Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 102/ШШ2023/03060

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Зүмбэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: У ХМХ

Хариуцагч: П.Б

2,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд З.Н, шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Г.А нар оролцов. Хариуцагч шүүх хуралдааны тов мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна. 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: У ХМХ нь П.Б-р 5 нэвтрүүлэг эвлүүлэх зорилгоор 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр урьдчилгаа төлбөр болох 2,500,000 төгрөгийг түүний эхнэр Ц.О-н Хаан банк дахь ... дансанд шилжүүлсэн. Гэтэл П.Б нь эхний 1 нэвтрүүлгийг цаг хугацаандаа хүлээлгэж өгөөгүйгээс гадна чанарын шаардлага хангаагүй хийсэн тул бид уг ажлыг хүлээж авалгүй, аман гэрээгээ 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр цуцалж, урьдчилгаа төлбөр болох 2,500,000 төгрөгийг 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр У ХМХ-д буцааж төлөхөөр тохиролцон, баримт бичиг үйлдэж гарын үсэг зурж баталгаажуулсан болно. Гэвч иргэн П.Б нь өнөөг хүртэл уг төлбөрийг буцааж өгөөгүй тул 2,500,000 төгрөгийг П.Б-с гаргуулж өгнө үү. гэжээ.

2. Хариуцагч хариу тайлбартаа: Миний бие П.Б нь иргэн З.Н-тай нэвтрүүлгийн эвлүүлэг хийх ажлыг амаар хийж гүйцэтгэхээр болсон. Ажлын нийт хөлс 5,000,000 төгрөг байхаар болсон. 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр З.Н нь төлбөрийг төлж барагдуулна гэсэн. Төлбөр төлөгдсөнөөр ажил эхлэх ёстой. Гэвч 2,500,000 төгрөг төлөөд эвлүүлгийн ажлыг эхлүүлээд өгөөч гэж гуйсан. Үлдэгдлийг нь удахгүй төлнө гэсэн. 1 дугаар нэвтрүүлгийн эвлүүлэг дууссан боловч үлдэгдэл төлбөр төлөгдөөгүй. Гэтэл тодорхойгүй шалтгаанаар аман гэрээг цуцалж, эвлүүлгийн хатуу дискийг задгай прожекттэй аваад явсан. Явахад 2,500,000 төгрөгийг эргүүлж төлүүлнэ гэх утгатай бичгийг эхнэрээрээ бичүүлж гарын үсэг зуруулсан. Задгай прожектийг дахин ашиглах боломжтой байдаг. Өөрийн хийсэн 1 дугаар нэвтрүүлгийн хөлс болох 1,250,000 төгрөгийг хасуулж, үлдэгдэл 1,250,000 төгрөгийг төлөх хүсэлтэй байна. Уг амар гэрээ надаас болж цуцлагдаагүй. гэв.

3. Нэхэмжлэгчээс хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх 3/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх 4/, төлбөр эргүүлэн төлөх тухай тохиролцоо /хх 7/, У.. депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 9/, У ХМХ-ийн дүрэм /хх 10-11/ шүүхэд гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

4. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

5. Нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 2,500,000 төгрөгөө буцаан гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, 1 нэвтрүүлэг хийсэн учир 1,250,000 төгрөгийг төлөхгүй гэж маргажээ.

  6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Хариуцагч П.Б нь У ХМХ-тэй харилцан тохиролцож, нэхэмжлэгчийн харилцагч компанийн баярын нэвтрүүлэг хийхээр 5,000,000 төгрөгөөр тохиролцож, урьдчилгаа 2,500,000 төгрөг авсан болох нь зохигчийн тайлбар, Уул уурхайн мэдээ сонины банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулганаас харагдаж байна. /хх 7,9,22/

Энэхүү ажлын үр дүн гараагүй учир 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 2,500,000 төгрөгийг хариуцагч эргүүлэн төлөхөөр зөвшөөрсөн болох нь талуудын 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн тооцоо нийлсэн баримтаар тогтоогдож байна. /хх 7/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх зааснаар хэргийн оролцогч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа шүүхэд өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд хариуцагч 1 нэвтрүүлэг хийсэн, түүний хөлс 1,250,000 төгрөг болно гэсэн татгалзлаа баримтаар нотлоогүй байна.

7. Талууд 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр компанийн баярын үйл ажиллагааны нэвтрүүлгийг 5,000,000 төгрөгөөр бэлтгэхээр харилцан тохиролцсон тул Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ зохигчийн хооронд байгуулагдсан байна.

Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2 дахь хэсэгт ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэж тодорхойлсон ба талууд нэхэмжлэгчийн гэрээт компанийн баярын арга хэмжээтэй холбоотой нэвтрүүлэг бэлтгэх ажлыг гүйцэтгэх нөхцөлтэйгөөр харилцан тохиролцсон нь хуулийн дээрх зохицуулалтад нийцжээ.

8. Талууд хэдийгээр хүчин төгөлдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан боловч Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй зааснаар гэрээг цуцлахаар тохиролцож, хариуцагч нь 2,500,000 төгрөгийг буцаан төлөхөөр болжээ.

Талууд харилцан тохиролцож гэрээг цуцлах эрхтэй бөгөөд үүнд нэхэмжлэгч буюу захиалагч буруугүй байна.

 Иймд Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй. зааснаар хариуцагч нь ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, ажлын үр дүнг хүлээлгэн өгөөгүй буруутай тул нэхэмжлэгч урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 2,500,000 төгрөгөө шаардах эрхтэй болжээ.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаар нөхөн төлүүлэх үндэслэлтэй болжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 225 дугаар зүйлийн 225.3, 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч П.Б-с 2,500,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч У ХМХ-д олгосугай.    

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 54,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдэж, хариуцагч П.Б-с улсын тэмдэгтийн хураамжид 54,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч У ХМХ-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.ЗҮМБЭРЭЛ