Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2026 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 2026/ШЦТ/23

 

 

 

 

 

 

 

2026       01          08                                            2026/ШЦТ/23

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Нарийн бичгийн дарга Б.З

Улсын яллагч Э.Г

Хохирогч С.М

Шүүгдэгч Э.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Б-д  холбогдох эрүүгийн 2525005850558 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Ш овгийн Э-ын Б

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Э.Б нь 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт байхдаа С.М гийн “Сэндли” банк бус санхүүгийн байгууллагын нэр дээрх бүртгэлтэй дансыг ашиглан 5,000,000 төгрөгийг “Аliрау” аппликейшинд шилжүүлэн нууцаар, хууль бусаар авсан,

-2025 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн нутаг дэвсгэрт байх Хаан банкны киоск машиныг ашиглан Д.Э-н Хаан банкин дахь тэтгэврийн *****  данснаас 8,000,000 төгрөгийн тэтгэврийн зээлийг авч эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Б-г бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Б мэдүүлэхдээ “Цагдаад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Бүгд миний буруу. Маргах зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг төлнө” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч С.М  мэдүүлэхдээ “Энэ асуудал хоёр жил гаруй болж байна. Зээлийн хүү нь өсөөд бараг 10 гаруй сая төгрөг болсон. Үүнээс болж муу зээлдэгч болсон. Зээл авах боломжгүй болсон. Хурдан шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

Хохирогч Д.Э “шүүх хуралдаанд оролцохгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Хохирогч С.М гээс гаргаж өгсөн мессенжер чатууд /хх-ийн 7-11-р тал/

2. Хохирогч С.М гийн “Би өмнө нь Эрдмийн сан сургуульд ажилладаг байсан бөгөөд Б  гэдэг хүүхэнтэй хамт ажиллаж байсан юм. 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр миний Голомт банкны дугаар болон иргэний мэдээлэл ашиглаад Зохимж центрийн 306 тоотод үйл ажиллагаа явуулдаг Сэндли нэртэй банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулан Алипей аппликейшн ашиглан 5 сая төгрөгийн зээл авсан байсныг би мэдээгүй. 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдөр банк бус санхүүгийн байгууллагаас над руу яриад зээлээ төл гэхээр нь гайхаад ямар зээл авснаа мэдэхгүй гайхаад бодож Б  надаас мөнгө асуугаад байсан би шууд Б г авсан байж магадгүй гэж бодоод чи миний нэрээр зээл авсан юм уу гэсэн чинь тоохгүй тийн ш дээ гэхээр нь чи ямар сонин юм бэ хэлэхгүй яадаг юм бэ гэсэн чинь одоо яах вэ дээ гээд тоохгүй байсан. Тэгээд Б  авсан гэдгийг мэдээд тэрнээс хойш огт тэр зээл төлөгдөөгүй саяхан надаас банк бус санхүүгийн байгууллагын хуульч гээд нэг эрэгтэй хүн яриад та зээлээ төлөхгүй бол шүүх рүү шилжинэ гэж байсан. Тэгээд би үнэн учраа хэлсэн тэгсэн чинь та манай дээр очоод шалгуул гэхээр нь би Зохимж руу очоод асуусан чинь шалгаж үзээд таны иргэний мэдээллийг ашиглаад гар утсаараа авсан байна гэж байсан. Авсан зээл нь миний данс руу орохгүйгээр Алипэй-ийн данс руу ордог юм шиг байсан. Би сайн мэдэхгүй байгаа юм” гэх мэдүүлэг. /хх-ийн 15-р тал/

3. Э.Б гийн “Надад тухайн үед мөнгө хэрэг болоод тэгээд М-н  гэрт очиж “Aliрау” гэх аппликейшнд М-н  хувийн мэдээллийг бүртгүүлж нээсэн. Тухайн бүртгэл хийлгэх үед М  бол миний хажууд хамт байсан, би мэдээллийг нь бүртгүүлэхдээ өөрөөс нь хувийн мэдээллийг асууж бүртгүүлсэн. Тэрнээс би М гийн хувийн мэдээллийг мэдэж бүртгүүлэх боломжгүй учраас гэрт нь хамт байж байхдаа бүртгүүлсэн. Харин 5,000,000 төгрөгийн зээл авах үедээ бол өөрт нь хэлээгүй би шууд авсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 21-22-р тал/

4. Хаан банкны 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн Б-25/756 дугаартай **, ***, ** дугаарын дансны эзэмшигч Э  Б  гэх албан бичиг, депозит дансны дэлгэрэнгүй хуулга. /хх-ийн 49-81-р тал/

5. Хохирогч Д.Э-н “Би Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут багт ганцаараа амьдардаг. Би эхнэр хоёр хүүхэдтэй байж байгаад салаад олон жил болж байна, манай охин ээжтэйгээ амьдардаг, хүү тусдаа гарсан. Би Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байгаад гарын хуруу, хөлийн шилбэ хэсгээрээ тайруулж, группт орсон. 2012 онд тэтгэвэр авдаг болсон. Одоо 998,000 төгрөгийн тэтгэвэр авч байна. би 2022 онд харваад зүүн тал саажилттай болсон. Ухаан санаа бол эрүүл, гэхдээ чих хатуу сонсгол муудаад байгаа. Уншиж чадна, баруун гарын сарвуу тайруулсан болохоор бичиж чадахгүй. Миний асран хамгаалагчаар манай төрсөн дүү Б  байдаг. Дүү бид хоёр нэг хашаанд амьдардаг. Би тэтгэврээ Хаан банкаар авдаг бөгөөд төрсөн дүү Б  зарцуулах эрхтэй. Би сүүлийн нэг жил тэтгэврээ ашиглаагүй бөгөөд манай охин Б  миний интернэт банкны дугаарыг мэддэг учраас тэтгэвэр аваад байсан. Би мэдээд байсан боловч надтай ярихгүй, миний утсыг авахаа больсон. Дүү Б  яриад аавынхаа тэтгэврийг аваад байгаа бол жоохон ч гэсэн мөнгө үлдээж байгаач гэж хэлдэг байсан. сүүлдээ утсаа авахаа больсон. Саяхан манайд 2025 оны 6 сарын 20-ны үед ирсэн бөгөөд өөрийгөө манай дүү Б  гэж нэрээ хэлээд надад жижиг шилтэй архи авч өгөөд уулгасан. Би хүн сайн танихаа больсон. Тэгэхэд Б  биш Б  байсан юм байна лээ. Миний гар утсыг авч яваад иргэний үнэмлэхийг ашиглаад 7 сарын 07-ны өдөр 8 сая төгрөгийн зээл авсан байсан, тэрнээс өмнө олон удаа зээл авсан бөгөөд тэтгэврийн зээл 19 сая төгрөг байгаа. 8 саяас өмнө олон удаа зээл авсан байгаа юм. Би дүү Б тэй ярилцаад цагдаад хандахаар болсон. Б  надтай амьдарч асарч тойглож байгаагүй, байнга тусдаа амьдардаг байсан. Миний гар утас товчлууртай нокиа маркийн утас байсан. **** дугаартай симтэй байсан, утсаа нэхэмжлэхгүй. Миний иргэний үнэмлэх 2024 оны 9 сард алга болсон бөгөөд дахин үнэмлэх захиалж авсан байсан. хуучин үнэмлэхийг Б  авсан юм шиг байна лээ. Киоск машинаас зээл авахад иргэний үнэмлэх хэрэг болдог юм байна лээ. Б  саяхан Б тай ярьсан чинь зээл авсан гэдгээ хэлсэн. Миний аав надад туслах ёстой гэж хэлсэн байсан. Миний хувьд Б д зээл авч өгөхгүй байсан, өөрөө дураараа зээл авсанд гомдолтой байна, өмнө авсан зээлүүдийг яахав охиндоо өглөө гэж бодъё, сүүлийн 8 сая төгрөгийн зээлээ нэхэмжилнэ” гэх мэдүүлэг. /хх-ийн 100-р тал/

6. 2025 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Онлайн тэтгэврийн зээлийн гэрээ. /хх-ийн 112-113-р тал/

7. 2025 оны 2 дугаар сарын 07-ны өдөр Онлайн тэтгэврийн зээлийн гэрээ /хх-ийн 109-111-р тал/

8. Д-н  Э  эзэмшигчтэй Хаан банкны *****  дансны хуулга. /хх-ийн 102-104-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн нарын санал дүгнэлт:

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Э.Г дүгнэлтдээ “Шүүгдэгч Э.Б нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт байхдаа 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр С.М гийн “Сэндли” банк бус санхүүгийн байгууллагын нэр дээрх бүртгэлтэй дансыг ашиглан 5,000,000 төгрөгийг “Аliрау” аппликейшинд шилжүүлэн нууцаар, хууль бусаар авсан, мөн 2025 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн нутаг дэвсгэрт байх Хаан банкны киоск машиныг ашиглан Д.Э-н Хаан банкин дахь тэтгэврийн *****  данснаас 8,000,000 төгрөгийн тэтгэврийн зээлийг авч эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай. Шүүгдэгчийн эдлээгүй үйлдсэн 2 жил 5 сар 29 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн эдлэх ялыг тогтоох, шүүгдэгчээс 13 сая төгрөг гаргуулан хохирогч С.М д 5 сая төгрөг, хохирогч Д.Э д 8 сая төгрөг олгуулах нь зүйтэй” гэв.

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч С.М гээс гаргаж өгсөн мессенжер чатууд, хохирогч С.М гийн “2024 оны 5 дугаар сарын 15-ны өдөр банк бус санхүүгийн байгууллагаас над руу яриад зээлээ төл гэхээр нь гайхаад ямар зээл авснаа мэдэхгүй гайхаад бодож Б  надаас мөнгө асуугаад байсан би шууд Б г авсан байж магадгүй гэж бодоод чи миний нэрээр зээл авсан юм уу гэсэн чинь тоохгүй тийн ш дээ гэхээр нь чи ямар сонин юм бэ хэлэхгүй яадаг юм бэ гэсэн чинь одоо яах вэ дээ гээд тоохгүй байсан” гэх мэдүүлэг, Э.Б гийн “Тухайн бүртгэл хийлгэх үед М  бол миний хажууд хамт байсан, би мэдээллийг нь бүртгүүлэхдээ өөрөөс нь хувийн мэдээллийг асууж бүртгүүлсэн. Тэрнээс би М гийн хувийн мэдээллийг мэдэж бүртгүүлэх боломжгүй учраас гэрт нь хамт байж байхдаа бүртгүүлсэн. Харин 5,000,000 төгрөгийн зээл авах үедээ бол өөрт нь хэлээгүй би шууд авсан” гэх мэдүүлэг, Хаан банкны 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн Б-25/756 дугаартай **, ***, ** дугаарын дансны эзэмшигч Э  Б  гэх албан бичиг, депозит дансны дэлгэрэнгүй хуулга, хохирогч Д.Э-н “Миний гар утсыг авч яваад иргэний үнэмлэхийг ашиглаад 7 сарын 07-ны өдөр 8 сая төгрөгийн зээл авсан байсан, тэрнээс өмнө олон удаа зээл авсан бөгөөд тэтгэврийн зээл 19 сая төгрөг байгаа. 8 саяас өмнө олон удаа зээл авсан байгаа юм” гэх мэдүүлэг, 2025 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Онлайн тэтгэврийн зээлийн гэрээ, 2025 оны 2 дугаар сарын 07-ны өдөр Онлайн тэтгэврийн зээлийн гэрээ, Д-н  Э  эзэмшигчтэй Хаан банкны *****  дансны хуулга зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Б нь 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт байхдаа С.М гийн “Сэндли” банк бус санхүүгийн байгууллагын нэр дээрх бүртгэлтэй дансыг ашиглан 5 000 000 төгрөгийг “Аliрау” аппликейшинд шилжүүлэн нууцаар, хууль бусаар авсан,

2025 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн нутаг дэвсгэрт байх Хаан банкны киоск машиныг ашиглан Д.Э-н Хаан банкин дахь тэтгэврийн *****  данснаас 8 000 000 төгрөгийн тэтгэврийн зээлийг авч эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан үйл баримт тогтоогдож байна.

            Шүүгдэгч Э.Б нь бусдын эд зүйлийг шунахай сэдэлтээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүй, нууцаар, хууль бусаар авч хохирогч С.М д 5 000 000 төгрөгийн хохирол, хохирогч Д.Э д 8 000 000 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Б-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

            Гэмт хэргийн улмаас хохирогч С.М д 5 000 000 төгрөг, хохирогч Д.Э д 8 000 000 төгрөгийн хохирол учирсан байх тул шүүгдэгчээс гаргуулан хохирогч нарт олгуулах нь зүйтэй. Хохирогч С.М  зээлийн хүү, алдангийг нэхэмжлэнэ гэсэн боловч холбогдох баримтаа шүүхэд ирүүлээгүй байх тул хэлэлцэлгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдав.

 

            2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамааралтай бүхий бусад зүйлсийн талаар:

 

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан зорчих эрх хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

            Шүүгдэгч Э.Б нь Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 489 дугаар шийтгэх тогтоолоор 2 жил 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгүүлснээс 2 жил 5 сар 29 хоногийн зорчих эрх хязгаарлах ялыг эдлээгүй үлдсэн байх тул түүнд оногдуулсан ял дээр нэмж нэгтгэн эдлэх ялыг тогтоох нь зүйтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ш овгийн Э ын Б г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-д  1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-д  1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял дээр Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 489 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 5 сар 29 хоногийн зорчих эрх хязгаарлах ялыг нэмж нэгтгэн эдлэх ялыг 3 /гурав/ жил 11 /арван нэг/ сар 29 /хорин ес/ хоногийн хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож зорчих эрх хязгаарлах ялаар тогтоосугай.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Б-д  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-д  оногдуулсан 3 /гурав/ жил 11 /арван нэг/ сар 29 /хорин ес/ хоногийн хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Орхон аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, 437 дугаар нээлттэй хорих ангид даалгаж, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 1 хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б гаас 13 000 000 /арван гурван сая/ төгрөг гаргуулан хохирогч Боржигон овгийн С-ын М /Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст багийн *** тоотод оршин суух, РД: /-т 5 000 000 /тав сая/ төгрөг, хохирогч Ш овгийн Д-н  Э  /Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн *** тоотод оршин суух хаягтай, РД: /-д  8 000 000 /найман сая/ төгрөгийг тус тус олгосугай.

 

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй бөгөөд хохирогч С.М  нь зээлийн хүү, алдангиа нотлох баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.

 

  8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС