| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 156/2023/00351/И |
| Дугаар | 156/ШШ2023/00628 |
| Огноо | 2023-11-27 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 156/ШШ2023/00628
2023 11 27 156/ШШ2023/00628
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
135/2023/0351/И
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын .................. тоотод оршин суух, Боржигон овогт Н.Х.,
Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын ............оршин суух, Шарнууд овогт С.О. ,
Хариуцагч: Хэнтий аймгийн Баянхутаг сумын 3-р багт оршин суух, Хандгай овогт З.Б.,
Хариуцагч: Хэнтий аймгийн Баянхутаг сумын 3-р багт оршин суух, Боржигин овогт Н.Б,
Нэхэмжлэлийн шаардлага: 8,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч С.О. нь нэхэмжлэгч Н.Х.д холбогдуулан 12,680,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г. /цахимаар/,
Хариуцагч З.Б.,
Хариуцагч. Н.Н.Б
Хариуцагч С.О. гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г.
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.О.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Н.Х. нь хариуцагч С.О. , З.Б., Н.Н.Б нарт холбогдуулан 8,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг, хариуцагч С.О. нь нэхэмжлэгч Н.Х.д холбогдуулан 12,680,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Н.Х. нь С.О. тай анх бие биедээ дэм болдог урт хугацаанд найз нөхдийн харилцаатай байсан. С.О. нь анх махны бизнес хийж байна гэх нэрийдлээр "мах орж ирээд байна мөнгө байна уу гэдэг байсан. Тэр болгонд нь аман хэлбэрээр тохирч, зээлийн гэрээ байгуулж, мөнгө зээлдэг тэрээр авсан мөнгөө цаг тухайд буцаан өгдөг харилцаа үргэлж давтагдаж, нэлээн олон удаагийн давтамжтайгаар итгэл үнэмшилтэйгээр мөнгө зээлдэг байсан болно. Ингээд 2022 оны 8 сарын 25-ны өдрөөс хойш хариуцагч С.О. нь "мах авах гэсэн юм түр мөнгө өгөөч, дор нь эргэлдүүлээд өгнө..." гэж ойр ойрхон залгаж, мессеж бичиж гуйсны үндсэн дээр түүний Хаан банкны ............111 тоот дансанд 5 удаагийн дараалсан гүйлгээгээр 2022 оны 8 сарын 30-нд 4,000,000 төгрөгийг, 2022 оны 9 сарын 07-нд 1,000,000 төгрөгийг, 2022 оны 9 сарын 07-нд 300,000 төгрөгийг, 2022 оны 9 сарын 19-нд 2,000,000 төгрөгийг, 2022 оны 9 сарын 19-нд 700,000 төгрөгийг тус тус нийт 8,000,000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Энэ нь нэхэмжлэгч Н.Х.ын дансны хуулга болон банкны шилжүүлсэн баримт зэргээр нотлогдоно. Үүнээс хойш буюу 2022 оны 9 сарын сүүлээр мөнгөө буцааж авъя гэхэд "махаа эргэлтэд оруулаад хурдан өгнө, самарт явж ирээд өгнө гээд сүүлдээ бүр өгч чадахгүй гэсэн бөгөөд одоо утсаа авахгүй, ямар нэг хариу өгөхгүй байсаар өнөөг хүрлээ.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгийг шилжүүлэх гэж заасан байдаг. Ингэж шилжүүлснээр зээлийн гэрээ байгуулсанд тооцох эрх зүйн үндэслэлтэй байх тул шаардах эрх үүсэж байгаа болно. Мөн зээлийн гэрээг заавал бичгээр байгуулна гэсэн хуулийн шаардлага байхгүй ба Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зөвхөн хүү тооцохоор тохиролцсон бол зээлийн гэрээг бичгээр байгуулна гэсэн хуулийн шаардлага байдаг. Ингээд энэхүү зээлийн гэрээнд хүү тооцохоор тохиролцоогүй, аман байдлаар зээлийн гэрээг байгуулахаар тохиролцож, зээлдэгчид мөнгийг дээр дурдсан хугацааны дагуу шилжүүлэн өгсөн нь нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсгийг үндэслэн харилцан эрх, үүрэг хүлээж, гэрээний эрх зүйн харилцаанд орсон тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар З.Б.болон Н.Н.Б нарыг татаж өнөөдрийг хүртэл үргэлжилж байна. Н.Х., С.О. нар бие биедээ дэм болж урт хугацааны туршид найз нөхөд байсан. Гэтэл С.О. нь махны бизнес хийе гэдэг байдлаар махыг их хэмжээгээр болон бага хэмжээгээр оруулж ирж хамтын бизнесээ үргэлжлүүлэн явуулдаг байсан. Тэр болгонд аман хэлбэрээр тохиролцож, хоорондын харилцаа их удаан үргэлжилсэн. Н.