Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 2021/ДШМ/993

 

 

Д.Дд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Ням-Очир,

хохирогч Э.Э, түүний өмгөөлөгч Б.Цолмон,

хохирогч Б.Цын өмгөөлөгч Ч.Атарболд,

шүүгдэгч Д.Д, түүний өмгөөлөгч Х.Гантулга, Л.Мөнхтөр,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 2021/ШЦТ/511 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Э.Э, түүний өмгөөлөгч Б.Цолмон, шүүгдэгч Д.Д, түүний өмгөөлөгч Х.Гантулга, Б.Ганбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Д.Дд холбогдох 1811005570731 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Н овгийн Дийн Д, 1983 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, - тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:-/,

            Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 171 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 460 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан;

            Шүүгдэгч Д.Д нь иргэн Б.Цаас Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн хооронд “Монполимет” ХХК-тай эфель, гааль угаах гэрээ байгуулах гэж байгаа, гэрээний урьдчилгаанд мөнгө хэрэгтэй байна.” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, нийт 54.300.000 төгрөг буюу их хэмжээний хохирол учруулан залилсан,

            2018 оны 2 дугаар сард Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 25-ын өртөөний хажуугаас иргэн Э.Эын эзэмшлийн 247 тонн 4 вагон нүүрсийг БНХАУ-ын иргэн Б.Эээс 39.140.000 төгрөгийг шилжүүлэн авч, тээвэр зуучийн компанид 11.636.000 төгрөгийг шилжүүлэн хохирогч Э.Эод өгөх ёстой байсан 247 тонн нүүрсний үнэ буюу 21.587.800 /1 тонн нүүрсийг 230 юаниар худалдахаар тохирсон, тухайн үед 1 юань 380 төгрөг/ төгрөгийг залилсан,

            2019 оны 10 дугаар сарын 2-ны өдөр - тоотод иргэн Ц.Ст “өөрийн найзын “Приус 30” загварын автомашиныг зээлсэн 1.000.000 төгрөгтэй нийлүүлээд 11.000.000 төгрөгт бодож зарна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 10.000.000 төгрөгийг Хаан банкны - дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

            Ч.Этой “Сэлэнгэ аймагт бичил уурхай нээж хамтарч ажиллая, Дархан-Уул аймгийн “Магнай Трейд” ХХК-иас түлш зээлээр авна, насос таньдаг хүнээсээ хямд авч өгнө.” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг эвдэж, 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Ганхуяг гэх хүний Хаан банкны - тоот дансаар 1.000.000 төгрөг, Ө гэх хүний Хаан банкны - тоот дансаар 2.000.000 төгрөг, 2019 оны 7 дугаар сарын 4-ний өдөр өөрийн эхнэр болох Золзаяагийн Хаан банкны - тоот дансаар 4.500.000 төгрөгийг буюу нийт 7.500.000 төгрөг залилж авсан буюу 4 удаагийн үйлдлээр 4 хохирогчид нийт 93.387.800 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан залилсан гэмт хэрэгт холбогджээ.

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Шүүгдэгч Д.Ды үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Н овгийн Дийн Дыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “хуурч, зохиомол байдал бий болгон өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан хэргийг их хэмжээний хохирол учруулан үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дд оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Ды хэрэгт цагдан хоригдсон 25 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Э.Эоос нэхэмжилсэн 24.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, шүүгдэгч Д.Даас нийт 25.887.800 төгрөгийг гаргуулан Б.Цад 20.300.000 төгрөгийг, Э.Эод 5.587.800 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Д.Ды өмгөөлөгч Б.Ганбаатар гаргасан давж заалдах гомдолдоо: “...Д.Д нь анхнаасаа хэргийн бодит байдлыг үнэн зөвөөр нь мэдүүлж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн ба бусдад учруулсан нийт хохирлын 51.500.000 төгрөгийг мөрдөн байцаалтын шатанд, 16.000.000 төгрөгийг шүүхийн шатанд төлж барагдуулсан. Анхан шатны шүүхийн тогтоолд шүүгдэгч Д.Даас 25.887.800 төгрөгийн төлбөрийг гаргуулан хохирогч Э.Эод 5.587.000 төгрөгийг, хохирогч Б.Цад 20.300.000 төгрөгийг тус тус олгуулахаар заасныг Д.Д үл маргах журмаар хүлээн зөвшөөрч бүрэн төлж дууссан. Иймд гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрсөн байдал, ар гэрийн гачигдал, хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан байдал, 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс хойш 93.387.800 төгрөгийг 10 сарын хугацаанд бүрэн төлж барагдуулсан нь Д.Д төлбөрийн чадвартай болохыг нотолж буй байдал, анх удаагаа хүнд гэмт хэрэгт холбогдсон нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан үзэж Д.Дд оногдуулсан хорих ялыг торгуулийн ял болгон өөрчилж өгнө үү. ...” гэжээ.

