Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2026 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 2026/ШЦТ/62

 

 

 2026      01          27                                          2026/ШЦТ/62

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Э даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.П,    

улсын яллагч Э.Г,

шүүгдэгч Б.О нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар;

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн шүүгдэгч Б.О-д холбогдох эрүүгийн 2525000000791 дугаартай хэргийг 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн, 1987 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Хэнтий аймагт төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Орхон аймаг Баян-Өндөр сум ******** баг ** тоотод оршин суух, урьд;

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 198 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ялаар,

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 76 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан,

З овогт Б-ийн О,

Шүүгдэгч Б.О нь;

2025 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 4-16 дугаар байрны орцонд хохирогч Ш.О-ийн гээгдүүлсэн “Samsung A-6” /Самсунг А-6/ загварын гар утсыг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт;

шүүгдэгч Б.О“...мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэх зүйлгүй.гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулсан;

хохирогч Ш.О-ийн “...2025 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 16.00 цагийн орчим гэртээ ороод халаасаа үзсэн чинь миний утас байхгүй байсан, нөхрөөрөө залгуултал холбогдохгүй болсон байсан. Тэр дор нь буцаж гараад хайгаад олоогүй. ...камер шүүхэд гартаа барьсан байсан, орцны хаалга татахдаа халаасандаа хийсэн, цахилгаан шатанд суугаад 4 давхарт гарсан, цахилгаан шатанд хоёр эмэгтэй хамт суусан юм. ...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, би гар  утсаа авлаа.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 9, 11 дэх тал/,

Б.О-ийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...энэ утсыг 2025 оны 8 дугаар сарын сүүлээр сургууль орохоос өмнө Хүрэнбулаг багийн 4-16 дугаар байрны 2 дугаар орцны гадна талын сандал дээр байхад нь олсон. …кодгүй байсан, тэгэхээр хоёр симээ хийгээд барьж эхэлсэн, дотор нь байсан зургийг устгасан, …прокурорын тогтоолтой танилцлаа, хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 32, 34 дэх тал/,

хохирогч Ш.О ийн Орхон аймгийн Цагдаагийн газарт бичгээр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл /хавтаст хэргийн 6 дахь тал/,

          “Онцгой үнэлгээ” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний шинжээчийн 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн ТХҮ-25/11/14 дугаартай; “…“Samsung A-6” загварын гар утсыг 350.000 төгрөгөөр үнэлсэн.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 15-17 дахь тал/,

          хохирогч Ш.О-т гар утсыг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 29 дэх тал/,

шүүгдэгч Б.О-ийн;

иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 39 дэх тал/,

эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 41 дэх тал/,

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 198 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 44-46/,

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 76 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 47-51 дэх тал/ зэрэг болно. 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох;

шүүгдэгч Б.О дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хэргийн үйл баримтын талаарх;

хохирогч Ш.О-ийн “...2025 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 16.00 цагийн орчим гэртээ ороод халаасаа үзсэн чинь миний утас байхгүй байсан.” гэх,

Б.О-ийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...энэ утсыг 2025 оны 8 дугаар сарын сүүлээр сургууль орохоос өмнө Хүрэнбулаг багийн 4-16 дугаар байрны 2 дугаар орцны гадна талын сандал дээр байхад нь олсон.” гэх мэдүүлгүүд,

хохирогч Ш.О-ийн Орхон аймгийн Цагдаагийн газарт бичгээр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, “Онцгой үнэлгээ” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний шинжээчийн 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн ТХҮ-25/11/14 дугаартай дүгнэлт, хохирогч Ш.О-т гар утсыг хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэрэг хэрэгт цуглуулсан баримтуудыг шүүх хуралдааны үед шинжлэн судалсан бөгөөд нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрөөгүйгээс гадна шүүгдэгч Б.О гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй.

Хэргийн нөхцөл байдлаас дүгнэхэд,

хохирогч Ш.О нь 2025 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 4-16 дугаар байрны орцонд “Samsung A-6” загварын гар утсаа гээгдүүлсэн, харин шүүгдэгч Б.О нь тухайн цаг хугацаанд хохирогч Ш.О-ийн гээгдүүлсэн гар утсыг олж авсан үйл баримт  хэрэгт цуглуулсан баримтуудаар тогтоогдож байна.

Монгол хэлний толь бичигт “завших” гэдгийг бусдын юмыг өөрийн болгох, хувьдаа ашиглах ... гэж тайлбарлажээ.

Гээгдэл эд хөрөнгө” гэж аливаа этгээдийн санамсар болгоомжгүй үйлдлийн улмаас мартаж орхисон, хаягдаж, гээгдсэн тухайн үед эд хөрөнгийн эзэн нь хэн болох нь мэдэгдэхгүй байгаа эд зүйлийг,

харин “бага хэмжээний хохирол” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т зааснаар гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг тус тус ойлгоно.

“Гээгдэл хөрөнгө завших” гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш буюу 300.000 төгрөгөөс дээш хэмжээний хохирол учруулж, эд хөрөнгийг нь хувьдаа авч захиран зарцуулах боломж бүрдүүлсэн, захиран зарцуулсан, мөн бусад хэлбэрээр ашигласнаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг гэж бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байдаг. 

Шүүгдэгч Б.О-ийн гээгдэл эд хөрөнгө завшсан идэвхтэй үйлдлийн улмаас хохирогчид бага хэмжээнээс дээш хэмжээний буюу 350.000 төгрөгийн хохирол учирсныг “Онцгой үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний шинжээч 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн ТХҮ-25/11/14 дугаартай дүгнэлтээрээ тогтоосон,

шүүгдэгчийн завшсан үйлдэл, хохирогчид учирсан хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой тул гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсан этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгасан,

хэрэгт цуглуулсан нотлох баримтуудыг бүх талаас нь харьцуулан шалгаж, дүгнэлт хийхэд шүүгдэгчийн гэм буруугийн талаар эргэлзэх нөхцөл байдал тогтоогдоогүй,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын шүүгдэгч Б.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн хэргийн хуулийн зүйл, хэсэг тохирсон тул шүүх шүүгдэгчийг “гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан.” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, шүүх хуралдаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно.” гэсэн хүсэлтийг гаргасан тул шүүх шүүгдэгчийг “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхээр нь хангасан болно.

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх;

шүүх шүүгдэгч Б.О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Б.О-ийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй, энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдааны үед;

улсын яллагч “...шүүгдэгч Б.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 260 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах.” гэсэн санал гаргав.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь дан ганц гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх бус, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хохирогчийн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог бөгөөд шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд ял оногдуулах нийтлэг зарчмыг баримтлан шүүгдэгчид оногдуулах ялын биелэгдэх нөхцөл боломжийг харгалзсан болно.  

          Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ,

          гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, хохирол төлбөрийг төлснийг болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  45 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрийн оршин суух газраас явахыг хориглох буюу Орхон аймаг Баян-Өндөр сумаас явахыг хориглож,

зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж,

шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй. 

Шүүгдэгч Б.О-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг төлсөн.”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно. 

Бусад асуудал;

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хуулиар олгогдсон эрхтэй.

Хохирогч Ш.О-т “Samsung A-6” загварын гар утсыг 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр буцаан хүлээлгэн өгсөн мөрдөгчийн тэмдэглэлийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдаж,

шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа” гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

          Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1.Шүүгдэгч З овогт Б-ийн О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2.Шүүгдэгч Б.О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 45 /дөчин тав/ хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О дээрх хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Орхон аймаг Баян-Өндөр сумаас явахыг хориглож,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол түүний зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

          4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдсугай.

          7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.Э