| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дугарсүрэнгийн Алтантуул |
| Хэргийн индекс | 151/2023/00746/и |
| Дугаар | 151/ШШ2023/00930 |
| Огноо | 2023-11-21 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 151/ШШ2023/00930
| 2023 11 21 | 151/ШШ2023/00930 |
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Алтантуул даргалж, шүүгч Д.Мөнхбүрэн, шүүгч Б.Түвшинжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хайтал овогт Ч.О,
/Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, 138 дугаар байр, 64 тоот/,
Хариуцагч: Самдан овогт Чулуунбаатарын Баянзул,
/Төв аймаг, Заамар сум, Т дугаар баг, ...../,
Хариуцагч: Улаан сахиус овогт Дамбаагийн Жүгдэрнамжил
/Төв аймаг, Заамар сум, ....дугаар баг, хөдөө/,
Нэхэмжлэлийн шаардлага: Эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 143,539,382 төгрөг гаргуулах тухай
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Төвшинтөгс,
Хариуцагч Ч.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.Ариунбулаг,
Хариуцагч Д.Жын итгэмжлэгдсэн төлөөлөгч: И.Отгонсүрэн,
Иргэдийн төлөөлөгч: Д.Ганбат,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Бадам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ч.О нь хариуцагч Ч.Б, Д.Ж нарт холбогдуулан эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 143,539,382 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан.
1.1 Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэгч Ч.Оийн нөхөр Ц.Пүрэвдаш нь Улаанбаатар хотоос Төв аймгийн Заамар сум руу өөрийн малыг малладаг малчин Д.Жыг гэрт нь хүргэж өгөх, адуу малаа эргэх зорилгоор явсан. Маргааш өдөр нь буюу 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Д.Ж нь Ц.Пүрэвдашийн жолоодож очсон 22-34 УНМ улсын дугаартай “Тоёота Ланд круйзер-200” маркийн автомашинаар адуугаа эргээд ирье гэж унаж явахдаа замаараа найз Ч.Бындаа очиж тэд хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн улмаар Ч.Бд жолоогоо шилжүүлэн өгсний улмаас зам тээврийн осол гарган машинтайгаа онхолдсон... Иймд нэхэмжлэгчийн эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол болох 143,539,382 төгрөгийг хувь тэнцүүлэн хариуцагч Ч.Баас 71,769,691 төгрөг, хариуцагч Д.Жаас 71,769,691 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү..” гэж тодорхойлсон.
1.2 Нэхэмжлээгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Төвшинтөгс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэгч Ч.Оийн нөхөр Ц.Пүрэвдаш нь өөрийн малыг малладаг Д.Жыг гэрт нь буюу Төв аймгийн Заамар суманд хүргэж өгөх, адуу малаа эргэх зорилгоор явсан байна. Маргааш өдөр нь буюу 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Д.Ж нь Ц.Пүрэвдашийн жолоодон очсон 22-34 УНН улсын дугаартай “Тоёота Ланд круйзер-200” маркийн машин машинаар адуугаа эргэчхээд ирье хэмээн унаж явахдаа өөрийн найз Ч.Бынд очиж, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоогоо найз Ч.Бд шилжүүлж тэдгээр нь зам тээврийн осол гаргаж, машинтайгаа онхолдсон байна. Хариуцагч нар нь Төв аймгийн нутаг дэвсгэрт машин жолоодон явахдаа замын хөдөлгөөний дүрмийн холбогдох зүйл заалтыг зөрчсөн гэм буруутай болох нь 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн зам тээврийн ослын газрын тэмдэглэл, согтуурлын зэрэг шалгасан тэмдэглэл, мөн эрх бүхий албан тушаалтын дүгнэлт, прокурорын тогтоол зэргээр гэм буруутай болох нь тогтоогдсон тул нэхэмжлэгч нь гэм буруутай этгээдүүд буюу Д.Ж болон Ч.Б нараас өөрийн эд хөрөнгөд учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй. Осолд өртсөн тээврийн хэрэгслийг “Тэнцвэр эстимэйнт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний байгууллагаар үнэлүүлэхэд 139.358.620 төгрөгийн эвдрэл хохирол гарсан. Уг үнэлгээг хийлгэхэд 4,180,708 төгрөг, нийт Ч.Оийн өмчлөлийн авто машинд 143,539,382 төгрөгийн бодит хохирол учирсан байна. Иймд нэхэмжлэгчийн эд хөрөнгөд учирсан хохирол буюу 143.539.382 төгрөгийг хариуцагч нараас хувь тэнцүүлэн Ч.Баас 71,769,691 төгрөг, Д.Жаас 71,769, 691 төгрөгийг тус тус гаргуулах хүсэлтэй байна” гэв.
2. Хариуцагч Ч.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ариунбулаг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ч.Бын хувьд нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Тэрээр зөрчлийн хэргээр сум орон нутгаасаа гарч болохгүй /арга хэмжээ авхуулсан/ байгаа тул одоог хүртэл хариу тайлбар бичгээр гаргаагүй. Осолд орсон тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэ нь худалдааны төвүүд, техникийн зах дээр 110 сая төгрөгөөс хэтрэхгүй байна лээ. Гэтэл хаана, ямар үнэлгээний компаниар үнэлүүлсэн нь мэдэгдэхгүй, хаана, ямар засвар үйлчилгээг хэдэн төгрөгөөр хийлгэсэн, мөнгө нь хэнээс гарсан зэрэг нь тодорхойгүй байна. Тэгэхээр үнийн дүнг хариуцагч Ч.Б хүлээн зөвшөөрөхгүй байгаа” гэв.
3. Хариуцагч Д.Ж шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Дамбын Жүгдэрнамжил нь Чулуунбаатарын Оюунчимэгийн нэхэмжлэлийг 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авсан. Миний бие нь Төв аймгийн Заамар сумандаа Ц.Пүрэвдашийнд 2010 оноос эхлэн одоог хүртэл малыг нь маллаж ирсэн. 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Төв аймгийн Заамар сумын Үүрнаймган гэх газарт нэхэмжлэгчийн нөхөр Ц.Пүрэвдаштай “Тоёота Ланд круйзер-200” маркийн автомашинтай адуу мал харахаар явж байгаад Ц.Пүрэвдаш нь н.Балхүү /Жинхэнэ нэрийг нь мэдэхгүй байна/ гэдэг айлд архи уугаад намайг адуу малаа хараад ир гээд өөрөө үлдсэн. Тэгээд би машиныг нь бариад явж байхад Ч.Бын тэнд адуу байхаар нь уулзаад би жолооны эрхгүй гээд Ч.Бд машин бариулсан. Тэгээд худаг дээр очиж Ч.Бын адууг усалж байтал Ч.Бын гар утас нь дуугарч ярьсан. Тэгээд намайг Эрка ахынд очъё гээд машин бариад явсан. Эрка буюу Эрдэнэбатынд очиход 10 гаран хүн архи уугаад сууцгааж байсан. Бид 2 тэр айлд архи ууж байгаад би "хоёулаа явъя" гэхэд Эрдэнэбат гэдэг хүн "Та 2 согтуу байна. Би хүргэж егье" гэхэд Ч.Б нь “зүгээр ээ” гээд тус машиныг бариад бид хоёр Ц.Пүрэвдашийн байгаа айлд очтол эзэнгүй болохоор нь буцаад явж байхдаа осолдсон. 2023 оны 06 дугаар сард Заамар сумын Хайлааст багийн цагдаагийн тасагт уулзахдаа Ч.Б нь “би төлнө” гэж цагдаад хэлсэн. Иймд миний бие нь тус нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
4. Хариуцагч Д.Жын итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Отгонсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шаардлагыг сонслоо. Хариуцагч Д.Ж нь осол гаргаж, нэхэмжлэгчийн эд хөрөнгөд хохирол учруулаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн байр суурьтай байгаа. Ч.Б нь эрүүгийн хэрэгт шалгагдаж байх явцаа “... Осол гаргасан мөнгийг төлнө, Ц.Пүрэвдашийн хамт машиныг засуулна, үлдсэн төлбөр мөнгийг нь малаар төлнө ...” гэж баталгаа гаргаж, харилцан тохиролцсон баримт хэрэгт байдаг. Тийм учраас Д.Жын хувьд төлбөрийг төлөхгүй байх үндэслэл харагдаж байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагаас Д.Жд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох саналтай оролцоно” гэв.
5. Иргэдийн төлөөлөгч Д.Ганбат дүгнэлтээ: 1.Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ жолоо барьсан. 2. Согтууруулах ундааны зүйл хэрэглсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нь хариуцагч Д.Ж болон Ч.Б нарын буруу... төлбөр мөнгөний хувьд өндөр тогтоогдсон болов уу гэж бодож байна. Хэрэв энэ өндөр дүнгээр төлбөр тогтоогдсон бол хариуцагч талд хүсэлтийн дагуу автомашиныг өгөх нь зүйтэй” гаргасан.
6. Нэхэмжлэгч Ч.О нэхэмжлэлийн шаардлагаа нотлож нэхэмжлэл, 22-34 УНМ улсын дугаартай “Тоёота Ланд круйзер 200” маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээ, 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, ослын газар болон 22-34 УНМ улсын дугаартай “Тоёота Ланд круйзер 200” маркийн тээврийн хэрэгслийн онхолдсон гэрэл зураг, 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хариуцагч Д.Ж, Ч.Б нарын согтуурал шалгасан тэмдэглэл, түүний нотлох гэрэл зураг, Төв аймгийн Цагдаагийн газрын 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Зөрчлийн хэрэг нээсэн тогтоол, 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хохирогч Ч.От эрх, үүрэг тайлбарласан, хууль сануулсан баталгаа, 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр өгсөн мэдүүлэг, Төв аймаг дахь Цагдаагийн газрын 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Эрх бүхий албан тушаалтны дүгнэлт, Төв аймгийн Прокурорын газрын 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 331 дугаар “Хэрэг бүртгэлтийг хаах тухай” тогтоол, мөн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 453 дугаар Хариу мэдэгдэх хуудас, 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн авто машин техникийн үнэлгээний тайлан, хавсралт, “Тэнцвэр эстимэйт”ХХК-ийн бэлэн мөнгөний орлогын баримт зэрэг нотлох баримтуудыг нотариатаар гэрчлүүлэн гаргаж өгсөн.
7. Хариуцагч Д.Жаас 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хариу тайлбар гаргасан ба 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Шийтгэлийн хуудасны хуулбар, Ч.Бын Төв аймгийн Цагдаагийн газарт гаргасан тайлбар зэргийг нотариатаар баталгаажуулан гаргаж өгсөн байна.
8. Хариуцагч Ч.Б нь хариу тайлбар болон нотлох баримт гаргаж өгөөгүй болно.
9. Шүүх, нэхэмжлэгчийн хүсэлтээр 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хариуцагч нарын дансны зарлагын хөдөлгөөнийг хязгаарлах ажиллагааг хийсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх бүрэлдэхүүн, хариуцагч Ч.Баас 32,553,406 төгрөг, хариуцагч Д.Жаас 32,553,406 төгрөгийг тус тус гаргуулан, нэхэмжлэгч Ч.От олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 78,432,572 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Ч.О нь өөрийн эзэмшлийн 22-34 УНМ улсын дугаартай “Тоёото ланд круйзер-J200” маркийн тээврийн хэрэгсэлд учирсан хохиролд нийт 143,539,382 төгрөгийг хариуцагч Ч.Б, Д.Ж нараас гаргуулахаар нэхэмжсэн.
3. Хариуцагч Д.Ж нь “... би жолооны эрхгүй гээд Ч.Бд машин бариулсан. ...2023 оны 06 дугаар сард Заамар сумын Хайлааст багийн Цагдаагийн тасагт Ч.Б би төлнө гэж Цагдаад хэлсэн” гэж тайлбарлан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
4. Хариуцагч Ч.Б нь шүүхэд хариу тайлбар гаргаагүй бөгөөд түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ариунбулаг “үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй” гэж тайлбарлаж маргаж байна.
5. Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5.1. Нэхэмжлэгч Ч.Оийн нөхөр Ц.Пүрэвдаш нь 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 22-34 УНМ улсын дугаартай “Тоёото ланд круйзер-J200” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон Төв аймгийн Заамар сумруу өөрийн малыг малладаг хариуцагч Д.Жийг гэрт нь хүргэж өгөх, адуу малаа эргэх зорилгоор явсан.
5.2. Ц.Пүрэвдаш нь 22-34 УНМ улсын дугаартай “Тоёото ланд круйзер-J200” маркийн тээврийн хэрэгслийн жолоог хариуцагч Д.Жд шилжүүлсэн.
5.3. Хариуцагч Д.Ж нь 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Төв аймаг Заамар сум Төмст 2 дугаар багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа хэрэглэсэн /1.52 хувийн согтолтой байсан/ ба 22-34 УНМ улсын дугаартай “Тоёото ланд круйзер-J200” маркийн тээврийн хэрэгслийн жолоог хариуцагч Ч.Бд шилжүүлсэн.
5.4. Хариуцагч Ч.Б нь 1.23 хувийн согтолттой үедээ 22-34 УНМ улсын дугаартай “Тоёото ланд круйзер-J200” маркийн тээврийн хэрэгслийг жолоодсон ба шороон замд онхолдуулсан үйл баримт нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Зам тээрийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, онхолдсон үеийн гэрэл зургийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хариуцагч Д.Ж, Ч.Б нарын согтуурлыг хэмжсэн байдлыг нотлох гэрэл зураг, түүний баталгаажуулсан тэмдэглэл, 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Төв аймаг дахь Цагдаагийн газрын зөрчлийн 2234000202 дугаар хэрэг нээсэн тогтоол, шинжилгээний үр дүн, тогтоогдсон нөхцөл байдлын дүгнэлт, хохирогч Ч.О, Төв аймгийн Прокурорын газрын 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 331 дугаар Хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай тогтоолд дурдсан байдлаар нотлогдон тогтоогдож байна. /хх 1-2, 8-25/
5.5. Хариуцагч Ч.Б нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн ...3.1 Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч ... бичиг баримттай байна. а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн үнэмлэх, 3.7 Жолоочид дараах зүйлийг хориглоно. а/...согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэт нөлөөт бодис хэрэглсэн...” , 12.3 Жолооч хөдөлгөөнд аюул тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэснийг
5.6. Хариуцагч Д.Ж нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн б/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан хүнд жолоогоо шилжүүлэх” гэсэн дүрмийн заалтуудыг тус тус зөрчсний улмааас нэхэмжлэгч Ч.Оийн эд хөрөнгөд хохирол учруулсан болох Төв аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч цагдаагийн ахмад Ш.Анхбаярын дүгнэлтээр нотлогдож байна. /хх 26-27/
5.7. Хариуцагч нарын гаргасан зөрчил нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн шинжийг агуулаагүй тул Төв аймгийн Прокурорын газраас 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 331 дугаар тогтоолоор Хэрэг бүртгэлийн хэргийг хааж шийвэрлэсэн байна. /хх 28-31/
6. Нэхэмжлэгч Ч.О нь эд хөрөнгө болох 22-34 УНМ улсын дугаартай “Тоёото ланд круйзер-J200” маркийн тээврийн хэрэгслийн эвдэрсэн эд ангийн хохиролд нийт 143,539,382 төгрөг учирсан гэж тодорхойлсон.
7. Гэм хорын хохирлын шууд зардалд 130,213,624 төгрөг, шууд бус зардалд 8,390,000 төгрөг, үнэлгээ хийлгэсэн 4,180,758 төгрөг, нийт 143,539,382 төгрөг болсон байна.
8. Шүүх бүрэлдэхүүн, 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн эвдрэл хохирлын үнэлгээний тайлан, Төв аймгийн Прокурорын газрын 2022 оны 11 дүгээр сарын 11-ны өдрийн 453 дугаар хариу мэдэгдэх хуудас зэрэгт дурдагдсан 130,213,624 төгрөгөөр гэм хорын хохирлыг тооцож тогтоох нь зүйтэй гэж дүгнэлээ. /хх 32-35/
9. Зохигч 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр болсон зам тээрийн осол, тухайн ослоор нэхэмжлэгч Ч.Оийн өмчлөлийн 22-34 УНМ улсын дугаартай “Тоёото ланд круйзер-J200” маркийн тээврийн хэрэгсэлд гэм хор учирсан үйл баримтын талаар хэн аль нь маргаагүй.
10. Дээрх үйл баримтаас дүгнэхэд хариуцагч Д.Ж, Ч.Б нар Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн зөрчсөн үйлдэл гаргасны улмаас нэхэмлэгч Ч.Оийн эд хөрөнгөд гэм хорын хохирол учруулсан ба гэм хорын хохирлыг нөхөн төлөх үүрэг хариуцагч нарт үүссэн байна.
11. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж заасан.
12. Хариуцагч Ч.Бын хувьд: 22-34 УНМ улсын дугаартай “Тоёото ланд круйзер-J200” маркийн тээврийн хэрэгслийг 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр жолоодон яваад онхолдуулсан учраас тухайн тээврийн хэрэгслийн хохирлыг нөхөн төлөх үүрэг үүснэ.
13. Хариуцагч Д.Жын хувьд: Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн этгээдэд мэдсээр байж тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлснээр тухайн эд хөрөнгөд учирсан хохирлоос нөхөн төлөх үүрэг үүснэ.
14. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3-т “Хэн нэг этгээд өмчлөгч буюу эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслийг ашигласнаас бусдад хохирол учирсан бол гэм хорыг тухайн этгээд хариуцах боловч өөрийн буруугаас тээврийн хэрэгсэл ашиглах боломж олгосон өмчлөгч буюу эзэмшигч хариуцлагаас чөлөөлөгдөхгүй гэж заасан.
15. “Тоёото ланд круйзер-J200” маркийн 22-34 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг зохигч хэн аль нь ч зөвшөөрөлгүйгээр ашигласан үйл баримт тогтоогдохгүй бөгөөд тээврийн хэрэгслийг ашиглах зөвшөөрлийг өмчлөгч Ч.О Ц.Пүрэвдашид, эзэмшигч Ц.Пүрэвдаш нь Д.Жд, Д.Ж нь Ч.Бд тус тус шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ үйл баримтын талаар зохигч хэн аль нь маргаагүй.
16. Тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, согтууруулах ундаа хэрэглэсэн хүнд жолоогоо шилжүүлсний улмаас гэм хорын хохирол үүссэн ба тээврийн хэрэгсэл ашиглах боломж олгосон өмчлөгч, эзэмшигч хэн аль нь хуульд заасан хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлгүй юм.
17. “Тоёото ланд круйзер-J200” маркийн 22-34 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Ц.Пүрэвдаш эзэмшиж явсан ба Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2, 89.3-т зааснаар эзэмшигч гэж үзэх бөгөөд энэ үйл баримт нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон Төв аймгийн Прокурорын газрын 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 331 дугаар тогтоолоор тогтоогдоно.
18. Нэхэмжлэгч Ч.О нь тухайн тээврийн хэрэслийн өмчлөгч болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар баримтаар тогтоогдож байх бөгөөд тухайн тээврийн хэрэгслийг ашиглах боломж олгосон өмчлөгч, эзэмшигч нь дээрх хуульд зааснаар хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй байна.
19. Мөн түүнчлэн хэрэгт авагдсан нотлох баримтаар засварлагдсан эсэх, нэхэмжлэгчийн өмчлөлд байгаа эсэхийг тогтоох боломжгүй байх бөгөөд энэ талаарх баримтыг нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргаж өгөөгүй ба “хохирлын үнэлгээ хэт өндөр үнэлэгдсэн” гэх иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг шүүх бүрэлдэхүүн харгалзан үзэж хариуцагч нарын гэм хорын хэмжээг “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн “...нийт 130,213,624 төгрөг” тогтоогдсон үнэлгээгээр тооцож, хариуцах хохирлыг талуудын санаатай болон болгоомжгүй /үйлдэл, эс үйлдэхүй/-г харгалзан багасгах нь зүйтэй гэж дүгнэсэн.
20. Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж,
20.1. 514 дүгээр зүйлийн 514.1-д “Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно” гэж тус тус заасан.
21. Нэхэмжлэгч Ч.Оийн эд хөрөнгөд “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн “...эвдрэл, хохирлын үнэлгээний тайланд тусгагдсан эд хөрөнгийн хохиролд нийт 130,213,624 төгрөгийг хохирол учирсан болох нь тогтоогдсон.
22. Харин хариуцагч Д.Жын “... би жолооны эрхгүй гээд Ч.Бд машин бариулсан. ...2023 оны 06 дугаар сард Заамар сумын Хайлааст багийн Цагдаагийн тасагт Ч.Б би төлнө гэж Цагдаад хэлсэн” гэх тайлбар, мөн хариуцагч Ч.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ариунбулагийн “үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй” гэх тайлбарууд хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар тогтоогдсонгүй.
23. Хариуцагч Ч.Б “хохирлыг хэт өндрөөр үнэлэгдсэн” гэж тайлбарлаж буйгаа баримтаар нотлоогүй бөгөөд энэ нь үндэслэлгүй мөн түүнчлэн хариуцагч Д.Ж “хариуагч Ч.Б төлнө” гэсэн тайлбарыг гаргаж, шүүх хуралдааны явцад “Төв аймгийн Цагдаагийн газарт Чулуунбаатарын Баянзул миний бие зам тээврийн ослоос болж хохирол барагдуулах мөнгөн дүнгээ өөрийн сувай малаа борлуулж ойрын хугацаанд хохирлоо барагдуулж эхэлнэ. 22-34 УНВ машиныг Пүрэвдаштай цуг явж борлуулж хохирлоосоо хасуулна. Энэ ондоо багтааж хохирлоо барагдуулна” гэж бичигдсэн баримтыг гаргасан. /хх-118/
24. Тухайн баримтад “Д.Жыг хариуцлагаас чөлөөлсөн” болон “хохирлын үнийг бичээгүй” зэргээс дүгнэхэд хариуцагч Д.Жыг гэм хорыг хариуцан арилгах үүргээс чөлөөлөх үндэслэл тогтоогдсонгүй.
25. Мөн түүнчлэн тухайн баримтад тээврийн хэрэгслийг зарж борлуулах, хохирлоос хасч тооцуулахаар Ц.Пүрэвдаш болон Ч.О нартай тохиролцсон үйл баримт тогтоогдож байх хэдий ч тухайн тээврийн хэрэгслийг зарж борлуулсан үйл баримт талуудын шүүх хуралдаанд гаргасан мэдүүлгээр үгүйсгэгдсэн.
26. Нэхэмжлэгч Ч.О нь нөхөр Ц.Пүрэвдашид, Ц.Пүрэвдаш нь хариуцагч Д.Жд, Д.Ж нь Ч.Бд 22-34 УНМ улсын дугаартай “Тоёото ланд круйзер-J200” маркийн тээврийн хэрэгслийг ашиглах боломжийг олгосон нь хохирогчийн болгоомжгүй үйлдэл эс үйлдэхүй нөлөөлсөн гэж үзэх үндэслэл болсон.
27. Шүүх бүрэлдэхүүн, нэхэмжлэгч Ч.Оийн эд хөрөнгөд учирсан хохирол зөрүүтэй бичигдсэн /Төв аймгийн Прокурорын газрын 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 331 дугаар тогтоолд “...8,390,000 төгрөг” байдлыг үнэлээгүй бөгөөд нэхэмжлэлд хавсаргаж ирүүлсэн Төв аймгийн Прокурорын газрын 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 453 дугаар хариу мэдэгдэх хуудасны үнийн дүн “Тэнцвэрт Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд бичигдсэн үнийн дүн тохирч буйг үндэслэн тэдгээрт бичигдсэн байдлыг үндэслэн 130,213,624 төгрөгөөр тооцох нь зүйтэй гэж үзсэн.
28. Нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүн нь Төв аймгийн Прокурорын газрын хариу мэдэгдэх хуудас, “Тэнцвэрт Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээнээс 9,145,002 төгрөгөөр зөрүүтэй бичигдсэн бөгөөд нэхэмжлэгч Ч.Оийн гэм хорын хохирлыг 130,213,624 төгрөгөөр тооцож тогтоосон.
29. Нэхэмжлэлийн шаардлагад хамаарах 4,180,758 төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй ба нотлож буй бэлэн мөнгөний орлогын баримт нь өөр бусад /Ебаримт гэх мэт/ баримтаар тогтоогдохгүй бөгөөд хэн тушаасныг тодорхойлох боломжгүй байдал мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан хуулийн шаардлагыг хангаагүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
30. Нэхэмжлэгч Ч.О нь эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирлоо хариуцагч Д.Ж, Ч.Б нараас шаардах эрхтэй байх ба хариуцагч нар нь нэхэмжлэгчид учруулсан гэм хорын хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэг Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.3, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар үүссэн тул талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь дүгнэн нэхэмжлэгч Ч.Оийн эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 130,213,624 төгрөгийг Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-д зааснаар 50 хувиар багасгаж 65,106,812 төгрөгөөр тооцох нь зүйтэй гэж дүгнэсэн болно.
31. Өөрөөр хэлбэл: Нэхэмжлэгч Ч.О түүний нөхөр Ц.Пүрэвдаш нарын болгоомжгүй үйлдэл эс үйлдэхүй нөлөөлсөн /тээврийн хэрэгслийн шилжүүлсэн нь тухайн осол гарах нөхцөл байдлыг бүрдүүлсэн/ гэж үзэж, өмчлөгч, эзэмшигч хэн аль нь хариуцлагаас чөлөөлөгдөхгүй гэж дүгнэж гэм хорын хохирлын 50 хувийг өөрсдөө хариуцах нь Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3-т нийцнэ гэж үзсэн.
32. Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.7, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.2.4-т зааснаар тухайн хэрэгт иргэдийн төлөөлөгч Д.Ганбат сонгогдсон ба шүүх хуралдаанд оролцож, бичгээр дүгнэлт гаргаж түүнийг уншиж сонсгосон.
33. Иргэдийн төлөөлөгч дүгнэлтээ “1.Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ жолоо барьсан. 2. Согтууруулах ундааны зүйл хэрэглсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нь хариуцагч Д.Ж болон Ч.Б нарын буруу... төлбөр мөнгөний хувьд өндөр тогтоогдсон болов уу гэж бодож байна. Хэрэв энэ өндөр дүнгээр төлбөр тогтоогдсон бол хариуцагч талд хүсэлтийн дагуу автомашиныг өгөх нь зүйтэй” гэжээ.
34. Иймд Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.3, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Д.Ж, Ч.Б нараас тус тус 32,553,406 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.От олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 78,432,572 /130,213,624 төгрөгийн 50 хувь 65,106,812 төгрөг, үнэлгээ хийлгэсэн гэх 4,180,758 төгрөг, нэхэмжлэлийн шаардлагын зөрүү 9,145,002 төгрөг/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
35. Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 877,046 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Б, Д.Ж нараас тус тус 241,742 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.От олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасанд нийцнэ.
36. Мөн түүнчлэн тус шүүхийн шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 151/ШЗ2023/02758 дугаар “Хүсэлт шийдвэрлэж, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т заасан хугацаанд хэвээр үргэлжлэхийг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.3, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1-д тус тус зааснаар хариуцагч хариуцагч Ч.Баас 32,553,406 төгрөг, хариуцагч Д.Жаас 32,553,406 төгрөгийг тус тус гаргуулан, нэхэмжлэгч Ч.От олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 78,432,572 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 875,646 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Б, Д.Ж нараас 241,742 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ч.От олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т заасан хугацаанд тус шүүхийн шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 151/ШЗ2023/02758 дугаар “Хүсэлт шийдвэрлэж, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” захирамж нь хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ
ШҮҮГЧИД Д.МӨНХБҮРЭН
Б.ТҮВШИНЖАРГАЛ