Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 221/MA2017/0544

 

 

 

 

 

 

2017 оны 8 сарын 02 өдөр                   Дугаар 221/МА2017/0544                          Улаанбаатар хот

        

“Эрдэнэтцэций хайрхан” ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Галмандах нарыг оролцуулан хийж, Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 10 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор, “Эрдэнэтцэций хайрхан” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 10 дугаар шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.3, 74.3, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3, 7.3.1, 7.6, 15.1.2, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Н.Сугир, Ц.Чимэг нарын 2014 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 110003211 дүгээр актаар ногдуулсан нийт 780,885,160 төгрөгийн төлбөрөөс 148,340,975 төгрөгийн торгууль, 138,074,195 төгрөгийн алданги төлүүлэхээс “Эрдэнэтцэций хайрхан” ХХК-ийг өршөөн хэлтрүүлж, “Эрдэнэтцэций хайрхан” ХХК-ийн төлөх төлбөрийн хэмжээг 448,613,403 төгрөгөөр тогтоож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: “Эрдэнэтцэций хайрхан” ХХК нь Өмнөговь аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч Н.Сугир, Ц.Чимэг нарт холбогдох илт хууль бус татварын улсын байцаагчийн 2014 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 110003211 тоот актыг хүчингүй болгох нэхэмжлэл гарган захиргааны хэрэгт нэхэмжлэгчээр оролцож байгаа болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 10 дугаартай Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлүүлэхээр (зарим хэсэгт нь) дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд:

Гомдол-1:

Шүүхийн шийдвэрт: “...Үндэслэх нь...Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд нэхэмжлэгч ...гомдол гаргасан байх бөгөөд уг гомдлыг тус зөвлөл 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн боловч шийдвэр гаргалгүй “...гомдлыг шийдвэрлэх боломжгүй гэж гомдлыг буцаасан болох нь...” тэмдэглэлд тусгагдсан байна...” гэсэн ёс зүйгүй, хэт нэг талыг барьсан, шударга ёсны зарчмыг гажуудуулсан, татвар төлөгчийн хууль ёсны ашиг сонирхлыг үл хүндэтгэсэн, Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн шийдвэрийн утга агуулгыг илтэд гуйвуулсан шийдвэр гаргасан байдаг.

Гэтэл Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2015 оны 04 дүгээр сарын 21-ний хуралдааны тэмдэглэлд “...Тав. Хэлэлцсэн байдал: Хэлэлцэх нь: 1...С.Төгсжаргал-магадлах шалгалт хийж гаргасан дүгнэлтээ гишүүдэд танилцуулав. Өмнөговь аймгийн Татварын газрын 2014 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 110003211 тоот татварын улсын байцаагчийн акт нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Захиргааны байгууллага, албан тушаалтан дараах тохиолдолд захиргааны актыг илт хууль бус болохыг зөвшөөрсөн шийдвэр гаргана. 9.1.1.захиргааны акт утга агуулгын илэрхий алдаатай” гэж заасны дагуу дараах алдаатай байх тул татварын улсын байцаагчийн актыг хүчингүй болгох...нь үндэслэлтэй байна. Үүнд...

2. Татварын улсын байцаагчийн актын хянаж баталгаажуулсан огноог 2014 оны 08 дугаар сарын 15-ны гэдгийг 2012 оны 08 дугаар сарын 15 гэж буруу хэвлэсэн.

3. 2012 онд борлуулсан нүүрсний өртгийг тооцоолохдоо 325,925 тн байхыг 245,417 тн-оор тооцоолж өртгийг дутуу тооцсон.

4. Шалгалтаар 2013 онд 40,596,500 төгрөгийн татварыг илүү ногдуулсныг тогтоосон атлаа нөхөн ногдуулсан татвараас хасч тооцоогүй...

...Дүгнэлт: Иймд тооцооллын хувьд алдаа гарган татварын алба болон татвар төлөгчийн эрх ашгийг хохироосон байх тул улсын байцаагчийн актыг хүчингүй болгон дахин үйлдүүлэх нь зүйтэй байна...

Шийдвэрлэх нь: Тооцооллын хувьд илт алдаа гарган татварын алба болон татвар төлөгчийн эрх ашгийг хохироосон байх тул улсын байцаагчийн актыг хүчингүй болгон дахин үйлдүүлэх нь зүйтэй... байна.

Шийдвэрлэсэн нь: Ж.Ганбат, Ч.Жигжид, Б.Бадрал, Б.Болормаа, Д.Цогтжаргал, Г.Алтанзаяа, З.Минжирмаа, С.Төгсжаргал гэсэн 8 гишүүний 100 хувийн саналаар татварын улсын байцаагчийн актыг холбогдох татварын алба нь хүчингүй болгож дахин үйлдүүлэх нь зүйтэй гэж үзсэн тул... Энэ тухай Өмнөговь аймгийн Татварын албанд мэдэгдэх.

Шийдвэрийг танилцуулах нь: Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл нь “Эрдэнэтцэций хайрхан” ХХК-д холбогдох татварын улсын байцаагчийн 110003211 тоот акттай холбоотой гомдлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Зөвлөлөөс татварын улсын байцаагчийн актыг холбогдох алба буюу Өмнөговь аймгийн Татварын хэлтэс нь хүчингүй болгож, дахин үйлдүүлэх нь зүйтэй...” гэснээр актыг хүчингүй болгосон нь нотлогдож байна. (Хавтаст хэргийн 93, 94, 95 дугаар хуудас)

Харин Өмнөговь аймгийн Татварын газар болон шалгалт хийсэн татварын улсын байцаагч нар энэхүү шийдвэрийг одоог хүртэл биелүүлээгүй Татварын ерөнхий хуулийн 36 дугаар зүйлд: “36.1.Татварын улсын байцаагчийн акт...ийг тухайн татварын албаны даргын тушаалаар дараах үндэслэлээр өөрчлөх буюу хүчингүй болгоно... 36.1.2. татварын улсын байцаагчийг шууд удирдаж буй нэгжийн дарга нь түүний үйлдсэн акт...ийг өөрчлөх буюу хүчингүй болгох санал тавьсан; 36.1.3. акт...ийг өөрчлөх буюу хүчингүй болгох тухай Маргаан таслах зөвлөлийн шийдвэр гарсан...” гэж заасныг зөрчсөөр байна.

Гомдол-2:

Татварын улсын байцаагчийн 110003211 тоот актанд: “...Татварын хяналт шалгалтаар... зөрчил илэрсэн нь... тогтоогдлоо. Үүнд: 1. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын ногдуулалт төлөлтийн... 2012 оны тайланд 4,772,052,500 төгрөгийн татвар ногдуулах орлогыг дутуу тусгаж тайлагнаагүй, татвар ногдуулаагүй...” гэж 477.2 сая төгрөгийн нөхөн татварыг ногдуулахын зэрэгцээ нэмж торгууль, алдангийг ногдуулсан хууль бус шийдвэр гаргасан байдаг.

Учир нь татварын улсын байцаагч нар тус компани 2012 онд 325,925.3 тн нүүрсийг 17,485.7 сая төгрөгөөр экспортонд гарган худалдан борлуулсан гэж үзсэн атлаа тус компанийн нягтлан бодогч 2012 онд борлуулсан бүтээгдэхүүний өртөг буюу татвар ногдох орлогоос хасагдах зардалдаа 245,417.5 тн нүүрсний худалдан авсан үнийг 10,208.7 сая төгрөгөөр буюу нэмэгдсэн өртгийн албан татваргүй үнээр, мөн тооцооллын алдаа гарган татвар ногдох орлогоос хасагдах зардлыг бодитоор гарсан зардлаас багаар тооцсоныг залруулахдаа зөвхөн 245,417.5 тн нүүрсийг худалдан авсан нэмэгдсэн өртгийн албан татвартай үнэ 12,465.2 сая төгрөгөөр буюу 2,256.5 (12,465.2-10,208.7) сая төгрөгөөр зардлыг өсгөн залруулсан боловч нүүрсний тоо хэмжээ, түүнд ногдох өртөг зардлыг залруулж өгөөгүй Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлд: “12.1. Дараах зардлыг албан татвар ногдох орлогоос хасч тооцсоны үндсэн дээр албан татвар ногдуулах орлогыг тодорхойлно: 12,1.1. түүхий эд, үндсэн болон туслах материал, хагас боловсруулсан бүтээгдэхүүн... түлш, шатахуун... зэрэг бүх төрлийн материалын зардал... 12.1.9. бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний хөлс...” гэж заасныг зөрчсөн.

Тодруулбал, 80,507.8 тн (325,925.3-245,417.5) нүүрсэнд ногдох 4,089.8 сая төгрөгийн өртөг зардлыг татвар ногдох орлогоос хасагдах зардалд оруулан тооцоогүй 409.0 (4,089.8*10%) сая төгрөгөөр төлбөл зохих татварыг илүү тооцож татвар төлөгчийг хохироосон байна.

Энэ талаар Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн хуралдааны тэмдэглэлд: “...Тав. Хэлэлцсэн байдал: Хэлэлцэх нь: 1...С.Төгсжаргал-магадлах шалгалт хийж гаргасан дүгнэлтээ гишүүдэд танилцуулав... 110003211 тоот татварын улсын байцаагчийн... актыг хүчингүй болгох... нь үндэслэлтэй байна. Үүнд... З. 2012 онд борлуулсан нүүрсний өртгийг тооцоолохдоо 325,925 тн байхыг 245,417 тн-оор тооцоолж өртгийг дутуу тооцсон....” гэснээр хяналт шалгалт хийсэн татварын байцаагч нар хууль бус актыг үйлдсэн нь тогтоогддог. (Хавтаст хэргийн 93, 94 дүгээр хуудас)

Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл манай компанийн 2011, 2012, 2013 оны нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт, санхүү, татварын тайлангууд, ерөнхий болон дэлгэрэнгүй дансанд, ажил гүйлгээний тайлан, бараа материалын тайлан нүүрсний өртөг зардлын тооцоо зэрэг бүхий л санхүүгийн баримт материалыг Татварын ерөнхий газар дээр авчруулан шалгаж нягтлан магадласан болно.

Гэтэл шүүхийн шийдвэрт: “...Үндэслэх нь... Мөн... Нэхэмжлэгч... нь 2011 онд 491,556.3 тонн нүүрс худалдаж авч тухайн ондоо 380,159.9 тн нүүрсийг худалдан борлуулалт хийж, 2011 оны эцэст 111,396.4 тн нүүрсний үлдэгдэлтэй байсан болох нь 2011 онд... “Тавантолгой” ХК-иас худалдан авсан нүүрсний тооцоо, экспортонд гаргасан нүүрсний борлуулалтын тооцоо, 2011 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт... 2011 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан... зэрэг... хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул 80,507.8 тн нүүрсний өртгийг татвар ногдох орлогоос хасч тооцсон гэж үзэх үндэслэлтэй байна...” гэсэн татварын байцаагч нарын тайлбараас шууд иш татсан илт хууль бус шийдвэрийг гаргасан бөгөөд хавтаст хэрэгт татварын байцаагч нарын гаргасан хууль бус шийдвэрийг зөвтгөх ямар ч баримт байхгүй болно. Мөн 2012 оны татвар ногдох орлогоос хасагдах зардал буюу нүүрсний өртөг зардлыг шүүхийн шийдвэрийн энэхүү хэсэгт тусгагдсан 2011 оны санхүүгийн үйл ажиллагаагаар тооцон гаргах боломжгүй юм.

Гомдол-3:

Татварын улсын байцаагчийн 110003211 тоот актын 2013 оны “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын ногдуулалт, төлөлтийн тооцоо” гэсэн хавсралтанд нийт борлуулалтын орлогыг 646.1, татвар ногдох орлогоос хасагдах зардлын дүнг 240.1 сая төгрөгөөр тус тус бууруулж, татвар ногдуулах орлогыг 406.0 (646.1-240.1) сая төгрөгөөр, төлбөл зохих татварыг 40.6 сая төгрөгийн татварыг улсад илүү төлөхөөр тайлагнаж төлснийг тогтоосон атлаа актаар хууль бусаар ногдуулсан төлбөрийн дүнгээсээ хасч тооцоогүй татвар төлөгчийг хохироож Татварын ерөнхий хуулийн 17 дугаар зүйлд: “17.1. Татвар төлөгч дараах эрх эдэлнэ... 17.1.4. илүү төлсөн татварыг буцаан авах буюу суутган тооцуулах...”, 58 дугаар зүйлд: “58.1. Энэ хуулийн 17.1.4-т заасны дагуу татварын алба татвар төлөгчийн илүү төлсөн татварыг дараах журмаар шийдвэрлэнэ: 58.1.1. тухайн хугацаанд төлбөл зохих бусад татварт суутган тооцох; 58.1.2. татвар төлөгч зөвшөөрвөл дараагийн хугацаанд төлөх татварт суутган тооцох; 58.1.3. буцаан олгох” гэж заасныг зөрчсөн.

Энэ талаар Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн хуралдааны тэмдэглэлд: “...Тав. Хэлэлцсэн байдал: Хэлэлцэх нь: 1...С.Төгсжаргал-магадлах шалгалт хийж гаргасан дүгнэлтээ гишүүдэд танилцуулав... 110003211 тоот татварын улсын байцаагчийн... актыг хүчингүй болгох... үндэслэлтэй байна. Үүнд... 4. Шалгалтаар 2013 онд 40,596,500 төгрөгийн татварыг илүү ногдуулсныг тогтоосон атлаа нөхөн ногдуулсан татвараас хасч тооцоогүй...” гэснээр хяналт шалгалт хийсэн татварын байцаагч нар хууль бус актыг үйлдсэн нь тогтоогддог. (Хавтаст хэргийн 93, 94 дүгээр хуудас)

Гомдол-4:

Дээрх (Гомдол-2, 3) үндэслэлээр татварын байцаагч нар компанид хууль бусаар 449.6 (409.0+40.6) сая төгрөг ногдуулахаар шийдвэрлэсэн байгаа бөгөөд энэ нь шүүхийн шийдвэрт төлүүлэхээр шийдвэрлэсэн 448.6 сая төгрөгнөес 1.0 (449.6-448.6) сая төгрөгөөр илүү гарч байгаа буюу улсад ийм хэмжээний татварыг компани илүү төлсөн байна.

Гомдол-5:

Монгол Улсын Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 4 дүгээр зүйлд: “4.1. Татварын... хуулийн хүрээнд 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх хугацаанд... татварын тайлангаа гаргасан байвал зохих... хуулийн этгээд ийнхүү... тайлагнаагүй боловч энэ хуульд заасан хугацаанд холбогдох байгууллагад сайн дурын үндсэн дээр шинээр... тайлагнасан бол... албан татвар... төлөөгүй... орлогоо нуун дарагдуулсны улмаас хүлээх хариуцлагаас нэг удаа чөлөөлнө...”, “...4.2. Энэ хуулийн 4.1-д заасны дагуу сайн дурын үндсэн дээр... татварын тайлангаа шинээр тайлагнасан... тайлагнахаас өмнөх хугацаанд олсон албан татвар ногдох орлого... албан татвар, хүү, торгууль, алданги нөхөн ногдуулахгүй...” гэж заасны дагуу аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланг шинээр гарган татварын албанд мэдүүлсэн болно.

Гэтэл шүүхийн шийдвэрт: “...Үндэслэх нь... ХХК-д хийсэн татварын хяналт шалгалт 2014 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 2014 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн хооронд хийгдсэн байх ба хууль батлагдан гарахаас өмнө хяналт шалгалт хийгдэж, зөрчлийг илрүүлж төлбөрийн акт тавигдсан байна... Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн үйлчлэлд хамрагдах боломжгүй гэж үзлээ...” гэж хүчингүй болсон байгаа актыг хүчинтэй байгаа мэтээр мөн хууль, шүүхийн өмнө бүгд тэгш эрхтэй байх зарчмыг алдагдуулсан хууль бус шийдвэр гаргасан байна. Өөрөөр хэлбэл, тус хуулийн өмнө шалгагдсан шалгагдаагүй хоёр тэгш эрхтэй болно.

Гомдол-6:

Манай компанийн гаргасан гомдлыг Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн хурлаар хянан хэлэлцээд: “...танай компанид шалгалт хийсэн татварын улсын байцаагч нар ажилдаа хариуцлагагүй хандсан байна. Иймд актыг хүчингүй болгуулахаар Өмнөговь аймгийн Татварын газарт үүрэг болгон шийдвэрлэлээ...” гэсэн шийдвэрийг гаргаж байгаагаа тухайн өдөр амаар компанийн өмгөөлөгч А.Ундрах, нягтлан бодогч Г.Жавхлан нарт танилцуулсан.

Гэтэл Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн хурал болсон өдрөөс хойш 1 жил 5 сарын дараа Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч (жинхлээгүй) Б.Цэндийн компанид ирүүлсэн 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 1/1332 тоотод: “...Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл танай гомдлыг буцаасан шийдвэр гаргасан. Өнөөдрийн байдлаар танай компани шүүхэд ямар нэгэн гомдол гаргаагүй байгаа тул... актын төлбөр... 718,371,185 төлбөрийг төлж барагдуулах шаардлагатай байна...” гэсэн илт хууль бус учир нь үл ойлгогдох шийдвэр бүхий албан бичгийг ирүүлж намайг, компанийн хамт олныг төөрөлдүүлэн хууран мэхэлж захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргуулсан байна.

Өөрөөр хэлбэл, Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлөөс гаргасан шийдвэрт татварын байцаагч нар гомдол гаргах эрхгүй, зөвхөн гаргасан шийдвэрийг нь биелүүлэх үүрэгтэй байдаг атал татвар төлөгчөө хууран мэхлэн шүүхэд гомдол гаргуулсан нь хууль бус байна.

Гомдол-7:

Татварын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Цэнд, хяналт шалгалт хийж гүйцэтгэсэн татварын улсын байцаагч нар дээрхээс гадна дараах байдлаар хууль бус үйлдэл гаргаж ажилдаа хариуцлагагүй хандсан байна. Тухайлбал,

1. Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн гаргасан актыг хүчингүй болгох шийдвэрийг өнөөдрийг болтол хэрэгжүүлээгүй байна.

2. Даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Цэнд жинхлээгүй атлаа хууль бусаар ногдуулсан актын төлбөрийг төлүүлэх шийдвэр гаргасан нь хууль бус болжээ.

З. Татварын хяналт шалгалтыг 2014 оны 08 дугаар сард хийж гүйцэтгэсэн боловч 110003211 тоот актын огноог 2 жилийн өмнөх хугацаагаар буюу 2012 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөр үйлдсэн нь ойлгомжгүй.

4. Шалгалт хийсэн татварын улсын байцаагч нар Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн хурлыг үл хүндэтгэн хүрэлцэн ирээгүй, тодорхой бус шалтгаанаар оролцоогүй, мэтгэлцээн хийгээгүйгээс үзэхэд өөрсдийн буруутай үйл ажиллагааг хүлээн зөвшөөрсөн гэж ойлгогдохоор байна.

5. Тус компанийн нягтлан бодогчийг Т.Мөнгөнболор гэдэг байтал актанд Т.Мөнгөнбаяр гэж компанид ажилладаггүй хүний нэрийг бичсэн нь 110003211 тоот актанд өөр компанийн тоо мэдээг оруулан, ажлаа хольж хутган хариуцлагагүй хандсан байж болзошгүй байна.

6. Өмнөговь аймгийн Татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 04 дугаартай тогтоолд: “...Хариуцсан албан үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй байх тул Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн дагуу Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын /ахлах/ байцаагч нарт хариуцлага хүлээлгэх нь зүйтэй...” гэсэн зэргээс үзэхэд шалгалт хэрхэн хариуцлагагүй, ёс зүйгүй, татвар төлөгчийн хууль ёсны ашиг сонирхлыг хангаагүй Монгол Улсын татварын хуулиуд, Татварын албаны ажилтны ёс зүйн дүрэм, Татварын хяналт шалгалтын ажлын журмуудыг ноцтой зөрчин хууль бус акт тогтоожээ.

7. Татварын байцаагч нар шүүхэд гаргасан тайлбартаа “...актын огноог болон бусад гаргасан зөрчлийг “Fisher” программд шивэхдээ залруулж актаа засварласан...” гэснээс үзэхэд Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлд: “30.1. Төрийн албаны тухай хуулиар төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд хориглохоор зааснаас гадна татварын улсын байцаагчийн үйл ажиллагаанд дараах зүйлийг хориглоно... 30.1.4. гарын үсэг зурж баталгаажуулсан акт... бусад баримт бичиг... ыг засварлах, өөрчлөх...” гэж заасныг зөрчсөн.

Өөрөөр хэлбэл, он, cap, өдөр, хүний нэрийг зөв бичиж чадахгүй, илэрхий тооцооллын алдаа гаргаж буй татварын улсын байцаагч нар тус компанид хүний эрүүл ухаанд багтамгүй 780.9 сая төгрөгийн төлбөр ногдуулсан нь хууль бус гэдэг нь тодорхой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан компаниар 448,6 сая төгрөг төлүүлэхээр шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчийн давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хариуцагч татварын улсын байцаагч нар “Эрдэнэтцэций хайрхан” ХХК-ийн 2011-2013 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж 2014 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 110003211 дүгээр актаар нийт 780,885,160 төгрөгийн төлбөр ногдуулсныг нэхэмжлэгч эс зөвшөөрч, хүчингүй болгуулахаар гомдол гаргасны дагуу Өмнөговь аймгийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор актаар ногдуулсан нийт төлбөрийг 721,591,185 төгрөг болгож өөрчилсөн байна.

Улмаар нэхэмжлэгч “Эрдэнэтцэций хайрхан” ХХК Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргаж, тус зөвлөл 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн хуралдаанаараа гомдлыг хэлэлцэн 8 гишүүний 100 хувийн саналаар “тооцооллын хувьд илт алдаа гарган татварын алба болон татвар төлөгчийн эрх ашгийг хохироосон” гэх үндэслэлээр маргаан бүхий татварын улсын байцаагчийн 110003211 дүгээр актыг хүчингүй болгож, дахин үйлдүүлэхээр шийдвэрлэсэн болох нь хэрэгт авагдсан баримтууд, хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогджээ.

Энэ нь Татварын ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.6-д “Маргаан таслах зөвлөлийг бүх гишүүдийн гуравны хоёроос доошгүйн ирцтэйгээр хуралдуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн ердийн олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ”, 42.7-д “Маргаан таслах зөвлөл нь татварын улсын байцаагчийн акт, дүгнэлтийг өөрчлөх, хүчингүй болгох, хэвээр үлдээх шийдвэрийн аль нэгийг гаргах бөгөөд уг шийдвэр нь тогтоол хэлбэртэй байна”, 36 дугаар зүйлийн 36.1-д “Татварын улсын байцаагчийн акт, дүгнэлтийг тухайн татварын албаны даргын тушаалаар дараахь үндэслэлээр өөрчлөх буюу хүчингүй болгоно:”, 36.1.3-д “акт, дүгнэлтийг өөрчлөх буюу хүчингүй болгох тухай Маргаан таслах зөвлөлийн шийдвэр гарсан” гэж заасантай тус тус нийцсэн байна. Хэдийгээр Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл нь тогтоол гаргаагүй байх боловч хуралдааны тэмдэглэлд тусгагдсанаар татварын улсын байцаагчийн 110003211 дүгээр актыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Өөрөөр хэлбэл, Маргаан таслах зөвлөл нь татварын акт, дүгнэлтийг татвар төлөгчийн гомдлоор хянан шийдвэрлэж, өөрчилж, хүчингүй болгох бүрэн эрхтэй бөгөөд Засгийн газрын 2009 оны 22 дугаар тогтоолоор батлагдсан “Татварын маргаан таслах зөвлөлийн ажиллах журам”-ын 5.12-т зааснаар Маргаан таслах зөвлөлийн хүчин төгөлдөр шийдвэрийг татвар төлөгч, татварын алба, татварын улсын байцаагч, албан тушаалтан биелүүлэх үүрэгтэй байна.

Гэтэл анхан шатны шүүх Маргаан таслах зөвлөлөөс нэгэнт хүчингүй болгож шийдвэрлэсэн татварын улсын байцаагчийн 110003211 дүгээр актыг хянаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

Түүнчлэн Өмнөговь аймгийн Татварын хэлтэс нь хүчингүй болсон актыг үндэслэж “Эрдэнэтцэций хайрхан” ХХК-ийг төлбөр төлөхийг шаардах эрхгүй, харин Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн шийдвэрийн дагуу хүчингүй болсон татварын улсын байцаагчийн 110003211 дүгээр актыг дахин үйлдэх учиртай.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч “Эрдэнэтцэций хайрхан” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 10 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Татварын ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.6, 42.7, 72 дугаар зүйлийн 72.2-д заасныг тус тус баримтлан “Эрдэнэтцэций хайрхан” ХХК-ийн Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Н.Сугир, Ц.Чимэг нарт холбогдуулан гаргасан “Татварын улсын байцаагчийн 2014 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 110003211 дүгээр актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, буцаан олгосугай.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Д.БАТБААТАР

            ШҮҮГЧ                                                                      Ц.ЦОГТ

                        ШҮҮГЧ                                                                     Г.БИЛГҮҮН