| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Энхтунгалаг |
| Хэргийн индекс | 312/2025/0532/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/06 |
| Огноо | 2025-12-22 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Н.Д |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 12 сарын 22 өдөр
Дугаар 2026/ШЦТ/06
2025 12 22 2026/ШЦТ/06
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Э даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.П,
улсын яллагч Н.Д,
хохирогч Б.М, түүний өмгөөлөгч Д.О,
шүүгдэгч Б.П нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар;
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн шүүгдэгч Б.П-д холбогдох эрүүгийн 2525004380584 дугаартай хэргийг 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт;
Монгол Улсын иргэн, 1984 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Булган аймаг Орхон суманд төрсөн, 41 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, нөхөр, хүүхдүүдийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сум ************ баг **-*** тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,
Б овогт Б-ийн П,
Шүүгдэгч Б.П нь;
хохирогч Б.М-г хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 2024 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 11.000.000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 1.000.000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 2.000.000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 5.000.000 төгрөг, нийт 19.000.000 төгрөгийг өөрийн Хаан банкны дансаар шилжүүлэн авсан, залилах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт;
шүүгдэгч Б.П “...Б.М эгчээс зээл авсан, 2024 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 10.000.000 төгрөгийг хоёр сарын хугацаатай 10%-ийн хүүтэй зээлж аваад, мөнгө зээлсэн талаар бичиж өгсөн.” гэв.
хохирогч Б.М “...2024 оны зун Б.П-г бараа зарж явахад нь анх танилцсан, намар нь “боодолтой өвс авч явна” гээд манайд очсон. Манайх том тэрэг авах гээд 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр зээл авсан, мөнгөтэй байсан юм. Б.П 2024 оны 12 дугаар сарын 07-ны өдөр “...ОХУ-с том машинаар бараа авч ирнэ.” гэж хэлээд 10.000.000 төгрөг авсан, 4.000.000 төгрөгийг нь “...дүүдээ өгнө” гээд нийт 14.000.000 төгрөг дансаараа авсан,
дараа нь 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хамт Орос явж байх замдаа “...манай найз зээл хаана, 2.000.000 төгрөг хэрэгтэй байна гэнэ, би 1.000.000 төгрөгийг нь өгчихье, 1.000.000 төгрөг зээлээч.” гэж хэлээд 1.000.000 төгрөг авсан,
2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр “...найз маань зээл хаах гэнэ, мөнгө зээлээч.” гээд дахин 2.000.000 төгрөг авсан,
2024 оны 12 дугаар сарын 15-ны өдөр өөрийгөө “...би мөнгө хүүлдэг, мөнгө хүүлэх гээд байна, ашиг өгнө.” гэж хэлээд 5.000.000 төгрөг авсан. Миний гэнэн итгэмтгий занг ашиглаж, мөнгө авсан байна, фэйсбүүк-т Б.П-гийн зураг тавигдсан байхаар нь “энэ хүнд мөнгөө өгөөд алдсан юм байна” гэж ойлгосон. Анх авсан 14.000.000 төгрөгөөс “дүүдээ 4.000.000 төгрөгийг нь өгнө” гээд авсан боловч дүүдээ 3.000.000 төгрөг өгч, 1.000.000 төгрөгийг нь өөрөө авсан байсан, дүү нь авсан 3.000.000 төгрөгөө буцааж өгсөн тооцоо байхгүй, харин П авсан 19.000.000 төгрөгөөс 5.000.000 төгрөг төлсөн, одоо үлдэх 14.000.000 төгрөгөө нэхэмжилж байна. Маш их гомдолтой байна.” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны үед эрүүгийн 2425004380584 дугаартай хэрэгт цуглуулсан;
