| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 156/2023/00725/И |
| Дугаар | 156/ШШ2023/00683 |
| Огноо | 2023-12-11 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 156/ШШ2023/00683
2023 12 11 156/ШШ2023/00683
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2023/00725/И
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ...........тоотод оршин суух, Б.С.,
Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5-р баг, Т-173-03 тоотод оршин суух, Боржигон овогт Э.Ү.
Нэхэмжлэлийн шаардлага: 7,738,080 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.О.,
Хариуцагч Э.Ү.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.О нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.С.н итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.О. нь хариуцагч Э.Ү.д холбогдуулан 7,738,080 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.О. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний төрсөн охин Б.С нь Солонгос улсын худалдааны компанид орчуулагч менежерээр ажилладаг. Мөн хувиараа бизнес эрхэлдэг. Э.Ү. нь миний охин Б.С.оос 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл хугацаанд нийтдээ 5 удаагийн үйлдлээр 10,748,600 төгрөгийн гоо сайхны барааг бусдад зарж борлуулж өгнө гэж аваад удаа дараа худлаа хэлж, гар утсаа авахгүй, 1 жил гаран хугацаанд мөнгөө өгөөгүй. Бараагаа авсан өгснөө бүгдийг нь бичээд шүүхэд гаргаж өгсөн. Манай охин Б.С. нь Э.Ү.тай уулзах гэж ирээд уулзаж чадалгүй 7 хоног хүлээж байгаад явсан. Э.Ү.нь өрөөний түлхүүрээ олохгүй байна гээд мөн утас нь холбогдохгүй байсан. Бид өөрсдийн тооцооллоо гаргаад өгчихсөн. Э.Ү. нь өөрийн хөтөлж байсан дэвтрийг одоо хүртэл олохгүй надаас асууж байгаа. Би Хэрлэн сумын багийн Засаг даргатай ярьж байгаад баг дотор өрөө аваад шкаф авчирч тавьж байраар хангаж өгсөн боловч нэг ч удаа бараа зарахаар орж ажиллаагүй. Бид хий хоосон түрээсийн төлбөр төлж байхаар бараагаа авъя гэсэн боловч түлхүүрээ олохгүй байна гээд 2-3 сар явсан. Үүний дараа бид хаалганы цоожийг эвдээд шинээр цоож хийсэн. Манай охин бид хоёр Э.Ү.тай холбогдох гээд ерөөсөө чадахгүй байсан. Иймд Э.Ү.аас 7,738,080 төгрөгийг гаруулж өгнө үү гэв.
3. Хариуцагч Э.Ү. нь хариу тайлбартаа: Миний бие Б.С.с 7 удаа нийт 17,626,300 төгрөгийн бараа авсан. Үүнээс нийт дансаар 12 дугаар сарын 24-ний өдөр 274,800 төгрөг, 1,800,000 төгрөг, 12 дугаар сарын 25-ны өдөр 148,400 төгрөг, 198,000 төгрөг, 12 дугаар сарын 25-ны өдөр 50,000 төгрөг, Б.С.ын найз өөрөөс нь зээлээр бараа авсан барааны үнэ 1,306,400 төгрөг, Дорнод аймаг руу бараа явуулсан барааны үнэ 1,340,000 төгрөг, хот руу өөрөө авч явсан барааны үнэ 1,300,000 төгрөг, буцаасан барааны үнэ 5,638,700 төгрөг, байрны түрээс 350,000 төгрөг, Д. руу 110,000 төгрөгийн бараа зарж Б.С.ын дансанд хийсэн, тестер бүтээгдэхүүн fame сэт бараа бүтээгдэхүүнээ суртачилсан 308,000 төгрөг, цэвэрлэгч 110,000 төгрөг, ампуль 341,000 төгрөг, витамин С 65,000 төгрөг нийт үлдэгдэл 4,286,000 төгрөг болж байна. Үүнээс тооллогоор дутсан 338,000 төгрөг нэмэгдээд нийт 4,624,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Үлдэгдэл 3,114,080 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
4. Нэхэмжлэгч талаас шүүхэд Р.О.ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 3 тал/, итгэмжлэл /хх-ийн 4 тал/, Үүрээгийн 2022 онд каргоноос бараа хүлээн авсан гэх жагсаалтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 5- тал/, Ү. зээл гэх барааны жагсаалт бичсэн гэх дэвтрийн хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 6 тал/, Ү.аас авах авлага гэх бичилттэй дэвтрийн хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 7 тал/, Э.Ү.аас нийт авах авлага 6,902,400 төгрөг гэх бичилттэй дэвтрийн хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 8 тал/, Хэнтий аймгийн Хэрлэн сумын ............тодорхойлолт /хх-ийн 9 тал/-ыг баримтаар шүүхэд ирүүлсэн байна.
