Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 2021/ДШМ/1015

 

 

 

 

          2021           11           25                                      2021/ДШМ/1015

 

  Э.Т, Г.А нарт холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Дүүрэнбилэг,

шүүгдэгч Г.А, түүний өмгөөлөгч Н.Баяртогтох,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дуламсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 2021/ШЦТ/505 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Аын өмгөөлөгч Ц.Баяртогтохын гаргасан давж заалдах гомдлоор Э.Т, Г.А нарт холбогдох 2102001820089 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч , шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Э.Т нь  2021 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр Сүхбаатар дүүрэг, 3-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Наран Молл” худалдааны төвийн гадна авто зогсоолд Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан нийт 0.4761 грамм жинтэй “Өвс” гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ -ын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг Г.Аоос худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар олж авч, өөрийн эзэмшлийн Тоёота Приус-30 загварын 23-47 УНС улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хадгалсан,

Г.А нь 2021 оны 1 дүгээр сараас 2021 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр хүртэл Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны  “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан нийт 0.4761 грамм жинтэй “Өвс” гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/-ын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан, 2021 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Наран Молл” худалдааны төвийн гадна авто зогсоолд Тоёото Приус-30 загварын 23-47 УНС улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор уг бодисыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар Э.Тт өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Э.Тийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Г.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Э.Тийг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Г.Аыг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бусдад өгсөн, хадгалсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийг 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т, Г.А нарыг 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр тогтоож, 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т, Г.А нарт тус бүрт оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг, тус бүрт 2 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Тийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, Жанжин 26 гудамж 681а тоот газраас, шүүгдэгч Г.Аыг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, Чулуут 5-104 тоот газраас тус бүрийг явахыг хориглох, тэдгээрийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг тус тус хүлээлгэж, түүнд хяналт тогтоохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Т, Г.А нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ESSE гэсэн тамхины хайрцаг дотроос гарч ирсэн “Сэнгүр” гэсэн бичиглэлтэй цэнхэр өнгийн тагтай, жижиг хэмжээтэй, дугуй хэлбэртэй, цагаан өнгийн хуванцар саван дотор байх хар өнгийн 0.4119 грамм жинтэй “шавар” мэт зүйл, конфеты гэсэн бичиглэлтэй хуйлсан ягаан өнгийн цаас мэт зүйлийг шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын харьяа Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т, Г.А нар нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдаж, шүүгдэгч Э.Т, Г.А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.Аын өмгөөлөгч Ц.Баяртогтох гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 2021/ШЦТ/505 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баяртогтох миний бие дараахь үндэслэлээр энэхүү гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгч Г.А 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн.

Шүүгдэгч Г.А нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” нь хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байх бөгөөд хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж шүүх дүгнэсэн мөртлөө Г.Аод Улсын яллагчийн 2 жил 6 сараар хорих ялыг, 2 жил 6 сараар зорчих эрхийг хязгаарлах ялаар солих саналыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг шүүх хэрэглээгүй гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, Г.А нь тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдэж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд идэвхтэй туслалцаа үзүүлсэн, эхнэр, бага насны хүүхдээ тэжээн тэтгэдэг, 2021 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн №1971 дугаар дүгнэлтээр Г.Аын шээснээс Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх тухай конвенц”, 1961 оны “Мансууруулах эмийн тухай нэгдэн” конвенцуудад багтсан бодис илрээгүй, мөн 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн №305 дугаар дүгнэлтээр Г.А нь сэтгэц идэвхит эм бодисоос хамааралтай гэх баримт байхгүй зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан авч үзээгүй байна.

Эрүүгийн хуулийн шинэчлэгдсэн зорилтуудын нэг нь хөнгөн гэмт хэрэг үйлдэж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа хүнд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээг хэрэглэж болох зүйл заалтыг Эрүүгийн хуульд тусгаж өгсөн онцлогтой.

Шүүгдэгч Г.А болон өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгчийн гэм буруугийн хэлбэр болон хэргийн зүйлчлэлийг зөвшөөрч, шүүгдэгч тохиолдлын шинжтэй гэмт хэрэгт холбогдсон, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, дахин хэрэг, зөрчилд холбогдохгүй байхаа шүүхэд илэрхийлж шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргийг харгалзаж түүнд тухайн зүйл, хэсэгт заасан зорчих эрх хязгаарлах ялын доод хэмжээгээр буюу 1 жилийн хугацаагаар ял оногдуулж өгнө үү.

Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 2021/ШЦТ/505 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж зорчих эрх хязгаарлах ялыг багаар шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Г.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тайлбар байхгүй. ...” гэв.

Прокурор А.Дүүрэнбилэг тус шүүх хуралдаан гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Г.Аод анхан шатны шүүхээс тохирсон ял шийтгэл оногдуулсан. Оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлэх нь зохимжгүй юм. Иймд давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна. Тээврийн хэрэгсэлтэй холбоотой асуудлыг анхан шатны шүүх хуралдааны явцад хэлэлцээгүй. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Э.Т нь  2021 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр Сүхбаатар дүүрэг, 3-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Наран Молл” худалдааны төвийн гадна авто зогсоолд Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан нийт 0.4761 грамм жинтэй “Өвс” гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ -ын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг Г.Аоос худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар олж авч, өөрийн эзэмшлийн Тоёота Приус-30 загварын 23-47 УАС улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хадгалсан,

Г.А нь 2021 оны 1 дүгээр сараас 2021 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр хүртэл Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны  “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан нийт 0.4761 грамм жинтэй “Өвс” гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/-ын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалж, 2021 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Наран Молл” худалдааны төвийн гадна авто зогсоолд Тоёото Приус-30 загварын 23-47 УАС улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор уг бодисыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар Э.Тт өгсөн гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 7-9/, тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хх 10, 107/, Э.Тийн биед болон гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 12-13/, Э.Тийн биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 14-15/, Г.Аын биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх 21/, Г.Аын биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 22-23/, “ESSE гэсэн тамхины хайрцаг дотроос гарч ирсэн “Сэнгүр” гэсэн бичиглэлтэй цэнхэр өнгийн тагтай, жижиг хэмжээтэй, дугуй хэлбэртэй, цагаан өнгийн хуванцар саван дотор байх хар өнгийн “шавар” мэт зүйл 0.4 грамм жинтэй, “Конфеты” гэсэн бичиглэлтэй хуйлсан ягаан өнгийн цаас мэт зүйлийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх 27/, тээврийн хэрэгслийн үнэлгээний тайлан /хх 60-66/,  

“...Шинжилгээнд ирүүлсэн “Конфеты” гэсэн бичиглэлтэй ягаан өнгөтэй, дотор талдаа хар ногоон өнгийн зүйлээр бохирлогдсон чихрийн цаас мэт зүйл, “Сэнгүр” гэсэн бичиглэлтэй жижиг хэмжээтэй, дугуй хэлбэртэй цэнхэр өнгийн таг, цагаан өнгийн хуванцар савантай “шавар” мэт зүйл, дотор талдаа хар өнгийн зүйлээр бохирлогдсон хуйлсан мөнгөлөг цаас тус бүрээс делта-9 тетрагидроканнабинол илэрч байна. ...Э.Т ТВ90040910 2021.4.7” гэж хаягласан шээснээс тетрагидроканнабинол илэрч байна. ...Г.А ТА89060319 2021.4.7 гэж хаягласан шээснээс Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1791 оны “Сэтгэцэд нөлөөлөх тухай” конвенци, 1961 оны “Мансууруулах эмийн тухай нэгдсэн” конвенциудад багтсан бодис илрэхгүй байна. ...Цагаан өнгийн хуванцар “шавар” мэт зүйлийн савтай жин нь 1.8615 грамм, цэвэр жин нь 0.4761, шинжилгээнд дээж авч үлдсэн жин нь 0.4119 грамм болов. ...” гэсэн 2021 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 1971 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 43-51/,

“...Э.Т нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Э.Т нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Э.Т нь мансууруулах сэтгэцэд нөлөөт эм бодисын хамааралтай гэх шинж тэмдэг илрээгүй байна. ...” гэсэн 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 333 дугаартай шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /хх 52-55/,

“...Г.А нь сэтгэцийн хувьд ямар нэгэн өвчингүй байна. ...Г.А нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Г.А нь сэтгэцэд идэвхит эм бодисоос хамааралтай гэх шинж, баримт үгүй байна. ...” гэсэн 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 305 дугаартай /хх 56-59/ шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт зэрэг нотлох баримтууд болон,

гэрч У.Бын “...Миний мэдэхийн Г.А хар тамхи хэрэглэдэггүй. Тухайн үед манайд уулзаад, ууцгааж байсан юм. Би Г.Аод шавар өгсөн эсэхээ санахгүй байна. Өмнө нь огт өгч байгаагүй. ...” /хх 38/,

яллагдагч Э.Тийн “...Уг мансууруулах бодисыг найз Г.Аоос 2021 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр авсан. Г.А надад уг мансууруулах бодисыг зүгээр өгсөн юм. Ямар нэгэн худалдсан зүйл байхгүй. Би Г.Аын гэрийнх нь гадна очиход энгийн хувцастай цагдаа ирэхээр нь би сандраад халаасанд байсан шавар гэх мансууруулах бодисоо машиныхаа хаалганы дотор талын хавтсанд хийсэн юм. Тэрнээс биш уг мансууруулах бодисыг машиндаа хадгалж байгаагүй. Өөрийн биедээ хувцасны халаасанд хадгалаад явж байсан юм. ...” /хх 75-76/,

яллагдагч Г.Аын “...Уг мансууруулах бодис нь надад ямар ч хэрэггүй учир Э.Тийг өгчих гэхээр нь өгчихсөн юм. Тухайн үед Э.Т надад шинээр авсан машинаа үзүүлэх гэж манай гэрийн гадна ирсэн. Э.Ттэй уулзаад сууж байхад миний куртикний халааснаас нөгөө мансууруулах бодис гэх зүйл гарч ирсэн. Тэрийг нь Э.Т аваад үзэж байхдаа “энэ чинь хар тамхи байна, надад өгчих, чамд хэрэггүй биз дээ” гэж хэлэхээр нь өгчихсөн. Мөн уг мансууруулах бодисыг хэн миний куртикний халаасанд хийсэн болохыг мэдэхгүй байна. У.Б миний халаасанд уг мансууруулах бодис гэх зүйлийг үлдээсэн байж магадгүй. ...” /хх 82-83/ гэсэн мэдүүлгүүд зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий оролцогч нарыг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Э.Тийг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан, Г.Аыг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бусдад өгсөн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тус тус тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Түүнчлэн, Э.Т, Г.А нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Э.Т, Г.А нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр тогтоож, 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т, Г.А нарт тус бүрт оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг, тус бүрт 2 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж шийдвэрлэсэн нь тэдгээрийн гэм бурууд тохирсон төдийгүй хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иймд шүүгдэгч Г.Аын өмгөөлөгч Ц.Баяртогтохоос “...“тохиолдын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” нь хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд идэвхитэй туслалцаа үзүүлсэн, эхнэр, бага насны хүүхдээ тэжээн тэтгэдэг зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж тухайн зүйл, хэсэгт заасан зорчих эрх хязгаарлах ялын доод хэмжээгээр буюу 1 жилийн хугацаагаар ял оногдуулж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

Учир нь, шүүгдэгч Г.А нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа хэдий ч гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлаас гадна гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, үйлдсэн гэмт хэргийн хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь тооцон ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шийдвэрлэхэд зайлшгүй харгалзан үздэг.

Гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ нь тухайн гэмт хэргийн нийгэмд үзүүлэх нөлөөлөл, үр дагавартай шууд холбоотой ойлголт бөгөөд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлын үнэ цэнэ, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээгээр тодорхойлогдоно.

Сэтгэцэд нөлөөлөх бодис нь хүний төв мэдрэлийн системийн тогтолцоог дарангуйлах замаар хүний ердийн үйл ажиллагаа, зан авирыг хямраан саатуулж хараат байдлыг үүсгэж донтуулах хорт үр дагавартай учир хууль тогтоогч сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бус аргаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах зэрэг бүхий л үйл ажиллагааг хориглож, тухайн үйлдэл бүрийг гэмт хэрэгт тооцож хуульчилсан болно.

Монгол Улсын олон улсын гэрээнд зөвхөн тусгай зөвшөөрөл, хяналтын дор сэтгэцэд нөлөөлөх бодисыг бэлтгэх, худалдах, түгээх хэм хэмжээг тогтоосон бөгөөд “хууль бусаар олж авсан” гэдэгт тусгай зөвшөөрөлгүйгээр, эсхүл зөвхөн эмчийн жороор олгохоос бусад аргаар өөрийн эзэмшлийнх болгосон аливаа үйлдлийг хамааруулан авч үзнэ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд тулгуурлаж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, түүнийг зөв тайлбарлан тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. ...” гэж хуульчилсан байх бөгөөд анхан шатны шүүхээс өөрийн эрх хэмжээнийхээ хүрээнд хуульд заасан ялыг буюу шүүгдэгч Г.Аод 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар уг ялыг 2 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж шийдвэрлэсэн нь Г.Аын гэмт хэрэг үйлдсэн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Харин анхан шатны шүүхээс Э.Т, Г.А нарт зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулахдаа шүүгдэгч Э.Тийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, Жанжин 26 гудамж 681а тоот газраас, шүүгдэгч Г.Аыг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, Чулуут 5-104 тоот газраас тус бүрийг явахыг хориглох, тэдгээрийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг тус тус хүлээлгэж шийдвэрлэсэн нь хэт явцуу байдлаар тогтоосон байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Г.Аын өмгөөлөгч Ц.Баяртогтохын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 2021/ШЦТ/505 дугаартай шийтгэх тогтоолд “шүүгдэгч Э.Т, Г.А нарыг Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 12 дугаар хорооны нутаг дэвсгэрээс тус бүр явахыг хориглох” гэсэн өөрчлөлтийг оруулж, бусад заалтуудыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Аннхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо Тоёота Приус-30 загварын “23-47 УАС” автомашины улсын дугаарыг “23-47 УНС” гэж буруу бичсэнийг тэмдэглэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 2021/ШЦТ/505 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Тийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, Жанжин 26 гудамж 681а тоот газраас, шүүгдэгч Г.Аыг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, Чулуут 5-104 тоот газраас тус бүрийг явахыг хориглох, тэдгээрийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг тус тус хүлээлгэж, түүнд хяналт тогтоохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. ...” гэснийг,

“...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т, Г.А нарыг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 12 дугаар хорооноос тус бүрийг явахыг хориглох, тэдгээрийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг тус тус хүлээлгэж, түүнд хяналт тогтоохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай....” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Аын өмгөөлөгч Б.Баяржавхлангийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.ПҮРЭВСҮРЭН

 

                                  ШҮҮГЧ                                                              Л.ДАРЬСҮРЭН

                                  ШҮҮГЧ                                                              Ш.БАТ-ЭРДЭНЭ