хохирогч Б.М-гийн “...П-д итгэж 21.000.000 төгрөг зээлсэн, түүнээс маш олон удаа нэхэж, гуйж байгаад 8.400.000 төгрөг эргүүлэн авсан, одоо 12.600.000 төгрөг авах дутуу байна. ...Пгийн дүү Пүрэвхишигт 4.000.000 төгрөг Пгээр дамжуулан 2024 оны 12 дугаар сарын 07-ны өдөр зээлүүлсэн боловч П нь 1.000.000 төгрөгийг өөртөө ашигласан гэдгийг сүүлд мэдсэн, үүний дараа буюу 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн үүрээр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд байхад П нь “найз маань надаас 2.000.000 төгрөг зээлээч гэж байна, би 1.000.000 төгрөг өөрөөсөө өгнө, та 1.000.000 төгрөг зээлээч” гэж гуйгаад байхаар нь Пгийн данс руу 1.000.000 төгрөг шилжүүлсэн, үүний дараа 2.000.000 төгрөгөөр нэг удаа, 5.000.000 төгрөгөөр нэг удаа, нийт 22.000.000 төгрөг шилжүүлснээс эргүүлэн 8.400.000 төгрөг авсан, одоо 13.600.000 төгрөг авах ёстой.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 13-14, 16 дахь тал/,
гэрч А.Б-ийн “…Б.П манай талын хамаатны бэр байгаа юм, манай эхнэр М нь Б.П-тэй 2024 оны намар анх уулзсан. ...2024 оны 7 дугаар сард Булган аймаг Сэлэнгэ сум 4 дүгээр багт байх хөдөө гэртээ эхнэр М, хүүхдүүдийнхээ хамт байж байхад Б.П нь нөхөр Эрдэнэбатын хамт очоод бэлэн хувцас зарсан, үүнээс хойш манай эхнэр М-тай холбогдож, уулзаж, утсаар ярьдаг болсон. Эхнэр бид хоёр 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Булган аймаг Хангал сум Хялганат тосгонд байх Төрийн банкнаас хоршооны гишүүн малчны 50.000.000 төгрөгийн зээл аваад өр төлж, 30.000.000 төгрөг үлдсэн, ...үүнээс хойш П нь эхнэр М-гаас салахгүй, ...“мөнгө зээлээч” гэж хэлээд, эхнэрээс мөнгө авсан. ...эхнэр Мгаас Пд нийт 21.000.000 төгрөг өгснөөс 8.400.000 төгрөг эргүүлж авсан гэдгийг мэдсэн.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 25 дахь тал/,
гэрч Б.П-ийн “...2024 оны 12 дугаар сарын 07-ны өдөр П эгчийн дансаар дамжуулж 3.000.000 төгрөг зээлж авсан, гэхдээ Мгаас “...4.000.000 төгрөг зээлж авна” гэж аваад уг мөнгөнөөс эгч П нь 1.000.000 төгрөгийг ашигласан юм. Би М-гаас авсан 3.000.000 төгрөгийг хүүгийн хамт эргүүлэн өгсөн, хүү тооцохдоо 4.000.000 төгрөгөөс тооцож, хоёр сарын хугацаанд 800.000 төгрөг нэмж өгсөн, одоо надад М гэх эмэгтэйд өгөх өр төлбөр байхгүй.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 27 дахь тал/,
гэрч Л.Э-ын “...2024 оны 12 дугаар сарын 07-ны өдөр эхнэр Б.П нь М-гаас 10.000.000 төгрөг зээлсэн. ...ямар ч байсан зээлсэн 10.000.000 төгрөгөөс...хүмүүсийн өрийг өгсөн, ...лангуундаа бараа авсан. Үүний дараа 3.000.000 – 4.000.000 төгрөг Мгаас зээлж авсан гэж хэлж байсан.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 29 дэх тал/,
Б.П-гийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...19.000.000 төгрөг авсан, 3.000.000 төгрөгийг төрсөн дүү П М-гаас миний дансаар дамжуулан зээлж аваад хүүтэй нь эргүүлэн өгсөн, ...одоо Мд 13.600.000 төгрөг өгөх ёстой. ... зээлж авсан мөнгөнөөс өөрийнхөө өр, зээлийг төлж байсан.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 39-40, 49-50 дахь тал/,
хохирогч Б.М-гийн “...2024 оны 12 дугаар сард Б.П-д 12.600.000 төгрөг дансаар өгч залилуулсан.” гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг Орхон аймгийн Цагдаагийн газар 2025 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 14.30 цагт хүлээн авсан тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 7 дахь тал/,
хохирогч Б.М-гийн бичгээр гаргасан гомдол, мэдээлэл /1 дэх хавтаст хэргийн 9-10 дахь тал/,
шүүгдэгч Б.П-гийн Хаан банкны дансны хуулга /1 дэх хавтаст хэргийн 80-86 дахь тал/,
түүний Хаан банкны дансны хуулгад үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 87-88 дахь тал/,
шүүгдэгч Б.П-гийн “...Б овогтой П миний бие нь Б.М-гаас 10%-ийн хүүтэй 10 сая төгрөгийг 5394129053 дансаар шилжүүлж авсан нь үнэн. Энэ мөнгийг 2 сарын хугацаатай зээлж байна.” гэсэн гар бичвэр /1 дэх хавтаст хэргийн 243 дахь тал/,
хохирогч Б.М-гаас гаргаж хэрэгт хавсаргуулсан;
түүний Хаан банкны дансны хуулга /2 дахь хавтаст хэргийн 6-16 дахь тал/,
2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Хоршооны гишүүн малчны зээлийн гэрээ” /2 дахь хавтаст хэргийн 19-22 дахь тал/,
шүүгдэгч Б.П-гийн;
эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дэх хавтаст хэргийн 52 дахь тал/,
иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дэх хавтаст хэргийн 54 дэх тал/ зэрэг баримтуудыг шүүх хуралдааны үед шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, гэрч, хохирогч нараас, мөн Б.П-гээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,
мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох;
шүүгдэгч Б.П нь хохирогч Б.М-г хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2024 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 11.000.000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 1.000.000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 2.000.000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 5.000.000 төгрөг, нийт 19.000.000 төгрөг өөрийн Хаан банкны дансаар шилжүүлэн авсан, залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэргийн үйл баримтын талаарх шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээс гадна, мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулсан,
хохирогч Б.М-гийн “...П-гийн дүү П-т 4.000.000 төгрөг Пгээр дамжуулан 2024 оны 12 дугаар сарын 07-ны өдөр зээлүүлсэн боловч П нь 1.000.000 төгрөгийг өөртөө ашигласан гэдгийг сүүлд мэдсэн, ...нийт 22.000.000 төгрөг шилжүүлсэн.” гэх,
гэрч А.Батнасангийн “…Б.П манай талын хамаатны бэр байгаа юм, манай эхнэр М нь Б.П-тэй 2024 оны намар анх уулзсан. ...2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Булган аймаг Хангал сум Хялганат тосгонд байх Төрийн банкнаас хоршооны гишүүн малчны 50.000.000 төгрөгийн зээл аваад өр төлж, 30.000.000 төгрөг үлдсэн, ...үүнээс хойш П нь эхнэр Мгаас салахгүй, ...“мөнгө зээлээч” гэж хэлээд, эхнэрээс мөнгө авсан.” гэх,
гэрч Л.Э-ын “...2024 оны 12 дугаар сарын 07-ны өдөр эхнэр Б.П нь М-гаас 10.000.000 төгрөг зээлсэн. ...ямар ч байсан зээлсэн 10.000.000 төгрөгөөс...хүмүүсийн өрийг өгсөн.” гэх,
Б.П-гийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...зээлж авсан мөнгөнөөс өөрийнхөө өр, зээлийг төлж байсан.” гэх мэдүүлгүүдээр,
хохирогч Б.М-гийн Орхон аймгийн Цагдаагийн газар бичгээр гаргасан гомдол, мэдээлэл, шүүгдэгч, хохирогч нарын Хаан банкны дансны хуулга, шүүгдэгчийн Хаан банкны дансны хуулгад үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, шүүгдэгч Б.Пгийн “...Б овогтой П миний бие нь Б.М-гаас 10%-ийн хүүтэй 10 сая төгрөгийг 5394129053 дансаар шилжүүлж авсан нь үнэн. Энэ мөнгийг 2 сарын хугацаатай зээлж байна.” гэсэн гар бичвэр, 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Хоршооны гишүүн малчны зээлийн гэрээ” зэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдох бөгөөд нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрөөгүйгээс гадна шүүгдэгч Б.П гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй.
“Залилах” гэдгийг залилагч этгээд нь эд хөрөнгийн эзэмшигч, өмчлөгчөөс тодорхой эд хөрөнгийг шилжүүлэн авах зорилгоор идэвхтэй үйлдэл хийж өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдлийг төрүүлж, улмаар тэдгээр үйлдлийн үр дүнд эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх, мөнгө зэргийг нь шилжүүлэн авсныг ойлгох бөгөөд энэ гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг итгэл төрүүлэх, хуурч мэхлэх аргаар, шунахай сэдэлтээр авч өөрийн болгохдоо эд хөрөнгийг нь буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, эсхүл хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго, сэдэлтээр хохирогчийн эд хөрөнгийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаар хангагдана.
Хэргийн нөхцөл байдлыг дүгнэвэл;
Хохирогч Б.М нь 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 50.000.000. төгрөгийн хоршооны гишүүн малчны зээл авсан байна.
Шүүгдэгч Б.П нь хохирогч Б.М-г “зээл авсан, мөнгөтэй байгаа” гэдгийг мэдэж байсан бөгөөд түүнд өөрийгөө “...ОХУ-аас бараа оруулж ирж зардаг, том машинаар бараа авч ирнэ.” гэж хэлж хуурч, 2024 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 10.000.000 төгрөг зээлж аваад, “...Бямбасүрэн овогтой П миний бие нь Б.Мгаас 10%-ийн хүүтэй 10 сая төгрөгийг 5394129053 дансаар шилжүүлж авсан нь үнэн. Энэ мөнгийг 2 сарын хугацаатай зээлж байна.” гэсэн бичиг бичиж өгч байжээ.
Тухайн өдөр хохирогч Б.М нь 10.000.000 төгрөгийг шүүгдэгчийн Хаан банкны дансанд шилжүүлэхдээ Б.П-гийн дүү Б.Пүрэвхишигт зээлдүүлж байгаа 4.000.000 төгрөгийн хамт нийт 14.000.000 төгрөгийг шилжүүлсэн байхад шүүгдэгч нь дүү Б.П-ээ 4.000.000 төгрөг биш 3.000.000 төгрөг шилжүүлж, 1.000.000 төгрөгийг өөртөө авч үлдсэн болох нь шүүгдэгч Б.П-гийн Хаан банкны дансны хуулга, түүний банкны дансны хуулгад үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, шүүгдэгч, хохирогч нарын болон 1 дэх хавтаст хэргийн 27 дахь талд авагдсан гэрч Б.П-ийн “...2024 оны 12 дугаар сарын 07-ны өдөр П эгчийн дансаар дамжуулж 3.000.000 төгрөг зээлж авсан, гэхдээ М-гаас “...4.000.000 төгрөг зээлж авна” гэж аваад уг мөнгөнөөс эгч П нь 1.000.000 төгрөгийг ашигласан юм.” гэсэн мэдүүлгээр тус тус тогтоогдсон бөгөөд шүүгдэгч Б.П нь 2024 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 11.000.000 төгрөгийг хохирогчоос авсан боловч ОХУ-с хүнсний бараа оруулж ирээгүй,
үүний дараа шүүгдэгч нь хохирогчтой хамт ОХУ-ын Улаан-Үд явж байхдаа “...манай найз зээлээ хаана, 2.000.000 төгрөг хэрэгтэй байна гэнэ, би 1.000.000 төгрөг өгчихье, та 1.000.000 төгрөг зээлээч.” гэж хэлж 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 1.000.000 төгрөг авсан боловч өөртөө рубль авсан,
2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр “...найз маань зээл хаах гэнэ, мөнгө зээлээч.” гэж хэлж 2.000.000 төгрөг авсан боловч бусдад шилжүүлээгүй,
2024 оны 12 дугаар сарын 15-ны өдөр “...би мөнгө хүүлдэг, мөнгө хүүлэх гээд байна, ашиг өгнө.” гэж хэлж 5.000.000 төгрөг авсан боловч бусдад шилжүүлээгүй болох нь түүний банкны дансны хуулгаар тогтоогдсон бөгөөд хохирогчоос цувуулж авсан 9.000.000 төгрөгт ямар нэгэн гэрээ, хэлцэл, баталгаа хийгээгүй, харин ч хохирогчийг хуурсан идэвхтэй үйлдэл хийж өөрийн үйлдлээ хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдэл төрүүлэн худал хэлж, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2024 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хооронд хохирогчоос нийт 19.000.000 төгрөгийг нь шилжүүлэн аваад бусдад төлөх өр төлбөрөө төлсөн, өөртөө буюу хувьдаа зарцуулсан байна.
Шүүгдэгч Б.П-гийн “...Б овогтой П миний бие нь Б.М-гаас 10%-ийн хүүтэй 10 сая төгрөгийг 5394129053 дансаар шилжүүлж авсан нь үнэн. Энэ мөнгийг 2 сарын хугацаатай зээлж байна.” гэсэн гар бичвэр 1 дэх хавтаст хэргийн 243 дахь талд авагдсан байх бөгөөд шүүгдэгч нь хохирогчид худал хэлж хуурах, “мөнгө зээлж авсан” гэх агуулга бүхий гар бичвэрийг ашиглаж түүнээс мөнгө авсан үйлдэл нь залилах гэмт хэргийн үндсэн аргуудын нэг юм.
