Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 102/ШШ2023/03896

 

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 102/ШШ2023/03896

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, шүүгч Б.Азбаяр, З.Доржнамжин нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

нэхэмжлэгч: *** аймаг, *** тоотод оршин суух, рд:***, Д.Ц нэхэмжлэлтэй,

 

хариуцагч: Баянгол *** тоотод оршин суух, рд:***, Б,

 

хариуцагч: *** тоотод оршин суух, рд:***, Х нарт холбогдох,

 

эд хөрөнгөд учирсан хохирол 9 184 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 3000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

шүүх хуралдаанд:

нэхэмжлэгч Д.Ц,

хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э

иргэдийн төлөөлөгч С.Н нар оролцож,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Сувд хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.***аас хариуцагч Ц.***, О.*** нарт холбогдуулан эд хөрөнгөд учирсан хохирол 9 184 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч үнээний үнэ болон өмгөөлөгчийн хөлс нийт 3000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргасан.

 

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ... Энэ хэрэг нь 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 22 товчооны мал бордооны зам дээр болсон. Тухайн үед гуравдугаар эгнээгээр зорчиж явж байтал гэнэт үхэр урдуур орж ирж мөргөж зогссон. Ингээд цагдаа дуудаж, хэмжилт хийлгэж, малын эзнийг дуудаж авчирч машиныг ачуулж, цагдаад бүртгүүлсэн. Тухайн хэргийг хариуцсан цагдаа н.*** дүгнэлтээр мал бэлчих хориотой бүс нутагт мал бэлчсэн, малын эзний хариуцлагагүй үйлдэл байна гэж гарсан. Мөн хоёр удаагийн шинжээчийн дүгнэлтээр миний бие буруугүй нь нотлогдсон. Дүүргийн хорооны Засаг даргын тодорхойлолтод тухайн бүсэд мал бэлчих хориотой гэж заасан байсан. Иймд Ашид билгүүн ХХК-ийн тээврийн хэрэгслийн хохирлын үнэлгээ болон журмын хашааны төлбөр болох 9,184,000 төгрөгийг хариуцагч Ц.***гаас нэхэмжилж байна. Орчны шинжилгээний газрын мэдээлэл энэ хэрэгт хамааралгүй гэж үзэж байна. Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна... гэв.

 

3.Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Энх-Амгалан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйл, 43 дугаар зүйлүүдийг үндэслэн нэхэмжлэгч Д.*** үнээ дайрч алснаас хойш 50 хоногийн дараа 2022 оны 09 дүгээр сарын 09-ны өдөр зөрчил хариуцсан байцаагч ахмад н.***од мэдүүлэг өгөхдөө 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Хөвсгөл аймгаас Улаанбаатар хот руу явж байх замдаа 21 цагийн үед хуучин 22 товчооны 6 урсгалтай замын 3 дахь эгнээнд явж байх үед эсрэг талын урсгалаас нэг үхэр гэнэт гарч ирсэн. Тухайн үед харанхуй бас бороотой байсан. Би тэр үхрийг 5-6метрийн зайд харсан. Тэгээд торомз гишгээд яг тулсан байсан болохоор үхрийг мөргөчихсөн гэх мэдүүлгийг өгсөн байдаг. Мөн үхрийн баруун гуя орчмыг мөргөсөн нь хурд хэтрүүлсэн гэх үндэслэл бий болсныг хавтаст хэрэгт зургаар хавсаргагдсан байгаа. Шинжээчийн дүгнэлтээр зөрчлийн тухай хуулийг буруу хэрэглэсэн гэх нөхцөл байдлыг шүүх анхаарч үзнэ үү. Мөн шинжээч дүгнэлтээ нэхэмжлэгчид танилцуулчхаад хариуцагчид тайлбар өгөөгүй хөөгөөд явуулсан байдаг. Үүнтэй холбогдуулж Авлигатай тэмцэх газар болон бусад эрх бүхий газраар шалгуулсан баримт хэрэгт авагдсан байгаа. Хариуцагч О.*** нь тэр өдөр бороотой байсны улмаас хувцсаа солиод гарах гэж байтал дөрвөн үхрийн эхний эгнээнд явж байсан үхрийг минь Д.*** нь дарж алсан гэж мэдүүлэг өгсөн боловч цагдаа н.*** нь бичиж аваагүй байдаг. Цаг агаар орчны шинжилгээнээс ирүүлсэн бичигт тухайн өдөр усархаг аадар бороотой гэсэн дүгнэлт ирүүлсэн. Уг нь ахмад н.*** энэ мэдүүлэг болон цаг агаарын нөхцөл байдлыг хэрэгт авагдсан бол энэ хэрэг ингэж удаашрахгүй байх байсан. Тухайн газарт мал бэлчих хориотой бүс биш. Малчин О.*** нь Ц.***гийн малыг 5 жил хариулсан. Иймд үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох үхрийн үнэ 1,800,000 төгрөг, өмгөөллийн хөлс 1,200,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж өгнө үү Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.... гэв.

