| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ширэндэвийн Бат-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 2006000002592 |
| Дугаар | 2021/ДШМ/1013 |
| Огноо | 2021-11-25 |
| Зүйл хэсэг | 10.1.2.7., 10.1.2.11., |
| Улсын яллагч | А.Сайнбаяр |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 2021/ДШМ/1013
2021 11 25 2021/ДШМ/1013
Г.Х, Т.А, Б.Б нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор А.Сайнбаяр
шүүгдэгч Г.Х, түүний өмгөөлөгч Б.Даваасүрэн,
шүүгдэгч Т.А, түүний өмгөөлөгч Л.М, Д.Батдорж,
шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Ц.Мандал,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж, шүүгч Г.Хатанцэцэг, М.Түмэннаст нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 2021/ШЦТ/995 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Х, мөн шүүгдэгч Т.А, түүний өмгөөлөгч Л.М, шүүгдэгч Б.Б нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Г.Х, Т.А, Б.Б нарт холбогдох 2006000002592 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Г.Х, Т.А, Б.Б нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн 2020 оны 10 дугаар сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Моносын 2 дугаар гудамжны 36б тоотод /нийтийн байрны 16 тоотод/ иргэн Д.Мөбыг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж нүүр, хэвлий хэсэг рүү нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож санаатай алсан гэмт хэрэгт,
Г.Х нь 2020 оны 10 дугаар сарын 5-ны өдөр хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Моносын 2 дугаар гудамжны 36б тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн төрсөн эх Д.Гд байнга агсам согтуу тавьж, харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу ахмад настай хүний эсрэг үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Г.Хийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.11 дэх заалтад, мөн хуулийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад тус тус зааснаар,
Т.Агийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.11 дэх заалтад зааснаар,
Б.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.11 дэх заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт Г.Хийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож, Б.Б, Г.Х, Т.А нарыг хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, бүлэглэж хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.11 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.Х, Б.Б нарыг тус бүр 15 /арван тав/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Т.Аг 14 /арван дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Х, Б.Б нарт оногдуулсан 15 жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Т.Ад оногдуулсан 14 жилийн хугацаагаар хорих ялыг тус бүр хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Х, Т.А, Б.Б тус бүрийн цагдан хоригдсон 343 /гурван зуун дөчин гурав/ хоногийг эдлэх ялд нь тус тус оруулан тооцож, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.У нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч нараас хохирол нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Фүз тий ундааны сав 1 ширхэг, Гоё ундааны сав 1 ширхэг, Айс тий ундааны сав 1 ширхэг, Монгол Стандарт архины шил 1 ширхэг, Өргөө гэх нэртэй архины хуванцар сав 1 ширхэг, цэнхэр өнгийн саравчтай малгай 1 ширхэг, улаан өнгийн судалтай ногоон футболк 1 ширхэг, ягаан өнгийн цахилгаантай цамц 1 ширхэг, шоотой өмд 1 ширхэг, цэнхэр өнгийн жинсэн өмд 1 ширхэг, хар өнгийн малгайтай гурвалжин товчтой цамц 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт шилжүүлж, шүүгдэгч Г.Х, Т.А, Б.Б нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Г.Х давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргасан 2021/ШЦТ/995 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд зааснаар зүйлчлэн 15 жил хаалттай хорих ангид хорих ял оноосонд маш их гомдолтой байна.
1. Гэрч болох миний ээж Ггийн мэдүүлгүүд илт зөрүүтэй, худал мэдүүлэг өгсөн байхад хүн амины хэрэг тулгаж ял өгсөнд,
2. Гэрчээр оролцсон Мө нь өөрийгөө уг гэмт хэрэгт хамааралгүй мэт худал мэдүүлэг өгч, Т.А, Б.Б бид гурвыг гүтгэж хүн амины хэрэгт холбогдуулсан,
3. Талийгаач Мөбыг шүүх шинжилгээнд оруулахад талийгаачийн нүүрэн хэсгээс Мөын гарын хээ илэрсэн, мөн Мө нь талийгаачийн дээрээс цээжин хэсэгт нь хөлөөрөө дэвсэж байхыг гурвын гурван хүн харснаа мөрдөн байцаах явцад хэлсээр байтал үүнийг авч хэлэлцэхгүй, жинхэнэ гэмт хэрэгтнийг гэрч болгож, намайг гэмт хэрэгтэн болгосонд гомдолтой байна.
4. Мөбын гутлын улны хээг хэргийн газарт үзлэг хийхдээ аваагүй бөгөөд Мө нь цагдан хоригдонгуутаа хэрэг гарах үед өмсөж байсан (цөлийн шар гэдэг) гутлаа “яаралтай гаргамаар байна” гэсээр байгаад пүүзээр сольж өмссөн, гутлаа устгасан нь өөрийнхөө ул мөрийг арилгах гэсэн сэжигтэй үйлдэл гэж үзэж байна.
5. Хавтаст хэргээс Мөтой холбоотой согтолтын зэрэг тогтоосон тухай, Мөын гарын хээ, хурууны хээ, алганы хээ нь шүүх шинжилгээгээр гарсаар байтал энэ тухай огт яригддаггүй, шүүх хурал дээр хэлэлцэхгүй, зөвхөн Т.А, Б.Б бид гурвыг л хилсээр гэмт хэрэгтэн болгоод байгаад гомдолтой байна.
Иймд жинхэнэ хүний амь бүрэлгэсэн Мөыг энэ хэрэгт татаж, үнэн зөв нотлох баримтууд байсаар байтал хэрэгт холбогдуулахгүй байна.
Миний хурууны хээ, гутлын мөр талийгаачийн биен дээрээс гараагүй байхад намайг талийгаачийг зодож цохисон гэж байгааг би хүлээн зөвшөөрөхгүй байна.
Жинхэнэ алуурчин Мөыг хэрэгт татаж, нарийн шалгаж дахин мөрдөн байцаалтыг явуулж хэргийн бодит үнэнийг тогтоож өгнө үү гэж хүсэж байна.
Мөн байцаалтын явцад ямар хэрэгт татагдаж байгааг байцаагч надад тайлбарлалгүй, “үнэн гэж бич” гэж тулган гарын үсэг зуруулсанд гомдолтой байна.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Т.А давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 2021/ШЦТ/995 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
Амьдралдаа алдсанаа ухаарч, маш их гэмшиж байна. Т.А би талийгаач болох Мөб гуайг урьд өмнө нь танихгүй, ямар нэгэн өс хонзон байхгүй, тэр өдөр л анх удаа харсан. Ууж идээд энэ хүнийг цохиж зодно гэж заналхийлж, бодож төлөвлөсөн юм байхгүй байсан. Г.Х эгч Мө нарыг сайн танихгүй, танилцаад удаагүй, Мөтой танилцаад 2-3 хонож байсан. Эдгээр хүмүүстэй нийлж архи уугаад ийм хэрэгт орсондоо үнэхээр гэмшиж байна.
Миний ээж Мөнхсайхан 50 нас гарч яваа зүрхний архаг өвчтэй, миний охин Номинг асарч халамжилж яваа, даралт нь ихсэж зүрх нь өвдөж байгаа гэсэн. Ээж минь ажил хийж амьдралаа залгуулахын тулд ажилд явахдаа миний охиныг гэрт нь ганцааранг нь үлдээдэг. Охин маань үл таних эмэгтэйг араас нь дагаж явж байгаад “ээж яг мөн байсан намайг тоохгүй явчихлаа” гээд уйлаад ороод ирдэг гэсэн. Ээж минь эх хүн болохоор балчир охиныг минь зовоочихно гээд миний хэргийн талаар юу ч хэлж чадахгүй, охин байнга “ээжийгээ санаад байна, ээж хэзээ ирэх юм бэ” гээд асууж уйлаад маш хэцүү байгааг сонсоод мөн ээжийн надад эргэлтээр ирж уулзахдаа хүүхдээ амьдаар нь зовоогоод гэж зэмлэхийг нь сонсож хожимдож бүхнийг ухаарч, тэр орой охиноо сургуулиас нь аваад гэрт нь хүргэчихээд гэртээ л үлдээд, буцаж явахгүй байхгүй яав даа гэж их харамсаж гэмшиж сууна. Балчир охиныг минь бодож, эх үр бид хоёрын элгийг минь дэвтээж миний анхны минь хэрэг болохоор ялыг минь багасгаж өгөөч гэж та бүхнээсээ сэтгэлийнхээ гүнээс чин сэтгэлээсээ гуйж байна.
