Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 0237

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                             

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Нарийн бичгийн дарга Б.Алтанзул

Улсын яллагч Л.Оюунтуяа

Хохирогч Б.Гомбодоо

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Нарантуяа

Шүүгдэгч Д.Түмэн-Аюуш нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1.-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хотгойд овгийн Доржийн Түмэн-Аюушид холбогдох 201714000308 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

1.Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Хотгойд овгийн Доржийн Түмэн-Аюуш, Монгол Улсын иргэн, 1992 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Силкрөүд” түгээлтийн компанид ачигч ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн 4г-06 тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай гэх, урьд ял шийтгэлгүй. /РД: РЭ92090911/

 

2. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар

 

Шүүгдэгч Д.Түмэн-Аюуш нь 2017 оны 03 дугаар сарын 13-ны орой Орхон аймгийн Баян-Өндөр сум Эрдэнэ багийн 27-03 тоот хашаан дотор Б.Гомбодоотой маргалдан түүний нүүрэн тус газарт гараараа цохиж эрүүний ясыг хугалж хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч Б.Гомбодоогийн ... “2017 оны 03 сарын 13-ны өдөр Түмэн-Аюуш бид хоёр Мандаагийн гэрт очиж нэг шил архи уусан. Би архи ууж байгаад унтаад өгсөн. Босоод Батцэнгэл ахын гэрт ороход Аюуш тэнд сууж байсан. Аюуш бид хоёр үл ойлголцож маргалдсан юм шиг байна лээ. Маргааш өглөө нь босоход миний эрүү хөдөлж болохгүй байхаар нь арай гэж орноосоо босоод Батцэнгэл ахын гэрт ороод миний эрүүг хэн ийм болгочихвоо гэхэд эхэндээ мэдэхгүй гэж байснаа сүүлд нь Батчимэг эгч чиний эрүүг Аюуш хөлөөрөө өшиглөөд хугалсан гэж хэлсэн. Би Аюуш руу утасдаж чи ахынхаа эрүүг хугалсан байна гэхэд та өөрөө томроод байсан биз дээ, та хаана байна хоёулаа уулзая гэхээр нь уулзахад намайг уучлаарай гээд гуйгаад байхаар нь чи миний эрүүг янзлаад өгчих гэхэд за гээд бид хоёр тохиролцоод салсан. Аюуш надад 50 000 төгрөг өгөхөөр нь зургаа авахуулаад эмчид үзүүлэхэд хугарсан байна яаралтай хагалгаанд ор гэсэн. Би Аюушид цохиулж эрүүгээ хугалуулснаас хоёр сарын дараа эмнэлэгт үзүүлж 8 хоног хэвтээд эмнэлэгээс гараад шууд цагдаад хандсан. Би эрүүндээ хагалгаа хийлгэж хугарсан ясны үүрмэгийг түүлгэж, илүү гарсан ясыг хусуулж, нэг шүдээ авахуулсан одоо нэг шүд маань үрэвсээд унах гэж байна” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 14-16-р хуудас/

 

2. Гэрч Б.Батчимэгийн  “Энэ оны мартын дараагаар манай гэрт Гомбодоо, Түмэн-Аюуш нар ар араасаа согтуу орж ирсэн. Тэр хоёр манай гэрээс гараад манай хашаан дотор хоёулаа зодолдоод байсан. Би тухайн үед гэрийнхээ хаалгаар шагайж харсан. Тэгээд буцаж гэрт орж ирээд гараад явсан. Маргааш нь Гомбодоо манай нөхрөөс утсаар миний эрүү хөдөлж чадахгүй байна гэж хэлсэн манай нөхөр бол юу ч мэдээгүй. Гомбодоо манай гэрт ирсэн чинь эрүү нь хавдсан байдалтай эгчээ намайг хэн зодсон юм бэ гэхээр нь мэдэхгүй ээ чи өчигдөр манай хашаан дотор Аюуштай маргалдаад зодолдоод байсан гэхэд миний эрүү өвдөөд байна гэсэн. Тэгээд тэр өдрөөс хойш манайд сар гаруй болсон. Түмэн-Аюуш Гомбодоо хоёрыг зодолдсон гэдгээ санаж байгаа байх гэж бодсон чинь Гомбодоо нь юу ч санахгүй мэдэхгүй хүн шиг байсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 21-25-р хуудас/

 

3. Гэрч Д.Батцэнгэлийн ... “Гомбодоо, Түмэн-Аюуш бид гурав манай гэрт архи уугаад сууж байсан. Би архиндаа согтоод унасан байсан. Маргааш нь Гомбодоо миний гар утас руу залгаад миний эрүү болохоо байчихсан байна гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа манай гэрт ирсэн чиньэрүү нь аймар том хавдсан байсан. Гомбодоо тухайн үед эмнэлэгт үзүүлээгүй өөрөөр нь эдгээчих гээд байсан. Манайд архи ууж байхдаа зүгээр байсан маргааш нь орж ирэхэд эрүү нь хавдсан байсан. Манай эхнэр Батчимэг нэг сарын дараа Гомбодоод Түмэн-Аюуш чамайг цохисон гэж хэлсэн. Тэгээд Гомбодоо Түмэн-Аюуштай уулзсан. Түмэн-Аюуш нь Гомбодоог цохисноо санаж байгаа юм байна лээ” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 22-23-р хуудас/

 

4. Орхон аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 474 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Б.Гомбодоогийн биед доод эрүүний ясны шүд дайрсан зүүн хэсгийн хугарал, доод зүүн 6-р шүдний булгаралт үүсчээ. Хугарлыг эмчлүүлээгүй хугацаа алдсаны улмаас хугарлын хэсэгт ясны архаг үрэвсэл үүссэн байна. Дээрх гэмтлүүд одоогийн байдлаар хуучин гэмтлүүд ба тухайн үедээ хатуу зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой байна. Доод эрүүний ясны шүд дайрсан зүүн хэсгийн хугарал, доод зүүн 6-р шүдний булгаралт нь тухайн цаг үед үүссэн байхыг үгүйсгэхгүй. Доод эрүүний ясны шүд дайрсан зүүн хэсгийн хугарал нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэргийн зааврын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана. Доод зүүн 6-р шүдний булгаралт нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 5% нөлөөлөх тул гэмтлийн зэргийн зааврын 2.4.2-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана гэсэн дүгнэлт /хх-ийн 08-09-р хуудас/ болон шүүгдэгчийн мэдүүлэг, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үнэлэх боломжтой гэж үзэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Түмэн-Аюуш мэдүүлэхдээ “гэм буруугаа ойлгож байна. Хохиролд 525 000 төгрөг төлсөн” гэв. 

 

Хохирогч Б.Гомбодоо мэдүүлэхдээ “Миний шүдийг янзлаад өгвөл гомдол саналгүй” гэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Л.Оюунтуяа дүгнэлтдээ “шүүгдэгч Д.Түмэн-Аюуш нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлох баримтаар нотлогдож байгаа учир түүнд ял шийтгэл оногуулах нь зүйтэй” гэв.

 

Шүүх нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүгдэгч Д.Түмэн-Аюуш нь 2017 оны 03 дугаар сарын 13-ны орой Орхон аймгийн Баян-Өндөр сум Эрдэнэ багийн 27-03 тоот хашаан дотор Б.Гомбодоотой маргалдан цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогчийн мэдүүлэг, шүүх шинжилгээний дүгнэлт, гэрчүүдийн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр нотлогдож байна гэж үзлээ.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.

 

Хохирогч Б.Гомбодоо нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа шүүхэд ирүүлээгүй байх тул нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.9, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                        ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Хотгойд овгийн Доржийн Түмэн-Аюушийг бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Түмэн-Аюушийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Д.Түмэн-Аюушид оногдуулсан торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг биелүүлэхгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Б.Гомбодоо нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.

 

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Түмэн-Аюушид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч тэдний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн

 

Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Ц.АЛТАНГАДАС