Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2016/00715

 

Нийслэлийн татварын газрын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2016/1212 дугаар шийдвэр,        

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 649 дүгээр магадлалтай,

Нэхэмжлэгч Нийслэлийн татварын газрын нэхэмжлэлтэй

Хариуцагч “Моннаб” ХК-д холбогдох,

Татварын төлбөр 63.366.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхзаяагийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгонцэцэг, хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхзаяа, нарийн бичгийн даргаар Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нийслэлийн татварын газартай харьцдаг 2082756 регистрийн дугаартай “Моннаб” ХК нь татварын улсын байцаагчийн 2012 оны 12 дугаар сарын 28-ын өдрийн 122903 дугаар актын төлбөрийн 63 336 000 төгрөгийн өр төлбөрийг хуулийн хугацаанд төлж барагдуулаагүй байна.“Моннаб” ХК нь Татварын албаны шаардлагыг биелүүлээгүй, Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 1.1, 1.4 дэх заалтуудыг зөрчсөн тул “Моннаб” ХК-иас 63 366 000 төгрөгийг нэхэмжилж байна. Тус газар нь Татварын ерөнхий хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасны дагуу шат дараалсан арга хэмжээг авч ажилласан. Тухайлбал 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 2312030362 тоот мэдэгдэх хуудас гардуулж, 2014 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 2312030362 тоот мэдэгдэх хуудсаар харилцах дансны зарлагын гүйлгээг хаах мэдэгдлийг Капитрон, Хаан, Худалдаа хөгжлийн банкинд хүргүүлсэн. Мөн 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр татвар төлөгчид барьцааны гэрээ санал болгосон боловч саналыг хүлээн аваагүй тул 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 22/06 тоот актаар тус компанийн өмчлөлд бүртгэлтэй Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хорооллын 2 дугаар байрны 53 тоот орон сууц, эд хөрөнгийг битүүмжлэн Татварын ерөнхий хуулийн 70 дугаар зүйлд заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Хариуцагч 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 122903 дугаар актад Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргаагүй, Татварын ерөнхий газрын маргаан таслах зөвлөлд хандаагүй. 2012 оны татварын төлөлтийн байдалд акт тогтоосон. Татварын байгууллага хуульд заасан ажиллагаа хийсэн ба Нийслэлийн татварын албаны маргаан таслах зөвлөл нь 68 174 800 төгрөгөөс 4 808 700 төгрөгийг хассан. Мөн үл хөдлөх хөрөнгийн татварыг 2013 онд төлсөн, 2011 оны төлбөрийг 2013 онд төлсөн гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: ...Татварын хяналт шалгалт хийсэн байцаагч нарт компанийн хийж байсан ажлын онцлогийн талаар тодорхой тайлбар, зарим төлбөрийг төлсөн талаар мэдүүлсээр байхад үл хайхран, ямар нэгэн тайлбар хүлээн авалгүйгээр акт тогтоосонд гомдолтой байдаг.Татварын маргаан таслах комисст гомдол гаргахад, тогтоосон акт нь буруу байна гээд 68 174,8 мянган төгрөгийн актыг 63 336 000 төгрөг болгосон. Татварын актаар тавигдсан 1.1-д 2011 оны жилийн борлуулалтын 86 246 000 төгрөгийн орлогыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд тусгаагүй, татвар ногдуулалт төлөөгүй зөрчил гэж 8 624 600 төгрөг нөхөн татвар, 2 587 400 төгрөгийн торгууль, 1 216 100 төгрөгийн алданги гэжээ.“Моннаб” ХК 2009 оноос хойш ажил үйлчилгээ явуулаагүй “X” тайлан гаргасан тухай актад тэмдэглэсэн. Гэтэл орлого олсноор нөхөн татвар ногдуулсан нь хөндлөнгийн хяналтаар илэрсэн. “Моннаб” ХК-д нягтлан бодогчоор ажиллаж байсан Ц.Бямбарагчаа нь “Ивээл-Арвижих” ХХК-д 2011 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 1 040 000 төгрөг, 2011 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 8 324 118,4 төгрөг, “Булган барилга” ХХК-д 2011 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 18 881 720 төгрөгийн нийт 29 171 250 төгрөгийн борлуулалтын НӨАТ-ын падааныг хуурамчаар бичсэн нь илэрсэн.