Би энэ хэрэгт Мөын бидний хамт архины согтолт тогтоох шинжилгээ өгсөн нь яагаад хэргээс байхгүй болсныг, мөн Мө гэмт хэрэг үйлдэж, ял эдэлж байсныг хэргийн материалтай танилцахад мэдсэн. Мө ч “шүүх хуралдаанд согтолтын зэрэг шалгасан би 0.4 хувийн согтолттой байсан” гэж ярьсан нь согтолтын зэргийг нь шалгасныг нотолсон ба энэ нотлох баримт хэргээс алга болсон нь маш эргэлзээтэй.
Гэрч Г намайг гарахад талийгаач орон дээрээ байсан эргээд ороод ирэхэд газар хэвтэж байсан. Намайг гарснаас хойш юу болсныг мэдэхгүй гэж хэлсэн. Үнэндээ Г гуайг гараад явсны дараа Мө талийгаачийг орноос татаж унагаад хажуугаас нь өшиглөсөн ба үүнийг бид мөрдөн байцаалт болон удаа дараагийн шүүх хуралдаанд Мөыг шалгуулах хүсэлтэйгээ хэлсэн боловч шүүх Ггийн мэдүүлгээр үгүйсгэгдэж байна гээд Мөыг гэм буруугүй гэж ял завшуулж байгаад гомдолтой байна. Хэргийг үнэн зөвөөр нь шийдвэрлэж өгөхийг хүсч байна. …” гэв.
Шүүгдэгч Т.Агийн өмгөөлөгч Л.М давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 2021/ШЦТ/995 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Т.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.11 заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 14 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсныг эс зөвшөөрч, шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.
Гомдлын үндэслэл нь: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйл. Хэргийн бодит байдлыг тогтоох:
1. “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэсэн заалтыг ноцтой зөрчсөн. Энэхүү хэргийг мөрдсөн мөрдөгч, хянасан прокурор нь хэргийн бодит байдлыг тогтоох үүргээ хэрэгжүүлсэнгүй.
2. “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэсэн хуулийн заалтыг зөрчлөө.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.12 дугаар зүйл. Хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх:
1. Монгол улсад хүн бүр үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаа, хөгжлийн бэрхшээл, үзэл бодол, боловсролоор ялгаварлан гадуурхагдахгүйгээр хуулийн этгээд, иргэн бүр хөрөнгө, орлого, үйл ажиллагааны чиглэл, зохион байгуулалтын хэлбэрээс үл хамааран хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх мөн хууль дээдлэх зарчмыг хэрэгжүүлсэнгүй.
1. Т.Агийн гэм буруутай үйлдлээс хохирогчийн амь нас хохирсон эсэх:
Шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэл болсон мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр байцаагдсан гэрч Г нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт “намайг гарахад талийгаач Мөб орон дээрээ хэвтэж байсан. Харин цагдаатай хамт гэртээ ороход Мөб ухаангүй байдалтай газар дээшээ хараад хэвтэж байсан” гэж тогтвортой мэдүүлсэн. Тэгэхээр энэхүү гэрчийн мэдүүлэг орон дээрээс унахаас өмнөх үйл баримтыг л гэрчилдэг. “Мөб согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирэхээр нь би түүнийг орон дээрээ хэвтүүлээд дээгүүр нь хөнжил нөмрүүлсэн. Ил харагдах шарх, сорви байгаагүй” гэсэн бөгөөд шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд авагдсан мэдүүлгүүд, хэргийн газрын үзлэг, хэргийн газар авсан фото зураг зэргээс үзэхэд хохирогч Мөб гаднаас согтуу орж ирээд хувцастайгаа орондоо орсон нь тогтоогдсон. Ил харагдах ямар нэгэн шарх байгаагүй гэж тухайн хэрэг учрал болоход байсан бүх хүмүүс гэрчилсэн нь ил харагдах нүүр гарыг ямар нэг шарх сорвигүй байсныг гэрчилсэн билээ.
Үүнийг хавтас хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэгийн хохирогчийн газар хэвтэж буй фото зураг, мөн шүүх эмнэлгийн цогцосны байдлыг харуулсан фото зургаар хохирогч Мөбын биеийн цээжинд, хэвлий, хөл, гар ил харагдах ямар ч гэмтэл байхгүй, харин нүүрний хэсэгт гэмтэл авсан нь мөн шүүх эмнэлгийн гадна үзлэгээр зөвхөн нүүрний хэсэгт учирсан гэмтэл дурдагдсан бөгөөд шинжээч Ч.Эрдэмболор шүүх хуралдаанд мэдүүлэхдээ эдгээр гэмтэл гэмтлийн зэрэг тогтоогдохгүй ба эдгээр гэмтэл үхэлд хүргээгүй, хэвлийн хөндийн битүү гэмтэл нь зүүн талаас цохиход үүссэн гэмтэл болно. Ийм гэмтэл авсан хүн тодорхой орон зай, цаг хугацаанд явж чадна гэж мэдүүлсэн. Гэтэл хавтас хэрэгт авагдсан мөн шүүх хуралдаанд мэдүүлсэн гэрч Г, Мө нарын мэдүүлгээр Т.А нь алгадсан, цээж хэсэгт цохисон гэж мэдүүлдэг ба энэ үйлдэлд гэмтлийн зэрэг тогтоогдоогүй болно.
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2103 дугаар дүгнэлтэд гэрч Г, Мөын мэдүүлэг шинжлэх ухааны хувьд хоорондоо эрс зөрүүтэй, харин ч нэг нь нөгөөгөө үгүйсгэсэн. Энэ талаар үндэслэлээ шүүх хуралдаанд биечлэн оролцож тайлбарлах болно.
Мө хамтран гэмт хэрэг үйлдсэн эсэх талаар:
Мөын мэдүүлэг тогтворгүй бөгөөд анхнаасаа Г.Х, Б.Б, Т.А нар Мөбыг Мө зодсон талаар мэдүүлсэн бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт ч энэ талаар мэдүүлсэн. Гэтэл хэргийн газар хамт согтуу байгаад бүгд зодсон гэж мэдүүлсээр атал 4 оролцогчийн 1 нь гэрч болоод гурвыгаа ялласан. Мөын мэдүүлэг туйлын үнэн, харин бусад 3 туйлын худал мэдүүлэг, зөвхөн Г өөрийн гарч явахаас өмнөх үйлдэлд Мө хохирогчид гар хүрээгүй гэсэн мэдүүлгээр Мөын талаар мэдүүлсэн мэдүүлэг үгүйсгэгдэж байна гэж дүгнэсэн нь шүүхийн тогтоол хууль ёсны үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.
Харин Т.А, Б.Б, Г.Х нарын мэдүүлгээр Мө орноос татаж унагаад, өшиглөсөн гэж мэдүүлсэн ба хохирогчийн үхэлд хүргэсэн гэмтэл нь биеийн хэвлийн ар хэсэгт байрлах хэвлийн хөндийн битүү гэмтлээс нас барсан байдаг.
Мө гэгч нь хэн бэ гэдэг хувийн байдал хэрэгт авагдсан нотлох баримтаар өмнө нь ял шийтгэл эдэлж байсан, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж удаа дараа эрүүлжүүлэгдэж байсан нь тогтоогдсон. Хэрэг шалгаж байх үед хулгайн гэмт хэрэг үйлдээд хорих 461 дүгээр ангид хоригдож байсан. Үүнийг хэрэг шалгаж байсан мөрдөгч мэдэж байсан, хориход Т.А, Г.Х, Б.Б нарыг байцаах гээд уулзахад Мөтой тааралдсан байдаг. Мө нь уг хулгайн хэрэгтээ шүүхээс ял авч одоо хорих 409 дүгээр ангид хоригдож байгаа болно.
Мөб биеэ хамгаалах чадваргүй байсныг мэдсээр байж гэж зүйлчилсэн зүйлчлэлийн тухайд:
Хавтас хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр хохирогч Мөб нь хөнгөн зэргийн согтолттой гэж тогтоогдсон байх ба Мөб гэртээ өөрөө ирээд орондоо орсон нь биеэ хамгаалах чадваргүй байсан гэж үзэх үндэсгүй болно. Харин гаднаас гэмтэл авч ирээд гэмтлийн улмаас босч чадахгүй байсан гэж үзэх үндэслэлтэй байна. Хохирогч Мөбын үхэлд хүргэсэн гэмтэл нь орноос татаж унахдаа авсан гэмтэл үү, гаднаас дээрхи гэмтлийг авсан байсан уу гэдэг нь эргэлзээтэй, гэрт аваад гэмтсэн гэж үзвэл үхлийн цаг таарахгүй байгаа болно. Мөбын тэр өдөр өглөө 7 цагт гараад орой 19 цаг хүртэл хаана, хэн хэнтэй архи уусан маршрутыг шалгах шаардлагатай байсныг шалгаагүй.
Шинжээч Ч.Эрдэмболор шүүх хуралдаанд Мөбын үхэлд хүргэсэн гэмтэлтэй тодорхой орон зай цаг хугацаанд явах боломжтой гэж мэдүүлсэн нь мөн хавтас хэрэгт авагдсан гэмтлийн зураг зэргээс бидэнд Мөб гаднаас гэмтэл авч ирсэн байх боломжтой гэсэн эргэлзээг нотолсон.
Шүүх хуралдаанд гэрч Г Мөын тухайд цагдаа дуудахаар гарахаас өмнөх үйл баримтыг гэрчилсэн, харин гараад явсны дараа юу болсныг мэдэхгүй, газар унасан байсан гэж мэдүүлсэн нь Мөын хийсэн үйлдлийг гэрчлэх боломжгүй юм.
Хавтас хэргээс нотлох баримт алга болсон тухайд:
Хавтас хэрэгт авагдсан үйл явдал болоход хамт байсан бусад 4 хүн өөрөөр хэлбэл Мө, Г.Х, Б.Б, Т.А нар тухайн хэрэг болоход хамт архи уугаад бүгд согтуу байсан гэсэн нь гэрч Э.Ундрахбаярын мэдүүлэг болон тухайн өдөр согтолтын зэрэг тогтоосон тэмдэглэл, мөн ял шийтгэлтэй эсэх зөрчлийн талаар мэдээлэл зэргийг шалгасан нь хавтас хэрэгт авагдсан. Гэтэл бүгд согтуу хэргийн газраас баригдаж бүгдээс нь согтолтын зэрэг тогтоосон атал Мөын согтолтын зэрэг тогтоосон нотлох баримт хэргээс алга болсон ба Мөын шийтгэлтэй эсэх, зөрчил гаргаж байсан эсэх нотлох баримтууд хэрэгт байгаа болно.
Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 2021/ШЦТ/995 дугаар шийтгэх тогтоол хүчингүй болгож хэргийг мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Б.Б давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.11 дэх хэсэгт зааснаар 15 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийтгүүлсэн.
Би мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч, яллагдагчаар тухайн өдөр болсон үйл явдлыг үнэнээр нь мэдүүлсэн. Үүний талаар анхан шатны шүүх хуралдаанд мэдүүлдэг ч гэм буруутайд тооцсонд, цор ганц үнэнийг олж өгөөч хэмээн ийнхүү гомдол гаргаж байна. Уг хэргийн талаар эргэлзээтэй, баримт нотолгоогүй, тогтворгүй ганц хүний мэдүүлэг нэг газар хамт архи уусан хүмүүс дунд эрүүл нэг байсан нь гэрчийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгаагүй, цохиж зодсон гэрч гэгдэх Ж.Мөын зөрүүтэй мэдүүлэг, худал гүтгэлэг нь өөрийгөө хэргийн шийтгэлээс мултарч өнгөрөөх гарц болсон нь ил тод байхад яагаад оролцоогүй гээд байгааг, гэрч Г нь хамт уусан боловч согтолтын зэргийг нь тогтоогоогүй байдаг. Гэрч гэж уг нь оролцоогүй хөндлөнгийн хүнийг хэлдэг гэж би ойлгодог. Бүхнийг санаж дүгнэх чадвартай байхад зөвхөн нэг өнцөг, туйлаас харсанд гомдолтой байна. Үнэн гэж хэлэх нь миний эсрэг ашиглагдах энэ үед тохиромжгүйг ч ойлгосон. Хуулийн дагуу оролцоо, гэм бурууд шийтгэлийг тохируулан оногдуулж шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Г.Хийн өмгөөлөгч Б.Даваасүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэ хэрэг 2 дахь удаагаа давж заалдах шатны шүүхээр хэлэлцэгдэж байна. Эхний давж заалдах шатны шүүхээс гарсан шийдвэрийг анхан шатны шүүх хэрэгжүүлээгүй. 3 дугаар хавтас хэргийн 1 дүгээр хуудсанд өмнө нь миний гаргасан давж заалдах гомдол байгаа. Тэр гомдлыг шүүх бүрэлдэхүүн уншаарай. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч даргалж байхад хоёр удаа энэ хэргийн хурал хойшилсон. Хоёр удаа хойшилоход Ерөнхий шүүгч Мөыг хорих ангиас нь цахимаар холбоод яриулсанд баярлаж байна. Гурав дахь хурал дээр нь Ерөнхий шүүгч байхгүй, Баасанбат гэх шүүгч даргалсан. Баасанбат шүүгч давж заалдах шатны шүүхээс гарсан магадлалыг биелүүлээгүй. Мө шүүх хуралдаанд цахимаар оролцсон. Тэр бичлэгийг давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж өгнө үү гэх хүсэлтийг би бичсэн байсан боловч давж заалдах шатны шүүх уг хүсэлтийг аваагүй болохоор тэр бичлэгийг энэ шүүх хуралдааны явцад үзүүлж болохгүй байгаад харамсаж байна. Уг бичлэгт би Мөоос “чи хэзээ гарсан бэ, дөрвүүлээ цуг гарсан уу, ямар үед нь гарсан бэ” гэж асуухад Мөоос “би Гтай цуг гарсан” гэсэн. Тэмдэглэлд уг асуулт, хариултыг тусгасан байгаа. Гтай цуг гарсан л бол Мө энэ хэргийг үйлдсэн болох нь тодорхой харагдаж байна. Мөн анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо шүүгдэгч Г.Хийн охиныг асрамжийн газарт шилжүүлэхээр шийдвэрлээгүй. Өмнөх шийдвэрт ч энэ талаар тусгаагүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол учир дутагдалтай гарсан. ...” гэв.
Шүүгдэгч Т.Агийн өмгөөлөгч Д.Батдорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч Л.Мтэй санал нэг байна. Хохирогчийн биеэ хамгаалах чадваргүй байдлыг мэдсээр байж гэж зүйлчилсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Амь хохирогч биеэ хамгаалах чадваргүй байсныг нь шүүгдэгч Т.А мэдээгүй. Шүүгдэгч Т.А анх мэдүүлэхдээ “Г.Х, түүний нөхөр, эх, талийгаач, Мө нар байсан. Нэг мэдэхэд цагдаа ирээд бөөн юм болсон байсан. Юу болсоныг сайн санахгүй байна” гэсэн байдаг. Яагаад санахгүй байна гэхээр Т.А, Г.Х нарыг амь хохирогч “Улиастайн янханууд” гэж хэлсэн учраас маргаан эхэлсэн байдаг. Үүнийг Мө болон бусад гэрчүүд гэрчилдэг. Иймд гэмт хэрэг хохирогчийн зүй бус үйлдлээс болж үйлдэгдсэн байна. Улсын Дээд шүүхийн тайлбараас харахад шүүгдэгч Т.А нь сэтгэл санааны өвдөлтийн улмаас сэтгэцийн хэвийн бус байдалд орсон. Сэтгэц нь хэвийн бус байсан учраас мэдэхгүйгээр уг үйлдлийг хийсэн болох нь харагддаг. Энэ талаар Сэтгэцийн эрүүл мэндийн төвөөс дүгнэлт гаргуулах хүсэлтийг гаргаж байна. Анхан шатны шүүх Т.Агын үйлдлийг дүгнэхдээ “Т.А нь Г.Хийн үйлдлийг хөөрч дэмжсэн” гэсэн байдаг. Хөөрч гэж дүгнэсэн нь сэтгэл санаа нь хэвийн бус байсан болохыг илэрхийлж байна. Мөн бүлэглэж үйлдсэн гэх үндэслэл байхгүй. Энэ талаар анхан шатны шүүх дүгнэхдээ “хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судалж үзэхэд шүүгдэгч нар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэсэн. Тохиолдлын шинжтэй уулзаад үйлдсэн үйлдэл бүлэглэн болох боломжгүй юм. Иймд зүйлчлэл буруу байна. Харин санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсаны улмаас, хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас, сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас энэ гэмт хэргийг үйлджээ гэх дүгнэлтийг Сэтгэцийн эрүүл мэндийн төвөөс гаргуулах хүсэлтэй байна. Мө мэдүүлэхдээ “Т.А их согтуу байсан” гэсэн байдаг. Согтуу байхдаа хөөрч сэтгэцийн хэвийн бус байдалд орсон байна. Амь хохирогчийн явсан замын маршрутыг зайлшгүй шалгах шаардлагатай. Мөын согтолтын зэргийг тогтоох шаардлагагүй гэсэн. Ямар үндэслэлээр тогтоох шаардлагагүй гэдгийг дурдаагүй байдаг. Мөын согтолтын зэргийг зайлшгүй тогтоох шаардлагатай. ...” гэв.
Шүүгдэгч Б.Бын өмгөөлөгч Ц.Мандал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэрвээ шүүх бүлэглэж үйлдсэн гэж үзэж байгаа бол гүйцэтгэгчдийн үйлдлийг нэгтгэн зүйлчилж, гүйцэтгэгч тус бүрийн үүрэг оролцоог харгалзан ялыг ялгамжтай оноох байсан. Гэтэл анхан шатны шүүхээс өмнө нь бүгдэнд нь 15 жилийн хорих ял оногдуулсан. Дараа нь 15, 15, 14 жилийн хугацаагаар ял оногдуулсан. Хэрэв гэм буруутай болох нь нотлогдвол ял шийтгэлийг ялгамжтай оногдуулах ёстой. Энэ байдал алдагдсан байна. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна. Энэ гэмт хэргийг үйлдэхэд шүүгдэгч нарын оролцсон оролцоо ямар байсан бэ гэдийг ялгавартай тогтоогоогүй. Мөын талаар өмгөөлөгч нар хангалттай ярьлаа, нэмж хэлэх тайлбар байхгүй. Санал нэг байна. Хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаанд буцаах саналтай байна. ...” гэв.
Прокурор А.Сайнбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн буюу бусдыг санаатай алсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй, харин санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан байхдаа хүнийг алсан гэх байдлаар тайлбарлаж байна. Гэрч Г, Мө нар мэдүүлэхдээ “амь хохирогчийг гэртээ орж ирэхэд Г оронд нь оруулаад унтуулсан” гэсэн байдаг. Гэтэл Т.А, Г.Х нар “дандаа согтуу ирдэг хэн бэ” гээд түрүүлж хэрүүл маргааныг эхлүүлсэн байдаг. Энэ нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Үүнийг санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан гэж үзэх үндэслэлгүй байна. Согтолтын зэргээс шалтгаалаад биеэ хамгаалах чадваргүй байдлыг далимдуулан алсан гэж үзсэн нь үндэслэлгүй гэж байна. Шүүгдэгч нар нэг нэгээрээ ээлжилж очоод цохиж байхад амь хохирогч ямар нэгэн байдлаар эсэргүүцээгүй байдал нь л амь хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байгааг бүрэн илэрхийлж байна. Иймд зүйлчлэл тохирсон, үндэслэлтэй гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг анхан шатны шүүх биелүүлээгүй гэдэг асуудал яригдсан. Гэтэл яг ямар магадлалын ямар заалтыг биелүүлээгүй гэдгийг тодорхой хэлээгүй учраас прокурорын зүгээс тайлбар хэлэх боломжгүй байна. Прокуророос давж заалдах шатны шүүхийн магадлалыг анхан шатны шүүх бүрэн биелүүлсэн гэж үзэж байна. Ялыг ялгамжтай оногдуулсан. Шүүгдэгч нар амь хохирогчийг алах үйлдлийг санаатай нэгдэж гүйцэтгэсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан байх тул хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж шүүгдэгч Г.Х, мөн шүүгдэгч Т.А, түүний өмгөөлөгч Л.М, шүүгдэгч Б.Б нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэхэд, шүүгдэгч Г.Х, Т.А, Б.Б нарт холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны, үндэслэлтэй болж чадаагүй байна.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Г.Хийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.11 дэх заалтад, мөн хуулийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад тус тус зааснаар, Т.Агийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.11 дэх заалтад зааснаар, Б.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.11 дэх заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “... Энэ зүйлд заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг шүүгчдийн зөвлөгөөнөөс тогтоосон журмын дагуу томилно ...” гэж заасан бөгөөд Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3 дахь хэсэгт “... хуульд өөрөөр заагаагүй бол шүүх хуралдаан даргалагч болон шүүх бүрэлдэхүүнийг томилсон шийдвэрийг албажуулах ...” эрхийг тухайн шүүхийн Ерөнхий шүүгчид олгосон байна.
Гэтэл шүүгч Ч.Алтанцэцэг нь 2021/ЕШЗ/1374 дугаартай шүүгчийн захирамжаар Г.Х, Т.А, Б.Б нарт холбогдох хэргийн шүүх хуралдааны даргалагчаар шүүгч Н.Баасанбатыг, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Г.Хатанцэцэг, М.Түмэннаст нарыг өөрчлөн томилсон шийдвэрийг албажуулж /3хх 152/, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.
Өөрөөр хэлбэл, шүүгч Ч.Алтанцэцэг нь Ерөнхий шүүгчийг орлон ажиллаж байгаа талаар шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор баталсан журам, Ерөнхий шүүгчийн захирамж хэрэгт авагдаагүй байх тул түүнийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг томилсон шийдвэрийг албажуулах эрхгүй гэж үзнэ.
Хууль бус бүрэлдэхүүнээр шүүхийн шийдвэр гаргах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарах тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Г.Х, Т.А, Б.Б нарт холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан тул шүүгдэгч Г.Х, мөн шүүгдэгч Т.А, түүний өмгөөлөгч Л.М, шүүгдэгч Б.Б нарын гаргасан давж заалдах гомдлуудад хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурдаж, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцтэл шүүгдэгч нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 2021/ШЦТ/995 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Г.Х, Т.А, Б.Б нарт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх хүртэл Г.Х, Т.А, Б.Б нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ПҮРЭВСҮРЭН
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ Ш.БАТ-ЭРДЭНЭ