартай, мөн тасгийн шинжээч Д.Н, Д.М, Д.А нарын 2026 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн ЕГ/0826/180 дугаартай дүгнэлтүүдээр,
Б.Б-ын “...2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр миний хүү Б.Б-ыг ангийнх нь хүүхэд болох Т-ийн аав зодсон.” гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг Орхон аймгийн Цагдаагийн газар 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авсан тэмдэглэл, Б.Б-ын Орхон аймгийн Цагдаагийн газар бичгээр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг “Бялзуухай” цэцэрлэгийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, насанд хүрээгүй хохирогч Б.Бын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, уг тэмдэглэлүүдэд хавсаргасан зургийн үзүүлэлтүүд, насанд хүрээгүй хохирогчийн Амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар, тархины цахилгаан бичлэгийн болон компьютер томограф шинжилгээний хариунууд, хохирол нэхэмжилсэн баримтууд зэргээр тус тус тогтоогдох бөгөөд нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрөөгүй, шүүгдэгч Х.П гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь;
“хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангид хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл” байдаг, шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдсан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж буй нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байна.
Нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэл нь тухайн хор уршигт зайлшгүй хүргэсэн нөхцөлд л шалтгаант холбоотой байна. Шалтгаант холбоо нь гэмт үйлдэл болон хор уршиг хоёрын хоорондын хамаарлыг илэрхийлэгч бөгөөд хор уршиг нь хэн нэгэн хүний үйлдэл, эс үйлдлийн улмаас бус харин зөвхөн гэм буруутай этгээдийн нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдлийн үр дүнд бий болсон байх ёстой.
Гэмт этгээд хохирогчийг бие махбодын болон сэтгэцийн хувьд өөрийгөө хамгаалах, түүнчлэн өөрт нь идэвхтэй эсэргүүцэл үзүүлж чадахгүй болохыг ухамсарлан ойлгож, хохирогчийг гадаад төрх байдал, хоорондын харилцаа, бусад эх сурвалжаас мэдсэн байхыг ойлгох бөгөөд биеэ хамгаалж чадахгүй хүнд өндөр настай, өвчин эмгэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй, биеийн ерөнхий хөгжлөөр илтэд сул дорой, хүчтэй мансуурсан, согтуурсан болон бусад шалтгаанаар өөрийгөө хамгаалах, хянах чадваргүй хүн хамаарна.
Харин Эрүүгийн хуульд “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж” гэдгийг дээр дурьдсан шалтгааны улмаас хохирогч өөрийгөө хамгаалах чадваргүй байсан, үүнийг нь гэмт этгээд ухамсарлан мэдсэн, ашигласан, өөрөөр хэлбэл хохирогчийг бие махбодын болон сэтгэцийн хувьд өөрийгөө хамгаалах, мөн өөрийнх нь үйлдлийн эсрэг идэвхтэй эсэргүүцэл үзүүлж чадахгүй болохыг илэрхий мэдэж, ухамсарласан байхыг ойлгохоор зохицуулсан.
Шүүгдэгч Х.П-ийн хувьд,
“хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д заасан “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж” үйлдсэн нь насанд хүрээгүй хохирогч Б.Б-ыг бие махбодын болон сэтгэцийн хувьд өөрийгөө хамгаалах, мөн өөрийнх нь үйлдлийн эсрэг идэвхтэй эсэргүүцэл үзүүлж чадахгүйг ухамсарлан мэдэж, түүний эсрэг бие махбодын хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь “тархи доргилт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн хуулийн зүйл, хэсэг тохирсон,
шүүгдэгчийн үйлдэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан алгадах, өшиглөх үйлдлийн улмаас хохирогчийн бие махбодид хохирол учирна гэдгийг мэдэх боломжтой буюу өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай бөгөөд насанд хүрээгүй хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгасан,
цуглуулсан нотлох баримтуудыг бүх талаас нь харьцуулан шалгаад дүгнэхэд шүүгдэгчийн гэм буруугийн талаар эргэлзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх шүүгдэгч Х.П-ийг “хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх;
шүүх шүүгдэгч Х.П-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй, энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь дан ганц гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх бус, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хохирогчийн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог бөгөөд шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд ял оногдуулах нийтлэг зарчмыг баримтлан шүүгдэгчид оногдуулах ялын биелэгдэх нөхцөл боломжийг харгалзан үзэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд,
түүний үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах үүднээс хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэнд, эд хөрөнгөд учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч шүүхээс тогтоосон хохирол төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлсэн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг хувийн байдлууд, мөн ар гэрийн ахуй амьдрал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд,
эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаарх улсын яллагчийн “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн,
шүүгдэгчийн өмгөөлөгчийн “...нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсан байдал, хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлын хэмжээг шүүх өндөр хэмжээгээр тооцсон байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулна уу.” гэсэн саналуудыг тус тус харгалзан “эрүүгийн хариуцлага нь тухай хүн, ...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,
торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг анхааруулав.
Шүүгдэгч Х.П-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.
Бусад асуудал;
Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хуулиар олгогдсон эрхтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж,
Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4 дэх хэсэгт “Хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй.” гэж,
230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана.” гэж,
497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж,
505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж,
510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж,
511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ.” гэж,
Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.2-т “энэ хуулийн 40.1-д заасан гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд түр зуурын, эсхүл байнгын шинжтэй өөрчлөлт орсон байх.” гэж,
40.2.3-т “хохирогчийн сэтгэцэд учирсан хямрал, эмгэгийг сэтгэцийн шинжилгээгээр тогтоосон байх.” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Х.П нь гэм буруутай үйлдлээрээ насанд хүрээгүй хохирогч Б.Бын эрүүл мэндэд “тархи доргилт” гэмтлийг учруулсан нь хохирогчид учирсан хохирол бөгөөд түүний эмнэлгийн тусламж авах, эмчилгээ сувилгаа хийлгэхтэй холбоотой гарах зардал нь хор уршигт тооцогдоно.
Шүүх шүүгдэгч Х.П-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоод,
хохирол, төлбөртэй холбоотой нэхэмжлэлийг доорх байдлаар шийдвэрлэв.
1.Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 3.4-д сэтгэцийн хор уршгийн хэмжээ буюу 2-р зэрэглэлийг 4-8% гэж тогтоож, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэн дүнгээс нөхөн төлбөрийн хэмжээг хувьчлан тооцохоор журамласан.
Шүүх 1 дэх хавтаст хэргийн 228-230 дахь талд авагдсан,
Шүүх шинжилгээний ерөнхий газар Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын Шүүх сэтгэцийн шинжилгээний тасгийн шинжээч Д.Н, Д.М, Д.А нарын 2026 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн ЕГ/0826/180 дугаартай;
“...Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын Шүүх сэтгэцийн шинжилгээний тасгийн шинжээч Ц.Д, Б.А нарын 536 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Б-ын Б /РД; ********/-ын сэтгэцэд тухайн гэмт хэргийн улмаас дасан зохицохуйн хариу урвалын шинжүүд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна. Цаашид сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай байна.” гэсэн дүгнэлтийг үндэслэн,
“Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 3.8-д заасан “шүүгдэгчийн учруулсан гэм хор, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, бие махбодын гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал, хохирогчид учирсан сөрөг үр дагавар, хохирогчийн нас, хохирогчийн гэм буруутай байдал, гэм хор учруулагчийн гэм буруу, гэм буруудаа гэмшиж байгаа байдал, төлбөрийн чадвар, ... зэрэг хохирлын хэмжээнд нөлөөлж болох бүх нөхцөл байдлуудыг харгалзан, насанд хүрээгүй хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийн мөнгөөр илэрхийлэгдэх хэмжээг тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660.000 төгрөгийг 150 дахин нэмэгдүүлсэн дүнгээс хоёрдугаар зэрэглэлийг 4-8% гэж тогтоосон хүрээнд 8%-иар тооцон 7.920.000 төгрөгөөр тогтоов.
2.Хохирол нэхэмжилсэн баримтуудаас, 1 дэх хавтаст хэргийн
165 дахь талд авагдсан, шинжилгээ хийлгэсэн зардал 39.000 төгрөгийг,
166-168 дахь талд авагдсан, эм, тос, витамин, амин дэм авсан гэх зардлын 151.500 + 31.880 + 13.900 = 197.280 төгрөгийг,
171-178 дахь талд авагдсан, Эрдэнэт - Улаанбаатар - Эрдэнэт хооронд явсан гэх унааны зардлын 372.800 төгрөгийг,
3.Шүүх хуралдаанд эхлэхэд шинээр гаргаж өгсөн,
витамин, амин дэм авсан гэх зардлын 120.950 төгрөгийг,
Эрдэнэт-Улаанбаатар хооронд явсан гэх унааны зардлын 51.600 + 51.600 = 103.200 төгрөгийг,
Улаанбаатар-Эрдэнэт-хооронд явсан гэх галт тэрэгний цахим тасалбарын 68.300 +64.700 = 133.000 төгрөгийг,
4.Насанд хүрээгүй хохирогч Б.Б-ын “...2025 оны 1 дүгээр сард Төв аймагт байрлах “Хусхан” нэртэй хүүхдийн сувилалд 7 хоног амарсан.” гэсэн мэдүүлэг 1 дэх хавтаст хэргийн 29-30 дахь талд авагдсан байна. Хэдийгээр 1 дэх хавтаст хэргийн 180 дахь талд авагдсан “Силвэрмоунтайн” ХХК-ийн “Амралт чөлөөт цагт зориулагдсан бусад төрлийн үйлчилгээ” гэсэн бичэлттэй 2.120.000 төгрөгийн баримт нь тамга тэмдэггүй, нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа ч тухайн сувилалд сувилуулсан болох нь насанд хүрээгүй хохирогчийн мэдүүлгээр, мөн Эрдэнэт - Улаанбаатар - Эрдэнэт хооронд тээврийн хэрэгслээр зорчсон баримтуудаар тогтоогдсон тул сувилуулсан зардал 2.120.000 төгрөгийг,
нийт 11.006.230 төгрөгийг шүүгдэгч төлөх үүрэгтэй байна.
Харин насанд хүрээгүй хохирогч нь одоогийн байдлаар “Билэгт-Өргөө” сургуульд суралцаагүй байгаа тул хичээлийн хоцрогдол арилгах сургалтын төлбөр 7.500.000 төгрөг, суралцах хугацааны буюу 9 сарын хоолны мөнгө 1.170.000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг шүүх энэ шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй орхисон бөгөөд хичээлийн хоцрогдол арилгасны дараа холбогдох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн эрхийг нь нээлттэй үлдээв.
Нэхэмжлэлээс Эрдэнэт-Улаанбаатар хооронд явсан гэх унааны зардлын 46.600 + 46.600 + 51.600 + 51.600 төгрөгийн баримтуудыг давхардсан шалтгаанаар хасаж тооцсон болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүх шүүгдэгчээс нийт 11.006.230 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэхэд,
шүүгдэгч нь “...2026 оны 2 дугаар сарын 28-ны өдөр 2.000.000 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 2.000.000 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 2.000.000 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 2.000.000 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 2.000.000 төгрөг нийт 10.000.000 төгрөгийг хуваан төлнө. Шүүх хуралдааны явцад 1.006.230 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн ... дансанд шилжүүлж байна гэсэн.” баталгаа гаргаж, хохирол, төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлсэн болно.
Эд мөрийн баримтаар тооцож хэргийн хамт ирүүлсэн “Бялзуухай” цэцэрлэгийн хяналтын камерын бичлэг бүхий нэг ширхэг хуурцагийг хэрэгт хавсарган үлдээж,
битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурьдаж,
шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.П-д авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Тус шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 878 дугаартай шүүгчийн захирамжаар шүүгдэгч Х.П-д авсан тогтоосон газар, нутаг дэвсгэр буюу Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарч явах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ хүчингүй болгосон тул шийтгэх тогтоолын хувийг Монгол Улсын Хил хамгаалах ерөнхий газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.С-д даалгах нь зүйтэй.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч А овогт Ху-ийн П-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.П-ийг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,
шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.П-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
тус шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 878 дугаартай шүүгчийн захирамжаар авсан Монгол Улсын хилээр гарахыг, Орхон аймгийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгосугай.
5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6.Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Х.П-оос 10.000.000 /арван сая/ төгрөг гаргуулж хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгчид олгож,
хичээлийн хоцрогдол арилгах сургалтын зардлын баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.
7.Хэрэгт ирүүлсэн хяналтын камерын бичлэг бүхий хуурцагийг уг хэрэгт хавсарган үлдээж,
битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Х.П цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурьдсугай.
8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.Э