Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 151/ШШ2023/00824

 

 

 

 

 

 

 

 

2023      10         10                                                  151/ШШ2023/00824

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Алтантуул даргалж, шүүгч Д.Отгончулуун, шүүгч Б.Түвшинжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Тээмт” ХХК,

/Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 7 дугаар хороо, Жаргалант эх 2-12 тоот/,

   Хариуцагч:Шарнууд овогт О.А ,

   /Төв аймаг, .........,

   Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 34,462,900 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

   Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Ганбат,

   Хариуцагч: О.А,

   Хариуцагчийн өмгөөлөгч: М.Батбаатар,

   Иргэдийн төлөөлөгч Г.Амармэнд,

   Нарийн бичгийн дарга Д.Дуламсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Тээмт” ХХК нь хариуцагч О.А-с тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм гэм хорын хохиролд нийт 34,462,900 гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, “Бармаш” ХХК-ийн урд замд баруунаас зүүн тийш 1 дүгээр эгнээгээр явж байтал 2 дугаар эгнээгээр зорчиж явсан хариуцагч О.А нь өөрийн эзэмшлийн “Ниссан Нөүт” 27-37 УНЕ маркийн машинаараа нэхэмжлэгчийн “Тоёота ландкруйзер 200” маркийн 98-44 УАМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасан нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.4, 10.45, 10.6 дахь заалтуудыг тус тус зөрчсөн болох нь Хан Уул дүүргийн Цагдаагийн хэлтсийн эрх бүхий албан тушаалтны 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн зам тээврийн ослын акт, уг актыг зөвшөөрч бусдад учруулсан хохирлоо төлөхөөр илэрхийлсэн хариуцагч О.Аын бичсэн тайлбар зэргээр тогтоогдож байна. Хаан банкнаас зээлээр 2020 онд авсан “Тоёота ландкруйзер 200” маркийн 98-44 УАМ улсын дугаартай машин нь бүрэн бүтэн явж байхдаа зээл авсан өдрөөс хойш осол болох хүртэл тус компанийн харилцагч түнш байгууллагууд, хувь хүмүүстэй хийсэн машин түрээслэгч гэрээний дагуу сар бүр зээлийн хуваарийн дагуу төлөх 3,210,000 төгрөгийг өөрөө явж олдог байсан. Иймд О.Ааас “Сүлд үнэлгээ” ХХК-иас тогтоосон хохирлын үнэлгээ 27,042,900 төгрөг, үнэлгээ гаргасны төлбөр 1,000,000 төгрөг, машины зээлийн хуваарьт төлбөрт нийт 6,420,000 төгрөг нийт 34,462,900 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэж тодорхойлсон /хх 1-2, 65-66/

 

Хариуцагч О.А нэхэмжлэлийг эс зөвшөөрч, үндэслэлээ: “...нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдөр гэр бүлийн хүний хамт Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, “Бармаш” ХХК-ийн урд замд 27-37 УНЕ улсын дугаартай “Ниссан нөүт” маркийн автомашинтай явж байгаад хоёрдугаар эгнээнээс нэгдүгээр эгнээрүү шилжих үед 98-44 УАМ улсын дугаартай “Тоёота ландкруйзер 200” маркийн автомашинд мөргүүлсэн. Миний хувьд эгнээ солих үед машин толинд харагдаагүй байсан бөгөөд би энэ талаараа зам тээврийн осол шалгаж байсан эрх бүхий албан хаагчид тайлбар өгсөн. Хотод тээврийн хэрэгслийн явах хурдны дээр хязгаар 60 км/цаг байдаг ба тус машин хурд хэтрүүлсэн явж байснаас болж осол болсон гэж үзэж байна. Осол болсны дараа сандраад машинаас буутал машины эзэн эмэгтэй хүн байсан ба учир зүггүй эхнэр бид хоёр луу дайрч зүгээр байхад луйварчин гуйлгачин түүлэгчэнгүүд зугтлаа 102-т дуудаж өгнө гээд эхнэрийн цүнхийг булааж аваад хэл амаар тувтан доромжилсон. Тэгээд цагдаа ирсэн. Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлстийн байцаагч а/д Д.Нямбаяр ослын газарт үзлэг хэмжилт хийсэн. Осол гаргасан Ланд круйзер маркийн тээврийн хэрэгслийн жолооч нь цагдаа дээр ирээд хүртэл биднийг дарамталж, хөдөөгийн хүмүүсийг хууль мэдэхгүйг далимдуулж шууд биднийг буруутай мэтээр үг сүггүй дайрч, шалгаж байсан цагдаа нь та нарын буруу байна гээд тайлбар бичиж өг гэсэн. Осол гарснаас хойш шөнө болтол Замын цагдаагийн хэлтсийн байранд хүлээж байсан учраас миний бие тайлбар бичиж өгвөл явуулдаг юм байх гэж бодоод бичиж өгсөн. Тухайн өдөр Ланд круйзер маркийн тээврийн хэрэгслийн жолооч М.Март нь машиндаа учирсан хохирлын үнэлгээг хийлгэсэн ба осолд өртсөн Ланд круйзер 200 маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээ нь 13,380,000 төгрөгөөр үнэлэгдсэн. Гэтэл дараа нь 10 дугаар сарын 25-ны өдөр цагдаагийн байгууллагаас дуудахад нь очиход үнэлгээ нь нэмэгдэж 27,043,900 төгрөг болсон байсан. Ямар учраас ингэж нэмэгдэж үнэлгээ хийгдсэнийг ойлгоогүй ба би хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд үнэлгээг хийлгүүлэх хүсэлттэй байна. Нэхэмжлэгч нь машины зээлийн хуваарьт төлбөр 2 сар /11,12/ сарын 3,120,000 төгрөг нийт 6,420,000 төгрөгийг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Яагаад гэвэл нэхэмжлэгч нь тухайн тээврийн хэрэгслийг ашиглан мөнгө олж зээлээ төлдөг байсан гэх боловч энэ талаарх нотлох баримтуудыг нэхэмжлэлд хавсаргаж өгөөгүй ба өөрөө машинаа ашиглаж мөнгө олж зээлээ төлдөг гэдгийг нотлох баримтууд байхгүй байгаа учраас би төлөх хууль зүйн үндэслэлгүй гэж маргаж тайлбарлаж байна.

Иргэдийн төлөөлөгч Г.Амармэнд “хариуцагч О.А нотлох баримт дутуу, нэхэмжлэгчийн нэхэмжилсэн үнийн дүнг зөвшөөрөхгүй байгаагаа нотолж чадахгүй тул хариуцагчийг гэм буруутай, хохирлыг төлнө” гэсэн дүгнэлтийг гаргасан

Нэхэмжлэгч нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Эрх бүхий албан тушаалын тэмдэглэл, Зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, О.Аын жолоодох эрхийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн лавлагаа, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, О.А, А.Мягмарсүрэн нарын Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст гаргаж өгсөн өргөдөл бэлэн мөнгөний орлогын баримт, Сүлд хөрөнгө даатгалын хохирлын үнэлгээ, Таван богд ХХК-ийн нэхэмжлэх, гэрэл зургууд, зээлийн гэрээ, итгэмжлэл зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

Хариуцагчаас “Дэлта” агрегат засварын цехийн 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн дүгнэлт, төлбөрийн баримт, Тээврийн хэрэгслийн дэлгэрэнгүй мэдээллийн баримтуудыг гаргаж өгсөн.

Шүүх, хариуцагч О.Аын хүсэлтийг үндэслэн “Итгэлт Эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилж, хөрөнгийн үнэлгээг гаргуулах ажиллагааг хийсэн болно.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх бүрэлдэхүүн, хариуцагч О.Ааас 21,192,900 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Тээмт” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,433,780 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.  

Нэхэмжлэгч “Тээмт” ХХК нь эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд нийт 34,462,900  төгрөгийг хариуцагч О.Ааас гаргуулахыг хүсч нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэгч “Тээмт” ХХК нь А.Ганбатад өөрийн бүрэн эрхийг итгэмжлэлээр 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр олгосон. /хх 67/

Итгэмжлэлд “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан бүх эрх эдэлнэ...” заасан ба шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ганбат “... “Итгэлт эстимэйт” ХХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн хохирлын үнэлгээний тайланд тусгагдсан 28,326,680 төгрөг, үнэлгээ хийлгэсэн хөлс 1,000,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг гаргуулж, үлдэх 6,136,220 төгрөгөөс татгалзаж”-ын нэхэмжлэлийг шаардлагаа багасгасан нь итгэмжлэлд заасан эрхийг хэрэгжүүлсэн гэж үзнэ. /хх-67/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ганбат нь шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “... “Итгэлт эстимэйт” ХХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн хохирлын үнэлгээний тайланд тусгагдсан 28,326,686 төгрөг, үнэлгээний төлбөр  1,000,000 төгрөг нийт 29,326,686 төгрөгийг өөрт учирсан бодит хохирол гэж тайлбарлаж, үүнээс 6,136,220 төгрөгийг хасч, хариуцагч О.Ааас 24,626,686 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

 Хариуцагч О.А нь 24,626,686 төгрөгийг төлөхгүй, 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн “Дэлта” агрегат засварын дүгнэлтээр тогтоогдсон 13,380,000 төгрөгийг хохиролд төлнө гэж маргаж тайлбарлаж байна.

Зохигч хэн аль нь гэм буруу болон зөрчлийн улмаас учирсан гэм хорын талаар маргаагүй бөгөөд хохирлын үнийн дүнгийн талаар маргаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /цаашид хуулийн гэх/ хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй”,

хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтыг өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасан” зохигч хэн аль нь хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ. 

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас хулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.2-т заасан шаардлага хангасан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Үүнд: нэхэмжлэгч “Тээмт ХХК” нь “ХААН банк” ХХК-тай 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн ЗГ/202045514861 дугаар зээлийн гэрээг, мөн өдөр ФД/202045514861 дугаартай эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээг тус тус байгуулан 9844УАМ улсын дугаартай “тоёота ланд круйзер 200” маркийн хар саарал өнгөтэй суудлын автомашиныг 179,730,000 төгрөгийн зээлээр авсан байна. /хх 19-24/

Тухайн “Тоёота ланд круйзер-200” маркийн 9844 УАМ улсын дугаартай автомашинд техникийн эвдрэл хохирол учирсан болох нь 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2-475 дугаар автомашины техникийн Сүлд үнэлгээний тайлан, 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Таван богд ХХК-ийн нэхэмжлэх, мөн тухайн тээврийн хэрэгсэлд хохирол учруулсан байдлыг харуулсан гэрэл зургаар тус тус тогтоогдож байна. /хх 14/

Мөн түүнчлэн тухайн тээврийн хэрэгслийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар баримтаар 9844 УАМ улсын дугаартай “Тоёота ланд круйзер 200” маркийн суудлын автомашины өмчлөгч нь ХААН банк ХХК байх ба 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн ЗГ/202045514861 дугаар зээлийн гэрээ, Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх ФД/202045514861 дугаар фидуцийн гэрээнүүдээр “Тээмт” ХХК нь өөрийн эзэмшилд шилжүүлсэн нь Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.3-т заасан нийцэж байх тул тухайн тээврийн хэрэгсэлд учирсан гэм хорын хохирлыг “Тээмт” ХХК нь шаардах эрхтэй байна. 

Нэхэмжлэгч “...2022 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 14 цаг 01 минутад Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, “Бармаш” ХХК-ийн урд замд “Бичил глобус финанс” ББСБ-ийн эзэмшлийн “Ниссан нөүт” маркийн 27-37 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Оюунцэцэгийн Амарбаатар нь мөргөсөн зам тээврийн осол гаргасан” гэж, хариуцагч “... зам тээврийн ослыг нэхэмжлэгчийн буруутай үйлдлийн улмаас болсон, намайг мөргөсөн” гэж тус тус тайлбарлаж байх хэдий ч зохигч хэн аль нь энэ талаарх баримтыг гаргаж өгөөгүй болно.

Нэхэмжлэгч талаас гаргаж ирүүлсэн Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, Зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, О.Аын жолоодох эрхийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн лавлагаа, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, О.А, А.Мягмарсүрэн нарын Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст гаргаж өгсөн өргөдөл зэрэг баримтууд, хариуцагч талаас гаргаж ирүүлсэн “Дэлта” агрегат засварын цехийн 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн дүгнэлт, төлбөрийн баримт, Тээврийн хэрэгслийн дэлгэрэнгүй мэдээллийн баримтуудыг үнэлээгүй болно. /хх 4-12/

Учир нь: Хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-т “хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий бичгийн хэлбэртэй баримтыг бичмэл нотлох баримт гэнэ”, 44.2-т “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө ...” гэж заасан ба зохигчдын шүүхэд гаргаж өгсөн бичмэл нотлох баримтууд нь хуульд заасан шаардлага хангаагүй.

Харин хариуцагч О.Аын шүүх хуралдаанд явцад гаргасан “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ... даатгалаас авсан 4,700,000 төгрөгийг нэхэмжлэгчид өгсөн. ...Март нь Сүлд үнэлгээний газар очиж үнэлгээ хийлгүүлэхэд 13,380,000 төгрөг гарсан 760,000 төгрөгийн төлбөрөө төлбөл баталгаажуулна гэсэн боловч надад боломж олдоогүй, төлбөрөө 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр төлөх гээд очиход өөр үнэлгээг хэрэгт хавсаргасан байсан. Би 13,000,000 төгрөгийг үндэслээд баримтад гарын үсэг зурсан” гэх мэдүүлгээр зөрчил гаргасан, зөрчлөө хүлээн зөвшөөрсөн тайлбарыг тухайн цаг хугацаанд гаргасан, хохиролд 13,380,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна”  мэдүүлгээр замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөний улмаас бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан гэм буруутай үйл баримт тогтоогдсон гэж үзлээ.

Дээрх үйл баримтаас дүгнэхэд хариуцагч О.Аыг нэхэмжлэгч “Тээмт” ХХК-д Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д зааснаар тээврийн хэрэгсэл ашиглах явцдаа бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан гэм буруутай этгээд гэж үзэх үндэслэл болно.

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч учирсан гэх хорыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж заасан.

Нэхэмжлэгч “Тээмт” ХХК нь өөрийн эзэмшлийн эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирлыг хариуцагч О.Ааас шаардах эрхтэй байна.  

Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасан.

“Тоёота ланд круйзер-200” маркийн 9844 УАМ улсын дугаартай автомашинд техникийн эвдрэл хохирлыг хариуцагч О.А нөхөн төлөх үүрэгтэй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ганбат нь хохирлыг хариуцагчийн хүсэлтийн дагуу шинжээч томилж, үнэлгээ хийлгэсэн 2023 оны 08 дугаар сарын 29-ны өдрийн “Итгэлт эстимэйт” ХХК-ийн үнийн дүн /28,326,686 төгрөг/-г бодит хохиролд тооцож, хариуцагчаас нэхэмжилж буйг шүүх бүрэлдэхүүн үндэслэлгүй гэж дүгнэлээ.

Учир нь: Хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д “нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа өөрөө нотлох нь нэхэмжлэгчийн үүрэг” гэж заасан  бөгөөд хариуцагчийн хүсэлтээр шүүх бүрдүүлсэн баримтыг иш татахаас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож буй нь хуульд нийцэхгүй юм.

 

Харин нэхэмжлэлээ гаргахдаа хавсаргаж өгсөн Сүлд үнэлгээний хохирлын үнэлгээг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтад тооцож, түүнд бичигдсэн шууд зардлын дүн 25,892,900 төгрөгөөр тооцож, хариуцагч О.Аын төлсөн 4,700,000 төгрөгийг хасч тооцож, хариуцагч О.Ааас 21,192,900 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Тээмт” ХХК-д олгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн.

Шүүх хуралдааны явцад зохигчдын тайлбараар 4,700,000 төгрөгийг хариуцагч О.Аын жолоочийн хариуцлагын даатгалаас гаргуулан авсан гэх нөхцөл байдал тогтоогдсон ба хэн аль нь энэ талаар маргаагүй тул нэхэмжлэлийн шаардлагаас 4,700,000 төгрөгийг төлсөн гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцсон болно.

Мөн түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ганбат нь хохирлын үнэлгээний төлбөрт 1,000,000 төгрөгийг төлсөн тул тухайн мөнгийг хариуцагчаас гаргуулна гэж байх боловч тухайн 1,000,000 төгрөгийн баримтад мөнгө тушаагч болон дарга, нягтлан бодогч нар гарын үсэг зураагүй, сүлд үнэлгээний газарт төлбөрийг төлсөн гэж үзэх өөр бусад баримт хэрэгт авагдаагүй тул хохирлын үнэлгээний 1,000,000 төгрөгийг мөн үндэслэлгүй нэхэмжилсэн 2,433,780 төгрөг нийт 3,433,780 хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэх бөгөөд улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж, нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгохоор хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасан тул улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хянан шийдвэрлэнэ.

Иргэдийн төлөөлөгч Г.Амармэнд буруутай эсэх талаар “хариуцагч О.Аыг нотлох баримт дутуу бүрдүүлсэн. Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн үнийн дүнг зөвшөөрөхгүй байгаагаа нотолж чадахгүй тул хариуцагчийг гэм буруутай, хохирлыг төлнө” гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүх, хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т зааснаар хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тул бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн оролцогчийн эдлэх эрхийг албадан эдлүүлэх боломжгүйг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч О.Ааас 21,192,900 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч “Тээмт” ХХК-д олгож,  нэхэмжлэлийн шаардлагаас 3,433,780 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 333,300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Ааас 263,914 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Тээмт” ХХК-д олгосугай.

  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 54.1.4-т тус тус зааснаар хариуцагч О.Ааас 450,000 төгрөгийг гаргуулан “Итгэлт-Эстимэйт” ХХК /Богд банк дансны дугаар 8140003657/-нд олгосугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Д.АЛТАНТУУЛ

                                                                 ШҮҮГЧИД                        Д.ОТГОНЧУЛУУН

                                                                                                            Б.ТҮВШИНЖАРГАЛ