Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 151/ШШ2023/00904

 

 

 

 

 

 

 

 

2023      11         13                                                   151/ШШ2023/00904

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Алтантуул даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “А...С” ХХК,

/Улаанбаатар хот, С... дүүрэг, ... дүгээр хороо, ...., 4 давхар/,

   Хариуцагч:  “Төв Авто Замын Засвар Арчлалт” ТӨХК,

   /Төв аймаг, Зуунмод сум, 5 дугаар баг, өөрийн байранд байрлах/,

   Нэхэмжлэлийн шаардлага: 20,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

   Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Наранцэцэг,

   Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Сувдмаа

   Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Бадам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “А...С” ХХК нь хариуцагч “Төв Авто Замын Засвар Арчлалт” ТӨХК-иас 20,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “Манай “А...С” ХХК нь Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 151/ШШ2021/00582 дугаар “Борхойн зам” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийн шийдвэр, 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 223/МА2021/00026 дугаар Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 223/МА2021/00026 дугаар магадлалаар “Төв Авто Замын Засвар Арчлалт” ТӨХК-ийн өмнөөс 20,000,000 төгрөгийг “Борхойн зам” ХХК-д төлөхөөр болсон. “Төв Авто Замын Засвар Арчлалт” ТӨХК болон “Борхойн зам” ХХК-иудын хооронд байгуулагдсан 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээний үүргийг уг гэрээний оролцогч тал биш “А...С” ХХК хариуцах үндэслэлийг магадлалд дурдахдаа: ... “А...С” ХХК нь “Төв Авто Замын Засвар Арчлалт” ТӨХК-ийн “Борхойн зам” ХХК-д төлөх өрийг өөртөө шилжүүлэн авч төлбөр төлөх үүрэг хүлээсэн байх ба төлбөрийг тодорхой хэмжээгээр Иргэний хуулийн 124 дугаар зүйлийн 124.1-д зааснаар шилжүүлэн авсан үүрэг гүйцэтгэгчийн өрийг “А...С” ХХК автомашин болон 5,000,000 төгрөгийг төлж барагдуулж байсан байна гэжээ. Ийнхүү шүүхээс Иргэний хуулийн 124.1 дэх зүйлд зааснаар “Төв Авто Замын Засвар Арчлалт” ХК-ийн өрийг “А...С” ХХК өөрт шилжүүлэн авсан гэж дүгнэсэн. Дээрх шүүхийн шийдвэр, магадлалаар “Төв Авто Замын Засвар Арчлалт” ТӨХК-ийн 20,000,000 төгрөгийн өрийг “Борхойн зам” ХХК-ийн өмнө “А...С” ХХК нь төлж барагдуулах үүргийг хүлээсэн тул үндсэн үүрэг гүйцэтгэгч “Төв Авто Замын Засвар Арчлалт” ТӨХК-иас 20,000,000 төгрөгийг Иргэний хуулийн 124.1-д Эзэмшигчтэй нь тохиролцсоноор “Борхойн зам” ХХК-тай үүрэг гүйцэтгэгчийн “Төв Авто Замын Засвар Арчлалт” ТӨХК-ийн өрийг гуравдагч этгээд “А...С” ХХК/ шаардах эрхийг өөртөө шилжүүлэн авч үүрэг гүйцэтгэж болох бөгөөд энэ тохиолдолд энэ хуулийн 123.8-д заасан журам нэгэн адил үйлчилнэ" гэж заасны дагуу өрнөөс чөлөөлөгдсөн этгээд “Төв Авто Замын Засвар Арчлалт” ТӨХК-иас шаардах эрх зүйн үр дагавар үүсэх юм. Иймд “Төв Авто Замын Засвар Арчлалт” ТӨХК-иас 20,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэж тодорхойлсон /хх-1-2/

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранцэцэг шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “А...С” ХХК 2014-2015 онд Төв аймгийн Лүн суманд хэрэгжих  зуны шинэчлэл төслийн хүрээнд тус суманд хэрэгжих ерөнхий төлөвлөгөөг дахин боловсруулах гадна шугам сүлжээ, барилга байгууламжийн ажлын зураг төслийг боловсруулах болон айл өрх, албан байгууллагын цэвэр, бохир ус, дулаанд холбох, цэвэрлэх байгууламж барих тендерт шалгарч, Төв аймгийн Засаг даргатай 2014 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 05/14 дугаар бүхий ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Үүнийхээ дагуу Төв Зуунмод буюу “ТЗМ” ХХК-тай 2014 оны 06 дугаар сарын 19-ний өдөр барилгын ерөнхий гүйцэтгэгч туслан гүйцэтгэгчийн хоорондын ажил гүйцэтгэх гэрээг бичгээр байгуулан ажилласан.  Үүний дагуу “ТЗМ” ХХК нь хэд хэдэн туслан гүйцэтгэгч компанитай гэрээ байгуулсан байдаг. Түүний нэг нь Төв аймгийн  “Төв Авто Замын Засвар Арчлалт” ТӨХК юм. “ТЗМ” ХХК нь “Төв Авто Замын Засвар Арчлалт” ТӨХК-тай 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 26 дугаар “ажил гүйцэтгэх гэрээ” байгуулсан. “Төв Авто Замын Засвар Арчлалт” ТӨХК нь “Борхойн зам” ХХК-тай 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 40 дугаар “ажил гүйцэтгэх” гэрээ байгуулсан. Ажил гүйцэтгэх явцад “А...С” ХХК нь “ТЗМ” ХХК-д төлөх 50.000.000 төгрөгийг саатуулан барьсан. Учир нь хийж гүйцэтгэсэн ажил буюу 2 урсгал замын хооронд 2-3 см зайтай шороо ил гарч ирсэн. Энэ доголдлыг арилгасны дараа 50.000.000 төгрөгийг өгнө гэсэн асуудал яригддаг. Гэтэл яг тухайн авто замын ажлыг хийж гүйцэтгэсэн “Төв Авто Замын Засвар Арчлалт” ТӨХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан “Борхойн зам” ХХК нь “ ... бид “Төв Авто Замын Засвар Арчлалт” ТӨХК-аас хөлсөө авч чадахгүй байна. Тийм учраас манай ажлын хөлсийг өгнө үү ...” гэсэн хүсэлт гаргасны дагуу “А...С” ХХК нь “Борхойн зам” ХХК-д 30.000.000 төгрөгийг төлж барагдуулсан. Ингээд “ТЗМ” ХХК болон “А...С” ХХК нар нь төлбөр тооцоогоо харилцан тохиролцоод өнөөдрийн байдлаар ямар нэгэн өр төлбөргүй. Гэтэл 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр “Борхойн зам” ХХК нь “А...С” ХХК болон “Төв Авто Замын Засвар Арчлалт” ТӨХК-д холбогдуулан 20.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. Тухайн маргаан нь 2 жил гаран шүүхэд хянан шийдвэрлэгдэж явж байгаад Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 151/ШШ2021/00582 дугаар шийдвэр болон Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 223МА2021/26 дугаар магадлалаар “А...С” ХХК-аас 20.000.000 төгрөгийг гаргуулан шийдвэрлэсэн байгаа. Өөрөөр хэлбэл “Төв Авто Замын Засвар Арчлалт” ТӨХК-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон. Анхан шатны шүүх шийдэхдээ Иргэний хуулийн 236, 240 дүгээр зүйлд заасныг үндэслээд талуудын хооронд байгуулагдсан үүрэг дуусгавар болсон байна гээд нэхэмжлэлийн үнийг “А...С” ХХК-аас гаргуулахаар шийдвэрлэж байсан бол давж заалдах шатны шүүх шийдвэрийнхээ хянавал хэсэгт “... “Төв Авто Замын Засвар Арчлалт” ТӨХК-ийн “Борхойн зам” ХХК-д төлөх ёстой 20.000.000 төгрөгийн өр нь “А...С” ХХК-д Иргэний хуулийн 124 дүгээр зүйлд зааснаар шилжсэн байна. Тэгэхээр “А...С” ХХК нь энэ өрийг төлөх нь зүйтэй ...” гэсэн үндэслэлээр шийдвэрийн тогтоох нь хэсэгт 343 гэснийг 346.1 гэж өөрчилж шийдвэрлэсэн байгаа. Энэ 20.000.000 төгрөгийг “А...С” ХХК нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр “Борхойн зам” ХХК-д төлсөн. Одоо бид ямар үндэслэлээр “Төв Авто Замын Засвар Арчлалт” ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаад байгаа вэ? гэхээр өмнө дурдсанчлан Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар буюу Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-т хэсэгт зааснаар өр шилжсэн гэж үзэн 20.000.000 төгрөгийг “Борхойн зам” ХХК-д төлөх үүрэг хүлээлгэсэн. Тийм юм бол бид уг хуулийн  заалтад заасан шаардах эрхийг өөртөө шилжүүлэн авсан гэдэг үндэслэлээр буцаагаад “Төв Авто Замын Засвар Арчлалт” ХХК-с 20.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна. “А...С” ХХК нь “Төв Авто Замын Засвар Арчлалт” ХХК-тай шууд ажил гүйцэтгэх гэрээ байгуулаагүй. Харин “ТЗМ” ХХК-тай л ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. “ТЗМ” ХХК нь “Төв Авто Замын Засвар Арчлалт” ТӨХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулаад талуудын хооронд ажил үүргийн харилцаа үүсээд явсан. Ингэхээр бид “Төв Авто Замын Засвар Арчлалт” ХХК-ийн өмнө гэрээгээр үүрэг хүлээгээгүй, харин шүүхийн шийдвэрээр түүний өрийг төлчихсөн байгаа. Тийм учраас бид бусдын өмнөөс төлсөн 20.000.000 төгрөгөө “Төв Авто Замын Засвар Арчлалт” ТӨХК-аас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байх тул нэхэмжлэгчийн гаргасан шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

4. Хариуцагч “Төв Авто Замын Засвар Арчлалт” ТӨХК нэхэмжлэлийг эс зөвшөөрч, үндэслэлээ: “Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь урьд энэхүү маргааныг хэлэлцэж шийдвэрлэсэн. Ажил гүйцэтгэх гэрээний үүргийг “А...С” ХХК нь төлбөрийн хагасыг нь манайх төлье гэсэн протокол хэрэгт хавсаргасан байдаг. Уг протоколоор ажил гүйцэтгэх гэрээний эхний үүргийг “А...С” ХХК нь өөр дээрээ шилжүүлсэн авсан. Шилжүүлж авах эрх нь талуудын харилцан тохиролцоогоор явагддаг. Гэтэл “А...С” ХХК нь үүргийг хүлээж авчхаад төлбөрийн тал хувийг гүйцэтгэчхээд үлдэх төлбөрийг өөр компаниар гүйцэтгүүлнэ гэж байгаа нь буруу. Нэхэмжлэлийн шаардлагаас харахад Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-т заасан үндэслэл байхгүй. Харин буруутай этгээд хохирол гаргуулах агуулга бүхий нэхэмжлэлийн шаардлага байсан. Гэрээний үүргийг өөрсдөө хүлээн зөвшөөрч төлчхөөд “А...С” ХХК нь хохирч байна гэсэн үндэслэл байхгүй. “А...С” ХХК нь захиалагч байгуулагч, харин “Төв Авто Замын Засвар Арчлалт” ТӨХК нь гүйцэтгэгч байгууллага. Захиалагч байгууллага гэдэг нь төсөв мөнгийг гүйцэтгэгч байгууллагад өгөх үүрэгтэй. Гэтэл энэ үүргээ биелүүлээгүй болохоор н.Ганбаатар дарга “А...С” ХХК-тай холбогдож “Борхойн зам” ХХК-д төлбөрийг яаралтай төлнө үү гэж албан бичиг явуулж байснаас үзэхэд хэний санхүүжилтээр явагдсан нь уг албан бичгээс харагдаж байгаа. Захиалагч байгууллагад тэр их мөнгийг өгөх үүрэг байхгүй. Өмнө нь энэ асуудлыг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр байдаг. Энэхүү шийдвэрээр “А...С” ХХК нь төлөх ёстой үүрэг хүлээсэн “Төв Авто Замын Засвар Арчлалт” ТӨХК нь ажил гүйцэтгэх гэрээгээр төлөх үүрэг хүлээгээгүй байна гэдэг үндэслэлтэй шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болж “А...С” ХХК нь уг төлбөрийг төлж барагдуулсан байдаг. Иймд нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлагыг уншиж танилцахаар учирсан хохирлоо гаргуулах утгатай ойлгомжгүй байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж маргаж тайлбарлаж байна.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Сувдмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Энэ асуудал өмнө шүүхээр хянагдаад шийдэгдсэн. “А...С” ХХК нь ерөнхий захиалагчийн хувьд төсөв, мөнгө хөрөнгийг жинхэнэ ажил гүйцэтгэж байгаа газартаа авч, дараагаар нь туслан гүйцэтгэж байгаа байгууллагадаа хуваарилан өгөх ёстой. Түүнээс биш яриад байгаа дээрх 3 компани нь ямар ч мөнгөний эрх мэдэл байхгүй. Тэгэхээр өнөөдрийн нэхэмжлээд байгаа нэхэмжлэлийн шаардлага нь анхнаасаа Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй. Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн тодорхой зүйл заалтыг заасан байдаг ч тухайн заалт нь заавал буцаан хэн нэгэн этгээдээс шаардаарай гэсэн үг биш. Өр шилжсэн байна л гэдгийг дурдсан. “ТЗМ“ ХХК болон “Төв Авто Замын Засвар Арчлалт” ТӨХК нар гэрээ хийчихсэн байхад “А...С” ХХК нь дундуур нь орж гэрээг өөрчлөөд, протокол үйлдээд 2017 оны 07 дугаар сарын 07-ны өдөр манайх төлнө гээд “А...С” ХХК болон “Төв Авто Замын Засвар Арчлалт” ТӨХК-ийн хооронд Лүн суманд хийх ажлын үлдэгдэл төлбөрийг төлж, тооцоо нийлсэн протокол үйлдсэн байдаг. Энэ протоколоор хэн хэдэн төгрөг төлөх юм, хэдэн төгрөг дутуу байгаа юм гэдгийг “А...С” ХХК-ийн захирал н.Инжинаш, “Борхойн зам” ХХК-ийн захирал Г.Архад нар гарын үсэг зуран өр шилжсэн. Тэгэхээр давж заалдах шатны шүүх энийг л ярьж байгаа юм. Өр шилжихдээ дотор нь нарийн зааж өгсөн, төлбөр төлөгч нь “А...С” ХХК, төлбөр авагч нь “Төв Авто Замын Засвар Арчлалт” ТӨХК-ийн өмнөөс “Борхойн зам” ХХК байна гэж заасан. Нөгөө талаар энэ нэхэмжлэлийн үндсэн шаардлага нь давж заалдах шатны шүүхээс Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийг дурдаж өгсөн тийм учраас манайх шаардах эрхтэй гэж яриад байна. Тэгэхээр нэхэмжлэлийнхээ үндэслэл, шаардлагаа нотлох ёстой. Өөрөөр хэлбэл дээд шатны шүүхийн заасан заалтаар нэхэмжлэл гаргаж болно гэсэн ямар ч хуулийн заалт байхгүй. 2-т нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа нотолж чадахгүй байна. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн үндэслэл болохгүй. Мөн дээр нь нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримт хэрэгт байхгүй. Шүүх юуг үндэслэж шийдвэрээ гаргах юм бэ? Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

6. Нэхэмжлэгчээс хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 151/ШШ2021/00582 дугаар шийдвэр, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 223/МА2021/00026 дугаар магадлал, Ажил гүйцэтгэх гэрээ /2014.10.27-ны өдрийн №40/, тус шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 151/ШЗ2021/03999/ дугаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамжийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2014 оны 06 дугаар сарын 19-ны өдрийн 14/36 дугаар Барилгын ерөнхий гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгчийн хоорондын ажил гүйцэтгэх гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

7. Хариуцагчаас “Төв Авто Замын Засвар Арчлалт” төрийн өмчид хувьцаат компани гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр нэхэмжлэгчээс гаргаж байсан нэхэмжлэл, 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн “А...С” ХХК болон Төв авто замын засвар арчлалт ТӨХК-ний хооронд Төв аймгийн Лүн суманд хийж гүйцэтгэсэн авто замын ажлын үлдэгдэл төлбөрөөс төлж, тооцоо нийлсэн протокол, Төв авто замын засвар, Арчлалт төрийн өмчит хувьцаат компанийн 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 116 дугаар албан бичиг зэргийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар баримтуудыг тус тус баримтуудыг гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч “А...С” ХХК нь хариуцагч “Төв Авто Замын Засвар Арчлалт” ТӨХК-д холбогдуулан 20,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

2 .Нэхэмжлэгч “А...С” ХХК нь хариуцагч “Төв Авто Замын Засвар Арчлалт” ТӨХК-аас 20,000,000 төгрөгийг “бусдад төлөх өрийг төлсөн учраас төлсөн 20.000.000 төгрөгийг Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д зааснаар гаргуулна гэсэн үндэслэлээр нэхэмжилж байна.

3. Хариуцагч “Төв Авто Замын Засвар Арчлалт” ТӨХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргахдаа “20,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. 20,000,000 төгрөгийн маргааныг 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдөр анхан шатны шүүхээр хэлэлцэж, талуудын хооронд болсон мэтгэлцээнээс шүүх ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл 20,000,000 төгрөгийг хариуцагч “А...С” ХХК-аас гаргуулж, нэхэмжлэгч “Борхойн зам” ХХК-д олгох үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн” гэсэн үндэслэлээр татгалзаж, тайлбарлаж байна.

4. Нэхэмжлэгч талаас гаргаж ирүүлсэн бичгийн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1       Үүнд: “Борхойн зам” ХХК нь “Төв Авто Замын Засвар Арчлалт” ТӨХК-тай 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ №40-ийг байгуулсан.

4.1.1. Дээрх гэрээгээр Төв аймгийн Лүн сумын төвд асфальт бетон хучилтын ажлыг 145,000,000 төгрөгөөр гүйцэтгэх, ...ажлын гүйцэтгэлийн хөлс 72,292,680 төгрөгийг “Борхойн зам” ХХК-д шилжүүлэх ...-ээр талууд тохиролцсон.  

4.1.2. Мөн Ерөнхий гүйцэтгэгч “А...С” ХХК нь туслан гүйцэтгэгч “ТЗМ” ХХК-тай 2014 оны 06 дугаар сарын 19-ны өдөр “Ажил гүйцэтгэх гэрээ” 14/36-г байгуулсан.

4.1.3. Гэрээний 1.2-т “Төв аймгийн Лүн сумын “Сумын төвийн шинэчлэл төсөл”-ийн хүрээнд “...хэсэгчилсэн төлөвлөгөө болон бусад гэрээний хавсралтад тусгагдсан ажлын зураг төсөл боловсруулах, Нийгмийн салбарын барилгуудын гадна фасадын засвар, дотор талд ариун цэврийн өрөө шинээр байгуулж, цэвэр ус, ариутгах татуургад холбох, дулааны эх үүсвэр нэмэгдүүлэх, гадна зам талбай ... барилга угсралтын ажлыг графикт уялдуулан гүйцэтгэх-ээр тохиролцсон болох нь тогтоогдож байна.

4.2 Тус шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 151/ШШ2021/00582 дугаар шийдвэрээр Нэхэмжлэгч “Борхойн зам” ХХК-ийн хариуцагч “Төв Авто Замын Засвар Арчлалт” ТӨХК болон “А...С” ХХК нарт холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 20,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг “1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагч “А...С” ХХК-аас 20.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Борхойн зам” ХХК-д олгосугай. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Борхойн зам” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 258.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “А...С” ХХК-аас 257.950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Борхойн зам” ХХК-д олгож” шийдвэрлэсэн. /хх 7-12/

5. Хариуцагч “А...С” ХХК-ийн захирал Б.Инжинаш гомдол гаргасан.

6. Гомдлын дагуу хэргийг Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 223/МА2021/00026 дугаар магадлалаар нэхэмжлэгч “Борхойн зам” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “А...С” ХХК, “Төв Авто Замын Засвар Арчлалт” ТӨХК-д холбогдох “Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 20,000,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад “1.Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 151/ШШ2021/00582 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д“ гэсний дараа “346 дугаар зүйлийн 346.1” гэж, “...олгосугай.” гэснийг “...олгож, “Төв Авто Замын Засвар Арчлалт” ТӨХК-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. /хх 13-17/

7. Мөн түүнчлэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын төлбөрийн хуулгаа “А...С” ХХК нь “Борхойн зам” ХХК-д төлбөр төлсөн зэрэг үйл баримт тогтоогдож байна.

8. “Борхойн зам” ХХК нь “Төв Авто Замын Засвар Арчлалт” ТӨХК-тай 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн №40 дугаар “Ажил гүйцэтгэх” гэрээ, Ерөнхий гүйцэтгэгч “А...С” ХХК нь туслан гүйцэтгэгч “ТЗМ” ХХК-тай байгуулсан 2014 оны 06 дугаар сарын 19-ны өдөр Барилгын ерөнхий гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгчийн хооронд ажил гүйцэтгэх 14/36 дугаар гэрээнүүд тус тусын хүчин төгөлдөр байдлын талаар болон гүйцэтгэсэн ажил болон хөлсний талаар хэн аль нь маргаагүй.

9. Харин нэхэмжлэгч “хариуцагчийн өмнөөс төлбөр төлсөн учраас төлсөн мөнгөө гаргуулна” гэж тайлбарлаж нэхэмжлэл гаргаж буй нь үндэслэлгүй байна.

10. “Нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ” гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан.

10.1. Гэтэл хариуцагч нэхэмжлэгчийн хуульд заасан ямар эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг, сонирхлыг хэрхэн яаж зөрсөн болох нь тогтоогдохгүй байна.

11. Тус шүүхийн  шийдвэр, магадлалд дурдсан байдлаас дүгнэхэд 2014 онд Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлсэн “Сумын төвийн шинэчлэл төслийн хүрээнд” Төв аймгийн Лүн сумын төвийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах, гадна шугам сүлжээ, барилга байгууламжийн ажлын зураг төсөл боловсруулах, айл өрх, албан байгууллагыг цэвэр бохир ус, дулааны шугам сүлжээнд холбох, цэвэрлэх байгууламж барих ажлыг гүйцэтгэх тендерийг Төв аймгийн Засаг даргаас зарласан.

11.1. Уг тендерт “А...С” ХХК шалгарсан.

12. Төв аймгийн Засаг дарга нь “А...С” ХХК-тай гэрээ байгуулж, уг гэрээнд заагдсан ажлыг гүйцэтгэхийн тулд “Ану-Сервис” ХХК нь туслан гүйцэтгэгчээр “ТЗМ ХХК-тай 2014 оны 06 дугаар сарын 19-ний өдөр, “ТЗМ” ХХК нь “Төв Авто Замын Засвар Арчлалт” ТӨХК-тай 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдөр, “Төв Авто Замын Засвар Арчлалт” ТӨХК нь “Борхойн зам” ХХК 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр тус тус ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна.

13. Гэрээний талууд гэрээний хүчин төгөлдөр байдал болон гүйцэтгэсэн ажлын үр дүнгийн талаар маргаагүй ба ажил гүйцэтгэгч “Борхойн зам” ХХК нь гэрээний дагуу ажлыг гүйцэтгэсэн ба гүйцэтгэсэн ажлын хөлсөө гаргуулахаар шүүхэд хандаж шийдвэрлүүлсэн нь энэ маргааныг эцэслэн шийдвэрлэсэн гэж үзнэ.

14. Мөн магадлалд “А...С” ХХК болон “Борхойн зам” ХХК-иудын хооронд 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдөр үйлдсэн “Ану-Сервис” ХХК болон “Төв Авто Замын Засвар Арчлалт” ТӨХК-ийн хооронд Төв аймгийн Лүн суманд хийж гүйцэтгэсэн автозамын ажлын үлдэгдэл төлбөрөөс төлж, тооцоо нийлсэн протокол”, “Төв Авто Замын Засвар Арчлалт” ТӨХК болон “ТЗМ” ХХК-ийн хоорондох маргааныг хянан шийдвэрлэсэн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 00412 дугаар захирамж,Төв Авто Замын Засвар Арчлалт” ТӨХК-ийн 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн №116, 117 албан бичгүүд, тооцооны үлдэгдлийн баталгаанууд авагдсан байна.

15. Эдгээрээс үзвэл ажлын санхүүжилтийн талаар талууд тохиролцсон, “Ану-Сервис” ХХК нь туслан гүйцэтгэгч “Төв Зуунмод” ХХК-д төлөх ёстой санхүүжилтээс 50,000,000 төгрөгийг төлөөгүй, уг төлбөрийг туслан гүйцэтгэгч “Борхойн зам” ХХК-д төлөх, ингэхдээ “Ану-Сервис” ХХК нь “Борхойн зам” ХХК-д 25,000,000 төгрөгт тооцож “Ниссан навара” маркийн автомашин, 5,000,000 төгрөг бэлнээр хүлээлгэн өгсөн, үлдэх 20,000,000 төгрөгийг төлж барагдуулах үүрэг хүлээсэн байна” гэж дүгнэгдсэн.

16. Нэхэмжлэгч “Ану-Сервис” ХХК-ийн нэхэмжилж буй 20,000,000 төгрөг нь анхнаасаа “ТЗМ” ХХК-д төлөх ёстой 50,000,000 төгрөгийг үлдэгдэл төлбөр байсан болох нь дээрх дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргаж тайлбарлаж буй “...бусдын төлөх төлбөрийг төлсөн учраас шаардах эрхтэй ...” гэх тайлбар нь дээрх дүгнэлтээр үгүйсгэгдэж байна.    

17. “А...С” ХХК-аас 20,000,000 төгрөгийг гаргуулж “Борхойн зам” ХХК-д олгож шийдвэрлэсэн нь гүйцэтгэсэн ажлын хөлс байх ба “Төв Авто Замын Засвар Арчлалт” ТӨХК нь өөрийн хийх ажлыг “Борхойн зам” ХХК-тай гэрээ байгуулан гүйцэтгүүлсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 347 дугаар зүйлийн 347.1-д тус тус заасанд нийцэж байна.

18. Гүйцэтгэсэн ажлын үнийн дүнгийн талаар хэн аль нь маргаагүйгээс дүгнэхэд “Төв Авто Замын Засвар Арчлалт” ТӨХК-тай байгуулсан гэрээний үүргээ “Борхойн зам” ХХК нь гүйцэтгэсэн ажлын үр дүнг “А...С” ХХК хүлээн авсан гэж үзэх бөгөөд Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1-д зааснаар гэрээнд заасан хугацаанд эсхүл үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх үүрэг нэхэмжлэгч “А...С” ХХК-д үүссэн гэж үзлээ. 

19. Энэ нь магадлалд “...50,000,000 төгрөгийг 25,000,000 төгрөгт “Ниссан навара” маркийн машин, 5,000,000 төгрөгийг бэлнээр, үлдэх 20,000,000 төгрөгийг төлж барагдуулахаа илэрхийлсэн” дурдагдсан байх ба 20,000,000 бусдад төлөх өр гэж үзэх үндэслэлгүй байна. /хх-16 дугаар тал/     

20. Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-т Эзэмшигчтэй нь тохиролцсоноор үүрэг гүйцэтгэгчийн өрийг гуравдагч этгээд шаардах эрхийг өөртөө шилжүүлэн авч үүрэг гүйцэтгэж болох бөгөөд энэ тохиолдолд энэ хуулийн 123.8-д заасан журам нэгэн адил үйлчилнэ” гэж заасан.

21. Нэхэмжлэгч “А...С” ХХК нь хариуцагч “Төв Авто Замын Засвар Арчлалт” ТӨХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулаагүй, мөн хариуцагчтай төлбөрийн талаар тохиролцоо хийгээгүй бөгөөд бусдад төлөх төлбөрийг төлсөн нь шаардах эрхийг шилжүүлсэн авсан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар тогтоогдохгүй байх тул 20,000,000 төгрөгийг шаардах эрхгүй байна гэж дүгнэсэн болно. 

22. Хариуцагч талаас гаргаж өгсөн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр “Борхойн зам” ХХК-ийн хариуцагч “А...С” ХХК, “Төв Авто Замын Засвар Арчлалт” ТӨХК-д нарт холбогдуулан “Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 20,000,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргаж байсан талаарх хуулбар, 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдөр “А...С” ХХК болон “Төв Авто Замын Засвар Арчлалт” ТӨХК-ийн хооронд Төв аймгийн Лүн суманд хийж гүйцэтгэсэн автозамын ажлын үлдэгдэл төлбөрөөс төлж, тооцоо нийлсэн протокол зэрэг баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан хуулийн шаардлагад нийцэхгүй байх тул эдгээр баримтуудыг үнэлээгүй болно.

23. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...бусдын төлөх өрийг төлсөн учраас гэж тайлбарлаж байх боловч энэ тайлбараа баримтаар нотлоогүй бөгөөд эд хөрөнгийн хариуцлага нь иргэний эрх зүйн харилцаанд оролцогчид эрх зүйн хэм хэмжээ, гэрээ, тогтсон заншил, ёс суртахууныг зөрчсөн тохиолдолд үүсдэг ба тус шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 151/ШШ2021/00582 дугаар шийдвэрээр шийдвэрлэгдсэн маргаан нь энэ нэхэмжлэлийн шаардлагатай ижил бөгөөд шүүхийн шийдвэрээр үүрэг шилжсэн гэж үзэх үндэслэлгүй юм.

24. Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч “А...С” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 257,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-т зааснаар хариуцагч “Төв Авто Замын Засвар Арчлалт” ТӨХК-д холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 20,000,000 төгрөг гаргуулах тухай “А...С” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч “А...С” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 257,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Д.АЛТАНТУУЛ