Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 182/ШШ2023/03400

 

 

 

 

 

 

 

 

   2023       11        28                                          182/ШШ2023/03400

 

  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ........ тоот хаягт оршин суух, Б.Ц-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ............ тоот хаягт оршин суух, Б.Т-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 350,000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Б.Ц,

Хариуцагч Б.Т,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Ц нь хариуцагч Б.Тд холбогдуулан 350,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. “...Миний бие 2023.07.09-ний өдөр түрээсийн байранд өрөө хөлслөхөөр Б.Т-тай ярилцаж, тохирсон. Уг түрээсийн өрөө нь шууд орж амьдрах боломжгүй хаалганы дуран байхгүй цоорхой, цонх нь хагархай, овон товон цементэн шалтай байсан бөгөөд Б.Т нь та мөнгөө урьдчилан шилжүүлэхгүй бол хүн орчихож магадгүй, би засвар хийгээд өгнө гэж хэлсэн учраас түүний Хаан банкны 5014051250 дугаартай дансанд 1 сарын түрээсийн төлбөр болох 350,000 төгрөгийг шилжүүлсэн.

Гэвч 2023.08.10-ны өдөр очиж хөлслөхөөр тохирсон өрөөнийхөө түлхүүрийг авахад ямар ч засвар хийгдээгүй байсан учраас 2023.08.13-ны өдөр өрөө хөлслөхөө болъё, түрээсийн төлбөрт шилжүүлсэн 350,000 төгрөгөө буцааж авъя гэхэд өгөхгүй, чаддаг юм бол аваарай гэж хэлсэн...

Иймд Б.Т-гаас 350,000 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэв.

 

2.Хариуцагч Б.Т шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний хувьд нийтийн орон сууцны зориулалтаар өрөө хөлслүүлдэг бөгөөд иргэн Б.Ц нь 2023.07.09-ний өдөр ирж надтай уулзаад 2023.07.20-ны өдрөөс өрөө түрээслэхээр болж уг өрөөг үзээд 11 хоногийн хугацаанд өөрөө засвар хийх, миний хувьд засварын материалуудыг нь гаргаж өгөхөөр тохиролцсон. Түрээсийн төлбөрт 350,000 төгрөг авсан нь үнэн.

Энэ явдлаас хойш ирэхгүй байж байгаад 2023.08.13-ны өдөр ирээд өрөө хөлслөхөө больсон гэж хэлсэн учраас би 2023.07.20-ноос 08.15 хүртэл төлбөрийг нь тооцож, үлдсэн 5 хоногийн мөнгийг нь өгье гэхэд авахгүй, мөнгөө бүтэн авна гээд намайг хэл амаар доромжилоод гарсан..

Энэ хүнээс болоод би өрөөгөө бусдад түрээслэхгүй бүтэн 3 сарын түрээсийн төлбөр 1,050,000 төгрөгөөр хохирсон бөгөөд 2023.09.16-наас өрөөгөө түрээслэсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй...” гэв.

 

3.Нэхэмжлэгчээс 2023.10.17-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид 11,150 төгрөг төлсөн баримт /хх-ийн 2 х/,

-Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 3 х/

-350,000 төгрөг шилжүүлсэн баримт /хх-ийн 4 х/-уудыг,

 

3.1. Хариуцагчаас хариу тайлбар /хх-ийн 12 х/-ыг бичгээр ирүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б.Ц-ийн нэхэмжлэлээс 315,045 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 34,955 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч Б.Ц дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна. Үүнд:

а/ 2023.07.09-ний өдөр түрээсийн байранд өрөө хөлслөхөөр Б.Т-тай ярилцаж, тохирсон. Уг түрээсийн өрөө нь шууд орж амьдрах боломжгүй хаалганы дуран байхгүй цоорхой, цонх нь хагархай, овон товон цементэн шалтай байсан бөгөөд Б.Т нь та мөнгөө урьдчилан шилжүүлэхгүй бол хүн орчихож магадгүй, би засвар хийгээд өгнө гэж хэлсэн учраас түүний Хаан банкны 5014051250 дугаартай дансанд 2023.07.09-ний өдөр 1 сарын түрээсийн төлбөр болох 350,000 төгрөгийг шилжүүлсэн. Гэвч 2023.08.10 хүртэл засвар хийгдээгүй учраас түрээсийн төлбөрт шилжүүлсэн 350,000 төгрөгөө буцааж авна гэж шаардах эрхээ тодорхойлсон.

 

3. Хариуцагч Б.Т татгалзлын үндэслэлээ:

а/ Б.Ц нь 2023.07.09-ний өдөр ирж надтай уулзаад 2023.07.20-ны өдрөөс өрөө түрээслэхээр болж уг өрөөг үзээд 11 хоногийн хугацаанд өөрөө засвар хийх, миний хувьд засварын материалуудыг нь гаргаж өгөхөөр тохиролцсон. Энэ явдлаас хойш ирэхгүй байж байгаад 2023.08.13-ны өдөр ирээд өрөө хөлслөхөө больсон гэж хэлсэн. Энэ хүнээс болж би өрөөгөө бусдад түрээслэхгүй бүтэн 3 сарын түрээсийн төлбөр 1,050,000 төгрөгөөр хохирсон учраас нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтууд, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

а/ Талууд 2023.07.09-ний өдөр ........ тоот хаягт байрлах нийтийн орон сууцны зориулалт бүхий байрны 1 өрөө орон сууцыг тодорхой хугацаанд хөлслөхөөр харилцан тохиролцжээ.

 

б/ Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т Нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үзнэ гэж заасан. Тодруулбал гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй байдаг. Зохигчийн хооронд мөн хуулийн 302 дугаар зүйлд заасан гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.

 

в/ Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д “Орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан. Энэхүү зохицуулалтаар хариуцагч Б.Т нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, нэхэмжлэгч Б.Ц нь хэлэлцэн тохиролцсон хөлсийг төлөх үүрэгтэй байна.

 

5. Зохигч 2023.07.09-ний өдөр ........ тоот хаягт байрлах нийтийн орон сууцны зориулалт бүхий байрны 1 өрөөг хөлслөх, сарын төлбөрийг 350,000 төгрөгөөр байхаар харилцан тохиролцсон, хариуцагч нь 1 сарын төлбөр 350,000 төгрөгийг дансаараа хүлээн авсан тухайд маргаагүй тул шүүх энэ талаар дүгнэлт өгөх шаардлагагүй.

 

6. Орон сууц хөлслөх гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний заалт хамаардаг тул нэхэмжлэгчийн “...түрээсийн өрөө нь шууд орж амьдрах боломжгүй хаалганы дуран байхгүй цоорхой, цонх нь хагархай, овон товон цементэн шалтай байсан...”, Б.Т нь би засвар хийгээд өгнө гэж хэлсэн боловч 2023.08.10-нд түлхүүрээ авахад засвар хийгдээгүй байсан учраас 2023.08.13-ны өдөр өрөө хөлслөхөө болъё гэдгээ хэлсэн гэх тайлбарыг үндэслэл бүхий гэж үзнэ.

 

а/ Тодруулбал, хариуцагч Б.Т нь Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.1.1-д заасны дагуу нэхэмжлэгч Б.Цт хөлслөх хугацааны турш гэрээнд заасны дагуу ашиглах боломжтой, ашиглалтын шаардлага хангасан, биет байдлын болон эрхийн доголдолгүй эд хөрөнгө хөлслөгчид шилжүүлэх үүргээ 2023.08.10-ны өдрийг хүртэл хэрэгжүүлээгүйн улмаас 2023.08.13-ны өдрөөс гэрээ цуцлагджээ.

 

б/ Иргэний хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д “Хөлслөн авсан орон сууцыг бүхэлд нь буюу түүний хэсгийг хөлслөгчид хугацаанд нь шилжүүлээгүйгээс уг гэрээ түүнд ашиггүй болсон, эсхүл хөлслөгч хожим нь уг орон сууцыг ашиглах эрхгүй болсон бол энэ хуулийн 294.3-т заасан хугацааг үл харгалзан хөлслөгч гэрээг цуцлах эрхтэй” гэж тус тус заасан бөгөөд зохигч гэрээ цуцлагдсан талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

7. Харин хариуцагчийн ...энэ хүнээс болоод би өрөөгөө бусдад түрээслэхгүй бүтэн 3 сарын түрээсийн төлбөр 1,050,000 төгрөгөөр хохирсон учраас 350,000 төгрөгийг төлөхгүй гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй. Учир нь эд хөрөнгийг хөлслөн авах хүсэлтэй хөлслөгчийг санал болгоогүй эсхүл гэрээг хугацаанаас өмнө цуцалсан өдрөөс хойш орон сууцыг бусдад хөлслүүлэх хүртэл хугацааны төлбөрийн хэмжээгээр хохирсон гэх үндэслэлээр сөрөг нэхэмжлэл гаргаагүй болно.

 

8. Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.1-д “Хөлслөгчийн буруугүйгээр хөлслөн авсан эд хөрөнгө ашиглах боломжгүй болсон бол хөлс төлөхөөс татгалзах эрхтэй” гэж заасан бөгөөд хариуцагч Б.Т нь 2023.08.10-ны өдрийг хүртэл нэхэмжлэгч Б.Ц-т орон сууцны өрөөг шилжүүлэх үүргээ хэрэгжүүлээгүйн улмаас 2023.08.13-ны өдрөөс гэрээ цуцлагдсан байх тул 1 сарын төлбөрт төлсөн 350,000 төгрөгийг гаргуулахаар шаардаж байгаа нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй.

 

а/ Гэвч нэхэмжлэгч нь 2023.08.10-ны өдөр маргаан бүхий орон сууцны түлхүүрийг хүлээн авч, 2023.08.13-ны өдөр гэрээнээс татгалзаж байгаагаа илэрхийсэн байх тул энэ хугацааны төлбөр 34,995 төгрөг /350,000 : 30 хоног = 11,665 х 3 хоног/-ийг хариуцагч Б.Т-гаас шаардах эрхгүй.

 

Иймээс хариуцагч Б.Т-гаас 315,045 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Цт олгох, нэхэмжлэлийн шаардлагаас 34,995 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

9. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн учраас Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2023.10.17-ны өдөр төлсөн 11,150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 10,101 төгрөгийг гаргуулж Б.Ц-т олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.1, 302 дугаар зүйлийн 302.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Б.Т-гаас 315,045 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Ц-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 34,995 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хурамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2023.10.17-ны өдөр төлсөн 11,150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 10,101 төгрөгийг гаргуулж Б.Ц-т олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                            Х.ДАШДЭЧМАА