Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 156/ШШ2023/00616

 

2023 11 21 156/ШШ2023/00616

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

 156/20230/00603/и

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Марина даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын ........... тоотод оршин суух, Түмэндэмбэрэл овогт П. Б,

Хариуцагч: Хэнтий аймгийн Батноров сумын ...... байрлах Д.......... нөхөрлөл

Нэхэмжлэлийн шаардлага: 48,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч П.Б.,

Хариуцагч Г.Б.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Б.  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:   

1. Нэхэмжлэгч П.Б. нь хариуцагч Д.. нөхөрлөлд холбогдуулан 48,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие Хэнтий аймгийн Батноров суманд үйл ажиллагаа явуулдаг Д. нөхөрлөлийн дарга Г.Б.тэй 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр амаар тохиролцож надаас LC-300 экскаватор 2 ширхэг, 50 ковш 1 ширхгийг сард 68,000,000 төгрөгөөр түрээсэлж Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд нөхөн сэргээлт хийхээр болж техникийг надаас авч ажиллуулсан бөгөөд төлбөрөө дутуу хийж, 48,000,000 төгрөгийн төлбөр тооцоо дутуу байсан. Түрээсийн гэрээг бичгээр хийсэн эсэхээ санахгүй байна. Түрээсийн гэрээ дуусах хугацааг ярилцаагүй. Мөнгөө нэхэхэд өгнө гэсээр 2 жил боллоо. 2022 оны 1 сард миний гурван техник эзгүй байхад нь очиж авсан. Г.Б.ийн нөхөрлөл Батноров суманд жоншны уурхайгаа хэвийн явуулж борлуулалтаа хийж байгаа атлаа түрээсийн төлбөрөө төлөхгүй байгаа тул Д. нөхөрлөлөөс 48,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа Г.Б. 5,000,000 төгрөгийг төлсөн. Мөн миний өглөгтэй байсан хүнд 10,000,000 төгрөгийг өгсөн байсан. Энэ тухайгаа Г.Б. надад хэлээгүй байсан. Одоо энэ төлбөрийг хасаад 33,000,000 төгрөгийг Д.д нөхөрлөлөөс нэхэмжилж байна гэв.

3. Хариуцагч Д. нөхөрлөлийн төлөөлөгч Г.Б. хариу тайлбартаа: Нэхэмжилж байгаа 48,000,000 төгрөгийг Д. нөхөрлөлөөс гаргуулна гэвэл хүлээн зөвшөөрөхгүй. Харин хувь хүн буюу Г.Б. гэдэг хүнээс нэхэмжилнэ гэвэл хүлээн зөвшөөрнө. Би П.Б.с 2021 оны 8 дугаар сарын 20-ны үеэр экскаватор 2 ширхэг, 50 ковш 1 ширхгийг сард 68,000,000 төгрөгөөр хувь хүнийхээ үүднээс түрээсэлж Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд хүний компаний нөхөн сэргээлтийн үйл ажиллагаанд зориулан түрээслэхээр тохиролцсон. Энэ техникүүдийг би өөрийн нөхөрлөлд холбогдуулан түрээслээгүй, өөр компани Бор-Өндөр суманд нөхөн сэргээлт хийхэд холбогдуулан түрээслэсэн. Ингэхдээ бичгээр гэрээ байгуулсан боловч гэрээгээ олохгүй байна. Гэрээг П.Б.ий эхнэртэй би байгуулсан. Манай Д. нөхөрлөл нь Хэнтий аймгийн Батноров суманд бичил уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Тэр л газраа үйл ажиллагаа явуулах эрхтэй. Би нэхэмжилж байгаа 48,000,000 төгрөгөөс 8,000,000 төгрөгийг төлсөн. Өчигдөр 10,000,000 төгрөг төлсөн. Одоо үлдсэн 30,000,000 төгрөгийг хувь хүн Г.Б. надаас нэхэмжилвэл би төлнө. Энэ төлбөрийг би хувиасаа төлөөд явж байгаа. 2023 оны 12 сард 10,000,000 төгрөгийг, үлдэгдэл төлбөрийг 2024 оны 4 дүгээр сар гэхэд төлөөд дуусгана. Харин Д. нөхөрлөлөөс нэхэмжилж байгаа бол Д. нөхөрлөл нь П.Б.д өргүй тул төлөхгүй. Би түүнтэй Д. нөхөрлөлийн өмнөөс биш хувь хүний үүднээс техник түрээслэсэн гэв.

4. Нэхэмжлэгч талаас шүүхэд Хэнтий аймгийн Хэрлэн сумын ........ багийн Засаг даргын 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн тодорхойлолт /хх-ийн 3/, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 4/, Д. нөхөрлөлийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 5/, Хэнтий аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 6/, 2023 оны 2 дугаар сарын 06-ны өдөр гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 7-8/, 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Г.Б.ийн бичсэн гар бичмэл баталгааны хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 9/-ыг баримтаар шүүхэд ирүүлсэн.

6. Хариуцагч талаас шүүхэд баримт ирүүлээгүй байна. 

ҮНДЭСЛЭХ нь:  

1.Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч тал дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

Би Хэнтий аймгийн Батноров суманд үйл ажиллагаа явуулдаг Д. нөхөрлөлийн дарга Г.Б.тэй 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр LC-300 экскаватор 2 ширхэг, 50 ковш 1 ширхгийг сард 68,000,000 төгрөгөөр түрээслэхээр амаар тохиролцсон. Ингэхдээ би түүнийг Д. нөхөрлөлийн дарга учир нөхөрлөлөө төлөөлж түрээслэсэн гэж бодож байна. Уг түрээсийн төлбөрөөс одоо 33,000,000 төгрөгийг төлөөгүй байгаа гэв.

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

Миний бие хувь хүнийхээ үүднээс П.Б.тэй ярилцаад гурван техник түрээслэсэн. Одоо 30,000,000 төгрөгийн түрээсийн төлбөр үлдсэн. Энэ төлбөрийг хувь хүн Г.Б. надаас нэхэмжилвэл би төлнө. Гэхдээ төлбөрийг би төлөөд явж байгаа. 2023 оны 12 сард 10,000,000 төгрөгийг, үлдэгдэл төлбөрийг 2024 оны 4 дүгээр сар гэхэд төлөөд дуусгана. Харин Д. нөхөрлөлөөс нэхэмжилж байгаа бол төлөхгүй. Учир нь би түүнтэй Д. . нөхөрлөлийн өмнөөс биш хувь хүний үүднээс техник түрээслэсэн гэж мэтгэлцлээ.

4. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

Нэхэмжлэгч П.Б.э, хариуцагч Г.Б. нар нь 2021 оны намар 1 ковш, 2 экскаваторыг 1 сарын 68,000,000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцож, үүнээс 48,000,000 төгрөг төлөгдөөгүй, тооцооны үлдэгдэлтэй байсан болох нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байх ба талууд энэ талаар маргаагүй болно.

Харин нэхэмжлэгч нь төлөгдөөгүй 48,000,000 төгрөгөөс одоо 33,000,000 төгрөгийг Д. нөхөрлөл төлөх ёстой гэж, хариуцагч Г.Б. нь 48,000,000 төгрөгөөс 18,000,000 төгрөгийг төлсөн, одоо үлдэгдэл 30,000,000 төгрөгийг би хувь хүнийхээ үүднээс төлнө, харин Д. нөхөрлөл төлөх ёсгүй гэж мэтгэлцлээ.

5. Шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудаас үзэхэд зохигчдын хооронд түрээсийн гэрээний харилцаа үүссэн байна. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээхээр заасан байдаг.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ гэж, мөн хуулийн 318.4Энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж заажээ.

6. Талууд тус гэрээг амаар тохиролцож байгуулсан байх бөгөөд зохигчид хэлцэл байгуулагдсан болон хүчин төгөлдөр эсэх талаар маргаагүй тул гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар шүүх дүгнэлт хийгээгүй болно.

7. Нэхэмжлэгч П.Б. нь хариуцагчийн эзэмшил ашиглалтад эксковатор болон ковшийг шилжүүлж амаар тохиролцсон үүргээ биелүүлсэн, хариуцагч Г.Б. нь уг түрээсийн төлбөрийг төлж байсан болох нь зохигч талуудын тайлбараар тогтоогдож байна. Харин түрээсийн үлдэгдэл төлбөр дээр нэхэмжлэгч нь 33,000,000 төгрөгийн төлбөр үлдсэн гэж, хариуцагч нь 30,000,000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй гэж маргасан.

Түүнчлэн нэхэмжлэгч нь өөрийн эзэмшлийн экскаватор, ковшийг Д. нөхөрлөлд түрээслэсэн үү, иргэн Г.Б. гэх хувь хүнд түрээслэсэн үү гэдгээ баримтаар нотлоогүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч нь өөрийн эзэмшлийн техник хэрэгслээ хэнд түрээслэсэнээ өөрөө нотлох ёстой, тэрээр энэхүү маргаантай байгаа үйл явдлыг баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно.

8. Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...Г.Б. нь Д. нөхөрлөлийн дарга тул, мөн экскаватор, ковшоор нөхөн сэргээлт хийх гэж байгаа тухайгаа хэлсэн учир нөхөрлөлийнхөө өмнөөс тохиролцсон гэж бодсон гэх боловч Дэлгэрэх анх андууд нөхөрлөл нь Хэнтий аймгийн Батноров суманд нөхөн сэргээлт, бичил уурхайн үйл ажиллагаа явуулдаг гэх хариуцагч Г.Б.ийн тайлбарыг тэрээр үгүйсгээгүй, мөн хэрэгт авагдсан Д. нөхөрлөлийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбарт уг хуулийн этгээдийн албан ёсны хаяг нь Хэнтий аймгийн Батноров сумын 6-р баг, .......... гэж бичигдсэн байна.

Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журамд зааснаар бичил уурхай эрхлэгч нь тухайн сумын Засаг даргатай байгуулсан гэрээний үндсэн дээр үйл ажиллагаа явуулах бөгөөд нэхэмжлэгч П.Б.ний шүүх хуралдаанд гаргасан ...Д.д нөхөрлөл нь Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд нөхөн сэргээлт хийхээр миний техникийг түрээслэсэн гэх тайлбар баримтаар нотлогдохгүй байна.

9. Иймд нэхэмжлэгч П.Б. нэхэмжлэлтэй хариуцагч Д. нөхөрлөлд холбогдох түрээсийн төлбөр 33,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.

10. Нэхэмжлэгч П.Б. нь хариуцагчаа зөв тодорхойлон дахин экскаватор болон ковш түрээслэсэн түрээсийн төлбөр 33,000,000 төгрөгөө нэхэмжлэх эрх нь нээлттэй болохыг дурдав.

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 397,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч П.Б.ийн нэхэмжлэлтэй хариуцагч Д. нөхөрлөлд холбогдох 33,000,000 /гучин гурван сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 397,950 /гурван зуун ерэн долоон мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

  

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.МАРИНА