 

4. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ ..миний бодлоор нэхэмжлэлийн үнийн дүнгээс үнээний мөнгийг хасаад үлдсэн мөнгийг нь хариуцагчаас нэхэмжлэгчид олговол зүгээр гэж бодож байна... гэв.

 

5. Нэхэмжлэгчийн ирүүлсэн

нэхэмжлэл /хэргийн 1 дүгээр тал/

улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2 дугаар тал/

нэхэмжлэгч Д.***ын иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 3 дугаар тал/

авто гоутл транс төлбөрийн баримт /хэргийн 4 дүгээр тал/

кассын орлогын ордер /хэргийн 5-6 дугаар тал/

авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан /хэргийн 7-9 дүгээр тал/

кассын орлогын ордер /хэргийн 11 дугаар тал/

авто машины зураг /хэргийн 12 дүгээр тал/

нэхэмжлэл /хэргийн 13 дугаар тал/

баримтын тайлбар /хэргийн 14 дүгээр тал/

нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны 2022 оны 9 сарын 20-ний өдрийн 1303 дугаарт тодорхойлолт /хэргийн 15 дугаар тал/

Ц.***гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 16 дугаар тал/

О.***гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 17 дугаар тал/

эрх бүхий албан тушаалтны магадлагаа /хэргийн 18 дугаар тал/

тээврийн цагдаагийн алба, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал /хэргийн 19-21 дүгээр тал/

хариу тайлбар /хэргийн 43-44 дүгээр тал//

өмгөөлөгч эрх зүйн туслалцаа үзүүлэх, үйлчлүүлэгч эрх зүйн туслалцаа авах гэрээ /хэргийн 52 дугаар тал/

тайлбар /хэргийн 53 дугаар тал/ нотлох баримтууд,

 

6. Хариуцагчийн ирүүлсэн

хариу тайлбар /хэргийн 27 дугаар тал/

сөрөг нэхэмжлэл /хэргийн 28-29 дүгээр тал/

орлогын баримт /хэргийн 30 дүээр тал/

хариуцагч О.***гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 31 дүгээр тал/

хариуцагч Ц.***гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 32 дугаар тал/

итгэмжлэл /хэргийн 33-34 дүгээр тал/

хаан банк шилжүүлгийн баримт /хэргийн 35-36 дугаар тал/

хүсэлт /хэргийн 37 дугаар тал/

цаг уур, орчны газар шинжилгээний газрын 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 04/676 тоот /хэргийн 38 дугаар тал/

төлбөрийн баримт /хэргийн 39 дүгээр тал/

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 1613 тоот тодорхойлолт /хэргийн 48 дугаар тал/

мал тооллогын баримт /хэргийн 49 дүгээр тал

хариу тайлбар /хэргийн 50 дугаар тал/

хариу тайлбар /хэргийн 79 дүгээр тал/

прокурорын хариу мэдэгдэх хуудас /хэргийн 139 дүгээр тал/ нотлох баримтууд,

 

7. шүүхээс

*** тоот албан тоот /хэргийн 46 дугаар тал/

шинжээчийн дүгнэлттэй холбоотой баримтууд /хэргийн 86-125 дугаар тал/

сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын замын цагдаагийн хэлтэс 2023 оны 06 сарын 14-ний өдрийн 283-5/498 албан тоот /хэргийн 128-129 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч ...9 184 000 төгрөг гаргуулах... тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж үндэслэлээ ...хариулгагүй мал амьтан зам руу оруулсан малчны буруутай үйлдлийн улмаас зам тээврийн осол гарч миний жолоодож явсан тээврийн хэрэгсэлд эвдрэл гэмтэл үүсэж эд хөрөнгөд хохирол учирсан... гэж тайлбарласныг,

 

хариуцагч нар эс зөвшөөрч ... 3000 000 төгрөг гаргуулах... тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ ...зам тээврийн ослын дүгнэлт буруу гарсан, жолоочийн хурд хэтрүүлж анхаарал болгоомжгүй явсан буруугаас осол гарч хариуцагчийн мал, эд хөрөнгө хохирсон... гэж маргаж байна.

 

3. Хэрэгт авагдсан баримт зохигч талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4. 2022 оны 07 сарын 22-ны өдөр 21 цаг 20 минутын орчим ***-ын товчооны мал бордохын замд тоёото хайландер загварын **** улсын дугаартай автомашины жолооч нэхэмжлэгч Д.*** үхэр мөргөсөн гэх зам тээврийн осол зөрчил гарч үхэр үхсэн, Д.***ийн жолоодож явсан тээврийн хэрэгсэл хөрөнгөд 9 184 000 төгрөгийн хохирол гэмтэл учирсан нь зам тээврийн осол хэргийн үзлэгээр тогтоосон байдал, зам тээврийн ослын схем зураг, шинжээчийн дүгнэлт, эрх бүхий албан тушаалтны магадлагаа, хөрөнгийн үнэлгээ түүнд хавсаргасан гэрэл зураг, зөрчлийн хэргийн материалууд, нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбар баримтуудаар тус тус тогтоогдож байна. /хэргийн 6-21, 91-112 дүгээр тал/

 

5. Зам тээврийн осол зөрчил гарсан талаар зохигчид маргаагүй.

 

6. 2022 оны 09 сарын 14-ны өдрийн дугаар 22/112 шинжээчийн дүгнэлт, 2022 оны 09 сарын 16-ны өдөр тухайн осол зөрчлийн талаар эрх бүхий албан тушаалтны магадлагаа гарч ...замын хөдөлгөөний дүрмийн 27.2-т заасан хатуу хучилттай замд 50м-ээс дотогш хариуллагагүй мал, тэжээвэр амьтан оруулахгүй байх гэсэн заалтыг О.*** зөрчсөн байх үндэслэлтэй байна. Тоёото хайландер загварын **** улсын дугаартай автомашины жолооч Д.*** замын хөдөлгөөний дүрмийн ямар нэг заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна... гэжээ.

 

7. Нэхэмжлэгч дээрх магадлагаа баримтаар жолоочийн буруутай үйлдэл тогтоогдоогүй тул өөрийн жолоодож явсан тээврийн хэрэгсэлд учирсан хохирол төлбөр 9 184 000 төгрөг нэхэмжилсэн.

 

8. Нэхэмжлэгчийн жолоодож явсан ***** УНД тээврийн хэрэгсэл хөрөнгө Д.Э эзэмшил өмчлөлийн хөрөнгө болох нь нэхэмжлэгчийн тайлбар хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээ баримтаар тогтоогдож байна. /хэргийн 104 дүгээр тал/

 

9. Д.*** нь ***** УНД тээврийн хэрэгслийн эзэмшигч өмчлөгчийг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй эсэх, төлөөлөх эрхтэй эсэх нь баримтаар тогтоогдохгүй байна.

 

10. Иймд нэхэмжлэгч Д.***т тээврийн хэрэгсэлд учирсан хохирол төлбөрийг шаардах эрх үүсээгүй тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Ц.***, О.*** нарт холбогдуулан гаргасан эд хөрөнгөд учирсан хохирол 9 184 000 төгрөг гаргуулах тухай Д.***ийн гаргасан үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

11. Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

 

12. Хариуцагчийн нарын төлөөлөгч сөрөг шаардлагын үндэслэлээ ...нэхэмжлэгч Д.*** ядарсан, нойрмог үедээ эсхүл архи дарс ууссан нь гараагүй үед тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлэн анхаарал болгоомжгүй явснаас тээврийн хэрэгслээ зогсоож чадаагүй үнэг дайрч алсан буруутай нь өөрийнх нь мэдүүлгээр тогтоогдож байна... гэжээ.

 

13. Хариуцагч өөрийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэл тайлбараа нотлох баримтаар нотлоогүй болно.

 

14. 2022 оны 09 сарын 16-ны өдөр тухайн осол зөрчлийн талаар эрх бүхий албан тушаалтны гаргасан магадлагааг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байгаа боловч тухайн магадлагаа баримтыг дээд шатны эрх бүхий албан тушаалтан хүчингүй болгосон эсхүл тухайн зам тээврийн осол хэргийн зөрчил нэхэмжлэгч Д.***ийн хууль бус санаатай болон болгоомжгүй гэм буруутай үйлдлийн улмаас гарсныг тогтоосон ямар нэгэн баримт хэрэгт авагдаагүй.

 

15. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн 2023.10.17-ны өдрийн -1/3210 Прокурорын хариу мэдэгдэх хуудаст ...зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулахдаа зөрчил шалган шийдвэрлэх тухай хулийг ноцтой зөрчсөн, Зөрчлийн тухай хуулийг буруу хэрэглэсэн гэх нөхцөл байдал тогтоогдож байна..., хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн хяналтын прокурорын шийдвэрийг хэвээр үлдээж гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ... гэжээ. /хэргийн 139 дүгээр тал/

 

16. Дээрх прокурорын хариу мэдэгдэх хуудас баримтаар нэхэмжлэгч Д.*** 2022.07.22-ны өдөр үхэр дайрч зам тээврийн осол зөрчил гаргасан буруутай гэж үзэх үндэслэлгүй.

 

17. Түүнчлэн хариуцагч уг зам тээврийн осол хэргийн улмаас үхсэн үхэрний үнэ 1800 000 төгрөгийн хохирол нэхэмжилсэн боловч эрх бүхий үнэлгээний байгууллага үнэлгээ тогтоогоогүй болох нь хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан ...өөрсдөө зах зээлийн үнэлгээгээр тогтоосон... гэх тайлбараар тогтоогдож байна.

 

18. 2021 оны мал тооллогын баримтаар СХД 32 хороо, Дүвжирийн Лхамаажав гэх хүн 19 тооны үхэр мал тоолуулсан баримтаар дээрх осол хэргийн улмаас үхсэн хар тарлан зүсний хязаалан насны үхрийн эзэн хариуцагч Ц.*** болох нь тогтоогдохгүй. Хариуцагчийн төлөөлөгч Д Ц.*** нар нь гэр бүлийн хүмүүс гэж тайлбарлаж байгаа боловч өөрийн тайлбараа нотлоогүй хэрэгт энэ талаар баримт авагдаагүй.

 

19. Ийнхүү хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэл тайлбар дээр авагдсан баримтуудаар үгүйсгэгдэж байх тул шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж үзэв.

 

20. Тодруулбал зам тээврийн осол хэрэг гарах, үхэр мал дайруулж хариуцагч нарын эд хөрөнгөд 3000 000 төгрөгийн хохирол учирсан үйлдэлд нэхэмжлэгчийн хууль бус санаатай буюу болгоомжгүй гэм буруутай үйлдэл эс үйлдэл тогтоогдохгүй байх тул хариуцагч нарын нэхэмжлэгчид холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийг хангах боломжгүй юм.

 

21. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 161 894 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62 950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж тогтоов.

 

22. Иргэдийн төлөөлөгч үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагчийн сөрөг шаардлагыг хасаж үлдэх мөнгийг хариуцагчаас нэхэмжлэгчид олгох духай дүгнэлт гаргасан боловч нэхэмжлэгчийн шаардах эрх нотлогдоогүйг тайлбарлах нь зүйтэй.

 

23. 2022.10.03-ны өдрийн 366, 367 тоот хариуцагч нараас Л.Э-д олгосон итгэмжлэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх үүрэг олгогдсон байна. /хэргийн 33-34 дүгээр тал/

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 499 дүгээр зүйлийн 499.4-д зааснаар хариуцагч Ц.***, О.*** нарт холбогдуулан гаргасан эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 9 184 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.***ийн гаргасан үндсэн нэхэмжлэл, нэхэмжлэгч Д.***т холбогдуулан гаргасан эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 3000 000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Ц.***, О.*** нарын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 161 894 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62 950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ш.ОЮУНТУУЛ

 

ШҮҮГЧ Б.АЗБАЯР

 

З.ДОРЖНАМЖИН