6. Хариуцагч талаас шүүхэд хариу тайлбар /хх-ийн 21-р тал/-ыг шүүхэд ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Б.С.ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.О.ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлээс 6,181,040 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, үлдэх 1,557,040 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч тал дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
Э.Ү. нь Б.С.оос гоо сайхны бараа зарж өгнө гэж хэлээд бараа авсан. Уг барааны үнээс 7,738,080 төгрөгийг өгөөгүй тул төлөх ёстой гэж тайлбарлав.
3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:
Би Б.С.оос 7 удаа нийт 17,626,300 төгрөгийн бараа авсан. Үүнээс тооллогоор дутсан барааны үнэ 338,000 төгрөгийг нэмээд нийт 4,624,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Үлдэгдэл 3,114,080 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэж мэтгэлцлээ.
4. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
Хариуцагч Э.Ү. нь нэхэмжлэгч Б.С.оос 2022 оны 9 дүгээр сард гоо сайхны бараа авч зарж өгөхөөр тохиролцсон болох нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байх ба талууд энэ талаар маргаагүй, мөн нэхэмжлэгч Б.С. нь хариуцагч Э.Ү.д нийт 10,748,600 төгрөгийн бараа өгсөн гэж, хариуцагч Э.Ү. нь Б.С.ос нийт 17,626,300 төгрөгийн бараа авсан гэж зөрүүтэй тайлбарлах боловч талууд энэ талаар маргаагүй болно.
5. Харин хариуцагч Э.Ү. нь уг бараанаас 5,638,700 төгрөгийн бараа буцааж өгсөн. Б.С.ын данс руу 2022 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 274,800 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 148,300 төгрөг, 50,000 төгрөг, 1,800,000 төгрөг, 198,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. 1,300,000 төгрөгийн барааг Б.С. нь замын дайвраар буцааж авсан. Мөн Дорнод аймаг руу найз руугаа 1,340,000 төгрөгийн бараа заруулахаар авсан. Бараа зарахаар байр түрээслэсэн түрээсийн төлбөрт би 350,000 төгрөгийг төлсөн, 110,000 төгрөгийн бараа борлуулж тухайн өдөрт нь Б.С.ын данс руу мөнгийг нь шилжүүлсэн. Б.С.ын явуулсан бараанууд нь гоо сайхны бүтээгдэхүүн учраас 308,000 төгрөг, 310,000 төгрөг, 341,000 төгрөг, 65,000 төгрөгийн 4 удаа бүтээгдэхүүнийг тестэр болгож гаргасан. Тооллого хийхэд 338,000 төгрөгийн бараа дутсан. Энэ бүгдийг нэхэмжлэгч Б.С. нь тооцоондоо оруулаагүй байна. Нэхэмжилж буй 7,738,080 төгрөгөөс 4,624,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 3,114,080 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ийм үйл явдал огт болоогүй бараа хүлээлгэж өгснөөс хойш Б.С.ын дансанд Э.Ү.аас 1,800,000 төгрөг, 198,000 төгрөг шилжин орсон. Өөр ямар нэгэн төлөлт орж ирээгүй, бараа буцааж аваагүй гэх боловч тэрээр энэхүү тайлбараа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.
6. 2022 оны 9 дүгээр сараас эхлэн нэхэмжлэгч Б.С. нь хариуцагч Э.Ү.ад гоо сайханы бараа өгч заруулахаар амаар тохироцож, хүлээлгэн өгсөн гэх үйлдэл нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээний шинжийг агуулж байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хариуцагч Э.Ү.тай хамтран ажиллахаар тохиолцсон гэх боловч талуудын хооронд хамтран ажиллах гэрээний шинж байхгүй байна.
7. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ гэж зохицуулсан байна.
Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг. Ингэхдээ хөлсөөр ажиллаж байгаа болон хөлсөөр ажиллуулж буй этгээд тус тус хуульд заасан үүргээ биелүүлэх ёстой байдаг.
