Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 102/ШШ2023/03929

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 102/ШШ2023/03929

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

нэхэмжлэгч: Баянзүрх *****тоотод оршин суух рд:***, Л Д нэхэмжлэлтэй,

 

хариуцагч: Баянгол дүүрэг, *** тоот хаягтай, рд: *** , ***,

 

хариуцагч: Чингэлтэй дүүрэг, *** тоот хаягтай, рд: ***, Э*** нарт холбогдох

 

орон сууц захиалгын гэрээний орон сууцны төлбөрт төлсөн нийт 135 061 300 төгрөг, гэрээнээс татгалзснаас учирсан хохирол 9 900 000 төгрөг, нийт 144 961 300 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

шүүх хуралдаанд:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.***, М.***

хариуцагч *** ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.***

хариуцагч *** ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.*** нар оролцож,

шүүх хуралдааны тэмдэглэлийг С.Оюунсайхан хөтлөв.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчээс хариуцагч нарт орон сууц захиалгын гэрээний орон сууцны төлбөрт төлсөн нийт 135 061 300 төгрөг, гэрээнээс татгалзснаас учирсан хохирол 9 900 000 төгрөг, нийт 144 961 300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.*** нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна: ... О.*** нь орон сууцны төлбөр төлсөн нийт 135,061,400 төгрөг, хугацаа хэтрүүлснээс үүдэж орон сууц хөлсөлсний төлбөр төлсөн 9,900,000 төгрөг, нийт 144,961,300 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. О.*** нь 2021 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр *** ХХК-ийн оролцоотой *** ХХК-тай орон сууц захиалгын гэрээ cr-268 дугаартай гэрээг байгуулсан. Тус гэрээний дагуу Баянзүрх дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа ....хотхоны **** тоот 74,4 м.кв 3 өрөө орон сууцыг захиалан харилцан тохиролцсон. Уг гэрээгээр захиалагч нь орон сууц захиалгын гэрээний 3.2-т заасан төлбөр, 1 м.кв-ийн үнэ 1,990,000 төгрөгөөр тооцож нийт 147,339,600 төгрөгийг төлөх үүргийг хүлээсэн. *** ХХК гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1, 6.1.2-т зааснаар захиалгат орон сууц 2022 оны 4-р улиралд багтааж захиалагчид хүлээлгэж өгөх үүргийг тус тус хүлээсэн. Дээрх гэрээний дагуу захиалагч О.*** нь гэрээний нийт төлбөр болох 141,739,600 төгрөгөөс хуваарийн дагуу 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн хооронд нийт 135,061,300 төгрөгийг төлсөн. Төлөхдөө *** ХХК-ийн Хаан банкны 5084548402 тоот дансанд тушаасан. *** ХХК нь гэрээний 6.2-т заасан үүргээ биелүүлээгүй. Үүнээс үүдэж, нэхэмжлэгч талд гарах ёсгүй байсан зардлууд гарч эхэлсэн. Тухайн байр ашиглалтад орох хугацаа болсноос хойш орон сууц хөлслөх шаардлага үүссэн. Энэ нь хариуцагчийн хугацаа хэтэрч гарснаас нэхэмжлэгчид учирсан хохирол гэж ойлгож болно. 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш 3,300,000 төгрөгийг, 2023 5 дугаар сарын 15-ны өдөр 3,300,000 төгрөгийг төлсөн. Орон сууц захиалгын гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.2-т заасныг хариуцагч үндэслэлгүйгээр зөрчиж захиалгат орон сууцыг хүлээлгэн өгөх хугацааг 11 сараар хэтрүүлсэн ба барилгын ажил 3 давхрын цутгалт хийгдсэн байдалтай байна. Анх гэрээ байгуулахад тийм байсан тэр чигээрээ байгаа. Нэхэмжлэгчийн орон сууцын төлбөрт төлсөн нийт төлбөр нь 135,061,300 төгрөг, хугацаа хэтрүүлснээс үүдэж нэхэмжлэгч талд учирсан хохиролд 9,900,000 төгрөг нийт 144,961,300 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэсэн хүсэлттэй байна ... гэв.

 

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.*** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... нэхэмжлэгч О.*** нь 2021 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр *** ХХК-тай cr-268 тоот дугаартай орон сууц захиалгын гэрээ байгуулж тус гэрээгээр 74,04 м.кв талбайтай орон сууцыг захиалсан. Уг м.кв-ийн үндсэн үнэ нь 3,190,000 төгрөг бөгөөд нэхэмжлэгч нь хөнгөлөлттэй нөхцөлөөр буюу м.кв-ийг 1,990,000 төгрөгөөр нийт үнэ 147,339,600 төгрөгөөр орон сууц захиалгын гэрээг байгуулсан. Гэрээний төлбөр болох 174,339,600 төгрөгийг гэрээнд заасан хуулийн дагуу 11 дүгээр сарын 1-ний өдөр 5,000,000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 68,669,800 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 25-ны дотор үлдэгдэл 73,669,800 төгрөгийг тус тус тохиролцсон боловч өнөөдрийг хүртэл тус төлбөрийг бүрэн төлж дуусаагүй гэрээний үүргийг зөрчсөн гэж үзэж байна. Энэ талаар О.***тэй байгуулсан cr-268 тоот дугаарт орон сууц захиалгын гэрээний 7.1-т зааснаар *** ХХК-аас төлбөрөө хугацаанд нь төлөөгүй 14 хоног хэтрүүлсэн тохиолдолд гэрээнд цуцлах эрхтэй боловч нэхэмжлэгчийг төлбөр төлөх боломжгүй буюу тухайн хүсэлтүүдийг үндэслэн нэхэмжлэгчийн нөхцөл байдлыг харгалзан үзэж өнөөдрийг хүртэл гэрээг цуцлалгүй О.***г гэрээнд заасан үүргээ биелүүлж, үлдэгдэл төлбөрөө төлнө гэж хүлээж байсан нь тун харамсалтай байна. Нэхэмжлэгчид орон сууцыг үндсэн үнээс нь хямд буюу хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдахаар гэрээ байгуулсан учраас орон сууц захиалгын гэрээний 7.7-д зааснаар захиалагч нь гүйцэтгэх талтай аливаа хөнгөлөлт урамшуулал, нөхцөлөөр захиалгын гэрээ хийсэн бол захиалгын орон сууц ашиглалтад орох хугацаа хойшлох зэрэгт хүлээцтэй хандах, хугацаа хэтэрснээс 6 сарын хугацаанд гүйцэтгэх талтай аливаа хэргээр маргахгүй гэж заасан байдаг. Нэхэмжлэгч нь 2023 оны 6 дугаар сарыг дуусах хүртэлх хугацаанд орон сууцны ашиглалтад орох хугацаа хэтэрсэнтэй холбоотой маргаан үүсгэхгүй байхаар тохиролцсон. Мөн орон сууц хөлсөлсөн гэх зардал нь *** ХХК-тай cr-268 тоот нийгмийн харилцаа үүссэнтэй холбоотой хор бий болсон эсэх харилцаа мөн эсэх нь тогтоогдохгүй байна. Орон сууц захиалгын гэрээний 7.6-т заасан гүйцэтгэгчээс шалтгаалахгүй хүндэтгэн үзэх шалтгаанаар 2020-2022 оны хооронд үүссэн коронавирус цар тахлын улмаас олон улсын хил хаагдаж барилгын шаардлагатай бараа материалын үнэ өссөн бөгөөд энэ байдлаас шалтгаалан хариуцагч барилгын ажил явуулахад хүндрэл учирч, гэрээнд заасан барилгыг ашиглалтад оруулах боломжгүй болсон. Энэхүү хүндэтгэн үзэх шалтгааны улмаас гэрээний үүргийг зөрчсөн бол талууд гэрээний 7.4-т заасан асуудлыг харилцан тохиролцож шийдвэрлэх байсан. Нөгөө талаас нэхэмжлэгч болон түүнтэй хийсэн нөхцөлөөр орон сууц захиалгын гэрээ байгуулан захиалагч нар гэрээнд заасан хуваарийн дагуу төлбөрөө төлөөгүй үүрэг зөрчсөний улмаас барилгын ажил удааширсан. Иймд нэхэмжлэлийн шаардлага бүхэлд нь үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү ... гэв.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.*** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...*** ХХК болон О.*** нарын хооронд байгуулсан орон сууц захиалгын гэрээн дээр *** ХХК-ийн оролцоотой гэж бичигдсэн байгаа учраас нэхэмжлэгч нь *** ХХК давхар хариуцагчаар татсан байна. *** ХХК болон *** ХХК нар хамтран энэ төслийг хэрэгжүүлэхээр 2021 оны 8 дугаар сарын 31-ээс эхэлсэн. *** ХХК нь маркетинг борлуулалтаа хариуцаад, *** ХХК нь барилгаа барих бусад үйл ажиллагаагаа хариуцаж авахаар тохиролцон гэрээг байгуулсан. Тухайн төслийн мөнгө төвлөрөх, борлуулалт, барилгын материал татан авах, бүх үйл ажиллагаа *** ХХК-д төвлөрч явсан учраас бүх борлуулалт нь *** ХХК-д хийгдэж, *** ХХК нь захиалагч нарын мөнгийг захиран зарцуулж байсан. cr-268 тоот гэрээ нь ч гэсэн мөн 5484036 регистрийн дугаартай *** ХХК-тай хийгдсэн гэрээ хэлцэл төлбөр мөнгийг компани руу хийгдсэн тийм учраас гэрээний өр төлбөртэй асуудлыг *** ХХК хариуцна. Тийм учраас *** ХХК-д гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлтэй байна ... гэв.

 

5. Нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн

нэхэмжлэл /хэргийн 1-2 дугаар тал/

улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 3 дугаар тал/

О.***гийн иргэний үнэмлэхний хуулбар /хэргийн 4 дүгээр тал/

хүсэлт / хэргийн 5 дугаар тал/

2021 оны 11 сарын 01-ний өдрийн №CR-268 дугаар Орон сууц захиалгын гэрээ, хавсралт /хэргийн 6-11 дүгээр тал/

*** ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хэргийн 12 дугаар тал/

барилгын план зураг /хэргийн 13 дугаар тал/

банкны шилжүүлгийн баримт /14- 24 дүгээр тал/

өргөдөл, мэдэгдэл /хавтаст хэргийн 25-26 дугаар тал/

City Residence хотхоны 6-р блокын барилгын явц зураг /хавтаст хэргийн 27 дугаар тал/

2022 оны 11 дүгээр сарын 11-ний №2 Орон сууц хөлслөх гэрээ /хавтаст хэргийн 28-30 дугаар тал/

Банкны шилжүүлгийн баримт /хавтаст хэргийн 31-33 дугаар тал/

итгэмжлэл /хавтаст хэргийн 35-36 дугаар тал/

хүсэлт /хавтаст хэргийн 61-62 дугаар тал/

 

6. Хариуцагч *** ХХК-ийн шүүхэд ирүүлсэн

*** ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хавтаст хэргийн 45 дугаар тал/

хариу тайлбар /хавтаст хэргийн 46 дугаар тал/

итгэмжлэл /хавтаст хэргийн 57 дугаар тал/ нотлох баримтууд,

 

7. Хариуцагч *** ХХК-ийн шүүхэд ирүүлсэн

*** ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ / хэргийн 49 дүгээр тал/

хариу тайлбар /хэргийн 50 51 дүгээр тал/

итгэмжлэл /хэргийн 40, 68 дугаар тал/ нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч ...орон сууц захиалан бариулах гэрээний үүрэг буюу орон сууцны үнэд шилжүүлсэн 135 061 300 төгрөг, гэрээнээс учирсан хохирол 9 900 000 төгрөг нийт 144 961 300 төгрөг гаргуулах... нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ ...гэрээгээр тохирсон хугацаанд үүргээ биелүүлээгүй, ямар нэг үр дүн гарахгүй болох нь илт болсон учир нэмэлт хугацаа тогтоох шаардлагагүй гэрээнээс татгалзаж байгаа тул гэрээний төлбөрт шилжүүлсэн мөнгөө буцаан гаргуулж, учирсан хохирлоо шаардаж байна... гэж тайлбарласаныг.

 

хариуцагч *** ХХК эс зөвшөөрч ...мөнгөн төлбөрийн үүргээ нэхэмжлэгч бүрэн биелүүлээгүй, гэрээний хугацаа өнгөрснөөс хойш 6 сарын хугацаанд маргахгүй гэж тохиролцсон, цар тахлын улмаас шаардлагатай барилгын материалын үнэ өссөн... гэж,

 

хариуцагч *** ХХК ...нэхэмжлэгч гэрээний 3.2-т зааснаар төлбөрөө хариуцагч *** ХХК-ийн дансанд төлсөн, нэхэмжлэгч болон *** ХХК-ийн хооронд ямар нэг гэрээ хэлцэл байгуулагдаагүй үүрэг үүсээгүй тул хариуцагч биш... гэж тус тус тайлбарлаж байна.

 

3. Хэрэгт авагдсан баримт, зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4. Нэхэмжлэгч буюу худалдан авагч О.*** 2021 оны 11 сарын 01-ний өдөр №CR-268 тоот Орон сууц захиалгын гэрээг хариуцагч буюу худалдагч *** ХХК-тай байгуулж, Баянзүрх дүүрэг, 8 хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй*** тоот 74.04м2 талбай бүхий 2 өрөө орон сууц хөрөнгийг 1м2 талбайг нь 1 990 000 төгрөгөөр тооцож нийт 147 339 600 төгрөгөөр худалдан авах, худалдагч орон сууц хөрөнгийг 2022 оны 4-р улиралд багтаан хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцсон нь орон сууц захиалгын гэрээ, төлбөр төлөх хуваарь, орон сууцны план зураг, зохигч талуудын тайлбар баримтуудаар тогтоогдож байна. /хэргийн 6-13 дугаар тал/

 

 5. Энэ нь зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэхь хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл болно.

 

6. Дээрхи гэрээ нь зохигчдын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан шаардлагыг хангасан байх тул  нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд хийгдсэн гэрээ хүчин төгөлдөр хэлцэл байна.

 

7. Хэлцэл хийгдсэн, хүчин төгөлдөр эсэх талаар зохигчид маргаагүй.

        

 8. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасны дагуу худалдагч нь биет байдлын доголдолгүй эрхийн зөрчилгүй 74.04м2 талбай бүхий 2 өрөө орон сууц хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь гэрээгээр тохирсон үнийг төлж орон сууц хөрөнгөө хүлээн авах үүрэгтэй.

 

9. Нэхэмжлэгч гэрээний 3.2-т зааснаар гэрээний төлбөр болох 147 339 600 төгрөгийг 2021.11.01-ны өдөр 5000 000 төгрөг, 2021.11.15-ны өдөр 68 669 800 төгрөг, үлдэгдэл 73 669 800 төгрөгийг гэрээний хавсралт 1-д заасны дагуу 2021.12.15-ны өдрөөс 2022.11.25-ны өдрийн дотор сар бүрийн 25-ны өдрийн дотор хэсэгчлэн *** ХХК-ийн ХХБ болон Хаан банкны дансанд шилжүүлж төлөхөөр тохиролцжээ.

