Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 1533

 

МАГАДЛАЛ

 

2019.08.19                                                Дугаар 1533                                     Улаанбаатар хот

 

 

 

Б.Ч-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо            даргалж, шүүгч А.Мөнхзул, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2019/01612 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б.Ч-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч НЭ ХХК-д холбогдох,

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, ССА /SSA / хотхоны А блок 3 дугаар давхрын 61.1 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулахад шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах, 12 253 605 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Т, Ч.А,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.З,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Соёлмаа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр НЭ  ХХК-тай Орон сууцны барилгын ажлыг захиалгаар гүйцэтгүүлэх тухай А1/59 тоот гэрээ байгуулсан. Тэрхүү гэрээгээр миний бие тус компанийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд барьж байгаа ССА хотхоны А блокын 3 дугаар давхрын 61.1 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг худалдан авахаар тохиролцон орон сууцны үнэ 128,310,000 төгрөгийг гэрээнд заасан ёсоор төлж дуусгасан.НЭ  ХХК нь орон сууцыг 2017 оны 1-р улиралд багтаан ашиглалтад оруулж захиалагчид хүлээлгэн өгнө гэж гэрээний 3.2-т заасан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй хугацаа хэтрүүлэн орон сууцны түлхүүрийг 2017 оны 08 дугаар сарын 24-ны өдөр надад хүлээлгэн өгснөөр би орон сууцанд орох боломжтой болсон. НЭ  ХХК-ийн зүгээс орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөхгүй удаж, яагаад ийнхүү удаж байгааг тодруулахад удахгүй гаргаж өгнө гэдэг боловч өнөөг орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхгүй шалтгаан тоочсоор өнөөг хүрч байна. Орон сууц захиалгын гэрээний 3.4-т орон сууцны төлбөрийг 100 хувь төлсөн тохиолдолд орон сууцны өмчлөх эрхийг захиалагч талд шилжүүлнэ, орон сууцыг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой баримт бичгийг захиалагч талд гаргах үүрэгтэй гэж заасан боловч энэ үүргээ биелүүлэхгүй байх тул Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, ССА /SSA / хотхоны А блок 3 дугаар давхрын 61.1 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулан авахтай холбоотой бичиг баримтыг НЭ  ХХК-иас гаргуулж өгөхийг даалгаж өгнө үү.

Мөн НЭ  ХХК нь орон сууцыг гэрээнд заасан хугацаандаа ашиглалтад оруулж, орон сууц захиалагч надад хүлээлгэн өгөөгүй бөгөөд бидний хооронд байгуулсан гэрээний 3.3-т зааснаар орон сууцыг ашиглалтад оруулах хугацаанаас 60 хоног хэтрүүлсэн бол 61 дэх хоногоос эхлэн захиалагч талд хоног тутам 0.05 хувийн алданги төлөх үүрэг хүлээсэн. Орон сууцыг захиалагч миний хувьд мөн адил гэрээний 2.3-т зааснаар төлбөрөө хугацаанд нь төлөхгүй бол алданги төлөх үүрэг хүлээсэн ба захиалагчийн хувьд үүргээ бүрэн биелүүлсний адил НЭ  ХХК үүргээ биклүүлэх үүрэгтэй, үүргээ биелүүлж чадаагүй бол гэрээний хариуцлагаа хүлээж захиалагч талдаа хугацаа хэтрүүлснийг мөнгөөр төлөх үүрэгтэй гэж үзэж байна.

Гэрээний 1.3.3-т орон сууцны нийт үнийг 128 310 000 төгрөг гэж заасан. Тус компанийн орон сууцыг ашиглалтад оруулах хугацаа нь 2017 оны 1 дүгээр улиралд багтаах буюу 2017 оны 04 дүгээр сарын 01 -ны өдөр гэж тооцоход гэрээний 3.3-т зааснаар алданги төлөх хугацаа нь 2017 оны 05 дугаар сарын 31-ны өдрөөс эхлэн орон сууцын түлхүүрийг хүлээж авсан 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл 151 хоногийн алдангийг 128,310,000 төгрөгийн 0.05 хувиар тооцоход /64,155x151=9,687,405/ мөн НӨАТ-ын баримт өгөөгүй ба НӨАТ буцаан олголтын 2% болох 2 566 200 төгрөг нийт 12 253 605 төгрөг болж байх тул НЭ  ХХК-иас орон сууцыг гэрээнд заасан хугацаандаа ашиглалтад оруулаагүй алдангийг гаргуулан өгч нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулан авахтай холбоотой баримт бичгийг гаргуулахыг даалгах, 9 687 405 төгрөгийг алданги болон НӨАТ-ын буцаан олголтын 2 хувь болох 2 566 200 төгрөг, нийт 12 253 605 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна. Манай компанийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараахь үндэслэлээр эс зөвшөөрч, энэхүү хариу тайлбарыг гаргаж байна. Тухайлбал,          НЭ ХХК нь иргэн Б.Ч-т ССА хотхоны А блок, 61.1 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг худалдан борлуулаагүй болно. Учир нь НЭ ХХК нь ЭҮ  ХХК-тай 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан ба тус гэрээгээр “ЭҮ ” ХХК нь “НЭ ” ХХК-ийн хэрэгжүүлж буй ССА хотхоны төсөл /1 -р ээлж буй А блок/-д шаардагдах 714 ширхэг хаалга суулгах ажлыг, 314 160 000 төгрөгийн өртөгтэйгөөр хийж гүйцэтгэхээр тохиролцсон. НЭ ХХК болон ЭҮ  ХХК-иудын хооронд байгуулагдсан 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн гэрээний 3.1-д заасны дагуу НЭ ХХК нь ажлын хөлсийг 100 хувь бартераар төлөх бөгөөд гэрээний төлбөрт 2016.12.16-ны өдөр №А1/59 тоот Орон сууцны барилгын ажлыг захиалгаар гүйцэтгэх гэрээг ЭҮ  ХХК-тай байгуулж, А блок, 3-р давхарт байрлах 61.1 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьж, шилжүүлэхээр харилцан тохиролцсон. Гэвч ЭҮ  ХХК-ийн зүгээс 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр орон сууцны захиалгын бүрэн эрхийг Б.Ч-т шилжүүлэх хүсэлт гаргасан ба тус хүсэлтийн дагуу НЭ      ХХК нь нэхэмжлэгч Б.Ч-тай  2017 оны 01 дүгээр сард Орон сууцны барилгын ажлыг захиалгаар гүйцэтгэх №А1/59 тоот гэрээ /огноог 2016.12.26-ны өдрөөр/-г байгуулсан. ЭҮ  ХХК болон НЭ ХХК-иуд нь 2019 оны 04 дүгээр сарын     11-ний өдөр тооцоо нийлэхэд ЭҮ  ХХК нь 62 012 460 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй гарсан юм. Манай компанийн зүгээс нэхэжмлэгч Орон сууцны барилгын ажлыг захиалан бариулах 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн №А1/59 тоот гэрээг дээрх шалтгаанаар байгуулсан болохоос биш нэхэмжлэгч нь захиалагчийн хувиар орон сууцны үнийг төлж, дээрх орон сууцыг захиалаагүй болно. НЭ ХХК нь ЭҮ  ХХК-тэй ажил гүйцэтгэх гэрээний харилцаанд орж, ажил гүйцэтгэх гэрээ болон Орон сууцны барилгын ажлыг захиалгаар гүйцэтгэх гэрээг тус тус байгуулсан тул гэрээний эрх, үүргийн зөрчил талуудын хооронд яригдах учиртай. Өөрөөр хэлбэл, ЭҮ  ХХК нь НЭ ХХК-иас авах төлбөрийн эрхийг Б.Ч-т шилжүүлсэн болохоос биш Б.Ч-т 2019 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн Ажил гүйцэтгэх гэрээний эрх, үүргийг шилжүүлээгүй байна. Нэгэнт манай компанийн зүгээс ЭҮ  ХХК-тай 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан тул тус гэрээнээс үүдэх үр дагаврыг ЭҮ  ХХК болон НЭ ХХК-иуд нь хэлэлцэн шийдвэрлэх учиртай юм. Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч нь НЭ ХХК-д орон сууцны үнийг төлж, тус орон сууцыг захиалан бариулаагүй тул НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг нэхэмжлэгчид олгох боломжгүй байна. Харин НӨАТ-ын асуудал яригдах тохиолдолд ЭҮ  ХХК болон НЭ ХХК-иудын хооронд яригдах учиртай. Мөн ЭҮ  ХХК нь төлбөрийн үлдэгдэлтэй тул орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргах боломжгүй байгаа болно. Иймд дээр дурьдсан үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч НЭ ХХК-иас 8 789 235 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Ч-т олгож, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, ССА /SSA / хотхоны А блок 3 дугаар давхрын 302 тоотод орших 61.1 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэхэд шаардлагатай баримтыг нэхэмжлэгч Б.Ч-т гаргаж өгөхийг хариуцагч     НЭ ХХК-д даалгаж, нэхэмжлэлээс 3 464 370 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 281 208 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч НЭ ХХК-иас 225 777 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Ч-т олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолд:        НЭ ХХК-иас зүгээс нэхэмжлэгчийн амьдарч буй ССА хотхоны А блок, 61.1 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг ЭҮ  ХХК-д Ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт шилжүүлсэн ба гүйцэтгэгч болох ЭҮ  ХХК-ийн зүгээс ажил гүйцэтгэх гэрээний үүргээ зөрчиж, төлбөрийн үлдэгдэлтэй байсаар байгаа нь талуудын хооронд 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн Ажил гүйцэтгэх гэрээний харилцааг үргэлжилсээр байгааг нотолж байгаа болно. Гэвч анхан шатны шүүх маргааны зүйл болсон орон сууцтай холбоотой харилцааг буруу дүгнэсэн бөгөөд хариуцагч НЭ ХХК болон Б.Ч нарын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн хэмээн дүгнэж, маргааныг шийдвэрлэсэн үндэслэлгүй юм. Мөн ЭҮ  ХХК-ийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй тул тус орон сууцыг шилжүүлэх болон орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг  Б.Ч , эсхүл ЭҮ  ХХК-д гаргаж өгөх үүрэг НЭ ХХК-д үүсээгүй болно. Нөгөөтэйгүүр     ЭҮ  ХХК-ийн зүгээс төлбөрийн үлдэгдлээ төлж барагдуулаагүй тул НЭ ХХК-ийн зүгээс орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг  Б.Ч , эсхүл ЭҮ  ХХК-ийн нэр дээр шилжүүлэн гаргаж өгөх боломжгүй бөгөөд мөнгөн төлбөрийн үүрэг бүрэн барагдах хүртэл хугацаанд саатуулан барих эрхтэй гэж үзэж байна. Нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй тул гэрээнд заасан алдангийг төлбөрийг төлөх хууль зүйн үндэслэл байхгүй юм. Нөгөөтэйгүүр, анхан шатны шүүх алданги тооцох хугацааг 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөр тооцсон нь үндэслэлгүй бөгөөд ийнхүү үндэслэлгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтаар тогтоогддог. Учир нь нэхэмжпэгч нь орон сууцанд 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр нүүж орсон хэмээн нэхэмжлэлд тодорхойлон бичсэн бөгөөд тус өдөр орон сууцанд нүүж ороход хүн амьдрах боломжгүй байсан талаар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа дурьдаж, үүнийг нотлуулахаар өөрийн төрсөн ээжийг гэрчээр оролцуулсан. 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар хүн амьдрах боломжгүй орон сууцанд нэхэмжлэгч гэр бүлийн хамтаар нүүн орж амьдрах боломжтой байсан уу гэдгийг шүүх тодруулаагүй. Нөгөөтэйгүүр орон сууцыг байнгын ашиглалтад оруулах улсын комисс нь 2019 оны 08 дугаар сарын 18-ны өдөр тус барилгад ажиллаж эхэлсэн ба хүн амьдрах боломжгүй байранд улсын комисс ажиллаж дүгнэлт гаргах боломж байхгүй юм. Гэвч анхан шатны шүүх дээрх үйл баримтад дүгнэлт хийлгүй орхигдуулсан юм. Мөн 2019 оны 08 дугаар сарын 18-ны өдөр улсын комисс тухайн барилгад ажиллаж эхэлсэн тул барилгыг ашиглалтанд орох хугацааг 2019 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөр тооцох нь зүйтэй гэж үзэж байна. Хэрэв улсын комисс нь тухайн барилгад 3 сар хугацаанд ажиллах тохиолдолд алдангийг төлбөрийг уг хугацаагаар нэхэмжлэгчид төлөх үүрэг үүсэх юм. ЭҮ  ХХК-иас тухайн орон сууцыг яг хэдэн төгрөгөөр худалдан авсан талаарх төлбөрийн баримт болон гэрээ хэлцлийг нотлох баримтаар шүүхэд ирүүлээгүй. Хэрэв ЭҮ  ХХК-иас дээрх орон сууцыг хямд үнээр худалдан авсан тохиолдолд 2 566 200 төгрөгийн буцаан олголтын төлбөр үүсэх боломжгүй байтал анхан шатны шүүх дээрх үйл баримтыг тодруулалгүйгээр маргааныг шийдвэрлэсэн юм. Нэхэмжлэгч Б.Ч нь гэрээний төлбөрт 128 310 000 төгрөгийг НЭ ХХК төлөөгүй тул НЭ ХХК-д борлуулалтын орлого үүсэхгүй бөгөөд нэхэмжлэгчид НӨАТ-ын буцаан олголтын эрх үүсэхгүй. Өөрөөр хэлбэл, НӨАТ-ын буцаан олголтыг нэхэмжлэгчид олгох үүрэг бүхий этгээд нь нэхэмжпэгчээс мөнгийг нь авсан гэх ЭҮ  ХХК байх байтал нэхэмжлэгчээс   нэг ч төгрөгийн төлбөр аваагүй НЭ ХХК-ийг НӨАТ-ын буцаан олголтыг төлөх ёстой хэмээн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болно. Анхан шатны шүүх дээрх байдлаар маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй бөгөөд нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хуульд нийцүүлэн дүгнэж чадаагүй байх тул шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Б.Ч нь хариуцагч НЭ ХХК-д холбогдуулан Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, ССА /SSA / хотхоны А блок 3 дугаар давхрын 61.1 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулахад шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах, алданги 9 687 405 төгрөг, НӨАТ-ын буцаан олголтын 2 566 200 төгрөг, бүгд 12 253 605 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжэлийн шаардлагаа зохигчийн хооронд 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан Орон сууц барилгын ажлыг захиалгаар гүйцэтгүүлэх тухай гэрээнд үндэслэсэн байх ба хариуцагч нь орон сууцыг 2017 оны 1 дүгээр улиралд багтаан хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй гэжээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэх үндэслэлээ “...орон сууцыг 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хүлээлгэн өгсөн, нэхэмжлэгч нь мөнгийг бодит байдлаар төлөөгүй тул НӨАТ-ын буцаан олголтыг шаардах боломжгүй...” гэж тайлбарласан байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл талуудын хооронд 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан гэрээний зүйл болох Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, ССА /SSA / хотхоны А блок 3 дугаар давхрын 61.1 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны ажлыг хариуцагч гүйцэтгэх, нэхэмжлэгч нь 128 310 000 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

Дээрх гэрээний хүчин төгөлдөр байдалд талууд маргаагүй тул гэрээний үүргийн гүйцэтгэлийг нэхэмжлэгч шаардах эрхтэй.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлоогүйгээс хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй байна. Гэвч давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой.

Түүнчлэн шүүх хариуцагчаас гаргуулбал зохих алдангийг хэмжээг багасгаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй боловч НӨАТ-ын буцаан олголт гэх 2 566 200 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзнэ. Учир нь нэхэмжлэгч захиалсан орон сууцны үнэ болох 128 310 000 төгрөгийг төлсөн талаар баримт хэрэгт авагдаагүй, хариуцагч болон “ЭҮ ” нарын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу хариуцагчийн төлөх ажлын хөлсөнд тухайн орон сууц тооцогдсон баримт хэрэгт авагдсан талаар зохигч маргаагүй байна.

Иймд нэхэмжлэгчид НӨАТ-ын буцаан олголтыг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй юм.

Түүнчлэн нэхэмжлэгч нь 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс алданги тооцсон ба хариуцагч нь 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хүртэл хугацаанд гэрээний үүргийг биелүүлээгүй болох нь хэргийн баримтаар тогтоогдсон тул хариуцагчаас 83 хоногийн алдангид 5 324 865 төгрөгийг гаргуулах үдэслэлтэй болно.

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагчийн гаргасан “...алданги төлөх үндэслэлгүй...” гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй болно.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2019/01612 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, ССА /SSA / хотхоны А блок 3 дугаар давхрын 302 тоотод орших 61.1 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэхэд шаардлагатай баримтыг нэхэмжлэгч Б.Ч-т гаргаж өгөхийг хариуцагч “НЭ ” ХХК-д даалгаж, хариуцагч “НЭ ” ХХК-иас 8 789 235 төгрөгийг гаргуулан...” гэснийг “5 324 865” төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Ч-т олгож, үлдэх 6 928 700 төгрөгт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөх,

шийдвэрийн тогтоох хэсгийн 2-т “225 777” гэснийг “100 147.84” төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Ч-т олгосугай.” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хариуцагчийн  225 780 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ц.ИЧИНХОРЛОО

 

                                 ШҮҮГЧИД                                                  А.МӨНХЗУЛ

 

                                                                                                    М.НАРАНЦЭЦЭГ