Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 2021/ДШМ/1014

 

 

 

 

           2021           11           25                                    2021/ДШМ/1014

 

Э.Б, О.Б нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор Г.Эрдэмбаатар,   

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Ганбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 2021/ШЦТ/451 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор С.Мөнхгэрэлийн бичсэн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 59 дугаартай дээд шатны прокурорын эсэргүүцлээр Э.Б, О.Б нарт холбогдох 2002002940206 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Э.Б нь 2020 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Туул голын орчим Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан делта 9 тетрагидроканнабинолын агууламжтай нийт 3.1531 граммыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар О.Бөд өгсөн, 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Пулл зочид буудлын 305 тоот өрөөнд Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенц-ийн 2 дугаар жагсаалтад багтсан делта 9 тетрагидроканнабинолын агууламжтай нийт 14.3522 граммын жинтэй сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт,

О.Б нь Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан делта 9 тетрагидроканнабинолын агууламжтай нийт 3.1531 граммын жинтэй сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр 2020 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Туул голын орчим хууль бусаар Э.Баас олж авч, 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Пулл зочид буудлын гадна 37-30 УБЦ улсын дугаартай тоёота приус 30 загварын тээврийн хэрэгсэлд худалдаалах зорилгогүйгээр хадгалсан,

Мөн үргэлжилсэн үйлдлээр 2020 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Ар гүнт гэх газраас Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан делта 9 тетрагидроканнабинолын агууламжтай нийт 16.3342 граммын жинтэй сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, түүж бэлтгэн, улмаар 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Галакси Тауэр төвийн орчим 37-30 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Э.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, О.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Э.Б, О.Б нарыг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар хадгалсан, бусдад өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Энхбатын Э.Быг хоёр жилийн хугацаагаар хорих ял, О.Бийг хоёр жил зургаан сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Э.Бд оногдуулсан хоёр жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Оюунчимэгийн О.Бөд оногдуулсан хоёр жил зургаан сарын хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар тус тус зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бд 2 жилийн хугацаагаар хорих, шүүгдэгч О.Бөд 2 жил, 6 сарын хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар тус тус зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг Нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргүүдэд үйл ажиллагаа явуулдаг шөнийн клуб, зочид буудал зэрэг газарт явахыг хориглох байдлаар хэрэгжүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй тохиолдолд эдлээгүй үлдсэн ялын 1 хоногийг хорих ялыг 1 хоногоор тооцон хорих ялаар сольж болохыг шүүгдэгч нарт сануулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Бын нийт цагдан хоригдсон 204 хоног, шүүгдэгч О.Бийн нийт цагдан хоригдсон 266 хоногийг тэдний эдлэх ялын хугацаанд нь оруулан тооцож, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 19.7 грамм “ХТТГ” гэж хаягласан ургамал мэт, гялгар ууттай 3.8 грамм ургамал мэт сэтгэцэд нөлөөт бодис, хажуу бөөр хэсгийг цоолж P30648293 серийн дугаартай 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт хуйлж хийсэн Voyage бичигтэй хуванцар сав 1 ширхэг, бөөрөнхий хэлбэртэй дугуй савтай тогоо хэлбэртэй тунгалаг цаас 1 ширхэг, 1 ширхэг шүдэнзний мод, Fanta гэсэн бичигтэй ундааны сав 1 ширхэг, бөөрөнхий төмөр хайрцаг, нийт 15.743 грамм ургамал мэт сэтгэцэд нөлөөт бодис зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгаж, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Прокурор С.Мөнхгэрэл бичсэн эсэргүүцэлдээ: “...Дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг 2021 оны 10 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч танилцахад шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангаагүй, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэжээ.

Тухайлбал прокуророос шүүгдэгч Э.Быг Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан делта 9 тетрагидроканнабинолын агууламжтай нийт 3.1531 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар О.Бөд өгсөн, 14.3522 граммын жинтэй сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт, шүүгдэгч О.Бийг 3.1531 граммын жинтэй сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр Э.Баас олж авч, худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, мөн үргэлжилсэн үйлдлээр нийт 16.3342 граммын жинтэй сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, түүж бэлтгэн, хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж, хэргийг зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн.

Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч Э.Б, О.Б нарыг хамтад нь “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар хадгалсан, бусдад өгсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэжээ.

Өөрөөр хэлбэл прокуророос ялласан гэмт хэргийн шинж тус бүрээр, шүүгдэгч тус бүрээр гэм буруугийн асуудлыг шийдвэрлээгүй орхигдуулсан нь шүүх Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарч байна.

Түүнчлэн шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой байх хуулийн шаардлага хангаагүй гэж үзэхээр байна.

Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 451 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэжээ.

Прокурор Г.Эрдэмбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Прокурор С.Мөнхгэрэлийн бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Нэмж хэлэх тайлбар байхгүй ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж прокурор С.Мөнхгэрэлийн бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэхэд, шүүгдэгч Э.Б, О.Б нарт холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны, үндэслэлтэй болж чадаагүй байна.

Нийслэлийн прокурорын газраас Э.Б нь 2020 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Туул голын орчим Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан делта 9 тетрагидроканнабинолын агууламжтай нийт 3.1531 граммыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар О.Бөд өгсөн, 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Пулл зочид буудлын 305 тоот өрөөнд Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенц-ийн 2 дугаар жагсаалтад багтсан делта 9 тетрагидроканнабинолын агууламжтай нийт 14.3522 граммын жинтэй сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

О.Б нь Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан делта 9 тетрагидроканнабинолын агууламжтай нийт 3.1531 граммын жинтэй сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр 2020 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Туул голын орчим хууль бусаар Э.Баас олж авч, 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Пулл зочид буудлын гадна 37-30 УБЦ улсын дугаартай тоёота приус 30 загварын тээврийн хэрэгсэлд худалдаалах зорилгогүйгээр хадгалсан,

мөн үргэлжилсэн үйлдлээр 2020 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Ар гүнт гэх газраас Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан делта 9 тетрагидроканнабинолын агууламжтай нийт 16.3342 граммын жинтэй сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, түүж бэлтгэн, улмаар 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Галакси Тауэр төвийн орчим 37-30 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.Б, О.Б нарыг нийтэд нь “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар хадгалсан, бусдад өгсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй, энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцэл зөв байна.

Түүнчлэн, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтад Э.Бын цагдан хоригдсон 204 хоног, О.Бийн цагдан хоригдсон 266 хоногийг эдлэх ялаас нь хасаж тооцсон боловч хэдий хугацааны ялаас хасаж байгаа, үлдсэн ялыг тооцож, жинхэнэ эдэлбэл зохих ялын хэмжээг тогтоогоогүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна. ...” гэх шаардлагыг хангаагүй байна.

Анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд улсын яллагчаас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг шийдвэрлүүлэх талаар санал гаргасан байхад шүүх энэ талаар дүгнэлт хийж шийдвэрлээгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасныг хэрэглэлгүй орхигдуулж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэжээ.

Мөн Нийслэлийн прокурорын газраас О.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн атал анхан шатны шүүхээс шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийг орхигдуулсан зэрэг хууль хэрэглээний болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлүүдийг гаргасан байна.

Эдгээр зөрчлүүдийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөх боломжгүй байх тул Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 2021/ШЦТ/451 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцтэл шүүгдэгч Э.Б, О.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 2021/ШЦТ/451 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Э.Б, О.Б нарт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл Э.Б, О.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.ПҮРЭВСҮРЭН

 

                                  ШҮҮГЧ                                                              Л.ДАРЬСҮРЭН

                                  ШҮҮГЧ                                                              Ш.БАТ-ЭРДЭНЭ