8. Нэхэмжлэгч болон хариуцагч нар нь өөр өөрсдийн шаардлага татгалзалын үндэслэлийг нотолсон баримтуудыг шүүхэд ирүүлээгүй, хэрэгт энэ талаар баримт авагдаагүй тул талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзэхэд нэхэмжлэгч Б.С. нь хариуцагч Э.Ү.д нийт хэдэн төгрөгний ямар ямар барааг хэдэн оны хэдэн сарын хэдний өдөр хүлээлгэн өгсөн, хэдэн төгрөгний барааны мөнгийг хүлээн авсан, хэдэн төгрөгний ямар ямар бараа зарагдаагүй үлдсэн нь тодорхойгүй, баримтжуулаагүй, энэ үүргээ нэхэмжлэгч тал биелүүлээгүй, харин хариуцагч Э.Ү. нь уг хүлээн авсан бараанаас хэдэн төгрөгийн ямар ямар бараа буцааж өгсөн, нэхэмжлэгч Б.С.ын данс руу зарагдсан ямар барааны хэдэн төгрөгийг хэзээ шилжүүлсэн, Дорнод аймаг руу Б.С. нь найз руугаа заруулахаар хэдэн төгрөгийн ямар ямар барааг хэзээ хэнд өгсөн, бараа зарахаар хэзээ ямар үнэтэй ямар байрыг түрээслэсэн түрээсийн хэдэн төгрөгийн төлбөр гарсан түүнийг хэн хариуцаж төлөх, хэдэн төгрөгний ямар ямар бараа бүтээгдэхүүний тестрыг хэзээ гаргасан, хэдэн төгрөгийн ямар ямар бараа дутсан нь тодорхойгүй, баримтжуулаагүй, энэ талаарх тооцоололоо хариуцагч баримтаар нотолоогүй байна.
Өөрөөр хэлбэл шүүх хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ талуудын гаргаж өгсөн нотлох баримт дээр тулгуурлан түүнийг бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр шүүх өөрийн дотоод итгэлээр үнэлэн хянан шийдвэрлэдэг.
9. Нэхэмжлэгч тал нь нэхэмжлэлээ дэмжиж, шүүх хуралдаанд гаргасан тайлбараа нотлохоор хэрэгт 2022 онд каргоноос бараа хүлээн авсан гэх жагсаалтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 5- тал/, барааны жагсаалт бичсэн гэх дэвтрийн хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 6 тал/, Ү.аас авах авлага гэх бичилттэй дэвтрийн хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 7 тал/, Э.Ү.аас нийт авах авлага 6,902,400 төгрөг гэх бичилттэй дэвтрийн хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 8 тал/-ыг хавсаргасан боловч энэхүү материалууд нь бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай баримтат мэдээлэл гэж үзэх боломжгүй байна. Учир нь уг материал дээр бичигдсэн бараануудыг хэнээс хэнд хүлээлгэн өгсөн нь тодорхойгүй, үүнийг хариуцагч тал зөвшөөрөөгүй, уг баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан нотлох баримтын шаардлага хангаагүй байна.
10. Иймд талууд өөр өөрийн хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх тул уг харилцаанаас үүссэн эрсдлийг талууд тэнцүү хэмжээгээр хариуцах ёстой гэж шүүх дүгнэлээ.
Хариуцагч Э.Ү. нь нэхэмжлэлийн шаардлагын 4,624,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул уг 4,624,000 төгрөгийг гаргуулан, үлдэх 3,114,080 төгрөгийг нэхэмжлэгч болон хариуцагч нарт тэнцүү хэмжээгээр хариуцуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж, Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1.1-д зааснаар хариуцагч Э.Ү.аас нийт 6,181,040 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.С.д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,557,040 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.С.ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 138,760 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Ү.аас 6,181,040 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 113,847 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.С.д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1.1-д заасныг баримтлан хариуцагч Э.Ү.аас 6,181,040 /зургаан сая нэг зуун наян нэгэн мянга дөч/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.С.д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,557,040 /нэг сая таван зуун тавин долоон мянга дөч/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 138,760 /нэг зуун гучин найман мянга долоон зуун жар/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Ү.аас улсын тэмдэгтийн хураамж 113,847 /нэг зуун арван гурван мянга найман зуун дөчин долоо/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.С.д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАРИНА