| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхүүгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 317/2025/0325/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/574 |
| Огноо | 2025-12-16 |
| Зүйл хэсэг | 10.1-1, |
| Улсын яллагч | Б.Түмэндэмбэрэл |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 2025/ШЦТ/574
2025 12 16 2025/ШЦТ/574
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Б даргалж, шүүгч Ц.О, Ж.Д нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Г,
Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Т,
Иргэдийн төлөөлөгч Ч.Б,
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Х, түүний өмгөөлөгч И.О,
Шүүгдэгч Н.Д, түүний өмгөөлөгч Т.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Н.Д холбогдох эрүүгийн 2534******** дугаартай, 2 хавтаст хэргийг 2025 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, **************************, хэрэг хариуцах чадвартай, Б.Н.Д, ********** регистрийн дугаартай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Н.Д ********************* гэх газар амь хохирогч Ц.Б гэрт байхдаа түүнтэй тэжээж байсан хурга үхсэн гэх шалтгааны улмаас маргалдаж ноцолдон түүнийг монгол гэрийн зүүн орны өмнө хэсэгт газар унаган хажуудаа буюу зуухны хойд талд байсан чанасан махтай савнаас хутга авч, цээжин тус газар нь 1 удаа хутгалж алсан үйл баримт тогтоогдсон.
Энэ нь эрүүгийн 2534********** дугаартай хэрэгт авагдсан;
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Х өгсөн: “Би амь хохирогчийн төрсөн дүү нь байгаа юм. Би амь хохирогчтой 3 сарын эхээр л тэр цагаас хойш хааяа утсаар холбогдож ярьдаг. Амь хохирогч нь хөдөө ганцаараа амьдардаг эхнэр авч байгаагүй юм. Амь хохирогч нь Төв аймгийн Баяндэлгэр суманд хөдөө мал маллан ганцаараа амьдардаг байсан. Амь хохирогч нь архи согтууруулах ундааны зүйл ганцаараа байх үедээ хаа нэг ууна. Харин найз гэх Н.Дг нь ирж хамт байх хугацаанд их хэмжээгээр уудаг байсан. Би Н.Д гэх хүнийг танина. Амь хохирогчтой багаасаа найзалж нөхөрлөсөн болохоор гэрт нь ирж хамт байж тусалдаг байсан. Миний болон дүү нар нь маш их гомдолтой байгаа.” гэх мэдүүлэг /1 хх 26-27/,
Шүүхийн хэлэлцүүлэгт: "Ямар ч байсан нэхэмжилж байгаа хохирлоо барагдуулах хүсэлттэй байна. Оршуулгын зардал 15.152.259 төгрөг, сэтгэцэд учирсан хор хохирлоо гаргуулмаар байна" гэх мэдүүлэг,
Гэрч Ц.Э өгсөн: “Би тухайн өдөр зааланд тоглож байсан. Эхнэр Э.Б 22 цаг болох гэж байхад орж ирээд Ц.Б ах эвгүйтээд, ухаан алдаж унасан яаралтай очоодох гэж Ц.Г утсаар хэлсэн гэсэн. Би эхнэрийн хамт ах Ц.Б гэр рүү явах замдаа ах Ц.Г утсаар холбогдож яасан талаар асуухад “сайн мэдэхгүй байна чи яаралтай очоодох” гэхээр нь хаана байгаа талаар асуухад гэртээ байгаа биз гэсэн. Тэгээд Н.Д утсаар холбогдож ярихад үхсэн, үхсэн гэж хэлэхээр нь “та битгий тоглоод байгаа ч” гэж яриад утсаа таслаад Багануураас гараад 15-20 минут орчмын дараа ах Ц.Б гэрийн гадна очиход Н.Д, н.С, Д.З нар гэрээс нь гарч ирэхээр нь яасан талаар асуухад н.С ах “өнгөрсөн юм шиг байна” гэхээр нь би амь хохирогчийг ухаан алдсан талаар сонссон болохоор шууд гэр рүү ороод зүүн талын урд хэсэгт газарт хэвтэж байхаар нь очоод ам хэсэгт нь гараа тавьж үзэхэд хүйтэн, дух магнай хэсэгт нь гараа тавихад бүлээхэн байсан хиймэл амьсгаа хийх гээд цээжин дээр дарахад дээгүүр өмсөж хувцас нь чийгтэй цамц, футболкны зах нь цустай байхаар нь доош болгож үзэхэд цээж хэсгээр цус болчихсон, цээжний зүүн хэсгийн суганы ойролцоо шархтай байсан. Тэгээд гадаа гараад н.С, Д.З нарт хутгалуулсан байна гэж хэлээд удалгүй 1-2 минутын дараа Баяндэлгэрийн эмч нар ирээд үхчихсэн байгаа талаар хэлэхэд амь хохирогчийг хөдөлгөж болохгүй талаар хэлээд хойноос нь сумын цагдаа нар ирсэн. Амь хохирогч Ц.Б нь хөдөө ганцаараа мал маллаж амьдардаг байсан. Н.Д нь бид хоёр хоёулхнаа байсан би орон дээр унтаж байхад амь хохирогч нь газарт таталт өгөөд байсан. Өөр хүн байгаагүй гэж надад хэлсэн.” гэх мэдүүлэг /1 хх 33-34/,
Гэрч Ж.Н өгсөн: “Н.Д нь 4-р сарын 29-ний өдрийн 16:59 минутын орчим ганцаараа орж ирээд нэг ширхэг 0,75 граммын зөөлөн Хараа нэртэй архи авч мөнгийг нь карт уншуулан өөр зүйл авалгүй дэлгүүрээс гарсан. Н.Д нь дэлгүүрт орж ирэхдээ хэвийн байх шиг харагдсан архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үгүйг мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /1 хх 36/,
Гэрч Ц.Д өгсөн: “Ц.Б гэх хүнийг олон жил айл саахалт явж байгаа болохоор танина. Н.Д нь хааяа Ц.Б гэх айлд ирчихсэн байдаг. 10 жилийнх нь ангийн хүүхэд гэсэн. Ц.Б нь элдэв янзын ааш зан байхгүй, төлөв даруу хүн бөгөөд Н.Д нь сайн танихгүй болохоор сайн мэдэхгүй байна. 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 21 цаг 30 минутын үед Д гэх хүн манай гадаа зайдан морьтой ирээд Өгэх манай нөхрийн нэрийг хэлээд дуудаад "Б эвгүйтчихлээ, үхчихлээ гээд орилоод" байхаар нь “яанаа юу болсон бэ” гээд хаалгаа онгойлгоод асуухад "Б хургаа угжиж сууж байгаад татаад уначихлаа Ө манайд очъё" гэж хэлэхээр нь Ө байхгүй би ганцаараа очиж чадахгүй одоо яах юм бэ гэж хэлэхэд "Ойрхноор нь танайд хэллээ шүү" гээд буцаад гэр рүүгээ давхиад явсан. Тэгээд би тухайн үед нөхөр Ө рүү залгаад ийм зүйл боллоо гэж хэлэхэд ар гэрт нь хэлэхгүй юу даа гэхээр нь Багануур дүүрэгт байх Ц.Б төрсөн дүү болох Ганбаатар руу залгаад Д гэх хүний ярьсан юмыг хэлэхэд би бага дүүгээ явуулчихъя гэж хэлээд утсаа тасалсан. Тухайн үеэс хойш юу болсон талаар би сайн мэдэхгүй байна. Д өмнө нь 1-2 удаа таарч байсан бөгөөд сайн мэдэхгүй.” гэх мэдүүлэг /1 хх 42/,
Гэрч Д.Д өгсөн: “Н.Д, Ц.Б бид гурав 1 дүгээр ангиас 8 дугаар анги хүртлээ хамт нэг ангид сурч байсан. Тухайн цаг үеэс хойш нэгнийгээ таньдаг болсон. Н.Д болон Ц.Б нар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хоорондоо маргалддаг, сөргөөцөлддөг хүмүүс байсан. Эрүүл байхдаа тайван дөлгөөхөн хүмүүс. Би 2025 оны 4 дүгээр сарын 28-ны орой 18 цаг өнгөрч байхад Багануураас ирэхдээ замаараа дайраад ороход Н.Д болон Ц.Б нар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан. Би 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 09 цагийн үед Д манай гэрт ирээд “Б мал олддоггүй ээ” гээд ирэхээр нь гэрт байсан 0,5 литрийн архины талаар байсан шил архиа гаргаж ирээд бид хоёр цуг уусан. Би мал руугаа яваад Д, Б руу явсан. Тухайн өдрийн 14-15 цагийн үед Д нь над руу залгаад байхаар нь би яваад очиход Н.Д болон Ц.Б нар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай намайг архи аваад өг гэхээр нь миний хүүгийн нэр дээр байдаг 12-47 УБЧ улсын дугаартай Тоёота приүс 20 маркийн тээврийн хэрэгсэлтэй бид гурав Баяндэлгэр сумын төв рүү орж ирээд "Төв" дэлгүүр рүү ороод "Хараа" гэх нэртэй 0,75 граммын архи авч өгөөд Н.Д болон Ц.Б нарыг гэрт буулгаж өгөөд тухайн архинаас нь 1-2 татчихаад би дахиж юм авч өгч чадахгүй шүү гэж хэлээд гэр рүүгээ явсан. Н.Д болон Ц.Б нар хоорондоо хэрэлдэж муудалцсан талаар би сайн мэдэхгүй байна. Дэлгүүр ороод гэрт нь буцааж хүргэж өгөхөд тийм зүйл мэдрэгдээгүй.” гэх мэдүүлэг /1 хх 46/,
Гэрч Г.У өгсөн: “2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн оройны 22:05 минутын орчим сувилагч “хоньчин Б ах ухаангүй, сонин болчихсон байна” гэсэн дуудлага ирсэн тухай надад мэдэгдээд жолоочтой холбогдон 22:19 цагт сумын төвөөс зүүн тийш 3 км орчим байх Ц.Б хөдөө гэрт очиход хоёр дүү нь байсан гэрт ороход амь хохирогч нь гэрийнхээ зүүн талын орны урд хэсэг буюу газарт дээш харсан байдалтай хүүхэн хараа өргөшсөн, судаснууд тэмтрэгдэхгүй, ам ангайлттай нас барчихсан цээжин хэсэг болон өмд хэсгүүдээр цус болчихсон байхаар нь ар гэрт нь нас барсан талаар хэлээд сумын цагдаад дуудлага өгсөн. Амь хохирогчтой хамт байсан гэх хүн нь намайг унтаад сэрэхэд ийм байдалтай байсан. Тэгээд би эмнэлэг дуудах гээд ойр байх айлууд руу морьтой явсан талаар хэлсэн.” гэх мэдүүлэг /1 хх 49-50/,
Гэрч Н.О өгсөн: “Тухайн Н.Д гэх хүнийг танина. Би төрсөн дүү нь байгаа юм. Н.Д нь Улаанбаатар хот Багануур дүүрэгт амьдардаг хэдий тухайн гэртээ нээх ирээд байдаггүй байнгын гадуур буюу хөдөөгүүр ажиллаж байдаг. Байнгын хөдөөгүүр ажиллангаа цалингаа авч архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байдаг. Сүүлийн саруудад хөдөөгүүр ажиллангаа Налайх дүүрэгт хааяа очиж хамтран амьдрагчтайгаа цуг байдаг тухай хэлж байсан. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед надтай хамт байх хугацаанд миний үгэнд ордог бусад хүмүүсийн үгэнд ордоггүй агсан зан араншинтай хүн юм. Дээрх хоёр хүн нь бага ангидаа хамт суралцаж байсан бага ангийн найзууд. Ах Н.Д нь Ц.Б туслах малчнаар очиж ажилладаг байсан.” гэх мэдүүлэг /1 хх 57/,
Гэрч Н.П өгсөн: “Тухайн хүнийг танина би төрсөн эгч нь байгаа юм. Н.Д нь оршин суух хаягаараа Улаанбаатар хот Багануур дүүрэгт ганцаараа амьдардаг. Н.Д нь тогтсон хаяг дээрээ байнгын гадуур туслах малчин болон харуул хийж байгаад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсний улмаас ажилгүй болсон. Н.Д нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй үедээ зөөлөн дөлгөөхөн ажилч хүн байгаа юм. Харин сүүлийн жилийн хугацаанд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ агсам болчихсон байсан. Тухайн хүмүүс нь бага ангийн найзууд Н.Д нь жил болгоны хавар Ц.Б хөдөө гэрт очиж мал төллөх ажилд нь тусалдаг байсан.” гэх мэдүүлэг /1 хх 61/,
Шүүгдэгч Н.Д өгсөн: “Би Төв аймгийн Баяндэлгэр суманд 1976-1986 онд хүртэлх хугацаанд 1-төгсөөд үргэлжлүүлэн Төв аймгийн барилгын техник мэргэжлийн сургуульд 1986-1988 оны хооронд барилгын сантехникийн чиглэлээр суралцсан. 1988 оноос 1990 он хүртэлх хугацаанд хугацаат цэргийн алба хаасан. Би гэр бүлтэйгээ ярилцаж байгаад өмгөөлөгч авах эсэхээ шийднэ одоо бол хийсэн хэрэг тодорхой болохоор өмгөөлөгчгүй мэдүүлгээ үнэн зөвөөр өгнө. Би тухайн хүнтэй 1978 оноос хойш Төв аймгийн Баяндэлгэр суманд 8 жилийг нэг ангид төгсөн найзалж эхэлсэн. Би 2025 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Налайх дүүрэгт байх гэртээ байхад талийгаач Ц.Б нь над руу утсаар холбогдож манай гэрт ирээд хамтдаа мал төллүүлээд өгөөч гэж хэлсний дагуу 4 дүгээр сарын 05-ны өдөр гэрт нь ирсэн. Тэгээд Ц.Б хамт гэрт мал төллүүлэх ажилд нь туслан хамт амьдарч байсан. 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн өглөө Ц.Б хамт унтаж байхад Ц.Б дүү болох н.Г гэрт ирж бид хоёрыг сэрээгээд хонь мал руугаа яваач гэхээр нь би орноосоо босоод ганцаараа мотоциклтой хониндоо явж очоод цааш н.Дгэрт нь 08 цагийн орчим очиж түүнтэй 0,75 граммын Хараа нэртэй архи хоёулхнаа хувааж уугаад Д хамт Ц.Б гэрт буцаж ирээд, цааш н.Д, Ц.Б нарын хамт сумын төв орж ирээд н.Н дэлгүүрээс 15 цагийн орчим 0,75 граммын Хараа нэртэй архийг н.Д картыг уншуулан аваад эргээд Ц.Б гэрт очоод н.Д нь гэр рүүгээ явсан. Би Ц.Б хамт гэрт бид хоёр үлдэж сумын төвөөс авсан архиа хувааж ууж байгаад би гэрийн баруун талын орон дээр унтаад өгсөн. Тэгтэл Ц.Б нь хурга үхсэн байна гээд намайг сэрээгээд заамдаад хоорондоо ноцолдож байгаад гэрийн зүүн талын орны урд хэсэгт Ц.Б доороо оруулан унагачхаад гэрийн голд байх зуухны хойно байх чанасан махтай саван дотор байсан хүрэн иштэй хутгыг аваад Ц.Б зүүн талын цээжинд нэг удаа хутгалах үед цус гараад би шууд гэрээс гараад зайдан морь унаад зүүн талд байх н.Ө гэх айлынд очиход эхнэр н.Д нь ганцаараа байхаар нь Ц.Б нь татаад байна гэж хэлээд эргээд гэр рүү ирэн Ц.Б дүү болох н.Г руу 21:40 цагийн орчим залгаад ах чинь яг үхэх гээд байна гэж хэлээд гэрт нь хүлээж байсан. Удалгүй Ц.Б дүү н.Э нь гэрт эхнэрийн хамт ирээд хойноос Ц.Б ойр дотны хүмүүс, эмнэлэг, цагдаа ирсэн. Би өмнө нь Ц.Б хувийн таарамжгүй харилцаатай байгаагүй. Тухайн үед бид хоёр тус тусдаа нэг нэг хурга хариуцан сүү өгч байсан боловч миний тэжээж байсан хурга нь үхчихсэн болохоор түүнийг Ц.Б мэдээд надад уурлаж хоорондоо маргалдсан. Би Ц.Б хоорондоо ноцолдож байгаад махтай саванд дотор байсан хүрэн иштэй хутгаар зүүн талын цээж хэсэгт нэг удаа хутгалж гэмтэл учруулсан. Бид хоёр маргалдах үед хоёулхнаа байсан өөр хүн байгаагүй. Би болсон үйл явдлыг санаж байна гэхдээ нэлээн согтуу байсан. Миний баруун гарын чигчий хурууны хэсэгт шалбарсан, зүүн эгмийн хэсэгт шалбарсан байсан өөр гэмтэл учраагүй би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй.” гэх мэдүүлэг /1 хх 65-66/,
“Би уг тогтоолтой танилцсан. Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би өмнө нь сэжигтнээр өгсөн мэдүүлэгт нэмж ярих зүйл байхгүй. Мэдүүлэг өгөхдөө бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Би махтай саван дотор байсан хутгыг авч амь хохирогчийн цээжний зүүн хэсэгт нэг удаа хутгалсан өөрөөр гэмтэл учруулаагүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /1 хх 137-138/,
Шинжээч эмч Л.Б өгсөн: “Амь хохирогч Ц.Б цогцост задлан шинжилгээ хийхэд зүүн эгэмний доод хэсэгт 3.4 см урттай ир тал 2 цаг, мөр тал 8 цагийн түвшинд байрлалтай зах ирмэг тэгш, эдийн дутагдалгүй шархтай, цээжний хөндий рүү 8 см орчим гүн нэвтэрсэн шархтай байсан. Дотор эрхтний шинжилгээнд зүүн мөр толгойн багана вений судасны бүрэн бус тасрал, үнхэлцгийн урд хананы цоорол, зүүн уушгины дээд дэлбэнгийн дээд хэсгийн шарх бүхий гэмтлүүд тогтоогдсон.” гэх мэдүүлэг /1 хх 68/,
Төв аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 096 дугаар цогцост үзлэг хийсэн эмнэлгийн шинжилгээний дүгнэлт: “1.Амь хохирогч Ц.Б цогцост хийсэн задлан шинжилгээгээр зүүн эгмээс доош 5 см-т 3.4 см урттай ир тал 2 мөр тал 8 цагийн түвшинд байрлалтай зах ирмэг тэгш, эдийн дутагдалгүй шарх, уушгины вений бүрэн тасрал, үнхэлцэг хальсны цоорол, зүүн уушгины дээд дэлбэнгийн хатгагдсан шарх, зүүн 3-р хавирга эгмийн шугамаар дээд ирмэг зүсэгдсэн, хугарал, цээжний зүүн плеврийн хөндийд шингэн хуралдалт 400мл бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 2.Дээрх гэмтэл нь нас барах үед үүссэн болно. 3.Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4.Амь хохирогч Ц.Б нь дээрх оношинд дурдсан гэмтлүүдийн улмаас цочмог цус алдалтын шокт орж нас баржээ. 5.Амь хохирогч Ц.Б нь В (III) бүлгийн цустай байна. 6.Амь хохирогч Ц.Б цусанд 1.5 промили, цөсөнд 2.1 промили спиртийн агууламж илэрсэн нь нас барах үедээ хөнгөн зэргийн согтолттой байсан болно.” гэжээ /1 хх 124-127/,
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 1485 дугаар шинжээчийн дүгнэлт: “1.Шинжилгээнд ирүүлсэн саарал өнгийн оруулгатай хар өнгийн задгай энгэртэй цамцанд 5 мм хэмжээтэй, татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн шинэ урагдалт, хөх цэнхэр өнгийн өмдний бэхэлгээний товч татаж чангаах хүчний үйлчлэлээр шинээр унасан байна. Бусад хувцаснууд гэмтэлгүй байна.” гэжээ /1 хх 69-70, 71-72/,
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 1486 дугаар шинжээчийн дүгнэлт: “1.Шинжилгээнд ирүүлсэн юүдэнтэй хөх хүрэм, бор ноосон цамц, хөх ноосон цамц, саарал цамц, хар өмд, бор ноосон өмд, саарал дотуур өмд, цайвар ногоон дотоож, хар хос оймсонд зүсэгдэлт, ханзралт, цооролт, халцралт, урагдалт үүссэн байна. Шинжилгээнд ирүүлсэн бусад хувцас гэмтэлгүй байна. 2.Зүсэгдэлт хурц иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн, харич цооролт, халцралт, урагдалт хатуу гадаргуутай зүйлийн харилцан үйлчлэлээр /үрэлтийн хүчээр/, гогодолт хатуу мохоо зүйлийн гогодох татах хүчээр хуучин эдэлгээний явцад үүссэн байна. Ханзралтууд татаж чангаах хүчний үйлчлэлээр шинээр үүссэн байна. 3.Ханзралт, цооролт, гогодолт, халцралтын материалын суналтаас шалтгаалан хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн болохыг тогтоох боломжгүй.” гэжээ /1 хх 80-82/,
Төв аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 291 дугаар шинжээчийн дүгнэлт: “1.Н.Д биед зүүн эгэм, баруун гарын сарвуунд зулгаралт, зүүн эгэмд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй. 3.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 4.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.” гэжээ /1 хх 91-92/,
Төв аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 051 дугаар шинжээчийн дүгнэлт: “1.Шинжилгээнд ирүүлсэн амь хохирогч Ц.Б гэх гарын хээний дардас адилтгалын шинжилгээнд тэнцэнэ. 2.Уг гарын хээний дардас нь гарын хээний нэгдсэн санд бүртгэгдсэн гарын мөрүүдтэй ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ тохирохгүй, харин санд MN000810004257 бүртгэлийн дугаараар 1 удаа бүртгэгдсэн байна. 3. Шинжилгээний явцад хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй.” гэжээ /1 хх 95-96, 109-110/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 14 дугаар дүгнэлт “1.Н.Д нь сэтгэцийн хувьд эрүүл болно. 2.Н.Д нь хэрэг хариуцах чадвартай. 3.Н.Д нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. 4.Н.Д нь гэмт хэрэг үйлдэх болон гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш сэтгэцийн ямар нэг өвчнөөр өвдсөнийг тогтоох боломжгүй.” гэжээ /1 хх 106-107/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 3649, 3650, 3651 дугаар шинжээчийн дүгнэлт “1.Шинжилгээнд ирүүлсэн хутга, ариун цэврийн цаас, шүүгээнээс авсан арчдас, орноос авсан арчдас, сандлаас авсан арчдас, савхин хүрэм, бор өнгийн зузаан цамц, хөх өнгийн цамц, саарал өнгийн футболк, саарал өнгийн дотуур өмд, хар өнгийн зузаан өмд, хөх өнгийн зузаан хүрэм, бор өнгийн ноосон өмд, цайвар ногоон өнгийн дотоож дээрх улаан хүрэн өнгийн толбонд цус илэрсэн. Бусад эд мөрийн баримтууд дээр цус илрээгүй. 2.Хутган дээрх цус, шүүгээнээс авсан арчдас дээрх цус, бор өнгийн зузаан цамц, хөх өнгийн цамц, саарал өнгийн футболк, саарал өнгийн дотуур өмд, хар өнгийн зузаан өмд, хөх өнгийн зузаан куртик, бор өнгийн ноосон өмд дээр илэрсэн цусанд мөн Ц.Б хумсанд нэг эрэгтэй хүний ДНХ-ийн тогтоц тогтоогдсон. Дээрх илэрсэн цусны ДНХ-ийн тогтоц нь Ц.Б гэж хаягласан цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. 3.Н.Д баруун болон зүүн гарын арчдас, 10 ширхэг хумсанд нэг эрэгтэй хүний ДНХ-ийн тогтоц тогтоогдсон ба Н.Д гэж хаягласан цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. 4.Ариун цэврийн цаас, орны доороос, сандал дээрээс авсан арчдас, савхин хүрэм дээр илэрсэн цусны ДНХ-ийн тогтоц тогтоогдохгүй байх тул ДНХ-ийн шинжилгээнд тэнцэхгүй.” гэжээ /1 хх 195-197/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 12 дугаар сарын 04-ны өдрийн 4172 дугаар сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжээчийн дүгнэлт: “1.Ц.Х /РД:***********/-ийн сэтгэцэд тухайн гэмт хэргийн улмаас уй гашуугийн үеийн сэтгэл хямралын шинжүүд хүндэвтэр түвшинд илэрч байна. 2.Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна.” гэжээ /2 хх 95-96/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 хх 1/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 3-10/,
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 11-16/,
Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 17-20/,
Түргэн тусламжийн дуудлагын хуудас /1 хх 51-53/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.
Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүгдэгч Н.Д нь 2025 оны 4 дүгээр сарын 29-ны орой 21 цагийн үед Төв аймгийн Баяндэлгэр сумын Байдлаг 1 дүгээр багийн нутаг Рашаант морин толгой гэх газар амь хохирогч Ц.Б гэрт архидан согтуурсан үедээ амь хохирогч Ц.Б шүүгдэгч Н.Д нарын тус тус тэжээж байсан хурганаас шүүгдэгч Н.Д тэжээж байсан хурга үхсэний улмаас Ц.Б уурлаж хоорондоо маргалдан улмаар ноцолдож амь хохирогчийг монгол гэрийн зүүн орны өмнө хэсэгт газар унаган хажуудаа буюу зуухны хойд талд байсан чанасан махтай савнаас хутгыг авч цээжин тус газар нь 1 удаа хутгалсны улмаас хохирогчийн эрүүл мэндэд "зүүн эгмээс доош 5 см-т 3.4 см урттай ир тал 2 мөр тал 8 цагийн түвшинд байрлалтай зах ирмэг тэгш, эдийн дутагдалгүй шарх, уушгины вений бүрэн тасрал, үнхэлцэг хальсны цоорол, зүүн уушгины дээд дэлбэнгийн хатгагдсан шарх, зүүн 3-р хавирга эгмийн шугамаар дээд ирмэг зүсэгдсэн, хугарал, цээжний зүүн плеврийн хөндийд шингэн хуралдалт 400 мл бүхий гэмтэл" үүссэний улмаас амь хохирогч Ц.Б нь цочмог цус алдалтын шокт орж нас барсан байна.
Амь хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол нь шүүгдэгчийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой. Өөрөөр хэлбэл шүүгдэгч хохирогчийн Монгол улсын Үндсэн хуулиар олгогдсон амьд явах эрхэд халдаж түүний эрх чөлөөнд халдаж хутгалсны улмаас олон тооны шарх үүсэж цус алдсаны улмаас цочмог цус алдалтын шокт орж амь нас нь хохирчээ.
Иймд шүүгдэгч Н.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж тус тус хуульчилсан.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг Эрүүгийн хуулийн тусгай ангийн Аравдугаар бүлэгт заасан Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг.
Шүүгдэгчийн дээрх үйлдэл гэм буруугийн санаатай хэлбэртэй түүнийг өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаагүй, түүнийг хүсэж үйлдээгүй, хор уршигт зориуд хүргээгүй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Ч.Б нь шүүгдэгчийг гэм буруутай гэж дүгнэснийг хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаар хүлээн авах үндэслэлтэй гэж үзэв.
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч түүний төрсөн дүү Ц.Х нь гэм хорын хохиролд оршуулгын зардал оршуулгын зардал 11 652 259 төгрөг, сэтгэцэд учирсан хохирол гаргуулахаар нэхэмжилжээ.
Хууль ёсны төлөөлөгч Ц.Х сэтгэцэд тухайн гэмт хэргийн улмаас уй гашуугийн үеийн сэтгэл хямралын шинжүүд хүндэвтэр түвшинд илэрч, хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна гэж шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх тул нөхөн төлбөр тооцох жишиг аргачлалаар гэмт хэрэг үйлдэгдэх үед буюу 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 770 000 төгрөгийг 22,99 дахин нэмэгдүүлж 17 702 300 төгрөгөөр тоооцон олгож, хавтаст хэргийн 37-66 дугаар хуудсанд авагдсан хохирлын баримтаар оршуулгын зардлыг 11 652 259 төгрөг, нийт 29 354 354 төгрөгийг хангаж шийдвэрлэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч малчны зээл гэх 3 500 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас шүүх хуралдаанд татгалзсан болохыг дурдав.
Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Улсын яллагч шүүгдэгч Н.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12 жил хорих ялыг оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч И.О “ар гэрт нь ямар нэгэн тусламж дэмжлэг үзүүлээгүйд гомдолтой байна.” гэх,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Б “миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг, маргадаггүй, биеийн эрүүл мэндийн улмаас ажил эрхэлж чаддаггүй. Хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан 10 жил хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх.” санал тус тус гаргав.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:
Шүүгдэгч 1970 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Төв аймгийн Баяндэлгэр суманд төрсөн, 55 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Улаанбаатар хот, Багануур дүүрэг, 2-р хороо Галуут 5 тоотод оршин суух хаягтай боловч, одоогоор Улаанбаатар хот Налайх дүүрэг 1-р хороонд оршин суудаг, урьд 2 удаа ял шийтгэгдэж байсан, үүнд: 1.Төв аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 1994 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 52 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар, 2.Хэнтий аймгийн сум дундын шүүхийн 1995 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 153 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан талаарх төрийн үйлчилгээний нэгдсэн системийн тодорхойлолт, лавлагаа /1 хх 183-185/, эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 хх 166/, Төв аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 1994 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 52 дугаар шийтгэх тогтоолын хуулбар, Хэнтий аймаг дахь Сум дундын шүүхийн 1995 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 153 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /1 хх 170-175/ зэрэг баримтууд авагджээ.
Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан талаарх баримт нь эрх зүйн үр дагавар үүсгэхгүй ч түүний хувийн байдлыг тогтоосон баримт болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Шүүгдэгч Н.Д холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь найман жилээс арван таван жил хүртэл хорих ялтай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнд ангиллын гэмт хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч хэдийгээр гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн хохирлыг шүүхээс тогтоосон хэмжээнд нөхөн төлөхөө илэрхийлсэн ч хохирогч нас барсан тул гэм хор арилаагүй гэж үзэн түүнд гэм буруутайд тооцсон зүйл хэсэгт зааснаар 10 жилийн хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг түүний хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн 2534******** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 25.5 см урттай бор өнгийн иштэй хутга 1 ширхэг, Хараа нэртэй 0,75 литрийн архины шил зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгах, шүүгдэгчийн 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл /1 хх 150-151, 2 хх 158-160/ цагдан хоригдсон 61 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдлаа.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дэх хэсгийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б.Н.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Хүнийг алах" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Д 10 /арав/ жил хорих ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Д оногдуулсан 10 /арав/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Д цагдан хоригдсон 61 /жаран нэг/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Д 29 354 354 /хорин есөн сая найман зуун тавин дөрвөн мянга гурван зуун тавин дөрөв/ төгрөг гаргуулж Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг, 1-р хороо, 18-10 тоотод оршин суух хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Ц.Х /РД: **********/-д олгосугай.
6.Эрүүгийн 2534********* дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 25.5 см урттай бор өнгийн иштэй хутга 1 ширхэг, хараа нэртэй 0,75 литрийн архины шил 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Төв аймгийн Шүүхийн тамгын газарт даалгаж,
битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Д нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
8.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, эдлэх ялыг 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн тоолсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ
ШҮҮГЧИД Ц.ОТГОНЖАРГАЛ
Ж.ДЭЛГЭРМӨРӨН