            Хохирогч Э.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би Д.Дд холбогдох хэрэгт хохирогчоор 2018 оноос эхлэн тогтоогдож байсан ба Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтэс болон тус дүүргийн прокурорын газрын ажилтнууд нь 3 жилийн турш дээрх эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа, хяналт тавих ажиллагаануудыг явуулсан боловч үүрэгт ажилдаа туйлын хариуцлагагүй хандаж байсан. Тиймээс хохирогч миний хувьд эцсийн найдвар нь шүүхийн байгууллага байсан. Ингээд 3 жилийн дараа энэ хэрэг нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирсэн ба өмгөөлөгч маань Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргасан. Улмаар, шүүгч Б.Мөнхбаяр нь хүсэлтийг хүлээн авч шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах тухай шүүгчийн захирамж гаргаж, шүүх хурлыг явуулсан. Уг шүүх хурал дээр Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтэс болон тус дүүргийн прокурорын газрын албан тушаалтнууд нь хохирогч миний хууль ёсны эрхийг ноцтой зөрчиж байсан тул “уг хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэсэн хүсэлтийг гаргасан боловч уг хүсэлтийг шүүх хэрэгсэхгүй болгож, дараагийн шүүх хурал буюу гэм буруугийн шүүх хурлыг товлон зарласан. Уг нь хохирогч миний болон өмгөөлөгчийн хувьд анхан шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь хэсгүүдэд заасны дагуу дээрх эрүүгийн хэргийг прокурорын байгууллага руу буцаана гэдэгт бүрэн итгэлтэй байсан. Ингээд 2021 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр Д.Дд холбогдох эрүүгийн хэргийг шүүх хянан хэлэлцсэн ба шүүх хурал дээр өмгөөлөгч маань цагдаа болон прокурорын байгууллагууд нь хохирогч миний хууль ёсны эрхийг ноцтой зөрчиж байсан талаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд хангалттай хэлж байсан боловч шүүх хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалгүй, эцэслэн шийдвэрлэсэн. Ингээд тухайн өдөр анхан шатны шүүхээс шийтгэх тогтоол гарч, шүүгдэгч Д.Дд 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дараах 2 үндэслэлээр эс зөвшөөрч байна. Нэгдүгээрт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Гэмт хэргийн хохирол, хор уршиг”-ийг хуульчилсан ба уг зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн хохирол гэж юу болохыг, харин 2 дахь хэсэгт гэмт хэргийн хор уршиг гэж юу болохыг тус тус хуульчилсан. Тэгвэл Д.Дд холбогдох эрүүгийн хэргийн хувьд тэрээр уг хэргийн хохирогч миний зүгээс БНХАУ руу экспортоор гаргах гэж байсан нийт 625 тонн нүүрсний эхний ээлжийн нүүрс болох 247 тонн нүүрсний мөнгийг БНХАУ-ын иргэн Д.Эт худлаа хэлж байгаад дундаас нь залилан авсан ба дараагийн ээлжийн нүүрс болох 378 тонн нүүрсийг “Би энэ нүүрсийг чинь БНХАУ руу гаргаад өгье” гэж бас худлаа хэлээд 2 жил гаруй хугацаанд экспортлох үйл ажиллагааг саатуулсан. Энэ тухайгаа ялтан Д.Д нь шүүх хурал дээр ч мэдүүлж “Би үлдсэн 378 тонн нүүрсийг БНХАУ руу гаргаад өгье гэж Э.Э ахад хэлж байсан нь үнэн. Нөгөө төмөр замын компаниас ч гэсэн 2020 оны хавар хүртэл над руу утасдаж, “Энэ нүүрсээ аваач ээ. Тэгэхгүй бол хог болох гээд байна.” гэж над руу утасдаж байсан юм.” хэмээн мэдүүлэг өгсөн нь шүүх хурлын протоколд тусгагдсан гэдэгт итгэлтэй байна. Нэгэнт ялтан Д.Д нь эхний ээлжийн 247 тонн нүүрсний мөнгийг БНХАУ-ын иргэн Д.Эт худлаа хэлж байгаад залилан авсан. Харин дараагийн ээлжийн нүүрс болох 378 тонн нүүрсийг “Би энэ нүүрсийг чинь БНХАУ руу гаргаад өгье” гэж хохирогч Э.Э надад бас худлаа хэлээд 2 жил гаруй хугацаанд экспортлох үйл ажиллагааг саатуулсан учраас хохирогч миний хувьд 378 тонн нүүрсний үнэ болох 24.000.000 төгрөгийг ялтан Д.Даас нэхэмжлэн авах нь хууль ёсны үйлдэл юм. Тиймээс 378 тонн нүүрсний үнэ болох 24.000.000 төгрөг нь 2017 онд батлагдсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд заасан “Гэмт хэргийн хохирол, хор уршиг” буюу уг зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэмт хэргийн хор уршиг”-т зайлшгүй орох ёстой гэж хохирогч миний бие үзэж байна. Хоёрдугаарт, хохирогч миний бие ялтан Д.Дд зөвхөн экспортоор гаргах гэж байсан нүүрсний мөнгөө залилуулснаас гадна түүнд алт угаах төхөөрөмж болох скрүберийн үнэ болох 30.000.000 төгрөгийг мөн залилан мэхлүүлж алдсан. Тиймээс 2018 онд буюу одоогоос 3 жилийн өмнө анх Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтэст Д.Дд холбогдуулан өргөдөл, гомдол гаргах үедээ энэ тухай маш тодорхой дурдаж, түүний хууль бус үйлдлийг мөрдөн шалгаж өгөхийг цагдаагийн байгууллагаас хүсэж байсан. Гэвч Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтэс нь Д.Ды энэхүү хууль бус, гэмт хэргийн шинжтэй үйлдлийг огт мөрдөн шалгалгүй 3 жилийн хугацааг өнгөрүүлсэн. Харин одоогоос 2 жилийн өмнө буюу 2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр мөрдөгч Баасанжаргал нь хохирогч надаас мэдүүлэг авсан ба тухайн үед “скрүберийн асуудал дээр гомдол санал байхгүй. Энэ асуудлаар иргэний шүүхэд хандахаар болсон.” гэсэн мэдүүлгийг өгсөн. Яагаад ийм мэдүүлэг өгсөн гэвэл тухайн үед буюу 2019 оны 1 дүгээр сард Д.Д гэгч нь хохирогч Э.Э над руу “Би таны скрүберийг хөдөө уурхайгаас Улаанбаатар хот руу авчраад, Гурвалжингийн гүүрний баруун хойд талд байршилтай “Төмөрт транс” ХХК-ийн хашаанд тавьчихсан шүү. Тиймээс та тэнд очоод скрүберээ авчхаарай” гэж хэлсэн. Нэгэнт Д.Д нь ийм үг хэлсэн, мөн тухайн үед түүний хэлсний дагуу скрүбер нь тухайн хашаанд бодитойгоор байсан тул түүний үгэнд бас л итгэж цагдаагийн байгууллагад дээрх мэдүүлгийг өгсөн. Гэтэл 2021 оны 5 дугаар сарын эхээр над руу дээрх хашааны манаач гэх хүн утасдаж “Таны скрүберийн гинж нь алга болсон байна.” гэж хэлсний дагуу очиж, алдагдсан гинжийг асуухад Батбаяр гэдэг хүн авсан гэх сураг гарсан. Ингээд хохирогч Э.Э миний бие нь Батбаяр гэх хүний утасны дугаар болох - дугаарыг олж аваад, утасдаж асуухад “Би өөрийг чинь мэдэхгүй юм байна. С гэдэг хүн энэ скрүберийг анх тавиулсан. Тийм болохоор С гэдэг хүнтэй ярь” гэж С гэх хүний дугаарыг өгсөн. Улмаар миний бие С гэдэг хүний - дугаар руу залгаж ярихад “Би тэр Д гэх хүнийг чинь танихгүй ээ. Болдбаатар гэдэг хүнээс би авсан юм аа” гэж хариулахаар нь “Тэгвэл Болдбаатар гэдэг хүнийхээ утасны дугаарыг өгчих” гээд тэр хүнийх нь утасны дугаарыг авсан. Ингээд би Болдбаатар гэдэг хүний утасны дугаар болох - руу залгаж асуухад нөгөө хүн нь “Би наадах скрүберийг чинь Д.Даас өрөндөө авсан юм аа. Шүүхийн шийдвэрийн дагуу би Д.Даас мөнгө авах ёстой юм. Тиймээс энэ миний скрүбер, чамд хамаагүй” гэж хэлсэн. Үүнээс дүгнэхэд Д.Д бас л хохирогч надад “Та 30.000.000 төгрөг зээлчих. Би тэр мөнгөөр чинь скрүбер худалдаж авах гэсэн юм. Тэгээд хөдөө уурхайд очоод энэ төхөөрөмжийг ашиглаад их хэмжээний мөнгө олно. Тэр мөнгөө хоёулаа 50, 50 хувиар хувааж авъя” гэж хэлээд, одоогоос 6 жилийн өмнө буюу 2015 онд анх 30.000.000 төгрөг зээлсэн юм. Гэвч үүнээс хойш надад зээлсэн 30.000.000 төгрөгөө ч өгөөгүй, мөн скрүбер хэрэглэсний ашиг гэж нэг ч төгрөг өгөөгүй учраас хохирогч миний бие Д.Дд “Би ер нь чамаас скрүберээ авъя” гэж шаардаж эхэлсэн. Улмаар, Д.Д гэгч нь 2018 оны 8 дугаар сард над руу утасдаж “Би таны скрүберийг хөдөө уурхайгаас Улаанбаатар хот руу авчраад, Гурвалжингийн гүүрний баруун хойд талд байршилтай “Төмөрт транс” ХХК-ийн хашаанд тавьчихсан шүү. Тиймээс та тэнд очоод скрүберээ авчхаарай” гэж хэлсэн. Ингээд 2018 оны 8 дугаар сараас хойш 2021 оны 5 дугаар сар хүртэл би Д.Д гэгчийн дээрх үгэнд итгэж явсан боловч тэрээр дахин намайг залилан мэхэлсэн учраас миний хувьд удаа дараа энэ хууль бус үйлдлийг мөрдөн шалгаж өгөхийг цагдаа, прокурорын байгууллагуудаас удаа дараа хүсэж байсан. Тухайн үед 3000 тонн нүүрс гаргахаар гэрээ хэлцэл хийгдсэн байсан. Хүнээс авах авлагадаа авч байсан. Гэрээ хэлцэл зогсож дундаас нь мөнгө авч байсан учраас БНХАУ-ын компани руу дахиж нүүрс явуулаагүй. Бидний дунд үл итгэлцэл үүсэж, энэхүү ажил зогссон. Тэр хүнээс одоог хүртэл авлагаа авч чадаагүй ба тухайн үед 63.000 долларын авах байсан. Монгол төгрөгийн ханшаар бол 160.000.000 гаруй төгрөг авах байсан. Тухайн үед 3 гаруй жилийн өмнө авсан бол би бизнес үйл ажиллагаандаа хэрэглэсэн бол илүү их ашиг олох байсан. Үүнийг гэмт хэргийн улмаас учирсан хор, хохирол гэж үзэж байна. Тэр мөнгийн банкны хүүгээр бодоход 130.000.000 гаруй төгрөгийн орлого олох байсан. Энэ бүх боломжийг шүүгдэгч Д.Д байхгүй болгосон ба “25 дугаар өртөөн дээр үлдсэн 378 тонн нүүрсийг борлуулж өгнө” гэж надад худал хэлж залилсан Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

            Хохирогч Э.Эын өмгөөлөгч Б.Цолмон давж заалдах гомдол тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Д.Дд холбогдох эрүүгийн хэрэгт хохирогч Э.Эын өмгөөлөгчөөр 2018 оноос ажиллаж эхэлсэн бөгөөд Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтэс болон тус дүүргийн прокурорын газрын ажилтнууд нь 3 жилийн турш дээрх эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа, хяналт тавих ажиллагаануудыг явуулсан боловч үүрэгт ажилдаа туйлын хариуцлагагүй хандаж байсан. Тиймээс өмгөөлөгч миний хувьд болон хохирогч Э.Эын хувьд эцсийн найдвар нь шүүхийн байгууллага байсан. Ингээд 3 жилийн дараа энэ хэрэг нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр ирсэн ба өмгөөлөгчийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргасан. Улмаар, шүүгч Б.Мөнхбаяр нь хүсэлтийг хүлээн авч, шүүх хурлыг явуулсан. Уг шүүх хурал дээр Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтэс болон тус дүүргийн прокурорын газрын албан тушаалтнууд нь хохирогч Э.Эын хууль ёсны эрхийг ноцтой зөрчиж байсан тул “уг хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэсэн хүсэлтийг гаргасан боловч уг хүсэлтийг шүүх хэрэгсэхгүй болгож, дараагийн шүүх хурал буюу гэм буруугийн шүүх хурлыг товлон зарласан. Уг нь хохирогч Э.Э, түүний өмгөөлөгч миний хувьд анхан шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3-т заасны дагуу дээрх эрүүгийн хэргийг прокурорын байгууллага руу буцаана гэдэгт бүрэн итгэлтэй байсан . Ингээд 2021 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр Д.Дд холбогдох эрүүгийн хэргийг шүүх хянан хэлэлцсэн ба шүүх хурал дээр өмгөөлөгч миний бие нь цагдаа болон прокурорын байгууллагууд нь хохирогч Э.Эын хууль ёсны эрхийг ноцтой зөрчиж байсан талаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд хангалттай хэлж байсан боловч шүүх хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалгүй, эцэслэн шийдвэрлэсэн. Ингээд тухайн өдөр анхан шатны шүүхээс шийтгэх тогтоол гарч, шүүгдэгч Д.Дд 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дараах 2 үндэслэлээр эс зөвшөөрч байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Гэмт хэргийн хохирол, хор уршиг”-ийг хуульчилсан ба уг зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн хохирол гэж юу болохыг, харин 2 дахь хэсэгт гэмт хэргийн хор уршиг гэж юу болохыг тус тус хуульчилсан. Тэгвэл Д.Дд холбогдох эрүүгийн хэргийн хувьд тэрээр уг хэргийн хохирогч Э.Эын зүгээс БНХАУ руу экспортоор гаргах гэж байсан нийт 625 тонн нүүрсний эхний ээлжийн нүүрс болох 247 тонн нүүрсний мөнгийг БНХАУ-ын иргэн Д.Эт худлаа хэлж байгаад дундаас нь залилан авсан ба дараагийн ээлжийн нүүрс болох 378 тонн нүүрсийг “Би энэ нүүрсийг чинь БНХАУ руу гаргаад өгье” гэж бас худлаа хэлээд 2 жил гаруй хугацаанд экспортлох үйл ажиллагааг саатуулсан. Энэ тухайгаа ялтан Д.Д нь шүүх хурал дээр ч мэдүүлж “Би үлдсэн 378 тонн нүүрсийг БНХАУ руу гаргаад өгье гэж Э.Э ахад хэлж байсан нь үнэн. Нөгөө төмөр замын компаниас ч гэсэн 2020 оны хавар хүртэл над руу утасдаж, “Энэ нүүрсээ аваач ээ. Тэгэхгүй бол хог болох гээд байна.” гэж над руу утасдаж байсан юм.” хэмээн мэдүүлэг өгсөн нь шүүх хурлын протоколд тусгагдсан гэдэгт итгэлтэй байна. Нэгэнт ялтан Д.Д нь эхний ээлжийн 247 тонн нүүрсний мөнгийг БНХАУ-ын иргэн Д.Эт худлаа хэлж байгаад залилан авсан. Харин дараагийн ээлжийн нүүрс болох 378 тонн нүүрсийг “Би энэ нүүрсийг чинь БНХАУ руу гаргаад өгье” гэж хохирогч Э.Эод бас худлаа хэлээд 2 жил гаруй хугацаанд экспортлох үйл ажиллагааг саатуулсан учраас хохирогч Э.Эын хувьд 378 тонн нүүрсний үнэ болох 24.000.000 төгрөгийг ялтан Д.Даас нэхэмжлэн авах нь хууль ёсны үйлдэл юм. Тиймээс 378 тонн нүүрсний үнэ болох 24.000.000 төгрөг нь 2017 онд батлагдсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд заасан “Гэмт хэргийн хохирол, хор уршиг” буюу уг зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэмт хэргийн хор уршиг”-т зайлшгүй орох ёстой гэж хохирогч Э.Эын өмгөөлөгчийн хувьд үзэж байгаа юм. Хохирогч Э.Э нь ялтан Д.Дд зөвхөн экспортоор гаргах гэж байсан нүүрсний мөнгөө залилуулснаас гадна түүнд алт угаах төхөөрөмж болох скрүберийн үнэ болох 30.000.000 төгрөгийг мөн залилан мэхлүүлж алдсан байдаг. Тиймээс 2018 онд буюу одоогоос 3 жилийн өмнө анх Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтэст Д.Дд холбогдуулан өргөдөл, гомдол гаргах үедээ энэ тухай маш тодорхой дурдаж, түүний хууль бус үйлдлийг мөрдөн шалгаж өгөхийг цагдаагийн байгууллагаас хүсэж байсан. Гэвч Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтэс нь Д.Ды энэхүү хууль бус, гэмт хэргийн шинжтэй үйлдлийг огт мөрдөн шалгалгүй 3 жилийн хугацааг өнгөрүүлсэн. Харин одоогоос 2 жилийн өмнө буюу 2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр мөрдөгч Баасанжаргал нь хохирогч Э.Эоос мэдүүлэг авсан ба тухайн үед “скрүберийн асуудал дээр гомдол санал байхгүй. Энэ асуудлаар иргэний шүүхэд хандахаар болсон.” гэсэн мэдүүлгийг өгсөн. Яагаад ийм мэдүүлэг өгсөн гэвэл тухайн үед буюу 2019 оны 1 дүгээр сард Д.Д гэгч нь хохирогч Э.Э руу “Би таны скрүберийг хөдөө уурхайгаас Улаанбаатар хот руу авчраад, Гурвалжингийн гүүрний баруун хойд талд байршилтай “Төмөрт транс” ХХК-ийн хашаанд тавьчихсан шүү. Тиймээс та тэнд очоод скрүберээ авчхаарай” гэж хэлсэн. Нэгэнт Д.Д нь ийм үг хэлсэн, мөн тухайн үед түүний хэлсний дагуу хохирогч Э.Э нь Гурвалжингийн гүүрний баруун хойд талд байршилтай “Төмөрт транс” ХХК-ийн хашаанд очиж үзэхэд түүний хэлсний дагуу скрүбер нь тухайн хашаанд бодитойгоор байсан тул түүний үгэнд бас л итгэж цагдаагийн байгууллагад дээрх мэдүүлгийг өгсөн байдаг. Гэтэл 2021 оны 5 дугаар сарын эхээр Э.Э руу дээрх хашааны манаач гэх хүн утасдаж “Таны скрүберийн гинж нь алга болсон байна.” гэж хэлсний дагуу очиж, алдагдсан гинжийг асуухад Батбаяр гэдэг хүн авсан гэх сураг гарсан. Ингээд хохирогч Э.Э нь Батбаяр гэх хүний утасны дугаар болох - дугаарыг олж аваад, утасдаж асуухад “Би өөрийг чинь мэдэхгүй юм байна. С гэдэг хүн энэ скрүберийг анх тавиулсан. Тийм болохоор С гэдэг хүнтэй ярь” гэж С гэх хүний дугаарыг өгсөн байдаг. Улмаар Э.Э нь С гэдэг хүний - дугаар луу залгаж ярихад “Би тэр Д гэх хүнийг чинь танихгүй ээ. Болдбаатар гэдэг хүнээс би авсан юм аа” гэж хариулахаар нь “Тэгвэл Болдбаатар гэдэг хүнийхээ утасны дугаарыг өгчих” гэж хохирогч Э.Э хэлээд, тэр хүний утасны дугаарыг авсан. Ингээд тэрээр Болдбаатар гэдэг хүний утасны дугаар болох - руу залгаж асуухад нөгөө хүн нь “Би наадах скрүберийг чинь Д.Даас өрөндөө авсан юм аа. Шүүхийн шийдвэрийн дагуу би Д.Даас мөнгө авах ёстой юм. Тиймээс энэ миний скрүбер, чамд хамаагүй” гэж хэлсэн байдаг. Эндээс дүгнэлт хийхэд Д.Д гэгч нь бас л хохирогч Э.Эод “Та 30.000.000 төгрөг зээлчих. Би тэр мөнгөөр чинь скрүбер худалдаж авах гэсэн юм. Тэгээд хөдөө уурхайд очоод энэ төхөөрөмжийг ашиглаад их хэмжээний мөнгө олно. Тэр мөнгөө хоёулаа 50, 50 хувиар хувааж авъя” гэж хэлээд, одоогоос 6 жилийн өмнө буюу 2015 онд анх 30.000.000 төгрөг зээлсэн байдаг. Гэвч үүнээс хойш тэрээр хохирогч Э.Эод зээлсэн 30.000.000 төгрөгөө ч өгөөгүй, мөн скрүбер хэрэглэсний ашиг гэж нэг ч төгрөг өгөөгүй учраас хохирогч Э.Э нь Д.Дд “Би ер нь чамаас скрүберээ авъя” гэж шаардаж эхэлсэн байдаг. Улмаар Д.Д гэгч нь 2018 оны 8 дугаар сард хохирогч Э.Э руу утасдаж “Би таны скрүберийг хөдөө уурхайгаас Улаанбаатар хот руу авчраад, Гурвалжингийн гүүрний баруун хойд талд байршилтай “Төмөрт транс” ХХК-ийн хашаанд тавьчихсан шүү. Тиймээс та тэнд очоод скрүберээ авчхаарай” гэж хэлсэн байдаг. Ингээд 2018 оны 8 дугаар сараас хойш 2021 оны 5 дугаар сар хүртэл хохирогч Э.Э нь Д.Д гэгчийн дээрх үгэнд итгэж явсан боловч тэрээр дахин хохирогч Э.Эыг залилан мэхэлсэн учраас түүний хувьд удаа дараа энэ хууль бус үйлдлийг мөрдөн шалгаж өгөхийг цагдаа, прокурорын байгууллагуудаас удаа дараа хүсэж байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин цагдаагийн байгууллагаар шалгуулахаар прокурорт буцааж шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч Д.Д давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2021 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021/ШЦТ/511 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн бөгөөд мөрдөн байцаалтын шатнаас буюу анхнаасаа гэм буруу дээр маргаагүй. Анхан шатны шүүх хуралдаанаар тогтоогдсон 25.888.000 төгрөгийг төлж барагдуулсан ба гэмт хэрэгт холбогдсондоо маш их гэмшиж байна. 2021 оны 3 дугаар сарын 7-ны өдөр эцэг Ч.Д маань нас барсан. Одоо эх Р.Энхтуяатай хамт амьдарч байна. Эх Р.Энхтуяа нь автомашины осолд орж байснаас үүдэн тархины хагалгаанд орсноос болж толгой нь байнга өвдөж, даралт нь маш өндөр, баримжаа алддаг, зүрх судасны дутмагшилтай, биеийн болон сэтгэл зүйн байдал нь хүнд байгаа. Миний бие дахин гэмт хэрэгт холбогдохгүй гэдгээ амлаж байна. Иймд миний хохирлоо төлсөн болон ар гэр, хувийн байдлыг минь харгалзан үзэж хорихоос өөр хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч Д.Ды өмгөөлөгч Х.Гантулга давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Д.Д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг ба хохирогч Ц.С, Ч.Э нарын хохирлыг бүрэн нөхөн төлсөн. Хохирогч Б.Цад 39.000.000 төгрөг, хохирогч Э.Эод 16.000.000 төгрөгийг тус тус төлсөн бөгөөд үлдэх 25.887.800 төгрөгийг дээрх хоёр хохирогчид төлөхөөр заасан. Хохирлын хувьд анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн бодит хохирлыг үндэслэлтэй зөв тооцож гаргасан гэж үзэж байна. Шүүгдэгч Д.Д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүх үндэслэлтэй шийдвэрлэсэн. Шүүгдэгч гэм буруу дээрээ анхнаасаа маргадаггүй. Шүүгдэгч Д.Ды эцэг нь өвчний учир нас бараад удаагүй, эх нь сэтгэл санааны болон эрүүл мэндийн хувьд хүнд байдалтай энэ үед шүүгдэгч Д.Д нь хорих ялаар шийтгүүлсэн нь түүнд болон ар гэрийнхэнд нь хүндээр тусч байна. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасны дагуу бүрэн төлж барагдуулсан. Шүүгдэгч Д.Ды хувийн байдал болон гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрөө барагдуулсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзнэ үү. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан торгох, хорих ялын санкцаас түүнд оногдуулсан хорих ялыг торгох ял болгож сольж хөнгөрүүлж өгнө үү. Мөн миний үйлчлүүлэгч энэ хэрэгтээ 61 хоног цагдан хоригдсон ба шийтгэх тогтоолын тодорхойлох нь хэсэгт 59 хоног, тогтоох хэсэгт 25 хоног гэж тус тус цагдан хоригдсон хоногийг зөрүүтэй тооцсоныг залруулж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч Д.Ды өмгөөлөгч Л.Мөнхтөр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 4 дүгээр заалтад цагдан хоригдсон хоногийг буруу тооцсон. Шүүгдэгч Д.Д нь энэ хэрэгтээ 61 хоног цагдан хоригдсон ба шийтгэх тогтоолын тодорхойлох нь хэсэгт 59 хоног, тогтоох хэсэгт 25 хоног гэж тус тус цагдан хоригдсон хоногийг зөрүүтэй тооцсоныг залруулж өгнө үү. Шүүгдэгч Д.Д нь үйлдсэн хэргээ мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд үнэн зөвөөр нь мэдүүлж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Бусдад учруулсан хохирлын 55.2 хувийн мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд төлсөн. Анхан шатны шүүхээс шийдвэр гаргахдаа хохирогч Б.Цад 20.300.000 төгрөг, хохирогч Э.Эод 5.587.000 төгрөг төлөхөөр шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хуралдааны өмнө төлж барагдуулсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн. ...” гэж, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...шүүх энэ зүйлд заагаагүй онцгой нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болно. ...” гэж тус тус заасан. Шүүгдэгч Д.Д нь 63 настай, эх Энхтуяагийн хамт амьдардаг. Эцэг нь 2021 оны 3 дугаар сарын 7-ны өдөр өвчний улмаас нас барсан бөгөөд эх Энхтуяагийн хувьд маш хүнд байдалтай байгаа. Үүнтэй холбоотой баримтуудаа Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргаж өгсөн. Хорооны тодорхойлолт, шүүгдэгч Д.Ды эхийнх нь иргэний үнэмлэхний хуулбар, эцгийнх нь нас барсны гэрчилгээ, мөн 2 хохирогчид хохирол төлбөрийг барагдуулсан төлбөрийн баримтуудыг гаргаж өгсөн. Гэм хорын хохирлоо арилгаж, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа. Ар гэрийн гачигдалтай байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “... энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээш хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах. ...” гэж заасан. Хорих ялын доод хэмжээний хоёрны нэгийн 50 хувь буюу хорих ялыг 1 жил болгож өөрчлөлт оруулах, цагдан хоригдсон хугацааг 61 хоногоор өөрчлөлт оруулах хүсэлтэй байна. Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд ялтай байдал гэсэн зохицуулалт байхгүй учраас хүндрүүлэн үзэх нөхцөл байдал байхгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана. ...” гэж заасан. Өөрөөр хэлбэл хохирогчийн давж заалдах гомдолд байгаа 378 тонн нүүрс, 30.000.000 төгрөгийн үнэ бүхий скрүбер авсан талаар прокурорын яллах дүгнэлтээр үйлдэгдэж орж ирээгүй. Энэ хэргийн мөрдөн шалгах ажиллагаагаар шалгаад гэмт хэрэг гэж үзээгүй. Уг 378 тонн нүүрсний тухайд Улсын Ерөнхий прокурорт хүртэл гомдол гаргаж явсан байдаг. Улсын Ерөнхий прокуророос гомдлыг нь хангах үндэслэлгүй байна гэж шийдвэрлэсэн. Уг 378 тонн нүүрсний тухайд гэрээ хэлцэл нь “Френд ресорс” ХХК, Э.Э, “Лонг жоб импорт энд экспорт” гэсэн компаниудын хооронд нүүрс борлуулалтын гэрээ хийгдсэн. Энэ нүүрс тээвэрлэх, борлуулах асуудалд шүүгдэгч Д.Д гэрээ байгуулж оролцоогүй. Хятадын тал болон Э.Э, Э нар бүгдээрээ уулзаж гэрээ байгуулж, гэрээний дагуу Даланжаргалан суманд очсон байдаг. Тэрхүү нүүрсийг Э.Э өөрөө хүлээн авсан. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт Э.Э мэдүүлэхдээ “...зардал мөнгөн дээрээ гацаанд орсон. Тэгээд хадгалалтын зүйлийг хийж чадаагүй. ...” гэж өөрөө мэдүүлсэн. Шүүгдэгч Д.Д “...Би Э.Эод 378 тонн нүүрсийг хүлээлгэж өгөөгүй. Хүлээлцсэн баримт байхгүй. ...” гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн. Эдгээр байдлуудаас үзэхээр 378 тонн нүүрстэй холбоотой асуудал ерөөсөө тогтоогдоогүй. 30.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалт санхүүжилтийн 2017 оны 6 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан гэрээ байгаа. Энэхүү гэрээний дагуу Д.Д нь тоног төхөөрөмж авах үүрэг хүлээсэн байдаг. Үүний дагуу 30.000.000 төгрөгөөр скрүбер авсан. Иймд залилан мэхлэх гэмт хэргийн шинжгүй учраас прокуророос яллах дүгнэлтэд оруулаагүй. Иймд хохирогч Э.Э болон түүний өмгөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

            Прокурор Н.Ням-Очир тус шүүх хуралдаан гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Д.Д нь 378 тонн нүүрсийг “зарж өгнө” гэж хэлсэн болохоос яг зарахаар болж эрх шилжүүлэх гэрээ хийгдэж, эд хөрөнгийг нь өөртөө авсан зүйл байхгүй. Иймд 24.000.000 төгрөгийг шүүхээс хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй ба 30.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалтын дагуу эд зүйлээ авсан байдаг. Үйл ажиллагаа явуулсан. Үүний дагуу ашиг олсон, олоогүй асуудал нь иргэний эрх зүйн асуудал бөгөөд залилан мэхлэх гэмт хэргийн шинжгүй гэж үзэж байна. Шүүгдэгч Д.Ды өмгөөлөгчийн гаргасан тайлбартай санал нийлж байна. Цагдан хоригдсон хоногийг зөвтгөж өгнө үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан гэм буруугийн зарчмын хувьд энэ хэрэг 2018 онд нээгдэж өдий хүртэлх шалгагдах хугацаанд хохирол төлбөр төлөгдөөгүй байсан. Харин шүүгдэгч Д.Д хорих ял авсны дараа хохирол төлбөр төлөгдөж байгаа нь гэм буруугийн зарчимтай нийцэхгүй байна. Бусдад өөрийнхөө хариуцлагыг хүлээлгэж байна гэж үзэж байна. Иймд шүүхээс шүүгдэгч Д.Дд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх саналтай байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Д.Д нь иргэн Б.Цаас Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн хооронд “Монполимет ХХК-тай эфель, гааль угаах гэрээ байгуулах гэж байгаа, гэрээний урьдчилгаанд мөнгө хэрэгтэй байна.” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, нийт 54.300.000 төгрөг буюу их хэмжээний хохирол учруулан залилсан,

2018 оны 2 дугаар сард Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 25-ын өртөөний хажуугаас иргэн Э.Эын эзэмшлийн 247 тонн 4 вагон нүүрсийг БНХАУ-ын иргэн Б.Эээс 39.140.000 төгрөгийг шилжүүлэн авч, тээвэр зуучийн компанид 11.636.000 төгрөгийг шилжүүлэн хохирогч Э.Эод өгөх ёстой байсан 247 тонн нүүрсний үнэ буюу 21.587.800 /1 тонн нүүрсийг 230 юаниар худалдахаар тохирсон, тухайн үед 1 юань 380 төгрөг/ төгрөгийг залилсан,

2019 оны 10 дугаар сарын 2-ны өдөр - тоотод иргэн Ц.Ст “өөрийн найзын “Приус 30” маркийн автомашиныг зээлсэн 1.000.000 төгрөгтэй нийлүүлээд 11.000.000 төгрөгт бодож зарна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 10.000.000 төгрөгийг Хаан банкны - дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

Ч.Этой “Сэлэнгэ аймагт бичил уурхай нээж хамтарч ажиллая, Дархан-Уул аймгийн “Магнай Трейд” ХХК-иас түлш зээлээр авна, насос таньдаг хүнээсээ хямд авч өгнө.” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг эвдэж, 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Ганхуяг гэх хүний Хаан банкны - тоот дансаар 1.000.000 төгрөг, Ө гэх хүний Хаан банкны - тоот дансаар 2.000.000 төгрөг, 2019 оны 7 дугаар сарын 4-ний өдөр өөрийн эхнэр болох Золзаяагийн Хаан банкны - тоот дансаар 4.500.000 төгрөгийг буюу нийт 7.500.000 төгрөг залилж авсан буюу 4 удаагийн үйлдлээр 4 хохирогчид нийт 93.387.800 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Цын “...Би ... “Бишрэлт” буудалд найз болох Дтай хоол идэж байхад “...”Монполимет” ХХК-тай Заамарт байх хуучин үйлдвэрийн эфель, гааль угаах гэрээ байгуулах гэж байна, гэрээний мөнгө 50.000.000 төгрөг хэрэгтэй байна, чи надад энэ мөнгийг өгөөд техник хэрэгслээ энэ эфель гааль дээр ашиглаад ашгийг нь авч надад хувь өгчих” гэсэн санал тавьсан. Тэгэхээр нь би “надад бэлэн 50 сая төгрөг байхгүй байна, ойрын хугацаанд цувуулаад өгье” гэж хэлсэн чинь “за тэгье” гээд би барилгачдын талбай дээр байх Төрийн банк руу ороод данснаасаа 28 сая төгрөгийг авч өгсөн. Тэгээд 2018 оны 7 дугаар сард үндэсний их баяр наадам болохоос 2 хоногийн өмнө байх хэдэн сая төгрөг өгч, 8 дугаар сард үлдсэнийг нь өгсөн. ...” /1хх 65/,

гэрч Т.Мөнхтунгалагийн “...Манай “Монполимет” ХХК нь барилга, барилгын материалын үйлдвэрлэл, уул уурхай, харуул хамгаалалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Д, Түвшинжаргал гэх хүмүүсийг танихгүй. Энэ хүмүүс манай компанитай ямар нэгэн гэрээ хэлэлцээр хийж байгаагүй ба хувь хүмүүстэй хамтран ажилладаггүй. Мөн манай компани нь гааль, эфель угаах гэсэн иймэрхүү төрлийн ажил хийдэггүй. Бичил уурхайчид байдаггүй, өөрсдөө лицензтэй талбайтай. Манай компани нь аж ахуйн нэгж хуулийн этгээд, эрх бүхий байгууллагуудтай гэрээ байгуулдаг болохоос хувь хүнтэй гэрээ байгуулдаггүй учраас 50 сая төгрөгийн гэрээ хийсэн асуудал байхгүй. ...” /1хх 74/,

хохирогч Э.Эын “...Д.Дыг наймаа хийх гэж байна гээд байсан болохоор “нүүрс авдаг Хятад байна уу” гээд асуусан чинь “таньдаг Хятад байгаа би удахгүй танилцуулна” гэсэн. Тэгээд 2018 оны 1 дүгээр сарын үед Д намайг Э гэж эмэгтэйтэй танилцуулсан. Тэгээд Э нь нүүрс авахаар болоод би Эт 3000 тонн нүүрс Дорноговь аймгийн Даланжаргалан сумаас зарахаар болсон. Нэг тонн нүүрсийг нь 230 юаниар зарахаар болж гэрээ хийсэн. Тэгээд 2018 оны 2 дугаар сарын дундуур манай нүүрсийг тээвэрлэх ёстой “Глобал ложистик” тээвэр зуучийн компани нь 4 вагон буюу 247 тонн нүүрсийг Хятад улс руу ачуулсан. Тэгээд би 4 вагон нүүрсний мөнгийг нүүрс ачуулснаас хойш Эээс асуухад “Д.Дд таны нүүрсний мөнгө болох 39.140.000 төгрөгийг өгсөн, танд өгөөгүй юм уу, танд өгнө гэж хэлээд авсан шүү дээ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Дтай утсаар холбогдоод “мөнгө өг” гэхэд “интернет болохгүй байна, би хөдөө байна, одоо шилжүүллээ” гэж хоёр хоносон. ...247 тонн 4 вагон нүүрс болдог ба би гэрээний дагуу 4 вагон нүүрсээ ачуулаад түүний үнэ болох 21.587.800 төгрөгийг Эээс авах ёстой байсан. Гэтэл надад ирэх ёстой байсан мөнгийг замаас нь Д Эээс авсан байсан. Д надаас 30.000.000 төгрөг авч алт олборлоход Скрубер гэдэг тоног төхөөрөмж авна гэж байсан. Үүнээсээ олсон ашгийг миний бие 60 хувь, Д 40 хувь авна гэж байсан. Уг 30.000.000 төгрөгөөр Скрубер гэх төхөөрөмж авсан ба Гурвалжингийн гүүрний хойд талд “Төмөр транс” компанийн хашаанд байгаа. Энэ асуудал дээр санал, гомдол байхгүй тул Иргэний шүүхэд хандахаар болсон. ...” /1хх 247-246/,

гэрч Б.Оюунгэрэлийн “...Хоёрдугаар сарын 5-наас 6-ны өдрийг хүртэл тээврийг зохион байгуулахаар тохиролцсон. Тээврийг зохион байгуулаад Олон овоот нүүрсний 8 дугаар зам дээр буулгасан. 625.25 тонн нүүрсийг ачилтын талбай дээр буулгачхаад вагон ачилтынхаа захиалгыг өгсөн байдаг. Тэр гэрээ бол хийгдсэн байдаг. Тэрний дараа бид нар ачилтыг зохион байгуулаад тээврийн хөлсөө Төмөр замын дансанд хийсэн байх ёстой байдаг. ...Хоёрдугаар сарын 9-ны өдөр 4 вагон тавигдаж, 247.4 тонн төмөр замын вагон ачсан. ...Тээврийн хөлс мөнгийг Д гэдэг хүнд өгсөн гэж хэлсэн. Бид нар энэ мөнгийг удаах ёсгүй. Энэ хүнд өгсөн гээд байна. Би “яаж бэ” гэж Эоос асуусан. Д.Д над руу 10.000.000 төгрөг өгсөн. Тэгээд “Э ах би чам руу мөнгө шилжүүлнэ, чи Д.Даас надад авч өгөөрэй” гэж хэлсэн. Тэгээд би тэр вагоны асуудлыг шийдсэн. Тэгээд дараа нь Д 1.600.000 төгрөгийг өгөөд дараа нь 10.000.000 төгрөгийг өгсөн гэсэн. ...Би Д, Э гэх хүмүүсийг танихгүй 2018 оны 2 дугаар сард цагаан сарын өмнөхөн байсан санагдаж байна. Э гэх хүн миний утас руу би уурхайгаас нүүрс оруулж ирээд Эрээн хот руу гаргах юм би БНХАУ-ын компанитай гэрээ хийсэн байгаа чи тээвэрлэлтийг нь хийгээд өгөөч гэсний дагуу манай компани тээвэрлэхээр болсон. Тэгээд удалгүй Д гэх хүн миний утас руу залгаад уулзъя гэхээр нь би Дэлгарсайхантай Улаанбаатар их дэлгүүрт уулзаад манай компанийн талаар мэдээлэл аваад тээвэрлэлт яаж хийдэг вэ гэж асуугаад явсан. Түүнээс 10 гаруй хоногийн дараа би Эын захисны дагуу ачилтыг эхлүүлж уурхайгаас нүүрс тээвэрлэн төмөр замын талбай дээр буулгаад 10 вагон зогсоогоод 7 дахь вагоноо ачиж байгаад Э рүү “тээврийн хөлсөө өг” гээд залгахад “түр хүлээж байгаарай одоохон” гэж хэлээд нилээд удсан тэгээд би удаад байхаар нь би вагоноо эргээд буулгалаа гэж Эт хэлэхэд “би Дд 37.000.000 төгрөг өгсөн байгаа энэ мөнгөөр тээвэрлэлтийн хөлсийг хийгээд явах болно” гэж хэлж байсан. Тэгээд 2018 оны 2 дугаар сарын 8-ны өдөр, Дтай яриад “чамд Э их хэмжээний мөнгө өгсөн гэж ярьж байна, чи тээвэрлэлтийн хөлсийг нь хийгээч ээ” гэж хэлсэн чинь дансны дугаараа өгчих гэхээр нь би өөрийн дүү Оюунтүлхүүрийн дансны дугаарыг өгөөд “энэ данс руу яаралтай шилжүүл гэсэн” чинь Даас эхлээд 1.636.000 төгрөг, маргааш нь буюу 2018 оны 2 дугаар сарын 8-ны өдөр 10.000.000 төгрөг шилжүүлж байсан. ...” /2хх 4/,

хохирогч Ц.Сын “...2019 оны 10 дугаар сарын 1-ний өдөр Д.Д гэж хүн “...”Тоёота Приус 30” маркийн авто машин зарна. ...” гэж Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 466 байрны гадаа ирж үзүүлсэн. Тэгээд уг машин нь надад таалагдсан учир авахаар тохирсон. 2019 оны 10 дугаар сарын 2-ны өдөр манай аав Цэвэгжав над руу яриад “машиныхаа мөнгийг Д шилжүүлэх гэж байна” гэхээр нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 466 байрны 9 тоот гэрээсээ гар утасны интернет банк ашиглан өөрийн - дугаарын Хаан банкны данснаас - дугаарын Л.Батсайхан гэж нэртэй хүний Хаан банкны данс руу 10 сая төгрөгийг шилжүүлсэн. Мөнгө шилжүүлснээс хойш Д.Д “одоо машиныг чинь авч очих гэж байна” эсвэл “мөнгийг чинь буцаагаад өгье, Хятад улсаас хөрөнгө оруулалт орж ирж байгаа” гэж худлаа ярьж явсаар өдий хүрсэн. 2020 оны 1 дүгээр сарын 21-ний үед Дыг олж уулзаад “мөнгөө өг, өгөхгүй бол унаж байгаа машиныг чинь авна” гэхэд орой нь манай аавын данс руу 5 сая төгрөг шилжүүлсэн. ...” /2хх 205/,

