| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шонхойн Оюунтуул |
| Хэргийн индекс | 102/2023/03220/И |
| Дугаар | 102/ШШ2023/03895 |
| Огноо | 2023-10-30 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 102/ШШ2023/03895
| 2023 оны 10 сарын 30 өдөр | Дугаар 102/ШШ2023/03895 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: С ХХК-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч: Т ХХК-д холбогдох,
гэрээний үүрэг 10 715 500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
шүүх хуралдаанд:
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э оролцож,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Сувд хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч С ХХК-аас хариуцагч Т ХХК-д холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэг 10 715 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ...С ХХК-нь Т ХХК-тай 2022 оны 03 дугаар сарын 12-ны өдөр нийт 10,715,500 төгрөгийн хүйтний нэмэгдэлтэй бетон зуурмаг бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулж, захиалга ирүүлсний дагуу бетон зуурмагийг нийлүүлж, баримтаар хүлээлгэн өгсөн. Ингээд 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд захиалгаар ирүүлсэн бетон зуурмагийг хүйтний нэмэгдлийн хамт бүрэн нийлүүлж дуусгасан. Гэвч Т ХХК-нь 10,715,500 төгрөгийг төлөөгүй тул удаа дараа төлбөрөө төлөхийг шаардсан боловч хариу өгдөггүй байсан. Иймд Т ХХК-аас нэхэмжлэлийн шаардлага болох 10,715,500 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэв.
3. Нэхэмжлэгчийн ирүүлсэн
Нэхэмжлэл /хэргийн 1 дүгээр тал/
Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2 дугаар тал/
Итгэмжлэл /хэргийн 3 дугаар тал/
С ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хэргийн 4 дүгээр тал/
Тооцооны баримт /хэргийн 5 дугаар тал/
Бетон зуурмагын баримт /хэргийн 6-9 дүгээр тал/
С ХХК-ийн Туул гүүр далай ХХК-д нийлүүлсэн бетон зуурмагын баримтын тооцоо /хэргийн 25 дугаар тал/ нотлох баримтууд,
4. Хариуцагчийн ирүүлсэн
Т ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хэргийн 18 дугаар тал/
Итгэмжлэл /хэргийн 27 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч ...10 715 500 төгрөг гаргуулах... нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ ...амаар тохиролцсон гэрээний үүрэг буюу худалдан авсан бетон зуурмагийн үнийг төлөх үүргээ биелүүлээгүй... гэж тайлбарласан,
хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн эсхүл татгалзсан талаар хариу тайлбар ирүүлээгүй.
3. Хэрэгт авагдсан баримт зохигч талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
3.1 Нэхэмжлэгч С ХХК-аас М450 маркийн бетон зуурмаг, С10 маркийн бетон зуурмагийн хүйтний нэмэгдэл бүтээгдэхүүнийг хариуцагч Т ХХК-д бэлтгэн нийлүүлэх худалдахаар амаар тохиролцсон нь нэхэмжлэгчийн тайлбар, бетон зуурмагийн баримт бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хэргийн 5-9 дүгээр тал/
3.1. Энэ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан шаардлагыг хангасан худалдах худалдан авах гэрээ талуудын хооронд амаар байгуулагдсан гэж үзэх үндэслэл болно.
3.2. Дээрх гэрээ зохигчдын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.1.1-д заасан шаардлагыг хангасан байх тул талуудын хооронд амаар хийгдсэн гэрээ хүчин төгөлдөр хэлцэл байна.
3.3. Хэлцэл хийгдсэн, хүчин төгөлдөр эсэх талаар зохигчид маргаагүй.
4. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасны дагуу худалдагч биет байдлын доголдолгүй эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч гэрээгээр тохирсон хугацаанд үнийг төлж, хөрөнгийг хүлээн авах үүрэгтэй.
5. Нэхэмжлэгч гэрээний зүйл буюу нийт 10 715 500 төгрөгийн үнэ бүхий М450 маркийн бетон зуурмаг, С10 маркийн бетон зуурмагийн хүйтний нэмэгдэл бүтээгдэхүүнийг 2022.03.12-ны өдөр, 2022.04.15-ны өдөр тус тус хариуцагч талд бэлтгэн нийлүүлсэн нь нэхэмжлэгчийн тайлбар, тооцооны баримт, бетон зуурмагийн баримт бичгийн баримтуудаар тогтоогдож байгаа ба хариуцагч энэ талаар маргаагүй тул нэхэмжлэгч биет байдлын болон эрхийн доголдолгүй бетон зуурмаг хөрөнгийг хүлээлгэн өгч гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзэв.
6. Нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж бетон зуурмагийг хүлээлгэн өгсөн тул хариуцагч хариу үүрэг буюу бетон зуурмагийн үнийг нэхэмжлэгчийн шаардснаар бүрэн төлөх үүрэгтэй боловч гэрээний үүргээ биелүүлээгүй нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
7. Нэхэмжлэгчийн шаардах эрх Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 208 дугаар зүйлийн 208.3, 243 дугаар зүйлийн 243.1-д заасан үндэслэлтэй тул хариуцагчаас худалдан авсан бетон зуурмагийн үнэ 10 715 500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
8. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан талаар хариу тайлбараа ирүүлээгүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангасныг тайлбарлах нь зүйтэй.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 186 398 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 186 398 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтоов.
10. 2023.06.14-ны өдрийн №23-06/06 нэхэмжлэгчээс Д.Эод олгосон итгэмжлэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх үүрэг олгогдсон байна. /хэргийн 3 дугаар тал/
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Т ХХК-аас худалдан авсан бетон зуурмагийн үнэ 10 715 500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 186 398 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 186 398 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