Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 0254

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Буяндэлгэр

Улсын яллагч Ц.Идэрмөнх

Шүүгдэгч Э.Бат-Очир нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Бат-Очирт холбогдох эрүүгийн 1725001470053 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Боржигон халх овгийн Энхжаргалын Бат-Очир, Монгол Улсын иргэн, 1993 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, дүү нарын хамт Орхон аймаг Баян-Өндөр сум, Оюут багийн 2-28-23 тоотод оршин суух , урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай /РД: ФА93061737/

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Э.Бат-Очир нь 2017 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Цагаанчулуут багийн 34-11 тоот хашааны гадна О.Буянжаргалыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч О.Буянжаргалын ... “2017 оны 8 дугаар сарын 13-ны өдөр төрсөн өдөр тэмдэглэсэн. Тэндээс гараад Батжаргалыг дагуулаад хашааны булан тойроод гараад ирсэн чинь Лхамаатай явж байсан Бат-Очир гэх залуу учир зүггүй намайг зодоод эхэлсэн” гэсэн мэдүүлэг. /хх-н 15-р хуудас/

 

2. Гэрч Д.Батжаргалын ... “Буянжаргалын гэрийн гадаа сууж байтал Буянжаргал нь баахан удаж байгаад гарч ирээд миний гарнаас татаж босгоод гудамж тойроод гүйгээд явсан юм. Тэгээд бие засах гэж байгаад газар унасан юм. Бие засаад эргээд харсан чинь Буянаа байхгүй болсон байсан. Тэгээд Буянаа гээд араас нь орилоод очсон чинь Буянаа Бат-Очирт зодуулж байсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 23-р хуудас/

 

3. Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 696 дугаартай шинжээчийн дүгнэлт / хх-ийн 18 хуудас/ болон шүүгдэгчийн мэдүүлэг, ял шийтгэлтэй эсэхийг шалгасан лавлагаа зэргийн шинжлэн судлав. Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв.

 

Шүүгдэгч Э.Бат-Очир нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ” үйлдсэн хэргээ ойлгож гэмшиж байгаа. Прокурорын санал болгосон ялыг хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

            Шүүгдэгч Э.Бат-Очир нь 2017 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Цагаанчулуут багийн 34-11 тоот хашааны гадна О.Буянжаргалыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч О.Буянжаргалын мэдүүлэг, гэрч Д.Батжаргалын мэдүүлэг, шүүх шинжилгээний 696 дугаартай дүгнэлт, ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон гэж үзлээ.

 

                     Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчид ял шийтгэл оногдуулах үндэстэй байна.

            Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдлалд харгалзан үзлээ.

            Хохирогч О.Буянжаргал нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Гомдол санал байхгүй. Шүүх хуралдаанд ороцохгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэжээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                                  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон халх хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Э.Бат-Очирыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Э.Бат-Очирт оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаагаар хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг биелүүлэхгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.

 

  5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Бат-Очирт урьд авсан хувийн баталгаа өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

   6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС