| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхүүгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 317/2025/0493/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/577 |
| Огноо | 2025-12-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Ариунзул |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 2025/ШЦТ/577
2025 12 16 2025/ШЦТ/577
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Б даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Г,
Улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.А,
Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Д.Б.Б холбогдох эрүүгийн 2534******** дугаартай 1 хавтас хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Д.Б.Б, ********** регистрийн дугаартай.
Холбогдсон хэргийн талаар:
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс шүүгдэгч Б.Б нь ****************** хохирогч А.А зодож түүний биед зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн нүдний зовхинд зөөлөн эдийн няцралт, зүүн нүдний доод зовхи, зүүн нүдний хөмсөгт зулгаралт, зүүн шилбэ, баруун гарын 2 дугаар хурууны 2 дугаар үеэнд зөөлөн эдийн няцралт гэмтэл учруулсан үйл баримт тогтоогджээ.
Энэ нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1/,
Насанд хүрээгүй хохирогч А.А өгсөн: “Намайг А.А гэдэг. Би 17 настай. 2025 оны 11 дүгээр сарын 07-нд 18 нас хүрнэ. Би 2025 оны 09 дүгээр сарын 23 өдөр худалдан борлуулах адуу барих гэтэл барьж чадахгүй болохоор нь суманд байдаг найзруугаа утсаар холбогдож ярьсан. Маргааш адуу барилцаад өгөөч гэж гуйсан чинь за гэсэн тэгээд орой болж байтал сумаас урагш ойрхон манай танил ах бинзенгүй болчихлоо гэхээр нь бинзен хүргэж өгөөд цаашаа сумруу орж Д, Г найзтайгаа уулзсан чинь манай найз Г-г Б ах зодсон гэхээр нь Б ахын гадаа нь очиж, утсаар гараад ирээч гэсэн чинь өнөөдөр гарч уулзахгүй гэсэн тэгэхээр нь мотоциклынх нь нэг толийг нь хугалсан сэвчээнийх нь толгойг тастсан юм. Тэндээсээ Д, Г 2-ыг аваад шууд хөдөө гэртээ очиж хоноод маргааш өглөө нь эрт Д хамт адуунд явж байтал, хөдөө хээр газар Б ахтай таараад Б ах намайг цохих гэхээр нь би тэвэрч аваад жоохон байж байгаад тавьсан чинь намайг хавсраад унагаад миний толгой руу өшиглөхөөр нь гараараа толгойгоо дараад хэвтсэн. Тэгж байгаад Д бид хоёрыг машиндаа суулгаад авч явсан. Аваад явж байхдаа миний өмсөж явсан цамцаар хоолой боосон, дурангийн хайрцагны хажууд зүүлттэй явсан зээрийн эврэн шороор бие рүү хатгаад байсан. Машинд нь унтах гээд зүүрмэглэхээр бахиар хатгаж, юундаа унтах гээд байгаа юм гээд алгадсан, дахиад боогоод хамар луу цохисон миний хамарнаас цус гарсан чинь сальфитка өгөөд энүүгээр арч гэсэн дахиж боогоод машины хаалганы багана хэсэг рүү толгой цохиулаад байсан. Би чамайг шанаадаж цохихгүй гээд толгойн ар хэсэг рүү алгадаад байхаар амь тэмцээд босоод ирсэн чинь ямар зэвүүн пизда вэ гээд сум руу оруулж, мотоцикл дээрээ авч очоод хашаа давуулж шидсэн юмаа ол гээд тэр хавиар нь хайсан. Тэндээ дахиад хамар хацар хэсэгт цохисон. Тэгээд жоохон байлгаж байгаад сумын цагдаад хүргэж өгсөн. Надтай хамт манай найз Д, Б ах нар байсан. Б ах миний толгой нуруу, хөл, хацар, нүүр хэсэгт гараараа боож, хөлөөрөө өшиглөсөн. Гараараа нүүр хэсэгт цохисон хэдэн удаа цохисныг тоолоогүй хэд хэдэн удаа цохисон. Цаашид ямар асуудал болохыг мэдэхгүй байна. Үзүүлсэн, нааш цаашаа явсан зардлаа гаргуулнаа. Би гомдолтой байна. Өөр нэмж ярих юм байхгүй. Миний ярьсан зүйл үнэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 11/,
Гэрч Э.Д өгсөн: “Би энэ удаагийн мэдүүлгээ өмгөөлөгчгүй өгнө. Би 2025 оны 9 дүгээр сарын 23-нд Угтаалцайдам суманд Г байхад орой хөдөөнөөс А ирээд бид гурав хамт хөдөө А гэр лүү нь яваад тэндээ хоноод маргааш өглөө эрт А бид хоёр адуунд явж байтал хөдөө хээр Б, Д ах нартай таарсан тэгсэн машин дотроос нь манай найз Г бууж ирсэн тэгтэл Б ах чи яагаад миний мотоциклыг эвдэж байгаа юм гээд А заамдаж аваад цамцны малгайгаар нь доош нь дараад толгой хэсэгт 2-3 удаа алгадаад машины арын суудалд суулгаад машин дотор ороод дахиад 2-3 удаа алгадсан адуугаа хайгаад явж байхдаа А цамцаар боолт хийгээд толгойг нь хажуу талын хаалга руу хавсарч цохисон. Тэгээд хэсэг явж байгаад хамар хэсэгт алгадаад хамарнаас нь цус гарсан. А машинд явж байхдаа үүргэлсэн чинь гар луу нь бахиар цохиод байсан. Манай найз А зээрийн эврэн шороор хатгасан зузаан хувцастай байсан болохоор тэр нь мэдэгдээгүй байхаа тэгээд бид хоёрыг цагдаа дээр авчирч өгсөн. Манай найз А Б ахын хадам аав Д ах нэг удаа нуруу хэсэгт цохисон. Өөр цохиж зодсон хүн байхгүй. Б Д ах нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Б ах А заамдаад авахаар нь зөрүүлээд тэврээд авсан өөдөөс нь цохиж зодсон зүйл байхгүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. Миний ярьсан зүйл үнэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/,
Шүүгдэгч Б.Б өгсөн: “2025 оны 9 дүгээр сарын 23-наас 9 дүгээр сарын 24-нд шилжих шөнө 01 цагийн орчим би Төв аймгийн Угтаалцайдам сум Уушигын 6-146 тоот гэртээ унтаж байхад Азука буюу А миний гар утас руу залгаад “Азука байна. Гараад ир пизда минь” гэж хэлсэн. Тэгэхээр нь “юу болсон юм бэ яаж байгаа юм” гэхэд “чи гараад ир чамайг ална ямар овоо пизда вэ гараад ир би танай байрны гадаа ирчихсэн байна” гэж хэлсэн. Тэгтэл хамт байсан манай эхнэр “хэн юм бэ утсаа салгаач шөнө залгаад байх юм” гэж хэлсэн. Тэгээд утсаа салгасан. Тэгтэл манай гэрийн гадна мотоциклтой орилж хашгираад байсан. Тэр үед манай эхнэр, 2 хүүхэд маань сэрсэн. Бас миний гар утас руу байн байн залгаад байхаар нь би утсыг нь аваагүй юм. Тэгээд гадаа орилж байхад нь манай байрны доод давхрын Маам гэдэг эгч гарсан чинь нөгөө хүмүүс яваад өгсөн гэж байсан. Тэгээд маргааш өглөө нь болоод 09 цагийн орчим хүүхдүүдээ цэцэрлэгт хүргэж өгөх гээд байрнаас гарахад миний өөрийн эзэмшлийн Даюун маркийн мотоциклыг газарт унагаасан байсан. Тэгэхээр нь би очиж мотоциклоо босгоход 1 толь нь хагарсан, сэвчээний утсыг нь таслаад, маслын шрүбийг тайлаад хугалаад шидсэн, урд крилоныг нь чихээд, цээж утсыг салгаад тасдаад хаясан, урд дугуйны бакрейшигны хошууг нь хугалаад хийг гаргасан, карвиретрийн нарийн хар шланкийг нь тасдсан эвдсэн байсан. Мөн мотоциклын мотор, крлан, дугуй, суудал цус мэт зүйл болоод хатчихсан байсан. Тэгээд би 2 хүүхдээ цэцэрлэгт нь хүргэж өгөөд А аав руу нь утсаар яриад “танай хүүхэд байна уу” гэж асуухад аав нь “байхгүй адуундаа явсан байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь “би яваад очъё ахаа” гэж хэлээд утсаа салгасан. Тэгээд би А аавын гэрт 10 цагийн орчим очиход аав, ээж нь бас хажуу айлын 1 эмэгтэй хүн байсан. Тэгээд би аав ээжид нь болсон явдлыг хэлсэн. Би болсон явдлыг хэлээд гэрээс нь явахаар гарсан. А аавын гэрээс гараад машинтайгаа талын уулын баруун талд адуугаа харахаар явж байтал А, Д /Д/ гэх хүүхэдтэй хамт явж байсан. Би машинаас өөрөө бууж очоод А хандан “яагаад миний мотоциклыг эвдэж байгаа юм бэ” гэж хэлэхэд А нь намайг миний ард гараад тэврээд гараа холбож нугсалсан. Тэгэхээр нь би хүзүүн дээгүүр нь гараа давуулаад толгойг нь уургалаад барьж авсан. Тэгсэн А нь миний зүүн талын бөөр хэсэгт гараараа 1 удаа цохисон. Тэгэхээр нь би толгойг нь уургалж барьж байгаад мушигаад газарт унагаад А зүүн талын хөл хэсэгт нь 2 удаа өшиглөсөн. Бас нурууны ар хэсэгт нь 2 удаа өшиглөсөн. Тэгээд би машиндаа суулгаад тэр хоёрт хандан “та нарыг цагдаад аваачиж өгнө” гэж хэлсэн. Тэгээд би тэр хоёрыг суулгаад явж байхдаа А зүүн талын шанаа хэсэгт нь 2 удаа гараараа алгадсан. “Яагаад миний мотоциклийг эвдсэн юм бэ” гэж хэлэхэд А нь агаа би түрж байгаад унагаад эвдсэн гэж хэлэхээр нь би уурлаад алгадсан. Би тэд нарыг аваад явж байхдаа замдаа адуугаа харчихаад сумын тев орж мотоциклоо А тэр хоёрт харуулсан. Тэгээд сумын цагдаад очиж хэлсэн. Тэгээд нөгөө цагдаа орой ээж, аавыг нь дуудаад эргээд хэлье намайг явж бай гэж хэлсэн. Тэгээд би ажилдаа явсан. Тэгээд орой ажил тарж байхад цагдаа Сүхбаатар намайг ажил дээр дуудаад ирээд уулз гэж хэлэхээр нь би яваад очтол нөгөө хүмүүс гомдолтой гэж байсан. А согтуудаа ирж аархаж айлгаж, заналхийлж орилж байхдаа л миний мотоциклыг эвдсэн байсан. Өс хонзонгийн зүйл байхгүй. А намайг барьж аваад нугаслаж байхдаа миний зүүн талын бөөр хэсэгт 1 удаа гараараа цохисон. Би А хөл рүү нь 2 удаа өшиглөж, нүүр хэсэгт нь гараараа 2 удаа алгадсан. Би Д цохиж зодоогүй. Бид хоёрыг зодолдож байхад Д харсан. Д буюу Д хамт байсан. Аав, ах хоёртой нь яриад А яаж байна гэхэд аав нь гайгүй унтаад байж байна гэж байсан. Тэр үед аав нь ахын дүү уучлаарай манай хүүхдийн буруу байна гэж хэлж байсан. Мөн мотоциклын чинь юу нь эвдэрсэн юм бэ гэж асууж байсан. Өглөө нь намайг А архи юмуу пиво уусан байсан. Уусан юм нь гараагүй аймар үнэртэй байсан. Согтуу байсныг нь С цагдаад хэлсэн. Мотоциклоо аваад 7 орчим хонож байсан. Яагаад эвдэж байгаа юм шинэ мотоцикл шүү дээ гэхэд А нь шинийг аваад өгчихье төлчихнө гэж уурлаж байсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа цаашид гарах хохирлын төлбөрийг төлнө.” гэх мэдүүлэг /хх 18-19/,
“Би өмнө сэжигтнээр өгсөн мэдүүлэг дээрээ болсон үйл явлыг үнэн зөвөөр ярьсан болохоор өөр нэмж ярих зүйл байхгүй байна. Би шороор хатгасан, бахиар цохисон зүйл байхгүй. Би А учруулсан хохиролыг төлж барагдуулаагүй. Өнөөдөр хохирлын баримттай танилцлаа хохирлоо төлөөд хэргийг хялбаршуулсан журмаар шийдүүлэх хүсэлтэй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 57/,
Төв аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 9 дүгээр сарын 29-ны өдрийн №0725/597 дугаартай шинжээчийн дүгнэлт: “1.А.А биед зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн нүдний зовхинд зөөлөн эдийн няцралт, зүүн нүдний доод зовхи, зүүн нүдний хөмсөгт зулгаралт, зүүн шилбэ, баруун гарын 2 дугаар хурууны 2 дугаар үеэнд зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.” гэжээ /хх-ийн 22-23/,
“Гарьд Гүрү Үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн №06/267 дугаар шинжээчийн дүгнэлт “Б.Б эзэмшлийн Dayun маркийн мотоциклын зах зээлийн үнэ цэнэ нь 2025 оны 09-р сарын 24-ний өдрийн байдлаар 2 860 000/хоёр сая найман зуун жаран мянга/ төгрөг, хохирлын үнэлгээ нь 185 000 /нэг зуун наян таван мянга/ төгрөг гаргав.” гэжээ /хх-ийн 30-43/,
Хохирогч А.А “сэтгэцэд учирсан хохирол хор уршгийг уршгийн зэрэглэлийг тогтоох шаардлагагүй.” гэх тэмдэглэл /хх-ийн 27/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А хохирлын баримт /хх-ийн 74-75/,
Шүүгдэгч Б.Б хохирол төлсөн баримт /хх-ийн 80/,
Шүүгдэгчийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 79/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүгдэгч Б.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг Төв аймгийн Прокурорын газарт сайн дураараа гаргаж, түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэргээр хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас шүүгдэгч Б.Б нь Төв аймгийн Угтаалцайдам сумын Талын Уул 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2025 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр насанд хүрээгүй хохирогч А.А зодож түүний биед зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн нүдний зовхинд зөөлөн эдийн няцралт, зүүн нүдний доод зовхи, зүүн нүдний хөмсөгт зулгаралт, зүүн шилбэ, баруун гарын 2 дугаар хурууны 2 дугаар үеэнд зөөлөн эдийн няцралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:
Хохирогч А.А нь эрүүл мэндийн улмаас эмчилгээний зардал гэх 343 000 төгрөгийн баримт хавтаст хэргийн74-75-р хуудсанд ирүүлсэн байх бөгөөд уг хохирлыг шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт нөхөн төлсөн болох нь гэм буруутай санаатай үйлдлийн улмаас хохирогч А.А эрүүл мэндэд Хаан банкны хуулбараар тогтоогдсон.
Хохирогч А.А шүүх хуралдааны тов мэдэгдэхэд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хохирогч А.А эрүүл мэндэд шинжээчийн дүгнэлтээр "зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн нүдний зовхинд зөөлөн эдийн няцралт, зүүн нүдний доод зовхи, зүүн нүдний хөмсөгт зулгаралт, зүүн шилбэ, баруун гарын 2 дугаар хурууны 2 дугаар үеэнд зөөлөн эдийн няцралт" бүхий хохирол учирсан байх тул цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхих нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн 2534******** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Д.Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б оногдуулсан 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.
5.Шүүгдэгч Б.Б оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Төв аймаг дахь Шүүхийн шийдвэрийн гүйцэтгэх газарт даалгасугай.
6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
9.Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