 

10. Нэхэмжлэгч орон сууц хөрөнгийн үнэд 2021.11.15-ны өдрөөс 2022.08.25-ны өдрийн хооронд буюу 2022 оны 3-р улиралд багтаан орон сууцны үнийн дийлэнх хэсэг буюу нийт 135 061 300 төгрөгийг хариуцагч *** ХХК-д төлсөн нь нэхэмжлэгчийн тайлбар, банкны шилжүүлгийн баримтуудаар тогтоогдож байна. /хэргийн 14-24 дүгээр тал/

 

11. Харин хариуцагч *** ХХК гэрээний 6.1.2, 6.1.6-д заасны дагуу хариу үүрэг буюу орон сууц хөрөнгийг 2022 оны 4-р улиралд багтаан /2022.12.01-ны өдрийн дотор/ холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, стандартын дагуу чанартай барьж дуусган нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч уг орон сууцыг өмчлөх эрхээ баталгаажуулахад шаардлагатай бүх бичиг баримт мэдээллээр хангах үүрэг хүлээсэн.

 

12. Хариуцагч дээрх хариу үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нь ... хариуцагч компанийн хувьд гэрээнд заасан хугацаанд барилгыг ашиглалтад оруулах боломжгүй болсон, ...ашиглалтад орсон зүйл байхгүй... гэх шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар баримтаар тогтоогдож байна. /хэргийн 51 дүгээр тал/

 

13. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ ...нэхэмжлэгч гэрээнд заасан хугацаанд төлбөрийг төлөхгүй хугацаа хэтрүүлж байсан ч хариуцагч тал хүлээцтэй хандаж гэрээг цуцлаагүй, ...нэхэмжлэгч гэрээний үүргээ бүрэн биелүүлж үлдэгдэл төлбөрөө бүрэн төлөөгүй, ...орон сууц ашиглалтад орох хугацаа хойшлох зэрэгт хүлээцтэй хандаж хугацаа хэтэрснээс хойш 6 сар хүртэлх хугацаанд гүйцэтгэгч талтай аливаа хэлбэрээр маргахгүй гэж гэрээгээр тохиролцсон, ...2023 оны 06 сарыг дуусах хүртэл хугацаанд орон сууц хөлсөлсөн зардал нэхэмжилсэн нь үндэслэлгүй, цар тахлын улмаас хил хаагдаж, шаардлагатай барилгын бараа материал үнэ өссөн... гэж тус тус тайлбарласан ба өөрийн тайлбар татгалзалтай холбоотой ямар нэг баримтыг шүүхэд ирүүлээгүй.

 

14. Мөн талуудын хооронд байгуулсан орон сууц захиалгын гэрээний 7.7-д заасан ...захиалагч нь гүйцэтгэгч талтай аливаа хөнгөлөлт, урамшууллын үнэ, нөхцлөөр захиалгын гэрээ хийсэн бол захиалгын орон сууцны ашиглалтад орох хугацаа хойшлох зэрэгт хүлээцтэй хандах, хугацаа хэтэрснээс хойш 6 сар хүртэлх хугацаанд гүйцэтгэгч талтай аливаа хэлбэрээр маргахгүй... гэх заалт нь гэрээний стандарт нөхцлийг зөрчсөн, зөрчигдсөн эрхээ сэргээн хамгаалуулах зохигчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан шинжтэй тул хариуцагч *** ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар татгалзал үндэслэлгүй гэж үзнэ.

 

15. Нэхэмжлэгчээс гэрээний зүйл буюу барилга орон сууцыг хариуцагч гэрээнд заасан хугацаанд хүлээлгэн өгөх боломжгүй болсон, барилга дөнгөж 3-4 давхар баригдсан байдалтай учир орон сууцны үнэд төлсөн мөнгийг буцаан авах талаар *** ХХК болон *** ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Гантөмөр нарт бичгээр мэдэгдэж байсан нь нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн бичгийн баримтаар тогтоогдож байна. /хэргийн 25-26 дугаар тал/

 

16. Хариуцагч *** ХХК дээрх баримт тайлбарыг үгүйсгэж няцаагаагүй.

