Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 156

 

“М ү” ХХК, “Э м” ХХК-уудын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад

холбогдох захиргааны хэргийн тухай  

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:                Танхимын тэргүүн М.Батсуурь,

Шүүгчид:                   Х.Батсүрэн,

                                  Д.Мөнхтуяа,

                                  П.Соёл-Эрдэнэ,

Илтгэгч шүүгч:         Б.Мөнхтуяа,

Нарийн бичгийн дарга: Г.Гантогтох.

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/40 дүгээр захирамжийн “М к” ХХК-д холбогдох хэсгийн барилгын давхцал бүхий хэсгийг хүчингүй болгуулах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 128/ШШ2017/0822 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 221/МА2018/0019 дүгээр магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У.

Гуравдагч этгээд “М к” ХХК-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 128/ШШ2017/0822 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.5.3, 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 27.4, 31 дүгээр зүйлийн 31.2, 31.3, 32 дугаар зүйлийн 32.3-т заасныг баримтлан “М ү” ХХК, “Э м” ХХК-уудын “Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/40 дүгээр захирамжийн “М к” ХХК-д холбогдох хэсгийн барилгын давхцал бүхий хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 221/МА2018/0019 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 822 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. ...“М к” ХХК нь анх 2004 онд Хан-Уул дүүргийн 3 хорооны нутаг дэвсгэрт үйлдвэрлэлийн зориулалтаар 14.120 м.кв газрыг үл хөдлөх эд хөрөнгийн объектын хамт хууль ёсны дагуу эзэмшиж байсан. Нийслэлийн засаг дарга 2005 онд 183 дугаар захирамжаар иргэн Ч.Нэргүйд манай эзэмшлийн газартай давхцуулан газрыг эзэмшүүлсэн байсан. Уг маргааныг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх 2011 онд эцэслэн шийдвэрлэсэн.

4. “М к” ХХК 2011 оны 12 дугаар сарын 07-ны өдөр эзэмшил газраа нэмэгдүүлэх хүсэлтээ Нийслэлийн газрын албанд хүргүүлсэн. Газрын алба хүсэлтийг хүлээн авч газар дээр нэмж 7997 м.кв газар, нийт 15834 м.кв газрыг манай компанид эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. Манай компани уг газраа буюу 15834 м.кв газраа 3 хуваалган тус тусад нь гэрчилгээ гаргуулах хүсэлтээ гаргасны улмаар Нийслэлийн Засаг дарга 3 тусдаа нэгж талбартай газар эзэмших гэрчилгээ гаргасан.

5. Нэмж олгосон газар нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 8/72 дугаар “Төлөвлөгөө батлах тухай” тогтоолд тусгагдсан газар бөгөөд манай компани хууль ёсны дагуу газар эзэмшдэг. Мөн 2012 оноос өнөөдрийг хүртэл газрын төлбөрөө, дуудлага худалдааны анхны үнээ төлсөн ч газраа зориулалтын дагуу ашиглаж чадахгүй хохирсоор байна.

6. “М ү” ХХК нь мөн Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт М к ХХК-ийн зэргэлдээ 12.779 м.кв газрыг эзэмшдэг бөгөөд эзэмшил газрууд нь хоорондоо давхцалгүй юм.

7. Энэ нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 02-04-129/1459 дүгээр дүгнэлтээр “М ү” ХХК барилга барихдаа “М к” ХХК-ийн эзэмшил газар руу 1837,64 м.кв хэмжээгээр хэтрүүлэн барьсан нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.5 дахь хэсгийг зөрчсөн байна гэж дүгнэснээр нотлогдох бөгөөд “М ү” ХХК нь уг дүгнэлтийн өөрт холбогдох хэсэгт гомдол гаргаагүй юм.

8. Магадлалд нэхэмжлэгчийн барьсан барилга нь гуравдагч этгээдэд газар эзэмшүүлэхээс өмнө баригдсан байна гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна, Учир нь Газрын харилцаа геодези зураг зүйн газрын 2015, 2017 оны дүгнэлтүүдээр “М ү” ХХК нь “М к” ХХК-ийн эзэмшлийн газар руу орж барилга барьсан нь тус тус тогтоогдсон. Мөн магадлалд нэхэмжлэгчийн гаргасан нотлох баримт гаргуулах хүсэлтийг хүлээж аваагүй гэж дүгнэсэн байна. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийг хангаж “Дулааны шугам сүлжээ” ТӨХК-аас 2 ч удаа нотлох баримт гаргуулах албан тоот хүргүүлсэн бөгөөд “М к” ХХК-ийн эзэмшил газарт дулааны шугам сүлжээ байхгүй талаар хариу тайлбар ирүүлсэн.

9. Нэхэмжлэл гаргаад буй “Э м” ХХК нь газар эзэмших эрхийн ямар нэгэн гэрчилгээгүй, “М ү” ХХК нь бусдын эзэмшил газар руу нэвтэрч барилга барьсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлогдсон.

10. Анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийж “М к” ХХК-д газар эзэмшүүлсэн захирамжийн улмаас нэхэмжлэгч нарын хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй тул Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 221/МА2018/0019 дүгээр магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

11. Давж заалдах шатны шүүхийн магадлал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-д заасантай нийцсэн байна. 

12. Маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2012 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/40 дүгээр захирамжаар Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4 дэх заалтыг үндэслэн Нийслэлийн Газрын алба, Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газрын дэргэдэх техникийн зөвлөлийн 2011 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн хурлаас гарсан дүгнэлтийг хянан үзээд 68 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил газрын талбайн хэмжээ, зориулалт, байршлыг өөрчлөн баталгаажуулжээ.

13. Нэхэмжлэгч “М ү” ХХК, “Э м” ХХК-ууд нь дээрх захирамжийн хавсралтын 64-д заасан “М к” ХХК-д Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд орон сууц, үйлдвэрлэлийн зориулалтаар эзэмшүүлсэн 15834 м.кв газраас тус компанийн барилгатай давхцал бүхий хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

14. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...гуравдагч этгээд “М к” ХХК-ийн газраа хуваалгах нэрээр нэмж авсан 7997 м.кв газрын хэмжээнд бид маргаж байгаа. Нийслэлийн Засаг дарга гуравдагч этгээдэд тухайн  газрыг олгохоос өмнө манай барилгын тодорхой хэсгүүд баригдчихсан, “Э м” ХХК үйл ажиллагаагаа явуулж байсан. Бидний маргаж байгаа газар нь манай компаниудыг ус, дулаанаар хангадаг төвийн шугам сүлжээ бүхий газар болно. Уг газар дээр “М к” ХХК нь 2012 оноос ямар ч үйл ажиллагаа явуулаагүй...” гэж маргажээ.  

15. Давж заалдах шатны шүүхийн “...Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ маргаж буй газрыг гуравдагч этгээдэд эзэмшүүлсэн үндэслэл нь хуульд заасан шаардлага хангасан эсэх, газрын хэмжээг ямар үндэслэлээр нэмэгдүүлэх болсон, нэхэмжлэлд дурдсанаар нэхэмжлэгчийн барьсан барилга цаг хугацааны хувьд гуравдагч этгээдэд газар эзэмшүүлэхээс өмнө баригдсан эсэх, тухайн газар доогуур нэхэмжлэгч нарын эзэмшлийн шугам сүлжээ явж байгаа эсэх, тухайн газарт орон сууцны болон үйлдвэрлэлийн зориулалтаар газар эзэмшүүлэхээр тухайн жилийн төлөвлөгөөнд тусгагдсан эсэх, өмнөх эзэмшил газраас зориулалт, байршил хэрхэн өөрчлөгдсөн эсэх нь хэрэгт авагдсан баримтаар бүрэн тогтоогдоогүй...” гэж дүгнэн, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь үндэслэлтэй болжээ.

16. Гуравдагч этгээд “М к” ХХК нь анх 2004 онд Нийслэлийн Засаг даргын 185 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 14120 м.кв газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар эзэмших эрхтэй болсон байх бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/40 дүгээр захирамжаар тус компанид нийт 15834 м.кв газрыг эзэмшүүлж, улмаар нэгж талбар тус бүрээр 5650 м.кв, 2187 м.кв, 7997 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байна.

17. Хэрэгт авагдсан, гуравдагч этгээдийн “Эзэмшил газрын гэрчилгээ хүсэх тухай” 1/33 тоот хүсэлтэд “...Үл хөдлөх хөрөнгөтэй /барилгатай/ хэсэг 2184 м.кв, үйлдвэрлэлийн талбай /баталгаажсан/ 5650 м.кв, баталгаажсан, барилгажих хэсэг 8000 м.кв” гэж тодорхойлон газар эзэмших эрхийг 3 хувааж баталгаажуулахыг хүссэн байх боловч маргаж буй 8000 м.кв газар нь ямар байдлаар баталгаажсан, гуравдагч этгээдийн анх эзэмшиж байсан 14120 м.кв газарт багтаж буй эсэх нь тодорхойгүй байна.

18. Мөн гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...2004 онд эзэмшиж байсан 14120 м.кв газраас 5650 м.кв газрыг Нийслэлийн Засаг дарга 2005 оны 183 дугаар захирамжаар иргэн Ч.Нэргүйд давхцуулан газар эзэмшүүлсэн, 2011 онд шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэж хүчингүй болсон ч одоог хүртэл сэргээгдээгүй, ...газрын байршлыг өөрчлөн шинээр 8000 м.кв газрыг олгосон, нэмж олгосон газар нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 8/72 дугаар “Төлөвлөгөө батлах тухай” тогтоолд тусгагдсан...” гэж тайлбарлаж байгаа боловч эдгээр үндэслэлүүдийг нотолсон баримтууд хэрэгт бүрэн авагдаагүй, тухайлбал, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2011 оны 8/72 дугаар тогтоолоор батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, “М к” ХХК-ийн газрын хэмжээг өөрчилсөн Нийслэлийн Засаг даргын 2010 оны 476 дугаар захирамж, түүнчлэн маргаж буй 8000 м.кв газрыг гуравдагч этгээдэд эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 31, 32 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан эсэхтэй холбоотой баримтууд хэрэгт авагдаагүй байна.

19. Иймд анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 34 дүгээр зүйлийн 34.2-т зааснаар хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргээ хэрэгжүүлээгүй буюу хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримтуудыг бүрэн цуглуулаагүй, маргааны үндэслэл болсон хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

20. Анхан шатны шүүх магадлалд заасан ажиллагааг хэрэгжүүлж, хэргийн оролцогчдын маргаж буй үндэслэл болон маргаан бүхий актын үндэслэлд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх шаардлагатай тул магадлалыг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн хяналтын гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 221/МА2018/0019 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн хяналтын  журмаар  гаргасан  гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээдээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                             ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                             М.БАТСУУРЬ

                             ШҮҮГЧ                                                                       Б.МӨНХТУЯА