Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 2025/ШЦТ/543

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                               

 

 

 

 

 

 

 2025        12            01                                                   2025/ШЦТ/543

                                                                                                                         

 

                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Б даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Г,

Улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор О.А,

Хохирогч Б.А /онлайнаар/, түүний өмгөөлөгч С.С,

Иргэний нэхэмжлэгч Ю.Ж өмгөөлөгч Р.М,

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Г.Н, түүний өмгөөлөгч С.Б,  

Шүүгдэгч Б.З, түүний өмгөөлөгч М.Ө нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Б.З холбогдох эрүүгийн 2434********* дугаартай 2 хавтас хэргийг 2025 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б.Б.З, ********** регистрийн дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.З нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.З нь 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Төв аймгийн Борнуур сум Нарт 4 дүгээр багийн нутаг, 124 дүгээр даваа гэх газарт 25-73 УБР улсын дугаартай “Т.акуа" маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14-т заасан "Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна." гэснийг зөрчиж, хурд сааруулагчаар гарч явсан иргэн Ю.Ж жолоодож явсан 16-00 УНО улсын дугаартай "T.кровн” маркийн тээврийн хэрэгслийн араас мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас “Т.акуа" маркийн 25-73 УБР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Б.А эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон.

Энэ нь эрүүгийн 2434********* дугаартай хэрэгт авагдсан:

 

Хохирогч Б.А өгсөн: “Би Улаанбаатар хот Улсын 2 дугаар эмнэлэгт дотрын эмчээр суралцангаа ажилладаг. 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдөр ажлаасаа чөлөө аваад 14 цаг 30 минутад ажлаасаа гараад Дархан-Уул аймаг руу явахаар болсон. Би Улаанбаатар хотоос орон нутгийн хооронд явдаг Б.З гэх хүний Т.Акуа маркийн 25-73 УБР улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явсан. Тухайн тээврийн хэрэгсэлтэй Б.З гэх жолооч Дархан-Уул аймаг, Улаанбаатар хот хооронд явдаг такси бөгөөд намайг Улаанбаатар хотын номын сангийн урд талаас машиндаа суулгаж хөдлөөд 100 айлын автобусны буудлаас нэг хүн суулгаж Улаанбаатар хотоос Дархан-Уул чиглэлд 16 цагийн орчимд хөдөлсөн. Тухайн үед Б.З гэх хүн жолоо барьж байсан. Би жолоочийн хажуу талын суудалд суудлын бүсээ зүүчихсэн сууж явсан. Харин 100 айлын автобусны буудлаас суусан охин арын суудалд ганцаараа суучихсан явсан. Тэгээд Улаанбаатар хотоос орон нутгийн зам руу гараад Дархан-Уул аймгийн чиглэлд явсан. Улаанбаатар хотоос гараад 1 цаг орчим явж яваад Баруун хараа гэх газар руу орж ирж байтал машин барьж явсан жолооч Б.З замын аюулгүйн тойрог дээр урд явж байсан Т.Кровн маркийн тээврийн хэрэгслийн араас мөргөчихсөн. Миний сууж явсан машин нэлээн хурдтай явж байсан. Машины тоормос гишгэж хурдаа хассан эсэхийг мэдэхгүй байна. Мөн урд явж байсан Кровн маркийн тээврийн хэрэгсэл аюулгүйн тойрог дээр хурд сааруулагчаар гарч байсан машин юм. Хурд сааруулагчаар гарч байсан машины араас миний сууж явсан машин мөргөсөн. Миний сууж явсан талаар урд байсан машиныг мөргөж замын баруун тал руу миний сууж явсан машин шидэгдэж бүтэн эргэж замаас гарсан. Тухайн үйлдэл хурдан болж өнгөрсөн. Машин замаас гарч жолоочийн талаар харж унасан. Жолооч өөрийн суудлын бүсээ тайлаад миний сууж байсан талын хаалгаар онгойлгож машинаас гарсан. Харин би суудлын бүс тайлах гэхэд нэлээн чангарсан тайлж чадахгүй байсан. Харин арын суудал дээр сууж байсан охин ухаангүй сэрэхгүй байсан. Жолооч Б.З миний суудлын бүсийг тайлж намайг машинаас гаргасан. Тэгээд замын хүмүүс бид нарт ирж тусалсан. Машиныг 4 дугуйн дээр нь босгож машинаас арын суудал дээр сууж явсан охиныг гаргасан. Охин машинаас ухаангүй гарч ирсэн. Хэсэг хугацааны дараа арын суудал дээр сууж явсан охин ухаан орсон. Замын хүмүүс цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. Би хамгаалах бүс зүүчихсэн байсан. Би тухайн тээврийн хэрэгслийн хэдэн км/-ц-ийн хурдтай явж байсныг хараагүй. Миний мэдэхээр нэлээн хурдтай явж байсан. Тухайн үед замын нөхцөл хэвийн, цаг агаарын таатай үзэгдэх орчин чөлөөтэй байсан. Би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг гаргуулах болно. Би гомдолтой байна. Би эрүүл мэндээрээ хохирсон. Зам тээврийн ослоос болж ажиллаа хийж чадахааргүй болсон. Олон хагалгаанд орж байгаа бие маань тэнхэрч өгөхгүй байгаа. Мөн тухайн жолооч над руу утсаар холбогдсон зүйл байхгүй. Надад учирсан хохирлыг барагдуулаагүй байна. Одоо дахин хагалгаанд орохоор болсон учраас надад учирсан хагалгааны мөнгө, эм тарианы мөнгө гээд учирсан хохирлыг жолооч Б.З гаргуулж авах болно. Би өдөрт дунжаар эм тарианы мөнгө гээд 60.000 төгрөгийн зарлага гарч байна. Осол болсноос хойш өдөр бүр эмчилгээ хийлгэж байна. Хохирлыг банк бус санхүүгийн байгууллагаас гаргуулж өгнө үү.” гэх мэдүүлэг /хх-ийн 37/,

Иргэний нэхэмжлэгч Ю.Ж өгсөн: “Зам тээврийн осолд орсон 16-00 УНА улсын дугаартай Т.Кровн маркийн тээврийн хэрэгсэл нь миний өөрийн эзэмшлийн машин. 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотоос Дархан орохоор өөрийн тээврийн хэрэгсэлтэйгээ ганцаараа явж байхад Төв аймгийн Жаргалант сум салдаг тойрог өнгөрөөд 124-ийн давааны урд байх аюулгүйн тойргийн наана байх хурд сааруулагч дөнгөж даваад 2-3 метр зайг туулж байхад тээврийн хэрэгсэл явахаа болиод баруун гар тал руу шарваж зогсоод би өөрийн сууж байсан талынхаа хаалгаар буух гэтэл онгойхгүй байхаар нь эсрэг талын хаалгаар буутал тээврийн хэрэгслийн хойд хэсгийг мөргөчихсөн. Ард талд цагаан өнгийн Акуа маркийн машин замын хажуу талын ховилд хөндлөн харчихсан зогсож байсан. Тэгээд би цагдаа дуудаад цагдааг ирэх хүртэл хоёр тээврийн хэрэгсэлд ойртоогүй. Би тухайн үед 5 км хурдтай л явж байсан. Тухайн үед хойноос мөргөсөн тээврийн хэрэгслийн жолооч хоорондын зайгаа барьж яваагүйгээс болж зам тээврийн осол гарсан гэж бодож байна. Тухайн үед цаг агаар тогтуун, нартай, замын гадаргуу хуурай тэгшхэн, миний гарсан хурд сааруулагчийн тэмдэг тэмдэглэгээ харагдаж байсан. Хурд сааруулагч өргөн, өндөр байсан учир жижиг тэргүүд түүн дээгүүр хурд багатай гарч байсан. Тухайн тээврийн хэрэгсэлд зам тээврийн ослын улмаас учирсан хохирол нь үнэлгээгээр 21,350,000 төгрөгийн хохирлын үнэлгээ гарсан. Би тээврийн хэрэгслийн үнэлгээгээр гарсан мөнгөн дүн ба үнэлгээ, оношилгооны төлбөр болох 1,289,000 төгрөгийг буруутай этгээдээс гаргуулан авмаар байна. Бусад зардлыг дараа нь гаргаж өгнө. Миний өөрийн тээврийн хэрэгслийн эвдрэл нь засварлах боломжгүй тул гомдолтой байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50/,

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Г.Н өгсөн: “Би Б.З гэх хүнийг сайн танихгүй. Учир нь би 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Б.З анх удаа уулзаж машинаа түрээслүүлэхээр болж өгч явуулсан. Би фейсбүүкээр "машин түрээслүүлнэ" гэж зар оруулсан байсан. Тэгээд зарын дагуу Б.З гэх хүн надтай холбогдож яриад би өөрийн 25-73 УБР улсын дугаартай “Т.Акуа” маркийн тээврийн хэрэгслээ 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 2024 оны 8 дугаар сарын 10-ны өдрийг дуустал 2 сарын хугацаатай түрээсийн гэрээ байгуулж байсан. Тэгээд би өөрийн машинаа Б.З гэх хүнд өгч явуулсан. Тэгтэл 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Б.З гэх залуу над руу утсаар залгаад "машиныг чинь унаж яваад аваарт орчихлоо, та ямар даатгалтай вэ" гэж асууж байсан. Тэгээд миний 25-73 УБР улсын дугаартай “Т.Акуа” маркийн тээврийн хэрэгслийг журмын хашаанд хийсэн байсан. Би машины эвдрэл гэмтлийн үнэлгээ гаргуулах үед нь машин дээрээ очиж үзэхэд их эвдрэл гэмтэлтэй харагдаж байсан. Уг тээврийн хэрэгслийг би 2024 оны 5 сард банк бус буюу лизинд урьдчилгаа 5.000.000 төгрөгийг өгч зээлээр худалдан авсан. Тухайн үед Үнэн Итгэл ББСБ-ын нэр дээр бүртгэлтэй байсан. Харин өчигдөр буюу 2025 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр машиныхаа зээлийг бүгдийг нь төлж дуусгаж зээлийн үлдэгдэлгүй болсон тул одоо миний өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгсэл юм. Би өөрийн машины түрээсийн мөнгө болон машины үнэлгээгээр тогтоогдсон хохирлоо буруутай жолоочоос нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 55, 57/,

Шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ:  "Би 2024 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Үнэнч итгэл Банк бус санхүүгийн байгууллагаас Акуа маркийн машин авсан. 2024 оны 6 дугаар сарын 08-ны өдөр 100 000 төгрөгийн барьцаатай, өдрийн 50 000 төгрөгөөр түрээслэхээр зарын дагуу Б.З гэрээ үйлдээгүй миний машиныг авч явсан байдаг. 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдөр ирээд түрээсийн гэрээ хийсэн. Өдөр өдөрт нь 50 000 төгрөгөө өгнө гэж ярьсан. 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдөр  2 хоногийн мөнгөө шаардсан боловч өгөөгүй. Намайг утсаар ярихад хөдөө байна гэж хэлсэн. Цаг тухайд нь мөнгөө өгч чадахгүйн байна, машинаа авъя гэж хэлсэн. Тэгээд утсаа салгаад явж байгаад 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдөр зам тээврийн осол гаргачихлаа гээд надтай холбогдсон. Тээврийн хэрэгслийн үнэлгээ 9 823 000 төгрөг, оношилгоо 250 000 төгрөг, үнэлгээ 708 000 төгрөг нийт 10 781 000 төгрөгийн хохирол нэхэмжилж байна.",

"Тээврийн хэрэгслийг гэрээ хийж З хүлээлгэж өгсөн учраас хариуцагчаас татгалзаж байна. Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хасалт хийлгэсэн бөгөөд тээврийн хэрэгслээ төмөрт өгчихсөн. " гэх мэдүүлэг,

Төв аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 23/122 дугаар албан бичгээр эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлттэй үнээр эмнэлгийн үйлчилгээ авсан талаарх тодорхойлолт, хавсралт /хх-ийн 58, 60-61/,

Иргэний нэхэмжлэгч Б.Г өгсөн: “Иргэн Б.А нь 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүртэл нийт 11,520,990 төгрөгийн хөнгөлөлтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан байна. Тухайн иргэн Б.А эрүүл мэндийн даатгалын сангаас авсан нийт 11,520,990 төгрөгийн хөнгөлөлтийг буруутай этгээдээс нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 66/,

Гэрч О.Б өгсөн: “2024 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотоос Дархан-Уул аймаг явах гээд замын унаанд суусан. Тэгээд миний суусан "Тоёота Акуа" маркийн тээврийн хэрэгслийн жолоочоор З гэх хүн байсан. Мөн түүний хажуу талд нэг эмэгтэй зорчигч суугаад харин би арын суудалд ганцаараа суусан. Ингээд бид гурав Улаанбаатараас Дархан-Уул аймаг орох гээд хөдөлсөн. Тэгээд замдаа явж байгаад би 22-н товчоо өнгөрөөд унтчихсан байсан. Тэгээд гэнэт зам тээврийн осол болоод би сэрсэн. Намайг сэрэх үед машинаас гаргачихсан би гадаа хэвтэж байсан. Би унтаж явсан болохоор яагаад зам тээврийн осол гарсныг мэдэхгүй байна. Би осол болох үед унтаж явсан болохоор хэдэн км/ц-ийн хурдтай явж байсныг мэдэхгүй байна. Жолооч болон урд явсан зорчигч нар суудлын бүс зүүсэн эсэхийг мэдэхгүй байна. Би бол суудлын бүсээ зүүгээгүй байсан. Миний биед гэмтэл бэртэл учраагүй. Би зүгээр болно. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 72/,

Шүүгдэгч Б.З өгсөн: “Би 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдөр 25-73 УБР улсын дугаартай "Тоёота Акуа” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон Улаанбаатар хотоос утсаар холбогдож Дархан явах хоёр хүн аваад хотоос гараад 124-ийн давааны урд замд явж байгаад гэнэт урд хурд сааруулагч дээр бараан өнгийн машин гарч байгааг хараад тоормос гишгээд машин зогсолгүй араас нь мөргөөд замын хажуу тал руу орж баруун талаараа доош харж хажуулдаад зогссон үйл явдал болсон. Тэгээд ойр орчим явж байсан хүмүүс ирж машиныг босгон биднийг машинаас гарган эмч болон цагдаа дуудсан. Би бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй байгаа. Гэхдээ ажил хийж тул хохирлоо төлж барагдуулна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 158/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн №370 дугаар шинжээчийн дүгнэлт: “1.Б.А биед Ѕ-гэдэсний няцрал задрал, бүдүүн гэдэсний өгсөх хэсгийн тархмал няцрал, серозон бүрхүүлийн урагдал, бүдүүн гэдэсний чацархайн угийн няцрал, их сэмжний задрал, гялтангийн /урд болон ар гялтангийн/ тархмал няцрал, баасны гаралтай хэвлийн гялтангийн үрэвсэл, зүүн 1,2,5,6,8,9-p хавиргануудын зүүн суганы өмнөд шугамаар зөрөө багатай хугарал гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. 3.Дээрх гэмтлүүд нь ГССҮТ-ийн 2024 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн компьютерт томографын шинжилгээ, 2024 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн мэс засал эмчилгээгээр тус тус оношлогдсон байна. 4.2024 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн хэвлийн хөндийн эрхтнүүдийн хэт авиан оношилгоогоор тогтоогдсон элэгний уйланхай нь удаан явцтай архаг эмгэг болно. 5.Дээрх гэмтлүүдийн Ѕ-гэдэсний няцрал задрал, бүдүүн гэдэсний өгсөх хэсгийн тархмал няцрал, серозон бүрхүүлийн урагдал, бүдүүн гэдэсний чацархайн угийн няцрал, их сэмжний задрал, гялтангийн /урд болон ар гялтангийн/ тархмал няцрал, баасны гаралтай хэвлийн гялтангийн үрэвсэл гэмтлүүд нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.15-т зааснаар хохирлын хүнд зэрэг, зүүн 1,2,5,6,8,9-р хавиргануудын зүүн суганы өмнөд шугамаар зөрөө багатай хугарал гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тус тус тогтоогдлоо. 6.Дээрх гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрлээс шалтгаална.” гэжээ /хх-ийн 79-82/,

“Бэст Эстимэйт” ХХК-ийн 2024 оны 6 дугаар сарын 17-ны №2024******** дугаартай үнэлгээний тайлан: "Ю.Ж эзэмшлийн Toyota Crown маркийн 16-00 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэ цэнэ нь 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар 33 000 000 /гучин гурван сая/ төгрөг, хохирлын хэмжээ 21 350 000 /хорих нэгэн сая гурван зуун тавин мянга/ төгрөгөөр тооцсон.” гэх /хх-ийн 84-87/,

“Ино Марк Мастер”-н ослын 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн №24/06/56 дугаартай дүгнэлт /хх-ийн 88-92/,

“Вендо” ХХК-ийн 2025 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн №49940/ДД№33267982 дугаартай үнэлгээний тайлан: “Үнэн-итгэл” ББСБ ХХК-ны өмчлөлийн Toyota Aqua маркийн 25-73 УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэ цэнэ нь 17 000 000 /арван долоон сая/ төгрөг, хохирлын хэмжээ 9 823 000 /есөн сая найман зуун хорих гурван мянга/ төгрөгөөр тооцсон.” гэх /хх-ийн 96-107/,

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 07-ны №1127 дугаар шинжээчийн дүгнэлт: “1.Б.А сэтгэцэд 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдөр авто осолд өртсөний улмаас хор уршиг учирсан байна. 2.Б.А сэтгэцэд гэмтлийн дараах стрессийн шинжүүд илэрч байгаа нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарч байна.” гэжээ /хх-ийн 120-121/,

2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн №52/90 24/374 дугаар шинжээчийн дүгнэлт: “1.Хэргийн материалтай танилцахад Toyota Aqua маркийн 25-73 УБР улсын дугаартай автомашины жолооч Б.З нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14 "Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй ... байх хэмжээний хоорондын ... зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна" гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 2.Toyota Crown маркийн 16-00 УНО улсын дугаартай автомашины жолооч Ю.Ж Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. 3.Хэргийн материалд авагдсан нотлох баримттай танилцахад шинжээч миний тусгай мэдлэг, шинжилгээнд ашиглаж буй арга хэрэгслээр тээврийн хэрэгслүүдийн хурдыг тогтоох боломжгүй байна. 4.Toyota Aqua маркийн 25-73 УБР улсын дугаартай автомашины жолооч Б.З нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14 дэх заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан гэж үзэж байна. 5.Уг зам тээврийн осол болоход замын нөхцөл байдал, үзэгдэх орчин нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна. 6.Нэмж тусгах саналгүй.” гэх /хх-ийн 136-138/,

Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх 14-19/  зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байна гэж үзэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгч Б.З нь 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Төв аймгийн Борнуур сум Нарт 4 дүгээр багийн нутаг, 124 дүгээр даваа гэх газарт 25-73 УБР улсын дугаартай “Т.акуа" маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14-т заасан "Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна" гэснийг зөрчиж, хурд сааруулагчаар гарч явсан иргэн Ю.Ж жолоодож явсан 16-00 УНО улсын дугаартай "Т.кровн” маркийн тээврийн хэрэгслийн араас мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас “Т.акуа" маркийн 25-73 УБР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Б.А эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан "Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэх ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно." гэж,

2 дахь хэсэгт "Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно." гэж тус тус хуульчилсан.

 

Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхгүйг,

мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.    

 

Энэ хэргийн тухайд Эрүүгийн хуулийн хорин долдугаар бүлэг "Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг" гэмт хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч Б.З нь жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явах Замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтыг зөрчиж, нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас шүүгдэгч Б.З тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Б.А эрүүл мэндэд Ѕ-гэдэсний няцрал задрал, бүдүүн гэдэсний өгсөх хэсгийн тархмал няцрал, серозон бүрхүүлийн урагдал, бүдүүн гэдэсний чацархайн угийн няцрал, их сэмжний задрал, гялтангийн /урд болон ар гялтангийн/ тархмал няцрал, баасны гаралтай хэвлийн гялтангийн үрэвсэл бүхий хүнд хохирол учруулсан байна.

 

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэргийг үйлдсэн байна.

 

Учир нь замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчиж нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй хийсний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хангасан гэж үзлээ.

 

Мөн шүүгдэгч Б.З нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүнийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд болон бусад бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул түүнийг гэм буруутайд тооцох үндэслэл болж байна гэж үзлээ.  

 

            Учир нь гэм буруу гэдэг нь тухайн гэм буруутай этгээд үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгох бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч өгсөн мэдүүлгээрээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлдэг.

 

 Зам тээврийн ослын улмаас Б.А эрүүл мэндэд хүнд хохирол, хохирогч Б.А учирсан хохирлын улмаас Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас 11 520 990 төгрөгийн эмчилгээний зардал, иргэний нэхэмжлэгч Г.Н шүүгдэгч Б.З түрээслэн унаж явсан Т.Акуа маркийн тээврийн хэрэгсэлд 9 823 000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Ю.Ж жолоодож явсан "Т.кровн” маркийн 16-00 УНО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 21 350 000 төгрөгийн хохирол тус тус учирчээ.

 

Бусдын эрүүл мэнд болон эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн гэм хорын хохирлыг арилгах үүрэгтэй бөгөөд энэ хохирлыг шүүхэд өгсөн баримтын хүрээнд хянан шийдвэрлэдэг хуулийн зохицуулалттай.

            Хохирогч Б.А эмчилгээний болон онгоцны тийз, бусад зардалд нийт 27 882 165 төгрөг, сэтгэцэд учирсан хохирлыг шинжээчийн дүгнэлтээр гуравдугаар зэргээр тогтоосныг дээд хэмжээгээр тооцож гаргуулахаар 1-р хавтас хэргийн 161-211, 2-р хавтас хэргийн 7-51-р хуудсанд Хаан банкны дипозит дансны хуулга, худалдан борлуулалт хийсэн Е баримтууд, МИАТ хувьцаат компанийн зорчигчийн худалдан авсан тийзний тодорхойлолт зэрэг баримтууд ирүүлжээ. 1-р хавтас хэргийн 186-194, 204-208-р хуудсанд ирүүлсэн баримтыг нотлох баримтын шаардлага хангасан гэж үзэн эм тарианы төлбөр болон эмчилгээний зардал, онгоцны тийз нийт 5 457 968 төгрөгийг хангаж, үүн дээр сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660 000 төгрөгийг хохирогч Б.А эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршиг, зовиур шаналалыг харгалзан 22,99 дахин нэмэгдүүлж 15 173 400 төгрөгөөр тооцож нийт 20 630 968 төгрөг хангаж үүнээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчээс хохирогчид нөхөн төлсөн 3 800 000 төгрөгийг хасаж үлдэх 16 830 968 төгрөгийг хохирогч Б.А олгох нь зүйтэй гэж үзэв.

 

            Иргэний хуульд бичмэл нотлох баримт гэж хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий бичгийн хэлбэртэй баримтыг, бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй гэж заасан бөгөөд хохирогч Б.А болон түүний өмгөөлөгчийн онгоцны тийз болон бусад эмчилгээний зардал гаргуулахаар худалдан борлуулалт хийсэн Е баримтын хуулбарууд, банкны дипозит дансны хуулбар, МИАТ хувьцаат компаниас ирүүлсэн зорчигчийн худалдан авсан тийзний тодорхойлолт зэргээр үлдэх нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй гэж үзэв. Учир нь: Худалдан борлуулалт хийсэн Е баримт нь эх хувиараа бус хуулбарууд, банкны дипозит дансны хуулбарын гүйлгээний утга дээр ямар бараа бүтээгдэхүүн авсан нь тодорхойгүй, МИАТ хувьцаат компанийн ирүүлсэн тодорхойлолтыг нотолсон онгоцны тийз ирүүлээгүй зэргээс нотлох баримт хангалттай авагдаагүй гэж үзэв. Иймд хохирогч Б.А эмчилгээ хийлгэсэн эм, тарианы зардал болон унааны зардал зэрэг хангагдаагүй нэхэмжлэлийн шаардлага болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхих нь зүйтэй гэж үзэв.   

 

Гэмт хэргийн улмаас тээврийн хэрэгсэлд учирсан хохиролд үнэлгээгээр тогтоогдсон иргэний нэхэмжлэгч Г.Н Акуа маркийн тээврийн хэрэгсэлд үүссэн эвдрэл гэмтэл, бусад зардалд 10 780 000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ю.Ж 21 350 000 төгрөг үүн дээр оношилгооны төлбөр 1 289 000 төгрөг нийт 22 639 000 төгрөг,

 

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т "Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ." гэж зааснаар хохирогч Б.А эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээ авсан 11 520 990 төгрөгийг тус тус хангаж шийдвэрлэв.

 

Дээрх хохирлоос Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4 дэх хэсэгт "Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй. Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй." зааснаар шүүгдэгч Б.З түрээсээр эзэмшиж байсан Акуа маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгч нь Г.Н болох нь тэдгээрийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг хэрэгт авагдсан тэдгээрийн хооронд байгуулагдсан Түрээсийн гэрээгээр /1 хх 213-214/ тогтоогдсон. Иймд хуулийн дээрх заалтаар хохиролд Б.А, иргэний нэхэмжлэгч Ю.Ж нарт учирсан хохирол, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас гарсан төлбөрөөс иргэний хариуцагч Г.Н хариуцан арилгах үүрэгтэй гэж үзэв.

Иймд иргэний хариуцагч Г.Н 25 495 479 төгрөг гаргуулж хохирогч Б.А 8 415 484 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ю.Ж 11 319 500 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт 5 760 495 төгрөг,

Шүүгдэгч Б.З 32 475 479 төгрөг гаргуулж хохирогч Б.А 4 615 484 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ю.Ж 11 319 500 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт 5 760 495 төгрөг, иргэний нэхэмжлэгч Г.Н 10 780 00 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэв.     

 

Эрүүгийн хариуцлага бусад асуудлын талаар:

 

           Улсын яллагч: шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд "Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, хязгаарлалтын бүсийг шүүгдэгчийн ажил хөдөлмөр хийж хохирол төлөх нөхцөл боломжоор хангаж Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрээр тогтоох.",

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Ө: “Миний үйлчлүүлэгчийн хувьд мөрдөн шалгах ажиллагаанаас эхлэн гэм буруу дээрээ маргадаггүй. Хувийн байдлын хувьд аав нь нас барсан, эмээ дээрээ өссөн. Гэмт хэрэг үйлдэхдээ ** настай оюутан байсан. Түүний үйлдсэн гэмт хэрэг хөнгөн ангиллын гэмт хэрэг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо тодорхой хэмжээнд төлсөн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар 1 жилийн зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү. Тээврийн хэрэгслийн эрх хасах дээр тусгайлсан санал байхгүй." гэх саналыг тус тус гаргав.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

Шүүгдэгч 20** оны * дүгээр сарын **-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, ** настай, тусгай дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, “Траст трейд” ХХК-нд борлуулалтын туслах ажилтай, ам бүл 7, эмээ, авга эгч, түүний нөхөр болон 3 хүүхдийнх нь хамт Дархан-Уул аймгийн Дархан сум, 1 дүгээр баг, Партизаны 5-93А тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй талаарх төрийн үйлчилгээний нэгдсэн лавлагаа /хх-ийн 215-219/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 220/ зэрэг баримтууд хэрэгт авагджээ.

 

Шүүгдэгч Б.З үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарч, тухайн гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай болон болгоомжгүйн хэлбэртэй.

 

  Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, түүний насны байдал, ажил хөдөлмөр эрхэлж хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчид 3 800 000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан түүнд гэм буруутайд тооцсон зүйл хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, хязгаарлалтын бүсийг эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхээс бусад цагт Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрээр тогтоох нь зүйтэй гэж үзэв.

 

  Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гэм буруутайд тооцсон зүйл хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү гэх саналыг шүүгдэгчийн буруутай үйл ажиллагааны улмаас бусдын эрүүл мэнд болон эд хөрөнгөд учруулсан хохирлын хэр хэмжээ, хохирол нөхөн төлөгдөөгүй зэрэг нөхцөл байдал зэргийг харгалзан хүлээн авах боломжгүй гэж үзэв.  

 

  Шүүхээс шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэх шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.

 

Эрүүгийн 2434******** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.З нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.     

 

  Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б.Б.З Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

   2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Б.З тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.

 

   3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.З оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхээс бусад тохиолдолд Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрээр тогтоож, хязгаарлалтын бүсээс гарахыг хориглосугай.

 

   4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.З нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

   5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.З оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жил жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

 

   6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4, 510 дугаар зүйлийн 510.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар

шүүгдэгч Б.З нийт 32 475 479 /гучин хоёр сая дөрвөн зуун далан таван мянга дөрвөн зуун далан ес/ төгрөг гаргуулж Увс аймгийн Улаангом сумын 4-р баг 137-р байр, 4-р орц 28 тоотод оршин суух хохирогч Ч.Б.А /РД:********/-д 4 615 484 /дөрвөн сая зургаан зуун арван таван мянга дөрвөн зуун наян дөрөв/ төгрөг, Улаанбаатар хот Баянгол дүүрэг 17 дугаар хороо Амарсанаагийн гудамж 13а-401 тоотод оршин суух иргэний нэхэмжлэгч Б.Ю.Ж /РД:**********/-д 11 319 500 /арван нэгэн сая гурван зуун арван есөн мянга таван зуу/ төгрөг, Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газарт 5 760 495 /таван сая долоон зуун жаран мянга дөрвөн зуун ерэн тав/ төгрөг Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг, 21-р хороо Жаргалан Эко хотхоны 18Б тоотод оршин суух иргэний нэхэмжлэгч М.Г.Н /РД:*********/-д 10 780 000 /арван сая долоон зуун наян мянга/  төгрөг, Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газарт 5 760 495 /таван сая долоон зуун жаран мянга дөрвөн зуун ерэн тав/ төгрөг,

иргэний нэхэмжлэгч Г.Н нийт 25 495 479 /хорин таван сая дөрвөн зуун ерэн таван мянга дөрвөн зуун далан ес/ төгрөг гаргуулж, Увс аймгийн Улаангом сумын 4-р баг 137-р байр, 4-р орц 28 тоотод оршин суух хохирогч Ч.Б.А /РД:*********/-д 8 415 484 /найман сая дөрвөн зуун арван таван мянга дөрвөн зуун наян дөрөв/ төгрөг, Улаанбаатар хот Баянгол дүүрэг 17 дугаар хороо Амарсанаагийн гудамж 13а-401 тоотод оршин суух иргэний нэхэмжлэгч Б.Ю.Ж /РД:**********/-д 11 319 500 /арван нэгэн сая гурван зуун арван есэн мянга таван зуу/ төгрөг, Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газарт 5 760 495 /таван сая долоон зуун жаран мянга дөрвөн зуун ерэн тав/ төгрөг тус тус олгосугай.

 

   7.Шүүгдэгч Б.З нь хохирогч Б.А 3 800 000 /гурван сая найман зуун мянга/ төгрөг нөхөн төлснийг дурдаж, хохирогч Б.А нь хэлэлцээгүй орхисон нэхэмжлэлийн шаардлага болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхисугай.

 

   8.Шүүгдэгч Б.З оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан нэмэгдэл ял болон зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэрийн гүйцэтгэх газарт даалгасугай.           

 

   9.Эрүүгийн 2434********* дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.  

 

  10.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

  11.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.З урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Т.БАТЖАРГАЛ