Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 182/ШШ2023/03588

 

 

 

 

 

 

 

 

   2023       12        08                                          182/ШШ2023/03588

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, шүүгч Ж.Байгалмаа, Ч.Даваасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ..... тоот хаягт оршин суух, Т.Н-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ......... тоот хаягт оршин суух, Б.Г-т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 9,097,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Т.Н,

Хариуцагч Б.Г,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан нар оролцов.

(Иргэдийн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд зохигчийн зөвшөөрлөөр тэдний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.)

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Т.Н нь хариуцагч Б.Г-т холбогдуулан гэм хорын хохиролд 9,097,500 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.“...Б.Г нь 2023.09.14-ний өдөр шөнийн 03 цаг 20 минутын үед ....... талд Toyota Prius маркийн 00-00 ЕЕЕ улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана гэснийг зөрчиж Т.Н миний жолоодон явсан Toyota Prius маркийн 00-00 ААА улсын дугаартай автомашиныг мөргөж зам тээврийн осол гаргасан.

Түүний буруутай үйлдлийн улмаас миний эзэмшлийн автомашинд ихээхэн хэмжээний хохирол учирсан. Б.Г-ийн буруутай үйлдэл нь зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгээр тогтоосон байдал, эрх бүхий албан тушаалтны магадлагаа, шийтгэлийн хуудас зэргээр тогтоогдож байна.

Миний автомашинд К ХХК-ийн үнэлгээгээр 3,897,500 төгрөгийн хохирол учирсан. Би уг автомашинаар Ю ХХК-д таксины үйлчилгээнд явж өдөрт 150,000-200,000 төгрөг олдог байсан боловч автомашинд эвдрэл, гэмтэл учирснаас хойш буюу 2023.09.14-ний өдрөөс өнөөдрийг хүртэл таксины үйлчилгээ эрхэлж, орлого олж чадаагүй. Б.Г нь учруулсан хохирлоо өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй.

Иймд хариуцагчаас машинд учруулсан хохирол болох 3,897,500 төгрөг, мөн 2023.09.14-ний өдрөөс 2023.10.10-ны өдөр хүртэлх хугацааны олох ёстой байсан орлогод 5,200,000 төгрөг, нийт 9,097,500 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэв.

 

2.Хариуцагч Б.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Миний бие 2023.09.14-ний өдөр шөнийн 03 цаг 20 минутын үед ....... талд Toyota Prius маркийн 00-00 ЕЕЕ улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Т.Н-гийн жолоодож явсан Toyota Prius маркийн 00-00 ААА улсын дугаартай автомашиныг мөргөж зам тээврийн осол гаргасан.

Нэхэмжлэгчийн автомашинд учирсан бодит хохирол К ХХК-ийн үнэлгээгээр 3,897,000 төгрөгийн хохирол учирсан байдлыг хүлээн зөвшөөрч байна. Энэ хохирлоос 2023.09. 19-ний өдөр 370,000 төгрөгийг дансаар, 130,000 төгрөгийг бэлнээр нийт 500,000 төгрөгийг төлсөн.

Одоо үлдэгдэл нь 3,397,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөө илэрхийлж байна. Т.Н нь такси үйлчилгээ эрхэлж, орлого олж чадаагүй байдал нь хариуцагч надтай хамааралгүй бөгөөд тухайн үед явах эд анги засуулах зорилгоор 2023.09.19-ний өдөр надаас 500,000 төгрөг авсан.

Нэхэмжлэгч нь аль хэдийн автомашинаа засуулаад такси үйлчилгээндээ явах боломжтой, явах эд ангийн гэмтэл байхгүй байсан учир нэхэмжлэлийн шаардлагаас 3,397,000 төгрөгийг л төлнө, үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэв.

 

3.Нэхэмжлэгч Т.Н нэхэмжлэлийн шаардлагатайгаа холбогдуулан 2023.10.10-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид 160,510 төгрөг төлсөн баримт /хх-ийн 2 х/,

-2023.09.29-ний өдрийн 23/248 тоот Ю ХХК-ийн тодорхойлолт /хх-ийн 4 х/,

-Хаан банкны Депозит дансны дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 5-37 х/,

-2023.09.14-ний өдрийн №1808 дугаартай Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хх-ийн 38 х/,

-2023.09.19-ний өдрийн Эрх бүхий албан тушаалтны Магадлагаа /хх-ийн 39 х/,

-Төрийн мэдээллийн сангаас гарах лавлагаа, тодорхойлолтын нэгдсэн маягт /хх-ийн 40 х/,

-Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 41 х/,

-Тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 42-43 х/,

-2023.09.19-ний өдрийн №0637610 дугаартай Шийтгэлийн хуудас /хх-ийн 44 х/,

-2023.09.19-ний өдрийн 0746 дугаартай Төлбөр барагдуулах гэрээ /хх-ийн 45 х/,

-Төлбөрийн баримт /хх-ийн 46 х/,

-2023.09.18-ны өдрийн №39247/ДД№27610147 дугаартай К ХХК-ийн Автомашин техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 47 х/,

-Гэрэл зураг /хх-ийн 48 х/,

-2023.09.14-ний өдрийн 1100 дугаартай Б ХХК-ийн тодорхойлолт /хх-ийн 49 х/,

-2023.12.04-ний өдрийн Ш ХХК-ийн Мэдэгдэл /хх-ийн 68 х/,

-Гэрэл зураг /хх-ийн 69 х/,

 

-Хариуцагч Б.Г тайлбар татгалзалтайгаа холбогдуулан 2023.11.08-ны өдрийн 497 тоот Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны Засаг даргын ам бүлийн тодорхойлолт /хх-ийн 56 х/,

-Хаан банкны Депозит дансны хуулга /хх-ийн 57 х/ зэрэг баримтуудыг бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Б.Г-т холбогдох гэм хорын хохиролд 9,097,500 төгрөг гаргуулах тухай Т.Н-гийн нэхэмжлэлээс 3,397,500 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 5,700,500 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

2.Нэхэмжлэгч Т.Н нь хариуцагч Б.Г-т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа К ХХК-ийн үнэлгээгээр гарсан автомашинд учирсан хохирол 3,897,500 төгрөг, олох ёстой байсан орлого 5,200,000 төгрөг, нийт 9,097,500 төгрөг болж байгаа гэж тодорхойлсон.

 

3.Хариуцагч нь нэхэмжлэгчийн шаардлагаас такси үйлчилгээ эрхэлж, орлого олж чадаагүй байдал нь надтай хамааралгүй бөгөөд тухайн үед явах эд анги засуулах зорилгоор 2023.09.19-ний өдөр 500,000 төгрөг авсан. Нэхэмжлэгч нь аль хэдийн автомашинаа засуулаад такси үйлчилгээндээ явах боломжтой, явах эд ангийн гэмтэл байхгүй байсан учир нэхэмжлэлийн шаардлагаас 3,397,000 төгрөгийг л төлнө, үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтууд, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

4.1.Тээврийн хэрэгсэлд учруулсан хохирол 3,897,500 төгрөг гаргуулах шаардлагын тухайд

Хариуцагч Б.Г нь ....... замд 2023.09.14-ний шөнө 03 цаг 20 минутын үед 00-00 ЕЕЕ улсын дугаартай Toyota prius маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д заасан Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх нөхцөлийг хангана гэсэн заалтыг зөрчсөнөөс Toyota prius маркийн 00-00 ААА улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж Т.Н-гийн эзэмшлийн автомашинд хохирол учруулсан зам тээврийн осол гаргажээ.

 

Талууд хэн аль нь ....... замд 2023.09.14-ний шөнө 03 цаг 20 минутын үед 00-00 ЕЕЕ, 00-00 ААА улсын дугааруудтай, Toyota prius маркийн тээврийн хэрэгслүүдийг жолоодож явсан болон төлбөрт 500,000 төгрөг өгсөн авсан талаар тус тус маргаагүй тул шүүх энэ талаар дүгнэлт хийх шаардлагагүй.

 

Дээрх ослын улмаас Т.Н-гийн эзэмшлийн автомашинд 3,897,500 төгрөгийн эвдрэл, гэмтэл учирсан болох нь К ХХК-ийн 2023.09.18-ны өдрийн №39247/ДД№27610147 дугаартай Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, түүний хавсралт /хх-ийн 47 хуудас болон ар тал/, 2023.09.14-ний өдрийн 1808 дугаартай Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хх-ийн 38 х/, 2023.09.19-ний өдрийн Эрх бүхий албан тушаалтны магадлагаа /хх-ийн 39 х/, зохигчийн тайлбараар тус тус тогтоогдож байна.

 

Тодруулбал, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн зөрчил хариуцсан ахлах байцаагч цагдаагийн хошууч С.О-гийн 2023.09.19-ний өдрийн ЗХБ-51 тоот Эрх бүхий албан тушаалтаны магадлагаа-нд

1. Б.Г нь Toyota prius маркийн 00-00 ЕЕЕ улсын дугаартай автомашиныг жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх зогсохдоо аюул осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана гэсэн заалтыг зөрчиж зам тээврийн осол гаргасан байх үндэслэлтэй байна.

2. Toyota prius маркийн 00-00 ААА улсын дугаартай автомашины жолооч Т.Н нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна гэжээ.

 

Мөн хариуцагч Б.Г нь Toyota prius маркийн 00-00 ЕЕЕ улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа дээрх зам тээврийн осол гаргасны улмаас 2023.09.19-ний өдөр 0637610 дугаартай Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар 100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 100,000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авагдсан байх ба энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.

 

Иргэний хуулийн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, мөн хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулсан буюу устгаж, гэмтээсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй гэж тус тус заасан.

 

Хуулийн дээрх зохицуулалтад дурдсан гэм хорын хариуцлага хүлээлгэх үндэслэл нь зөрчил буюу хууль бус үйлдэл, эс үйлдэхүй бөгөөд бөгөөд энэ нь тээврийн хэрэгсэл эзэмшигчийн болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээс үүсдэг.

 

Toyota prius маркийн 00-00 ЕЕЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч нь И ХК болох нь хэрэгт авагдсан 00000000 дугаартай Автотээврийн хэрэгслийн гэрчилгээ-гээр тогтоогдож байх боловч хариуцагч Б.Г энэхүү тээврийн хэрэгслийг унаж явах нөхцөлтэйгөөр зээлээр авсан учраас байнга унадаг... гэх тайлбараар тогтоогдсон.

 

Дээрх хуульд заасны дагуу Б.Г нь Toyota prius маркийн 00-00 ЕЕЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг өмчлөгч И ХК-ийн зөвшөөрлийн дагуу эзэмшиж, жолоодож байх үедээ Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д заасныг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргасан байх тул Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д заасны дагуу нэхэмжлэгч Т.Н-д учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй байна.

 

Иймээс хариуцагч Б.Г нь 00-00 ЕЕЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглах явцдаа болгоомжгүй үйлдлийн улмаас бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан болох нь дээрх баримтуудаар тогтоогдсон тул К ХХК-ийн 2023.09.18-ны өдрийн №39247/ДД№27610147 дугаартай Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, түүний хавсралт буюу үнэлгээгээр гарсан 3,897,500 төгрөгөөс нэхэмжлэгчид төлсөн 500,000 төгрөгийг хасч тооцож, үлдэх 3,397,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Н-д олгох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

4.2. Олох байсан орлого 5,200,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд

Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй гэж заасан. Энэ нь бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх замаар гэм хорыг арилгаж, зөрчигдсөн эрхийг сэргээх зохицуулалт юм. Өөрөөр хэлбэл эрх зөрчигдсөнөөс түүнийг сэргээн тогтооход гаргах ёстой зардал, түүнчлэн бодит хохирлоос гадна олох ёстой байсан орлого хохиролд тооцох агуулгатай байна.

 

Нэхэмжлэгч нь энэхүү шаардлагаа ..би уг автомашинаар Ю ХХК-д таксины үйлчилгээнд явж өдөрт 150,000-200,000 төгрөг олдог байсан боловч автомашинд эвдрэл, гэмтэл учирснаас хойш буюу 2023.09.14-ний өдрөөс өнөөдрийг хүртэл таксины үйлчилгээ эрхэлж, орлого олж чадаагүй учраас олох байсан орлого 5,200,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхтэй гэж тайлбарлаж, хэрэгт Ю ХХК-ийн 2023.09.29-ний өдрийн 23/248 дугаартай Тодорхойлолт, Хаан банкны 0000000000 тоот дансны хуулгыг нотлох баримтаар өгсөн.

 

Ю ХХК-ийн 2023.09.29-ний өдрийн 23/248 дугаартай Тодорхойлолт-д 00-00 ААА улсын бүртгэлийн дугаартай, Приус 41 маркийн тээврийн хэрэгсэл эзэмшигч Туул овогтой Номин /РД:ТИ86050680/ нь Ю ХХК-д 2023.03.02-ны өдрөөс хойш одоог хүртэл манай замын унаа, унаа түрээс, шуурхай хүргэлт үйлчилгээнд хамтын ажиллагааны гэрээтэй явдаг нь үнэн болно гэжээ.

 

Энэхүү тодорхойлолтын агуулгаас үзвэл талууд 2023.03.02-ны өдөр Хамтын ажиллагааны гэрээ байгуулсан байх боловч хэрэгт энэ талаар баримтгүй, нэхэмжлэгчийн 2023.01.08-ны өдрөөс 2023.09.10-ны өдрийг хүртэлх хугацааны Хаан банкны 0000000000 тоот дансны хуулгын орлого хэсэгт такси үйлчилгээний төлбөр гэсэн утга бүхий гүйлгээ байхгүй, мөн хүн, амын орлогын албан татвар төлж байсан талаар баримтаар нотлогдохгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.5, 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө нотлох, цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй байдаг.

 

Иймээс нэхэмжлэгчийг зам тээврийн осол гарсан 2023.09.14-ний өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл 5,200,000 төгрөгийн ашиг, орлого олох байсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчаас гаргуулах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

5. Томилогдсон иргэдийн төлөөлөгч нарт 2023.11.22-ны өдөр шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг мэдэгдсээр байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд зохигч тэдний эзгүйд шүүх хуралдааныг явуулах хүсэлтүүдийг гаргасан учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д заасны дагуу зохигчийн зөвшөөрлөөр тэдний эзгүйд шүүх хуралдааныг хийж, хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

6. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хариуцагч Б.Г-өөс 69,310 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Н-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 160,510 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-д заасныг удирлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Г-өөс гэм хорын хохиролд 3,397,500 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т.Н-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5,700,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хурамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хариуцагч Б.Г-өөс 69,310 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Н-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 160,510 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.. 

 

 

  

 

ДАРГАЛАГЧ                                                Х.ДАШДЭЧМАА

 

       ШҮҮГЧИД                                                Ж.БАЙГАЛМАА

 

   Ч.ДАВААСҮРЭН