Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2023/03528

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Зүмбэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: БГ,

Хариуцагч: Ц ХХК

Гэрээний алданги 693,335 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Б.Сувд нар оролцов. Хариуцагчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б... 2022 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих төсөл арга хэмжээнд тусгасан Соёлын төвийн тоног төхөөрөмж нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерт уг ажлыг Ц ХХК гүйцэтгэхээр шалгарч, аймгийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн ... дугаар захирамжаар гүйцэтгэгчээр шалгарсан Ц ХХК-тай Булган аймгийн Соёл урлагийн газрыг ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулах эрх олгосны дагуу 1122 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн ... дугаартай Хөгжим техник хэрэгсэл нийлүүлэх гэрээ байгуулсан. Гэрээний 4-д заасны дагуу нийлүүлэгч Ц ХХК нь гэрээний хавсралтад заасан нэр төрлийн барааг 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дотор нийлүүлж, хүлээлгэж өгөхөөр тохирсон боловч 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хүлээлгэн өгсөн бөгөөд гэрээнд заасан хугацаанаас 13 хоног хэтрүүлсэн. Үүнтэй холбоотойгоор Булган аймгийн төрийн аудитын газрын 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн .... дугаартай төлбөрийн акт гарсан. Уг актын үндэслэл нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт захиалагч болон гүйцэтгэгчийн хооронд байгуулсан 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн ... гэрээний 5.3-д заасан тусгай нөхцөлийн 5.1-д алдангийг 0,05 хувиар оногдуулахаар тусгасан заалттай нийцэхгүй гэж дүгнэжээ. Иймд Ц ХХК-аас 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн .... дугаартай гэрээний дагуу хугацаа хэтрүүлсний алданги 693,335 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

2. Хариуцагч хариу тайлбартаа: Б... газраас гаргасан нэхэмжлэлийн шаардлагын дараах тайлбар гаргаж байна. Дээрх нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Гэрээнд заасан хугацаа, гүйцэтгэлийн дагуу тоног төхөөрөмж, бараа бүтээгдэхүүнийг хүлээлгэн өгөх үүрэгтэй байсан боловч Хятад дахин цар тахал гарсан асуудлаас болж Эрээнээс Монгол Улс руу орж, гарах хилийн боомт хаагдсаны улмаас тоног төхөөрөмж, барааг хугацаандаа хүлээн авах боломжгүй болж хугацаа хэтэрсэн. Энэ талаараа гэрээний үүргийн гүйцэтгэлийн биелэлт дуусахаас 5 хоногийн өмнө буюу 2022 оны 06 сарын 15-ны өдрийн .... тоот албан бичиг болон өөрийн хаягаараа Б... Засаг дарга Б.А мөн аймгийн Соёл урлагийн газарт үүргийн гүйцэтгэл хугацаа хоцрох болсон учир шалтгааныхаа болон дараа нь энэ тухай хэд хэдэн албан бичиг явуулсан. Дээрх шалтгааны улмаас гэрээнд заасан үүргээ 13 хоног хэтрүүлсэн боловч гэрээний ямар нэгэн доголдолгүй тоног төхөөрөмж, бараа бүтээгдэхүүнийг нийлүүлж гэрээний үүрэг ямар нэгэн зөрчилгүй гэж тухайн үед харилцан зөвшөөрч биелэгдсэн гэдгээ нотолсон. 2022 оны 07 сарын 05-ны өдөр хөгжим техник хүлээн авах 7 хүний бүрэлдэхүүнтэй комиссын актаар хүлээлгэн өгсөн, хүлээн авсан баримт байгаа. Мөн 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн ... тоот гүйцэтгэгчид гэрээ байгуулах эрх олгох тухай Б... аймгийн Засаг дарга Б.А захирамжид Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь заалтыг үндэслэн захирамж гаргасан байдаг. гэв.

3. Нэхэмжлэгчээс хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх 3/, итгэмжлэл /хх 4/, хөгжим, техник хэрэгсэл нийлүүлэх гэрээ /хх 5-12/, Булган аймгийн засаг даргын 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн А/297 дугаар захирамж /хх 13/, Барааны жагсаалт ба бараа нийлүүлэлтийн хуваарь /хх 14/, Үнэлгээний хорооны зөвлөмж /хх 16/, Б...засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 01/412 дугаар мэдэгдэл /хх 17/, Булган аймгийн засаг даргын 2022 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн А/297 дугаартай гүйцэтгэгчид гэрээ байгуулах эрх олгох тухай захирамж /хх 18/, Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих төсөл арга хэмжээнд тусгасан Соёлын төвийн тоног төхөөрөмж нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тэмдэглэл /хх 19-20/, Булган аймгийн Төрийн аудитын газрын 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн төлбөрийн акт /хх 22/, Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 168 дугаар тогтоол /хх 23/, Монгол Улсын Соёлын сайдын 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/04 дугаар тушаал /хх 24-25/, Аймгийн соёл, урлагийн газрын дүрэм /хх 26-30/, МУ-ын Соёлын сайдын 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн Б/18 дугаар Г.Алдармөнхийг албан тушаалд түр томилох тухай тушаал /хх 31-32/, МУ-ын Соёлын сайдын 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/02 дугаар Б.Э-ыг ажилд томилох тухай тушаал /хх 33/, Ц ХХК-д төлбөр шилжүүлсэн дансны хуулга /хх 77/ хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх 59/, Ц ХХК-ийн 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 38/22 дугаар албан бичиг /хх 65/, Ц ХХК-ийн 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 19/23 дугаар албан бичиг /хх 66/, Ц ХХК-ийн 2022 оны 6 дугаар сарын 15-ний өдрийн 24/22 дугаар албан бичиг /хх 67/ тус тус шүүхэд гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ НЬ:

4. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

5. Нэхэмжлэгч нь худалдах-худалдан авах гэрээний алданги 693,335 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, БНХАУ-д цар тахал гарсан, энэ талаар гэрээний нөгөө талд мэдэгдсэн учир хариуцахгүй гэж маргажээ.

  6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих төсөл арга хэмжээнд тусгасан Соёлын төвийн тоног төхөөрөмж нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерт Ц ХХК шалгарч, хөгжим техник хэрэгсэл нийлүүлэх гэрээ байгуулах байгуулсан болох нь хөгжим, техник хэрэгсэл нийлүүлэх гэрээ, Б... аймгийн засаг даргын 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн ... дугаар захирамж, Барааны жагсаалт ба бараа нийлүүлэлтийн хуваарь, Үнэлгээний хорооны зөвлөмж, Булган аймгийн засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн ... дугаар мэдэгдэл, Б... аймгийн засаг даргын 2022 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн ...дугаартай гүйцэтгэгчид гэрээ байгуулах эрх олгох тухай захирамж, Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих төсөл арга хэмжээнд тусгасан Соёлын төвийн тоног төхөөрөмж нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тэмдэглэлээр тус тус тогтоогдож байна. Талууд гэрээ байгуулсан, түүний хүчин төгөлдөр байдлын болон гэрээг хэрэгжүүлж дуусгасан байдлын талаар маргаагүй.

Хариуцагч хөгжим тоног төхөөрөмж нийлүүлэх ажлыг 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр гүйцэтгэх байсан ч 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдөр нийлүүлж, гэрээний хугацааг 13 хоногоор хэтрүүлсэн болох нь ... аймгийн Төрийн аудитын газрын 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн төлбөрийн акт, хариуцагчийн энэ талаар маргахгүй тайлбараар тогтоогдож байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэгч тал гэрээний төлбөрийг хугацаандаа шилжүүлээгүй гэсэн боловч талуудын хооронд байгуулагдсан гэрээний 7 дугаар зүйлд зааснаар бараа бүтээгдэхүүнийг нийлүүлсний дараа төлбөрийг төлөхөөр тохиролцсон тул бараа нийлүүлэх 13 хоногийн хугацаа нэхэмжлэгчээс шалтгаалсан гэж үзэх үндэслэлгүй юм.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх зааснаар хэргийн оролцогч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа шүүхэд өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд хариуцагч Ц ХХК нь гэрээг сунгах талаар захиалагчид мэдэгдсэн болон гэрээг харилцан тохиролцож сунгасан болохоо баримтаар баримтаар нотлоогүй байна.

7. Талууд 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдөр төрлийн шинжээр тодорхойлогдох хөгжим техник хэрэг хэрэгслийг 106,667,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцсон тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна.

Хариуцагч нь гэрээний дагуу 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 106,667,000 төгрөгийн өртөг бүхий хөгжим техник хэрэгслийг Булган аймгийн Соёл урлагийн газарт хүлээлгэн өгсөн бөгөөд Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ заасныг зөрчөөгүй байна.

8. Талуудын хооронд байгуулагдсан 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн хөгжим техник хэрэгсэл нийлүүлэх гэрээний ерөнхий нөхцөлийн 9.1-т ... хугацаа хоцорч нийлүүлсэн бараа, гүйцэтгэсэн үйлчилгээнд алданги ногдуулна, гэрээний тусгай нөхцөлийн 5.1-д алданги ногдуулах хувь 0.05 хувь гэж тус тус тохиролцсон байх бөгөөд уг тохиролцоо Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт заасантай нийцжээ.

Алдангийн хэмжээг гэрээний 4-т заасан үүрэг гүйцэтгэх сүүлийн хугацаа буюу 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс хойш хөгжим техник хэрэгсэл нийлүүлсэн 2022 оны 7 дугаар сарын 5-ны өдөр хүртэл гүйцэтгээгүй үүргийн 0,05 хувиар тооцоход нэхэмжлэгч 693,335 төгрөгийн гаргуулахаар шаардах эрхтэй байна.

9. Иймд хариуцагч Ц ХХК-иас худалдах-худалдан авах гэрээний алданги 693,335 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б...газарт олгох нь зүйтэй юм.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаар нөхөн төлүүлэх үндэслэлтэй болжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ц ХХК-аас худалдах-худалдан авах гэрээний алданги 693,335 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б... газарт олгосугай.    

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч Ц ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 21,190 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 А.ЗҮМБЭРЭЛ