Дээрх үйлдэл нэг талаас хохирогч Б.М-гийн мөнгө зээлүүлж, хүү, ашиг авах гэсэн хүсэл, санаа зорилго нь түүнийг бусдын арга заль мэхэнд автаж мөнгөө өгөхөд хүргэсэн буюу тухайн гэмт хэргийн хохирогч болгоход хүргэсэн,
нөгөө талаас шүүгдэгч нь эхлээд 10.000.000 төгрөгийг “хугацаатай, хүүтэй, зээл” гэх нэрийн дор залилж авсны дараа “найздаа зээлүүлнэ”, “мөнгө хүүлнэ” гэх зэргээр удаа дараа хуурч, залилж авсан нийт 19.000.000 төгрөгөөс заримыг нь буюу 5.000.000 төгрөгийг буцаан өгсөн, үлдэх 14.000.000 төгрөгийг буцаан өгөх санаа зорилгогүй байгаа нь түүний шүүх хуралдааны үед өгсөн “...би ажил хийж авсан мөнгөө төлнө, надаас өөр энэ мөнгийг төлөх хүн байхгүй.” гэсэн мэдүүлгээс нь дүгнэхэд шүүгдэгчийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн шинжийг агуулсан гэж үзнэ.
Хохирогч Б.М-г залилсан шүүгдэгчийн үйлдэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэй бөгөөд уг гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Шүүхээс өмнөх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгасан,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон,
шүүх хэргийн үйл баримтын талаарх шүүгдэгч, хохирогч нарын болон гэрч нарын мэдүүлгүүд бусад нотлох баримтуудыг бүх талаас нь харьцуулан шалгаж, дүгнэлт хийхэд шүүгдэгчийн гэм буруугийн талаар эргэлзэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгчийн үйлдэл шунахайн сэдэлтэй, шууд санаатай үйлдэл бөгөөд бусдад зориуд хор уршиг учруулсныг залилах гэмт хэргийг санаатай үйлдсэн гэж үзэх үндэслэл болох тул шүүгдэгч Б.П-г “хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан, залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүх шүүгдэгчийг “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхээр нь хангасан болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх;
шүүх шүүгдэгч Б.П-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,
мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй, энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүх хуралдааны үед улсын яллагч “...шүүгдэгч Б.П-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах.” гэсэн,
хохирогч Б.М, түүний өмгөөлөгч Д.Оюун-Эрдэнэ нар “...цагдаад өргөдөл өгснөөс хойш нэг ч төгрөг төлөөгүйг шүүх анхаарч үзээд хорих ял оногдуулна уу.” гэсэн,
шүүгдэгч Б.П “...надаас өөр хохирол, төлбөр төлөх хүн байхгүй.” гэсэн санал, тайлбаруудыг гаргав.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд оногдуулах ял нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэсэн Эрүүгийн хариуцлагын зорилгыг хангах ёстой.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд,
гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хохирол, төлбөр төлөх санал, санаачилга гаргадаггүй хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг,
мөн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаарх улсын яллагч, хохирогч, түүний өмгөөлөгч нарын саналыг тус тус харгалзан,
“эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, ...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 /ес/ сар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.П-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.
Бусад асуудал;
Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хуулиар олгогдсон эрхтэй.
Гэмт хэргийн улмаас хохирогч Б.М-д 19.000.000 төгрөгийн хохирол учирсан, үүнээс шүүгдэгч нь 5.000.000 төгрөг буцаан төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар болон мөн шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгүүдээр тогтоогдсон,
шүүгдэгч Б.П нь хохирол, төлбөрөөс үлдэх 14.000.000 төгрөгийг хариуцан төлөх үүрэгтэй байна.
Хохирогчид учирсан хохирол, төлбөрийг төлүүлэх зорилгоор Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2025 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 4 дугаартай тогтоолоор шүүгдэгч Б.П-гийн эзэмшлийн Булган аймаг Сэлэнгэ сум 3 дугаар баг Сэлэнбүрэн зүүн дэнж 1 дүгээр гудамж 113 тоот гэр бүлийн хэрэгцээний хувийн сууц болон газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн боловч эдгээр нь 35.000.000 төгрөгийн зээлийн барьцаанд барьцаалагдсан байх тул битүүмжилсэн үл хөдлөх хөрөнгөөр хохирогч Б.М-гийн хохирлыг төлүүлэх боломжгүй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдаж,
шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан болно.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овогт Б-ийн П-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан, залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.П-г 9 /ес/ сар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.П-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.П-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.П-гээс 14.000.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Мд олгосугай.
6.Шүүгдэгч Б.П-гийн эзэмшлийн Булган аймаг Сэлэнгэ сум 3 дугаар баг *********** тоот гэр бүлийн хэрэгцээний хувийн сууц болон газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2025 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 4 дугаартай тогтоолыг хүчингүй болгосугай.
7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, шүүгдэгч Б.П цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдсугай.
8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.Э