| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ц.Алтангадас |
| Хэргийн индекс | 312/2026/0031/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/74 |
| Огноо | 2026-01-29 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2026 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 2026/ШЦТ/74
2026 01 29 2026/ШЦТ/74
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж
Нарийн бичгийн дарга Б.З
Улсын яллагч Э.Г
Хохирогч Б.Т
Хохирогчийн өмгөөлөгч Б.Б
Шүүгдэгч Д.Ц нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Ц-д холбогдох эрүүгийн 2525004140767 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт.
Б овгийн Д-гийн Ц
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Д.Ц нь 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Чандмань багийн нутаг дэвсгэрт 2012 онд Япон улсад үйлдвэрлэсэн 2024 онд Монгол улсад орж ирсэн ZVW413126509 арлын дугаартай хар өнгийн Тоёота приус-41 загварын тээврийн хэрэгслийг Б.Т д километрийн заалтыг 312,000 байсныг ухраалган 162,000 километрийн гүйлттэй болгосон гэдгийг мэдсээр байж түүнд хэлэлгүйгээр бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан хуурч 30 500 000 төгрөгөөр зарж борлуулан залилах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Ц-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж, бусдын эд хөрөнгийг авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Ц мэдүүлэхдээ “Машины километрийн заалтыг ухраасан байсныг би мэдээгүй. 27 500 000 төгрөгөөр худалдан авч 30 500 000 төгрөгөөр Т худалдсан. Мөрдөгч санаатайгаар намайг анх машин худалдаж авсан хүний мэдүүлгээр хэрэгтэн болгож байна” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч Б.Т мэдүүлэхдээ “Километрийн заалтыг ухраасан байсныг би мэдээгүй. Оношлогоонд ороод мэдсэн. Одоо уг машиныг хөдөлгөөнд оролцуулж болохгүй. Унаж ашиглах боломжгүй. Хохирлоо шийдвэрлүүлмээр байна” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Орхон аймгийн тойргийн нотариатч Б.А-н 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн бүртгэлийн 1546 дугаартай тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ. /хх-ийн 13-14-р тал/
2. Хохирогч Б.Т-н “Би 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр тээврийн хэрэгсэл худалдан авахаар Орхон аймаг Баян-Өндөр сумандаа машин зардаг газруудаар үзээд явж байтал Чандмань багийн нутаг дэвсгэрт замын хажууд машин зарж байгаа Д.Ц гэж хүнтэй очиж уулзаад 2012 онд Япон улсад үйлдвэрлэсэн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Монгол улсад орж ирсэн гаальтай хар өнгийн тоёота приус 41 загварын тээврийн хэрэгслийг 30,500,000 төгрөгөөр худалдан авахаар тохирч гэрээ хийж худалдан авсан. Ингээд бүтэн жилийн хугацаанд тухайн тээврийн хэрэгслийг унаж ашиглаж байгаад 2025 оны 04 дугаар сарын 05-ны өдөр тээврийн хэрэгслийн оношилгоонд оруултал машины гүйлт ухарсан байна. Анх Монголд орж ирэхдээ 300.000 дээш гүйлттэй байсан байна. Тэгээд би “Очир Ундраа” гэх банк бус санхүүгийн байгууллага дээр очоод уулзаад гүйлт нь ухраасан тээврийн хэрэгсэл авчихсан байна гэтэл тэр тээврийн хэрэгслийн гаалийн бичгийг банк бусаас надад гаргаж өгсөн. Ингээд би машин зарсан хүнтэй 2025 оны 04 дугаар сарын 25-ны өдөр 88224015 гэсэн дугаарын утсаар холбогдоод гүйлт ухарсан байна гэтэл өөрөө надтай ирж уулзана өөр газар байна гэж хэлээд утсаа авахгүй байгаад байгаа. Одоо 162,000 гүйлттэй байна гэхээр нь мэдээд Цагдаагийн байгууллагад хандсан. Одоо машин маань 28-08 ОРН улсын дугаартай байгаа” гэх мэдүүлэг. /хх-ийн 28-29-р тал/
3. 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн Авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас. /хх-ийн 54-р тал/
4. Гэрч Т.Ж-н “Д.Ц надаас 2024 оны 04 дүгээр сард приус-41 маркийн хар өнгийн машин авч байсан залуу юм. Харин О.А бол гаалиар машин оруулж ирдэг компанийн захирал юм. Би энэ машиныг өөрийнхөө нэр дээр итгэмжлэлээр эхнэрийн дүү болох Б-д авч өгсөн. Тэгтэл Б-н найз залуу километрийн заалт өндөр байсан учир оношилгоонд оруулахаас өмнө километрийн заалтыг багасгаж оруулсан байсан. Учир нь дүү Б өөрсдөө унах гэж байгаа юм чинь гээд километрийн заалтаа багасгасан байх. Нээх удалгүй Б Герман явах болоод мөнгөний хэрэг гараад машиндаа номер дугаар авахгүйгээр Д.Ц гэх хүнд зарсан. Хамгийн гол нь гаалийн бичиг болон километрийн заалтыг ухраасан талаар хэлээд ярьж хөөрч тохиролцоод машины үнийг хямдруулаад аваад явсан. Тэгээд Д.Ц нь машины километрийн заалтыг ухраасан талаар мэдсээр байж худалдаж авсан. Б болон түүний найз залуу километрийн заалтыг хаана ухраасан талаар надад огт хэлээгүй” гэх мэдүүлэг. /хх-ийн 36-37-р тал/
5. Гэрч Э.С-н “Ж гэх хүн манай компанийн байранд ирээд приус-41 маркийн хар өнгийн машин итгэмжлэл хийлгэж авч байсан. Уг машин нь хилээр орж ирэхдээ манай ажилтан болох О.А-н нэр дээр орж ирсэн. Тэгээд Ж итгэмжлэлээр нэр дээрээ шилжүүлсэн. Тухайн үед оношилгоонд оруулахдаа манайхаас авснаас хойш 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр оношилгоонд оруулж километрийн заалт нь 312,000 заалттай оношилгоонд тэнцээд гэрчилгээ дугаар авсан байсан. Тухайн үед манай компани Ж гэх хүнд бэлэн 25,500,000 төгрөгөөр зарж бүх гаалийн бичиг, үнэлгээний заалт, километрийн заалт, Японоос худалдаж авсан зургаа хүртэл ямар нэгэн бичиг баримтын зөрчилгүй зарсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 33-34-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, өмгөөлөгч нарын санал дүгнэлт:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Э.Г дүгнэлтдээ “Шүүгдэгч Д.Ц нь 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Чандмань багийн нутаг дэвсгэрт 2012 онд Япон улсад үйлдвэрлэсэн 2024 онд Монгол улсад орж ирсэн ZVW413126509 арлын дугаартай хар өнгийн Тоёота приус-41 загварын тээврийн хэрэгслийг Б.Т д километрийн заалтыг 312,000 байсныг ухраалган 162,000 километрийн гүйлттэй болгосон гэдгийг мэдсээр байж түүнд хэлэлгүйгээр бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан хуурч 30,500,000 төгрөгөөр зарж борлуулан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогчийн мэдүүлэг, банкны дансны хуулга, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгчээс үнийг зөрүү болох 3 сая төгрөгийг гаргуулан хохирогчид олгуулах саналтай” гэв.
Хохирогчийн өмгөөлөгч Б.Б дүгнэлтдээ “Хохирогч 30 500 000 төгрөгөөр километрийн заалтыг ухрааж багасгасан автомашин худалдан авч хохирсон. Уг автомашиныг замын хөдөлгөөнд оролцуулах боломжгүй. Иймд хохирлыг хуульд заасны дагуу барагдуулах нь зүйтэй” гэв.
Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан Орхон аймгийн тойргийн нотариатч Б.А-н 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн бүртгэлийн 1546 дугаартай тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ, хохирогч Б.Т-н “2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Монгол улсад орж ирсэн гаальтай хар өнгийн тоёота приус 41 загварын тээврийн хэрэгслийг 30,500,000 төгрөгөөр худалдан авахаар тохирч гэрээ хийж худалдан авсан. Ингээд бүтэн жилийн хугацаанд тухайн тээврийн хэрэгслийг унаж ашиглаж байгаад 2025 оны 04 дугаар сарын 05-ны өдөр тээврийн хэрэгслийн оношилгоонд оруултал машины гүйлт ухарсан байна. Анх Монголд орж ирэхдээ 300.000 дээш гүйлттэй байсан байна. Тэгээд би “Очир Ундраа” гэх банк бус санхүүгийн байгууллага дээр очоод уулзаад гүйлт нь ухраасан тээврийн хэрэгсэл авчихсан байна гэтэл тэр тээврийн хэрэгслийн гаалийн бичгийг банк бусаас надад гаргаж өгсөн. Ингээд би машин зарсан хүнтэй 2025 оны 04 дугаар сарын 25-ны өдөр 88224015 гэсэн дугаарын утсаар холбогдоод гүйлт ухарсан байна гэтэл өөрөө надтай ирж уулзана өөр газар байна гэж хэлээд утсаа авахгүй байгаад байгаа. Одоо 162,000 гүйлттэй байна гэхээр нь мэдээд Цагдаагийн байгууллагад хандсан” гэх мэдүүлэг, 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн Авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас, гэрч Т.Ж-н “Б-н найз залуу километрийн заалт өндөр байсан учир оношилгоонд оруулахаас өмнө километрийн заалтыг багасгаж оруулсан байсан. Учир нь дүү Б өөрсдөө унах гэж байгаа юм чинь гээд километрийн заалтаа багасгасан байх. Нээх удалгүй Б Герман явах болоод мөнгөний хэрэг гараад машиндаа номер дугаар авахгүйгээр Д.Ц гэх хүнд зарсан. Д.Ц нь машины километрийн заалтыг ухраасан талаар мэдсээр байж худалдаж авсан. Б болон түүний найз залуу километрийн заалтыг хаана ухраасан талаар надад огт хэлээгүй” гэх мэдүүлэг, гэрч Э.С-н “Тухайн үед оношилгоонд оруулахдаа манайхаас авснаас хойш 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр оношилгоонд оруулж километрийн заалт нь 312,000 заалттай оношилгоонд тэнцээд гэрчилгээ дугаар авсан байсан. Тухайн үед манай компани Ж гэх хүнд бэлэн 25,500,000 төгрөгөөр зарж бүх гаалийн бичиг, үнэлгээний заалт, километрийн заалт, Японоос худалдаж авсан зургаа хүртэл ямар нэгэн бичиг баримтын зөрчилгүй зарсан” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Д.Ц нь 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Чандмань багийн нутаг дэвсгэрт 2012 онд Япон улсад үйлдвэрлэсэн 2024 онд Монгол улсад орж ирсэн ZVW413126509 арлын дугаартай километрийн заалтыг 312,000 байсныг ухраалган 162,000 километрийн гүйлттэй болгосон хар өнгийн Тоёота приус-41 загварын тээврийн хэрэгслийг Б.Т д 30,500,000 төгрөгөөр зарж борлуулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Ц нь 27 500 000 төгрөгөөр километрийн заалтыг нь ухрааж багасгасан автомашин худалдан авч бусдад 30 500 000 төгрөгөөр худалдсан гэх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлын зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж, бусдын эд хөрөнгийг авч залилах гэмт хэргийн шинжгүй байна.
Залилах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдыг хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах аргаар эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч бодит хохирол учруулсан шунахай сэдэлтэй, шууд санаатай үйлдлээр тодорхойлогдох бөгөөд иргэд хоорондын худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр эд хөрөнгө шилжүүлснээс үүссэн маргаан, худалдсан эд хөрөнгийн биет байдлын бүрэн бүтэн байдлын доголдол нь гэмт хэргийн шинжид хамаарахгүй иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлэвэл зохих иргэд хоорондын гэрээний маргаан юм.
Өөрөөр хэлбэл Д.Ц-н үйлдлийг Б.Т ас 30 500 000 төгрөгийг нь авахын тулд автомашин зарна гэж хуурсан, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашигласан, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгосон, сүсэг бишрэлийг далимдуулсан, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулсан, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашигласан гэж үзэх боломжгүй бөгөөд Д.Ц нь Б.Т д автомашиныг үнэ тохиролцон худалдсан нь тогтоогдсон, харин уг автомашин нь киломертын заалт буюу ажилласан цаг, замын хувьд зөрүүтэй, биет байдлын хувьд доголдолтой байсан байна.
Иргэний хуулийн 251 дүгээр зүйлд “Худалдсан эд хөрөнгийн биет байдлын доголдол”-ийн талаар, 253 дугаар зүйлд “Эд хөрөнгийн доголдлын талаархи худалдагчийн эрх, үүрэг” 254 дүгээр зүйлд “Эд хөрөнгийн доголдлын талаархи худалдан авагчийн эрх, үүрэг”-ийг тус тус заасан бөгөөд 255 дугаар зүйлийн 255.2 дахь хэсэгт “Худалдагч эд хөрөнгийг шилжүүлэх үед түүний доголдлыг мэдсээр байж нуун дарагдуулсан бол худалдан авагч шаардах эрхээ алдахгүй талаар тодорхой дурьдсан байна. Мөн Иргэний хуулийн 256 дугаар зүйлд “Эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан гэрээг цуцлах” асуудлыг зохицуулжээ.
Иймд Орхон аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Ц-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Шүүх хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар хохирогчийн нэхэмжлэлийг хэлэлцэлгүй орхив.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 36.4, 36.6, 36.9, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар Орхон аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Д-гийн Ц-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шүүгдэгч Д.Ц-г цагаатгасугай.
2. Шүүгдэгч Д.Ц-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.
4. Цагаатгах тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС