Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 116

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:      

 

      Улсын яллагч                                               Л.Энхтайван

      Нарийн бичгийн даргаар                       Б.Болормаа нар  оролцов.

 

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж аймгийн  Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хархүү овогт Лхагвасүрэнгийн Сүрэнжавд холбогдох 1731000270021  тоот  хэргийг хянан хэлэлцэв.

 

Үндсэн захиргаа; Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 1988 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 1 дүгээр баг, Хандгайт гэх газарт оршин суух, “Эрдэс” ХХК-нд жолоооч ажилтай, улсаас авсан гавъяа шагналгүй, 2010 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил хорих ял эдэлж байсан, хэрэг хариуцах чадвартай, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, үйлдсэн хэргээ хариуцах чадвартай гэх Хархүү овогт Лхагвасүрэнгийн Сүрэнжав, /РД: МЕ88012817/,

          

Шүүгдэгч Л.Сүрэнжав нь 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт Ц.Оргилын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  Тодорхойлох нь

 Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд;

 1. Шүүгдэгч Л.Сүрэнжавын мөрдөн байцаалтын шатанд 2017 оны 08 дугаар сарын  09-нд  сэжигтнээр  өгсөн:  ...2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр би Оргилтой хүнс барааны дэлгүүрт таарч 1 том савтай “боргио” пиво дэлгүүрээс авч гадаад сааданд уугаад дараа нь Оргил дэлгүүрээс том савтай пиво авч Гансүх 3-лаа Ерөө гол дээр очиж авсан пивоо Оргил бид 2 хувааж уусан. Морь мал ярьж байгаад би Оргилтой маргалдаж байхад Гансүх “боль” гэж хэлсэн. Тэгээд би Гансүхэд “намайг хойд зам дээр хүргээд өг” гэж хэлсэн. Бид 3 хойшоо зам руу явж байгаад Оргил надтай маргалдахаар нь би уурлаад Оргилын нүүрэнд нэг удаа гараараа цохисон.Гэтэл Оргил нүүрээ дараад суугаад явахаар нь би шууд зам руу явган ганцаараа явсан. Өөр ямар нэгэн асуудал болоогүй. Бидний хооронд өс хонзон гээд байх зүйл байхгүй. Урьд өмнө нь бид 2 маргаж байгаагүй, анх удаа ийм асуудал болж байна. Би Оргилын эмчилгээний зардалд 2 нас гүйцсэн эр хонь өгсөн байгаа. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна.   ...гэх мэдүүлэг /хх-ийн 28-р ху/,

 2. Шүүгдэгч Л.Сүрэнжавын мөрдөн байцаалтын шатанд 2017 оны 08 дугаар сарын 25-нд  яллагдагчаар өгсөн:  ...2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр би Оргилтой хүнс барааны дэлгүүрт таарч 1 том савтай “боргио” пиво дэлгүүрээс авч гадаад сааданд уугаад дараа нь Оргил дэлгүүрээс том савтай пиво авч Гансүх 3-лаа

Ерөө гол дээр очиж авсан пивоо Оргил бид 2 хувааж ууж байхдаа би Оргилын хуурай ахад морь зарсан талаар ярихад Оргил “чиний морь давхидаггүй, муу морь” гэж хэлснээс болж бид 2 хоорондоо маргалдаж энэ үед Гансүх голоос гарч ирээд бид 2-г “маргалдлаа” гээд загнасан. Тэгээд би 17 цагийн орчим ажилдаа явах болж Гансүхээр хойд зам руу хүргүүлэхээр мотоцикльтой явж байхад мотоцикль унтарсан. Би Оргилтой маргалдаж байгаад баруун тохойгоороо нүүрэнд нь хальт цохиод бариад авахад Оргил намайг татаад унагахад би цамцнаас нь зуураад газар унах үед Оргилын цэнхэр өнгийн цамцны энгэр нь урагдсан юм. Тэгээд цааш явж байхдаа Оргилын цамцнаас татаад Оргил эргээд харахад нь хамар орчимд нь нэг удаа цохиод би шууд явган Ерөөгийн хойд зам руу алхаад явсан. Өөр ямар нэгэн асуудал болоогүй. Би Оргилтой эвлэрсэн ба хохирлын мөнгийг бүрэн барагдуулсан. Бидний хооронд гомдол санал, хохирлын талаар маргаан байхгүй, хэргийг хэрэгсэхгүй болгож, хөнгөн ял оноож өгнө үү. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 31-р ху/,

3. Шүүгдэгч Л.Сүрэнжавын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: Би Ц.Оргилд морины талаар ярьснаас болоод гэмтэл учруулсан нь үнэн. 07 сарын 03-ны өдөр Ерөө суманд найзтайгаа /Оргилтой/ уулзаад пиво авч уусан. Тэгээд мориноосоо болж маргалдаад Оргилд гэмтэл учруулсан. Би ахад нь морь зарсан юм. Тэр морио “уяж чадахгүй байна, давхихгүй байна” гээд байсан, тэрнээс болоод муудалцсан Оргилыг цамцнаас нь татаад хамар луу нь нэг удаа цохьсон. Оргилыг цохичихоод би явчихсан. Оргилд учирсан гэмтлийг би учруулсан. Энэ тал дээр маргаан байхгүй.  300.000 төгрөгийн хохирол барагдуулсан. Прокуророос санал болгож байгаа 500 нэгжээр торгох саналыг хүлээж зөвшөөрч байна.  ...гэх мэдүүлэг,

