Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 0225

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

            Нарийн бичгийн дарга Б.Алтанзул

            Улсын яллагч Б.Жавхлантуяа

            Хохирогч А.Отгондэлгэр

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Жамсран

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд

            Шүүгдэгч Д.Баттулга нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бөхчүүд овгийн Дамдинрагчаагийн Баттулгад холбогдох 1725000130025 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

1.Шүүгдэгчийн биеийн байцаалт.

           

Бөхчүүд овгийн Дамдинрагчаагийн Баттулга, Монгол Улсын иргэн, 1988 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Орхон аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант багийн 3-19 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх. РД: ФБ88032279

            .

2.Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Д.Баттулга нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй атлаа 2017 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Уртын гол багийн нутаг дэвсгэрт 83-13 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7а “ Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”-ыг хориглоно. Мөн дүрмийн 9.2 “жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчин зам тээврийн осол гарган явган зорчигч А.Отгондэлгэрийн бие махбодид хүндэвтэр  хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1.Насанд хүрээгүй хохирогч А.Отгондэлгэрийн  “Орой 19 цаг өнгөрч байсан байх Би 6 дугаар микрийн 1 дүгээр байрны урд талаас гэр хорооллын Шанд руу явдаг автобусанд суугаад явсан. Тэгээд Баясгалант нэртэй дэлгүүрийн урд автобуснаас буусан. Надтай хамт нэг танихгүй эгч цуг буусан. Тэр эгч бид хоёр автобуснаас буугаад хойд талаар нь тойрох үед бид хоёрын дундуур нэг том машин гараад явсан. Тэр машиныг өнгөрөөд явсан чинь нөгөө эгч хоёр тийшээ хараад явах уу гэсэн. Тэгээд би тэр эгчтэй зэрэгцээд зам хөндлөн гарах гээд явж байсан чинь баруун талаас нэг юм мөргөх шиг болоод би унасан. Би унаад босоод ирсэн чинь замын хажуу талын шороон дээр хэвтэж байсан. Нөгөө эгч зам дээр унасан байсан. Нөгөө эгч бид хоёроос зайтай нэг машин замын шороон дээр зогсож байсан. Тэр машины жолооч бууж ирээд намайг өргөж машинд оруулсан. Дараа нь нөгөө эгчийг машинд оруулсан. Тэр машинд жолоочоос гадна 2 хүн байсан. Тэгээд эгч бид хоёрыг эмнэлэгт хүргэж өгсөн” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 29-30-р хуудас/

2. Гэрч Б.Пүрэвжаргал ... “Баясгалант” нэртэй дэлгүүрийн урд талын буудал дээр буугаад автобусны араар тойроод зам хөндлөн гарах гээд явсан. Миний зүүн гар талд танихгүй 10 гаран насны эмэгтэй хүүхэд зэрэгцээд явж байсан. Бид хоёрыг замын тал дундаас цаашаа буюу эсрэг урсгалын гол дунд хэсэгт явж байхад баруун гар талаас буюу гэр хорооллын чиглэлээс гэнэт машин ирээд намайг мөргөх шиг болсон Ухаан орсон чинь эмнэлэг дээр ирсэн байсан. Зэрэгцээд явж байсан эмэгтэй хүүхдийн хамт эмнэлэг дээр ирчихсэн эмнэлэгийн тусламж авч байсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 31-32-р хуудас/

3. Гэрч Б.Энхжаргалын ... “Орой 19-20 цагийн хооронд бид нар Урантогоогийн гэрээс гараад Баттулга өөрийн эзэмшлийн 83-13 ОРХ улсын дугаартай Тоёото Королло маркийн машинаа жолоодоод гэр хорооллын эцсийн буудал руу явж байгаад Уртын гол багт байдаг.”Баясгалант” дэлгүүрийн урд талын зам дээр хоёр явган зорчигчийг мөргөөд зогссон. Машинаас буусан чинь 10 орчин насны хүүхэд замын шороон хөвөөн дээр нөгөө нэг эмэгтэй нь зам дээр хэвтэж байсан. Тэгэхээр нь бид нар машиндаа өргөж суулгаад эмнэлэг дээр хүргэж өгсөн” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 32-33-р хуудас/

4. Гэрч И.Буянхүүгийн  ... “Баттулга бид хоёроос гадна Энхээ гэж залуу мөн сууж яваад Уртын гол багт байдаг. “Баясгалант” дэлгүүрийн урд зам дээр зам хөндлөн гарч явсан хоёр хүүхдийг Баттулга машинаараа мөргөсөн юм” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 35-р хуудас/ 

5. Шүүх шинжилгээний албаны 2017 оны 06 сарын 29-ний өдрийн 596 дугаартай дүгнэлтийн “А.Отгондэлгэрийн биед тархи доргилт, 2 өвдөг, зүүн тахим, шагайн үенд зулгаралт зүүн тавхайд зөөлөн эдэд цус хуралт, зүүн тавхайн 5-р хурууны шивнүүр ясны далд сэтэрсэн хугарал зэрэг гэмтэл үүсчээ. Уг гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна. Гэмтлийн зэргийн зааврын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана” гэсэн дүгнэлт.  /хх-ийн 35-37-р хуудас/

6. Шүүх шинжилгээний албаны 2017 оны 06 сарын 28-ны өдрийн 589 дугаартай дүгнэлтийн “Б.Пүрэвжаргалын биед тархи доргилт, баруун тохой, баруун гуя, зүүн даланд зулгаралт зэрэг гэмтэл үүсчээ. Уг гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана, гоо сайхан хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт.  /хх-ийн 41-42-р хуудас/

7. Шүүх шинжилгээний албаны 2017 оны 06 сарын 27-ны өдрийн 164 дугаартай дүгнэлтийн “Д.Баттулгын цусанд этилийн спирт 2.4 хувь промиль процент илэрсэн бөгөөд энэ нь согтолтын дунд зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт.  /хх-ийн 49-р хуудас/

8. Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл болон фото зураг /хх-ийн 13-р хуудас/ болон шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Баттулга мэдүүлэхдээ “Гэм буруугаа ойлгож гэмшиж байна. Хохирол төлбөрийг төлж барагдуулсэн” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд мэтгэлцэхдээ “Шүүгдэгчийн гэм буруугийн талаар мэтгэлцэхгүй. Түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдлыг харгалзан хөнгөн ял шийтгэл оногдуулах үндэслэл байгааг шүүх анхаарах нь зүйтэй” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Жамсран мэдүүлэхдээ “Баттулга хүүхдийн маань эрүүл мэндэд анхаарч, эмчилгээ сувилгааг хийлгэсэн. Одоо хүүхдийн маань бие гайгүй байгаа учир гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэв.

            Шүүх нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүгдэгч Д.Баттулга нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ 2017 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Уртын гол багийн нутаг дэвсгэрт 83-13 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчиж А.Отгондэлгэрийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь Д.Батттулгын согтуурлын зэргийг шалгасан баримт, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлтүүдээр нотлогдож байна гэж үзлээ. Орхон аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон, шүүгдэгчид ял шийтгэл оногдуулах үндэстэй байна.

            Шүүгдэгч Д.Баттулгад ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.9, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Бөхчүүд овгийн Дамдинрагчаагийн Баттулгыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч Д.Баттулгыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жилийнн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Д.Баттулгад оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т зааснаар шүүгдэгч Д.Баттулгад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах болон 1 жилийн хугацаагаар хорих ялаас тус тус чөлөөлсүгэй  

 

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Баттулгад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

7.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч тэдний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Ц.АЛТАНГАДАС