Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 30 өдөр

Дугаар  2021/ДШМ/1019

 

 

 

 

 

     2021            11           30                                           2021/ДШМ/1019                            

 

 

С.Тд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Д.Очмандах, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Сайнзаяа,

шүүгдэгч С.Т, түүний өмгөөлөгч Д.Батсүх,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 2021/ШЦТ/654 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Тгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 1905 03807 1177 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Т овогт Сгийн Т, ..... оны ... дугаар сарын ...-ны өдөр .......... аймагт төрсөн, .... настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, эгчийн хамт ..................... дүүргийн .... дугаар хороо, ................. дугаар гудамж, .... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:............................./;

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 401 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн.

Шүүгдэгч С.Т нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 9 дүгээр сарын 19-өөс 20-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Р” нэртэй зочид буудлын үүдэнд хохирогч Ц.Цийг зодож, эрүүл мэндэд нь хүнд зэргийн гэмтэл учруулсан буюу хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ. 

Баянгол дүүргийн прокурорын газраас: С.Тгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Т овогт Сгийн Тг “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Тг 2 /хоёр/ жил 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, С.Тд оногдуулсан 2 жил 8 сарын хугацаагаар хорих ялаас 2 /хоёр/ жилийн хорих ялыг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар өршөөн хасаж, түүний биечлэн эдлэх хорих ялын хугацааг 8 /найм/ сарын хугацаагаар тогтоож, түүнд оногдуулсан 8 сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, С.Т цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн цагдан хорьж, С.Т хохиролд 1.050.000 төгрөг төлсөн болохыг дурдаж, хохирогч Ц.Цийн энэ гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримт бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, хохирогч Ц.Ц гомдолтой гэснийг тус тус дурдаж, шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл С.Тг “цагдан хорьсон”-г хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч С.Т давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй орсон. Хохирогч Ц.Цт 1.047.893 төгрөгийг хохирол төлбөрт өгсөн боловч дахин 6.000.000 төгрөгийг нэхэмжилсэн. Нэхэмжлэлийг нотлох баримтгүй учир шүүх шийдвэрлэх боломжгүй гэж үзэн цаашид нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчийн хохирлыг ажил хөдөлмөр эрхлэн төлөх, алдаагаа засахад боломж олгож ялыг минь хөнгөлж өгөхийг хүсэж байна. Мөн өмгөөлөгчтэй давж заалдах хүсэлтэй байна. Хүсэлтийг минь хүлээн авна уу” гэжээ.

Шүүгдэгч С.Т тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Бичгээр гаргасан давж заалдах гомдлоосоо татгалзаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд шалгалгүй орхигдуулсан олон зүйл байгаа. Би Ц.Цтэй зодолдсон нь үнэн. Гэхдээ зодолдсон шалгаан маань Ц.Ц намайг буудалд оруулж архиар шахаж, ёс бусаар бэлгийн дур хүслээ хангах зорилгоор мөнгө санал болгож, намайг хүчирхийлэх гэж оролдсон юм. Ц.Цээс намайг таксины мөнгө нэхсэн, архи нэхсэн, хараасан гэж худлаа гүтгэсэн. Мөн Ц.Ц нь буудлын өрөөнд болж өнгөрсөн зүйлийн талаар огт мэдүүлээгүй бөгөөд архи уугаагүй, буудалд ороогүй гэх зэргээр худал мэдүүлж хууль зөрчсөн. Буудлын өрөөнд яг юу болсон талаар буудлын камер, буудлын үйлчлүүлэгч нарын бүртгэл, Ц.Цийн өөрийн Хаан банкны дансны хуулга, буудлын хүлээн авагч ажилтан эмэгтэй гэрчилнэ. Хэрэг учрал болсны дараа миний нүд хөхөрч, толгой хавдсан байсан боловч гэмтлийн зэрэг тогтоолгохоор шүүх эмнэлэгт үзүүлээгүй. Болсон явдлаас хойш 2 жил өнгөрсөн ч миний толгой одоо хүртэл өвддөг” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Батсүх тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч С.Т нь мөрдөн байцаалтад болон анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцсон. Мөн хэрэг болсон газар буудлын ажилтан, буудлын хажуу талын дэлгүүрийн худалдагч гээд гэрчүүд байсныг асуугаагүй. Зөвхөн хохирогч Ц.Ц, шүүгдэгч С.Т нарын мэдүүлгийг үндэслэж хэргийг шийдвэрлэсэн. Хэргийг дутуу шалгасан. Шүүгдэгч С.Тг хохирогч Ц.Ц оролдсон үйлдлийг шалгаагүй. Хохирогч Ц.Ц нь С.Тд мөнгө санал болгож ёс бус шаардлага тавьсан асуудлаас болж энэ хэрэг гарсан. Энэ гурван үндэслэлээр хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд буцааж өгнө үү” гэв.

 

Прокурор Ц.Сайнзаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч С.Т давж заалдах гомдлоосоо татгалзаж байна гэж ойлголоо. Шүүгдэгчээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах хүсэлт гаргаж байна. Шүүгдэгчийн дурдсан асуудлуудыг хангалттай шалгаж тогтоосон. Хэргийн үйл баримт мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

 

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч С.Тгийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч С.Т нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 9 дүгээр сарын 19-өөс 20-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Р” нэртэй зочид буудлын үүдэнд хохирогч Ц.Цийг зодож, эрүүл мэндэд нь хүнд зэргийн гэмтэл учруулсан буюу хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан болох нь:

 

хохирогч Ц.Цийн “...2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн орой ...баар хааж байтал зах нь үстэй цэнхэр яак өмссөн, 175-178 см өндөртэй, баруун нүдний хөмсөгний хажуу талд бага зэргийн шивээстэй, бага зэргийн үстэй, халзан мэт харагдахаар, туранхай, нэрийг нь одоо санахгүй байна, тухайн залуу “чи одоо хайчих юм” гэхээр нь ...буудалдаа очоод ганцаараа унтах байхдаа гэж хэлтэл, хоёулаа цуг явъя л даа гэхээр нь баарнаас гараад автобусны буудлаас такси бариад ...“Р” буудлын ойролцоо таксинаас буугаад, авсан буудлаа андуураад “Р” буудал руу орсон. Ороод авсан өрөөндөө оръё гэж хэлээд байж байснаа, тухайн буудлаас өрөө аваагүйгээ санаад буудлаас гараад буудлын үүдэнд зогсож байтал тухайн эрэгтэй намайг нэг юм авчих, хоёулаа ууя гэж хэлсэн. Одоо уухгүй ээ, зүгээр ороод унтъя гэсэн чинь тэр залуу “энэ хүртэл чи намайг яах гэж авчирсан юм бэ” гээд маргалдсан. Би янз бүрийн үг хэлээгүй байхад өөдөөс дайрч зодсон. Толгой руу гараараа 2-3 удаа цохиж, газар унасан байхад толгой руу өшиглөөд, явахгүй араас хөөж зодоод байсан. Тэгээд нэг эмэгтэй хүн ирээд салгасны дараа уг эрэгтэй яваад өгсөн. Би замын нөгөө талд байсан есөн давхрын байрны, нэг орц руу нь ороод 3 давхарт гараад суугаагаараа унтсан. Шатан дээр сууж байхдаа тухайн үеийн байдлын зургаа авсан. Ингээд хоёр хоногийн дараа Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст өргөдөл өгсөн...” /хх 16-17, 48-49, 51/,

гэрч Н.Нгийн “...би Баянгол дүүргийн 22 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Р” нэртэй зочид буудалд зохион байгуулагчаар ажилладаг. 2019 оны 9 дүгээр сард, өдрийг нь санахгүй байна, бусдад зодуулсан гэх Ц гэдэг залуу гаднаас орж ирээд өрөө асуухаар нь байхгүй гэдгийг хэлсэн чинь буцаж гарсан. Гэтэл гадаа хүн зодолдох чимээ гарахаар нь та нар боль гээд явуулсан. Зодсон гэх хүнийг нь сайн харж амжаагүй, ямар ч байсан зодуулсан гэх залуутай ойролцоо насны эрэгтэй хүн байсан. Манай зочид буудлаар огт үйлчлүүлээгүй. Зодуулсан гэх залууг таньж байгаа бөгөөд зодоон болсноос хойш ажил дээр ирээд камерын бичлэг байна уу гэж асууж байсан...” /хх 52-54/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 11507 тоот “...Ц.Цийн биед зүүн суурь ясны их далавчнаас дээш дух яс, титэм заадас дайрч зулай яс руу үргэлжилсэн шугаман хугарал, зүүн хоншоор ясны урд хана, хацар яс, ухархайн доод хананы шугаман хугарал, хамар ясны хугарал, баруун хацар, хамар, уруул, хүзүү, нуруунд зулгаралт, зүүн мөрөнд зулгаралт, цус хуралт, уруулд цус хуралт, зүүн ташаанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна.” /хх 21/ гэх шинжээчийн дүгнэлт,

мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 62-64/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч С.Тг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч С.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялаас 2 жилийн хорих ялыг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар өршөөн хасаж, биечлэн эдлэх хорих ялыг 8 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон, Өршөөл үзүүлэх тухай хуулийг зөв хэрэглэсэн байна гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

Шүүгдэгч С.Т нь “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчид учирсан хохирлыг ажил хөдөлмөр эрхлэн төлөх, алдаагаа засахад боломж олгож ялыг минь хөнгөлж өгнө үү.” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргасан байх боловч тэрээр шүүх хуралдааны явцад давж заалдсан гомдлоосоо татгалзаж “...би ч гэсэн хохирсон, хохирогч нь намайг буудалд оруулан архиар согтоож, бэлгийн гаж дур хүслээ ёс бусаар хангах зорилгоор мөнгө амлаж, хүчирхийлэх гэж оролдсон, мөрдөн шалгах ажиллагааг дутуу хийсэн тул хэргийг прокурорт буцааж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж заасан бөгөөд прокурор хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд хэргийн байдлыг эргэлзээгүй тогтоосон байх бөгөөд анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг нэг бүрчлэн судалж үзэхэд шүүгдэгч С.Тгээс хохирогчийн хууль бус үйлдлийг болиулах зорилгоор түүнийг зодож, хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдохгүй байна.

Түүнчлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч С.Тгийн “...би ч гэсэн хохирсон, хохирогч нь намайг буудалд оруулан архиар согтоож, бэлгийн гаж дур хүслээ ёс бусаар хангах зорилгоор мөнгө амлаж, хүчирхийлэх гэж оролдсон” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Харин шүүгдэгч нь өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, хөндөгдсөн гэж үзвэл холбогдох байгууллагад хуульд заасан арга замаар гомдол гаргах, хохирол, төлбөрөө нэхэмжлэн авах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч С.Т нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 2021/ШЦТ/654 дугаартай шийтгэх тогтоол гарснаас хойш буюу давж заалдах шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцсэн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 48 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялын хугацаанд оруулж тооцох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 2021/ШЦТ/654 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Тгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Тгийн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 48 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ЗОРИГ                   

           

 

                        ШҮҮГЧ                                                             Д.ОЧМАНДАХ

 

 

                        ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