4.Хохирогч Ц.Оргилын мөрдөн байцаалтын шатанд 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр өгсөн:  ...2017 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Ерөө суманд найз Гансүхийнд очиж хоноод маргааш өглөө нь өдөр 14 цагийн үед Гансүхийн мотоцикльтой  хойно нь суугаад явж сумын төвд байдаг тэдний дэлгүүрт очоод байж байхад гаднаас Сүрэнжав согтуу орж ирээд Гансүх бид 2-той мэндлээд “2 хоног архи уулаа, орой 18 цагт ажилдаа гарна” гээд намайг “гаръя” гэхээр нь би Сүрэнжавын хамт дэлгүүрээс гарч “гудамжинд хүлээж бай” гээд Сүрэнжав дэлгүүр ороод 1 том савтай пиво авч дэлгүүрийн ойролцоох модны дэргэд авсан пивоо задалж байхад Гансүх хүрч ирээд бид 3 хувааж уугаад дуусахад Сүрэнжав надад “пиво авч өг” гэж хэлэхэд Гансүх дэлгүүр орж нэг том савтай пиво авчирахад “бүгдээрээ гол оръё” гээд мотоцикльтой 3-лаа Ерөө гол орсон юм. Тэнд пивоо ууж байхдаа Сүрэнжав бид 2 голд ороогүй, Гансүх усанд орж байхад Сүрэнжав надад “манай сургуулийн 90 жил болно Хүдэрээс ирсэн хулгайчуудыг алнаа, чи Өлзийбаяраас авсан морийг хэзээ ч уяж чадахгүй” гээд над руу агсраад хэрүүл өдөөд байсан. Сүрэнжав бид 2 пиво ууж дуусахад Сүрэнжав намайг “Хандгайт хүргээд өг” гэхэд Гансүх “Оргил бид 2 явж чадахгүй, ажилтай” гэж хэлэхэд “хойд зам хүргээд өг, би замын машинаар явна” гэхэд Гансүх “за” гээд бид 3 мотоцикльтой хойшоо зам руу явж байхад Сүрэнжав надтай хэрүүл маргаан гаргах гээд “чиний морь уядаг гэж юу байдаг юм” гээд хэрүүл өдөөд байхаар нь би юу ч дуугараагүй. Гэтэл мотоцикль гэнэт унтрахад Сүрэнжав буугаад надтай юм ярьж байгаад гэнэт тохойгоороо  шанаа руу нэг удаа цохиж намайг заамдаж аваад миний цамцыг урж намайг цохих үед би бултаад араас нь татаж унагаагаад Сүрэнжав “за за болье” гээд бид 3 суугаад цааш явж байхад мотоцикль дахин унтрахад Сүрэнжав миний араас ам руу хуруугаа хийгээд завжнаас татахад нь би эргээд хартал шууд миний нүүр лүү гараараа цохитол хамраас цус гараад тогтохгүй болохоор нь би цамцаараа цусаа арчиж тогтоогоод Гансүхийнх рүү явган ганцаараа явсан. Түүнээс хойш ямар нэгэн асуудал болоогүй. Эмчилгээ болон унааны зардал болох 300,000 төгрөгийг төлбөл надад гомдол санал, нэхэмжлэх зүйл алга байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 13-р ху/,

5.Хохирогч Ц.Оргилын мөрдөн байцаалтын шатанд 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр дахин өгсөн: ...Сүрэнжав надтай голын эрэг дээр пиво ууж байхдаа “хүдэрийнхнийг алнаа, намайг самарт явж байхад дээрэлхсэн” гээд намайг Хүдэрийнх болохоор над руу үг хаяад анх агсарч эхэлсэн. “Хүдэрийнхнийг сургуулийн ойгоор ирэхээр алнаа” гэхэд нь би юу ч дуугарахгүй байж байгаад морь уяж байгаа талаар ярихад “чи манай ахын морийг аваад уяж чадаагүй биз дээ” гээд агсарсан. Тэгээд мотоцикльтой хойшоо зам руу явж байхад Сүрэнжав надтай хэрүүл маргаан гаргах гээд “чиний морь уядаг гэж юу байдаг юм” гээд хэрүүл өдөөд байхаар нь би юу ч дуугараагүй. Гэтэл мотоцикль гэнэт унтрахад Сүрэнжав буугаад надтай юм ярьж байгаад гэнэт тохойгоороо  шанаа руу нэг удаа цохиж намайг заамдаж аваад миний цамцыг урж намайг цохих үед би бултаад араас нь татаж унагаахаад Сүрэнжав “за за болье” гээд бид 3 суугаад цааш явж байхад мотоцикль дахин унтрахад Сүрэнжав миний араас ам руу хуруугаа хийгээд завжнаас татахад нь би эргээд хартал шууд миний нүүр лүү гараараа цохитол хамраас цус гараад тогтохгүй болохоор нь би цамцаараа цусаа арчиж тогтоогоод Гансүхийнх рүү явган ганцаараа явсан. Түүнээс хойш ямар нэгэн асуудал болоогүй. Эмчилгээ болон унааны зардал болох 300,000 төгрөгийг төлбөл надад гомдол санал, нэхэмжлэх зүйл алга байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 14-р ху/,

6.Гэрч С.Гансүхийн 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр мөрдөн байцаалтын  өгсөн:  ...Хэрэгт холбогдож байгаа Л.Сүрэнжав нь манай аавын төрсөн ахын хүүхэд байгаа юм. Иймд би хуульд заасны дагуу төрөл садангийн хүний эсрэг мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна. ...гэх мэдүүлэг, / хх-ийн 18-р ху/,         

         7. Гэрч Э.Одгаравын 2017 оны 08  дугаар сарын 18-ны өдөр мөрдөн байцаалтын  өгсөн:  ... Л.Сүрэнжав нь миний хариуцсан багт хөдөө “Хандгайт” гэх газарт эхнэр Сарнай, 2 охин, 1 хүүгийн хамт амьдардаг. Бид 2 багийн найзууд бөгөөд багадаа хамт хурдан морь унаж байсан. Одоо Сүрэнжав нь Дарханы “Эрдэс” ХХК-д жолооч ажилтай байгаа. Л.Сүрэнжав нь төлөв даруу, хүнтэй зөв харьцдаг, ажилч хичээнгүй, нягт нямбай, хүлээцтэй, дөлгөнө тайван хамт олондоо нийтэч, нөхөрлөсөн хүндээ үнэнч, түшиг тулгууртай хүн юм. Л.Сүрэнжав нь нэг удаа бусдыг гэмтээсэн хэргээр хорих ял эдэлж байсан. ...гэх мэдүүлэг, /хх 20-р ху/,

                 8. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн №226 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1.Ц.Оргилын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, тархи доргилт, баруун нүдний цус хуралт, хамрын зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.  гэх дүгнэлт, /хх-ийн 23-р ху/,  

 

Шүүгдэгч Л.Сүрэнжавын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх 34-р ху/, сэжигтнээр байцаасан тэмдэглэл, /хх 28-р ху/, яллагдагчаар татах тогтоол, /хх 30-р ху/, яллагдагчийг байцаасан тэмдэглэл, /хх 31-р ху/, шүүгдэгч, хохирогч нарт шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 24,25-р ху/, хохирогчийн талаарх баримтууд, /хх-ийн 15,16-р ху/, бэлэн мөнгө хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, /хх-ийн 17-р ху/,  шүүгдэгчийн иргэний үнэмлэхний хуулбар, /хх 32-р ху/, зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

     Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт Ц.Оргилын эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлэхдээ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрүүлэх хүсэлт ирүүлснийг шүүх хүлээн авч шийдвэрлэхдээ прокурорыг гаргасан шүүгдэгчийг 500 нэгжээр торгох  ялаар шийтгэх саналыг шүүгдэгч, хохирогч нар хүлээн зөвшөөрсөн болохыг үндэслэл болгосон болно.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн,  гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас  үүсэх хууль зүйн үр дагаврыг сайн ойлгосон, гэмт хэргийн улмаас учирсан хохиролоо нөхөн төлсөн, болон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь дээрхи нотлох баримтуудаар нотлогдсон, мөн прокурорын сонсгосон 500 нэгжээр торгох  ялыг  болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг шүүгдэгч хохирогч нар хүлээн зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн  36.2-р зүйлийн 4, 36.6-р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,3, 36.8-р зүйлийн 1, 2-д заасныг тус тус   удирдлага болгон ТОГТООХ нь:

  1.Шүүгдэгч Хархүү овогт Лхагвасүрэнгийн Сүрэнжавыг  Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт  гэм буруутайд тооцсугай.

2 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Хархүү овогт Лхагвасүрэнгийн Сүрэнжавыг 500 /таван зуун/ нэгжээр торгох  ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.3-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Л.Сүрэнжавын цалин хөлс, бусад орлого олох боломжийг  харгалзан 500 нэгжээр торгох ялыг 3 сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.3-р зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох  ялыг биелүүлээгүй бол  шүүх биелэгдээгүй торгох  ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг  нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг шүүгдэгч Л.Сүрэнжавд мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Л.Сүрэнжав нь энэ гэмт хэрэгт цагдан хоригдсон хоноггүй,  бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус  дурьдсугай. 

6. Шүүгдэгч  Л.Сүрэнжавд урьд авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

7.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

8.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.13 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт  зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос  хойш 15 хоногийн дотор тогтоолын агуулгыг  бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч  нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

9.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.13 дугаар зүйлийн 4-дэх хэсэгт  зааснаар шүүхийн шийдвэрийг энэ зүйлийн 1.2. дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.

10.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч нар  эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор  Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  улсын яллагч болон дээд шатны  прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

11.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1-р зүйлийн 2-т зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ   ШҮҮГЧ                    С.НОЛХООСҮРЭН