 

17. Маргаан бүхий орон сууц хөрөнгө барилгын явц ямар байгаа, хариуцагч нэхэмжлэгч талд гэрээний зүйл хөрөнгийг хэзээ хүлээлгэн өгөх боломжтой талаар хариуцагч үндэслэл бүхий тайлбар гаргаагүй гэрээгээр хүлээсэн үүргээ бодитоор биелүүлэх эсэх нь тодорхой бус, нэхэмжлэгчийн ямар нэг үр дүн гарахгүй болох нь илт болсон тул урьдчилан сануулах, нэмэлт хугацаа тогтоох шаардлагагүй гэх тайлбар үндэслэлтэй гэж үзнэ.

 

18. Иймд нэхэмжлэгчийн шаардах эрх Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 226 дугаар зүйлийн 226.1, 226.1.1, 227 дугаар зүйлийн 227.1, 243 дугаар зүйлийн 243.1-д заасан үндэслэлтэй тул хариуцагчаас орон сууц захиалгын гэрээний төлбөрт шилжүүлсэн 135 061 300 төгрөг, орон сууц хөлсөлсөн зардал буюу гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирол 7700 000 төгрөг нийт 142 761 300 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2200 000 төгрөгт холдогдох хэсэг болон хариуцагч *** ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

 

19. Орон сууц захилгын гэрээнд заасан хугацаанд орон сууц хөрөнгийг хүлээлгэн өгөх үүргээ хариуцагч биелүүлээгүйгээс нэхэмжлэгч 2022 оны 11 сараас эхлэн сар бүр 1100 000 төгрөгийн хөлстэй орон сууц хөлсөлж 2023 оны 08 сарын 15-ны хүртэлх хугацааны хөлс 9900 000 төгрөг төлсөн нь орон сууц хөлслөх гэрээ, банкны шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна. /хэргийн 28-33 дугаар тал/

 

20. Хариуцагч орон сууц хөрөнгийг гэрээний дагуу 2022 оны 4 улиралд хүлээлгэн өгөхөөр тохиролцсон тул гэрээнээс татгалзсантай холбоотой хохирлын хэмжээг 2023 оны 01 сараас эхлэн тооцож хариуцагчаас 7700 000 төгрөг гаргуулахаар тогтоосныг тайлбарлах нь зүйтэй.

 

21. Нэхэмжлэгч *** ХХК-ийг хариуцагчаар татсан ба талуудын хооронд байгуулсан Орон сууц захиалгын гэрээний Нэг. Нийтлэг үндэслэл хэсэгт ...энэхүү гэрээг нэг талаас *** группийн оролцоотой *** ХХК /гүйцэтгэгч тал/, О.*** /захиалагч тал/ нарын хооронд ...байгуулав гэсэн байх ба гэрээний талууд, үүрэг гүйцэтгэгч нь *** ХХК, О.*** нар болох нь гэрээ, нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагч *** ХХК-ийн тайлбар баримтуудаар тогтоогдож байна. Мөн шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн 144 961 300 төгрөгийг 100 хувь хариуцагч *** ХХК-аас шаардана гэсэн тайлбар зэргийг үндэслэн *** ХХК болон нэхэмжлэгч нарын хооронд гэрээний үүргийн харилцаа үүсээгүй тул хариуцагч *** ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

22. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 882 756 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагч *** ХХК-аас 871 756 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтоов.

 

23. 2023 оны 06 сарын 09-ны өдрийн нэхэмжлэгчээс О.***, М.*** нарт олгосон итгэмжлэлээр, 2023 оны 10 сарын 09-ны өдрийн №148 хариуцагч *** ХХК-аас О.***т олгосон итгэмжлэлээр, 2023 оны 10 сарын 24-ны өдрийн №10-24-1 тоот хариуцагч *** ХХК-аас Т.***т олгосон итгэмжлэлээр тус тус Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх үүрэг олгогдсон байна. /хэргийн 35-36, 57, 68 дугаар тал/

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

 1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч *** ХХК-аас нийт 142 761 300 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.***д олгож нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2200 000 төгрөгт холдогдох хэсэг, хариуцагч *** ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 882 756 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагч *** ХХК-аас 871 756 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ш.ОЮУНТУУЛ