гэрч С.Цэвэгжавын “...2019 оны 5 дугаар сард Д.Дыг манай нутгийн дүү болох Ч.Э анх лам гэж танилцуулж байсан. Тэгээд би Даар ламын үйл хийлгэж ном уншлага уншуулдаг байсан надтай Д, Э 2 цугтаа 2, 3 удаа ирж уулзаж ажил төрөл яриад явдаг байсан. ...Д.Д надаас “мөнгөний хэрэг болчихлоо, 1 сая төгрөг зээлээч 3, 4 хонуулаад буцаагаад өгье” гэж хэлсэн. Тэгээд би эхнэртэйгээ яриад эхнэрийн дансаар Д.Ды өгсөн данс руу шилжүүлсэн. Үүнээс хойш өгөхгүй 1 сар хиртээ болохоор нь мөнгөө нэхэж уулзсан. Тэгсэн Д.Д “удахгүй мөнгөтэй болчихно, тэгээд өгнө, санаа зоволтгүй ах” гэж хэлсэн. Тэгээд маргааш нь ... ирж уулзсан. Тэр шалтгаан нь манай хүү С “машинаа зараад бензин бага иддэг машин авмаар байна” гэсэн учир би Д.Дд “хүүгийнхээ машиныг зараад жижиг тэрэг авах гэсэн юм, таарамж тохиромж нь хэр байна” гэж лам болохоор нь асуусан юм. Тэгсэн чинь эрхээ татаж үзээд “асуудалгүй болох юм байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би хүүтэйгээ ярилцаж тохиролцоод хүүгийн машиныг зараад бензин бага иддэг машин авахаар болсон тэгээд хэд хоногийн дараа Д.Д “та яасан машинаа зарсан уу, машинаа олсон уу” гэж асууж над руу утсаар ярьсан. Тэгэхээр нь би “зарсан, одоо хэдэн төгрөг байгаа, түүнд нь бензин бага иддэг машин авна” гэж хэлсэн. Тэгсэн Д.Д “манай найзад “Приус 30” байна, би тэрийг аваад өгье” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “ахынх нь мөнгө “Приус 30” авч хүрэхгүй, манай хүүд 10 сая төгрөг л байгаа” гэж хэлсэн. Тэгсэн чинь Д.Д “би танд өгөх 1 сая төгрөгтэй нийлүүлээд 11 сая төгрөгт аваад өгчхөж чадна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “манай хүүд машинаа үзүүлчих” гэж хэлсэн чинь Д.Д манай хүүд гэрт ирж үзүүлсэн байсан. Тэгээд машиныг авахаар болоход дахиад над руу 3, 4 машины зураг явуулж, “аль нэгийг нь сонгоод өгчих” гэсэн. Би “сонгочихлоо та мөнгөө шилжүүлчих” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “чи машинаа авчирч өгөөд мөнгөө ав” гэж хэлсэн чинь маргааш нь дахиж яриад “энэ миний найдвартай найз, бичиг баримтыг нь шилжүүлэх 2 өдөр хүүхэд зөөх ажилтай байна, яагаад мөнгөө авах гэж байгаа вэ гэхээр манай найз байрны зээл төлөх гэж байгаа юм, би танд баталгаа өгч байна” гэсэн тэгэхээр нь “5 сая төгрөг шилжүүлье “гэсэн чинь Д.Д “би танд баталгаа болж байгаа юм чинь та нэг мөр 10 сая шилжүүлчих” гэж хэлсэн. Тэгэхээр нь итгээд хүү рүүгээ яриад “10 сая төгрөг шилжүүлчих” гэж хэлсэн. Тэгээд манай хүү өөрийнхөө дансаар шилжүүлсэн. Үүнээс хойш машинаа өгөхгүй янз бүрийн шалтгаан хэлсээр байгаад 1 сар болсон. Тэгээд би 2020 оны 1 дүгээр сард Д.Ды хүүхдийнх нь сургууль дээрээс хүүхдээ авах гэж байхад нь барьж аваад, унаж явсан машиныг нь барьцаалж аваад гэрийнхээ гадаа тавьсан чинь маргааш нь 5 сая төгрөгийг нь авчирч өгөөд “үлдэгдэл мөнгийг нь маргааш өгчихье, мөнгө хайхаар машин хэрэг болж байна” гэхээр нь би 5 сая төгрөгөө авсан учир үлдэгдэл мөнгийг нь өгчих байх гэж бодоод машиныг нь өгөөд явуулснаас хойш ямар ч сураггүй болсон. ...” /2хх 208/,

хохирогч Ч.Эын “...Д надад “Сэлэнгэ аймагт бичил уурхай нээе” гэж хэлсэн. Тэгээд өөрөө биеэрээ шалгасан гээд зураг явуулаад байсан. Тэгэхээр нь би зөвшөөрч шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг худалдаж авсан. Тэгээд “түлшээ хотоос авахад их зардал гарах юм байна, би Дархан-Уул аймагт “Магнай трейд” ХХК-иас түлшээ авъя, миний таньдаг хүн байгаа” гэж хэлэхээр нь 3.000.000 төгрөгийг 2 хувааж 2 хүний данс руу хийсэн. Би тоног төхөөрөмжөө бэлдэхээр болж, усны насос авахаар болоход “миний таньдаг Өвөр монгол байгаа” гэж хэлсэн. Тэгээд насосыг 4.500.000 төгрөгөөр авахаар боллоо Д.Ды хэлсэн данс руу 4.500.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд удалгүй Сэлэнгэ аймаг руу явах болоход Д.Д худлаа хэлээд байсан. Тэгэхээр нь уг ажлыг больсон. Мөнгөө түүнээс нэхэхэд “20 тонн түлш авсан, түлшээ Таван толгой руу шахах гэж байна” гээд өгөөгүй өдий хүрлээ. ...” /Зхх 17/,

Шүүгдэгч Д.Ды яллагдагчаар өгсөн “...Би танил Цтай уулзаад Булган аймгийн Бүрэгхангай сум руу техник тоног төхөөрөмж зөөвөрлөхөөр болоод 2017 оны 7 дугаар сарын эхээр санагдаж байна. Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт орших Занабазарын музейн урд ... Төрийн банкны тооцооны төв дотор уулзаад бэлнээр 28.000.000 төгрөг авсан. Түүнээс хойш буюу 2017 оны 7 дугаар сарын 7-ны өдөр дахин Цтай холбогдоод “зардлын мөнгө хэрэгтэй байна” гэж хэлээд өөрийн Хаан банкны дансаараа 6.000.000 төгрөгийг авсан. 2017 оны 8 дугаар сарын 3-ны дахин Цтай холбогдоод 1.000.000 төгрөг нэмж авч байсан. Тэгээд Цаас авсан мөнгөө төлж барагдуулсаар яваад хамгийн сүүлийн төлбөр болох 10.900.000 төгрөгийг 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр төлж барагдуулсан. Одоо ямар нэгэн тооцоо байхгүй. ...Дараа нь 2018 оны 2 дугаар сарын 7-ны өдөр Э гэх Өвөр Монгол эмэгтэй Э нарын хооронд хийгдсэн гэрээнийх нь дагуу “нүүрс тээвэрлэх вагон байна уу” гэж надаас асуухаар нь би “төмөр замд ажилладаг хүнтэй яриад өгье” гэж хэлсэн гэтэл Э би вагоных нь төлбөрийг чиний данс руу шилжүүлье гэхээр нь өөрийн Хаан банкны дансаараа 39.140.000 төгрөгийг авсан. Тэгээд энэ мөнгөнөөс тээвэр зуучийн газрын ажилтан Оюунгэрэл гэх эмэгтэйд 12.000.000 төгрөг шилжүүлсэн. Одоо Эээс авсан дээрх мөнгөний үлдэгдэл болох 22.000.000 төгрөгийг 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Батжаргалын Батчимэг гэх хүний Хаан банкны - дугаартай данс руу шилжүүлэн өгч төлж барагдуулсан. ...Би 2019 онд “Приус-30” машин зарах гэж байсан юм. Гэтэл миний танил С худалдаж авахаар болоод 2019 оны 10 дугаар сарын 2-ны өдөр “...”Приус-30” машины мөнгө” гэж хэлээд миний Хаан банкны данс руу 10.000.000 төгрөг шилжүүлэн өгсөн. Тэгээд дараа нь Ст тухайн машинаа аваачаад өгтөл задалж үзэж байгаад “өө гэмтэлтэй машин байна” гэж хэлээд худалдаж авахаа болиод “мөнгөө авъя” гэж хэлсэн. Тухайн үед би машины эзэн буюу найздаа мөнгийг нь өгчихсөн байсан. Гэтэл 2019 оны 11 дүгээр сард санагдаж байна найзаас 5.000.000 төгрөгийг нь эргүүлээд авсан байсан. Тэгээд үлдсэн 5.000.000 төгрөгийг нь 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Ст бэлнээр төлж барагдуулсан. Одоо ямар нэгэн хохирол байхгүй. ...2019 оны 5 дугаар сард мөн адил Этой хамтраад бичил уурхай нөхөн сэргээлтийн ажлыг хамтарч хийхээр тохиролцоод хөдөө гадаа явж байсан. Тэгээд тухайн ажилд маань мөнгө хэрэгтэй болоод Эоос 2019 оны 7 дугаар сард 3.000.000 төгрөг авсан, дараа нь 8 дугаар сард усны насосын мөнгө хэрэгтэй болоод 4.500.000 төгрөг авсан. Нийтдээ 7.500.000 төгрөг авсан байсныг 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр төлж барагдуулсан. Одоо ямар нэгэн хохирол төлбөр байхгүй. Худал мэдүүлэг өгсөн, хуурамч баримт бичиг ашигласан гэдэг хэрэг бол надад ямар нэгэн хамаагүй. Ашигт Малтмал газрын тосны газарт ажилладаг Мягмарсүрэнд 2.000.000 төгрөг өгсөн гэж худал мэдүүлэг өгсөн гэж байсан. Тухайн үед Есүхэйбаатар надаас гуйгаад байхаар нь гудамжинд явж байсан танихгүй хүнээс хоосон бланк аваад аваачиж өгч байсан. Надад ямар нэгэн хамааралгүй. Би хуурамч бичиг баримт үйлдэж ашиглаагүй. Би 2018 онд яллагдагчаар татагдсан байсан. Мягмарсүрэнд 2.000.000 төгрөг өгсөн нь худлаа гэдгээ мэдүүлэгтээ хэлсэн. ...” /4хх 246-247/ гэсэн мэдүүлгүүд,

мөнгө өгсөн баримт, орчуулга /1хх 215-221/, Хаан банкны дансны хуулга /2хх 217, Зхх 8/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Залилах гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулан үйлдсэн гэмт хэргийн шинж нь бусдыг хуурамч мэдээллээр төөрөгдүүлэх замаар, өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдэл төрүүлэх аргаар эд зүйлс, өмч хөрөнгийг өөрийн мэдэлдээ оруулан буцааж өгөхгүй ашиглах, захиран зарцуулах шинжтэй, уг гэмт хэргийн улмаас бусдад тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээний төгрөгийн хохирол учруулсан буюу их хэмжээний хохирол учруулсан байдгаараа онцлогтой бөгөөд шүүгдэгч Д.Ды үйлдэл нь дээрх шинжийг бүрэн хангажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч оролцогч нарыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Д.Д нь бусдыг хуурч, зохиомол байдал бий болгон өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан хэргийг их хэмжээний хохирол учруулан үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүгдэгч Д.Ды үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүхээс шүүгдэгч Д.Дд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон гэж үзэв.

Иймд шүүгдэгч Д.Ды “...Миний хохирлоо төлсөн болон ар гэр, хувийн байдлыг минь харгалзан үзэж хорихоос өөр хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү. ...”,

шүүгдэгч Д.Ды өмгөөлөгч Х.Гантулгын “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан торгох, хорих ялын санкцаас түүнд оногдуулсан хорих ялыг торгох ял болгож сольж хөнгөрүүлж өгнө үү. ...”,

шүүгдэгч Д.Ды өмгөөлөгч Б.Ганбаатарын “...Д.Дд оногдуулсан хорих ялыг торгуулийн ял болгон өөрчилж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно.” гэж заажээ.

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо гэмт хэргийн улмаас хохирогч нарт хэдэн төгрөгийн хохирол учирсныг, хэрэгт авагдсан хохирлын баримтуудыг бодитойгоор үнэлж, шүүгдэгч нарын хохирлын хэмжээний талаар дүгнэжээ.

Өөрөөр хэлбэл, хохирогч Э.Э нь нүүрс худалдах гэрээ хэлцэл хийсэн асуудал шүүгдэгч Д.Дд хамааралгүй бөгөөд түүний нэхэмжилсэн 378 тонн нүүрсний үнэ болох 24.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгт хамааралгүй гэж үзэн хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болсон байна.

Иймд хохирогч Э.Эын “...378 тонн нүүрсний үнэ 24 сая төгрөг болон түүнээс үүдэн олох байсан орлого банкны хүүгээр бодоход 130.000.000 гаруй төгрөгийн орлого олох байсан. ...Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү. ...”,

хохирогч Э.Эын өмгөөлөгч Б.Цолмонгийн “...Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин цагдаагийн байгууллагаар шалгуулахаар прокурорт буцааж шийдвэрлэж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хүлээн авах боломжгүй байна.

Давж заалдах шатны шүүхийн хувьд анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал, шинжлэн судлаагүй нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгох эрх хуулиар олгогдоогүй тул хохирогч Э.Э, түүний өмгөөлөгч Б.Цолмон нарын “Д.Дд алт угаах төхөөрөмж болох скрүберийн үнэ болох 30.000.000 төгрөгийг залилуулсан хэргийг шалгуулахаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаалгах” талаар бичсэн гомдол нь иргэд хоорондын хэлцэлтэй холбоотой асуудал тул хүлээн авах үндэслэлгүй байна.

Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо давж заалдах гомдол гаргахдаа нөхөн төлсөн зэрэг байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх эрх хэмжээг шүүхэд хуулиар олгосон.

Шүүгдэгч Д.Д нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хувийн байдал зэргийг харгалзан анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан 3 жилийн хорих ялыг хөнгөрүүлэн 2 жилийн хугацаагаар хорих ял болгон өөрчлөх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасантай нийцнэ гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Прокуророос яллагдагч Д.Ды үйлдсэн гэмт хэргүүдийг тус бүрт нь эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан бөгөөд хохирогч Б.Цыг залилсан гэх 181105570731 тоот хэрэгт нь нэгтгэн яллах дүгнэлт үйлдсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэж заажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлахад, шүүгдэгч Д.Д нь энэ хэрэгт нийт 61 хоног цагдан хоригдсон байхад анхан шатны шүүх 25 хоног гэж зөрүүтэй тооцсоныг зөвтгөх нь зүйтэй байна.

Дээрх үндэслэлээр шүүгдэгч Д.Ды өмгөөлөгч Х.Гантулгын гаргасан давж заалдах гомдлоос “...Миний үйлчлүүлэгч энэ хэрэгтээ 61 хоног цагдан хоригдсон ба шийтгэх тогтоолын тодорхойлох нь хэсэгт 59 хоног, тогтоох хэсэгт 25 хоног гэж тус тус цагдан хоригдсон хоногийг зөрүүтэй тооцсоныг залруулж өгнө үү. ...” гэсэн хэсгийг хүлээн авах үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Иймд шүүгдэгч Д.Ды өмгөөлөгч Х.Гантулгын гаргасан давж заалдах гомдлын “цагдан хоригдсон хоногийг зөрүүтэй тооцсоныг залруулах” гэсэн хэсгийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулж, хохирогч Э.Э, түүний өмгөөлөгч Б.Цолмон, шүүгдэгч Д.Д, түүний өмгөөлөгч Х.Гантулга, Б.Ганбаатар нарын гаргасан давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 2021/ШЦТ/511 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай. ...” гэж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дд оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. ...” гэж,

 шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад “...мөн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Ды хэрэгт цагдан хоригдсон 25 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Ды хэрэгт цагдан хоригдсон 61 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай. ...” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Ды өмгөөлөгч Х.Гантулгын гаргасан давж заалдах гомдлын “цагдан хоригдсон хоногийг зөрүүтэй тооцсоныг залруулах” гэсэн хэсгийг хүлээн авч, шүүгдэгч Д.Ды өмгөөлөгч Х.Гантулгын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, хохирогч Э.Э, түүний өмгөөлөгч Б.Цолмон, шүүгдэгч Д.Д, түүний өмгөөлөгч Х.Гантулга, Б.Ганбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д нь нийт 139 /зуун гучин ес/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцож, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад заасан 20.300.000 төгрөгийг Б.Цад, 5.587.800 төгрөгийг Э.Эод тус тус төлсөн болохыг тус тус дурдсугай.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 О.ЧУЛУУНЦЭЦЭГ

            ШҮҮГЧ                                                                                    Б.АРИУНХИШИГ

            ШҮҮГЧ                                                                                    Г.ЕСӨН-ЭРДЭНЭ