Х., С.О. нарын анхны махны бизнесийн асуудал яригдаж байгаа юм. Үүний дараа 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс хойш С.О. нь мах авах гэсэн юм мөнгө зээлүүлээч гэж гуйсны үндсэн дээр Хаан банкны ......111 тоот дансанд 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 4 сая төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 1 сая төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 300,000 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 2 сая төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 700,000 төгрөг гээд нийт 8,000,000 төгрөгийг шилжүүлсэн. С.О. нь Н.Х.аас мөнгө аваад өгөөгүй байсан гэдгээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрөө илэрхийлээд явж байсан атлаа өмгөөлөгч аваад энэ мөнгийг би төлөхгүй З.Б.болон Н.Н.Б нар төлнө гэх тайлбарыг хэлж өнөөдрийг хүртэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шийдэгдээгүй явж байна. 2022 оны 9 сарын сүүлээр мөнгөө буцааж авъя гэхээр махаа ангилалтад оруулаад хурдан өгнө гэснээ сүүлдээ энэ мөнгийг өгч чадахгүй З.Б.с аваарай, З.Б.надад өртэй гэж тайлбарладаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн үзлэг хийлгэх хүсэлтийг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан талуудын тооцоог хөтөлж байсан хар дэвтэр дээр үзлэг хийсэн. Тус үзлэг хийсэн тэмдэглэл дээр 2,000,000 төгрөгийн тооцоо гарч ирсэн. Нэхэмжлэгч Н.Х. нь бидний дунд 20,000,000 төгрөгийн тооцоо байдаг гэж тайлбарладаг. Хариуцагч З.Б.нь би энэ мөнгийг Н.Х.д өгөх ёстой, өгдөг мөнгөө өгнө гэж тайлбарладаг. Гэхдээ үндсэн хариуцагчаас амаар тохирсон зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 8,000,000 төгрөгийн төлөлт буцааж хийгдээгүй. Иймд 8,000,000 төгрөгийг хариуцагч С.О. гаас гаргуулна. Гэхдээ хариуцагч З.Б, хариуцагч Н.Н.Б нараас татгалзаагүй гэв.
3. Хариуцагч С.О. нь 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нь Н.Х.д өргүй, харин ч авлагатай Н.Х. өөрөө 2020 онд З.Б., Н.Н.Б гэх 2 ах эгч хоёрыгоо дагуулж ирээд миний ах эгч хоёрын 10,000,000 төгрөгийн зээлийг хааж өгөөч би өөрөө батлан даана, ах эгч хоёр махтай, Төрийн банкны зээлээ хааж их мөнгө авна гэж надаас гуйж Н.Х. батлан даалтын бичиг, З.Б.мөнгө зээлсэн баримт бичиж 10,000,000 төгрөгийг авчхаад зээл бүтээгүй ноолуур өгье гэж 2021-2022 онд олон дахин нэхүүлж Н.Х. бид хоёр байнга гэрт нь очиж байж ихэнх мөнгөө авсан. Н.Х. 2022 онд дахин намайг ятгаж би зээлийн хүүг нь төлнө надад мөнгө хэрэгтэй байна чи З.Б.эгчийн өмнөх 3,300,000 төгрөгийг надад өгөөд чи хүүтэй гэрээ хийчих гэж гуйснаар З.Болормаа, Н.Н.Б нарын хүсэлтээр баримт бичүүлж Н.Х.ын Хас банкны 5000256344 тоот данс руу 3,300,000 төгрөгийг З.Б.эгчийн өмнөөс шилжүүлэв гэсэн утга бичиж 2020 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр шилжүүлсэн. Дараа нь мөн Н.Х.д итгээд хөлдөөж нөөцөлсөн ямааны 3 тонн махаа зээлээр өгч уван цуван мөнгөө авсан. Н.Х. 3,300,000 төгрөгийг авъя гэж байхдаа надад сарын 1,85%-ийн хүү тооцож өгнө гэж байсан боловч хүү өгөхөөс цааргалж гэнэт л Чи надад Б.эгчтэй хийсэн гэрээгээ өг би тэр хүмүүст чиний мөнгийг өгүүлж хохироосон юм чинь өөрөө З.Болормаа, Н.Н.Б хоёроос 8,200,000 төгрөг авчихъя гэсэн атал миний нэр төрд халдаж шүүхэд өгсөнд гомдолтой байна. Хэрэв Н.Х. 2022 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр авсан 3,300,000 төгрөгийг 2 жил 7 сар буюу 31 сарын хүү 1,860,000 төгрөгийг С.О. надад өгөх ёстой. 2020 оноос хойш 10,000,000 төгрөгийг минь увуулж цувуулж олж өгсөндөө гэмшээд л Н.Х. нь З.Б., Н.Б нараас өөрөө мөнгөө олж авахаар болсон гэж би бодож явсан. Тиймдээ ч би З.Б.эгчээс мөнгөө нэхээгүй. Хэнтий аймагт таних хүнгүй олон хүнд жишээ нь Н.Х.д залилуулж явсандаа гомдолтой байна гэжээ.
4. Хариуцагч С.О. гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г. нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч С.О. нь нэхэмжлэгч Н.Х.аас 8 сая төгрөг авсан. Тухайн үед өөрт нь мөнгөний хэрэгцээ байсан учраас би чамаас өмнөх авлагуудаа гүйцэд аваагүй байгаа, иймээс авах ёстой өрөндөө суутган тооцно гэдэг байдлаар хэлсэн. Түүнээс мөнгө зээлж аваад хугацаандаа төлнө гэдэг асуудал С.О. , Н.Х. нарын хооронд болоогүй гэх тайлбарыг хэлдэг. Үүнтэй холбогдуулаад С.О. нь 12,680,000 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сөрөг нэхэмжлэл гаргаснаас хойш Н.Н.Б, З.Б.нартай холбоотой маргаан гарч эхлээд энэ нь тусдаа тусгаарлагдаж шийдвэрлэгдсэн. Манай үйлчлүүлэгч С.О. нь Н.Х.ыг буруутай гэж үзэж З.Бо.ийн өмнөөс шилжүүлсэн 3,300,000 төгрөгийг 1,8 хувийн хүүгээр бодож нийт 12,680,000 төгрөгийг нэхэмжилсэн. Н.Н.Б, З.Б.нар давхар татагдаж хэрэг нь тусгаарлагдаад шийдсэн учраас Н.Н.Б, З.Б.хоёрын С.О. д төлөх ёстой мөнгө тусгаарлагдаж бид сөрөг нэхэмжлэлийн бүтэн шаардлагаас татгалзаж байгаа юм. Бид сөрөг нэхэмжлэлийн шаардлагаараа 3,300,000 төгрөгийг хүүтэй нь нэхэмжилж байгаа тул үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас суутган тооцуулах саналтай байна. Анх нэхэмжлэл гаргахдаа эднийх 5,500,000 төгрөгөөр нэг удаа, 8,000,000 төгрөгөөр нэг удаа, 6,000,000 төгрөгөөр нэг удаа, 2,884,000 төгрөгөөр нэг удаа төлсөн гэж бичсэн байдаг. Үүнээс 3 удаагийн төлөлт хийгээд 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Н.Х. тооцоогоо бичээд С.О. руу явуулсан байдаг. С.О. нь 153 ширхэг ямааны хөлдүү гулууз байгаа би эзгүй явж байгаа учраас очоод авчих гэж хэлсэн. Гэтэл энэ хүн нэг мах нь муу учраас буцаагдлаа. Үлдэгдэл мах болох 3,109 кг махыг 7,200 төгрөгөөр бодоход 22,382,640 төгрөг болж байгаа юм. Үүнээс 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 5,500,000 төгрөг, 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 8,000,000 төгрөг, 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдөр 6,000,000 төгрөг, 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 2,884,800 төгрөгийн төлөлт хийснээр уг зээлээр авсан махны үнэ дууссан гэх тайлбарыг бичиж өгсөн байна. Манай зүгээс 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 2,884,800 төгрөгийг шилжүүлээгүй, 22,382,640 төгрөгөөс авсан мөнгөнүүдээ хасахаар 2,884,800 төгрөг болж байна. 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр над руу 1,032,000 төгрөг шилжүүлээд надад өгөх ёстой үлдэгдэл мөнгө бол 1,852,640 төгрөг юм. Үүнээс хойших махыг өөрөө 7 удаагийн гүйлгээгээрээ авсан. Манайхыг 20 сая төгрөгийн тооцоотой байсан мэтээр ярьж байна. Нэхэмжлэгчээс хариуцагч С.О. руу ирсэн тооцоо нь хавтаст хэргийн 80 дугаар хуудсанд авагдсан байгаа. Манайх сөрөг нэхэмжлэлээрээ З.Б.болон Н.Н.Б нарт холбогдох хэсгээ хасаад шилжүүлсэн 3,300,000 төгрөг, зээлийн хүү 1,680,000 төгрөг, махны үлдэгдэл төлбөр 1,852,640 төгрөгийг нэхэмжлэлийн үндсэн шаардлагаас хасуулаад үлдэх хэсгийг төлөхөд татгалзах зүйлгүй. Нэхэмжлэгч талын нэхэмжилээд байгаа 8,000,000 төгрөг нь хариуцагч С.О. руу шилжсэн нь үнэн, гэхдээ энэ мөнгө нь Н.Х. С.О. гаас мах зээлж авсан махны төлбөр байсан гэв.
5. Хариуцагч З.Б.шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би анх Н.Х.аар дамжуулж С.О. гаас 10,000,000 төгрөг авсан. 10,000,000 төгрөгөөс 3,100,000 төгрөг үлдээд бусад мөнгийг нь ноолуураар төлсөн. С.О. бид хоёр хоорондоо ярилцаад миний Н.Х.д төлөх байсан 3,300,000 төгрөгийн өрийг С.О. миний өмнөөс Н.Х. руу 3,300,000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд би Н.Х.д ямар ч тооцоогүй болж би С.О. д 3,300,000 төгрөгийн өртэй болсон. Би С.О. д нийт 6,400,000 төгрөгийн өртэй байгаад нэмж 300,000 төгрөг зээлж авсан. Би уг мөнгийг удаасан юм чинь 1,000,000 төгрөг нэмж өгөөд нийт 8,000,000 төгрөг болгож өгье гэж хэлээд гарын үсэг зурсан гэв.
6. Хариуцагч Б.Н.Б нь шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Надад Н.Х.тай ярьсан зүйл байхгүй. Манай хүн л хоорондоо ярьсан. Би Н.Х.д гарын үсэг зураагүй. С.О. энэ хэд хоорондоо л ярьсан байх. Надад өөр ярих зүйл байхгүй гэв.
7. Хариуцагч С.О. нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Миний бие нь 2020 оны 1 сараас эхлэн мал, мах,арьс шир, ноос, ноолуур авч худалдан борлуулах ажил хийж эхэлсэн. Энэ үед Шонхор зоогийн газар ажиллуулдаг гэх Н.Х.тай танилцсан. Н.Х.ыг зүс мэдэх болсноос хойш Н.Н.Б, З.Б.гээд манай ах эгч хоёр Баянхутаг суманд мал маллаж амьдардаг тэдэнд 10,000,000 төгрөг зээлдүүлээч санаа зоволтгүй би батлан даана гэж гуйгаад З.Б., Н.Н.Б хоёрыг дагуулж ирээд ах, эгчийнхээ дансанд мөнгийг хийлгэж авсан. Мөнгөө өгөхгүй болохоор нь Н.Х. болон түүний нөхөртэй хамт Баянхутаг суманд гэрт нь очиж мөнгөө нэхэж авсаар 3,400,000 төгрөг болсон. Н.Х. З.Б.эгчээс 3,300,000 төгрөг бас авах юмаа чи тэрийг нь надад өгөөд З.Б., .Н.Б нараас нийлүүлээд ав, хоёулаа нэг хүнээс мөнгө авах гэж явснаас тэр нь дээр юм байна гэж хэлээд, З.Б.ийн өмнөөс түүний данс руу 3,300,000 төгрөгийг шилжүүлсэн. 3,300,000 төгрөгөө 1,8 хувийн хүүтэй өгнө гэсэн. 2023 оны 3 дугаар сард Н.Х. зоогийн газартаа мах авъя гээд надаас 3 тонн мах авсан. Мөнгөө уван цуван өгсөн. Харин тооцоо нийлээд миний дансанд ороогүй 1,800,000 төгрөгийг би чиний дансанд хийсэн, тооцоо дууссан гэхэд нь би тухайн үед ажил ихтэй байсан тул нарийн тооцоо хийж тулгаагүй. 1,800,000 төгрөгийг өгөөгүй. Иймд Н.Х. З.Б., Н.Н.Б нарт зээлдүүлсэн мөнгөний үлдэгдэл 3,400,000 төгрөг, З.Б.гийн зээлсэн мөнгөний хүү 1,000,000 төгрөг З.Б.Н.Н.Б нар цагаан сараар зээлж авсан 500,000 төгрөг, нийт 12,680,000 төгрөгийг Н.Х.аас нэхэмжилж байна. Иймд Н.Х.аас 12,680,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г. нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Манайх сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох 12,680,000 төгрөгөөс З.Б., Н.Н.Б нарт холбогдуулан гаргасан 4,900,000 төгрөгөөс татгалзаад, үлдэгдэл 6,832,640 төгрөгийг Н.Х.аас нэхэмжилж байгаа юм. С.О. нь З.Б.ийн өмнөөс Н.Х. руу 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 3,300,000 төгрөгийг шилжүүлсэн. Энэ 3,300,000 төгрөгийг өдрийн 1,8 хувийн хүү буюу 31 сарыг 60,000 төгрөгөөр бодоход 1,680,000 төгрөгийн хүү гарч ирнэ. Мөн 3,109 кг махны тооцооноос 4 удаагийн шилжүүлгээр хийгдсэн мөнгөн дүнгээс 1,852,640 төгрөг төлөгдөөгүй үлдсэн. Дээрх мөнгөн дүнг нийлүүлэхээр сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох 6,832,640 төгрөг гарч байгаа юм. З.Б., Н.Н.Б нарт холбогдох асуудал тусдаа хэрэг нь тусгаарлагдаж шийдвэрлэгдсэн учраас сөрөг нэхэмжлэлийн үнийн дүн багасаж байна. Үзлэг хийсэн тэмдэглэл, мөнгө шилжүүлсэн баримт, банкны хуулга зэргээр бүх зүйл тодорхой байгаа. Н.Х. анхнаасаа 22,382,640 төгрөг төлөх ёстой байсан гэдгээ мэдэж байгаа. Нэхэмжлэгч тал нь талуудын гэх мессежийг хэрэгт хавсаргаж хийсэн байна лээ. Гэхдээ тэр нь хэний мессеж болох нь тодорхойгүй харах боломжгүй мессеж байсан. Хэн нэгэн рүү тийм мессеж биччихээд С.О. гэж тайлбарлаад байгаа юм. Үүнийг нотлох баримт гэж үзэх боломжгүй гэв.
8. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г. нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Махны үйл баримт, махны тооцоо, 1,8 хувийн зээлийн хүү, махны үлдэгдэл үнэ 1,852,640 төгрөг гээд маш тодорхойгүй, ойлгомжгүй зүйлээр сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. 3,300,000 төгрөгийн үйл баримт дээр маргахгүйгээр 8,000,000 төгрөгөөс хасуулаад үлдэгдэл мөнгийг нь төлчих л дөө. 8,000,000 төгрөгийг 3 хариуцагчаас шаардаад байгаа боловч төлөх ёстой үндсэн үүрэгтэй хүн нь С.О. юм. З.Б.ийн өмнөөс С.О. нь 3,300,000 төгрөгийг төлчхөөд би төлөхгүй гээд байгаа нь зөв. Гэхдээ хариуцагчийн гаргаж байгаа сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй, ойлгомжгүй, тодорхойгүй, сөрөг нэхэмжлэл гаргах эрх зүйн үндэс байхгүй. Н.Х. нь 3,300,000 төгрөгөөр өнөөдрийг хүртэл хохирсон, хүү алданги авч үзээгүй гэв.
9. Нэхэмжлэгч талаас шүүхэд 2022.08.30-ны өдрийн Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл 4,000,000 төгрөгийн баримт (хх-ийн 4 тал), 2022.09.07-ны өдрийн Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл 1,000,000 төгрөгийн баримт (хх-ийн 5 тал), 2022.09.07-ны өдрийн Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл 300,000 төгрөгийн баримт (хх-ийн 6 тал), Н.Х.ын нэр дээрх ХААН банкны ............69 тоот дансны 2022.09.18-ны өдрөөс 2022.09.20-ны өдрийг хүртэлх хугацааны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 7 тал), 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 0525 дугаартай итгэмжлэлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 8 тал), 2022.07.03-ны өдрийн Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл 1,420,000 төгрөгийн баримт (хх-ийн 145 тал), 2022.07.06-ны өдрийн Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл 2,800,000 төгрөгийн баримт (хх-ийн 147 тал), 2022.07.11-ний өдрийн Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл 833,000 төгрөгийн баримт (хх-ийн 148 тал), 2022.07.26-ны өдрийн Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл 3,000,000 төгрөгийн баримт (хх-ийн 149 тал), 2022.08.17-ны өдрийн Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл 2,000,000 төгрөгийн баримт (хх-ийн 150 тал), Н.Х.ын нэр дээрх ХААН банкны .............72 тоот дансны 2022.06.20-ны өдрөөс 2022.60.30-ны өдрийг хүртэлх хугацааны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 160-161 тал), 2022.07.25-ны өдрийн 1433 дугаартай Худалдах, худалдан авах гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 183 тал), ... УАВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, С.О. , И.С. нарын иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 184 тал), С.О. гийн нэр дээрх Хаан банкны ........11 тоот дансны 2022.05.01-ны өдрөөс 2022.08.31-ний өдрийг хүртэл хугацааны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 188-222 тал) зэргийг баримтаар гаргаж өгсөн.
10. Хариуцагч талаас шүүхэд хариу тайлбар (хх-ийн 14-15 тал), С.О. гийн нэр дээрх Хас банкны ..............................32 тоот дансны 202.01.28-ны өдрийн дансны хуулга (хх-ийн 26 тал), Н.Н.Бийн С.О. д гаргаж өгсөн гэх баталгааны гар бичвэр (хх-ийн 27 тал), З.Б.ийн С.О. д гаргаж өгсөн гэх баталгааны гар бичвэр (хх-ийн 28 тал), З.Б.ийн С.О. д 2022.09.30-ны өдөр гаргаж өгсөн гэх баталгааны гар бичвэр (хх-ийн 29 тал), З.Б.ийн С.О. д гаргаж өгсөн гэх гар бичвэр (хх-ийн 30 тал), Мөнгө зээлсэн баримт 2022.01.28-ны өдөр баталгаа гаргасан Н.Н.Б, З.Б.гэх гар бичвэр (хх-ийн 31 тал), С.О. гийн нэр дээрх Хаан банкны ..............111 тоот дансны 2022.04.01-ны өдрөөс 2022.09.01-ний өдрийг хүртэл хугацааны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 51-63 тал)-г баримтаар гаргаж өгсөн байна.
11. Хариуцагч С.О. гийн шүүхэд гаргасан хүсэлтээр үзлэг хийсэн тэмдэглэл (хх-ийн 120-131 тал) зэрэг баримтыг шүүх бүрдүүлсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд:
Хариуцагч С.О. нь нэхэмжлэгч Н.Х.аас 2022 оны 8 сарын 30-ны өдөр 4,000,000 төгрөгийг, 2022 оны 9 сарын 07-ны өдөр 1,000,000 төгрөг, 300,000 төгрөгийг, 2022 оны 9 сарын 19-ний өдөр 2,000,000 төгрөг, 700,000 төгрөгийг нийт 8,000,000 төгрөгийг зээлж, дансаар шилжүүлэн аваад одоог хүртэл өгөөгүй тул уг мөнгийг гаргуулна, харин мах зээлээр авсан нь энэхүү зээлийн харилцаанаас тусдаа өөр харилцаа гэж,
3. Хариуцагч С.О. гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г. нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:
2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хариуцагч С.О. нь хариуцагч З.Б.ийн өмнөөс нэхэмжлэгч Н.Х. руу 3,300,000 төгрөг шилжүүлсэн, энэхүү 3,300,000 төгрөгийн 31 сарын хүү 1,680,000 төгрөг, мах зээлээр авсан үлдэгдэл төлбөр 1,852,640 төгрөг, нийт 6,832,640 төгрөгийг нэхэмжлэлийн дүн 8,000,000 төгрөгөөс суутгуулан үлдэгдэл 1,167,360 төгрөгийг төлнө гэж мэтгэлцлээ.
4. Хариуцагч С.О. нь нэхэмжлэгч Н.Х.д холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон.Үүнд:
Шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох 12,680,000 төгрөгийг багасгаж 6,832,640 төгрөгийг Н.Х.аас нэхэмжилж байна. Үүнд С.О. нь З.Б.ийн өмнөөс Н.Х. руу 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 3,300,000 төгрөгийг шилжүүлсэн. Энэ шилжүүлсэн 3,300,000 төгрөгийн өдрийн 1,8 хувийн хүү буюу 31 сарыг 60,000 төгрөгөөр бодоход 1,680,000 төгрөгийн хүү гарна. Мөн 3,109 кг махыг нэхэмжлэгч Н.Х. нь хариуцагч С.О. гаас авсан бөгөөд уг тооцооноос 4 удаагийн шилжүүлгээр хийгдсэн мөнгөн дүнгээс 1,852,640 төгрөг төлөгдөөгүй үлдсэн. Ингээд нийт 6,832,640 төгрөгийг нэхэмжлэгч Н.Х.аас нэхэмжилж байна гэв.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г. нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй, ойлгомжгүй, тодорхойгүй, сөрөг нэхэмжлэл гаргах эрх зүйн үндэс байхгүй гэж тайлбарлалаа.
6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
Нэхэмжлэгч Н.Х. нь 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 4,000,000 төгрөг, 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 1,000,000 төгрөг болон 300,000 төгрөгийг, 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 2,000,000 төгрөг болон 700,000 төгрөгийг тус тус нийт 8,000,000 төгрөгийг хариуцагч С.О. гийн нэр дээрх ХААН банк дахь 5959222111 тоот данс руу шилжүүлсэн байх бөгөөд энэ нь хэрэгт авагдсан мөнгөн шилжүүлгийн мэдээлэл /хх-ийн 3-6/, нэхэмжлэгч Н.Х.ын нэр дээрх дансны хуулга /хх-ийн 7/ болон зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудаар нотлогдож байх бөгөөд энэ талаар зохигчид маргаагүй болно.
Хариуцагч С.О. нь нэхэмжлэгч Н.Х.д холбогдуулан гаргасан 6,832,640 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэл болох 8,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн үнийн дүнгээс суутгуулан үлдэгдэл 1,167,360 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул түүний шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн үндэслэлд эхлээд дүгнэлт хийхэд:
А. Сөрөг нэхэмжлэлд дурдагдсан 3,300,000 төгрөгийг хариуцагч С.О. нь хариуцагч З.Б.ийн өмнөөс нэхэмжлэгч Н.Х.ын эзэмшлийн данс руу шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан С.О. гийн нэр дээрх Хас банк дахь дансны хуулга /хх-ийн 26/, талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудаар нотлогдож байх ба энэ талаар талуудын хэн ч маргаагүй.
Энэхүү 3,300,000 төгрөгийн талаар хариуцагч З.Б.нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...С.О. бид хоёр хоорондоо ярилцаад С.О. миний нүдэн дээр миний өмнөөс Н.Х. руу 3,300,000 төгрөгийг шилжүүлээд би Н.Х.д ямар ч тооцоогүй болж би С.О. д 3,300,000 төгрөгийн өртэй болсон... гэж хариуцагч С.О. д уг 3,300,000 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн. Иймд хариуцагч С.О. нь 3,300,000 төгрөгийг хариуцагч З.Бо.аас нэхэмжлэх эрх нь нээлттэй байна.
Б. Хариуцагч З.Б.ийн өмнөөс нэхэмжлэгч Н.Х. руу 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр шилжүүлсэн 3,300,000 төгрөгийг өдрийн 1,8 хувийн хүүтэй, 31 сарыг 60,000 төгрөгөөр бодож 1,680,000 төгрөгийн хүүг нэхэмжлэгч Н.Х.аас нэхэмжилсэн сөрөг нэхэмжлэл нь үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл энэхүү 3,300,000 төгрөгийг хариуцагч С.О. нь хариуцагч З.Б.ийн өмнөөс нэхэмжлэгч Н.Х.ын эзэмшлийн данс руу шилжүүлсэн үйл явдал болсон байна. Харин хариуцагч С.О. , нэхэмжлэгч Н.Х. нарын хооронд 3,300,000 төгрөгийн зээлийн гэрээний харилцаа үүсээгүй байна. Түүнчлэн зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болох ба хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр хийнэ, энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдахыг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т заасан байна.
Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-д зааснаар хариуцагч З.Б.ийн өмнөөс нэхэмжлэгч Н.Х. руу 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр шилжүүлсэн 3,300,000 төгрөг, түүний хүү 1,680,000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
В. Харин нэхэмжлэгч Н.Х.ын хариуцагч С.О. гаас зээлж авсан гэх 3,109 кг махны төлбөрөөс төлөгдөөгүй үлдсэн 1,852,640 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдохгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-д Сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох байвал шүүх сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэнэ. Бусад тохиолдолд тэдгээрийг хамтруулан шийдвэрлэх эсэхийг шүүх шийдвэрлэнэ гэж хуульчилсан байна.
Иймд хариуцагч С.О. нь баримтаа бүрдүүлэн нэхэмжлэгч Н.Х.д холбогдуулан махны төлбөр 1,852,640 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргах эрх нь нээлттэй болно.
Хариуцагч С.О. гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г. нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...нэхэмжлэгч талын нэхэмжилээд байгаа 8,000,000 төгрөг нь хариуцагч С.О. руу шилжсэн нь үнэн, гэхдээ энэ мөнгө нь Н.Х. С.О. гаас мах зээлж авсан махны төлбөр байсан гэх боловч энэхүү тайлбар нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна. Тэрээр энэхүү тайлбараа нотлохоор хэрэгт тооцоо бичсэн гэх дэвтрийн хуулбар /хх-ийн 49-50, 80/-ыг хавсаргасан боловч энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д заасан нотлох баримтын шаардлага хангаагүй байна. Мөн хариуцагч С.О. гийн хүсэлтээр түүний эзэмшилд байсан тооцооны гэх дэвтэрт шүүхээс үзлэг хийсэн /хх-ийн 120-129/. Гэвч тус дэвтэрт бичигдсэн бичвэрүүд болон хэрэгт авагдсан уг дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 183-187/-т авагдсан бичвэрүүд нь засвартай, хэзээ бичигдсэн нь тодорхойгүй, хэнд хүлээлгэн өгсөн нь тодорхойгүй, нөгөө талын этгээдээр гарын үсэг зуруулсан эсэх нь тодорхойгүй байх тул хэрэгт нотлох баримтаар үнэлээгүй болно.
7. Иймд нэхэмжлэгч Н.Х., хариуцагч С.О. нарын хооронд 2022 оны 8 сарын 30-ны өдрөөс 2022 оны 9 сарын 19-ний өдрийн хооронд нийт 8,000,000 төгрөгийг дансаар шилжүүлсэн харилцаанаас үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн харилцаа үүссэн гэж дүгнэхээр байна. Тус хуулийн заалтаар зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээдэг.
Хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараас үзэхэд нэхэмжлэгч Н.Х.аас хариуцагч С.О. д нийт 8,000,000 төгрөг шилжсэн, харин хариуцагч С.О. нь уг төлбөрийг буцаан төлөх үүргээ биелүүлсэн эсэх талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул хариуцагч С.О. гаас 8,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Х.д олгож, хариуцагч С.О. гийн нэхэмжлэгч Н.Х.д холбогдуулан гаргасан 2020 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр шилжүүлсэн 3,300,000 төгрөг, түүнд тооцсон хүү 1,680,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
8. Хариуцагч С.О. гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г. нь нэхэмжлэгч Н.Х.д холбогдуулан гаргасан 12,680,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагын 5,847,360 төгрөгөөс татгалзсан бөгөөд хариуцагч С.О. нь 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Д.Г.т 1 жилийн хугацаагаар итгэмжлэл олгосон /хх-ийн 181/ ба итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г. нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг багасгах, татгалзах эрхтэй байна.
9. Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г. нь хариуцагч З.Б., хариуцагч Н.Н.Б нарт холбогдуулан 8,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн хүрээнд тэдгээрээс ямар үндэслэлээр хэдэн төгрөг нэхэмжилж буй нь тодорхойгүй байх тул хариуцагч З.Б., хариуцагч Н.Н.Б нарт холбогдох 8,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Х.ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.О. гаас 142,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Х.д олгож, хариуцагч С.О. гийн сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 217,830 төгрөгөөс махны үнэ 1,852,640 төгрөг нэхэмжилсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 44,592 төгрөгийг улсын орлогоос гаргуулан хариуцагч С.О. д олгож, үлдэх сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 173,238 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
11. Хавтаст хэрэгт авагдсан дэвтрийн хуулбар /хх-ийн 49-50, 80/, гар бичмэлийн хуулбар хувиуд /хх-ийн 73-74, 81-82/, чатын хуулбар /хх-ийн 79, 158, 159/-ууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д заасан нотлох баримтын шаардлага хангаагүй тул хэрэгт нотлох баримтаар үнэлээгүй болно.
Түүнчлэн хэрэгт хэний эзэмшлийн данс нь тодорхойгүй дансны хуулгын материал /хх-ийн 163-165/, 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 183-184/ авагдсан ба эдгээр нь тус хэрэгт хамааралгүй байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно.
12. Тус шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 1529 дугаартай Хүсэлт хянан шийдвэрлэх тухай шүүгчийн захирамжаар /хх-ийн 107/ хариуцагч З.Б., Н.Н.Б нарын 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хариуцагч С.О. д бичиж өгсөн гар баталгааны эх хувийг хариуцагч С.О. гаас гаргуулахаар шийдвэрлэсэн бөгөөд уг баримтыг хариуцагч С.О. нь хэрэгт өмнө нь хавсаргасан /хх-ийн 27-30/ дахин өгөх материал байхгүй, шүүгчийн захирамжийн биелэлт өмнө хангагдсан байсан хэмээн хариулсан /хх-ийн 153-154/ болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасныг баримтлан хариуцагч С.О. гаас 8,000,000 /найман сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Х.д олгож, хариуцагч З.Б., хариуцагч Н.Н.Б нарт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хариуцагч С.О. гийн нэхэмжлэгч Н.Х.д холбогдуулан гаргасан 2020 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр шилжүүлсэн 3,300,000 төгрөг, түүнд тооцсон зээлийн хүү 1,680,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т зааснаар махны үлдэгдэл төлбөр 1,852,640 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагад тооцогдохгүй байх тул шийдвэрлээгүй болохыг дурдаж, энэ талаар дахин нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй болохыг дурдсугай.
4. Хариуцагч С.О. гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г. нь нэхэмжлэгч Н.Х.д холбогдуулан гаргасан 12,680,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагын 5,847,360 төгрөгөөс татгалзсан болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Х.ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142,950 /нэг зуун дөчин хоёр мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.О. гаас 142,950 /нэг зуун дөчин хоёр мянга есөн зуун тавь/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Х.д олгож, хариуцагч С.О. гийн сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 217,830 /хоёр зуун арван долоон мянга найман зуун гуч/ төгрөгөөс 44,592 /дөчин дөрвөн мянга таван зуун ерөн хоёр/ төгрөгийг улсын орлогоос гаргуулан хариуцагч С.О. д олгож, үлдэх сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 173,238 /нэг зуун далан гурван мянга хоёр зуун гучин найм/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАРИНА