Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2026 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 2026/ШЦТ/25

 

 

 

 

 

 

 

 

2026          01          07                                                   2026/ШЦТ/25
  

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Б.Бадам,

улсын яллагч Төв аймгийн Прокурорын газрын мөрдөн байцаах, хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Б.Лувсанцэрэн,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Э, түүний өмгөөлөгч Б.Алтандөш,

шүүгдэгч А.М, түүний өмгөөлөгч П.Ганбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч АМд холбогдох 2434004110478 дугаартай /2 хавтас/ эрүүгийн хэргийг Монгол Улсын Дээд шүүхээс 2025 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

                            

 

                                     Холбогдсон хэргийн талаар

                                   /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч А.М нь 2024 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Төв аймгийн Зсумын Тосон 01 дүгээр багийн нутаг Гуа ам гэх газарт сангийн анги ** дугаартай, замаг *** дугаартай 7х64 мм-ийн калибртай ZKK-600 загварын галт зэвсгээр Б.Өтарвагатай андуурч буудан амь насыг нь хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ

                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт 

Шүүгдэгч А.М:

“...Мэдүүлэг өгөхгүй. Өмнө мэдүүлэг өгчихсөн...” гэж,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Э:

“...Болсон хэргийн талаар тухайн өдрийн 15.00 цагт хамт явсан хүмүүсээс нь мэдсэн. Маш их гомдолтой байна. Би 3 хүүхдийнхээ хамт амьдардаг бөгөөд манай гэр бүлий хувьд маш хүнд нөхцөл байдлыг туулаад явж байна. Нөхөр маань амьдралынхаа бүхий л зүйлийг болгодог хүн нь байсан. Бид анх гэрлэхдээ 5 ханатай гэрт амьдардаг байсан. Улмаар лизингээр байр авсан. Одоо байрныхаа лизингийг төлж чадахааргүй боллоо. Амьдрал маань одоо л гайгүй болох нь дээ гэж байтал ийм зүйл болчихлоо. Том хүүгээ дунд сургуулийг нь төгсгөөд Япон улс руу сургахаар явуулсан ч энэ хэрэг учралаас болж эх орондоо ирчихсэн. Учир нь түүний сургуулийн төлбөр мөнгийг төлөх чадваргүй болсон. Хүүхдүүдийн маань төдийгүй миний амьдралд маш их өөрчлөлтийг авчирлаа. Миний хувьд 42-хон насандаа ганц бие ээж болж үлдлээ. Ийм хэрэг гарсанд мах их харамсаж, гомдож байна. Шүүгдэгчийн хувьд надтай нэг удаа ч болов уулзаж, утсаар холбогдож, надаас уучлал гуйж байгаагүй. Шүүх хуулийн дагуу хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэх байх гэж бодож байна. Өөр хэлэх зүйлгүй...” гэж тус тус мэдүүлдэг.

 

Үйл баримтын талаар:

Эрүүгийн 2434004110478 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас шүүгдэгч А.М нь 2024 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Төв аймгийн Зсумын Тосон 01 дүгээр багийн нутаг Гуа ам гэх газарт сангийн анги ** дугаартай, замаг *** дугаартай 7х64 мм-ийн калибртай ZKK-600 загварын галт зэвсгээр Б.Өтарвагатай андуурч буудан амь насыг нь хохироосон үйл баримтуудыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

Төв аймгийн Зсумын Тосон 01 дүгээр багийн нутаг Дунд ам гэх газарт 2024 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Б.Өтарвага агнахаар сахиад хэвтэж байхад нь А.М нь буугаар буудаж амь насыг нь хохироосон байна” гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 8 дугаар хуудас/,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 11-23 дугаар хуудас/,

цогцост үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 24-27 дугаар хуудас/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ө“Амь хохирогч миний төрсөн дүү байгаа юм. ...Дүү маань ганцаараа ажил хийж ар гэр, эхнэр хүүхдээ тэжээдэг байсан. ...эхнэрийнхээ дүүгийн компанид ачааны машины жолоочоор ажиллаж байсан. Хажуугаар нь оройн цагаар жимбий хоолны газарт хоол хүргэлт хийж, ажилладаг байсан. Эхнэр Этэй албан ёсны гэрлэлтийн баталгаагүй. ...дүүгийн маань гурван хүүхэд өнчирч үлдлээ. Насанд хүртэл нь сургууль соёл, өмсөж зүүх зардал гээд дүү маань ганцаараа бүх л амьдралаа нуруун дээрээ үүрч гэр бүлээ тэжээж явсан хүн. Үүнийг хуулийн байгууллага ойлгож, хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө гэж найдаж байна” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 36 дугаар хуудас/,

шүүгдэгч А.Мгийн гэрчээр өгсөн “...Би 2024 оны 7 дугаар сарын 12-ний өдөр Сэлэнгэ аймгийн Орхон сумаас Төв аймгийн Зсумын нутаг Цагаан булаг гэх газраас Ганбаа гэх айлаас 20 гаруй хоногийн өмнө тугалтай үнээ худалдаж авсан байснаа ачиж ирэхээр хажуу айлын Баянмөнх гэх залууг гуйгаад том хүү Х нэр дээр бүртгэлтэй байдаг Өулсын дугаартай портер-2 маркын тээврийн хэрэгслийг жолоодоод 19 цагийн орчимд гарсан. Гэрээс гарахдаа замдаа тарвага агная гэж бодоод өөрийн 2019 онд худалдаж авсан zkk-600 маркын буугаа аваад явсан юм. Ингээд Ганбаа ахынд 22 цагийн орчимд хүрч очоод унтаад маргааш өглөө нь босоод үхрээ ачих гэтэл хагас сайн өдөр таарлаа гээд өгөөгүй. Ингээд дараа эргэж ирж авъя гээд 11 цаг өнгөрч байхад гараад Хоньчийн нуруу руу өгсдөг замаар явж байгаад урд энгэр рүү нь тарвага харъя гэж бодоод машинтайгаа урд энгэр рүү ороод явж байтал хойд хамрын баруун хатуу дэрсэн дотор нэг амьтан хөдлөх шиг болохоор нь зогсоод машин дотроосоо жолооны ард сууж байгаад бууны дурангаар харахад дэрсэн дотор 2 хуруу хэмжээтэй тарваганы хар толгой цухуйгаад дээш гарч ирэхгүй нэг цухалзаад далд ороод байсан ингээд би 30 орчим секунд харж байгаад тарвага хаширлаад дээшээ гарч ирэхгүй байгаа юм байна гээд буудсан. Машинаа асаагаад дошны зүүн талд явж ирээд зогсоод хартал дэрсэн дотор түрүүлгээ хараад хэвтчихсэн хүн байсан. Сандраад машинаасаа буугаад гүйж очоод эргүүлээд харуулахад яг зүүн нүдний доор нь буудчихсан нас барчихсан байсан. Ингээд л шууд сандраад цагдаа эмнэлэг дуудъя гээд машиндаа суугаад сүлжээ хайгаад зүүн талын овооны өндөр дээр гарсан гар утсанд сүлжээ орохгүй болохоор нь баруун талын хяр дээр хонины хажууд морьтой хүн явахаар нь буцаж нөгөө хүн дээрээ очоод доороо дэвссэн байсан бор хүрэн дээлийг нь аваад дээр нь нөмрүүлсэн. Ингээд хамт явсан Баянмөнхийг буулгаад хажууд нь хараад байж бай гэж хэлээд шууд баруун талын хяр дээрх морьтой хүнтэй уулзаад би тарвага агнаж байгаад хүн андуураад буудчихлаа надад эмнэлэг цагдаа дуудаж утсаар яриулж өгч тус болооч гэхэд энд хар приустэй хүмүүс явж байгаа тэд нар хамт яваа хүмүүс нь байх ёстой. Надад гар утас байхгүй байна, доошоо буувал сүлжээтэй утастай газраас цагдаад хэлж өгье гэж хэлсэн. Ингээд би буцаад хяр дээр гараад ирэхэд хар өнгийн приус-30 маркын тээврийн хэрэгсэл өөдөөс гараад ирэхээр нь уулзаад би сая тарвага агнаж явж байгаад хүн андуураад буудчихлаа сая хүнээс асуусан чинь хар приус-30 машинтай хүмүүстэй хамт явж байгаа хүн байж магадгүй тэднээс асуу гэсэн юм гэж хэлэхэд жолооч нь ганцаараа байсан ба би эндээс хонь авах гэж яваа юм гэхээр нь та надад очоод туслаадахаач, ямар ч байсан эмнэлэг, цагдаа дуудаад өгөөч гэхэд за тэгье гээд миний араас дагаад талийгаач руу явж байхад Баянмөнх доошоо гүйж явахаар нь зогсоод араас хар приустэй хүн хүрээд ирэхээр нь би хамт явсан хүнээ хараад байж бай гээд үлдээсэн чинь нөгөөх чинь айгаад гээд байсан юм тэр урд гүйж явна би түрүүлээд очиж байя чи манай хүнийг аваад ир гээд өөрөө түрүүлээд очоод байж байтал нөгөө хар приус Баянмөнхийг аваад дахиад өөр нэг залуутай гурвуулаа хурч ирээд шинээр нэмэгдсэн хүн нь надад хандаж манай найз байгаа юм. Чи түрүүнд намайг тарвага сахиад хэвтэж байхад хажуугаар тэвшээ тачигнуулаад явсан шүү дээ гэж хэлсэн. Ингээд би нэгэнт ийм юм болчихлоо. Би эндээ хүлээж байя хаашаа ч явахгүй, та хэд надад тусламж дуудаж өгөөч гэж хэлэхэд сүүлд ирдэг залуу машины дугаарыг нь бичиж ав гэхээр нь би явахгүй гэж хэлэхэд Баянмөнхийг надтай цуг буулгаад яваад өгсөн. Ингээд нэлээд хугацааны дараа 2 машинтай эргэж ирээд нэг машин нь баруун талын уулан дээр зогсоод байсан би цагдаад хэлсэн үү гэж хар приустэй хүнээс асуухад дуудсан гэж хэлсэн. Ингээд би ар гэртээ хэл дуулгая гээд машинд нь суугаад овоон дээр байсан машинтай хүний хажууд очиж утсаар яриад хүүдээ хэлээд буцаад шинээр ирсэн хүнээр хүргүүлж бууж ирээд хажууд нь хүлээж байсан. Ингээд хүлээж байтал эмнэлэг цагдаа ирсэн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 71-72 дугаар хуудас/,

гэрч Ч.Ө“...2024 оны 7 дугаар сарын 13-ны өдөр цагийг нь санахгүй байна... улсын дугаарыг нь хараагүй, цэнхэр өнгийн портер машинтай танихгүй... 40 гаран насны эрэгтэй хүн ирээд, би тарваганд явж байгаад тарвага буудлаа гэж бодсон чинь хүн буудчихсан байна, эмнэлэг дуудахад оройтсон байх нас барсан, харин цагдаад хэлмээр байна гэхээр нь би утасгүй явж байна гэрт очоод хэлье гэхэд тэр портер машинтай хүн эргээд явсан. Би хонио үлдээгээд гэр рүүгээ яваад гэрт ирэхэд 16 цаг өнгөрсөн байсан. ...нэг хар жижиг машин явж байхаар нь цагдаа, эмнэлэгт хэлсэн. Мэдсэн байх гэж бодоод утсаар яриагүй юм. Намайг хонин дээрээ байхад Гуа аманд тэр цэнхэр портер болон өөр тээврийн хэрэгсэл харагдаагүй. Гэнэт л гараад ирсэн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 38-39 дүгээр хуудас/,

гэрч Л.Чулуунбаатарын “...2024 оны 7 дугаар сарын 13-ны өдрийн 14 цагийн орчимд... хүү Өлзийбат хонин дээрээ үлдсэн. ...цэнхэр өнгийн портер машинтай танихгүй хүн ирээд их сандарсан би тарвага буудлаа гэж бодсон чинь хүн буудчихлаа, цагдаад хэлмээр байна гээд ирсэн гээд намайг хонь төхөөрч байхад хүү Өлзийбат ирсэн. ...Гуа ам руу машин яваад байхаар нь цагдаа эмнэлэгт мэдэгдэж гэж бодсон” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 41-42 дугаар хуудас/,

гэрч Л.С“...2024 оны 7 дугаар сарын 13-ны өглөө 11 цагийн орчим миний төрсөн дүү Л.Л07-31 УНО улсын дугаартай хар өнгийн Тоёота приус 30 маркын тээврийн хэрэгсэлтэй явахаар болоод Ч машинаа бариад Батбаяр, Ө бид дөрөв хойшоо Гуа ам, Дунд ам гэх газруудаар тарвагатай байдаг тул тэндээс тарвага агнахаар явсан. Явахдаа Батбаяр өөрийнхөө хоёр ширхэг Тоз-8 маркын галт зэвсгийг сумтай нь авч явсан бөгөөд замдаа явж байгаад пойлны арын хошууны орчим зогсоод хөдлөхдөө манай дүү 1 нүдний дурангаа зогсоод буусан газраа үлдээсэн байсан. Өдөр 12 цагийн орчимд Гуа ам, Дунд ам гэх газар очоод харж байхад Дунд амны зүүн энгэр хэсэгт 1 тарвага байхаар нь машинтай ойртож очоод нүхэнд нь оруулаад Ө 1 ширхэг Тоз-8 маркын галт зэвсэг, сумны хамт аваад машинаас бууж үлдээд тэр тарваганы дошны зүүн талд 10 орчим метр газарт дэрсэн дунд сахиж хэвтсэн, тэгээд Ч, Батбаяр бид гурав яваад баруун талын амны зүүн энгэрт нь тарвагатай байж магадгүй цэвэрхэн дош байхаар нь энд тарвага байгаа байх гээд Батбаярыг 1 ширхэг Тоз-8 маркын галт зэвсэг сумны хамт буулгаж үлдээгээд, Ч бид хоёр буцаад уулын амаа уруудаж яваад 1 нүдний дуран үлдээсэн газраа очиж дурангаа аваад буцаад уулын ам руу өгсөхдөө баруун талын хамраа дагаж гараад зогсож байхад талийгаач Өы тарвага сахиж хэвтсэн газрын орчимд нэг явган хүн байсан ба тэндээс цэнхэр өнгийн портер машин Ч бид хоёрын машиныг чиглээд явахаар нь цагдаа ирээд Өы бууг хураачихсан юм болов уу гээд тэр цэнхэр өнгийн портерын өөдөөс нь явж очиж уулзахад нэг танихгүй 40 гаран насны эрэгтэй хүн би тэнд тарвага агнах гээд тарвага гэж бодоод буудсан чинь хүн буудаад алчихлаа гээд талийгаач Өы хэвтэж байсан газар руу заасан. Тэгэхээр нь сандраад Ч бид хоёр машинтайгаа хөдлөөд амаа өгсөхөд Батбаяр босоод бууж ирж байхаар нь очоод Батбаярыг аваад Ө дээр очиж үзэлгүй цагдаа эмнэлэгт мэдэгдэхээр шууд Ар-Уртын бригад руу яваад гар утасны сүлжээ орсон боловч цагдаагийн утасны дугаарыг мэдэхгүй байсан тул Мягмардорж гэх залууг дуудаад цагдаа руу яриулж, дуудлага өгүүлээд Батбаяр гэрийнхэндээ болсон явдлын талаар хэлээд Ч, Батбаяр нар машинтай буцаад хэргийн газар руу явсан. Би үлдээд араас нь Мхамт хэргийн газар очиход Өулсын дугаартай цэнхэр өнгийн Хюндэй портер маркын тээврийн хэрэгсэлтэй 2 эрэгтэй хүн талийгаач Өы тарвага сахиж хэвтсэн газрын урд талд нь зогсож байсан. Очиж харахад талийгаач Ө нас барсан, дээшээ харсан байдалтай хэвтэж байсан ба бор саарал өнгийн дээлээр бүтээсэн байсан. Дээлийг сөхөж харахад нүүр пэмбийсэн доор нь тархи нь задарсан гэмээр харагдаж байсан ... би буун дуу сонсоогүй ба Б.Өямар байдалтай байхад нь яаж буудсаныг мэдэхгүй, хараагүй... Тэнд байсан цэнхэр өнгийн портер машин бид хоёрыг чиглээд ирэхээр нь өөдөөс нь очиж уулзахад дээрх М гэж танихгүй хүн би тарвага буудлаа гээд буудсан чинь хүн буудаад алчихлаа гээд сандарсан байдалтай байхаар нь Өбуудсан байна гэж шууд ойлгосон. Гадаа нартай, халуун, тогтуун байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 44-47 дугаар хуудас/,

-гэрч Л.Л“...2024 оны 7 дугаар сарын 13-ны өглөө 10 цагийн орчим намайг унтаж байхад хажуу талын айлын Батбаяр ах намайг босоорой, машинтай чинь тарваганд явчихаад ирье. Өы машин ачаатай байгаа юм байна гэхээр нь би босоод дэлгүүр орж хүүхдүүддээ юм авч өгөөд 11 цаг өнгөрч байхад Санжаасүрэн, Батбаяр, Ө ах нарын хамт би өөрийн 0731УНО улсын дугаартай, хар өнгийн Тоёота приус-30 маркын тээврийн хэрэгслээ бариад Зсумын нутаг Дунд ам гэх газар руу тарваганд явсан бөгөөд Батбаяр ах гэрээсээ 2 ширхэг буу авч явсан... Дунд ам гэх газар очоод харж байхад Дунд амны зүүн энгэр хэсэгт 1 тарвага байхаар нь машинтай ойртож очоод нүхэнд нь оруулаад талийгаач Ө 1 ширхэг Тоз-8 маркын галт зэвсэг, сумны хамт аваад машинаас бууж үлдээд тэр тарваганы дошны зүүн талд дэрсэн дунд сахиж хэвтсэн... Нэг танихгүй 40 гаран насны эрэгтэй хүн цэнхэр өнгийн Хюндэй портер машинтай ирээд би балраад явж байна. Хар юм дэрсэн дор цухалзаад байхаар нь тарвага гэж бодоод буудчихсан чинь хүн буудчихлаа гэхээр нь би юу яриад байгаа юм бэ гээд Ө ахын тарвага сахиж хэвтсэн газрын орчим руу явахад Батбаяр ах баруун талаас нь даваад алхаад ирж байсан. Тэгэхээр нь очиж машиндаа суулгаад болсон явдлын талаар хэлсэн ба цаад талд нь уулын орой дээр Өулсын дугаартай цэнхэр өнгийн портер маркын машинаас буусан хүн явган явж байхаар нь очиж машиндаа суулгахад би буудаагүй, цэнхэр өнгийн портерын жолооч буудсан гэж хэлж байсан. ...Батбаяр ах талийгаач Өолон нялх хүүхэдтэй, аав, ээжийнх нь бие муу, би юу гэж хэлэх юм бэ гээд орилоод байсан. Нөгөө цэнхэр портерын жолооч М гэж хүн би тарвага гэж андуураад буудчихлаа миний буруу гээд байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 50-53 дугаар хуудас/,

гэрч У.М“...2024 оны 7 дугаар сарын 13-ны өдрийн 15 цагийн орчим Төв аймгийн Зсумын Тосон 01 дүгээр багийн Ар-Урт бригад дээр хадмындаа байхад Батбаяр гэж ахын охин нь орж ирээд Ө ах буудуулсан гэж байна. Цагдаа, эмнэлэг дуудаарай гэхээр нь би Зсумын цагдаа, цагдаагийн ахлагч Баасанжаргалд утсаар мэдэгдэж, дуудлага өгөөд өөрийнхөө 9086УБИ улсын дугаартай хар хөх өнгийн Тоёота харриер маркын тээврийн хэрэгсэлд Санжаасүрэн ахыг суулгаад хэргийн газар ...яваад очиход Өулсын дугаартай, цэнхэр өнгийн Хюндэй портер маркын тээврийн хэрэгсэл зогссон урд талд нь танихгүй хоёр эрэгтэй сууж байсан ба буухад нэг танихгүй ах нь тарвага агнах гэж яваад тарвага гэж хараад буудсан чинь хүн буудчихлаа гэхээр нь би хүн, тарвагаа ялгадаггүй юм уу гээд уурласан. Санжаасүрэн ах бид хоёр талийгаач дээр очиход бор саарал өнгийн дээлээр хучсан нас барсан байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 61-62 дугаар хуудас/,

гэрч М.Х: “...манай аав М нь 2024 оны 7 дугаар сарын 12-ны орой 19 цагийн орчим намайг Сэлэнгэ аймгийн Орхон суманд гэртээ байхад ирээд Төв аймгийн Зсумаас хүнээс үхэр авах юм, үхэр ачаад ирье гэж хэлээд миний 46-66 СБА улсын дугаартай, цэнхэр өнгийн Хюндэй портер тээврийн хэрэгслийг аваад явсан. Тэгээд ярихгүй байж байгаад 7 дугаар сарын 13-ны өдөр 15 цаг өнгөрч байхад аав М над руу залгаад аав нь муу мэдээ дуулгах нь, аав нь тарвага агнах гэж яваад тарвага буудлаа гэсэн чинь хүн буудчихлаа, миний хүү Зсуманд хүрээд ирээрэй гэж хэлээд, тэгээд би ирж болсон явдлын талаар мэдсэн..." гэх мэдүүлэг /1-р хх-ийн 65-67 дугаар хуудас/,

гэрч Б.Б"Манай айлын М 2024 оны 7 дугаар сарын 12-ны өдөр надад хандаж Төв аймгийн Зсумын нутаг Цагаанбулаг гэх газраас айлаас тугалтай үнээ ачиж авч ирэх гэсэн юм хамт явалцаад өгөөч гээд гуйсан. Ингээд би зөвшөөрөөд хамт яваад тэр өдөртөө айлдаа хоноод маргааш өдөр нь үхрээ ачих гэтэл үхэр гаргах ёсгүй өдөр гээд үхрээ өгөөгүй. Ингээд М хоёулаа тарваганд явья гээд хамтдаа нэг хэсэг яваад миний нойр хүрээд унтаад өгсөн. Ингээд унтаж байтал гэнэт буу хүчтэй дуугараад би сэрсэн, би тарвага буудсан юм байж гэж бодоод сэрээд М нэг дэрсний хажууд очиж зогсоод яанаа би хүн буудчихжээ гээд орилоод л машинаас үсрээд буусан, би өндийгөөд хартал нээрээ дэрсний дунд хүн доошоо хараад хэвтэж байсан. Ингээд би бас айгаад маш их сандарсан, энэ үед М бас маш их сандраад орилоод бахираад байсан. Ингээд тусламж эмнэлэг, цагдаа дуудна гээд хойд уулан дээр гараад сүлжээ байгаагүй, эргэж бууж ирээд нөгөө хүнээ дэвсэж хэвтэж байсан дээлээр нь бүтээгээд намайг чи хажууд нь харж бай гэхээр нь би айгаад байна, чадахгүй гэтэл намайг загнаад байж бай чи. Би тусламж дуудна гээд намайг хүчээр үлдээгээд хүн олж ирнэ гээд баруун хяр дээр явж байсан морьтой хүн рүү яваад далд орчихоор нь би айгаад шууд зам руу гүйсэн, ингээд зам руу явж байтал хар машинтай хүн хүрээд ирэхээр нь би болсон зүйлийг хэлсэн, тэгтэл намайг суу гээд би машинд нь суугаад буцаад нөгөө хүний байгаа газар руу явах замд дээрээс нэг хүн алхаад ирж байсныг тосож аваад хэргийн газарт ирсэн..." гэх мэдүүлэг /1-р хх-ийн 76 дугаар хуудас/,

              гэрч О.Б"2024 оны 7 дугаар сарын 12-ны өдөр манай багын найз Ө Улаанбаатар хотоос үдээс хойш эхнэр Э, 2 хүүхдийн хамтаар манайд машинтай ирсэн.  Ингээд хоноод маргааш өглөө 11 цагийн орчимд тарваганд явахаар ярьж тохиролцоод манайд байдаг 2 ширхэг калибр буюу Тоз-8 маркын бууг нэгийг нь Ө бариад би нэгийг нь бариад манай нагац дүү Чг машинтай гуйж машинд нь суугаад... Гуа ам гэх газарт очоод дош дээрээ байсан тарвагыг хараад нүх рүүгээ орохоор нь Ө буудахаар сахиж хэвтсэн... би баруун талын нурууны цаад энгэр дээр нь хойшоо хараад тарвага сахиад хэвтсэн. Энэ үед миний хажуугаар хөх цэнхэр өнгийн портер машин хойд уулнаас урд энгэр рүү давж орж ирээд Өы хэвтэж байсан газар руу явсан. Удалгүй буу дуугараад буудлага үйлдэгдэхээр нь би хаана дуугарав гээд босоод харахад нөгөө портер Өы сахиж үлдсэн газарт очоод зогсож байгаа харагдсан. Тэгээд удалгүй хөдлөөд зүүн талын нуруун дээр гараад буцаж нөгөө газартаа ирээд нэг нь бууж үлдээд баруун талын нуруу руу гараад явчихсан, нөгөө хүн нь араас нь явган яваад байсан, ингээд би явган хүнийг гараараа даллаад дуудсан нөгөө хүн портерын араас явсан, тэгтэл удалгүй нөгөө портер Ч, Санжаасүрэн хоёрыг машинтай нь дагуулаад хүрч ирээд Ч надад энэ портертой жолооч хүн буудчихлаа гэнээ гэтэл, нөгөө хүн бас өөрөө хэлээд, буудуулсан хүн үхчихсэн гэж хэлсэн, ингээд сандралдаад нөгөө жолоочийг та очоод хажууд нь байж бай. Бид нар ар гэр болон цагдаад хэлье гээд бид хэд нөгөө явган явж байсан хүнийг бас очиж аваад портерын хажууд буулгаад гэртээ очиж цагдаад мэдэгдээд эхнэр хүүхдэд нь хэлсэн. Ингээд эргэж очоод цагдаа иртэл хүлээсэн.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 79-80 дугаар хуудас/,

              гэрч Л.С“2024 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Батбаяр, Ө, Ч нартай хамт машинтай тарваганд яваад эхлээд Өбуулгаад тарвага сахиад хэвтээд үлдсэн, дараа нь Батбаярыг өөр газарт буулгаж хэвтүүлээд Ч бид хоёр дурангаа гээгээд түүнийг олж авахаар явсан. Ингээд дурангаа хайж олоод буцаад баруун талын нурууг өгсөөд гарч ирэхэд өөдөөс цэнхэр өнгийн портер машин гарч ирээд жолооч нь би хүн алчихлаа, цагдаа дуудаад өгөөч гэсэн. Ингээд юу болсон юм бэ гэж асуухад би тарвага агнахаар явж байгаад холоос дэрсэн дотор байсан хүнийг тарвага гэж андуураад буудчихжээ, та нартай хамт явж байсан хүн шиг байна гэхэд хамт очиж харья гээд, ингээд хамт очиж хараад нас барчихсан байхаар нь Өы гэрийнхэнд хэлээд цагдаа дуудаад эргэж ирээд цагдаа ирэхийг хүлээсэн..." гэх мэдүүлэг /1-р хх-ийн 84 дүгээр хуудас/,

              Төв аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 145 дугаартай “Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний онош: Галт зэвсгийн гэмтэл, гавал тархины хавсарсан хүнд гэмтэл. Гавал яс ясны олон хэлтэрхий үүсгэсэн бяцарсан хугарал. Их тархины задрал /баруун тал бөмбөлгийн дагзны дэлбэн үгүй болсон/. Бага тархины задрал /бага тархины баруун тал бөмбөлөг үгүй болсон/. Зүүн нүдний доод зовхин дахь сумны хошуу орсон шарх /зуйван дугуй хэлбэртэй, эдийн дутагдал бүхий шарх/. Толгой дагз хэсгийн сумын хошуу гарсан шарх /од хэлбэрийн, эдийн дутагдалгүй шарх/. Хоншоор ясны зөрөөтэй хугарал. Эрүү ясны далд зөрөөтэй хугарал. Гадуур цус алдалт. Баруун чамархайд /баруун чихний дэлбэнгийн урд/ няцарсан шарх. Элэгний баруун дэлбэнгийн доод гадаргын цайвар саарал өнгийн хавдар төст голомт. Зүүн уушигны наалдац. Цус эргэлтийн цочмог хямрал... Амь хохирогч Б.Өы цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр дээрх оношид бичигдсэн гэмтлүүд тогтоогдлоо... Амь хохирогч нь гавал тархины хүнд гэмтлийн улмаас зүрх судас, амьсгалын дутагдалд орж нас баржээ” талаарх дүгнэлт /1-р хх-ийн 98-101 дүгээр хуудас/,

              Шүүх шинжилгээний ерөнхий газрын Физикийн шинжилгээний лабораторийн шинжээчийн 2024 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 4331 дугаартай “...шинжилгээнд ирүүлсэн А.Мгийн баруун гараас авсан арчдас, зүүн гараас авсан арчдас тус бүрээс дарь тортгийн элемент илэрч байна..." талаарх дүгнэлт /1-р хх-ийн 110-111 дүгээр хуудас/,

              Шүүх шинжилгээний ерөнхий газрын Галт зэвсэг, тэсэрч дэлбэрэх хэрэгслийн шинжилгээний лабораторийн шинжээчийн 2024 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 2356 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн хонгио нь Бүгд найрамдах Чех улсад ан агнуурын зориулалттай үйлдвэрлэгдсэн, сангийн анги ** дугаартай, замаг *** дугаартай 7х64 мм-ийн калибртай ZKK-600 загварын галт зэвсгээр буудагдсан байна" талаарх дүгнэлт /1-р хх-ийн 124-126 дугаар хуудас/,

              шүүгдэгч А.Мгийн яллагдагчаар өгсөн “...Би 2024 оны 7 дугаар сарын 12-ны өдөр тариалангийн ажлаас бууж ирээд орой 19 цагийн орчимд хүүгээсээ портер машиныг нь гуйж унаад Төв аймгийн Зсумын Цагаан булаг гэх газар руу яваад Ганбаа гэх айлд очоод тэднийхээс үхэр авах ёстой байсан учир гэрт нь хоноод маргааш өглөө нь үхрээ ачаад буцах гэтэл бямба гараг мал гаргадаггүй өдөр гээд үхрээ өгөөгүй. Ингээд 11 цагийн үед тарвага хараад ирье гээд яваад Хоньчийн нуруунд ирээд зам өгсөөд тарвага хараад явж байтал дэрстэй дош дотор нэг юм хөдлөөд байхаар нь буугаа гаргаж ирээд дурангаар нь харахад 2 хуруу хүрэхгүй нарийн тарваганы толгой шиг зүйл нэг далдраад нэг ил гараад бөртөлзөөд байсан.  Тарвага байна гэж бодоод нүхэндээ орохоос нь өмнө буудъя гэж бодоод машин дотроосоо буудсан. Ингээд машинтайгаа ойртоод хүрээд иртэл хүн байгаа нь харагдсан тэгээд л сандраад машинаа зогсоогоод гүйж очиж хараад яахаа мэдэхгүй хэсэг балмагдаад тусламж дуудахаар ойр хавиараа сүлжээ хайж давхиад олдоогүй. Нөгөө талын уулан дээр мал хариулж яваа морьтой хүн харагдахаар нь хүрч очоод болсон зүйлээ хэлэхэд би гэртээ харьж хэлж өгнө гээд би эргээд давхиж байтал хар өнгийн приус машинтай хүмүүс тааралдаад би үнэн учраа хэлээд тусламж гуйтал надтай хамт очиж үзээд бидэнтэй хамт явж байсан хүн байна гээд таниад эмнэлэг цагдаа дуудахаар явсан. Би эмнэлэг цагдаа иртэл байрандаа хэргийн газартаа хүлээгээд байж байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 172-173 дугаар хуудас/ шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэрэг бусад бичгийн нотлох баримтууд болно.                

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт: 

Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд:

Улсын яллагч Б.Лувсанцэрэн:

“...Шүүгдэгч А.Мд холбогдох эрүүгийн хэрэгт Төв аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэлт, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Б.Лувсанцэрэн би улсын яллагчаар оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч А.М нь 2024 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Төв аймгийн Зсумын Тосон 1 дүгээр багийн нутаг, Гуа ам гэх газарт сангийн анги 176 дугаартай 7х64 хэмжээтэй калибр маркын галт зэвсгээр Өтарвагатай андуурч буудаж амь насыг нь хохироосон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох хохирогчийн хууль ёсны төлөлөөгч Г.Ө, гэрч Өлзийбат, Ч, Санжаасүрэн, Л.Ч, У.Мягдардорж, Г.Ч, Д.Ч, Батбаяр мөн яллагдагч А.Мгийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг. Энэ нь ямар учиртай вэ гэхээр шүүгдэгч А.М нь амь хохирогчийг алах санаа зорилго агуулаагүй. Тарвага агнах санаа зорилгоор болгоомжгүйгээр галт зэвсэгээр буудсаны улмаас хохирогчийн амь нас хохирсон болох нь нотлогдон тогтоогдсон. Иймд шүүгдэгч А.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгчийн зүгээс амь хохирогчийн оршуулгын зардалтай холбоотой 29 сая төгрөгийг нөхөн төлсөн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэл санааны хохирлын тухайд Улсын дээд шүүхийн тогтоол болон Иргэний хуульд заасны дагуу гэмт хэргийн улмаас амь хохирогч нас барсан бол тухайн хүний хөдөлмөрийн дундаж наслалтыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр үржүүлсэнтэй, эсхүл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу аль ашигтай байдлаар шийдвэрлэхээр хуульчилсан. Иймд Иргэнгий хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д заасны дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр шүүгдэгчээс гаргуулах саналтай байна. Гэмт хэрэг гарсан цаг хугацаанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660.000 төгрөг байсан ба үүнийг 150 дахин нэмэгдүүлэхээр 99.000.000 төгрөг болж байна. Үүнээс шүүгдэгч нь амь хохирогчийн оршуулгын зардалд илүү төлсөн үнийн зөрүү буюу 578.023 төгрөгийг хасаж 98.421.917 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах саналтай байна. Мөн тэжээгчээ алдсаны тэтгэмж нэхэмжилж байгаа. Амь хохирогч 1.7 сая төгрөгийн цалинтай байсан ба одоо улсаас тэжээгчээ алдсаны тэтгэмж 540.000 төгрөгийг сар бүр олгож байгаа бөгөөд зөрүү 1.261.110 төгрөг болж байна. Энэ дүнг амь хохирогчийн хамгийн бага хүүхэд болох 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдөр төрсөн хүү Ган-Эрдэнийг 16 нас хүртэл, суралцаж байгаа бол 18 нас хүртэл сар бүр шүүгдэгчээс гаргуулах саналтай байна. Харин 6.000.000 төгрөгийн зээл авсан гэх нэхмэжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох саналтай. Учир нь уг мөнгийг амь хохирогч авч хувьдаа ашигласан нь тогтоогдож байна...” гэх дүгнэлтийг,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Алтандөш:

“...Өнөөдрийн шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчөөр оролцож байна. Энэ хэрэгт анхнаас нь л өмгөөлөгчөөр оролцсон. Хохирогч талаас яагаад тарвага гээд буудчихдаг юм бэ? энэ бол хүн амины хэрэг шүү дээ, санаатай буудчихлаа гэж яригдаж байсан. Миний хувьд мэргэжлийн хуульч, өмгөөлөгчийн хувьд энэ бол санаатай бус болгоомжгүй хэрэг, ял шийтгэлийн хувьд ч хөнгөн хэрэгт тооцогддог гэдгийг хохирогчийн ар гэрт ойлгуулах амаргүй байсан. Улмаар энэ хэрэг маань жил гаран хянагдаж байна. Улсын яллагчийн шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд энэ хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой. Хохирогч тал хэргийн зүйлчлэл дээр маргадаггүй. Хохирогчийн ар гэр, аав, ээж нь бүхэл бүтэн хүний амь нас хохирчхоод байхад 1-5 жилийн хорих ял эсхүл 1-5 жилийн зорчих эрхийг хязгаарлана гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй, ойлгуулахад амаргүй байсан. Ямар ч байсан өнөөдөр хэрэг шийдэгдэх гэж байна. Нэгэнт нас барчихсан хүнийг босгож ирэх боломжгүй тул ар гэрт нь учирсан хохирол, хор уршгийг буруутай этгээд буюу шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй. 1 дүгээрт, шүүгдэгчийн хувьд оршуулгын зардлыг бүрэн төлж барагдуулсан. Энийг хэлэх нь зүйтэй. 2 дугаарт, сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийг нэхэмжилдэг. Монго улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн тэнхимийн тогтоолоор нэгэнт хохирогч нас барсан тохиолдолд хохирлын зэрэглэл байх шаардлагагүй гэж үзсэн. Үүнтэй уялдуулан улсын яллагч хэргийг шүүхэд хүргүүлсэн. Тэгэхээр дээр дурдсанчлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэн буюу Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д зааснаар 660.000 төгрөгийг 150 дахин нэмэгдүүлж, 99.000.000 төгрөг болж байна. Үүнээс шүүгдэгчийн ооршуулгын зардалд илүү төлсөн 578.023 төгрөгийг хасахаар 98.421.977 төгрөг болж байна. Үүгээр сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийг гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна. Талийгаачийн насанд хүрээгүй 2 хүүхэд байгаа. Эдгээр хүүхдүүдийн сэтгэцэд учирсан хор уршиг 99.000.000 төгрөгөөр хэмжигдэхгүй. Гэхдээ хуульд ингэж л зааж өгсөн. 3 дугаарт, тэжээгчээ алдсаны тэтгэмжийг зөрүүг Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.2, 508.4.1-д зааснаар гаргах боломжтой. Улсаас амь хохирогчийг 1.801.110 төгрөгийн дундаж цалинтай гэж үзсэн. Тэгэхээр сар бүр улсаас олгож буй 540.000 төгрөгийг хасахаар 1.261.110 төгрөг болж байна. Үүнийг амь хохирогчийн хамгийн бага хүүхэд болох 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдөр төрсөн хүү Ган-Эрдэнийг 16 нас хүртэл, суралцаж байгаа бол 18 нас хүртэл сар бүр шүүгдэгчээс гаргуулах саналтай. Нэмээд хэлэхэд талийгаач амьд сэрүүн байсан бол зээлээ өөрөө төлөх байсан. Одоогоор ар гэрийнхэн нь дээрх 6.000.000 төгрөгийн зээлийг уван цувуулаад л төлөөд явж байна. Энэ бол хор уршигт орно гэж үзэж байгаа. Тийм учраас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар 6.000.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж өгнө үү...” гэх дүгнэлтийг,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Э:

“...Өмгөөлөгчийнхөө дүгнэлтийг дэмжиж байна...” гэх дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ганбаатар:

“...Шүүгдэгчийг Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай анггийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн. Шүүгдэгч болон өмгөөлөгчийн зүгээс энэ хэргийн гэм буруу, бүрдэл, зүйлчлэл тал дээр ямар нэгэн маргаангүй. Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-т зааснаар хэргийн ангилалын хувьд хөнгөн хэрэгт хамаарч байгаа. Хэргийн улмаас учирсан хохирол төлбөрт оршуулгын зардал 29.000.000 төгрөгийг төлсөн. Сэтгэцэд учирсан хохирлын талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлснээр тооцоно гэж ярьж байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Өыг сэтгэцийн 3 дугаар зэрэгт хамааруулж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13-22.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр гэж тогтоосон. Мэдээж хүний амь настай холбоотой учраас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 22.99 дахин /22.99х660.000/ үржүүлж 15.173.400 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй гэх байр суурьтай байна. Түүнчлэн банк бус санхүүгийн байгууллагаас авсан 6.000.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах хууль зүйн үндэслэл угаасаа байхгүй. Зан үйлтэй холбоотой 5.000.000 төгрөгөөс хохирогч тал татгалзаж байх шиг байна. Тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү дээр маргах зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах боломжтой...” гэх дүгнэлтийг,

 

Шүүгдэгч А.М:

“...Би гэм буруутай, намайг уучлаарай, өөр хэлэх зүйлгүй...” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцдэг.

 

Улсын яллагчийн гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч А.М болон түүний өмгөөлөгч П.Ганбаатар нар маргадаггүй талаараа шүүхийн хэлэлцүүлэгт болон дүгнэлт танилцуулах шатанд мэдүүлдэг.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргадаггүй бөгөөд тэдгээрийн өгсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, шинжээчийн дүгнэлтүүд зэрэг бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул түүнийг гэм буруутайд тооцох тухай шийтгэх тогтоолын үндэслэл болж байна гэж үзлээ.

 

Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч А.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан нь үндэслэлтэй байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгагдсан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон” гэмт хэргийг үйлдсэн.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

Шүүгдэгч А.Мгийн болгоомжгүй үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон хохиролд болгоомжгүйгээр хандсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруугийн холимог хэлбэртэй байна.

Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран үйлдсэн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг, нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцох ба шүүгдэгч А.М нь Төв аймгийн Зсумын Тосон 01 дүгээр багийн нутаг Гуа ам гэх газарт сангийн анги ** дугаартай, замаг *** дугаартай 7х64 мм-ийн калибртай ZKK-600 загварын галт зэвсгээр Б.Өтарвагатай андуурч буудан амь нас нь хохирсон үйл баримтыг гэмт хэрэгт тооцох үндэслэлтэй байна.

           

Тухайлбал, шүүгдэгч А.Мгийн холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн аравдугаар бүлэг “Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь нас хохирсноороо төгсдөг, материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг гэж үзнэ.

           

Иймд шүүгдэгч А.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “...болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон...” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Хохирол, хор уршиг

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Э нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд амь хохирогчийн оршуулгын зардалд 28.421.977 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч А.М бүрэн төлж барагдуулсан.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг хэргийн хохиролд тооцно”,

Мөн зүйлийн 2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж тус тус заажээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.5 дахь хэсэгт “Гэмт хэргийн улмаас нас барсан иргэний хамт амьдарч байсан гэр бүлийн насанд хүрсэн гишүүн, эсхүл насанд хүрээгүй гишүүний хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон этгээд нь өөрийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгуулахыг шаардах эрхтэй”, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт “Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно” гэж заасан.

 

Шүүгдэгч өөрийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэйг холбогдох хууль тогтоомжоор хуульчилсан бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэм хорыг хуульд зааснаар шаардах эрхтэй байна.

 

Шүүгдэгч А.Мгийн үйлдлийн улмаас хүний амь нас хохирч, шүүх гэм буруутайд тооцсон тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Э нь гэм хорын хохирол нэхэмжлэх эрхтэй байх тул Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-ын 2.5-д “Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хүн нас барсан бол хохирогчоор тогтоогдсон гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан хор уршгийг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.4, 511.5-д заасны дагуу арилгана” гэсний дагуу хохирлыг гаргуулах нь зүйтэй.

 

Хохирлын хэмжээг Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 3.3-т “Хохирогч нас барсан бол Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д заасны дагуу гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид ашигтайгаар шүүхээс тогтооно” гэж заасныг баримтлан Сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт хөдөлмөрийн хөлсний хөлсний доод хэмжээ болох /660.000х150/=99.000.000 төгрөгийг гаргуулахаас мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд амь хохирогчийн оршуулгын зардалд төлсөн зөрүү болох 578.023 төгрөгийг хасаж, нийт 98.393.578 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Эд,

мөн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү 90.222 төгрөгийг насанд хүрээгүй Ө.Э, Ө.Гнарт 18 нас хүртэл сар бүр шүүгдэгчээс гаргуулж тус тус олгож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Эрүүгийн хариуцлага  

Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд:

Улсын яллагч Б.Лувсанцэрэн:

“...Шүүгдэгч А.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцогдсон. Улсын яллагчийн зүгээс шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 3 жилийн хугацаатай хохих ял оногдуулах санал гаргаж байгаа ба хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх саналтай. Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нэг ширхэг бууг устгуулах саналтай. Мөн нэг ширхэг DVD болон бууны гэрчилгээг хэрэгт хавсаргуулах саналтай байна. Шүүгдэгч А.М цагдан хоригдсон хоноггүй, мөрдөн шалгах ажиллагааны зардал гараагүй...” гэх дүгнэлтийг,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Алтандөш:

“...Шүүгдэгчийн хувьд хохирлоо тодорхой хэмжээнд төлсөн. Хохирогч талтай Улаанбаатар хотод ирж уулзсан. Тухайн үед би болон хохирогчийн ар гэрийнхэн “...хохирогч талтай холбоотой байгаарай...” гэдгийг сануулж байсан. Тодруулбал 2025 оны 01 дүгээр сард ийм уулзалт болсон. Гэвч тэрнээс хойш шүүгдэгч нэг ч удаа ар гэртэй нь холбоо бариагүй. А.Мөнхтүвшний хувьд хохирогчийн ар гэртээ холбоотой байгаад тодорхой хэмжээнд хохирол төлбөр төлөөд явж байсан бол эрүүгийн хариуцлага дээр ял хариуцлагын тухайд хөнгөрүүлж хэлэх байлаа. Гэвч ийм арга хэмжээ аваагүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье. Иймд улсын яллагчийн саналыг дэмжиж байна...” гэх дүгнэлтийг,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Э:

“...Бидний хувьд шүүгдэгчтэй таарамжгүй харилцаагүй, хүн ёсоор харьцсан гэж үзэж байгаа. Аль болох хүлээцтэй хандсан. Гэвч шүүгдэгчийн хувьд шүүх дээр уулзаад нэг л удаа уучлаарай гэж хэлсэн. Бидний ахуй амьдрал ямар байгааг ч асуугаагүй. Маш их гомдолтой байна...” гэх дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ганбаатар:

“...Шүүхээс гэм буруутай тооцсон учраас ял хариуцлагын дүгнэлтээ хэлье. Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэрэг бол өмнө хэлсэнчлэн ангилалын хувьд хөнгөн гэмт хэрэг. Хүний амь насыг болгоомжгүйгээр хөнөөх гэмт хэргийг ялган зүйлчлэх гол нөхцөл бол гэм буруугийн санаа зорилго байдаг. А.Мгийн хувьд хэрэг учрал болсон үеэс эхлэн хэрэг бүртгэх, мөрдөн байцаах шат, шүүхийн шатанд саад учруулаагүй, тогтвортой мэдүүлэг өгч, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж, гэм буруугаа ойлгосон, зүйлчлэл дээрээ маргадаггүй. Мөн хохиррл төлбөрийн тал дээр өөрийнхөө боломж бололцоогоор нөхөн төлсөн. Түүнчлэн А.Мий хувьд ганц бие эцэг, 2 хүүхэд нь тусдаа гарсан. Ганц бие хүний хувьд өөрийн амьдарч байсан хашаа байшингаа зарж, оршуулгын зардлыг төлсөн. Мэдээж сэтгэцэд учирсан хохирол зэргийг төлөхгүй гэж маргахгүй. Боломжоороо төлнө гэдэгээ илэрхийлж байгаа. Хавтаст хэргийн материалаас үзэхэд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй гэмт хэрэг анх удаа үйлдсэн, мөн 1.2-д заасан хохирол төлбөрөө төлсөн, гэмт хэргээ илчилсэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал харагддаг. Улсын яллагчийн хувьд шүүгдэгчийн 3 жилийн хугацаагаар хорих ял оноох дүгнэлтийг гаргаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч мөн саналыг дэмжиж байгаа юм байна. Энэ хэргийн хувьд 1-5 жилийн хугацаагаар хорих мөн 1-5 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах буюу сонгох санкцтай. Шүүгдэгчид хорихоос өөр төрлийн ял оногдуулах байр суурьтай оролцож байна. Хэргийн сэдэл, зорилго, гэм буруугийн байдал, хэр хэмжээ зэргийг шүүх харгалзан үзнэ үү. Хэрэв шүүгдэгч хоригдчих юм бол хохирол төлбөр төлөх асуудал яах вэ гэдгийг бодох хэрэгтэй. Тэгэхээр гадуур ажил хөдөлмөр эрхэлж хохирол төлбөрөө төлбөл хохирогч талд хэрэгтэй болов уу гэж бодож байх тул зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү...” гэх дүгнэлтийг,

 

Шүүгдэгч А.М:

“...Уучлаарай...” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцдэг.

 

Шүүх шүүгдэгч А.Мд хуульд заасан эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэлийг оногдуулахдаа хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тус тус тооцож үзэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Шүүгдэгч А.Мд эрүүгийн харицлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлж авсан, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтууд, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч А.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий агийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж заасныг үндэслэн шүүгдэгч А.Мд оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосон.

 

Хорих ялыг нээлттэй байгууллагад эдлүүлэхдээ гэмт хэрэг үйлдсэн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийг харгалзаж үзсэн.

 

Бусад асуудал

Эрүүгийн 2434004110478 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч А.М энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СД-ийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, шүүгдэгч А.Мгийн галт зэвсэг, эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдсан талаар **дугаартай гэрчилгээ, гол төмрийн **, замгын *** дугаар бүхий Чех улсад үйлдвэрлэгдсэн карабин маркийн **дугаар бүхий галт зэвсгийн гэрчилгээ, ** дугаарын гол төмөртэй, *** дугаарын замагтай галт зэвсэг 1 ширхэг зэргийг хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэх буюу Цагдаагийн ерөнхий газарт шилжүүлэхийг тус тус дурдаж байгаа болно.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10, 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

   1. Шүүгдэгч Боржигон овгийн Алгаагийн Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон... гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

   2. Шүүгдэгч Боржигон овгийн Алгаагийн Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Мд оногдуулсан 3 /гурав/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

   4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2, 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.5, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч А.Мгээс сэтгэцэд учирсан хохирол 98.393.578 /ерэн найман сая гурван зуун ерэн гурван мянга таван зуун далан найм/ төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Эд, мөн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү 90.222 /ерен мянга хоёр зуун хорин хоёр/ төгрөгийг насанд хүрээгүй Ө.Э, Ө.Гнарт 18 нас хүртэл сар бүр шүүгдэгчээс гаргуулж тус тус олгосугай.

 

   5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч А.Мгийн галт зэвсэг, эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдсан талаар **дугаартай гэрчилгээ, гол төмрийн **, замгын *** дугаар бүхий Чех улсад үйлдвэрлэгдсэн карабин маркийн **дугаар бүхий галт зэвсгийн гэрчилгээ, ** дугаарын гол төмөртэй, *** дугаарын замагтай галт зэвсэг 1 ширхгийг зэргийг хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэх буюу Цагдаагийн ерөнхий газарт шилжүүлсүгэй.

 

   6. Эрүүгийн 2434004110478 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СД-ийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч А.М нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус  дурдсугай.

 

7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний хорих ял эдлэх хугацааг 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн тоолсугай.    

 

8.Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

  10.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Мд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

 

 

 

   ДАРГАЛАГЧ,

  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Ш.ГАНДАНСҮРЭН