Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 0251

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж, шүүгч Н.Нямсүрэн, С.Цэрэнханд нарын бүрэлдэхүүнтэй

 

            Иргэдийн төлөөлөгч Л.Эрдэнэбаяр

            Нарийн бичгийн дарга Б.Сэр-Оддамба

            Улсын яллагч Ц.Идэрмөнх

            Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Батмөнх-Очир, Р.Бямбажав нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Дэлгэрзаяа, Т.Гантулга нарт холбогдох 201714000049 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

             Шүүгдэгч нарын биеийн байцаалт.

 

            1.Жаргал овгийн Чулуунбаатарын Дэлгэрзаяа, Монгол Улсын иргэн, 1995 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Архангай аймгийн Өндөр-Улаан суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын өргөн мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх дүүгийн хамт оршин суух, Сум дундын 14 дүгээр шүүхийн 2015 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 21 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2-д зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр эдлээгүй үлдсэн 4 сар 4 хоногийн хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэж хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай гэх. РД: АД95122519

 

2.Томынхон овгийн Төмөрбаатарын Гантулга, Монгол Улсын иргэн, 1996 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Өвөрхангай аймгийн Бүрд суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын өргөн мэргэжилтэй, хувиараа алт мөнгөний дархан ажиллуулдаг, ам бүл 4, эцэг, эмээ, дүү нарын хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх. РД:ЙЕ96053111.

 

            Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар

 

            1.Шүүгдэгч Ч.Дэлгэрзаяа, Т.Гантулга нар нь бүлэглэн 2017 оны 1 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн овоотын 15 дугаар гудамжинд насанд хүрээгүй Д.Сүхбат, Б.Дөлгөөнмөрөн нарын эд хөрөнгийг авах зорилгоор хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж Д.Сүхбатын 4500 төгрөг, метал гинж, Б.Дөлгөөнмөрөнгийн 1 000 төгрөгийг дээрэмдэж нийт 43 328 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Насанд хүрээгүй хохирогч Д.Сүхбатын “2017 оны 01 сарын 12-ны өдрийн орой Булган аймагт хамт нэг ангид сурч байсан Дөлгөөнмөрөн гэж хүүхэдтэй уулзахаар Бат-Эрдэнэ ахаар хүргүүлсэн. Тэгээд бид хоёр 17 дугаар сургуулийн хажуу талын сааданд хэсэг сууж юм ярьж байгаад Бат-Эрдэнэ ахын гэр рүү явсан. Яргуйт багт байдаг “Эрдэнэс” дэлгүүрийн чигтээ төв зам дээр урдаас танихгүй гурван эрэгтэй хүн явж байгаа харагдсан. Тэгэхээр нь бид хоёр юмыг яаж мэдэх вэ гээд төв замаас гараад Яргуйт багийн овоотын 15 дугаар гудамжны чигтээ явж байсан чинь нөгөө гурван залуу Дөлгөөнмөрөн бид хоёрын чигтээ гүйж ирээд Дөлгөөнмөрөнг бариад авсан. Тэгээд намайг наашаа хүрээд ир гээд дуудсан. Тэгээд яваад очсон чинь Баяраа гэж нэртэй залуу нь Дөлгөөнмөрөн бид хоёрыг номхон зогс  гэсэн. Тэгээд Баяраа гэдэг залуу над дээр ирээд намайг таних уу? гэж муухай орилоод мөнгө байвал гаргаж өг гээд миний элэг, хэвлий рүү нэг удаа гараараа цохисон. Тэгтэл нөгөө гурван залуугийн өндөр нуруутай халзан толгойтой залуу нь манай найз Дөлгөөнмөрөнгийн хөл рүү өшиглөөд унагасан. Дөлгөөнмөрөнг газар унасан чинь тэр халзан толгойтой залуу нь Дөлгөөнмөрөнгийн хэвлий рүү нэг удаа өшиглөсөн. Тэгээд халзан тогойтой залуу нь над дээр ирээд миний өмсөж явсан куртикний ар захан дээрээс бариад гудамжны гүн рүү чирээд намайг мэдэх үү би шандын атаман байна гээд миний нүүр рүү толгойгоороо мөргөөд, хэвлий рүү цохиод байсан. Тэгэж байгаад нөгөө халзан толгойтой залуу манай найзыг мөргөөд унагаасан. Тэгтэл нөгөө залуу нь ирээд Дөлгөөнмөрөнгийн хөл рүү өшиглөөд байсан. Нөгөө халзан толгойтой залуу нь эргэж ирээд би өнөөдөр шоронгоос гарсан. Мөнгө өгөхгүй бол та нарыг ална шүү гээд нүүр рүү мөргөж байгаад Дөлгөөнмөрөнг татаж ирээд бид хоёрыг мөргүүлсэн. Тэгээд гурван талаас өшиглөөд зодож байгаад халзан толгойтой, өндөр нуруутай залуу нь захан дээрээс өргөөд тэр гудамжинд байсан эзэнгүй хашаа руу намайг оруулах гээд байсан. Би орохгүй гэсэн чинь намайг түлхэж унагаад толгой дээр хөлөөрөө хэд хэдэн удаа өшиглөсөн. Тэгээд эргэж яваад хоёр найз дээрээ очоод хоорондоо юм яриад байсан. Тэгээд нөгөө халзан толгойтой залуу нь эргэж ирээд дахин цохиж өшиглөсөн. Тэгж байгаад 1000 төгрөгөөс илүү мөнгө өгвөл явуулна гэж хэлсэн. Тэгэхээр нь байхгүй гэсэн чинь миний өмсөж явсан хувцасны дотор талы халаасыг ухаж байгаад миний халаасанд байсан 4500 төгрөгийг өөрөө авсан. Тэгээд миний өмсөж явсан хувцасны цахилгааныг доош нь татаж тайлаад миний хүзүүндээ зүүж явсан мөнгөн гинжийг тасдаж аваад өмднийхөө халаасанд хийсэн. Энэ хооронд нөгөө Баяраа гэдэг залуу миний найз Дөлгөөнмөрөнг ална шүү мөнгөө гаргаад ир гэж байгаад түүнээс 1000 төгрөг авч байгаа харагдсан. Өндөр нуруутай халзан толгойтой залуу нь миний халаасыг ухаж байгаад халаасанд байсан цэнэгээ олон хоног барьдаг гар утсыг аваад өөрийнхөө халаасанд хийсэн. Тэгээд халзан толгойтой залуу нь Дөлгөөнмөрөн бид хоёрыг босгож ирээд алгадаж байгаад бид хоёроос салаад явсан. Салаад явах үедээ миний гар утсыг гаргаж өгсөн. Явахдаа та хоёр наанаа зогсож байгаарай, бид нарыг гудамжны үзүүр тойрохоор яваарай гээд бид хоёрын цусыг цасаар угаалгачихаад явсан. Мөн цагдаад хэлэх юм бол ална шүү, хутга шаана шүү гэж айлгаж байгаад явсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 10-р хуудас/

 

            2. Насанд хүрээгүй хохирогч Б.Дөлгөөнмөрөнгийн “Сүхбат бид хоёртой танихгүй гурван ах таараад өөрийгөө Баяраа гээд байсан ах нь намайг зодож байгаад тав тоолох дотор бүх мөнгө гаргаж өгөхгүй бол ална шүү гэхээр нь би айсандаа би өөртөө байсан 1000 төгрөгийг гаргаж өгсөн. Өндөр халзан тогойтой ах нь Сүхбатыг зодож байгаад өөрөө халаасыг нь ухаж байгаад мөнгийг нь авсан. Дараа нь хүзүүнд нь байсан гинжийг тасалж авсан. Тэр хоёртой хамт явж байсан нүдний шилтэй ах өшиглөөд байсан. Бид хоёрын эд зүйлийг авсан ах нарыг нэрийг мэдэхгүй байна. Намайг зодож байсан ах өөрийгөө хөлдүү Баяраа гэдэг гээд байсан. Өндөр халзан толгойтой ах нь өөрийгөө би өнөөдөр шоронгоос гарсан гээд айлгаад байсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 14-р хуудас/

 

            3.Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 125 тоот дүгнэлтийн “Д.Сүхбатын биед нэг шүдний титэм эмтэрсэн, нүүр зүүн шилбэнд зөөлөн эдэд 4 тооны цус хуралт, зүүн шилбэнд 1 тооны зулгаралт зэрэг гэмтэл үүсчээ. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтэл нь 2017 оны 01 сарын 12-ны өдөр үүссэн байж болно” гэсэн дүгнэлт.

 

            4.Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 01 сарын 25-ны өдрийн 126 дугаартай дүгнэлтийн “Б.Дөлгөөнмөрөнгийн биед баруун хацарт зөөлөн эдэд цус хуралт, зулгаралт үүсчээ. Уг гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн цохих цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэргийн зааврын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй” гэсэн дүгнэлт. /хх-ийн 46-р хуудас/ 

 

            5.Эд зүйлийг үнэлсэн шинжээчийн 2017 оны 01 сарын 16-ны өдрийн ОЦ/5 дугаартай дүгнэлтийн “Мөнгөн гинж нь 37 828 төгрөг ”гэсэн үнэлгээ, /хх-ийн 32-р хуудас/ болон шүүгдэгч Ч.Дэлгэрзаяа,  Т.Гантулга нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, шүүгдэгч нарын ял шийтгэгдсэн эсэхийг лавласан лавлагаа, шийтгэх тогтоолын хуулбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Ч. Дэлгэрзаяа мэдүүлэхдээ “Гурвуулаа 0.75 граммтай архи авч хувааж уусан. Тэрийгээ ууж дуусаад байсан чинь дахиад архи уух уу гэхээр нь мөнгө байгаа юм уу гэсэн чинь байгаа гэсэн. Тэгсэн ээж ирэх дөхсөн байсан болохоор гэрээсээ гараад  дэлгүүр ороод  дахиад 1 шил 0.75 архи аваад дахиад хувааж ууж дуусаад дахиад нэг том пиво, нэг шил 0.5 граммтай архи аваад пивоо уугаад, архиа цүнхэндээ хийгээд байж байгаад манай гудамж руу ороход хохирогч Сүхбат, Дөлгөөнмөрөн нартай таарсан. Тухайн үед хохирогч Сүхбатаас метал гинж болон мөнгө авсныг мэдээгүй.  Дээрэм хийе гэсэн санаа зорилго байгаагүй” гэв.

 

            Шүүгдэгч Т.Гантулга мэдүүлэхдээ “Зодоон дуусаад би тэр хүн надад өөрөө 1600 төгрөг өгсөн. Тэгээд салж явж байгаад эргээд харсан чинь газарт нэг гинж байсан. Тэгээд хэнийх нь мэдэгдэхгүй болохор нь аваад халаасандаа хийсэн. Хүний юм авсандаа гэмшиж байна” гэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Ц.Идэрмөнх дүгнэлтдээ “Т.Гантулга, Ч.Дэлгэрзаяа нар нь бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон, шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулах үндэстэй байна” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Батмөнх-Очир санал дүгнэлтдээ “Шүүгдэгч нарт эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэж, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1, 3-д зааснаар хорих ялын доод хэмжээнээс доогуур ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Бямбажав санал дүгнэлтдээ “Энэ хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 болгон өөрчилж, хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулж өгнө үү” гэв.

            Шүүх нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүгдэгч Ч.Дэлгэрзаяа, Т.Гантулга нар нь 2017 оны 1 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн овоотын 15 дугаар гудамжинд насанд хүрээгүй Д.Сүхбат, Б.Дөлгөөнмөрөн нарын эд хөрөнгийг авах зорилгоор хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж Д.Сүхбатын 4500 төгрөг, метал гинж, Б.Дөлгөөнмөрөнгийн 1 000 төгрөгийг дээрэмдэж нийт 43 328 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч нарын мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шүүх шинжилгээний дүгнэлт, шүүгдэгч нарын мэдүүлэг зэргээр нотлогдож байна гэж үзлээ.

 

Орхон аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирч байгаа боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэж ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

 

            Насанд хүрээгүй хохирогч нар болон тэдний хууль ёсны төлөөлөгч нар гомдолгүй, хохирол төлөгдсөн, одоо нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн хүсэлт ирүүлсэн байна.

 

            Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа учруулсан хохирлоо төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.

 

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

                                                              ТОГТООХ нь:

 

            1.Шүүгдэгч Жаргал овгийн Чулуунбаатарын Дэлгэрзаяа, Томынхон овгийн Төмөрбаатарын Гантулга нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ч.Дэлгэрзаяа, Т.Гантулга нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-д зааснаар яллахт дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 болгон өөрчилсүгэй.

 

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Ч.Дэлгэр заяаг 1 жилийн хорих ялаар, шүүгдэгч Т.Гантулгыг 1 жилийн хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Ч.Дэлгэрзаяа, Т.Гантулга нарт оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

            5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ч.Дэлгэрзаяагийн цагдан хоригдсон 195 хоног, шүүгдэгч Т.Гантулгын цагдан хоригдсон 195 хоногийг тус тус ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

            6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тооцсугай.

 

            7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

            8. Шийтгэх тогтоол уншн сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохиргч тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Ц.АЛТАНГАДАС           

 

                                   ШҮҮГЧИД                                        Н.НЯМСҮРЭН

 

                                                                                             С.ЦЭРЭНХАНД