Энэ дүнг бичих гээд 86 246 000 төгрөг бичсэн болов уу гэж таамагладаг. “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай” хуулийн дагуу алдаагаа зассан тухай албан бичгээ бидэнд ирүүлснээс өөр тооцоо байхгүй. Иймд дээрх үлдэгдэл төлбөр 57 074 750 төгрөгийг юуг үндэслэн акт тавьсан болох нь баримтаар нотлогдохгүй байгаа учир энэ төлбөрийг зөвшөөрөхгүй. Тус актын 1 дүгээр зүйлийн 2-т 2007 онд 226 113 900 төгрөг, 2008 онд 86 284 300 төгрөг, 2009 онд 540 900 төгрөг, нийт 312 939 100 төгрөгийн НӨАТ-аас чөлөөлөх борлуулалтын орлогод ногдох худалдан авалтыг нийт худалдан авалтын дүнгээс хасч татвар ногдуулах орлого бууруулсан зөрчилд НӨАТ-ын 4 396 100 төгрөгийн илүү төлөлтийг хасч 26 897 800 төгрөгийн нөхөн татвар, 8 069 300 төгрөгийн торгууль, 13 448 800 төгрөгийн алданги гэж 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдөр акт тавьсан нь Татварын ерөнхий хуулийн 11.1-д татвар нөхөн ногдуулах алданги, торгууль ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байна гэж заасны дагуу 2007 оны 226 113 900 төгрөгийн нөхөн татвар алданги торгуулийн акт тавих үндэслэлгүй байхад хууль зөрчин акт тавьсан байна.Актын 1.3-т 2009 онд 540 900 төгрөг, 2008 онд 86 284. 33 төгрөгийн нөхөн татвар гэсэн нь тухайн онд балансаар 85 520 621 төгрөгийн орлоготой ажилласан. Энэ орлого 2000 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн 1 дүгээр зүйлд “Азийн Хөгжлийн Банк”-ны зээлийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа “Орон нутгийн хотуудын нийтийн аж ахуйг сайжруулах” төслийн хүрээнд орон нутгийн нийтийн аж ахуйн өргөтгөл шинэтгэлд зориулсан картаар нийлүүлсэн болон нийлүүлэх тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл, материалыг НӨАТ-аас чөлөөлнө гэж хууль гарсан учраас энэхүү орлого нь НӨАТ-аас чөлөөлөгдөх орлого юм.Актын 1.4-т 2007, 2008, 2009, 2010, 2011 онуудад үл хөдлөх хөрөнгийг, татварын тайланд тусгаагүй гэж 392 500 төгрөгийг нөхөн төлбөрт тооцсон нь буруу юм. 2011 оны 08 дугаар сарын 16-ны өдөр “Хаан” банкны Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002943 тоот дансанд 2008, 2009, 2010 оны Үл хөдлөх хөрөнгийн татвар гэж 235 500 төгрөг, 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 2011, 2012 оны үл хөдлөх хөрөнгийн татвар гэж 157 000 төгрөг төлсөн учир тухайн төлбөрийг төлөх ёсгүй. Шалгалт явуулах хугацаанаас өмнө Үл хөдлөх хөрөнгийн татварыг төлсөн баримт байсаар байхад татвар ногдуулж байгаа нь үндэсгүй.Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2016/1212 дугаар шийдвэрээр Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар “Моннаб” ХХК-д холбогдох татварын өр 63 366 000 төгрөг гаргуулах тухай Нийслэлийн татварын газрын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 649 дүгээр магадлалаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2016/1212 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.1, мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Моннаб” ХК-иас 63 366 000 төгрөгийг гаргуулж, Нийслэлийн татварын газарт олгосугай” гэж, тогтоох хэсгийн 2 дах заалтад “...дурдсугай” гэснийг “...дурдаж, хариуцагч "Моннаб" ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 474 780 төгрөг гаргуулж, улсын төсөвт оруулсугай.” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Нийслэлийн татварын газар улсын тэмдгийн хураамж төлөхөөс чөлөөлжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч “Моннаб” ХХК нь Баянгол дүүрэгт байрладаг гэдэг нь харагдаж байхад нэхэмжпэгчийн Чингэлтэй дүүргийн хаягаар гаргасан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснээрээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-ийн “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана.”, 14.2-ын “Хариуцагч нь хуулийн этгээд байвал нэхэмжлэлийг түүний ажил хэргээ байнга явуулдаг, эсхүл удирдах байгууллага нь байгаа газрын шүүхэд гаргана.” гэсэн заалтыг зөрчсөн нэхэмжлэлийг давж заалдах шатны шүүх хангаж шийдвэрлэснээрээ мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.2 дахь заалтыг зөрчсөн байна.Мөн түүнчлэн давж заалдах шатны шүүхийн хангаж шийдвэрлээд байгаа нэхэмжлэлийг “Моннаб” ХХК-ийн захирал Р.Зоригтод хүлээлгэн өгч, түүнд эрх, үүргийг нь танилцуулсан баримт хавтаст хэрэгт байх бөгөөд хэргийн 29 дүгээр хуудсанд “Моннаб” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээр “Р.Зоригт” бүртгэлтэй байгаа нь Улсын бүртгэлийн лавлагаагаар харагдаж байна. Гэтэл хэргийн 83, 84 дүгээр хуудаст байгаа баримтаас харахад компанийг төлөөлөх эрхгүй этгээдийн итгэмжлэл болон Захирлын тушаалаар Б.Мягмар, Ж.Цэцэгмаа нарыг хариуцагчийн төлөөлөгчөөр оролцуулж шийдвэрлэсэн нэхэмжлэлийг хангаж байгаа нь өөрөө хууль зөрчсөн алхам болсон байна.Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 649 дүгээр магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

                                                                                 ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Нийслэлийн татварын газар хариуцагч “Моннаб” ХК-д холбогдуулан татварын улсын байцаагчийн 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 122903 дугаар актаар тавигдсан 63 663 000 төгрөгийн татварын өрийг төлүүлэхээр нэхэмжлэл гаргажээ.  Хариуцагч “Моннаб” ХК нь нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөөгүй байна.

Татварын улсын байцаагчийн 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 122903 дугаар актаар татварын хяналт шалгалтаар илэрсэн 500 940 100 төгрөгийн зөрчилд 38 948 500 төгрөгийн нөхөн татвар, 12 867 800 төгрөгийн торгууль, 16 358 500 төгрөгийн алданги, нийт 68 174 800 төгрөгийн төлбөр тогтоожээ \хх-ийн 19-20 дугаар тал\.

Хариуцагч “Моннаб” ХК нь татварын улсын байцаагчийн актыг эс зөвшөөрч, Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасны дагуу Нийслэлийн Татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөл 2013 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 60 дугаар тогтоолоор 68 174 800 төгрөгөөс 4 808 700 төгрөгийн төлбөрийг хасчээ.

Нийслэлийн Татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлийн дээрх тогтоол болон татварын улсын байцаагчийн актын талаар хариуцагч “Моннаб” ХК нь Татварын Ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдол, Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаагүй байна.

Нэхэмжлэгч Татварын газар нь Татварын ерөнхий хуулийн 62-69 дүгээр зүйлд заасан ажиллагааг явуулснаар хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.-д заасан шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь үүссэн байх тул татварын улсын байцаагчийн хүчин төгөлдөр актын дагуу татварын өр төлбөр барагдуулах үүргийг хариуцагч “Моннаб” ХК-д ногдуулсан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан зохигчдын хооронд үүссэн маргаанд Татварын ерөнхий хууль, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх ба хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэх үндэслэл хариуцагчийн гомдолд тусгагдаагүй байна.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчдын эрхийг хязгаарласан, зөрчсөн алдаа гаргаагүй байна.

Хариуцагч “Моннаб” ХК-ийн ТУЗ-ийн дарга Р.Зоригт 2016 оны 01 дүгээр  сарын 06-ны өдрийн 16\02 дугаартай итгэмжлэлээр компанийг төлөөлөх бүрэн эрхийг Ж.Цэцэгмаа, Б.Мягмар нарт олгосон нь хууль зөрчөөгүй байна \хх-ийн 64 дүгээр тал\. Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1., 75 дугаар зүйлийн 75.1.-д зааснаар компанийн эрх барих дээд байгууллага нь хувьцаа эзэмшигчдийн  хурал бөгөөд хувьцаа эзэмшигчдийн хурлын чөлөөт цагт компанийн эрх барих байгууллага нь төлөөлөн удирдах зөвлөл байдаг. Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга компанийг итгэмжлэлээр төлөөлөх этгээдийг томилсон байхад “компанийг төлөөлөх эрхгүй этгээд төлөөлөгчийг томилсон” гэх хариуцагчийн өмгөөлөгчийн гомдол үндэслэлгүй байна. 

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.-т заасан “хариуцагч нь хуулийн этгээд байвал нэхэмжлэлийг түүний ажил хэргээ байнга явуулдаг, эсхүл удирдах байгууллага нь байгаа газрын шүүхэд гаргана” гэсэн хэргийн нутаг дэвсгэрийн харьяаллыг зөрчөөгүй байна.

Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгуулахаар хяналтын журмаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 649 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 474 780 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН