| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 317/2026/0088/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/101 |
| Огноо | 2026-10-02 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Э.Ууганцэцэг |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2026 оны 10 сарын 02 өдөр
Дугаар 2026/ШЦТ/101
2026 02 10 2026/ШЦТ/101
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ц.Отгонжаргал даргалж,
-шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ц.Амаржаргал хөтөлж,
-улсын яллагчаар Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганцэцэг,
-шүүгдэгч Д.Ш түүний өмгөөлөгч Д.Гансүх нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Шарнууд овогт Даваахүүгийн Шижирсүлдэд холбогдох эрүүгийн 2534007890681 дугаартай хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Д.Ш,
урьд Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 2022/ШЦТ/395 шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгүүлж байсан,
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 2024/ШЦТ/47 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/1741 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, /торгох ял төлөгдсөн/ байсан гэв.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/:
Шүүгдэгч Д.Ш нь Төв аймгийн ***т үйл ажиллагаа явуулдаг "****" гоо сайхан, хувцасны дэлгүүрт 2025 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр үйлчлүүлэхдээ "Jordan" загварын 1 ширхэг пүүз, "adidas" загварын 1 ширхэг пүүзийг худалдан авахдаа худалдагчид 530,000 төгрөгийн гүйлгээ амжилттай гэх хуурамч зургийг харуулан бусдыг төөрөгдөлд оруулж залилсан,
Мөн үргэлжилсэн үйлдлээр Д.Ш нь 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр зарын дагуу гар утсыг нь худалдан авна гэж зохиомол байдлыг бий болгож Хан-Уул дүүргийн *****” хотхоны гадаа байхдаа хохирогчоос мөнгөө шилжүүлчихье ажилтай болчихлоо гэж хуурч Айфоне икс эс маркийн гар утсыг нь шилжүүлэн авч залилан хохирогч М.Д-д 675,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Д.Ш нь мэдүүлэхдээ: “Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Урьд мэдүүлгээ өгсөн байгаа.” гэв.
Эрүүгийн 2534007890681 дугаартай хэргээс:
Улсын яллагч Э.Ууганцэцэг: “Яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судлуулснаар тооцуулна. Мөн хохирогч Д-д хохирол барагдуулсан шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргаж өгсөн хохирлын баримтыг шинжлэн судалснаар тооцуулъя” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Гансүх: “Хавтаст хэргийн 55 дугаар тал, мөн өнөөдрийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн хохирлын баримтыг шинжлэн судлуулъя” гэсэн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлуулав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлтийг талууд гаргаагүйг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн 2534007890681 дугаартай хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлууд бүрэн тогтоогдсон, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож, чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн болно.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм бурууд тооцсон үндэслэл:
Шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Ш нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч, түүний өмгөөлөгч Д.Гансүх нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон бол улсын яллагч шүүгдэгчийн гэм бурууг нотлох, яллах байр суурьтай оролцсон болно.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Д.Ш нь Төв аймгийн *** үйл ажиллагаа явуулдаг "****" гоо сайхан, хувцасны дэлгүүрт 2025 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр үйлчлүүлэхдээ "Jordan" загварын 1 ширхэг пүүз, "adidas" загварын 1 ширхэг пүүзийг худалдан авахдаа худалдагчид 530,000 төгрөгийн гүйлгээ амжилттай гэх хуурамч зургийг харуулан бусдыг төөрөгдөлд оруулж залилсан,
Мөн үргэлжилсэн үйлдлээр Д.Ш нь 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр зарын дагуу гар утсыг нь худалдан авна гэж зохиомол байдлыг бий болгож Хан-Уул дүүргийн ****” хотхоны гадаа байхдаа хохирогчоос мөнгөө шилжүүлчихье ажилтай болчихлоо гэж хуурч Айфоне икс эс маркийн гар утсыг нь шилжүүлэн авч залилан хохирогч М.Д*д 675,000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдож, шүүгдэгч нь гэм буруутай болох нь нотлогдлоо.
Энэ үйл баримт нь,
-Төв аймгийн цагдаагийн газар хохирогч Ө.О-ийн гаргасан гомдол /хавтас хэргийн 3 хуудас/
-Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Ө.О-ийн "... Би Төв аймгийн ** нөхөр 3 хүүхдийн хамтаар амьдардаг юм. Тухайн 2025 оны 09 сарын 27-ний өдөр манай "**" гоо сайхан хувцасны дэлгүүр маань цагийн хуваарийн дагуу үйлчилгээгээ үзүүлээд, байгууллага хэвийн ажиллаж байсан. Гэтэл 2025 оны 09 сарын 27-ний өдрийн 13 цаг 47 минутад манай дэлгүүрт улаан болон хар өнгийн саравчтай малгай өмссөн 2 хүн орж ирээд манай дэлгүүрээс пүүз үзэж байгаад 2 ширхэг nike болон Adidas загварын 530,000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг пүүз худалдан аваад гарахдаа тооцоогоо хийлгүй, манай нөхөрт гүйлгээ амжилттай харуулаад манай дэлгүүрээс 14 цаг 01 минутад гарч явж манай дэлгүүрт хохирол учруулсан юмаа. Иймд цагдаагийн байгууллагад өргөдөл гомдлоор хандаж байна. 2025 оны 09 сарын 27-ны өдөр манай "**" гэх гоо сайхан хувцасны дэлгүүрт маань учирсан хохирлын мөнгөн дүн болох 530,000 төгрөгийг тухайн манай дэлгүүрт "Гүйлгээ амжилттай" гэх хуурамч хуулгийг харуулсан залуу хохирлын мөнгөн дүнгээр буюу 530,000 төгрөгийг хэсэгчилж миний эзэмшлийн хаан банкны 5084228331 тоот дансанд хохирлыг барагдуулж манай дэлгүүрийг хохиролгүй болгосон нь үнэн. Иймд би тухайн залууд миний зүгээс ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй тул энэ хэргийг хялбаршуулж шийдвэрлэж өгнө үү хэмээн хүсэж байна." гэсэн мэдүүлэг /хавтас хэргийн 7-8, 10 хуудас/
- Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Б.Т-ийн "... Тухайн 2025 оны 09 сарын 27-ний өдөр би өөрийн 3 найзтайгаа болон Ш гэх найзтайгаа 5 лаа Нисэх-д байрлах манай байрны гадаа уулзаж буу халаад байгаад манай найзуудын хэн нь ч хэллээдээ "Хэдүүлээ ойрхон агаарт гарчхаад ирэх үү" гэж санал гаргасан. Тухайн саналыг нь би болон Ш өөр бусад найзууд маань дэмжсэн. Тухайн үедээ Төв аймгийн *** руу явсан. Бид нар замдаа **** төв дээр очсон... Тухайн үед машинтайгаа явж байхад Ш нь "Өө энд нэг пүүзний дэлгүүр харагдаж байна, өмсөх юмгүй байгаа хамт орох хүн байна уу" гэж бид нараас асуусан. Би саналыг нь дэмжиж Тухайн пүүзний дэлгүүр лүү Ш-тэй хамт орсон үнэн... манай найз Ш нь надад хандан "Чамд таалагдаж байгаа пүүз байвал нэгийг нь сонгочих би аваад өгий" гэж тухайн үедээ хэлсэн. Би Ш-г тухайн үед надад тэгж хэлхээр нь маш их баярласан ба би өөрөө тухайн дэлгүүрийн пүүзнүүдийг үзэж сонирхох үедээ нэг пүүзийг харсан байсан... Ш тэгж хэлхээр нь баярлаад нөгөө пүүзээ найзаараа даалгаж авхуулж байна гээд бодоод их л баяртай байсан. Тус дэлгүүрийн худалдагч нь бид хоёрын пүүзийг бэлдчихсэн байсан ба тухайн дэлгүүрээс гарахын өмнө манай найз Ш нь тус дэлгүүрийн худалдагчид гүйлгээ амжилттай гэх 530,000 төгрөгийн хуурамч хуулгыг харуулсан байсныг хэрэгтэй холбоотойгоор сүүлд мэдсэн..." гэсэн мэдүүлэг /хавтас хэргийн 12-14 хуудас/
- Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Д.Ш-ийн сэжигтнээр өгсөн "...Би тухайн 2025 оны 09 сарын 27-ний өдөр өөрийн найз Төгөлдөрийн хамтаар Төв аймгийн *** суманд байрлалтай "***"-г үзэж сонирхох, зугаалах зорилгоор хамт явсан юм... Тухайн үед төвөөр нь явж байтал "***" гэх нэртэй дэлгүүр харагдсан ба найзтайгаа хамт сонирхохоор тус дэлгүүр лүү орсон. Бид хоёр тухайн дэлгүүрийн барааг сонирхож ороход пүүз болон бэлэн хувцас зардаг дэлгүүр байсан. Би тус дэлгүүрээс Jordan загварын 1 ширхэг пүүз, манай найз Т нь adidas загварын 1 ширхэг пүүз аваад худалдагчаар нь уутанд хийлгэж авсан. Тухайн үед би тэр дэлгүүрийн худалдагчид хэд болсон талаар асуухад 530,000 төгрөг болсон талаар хэлсэн. Би тухайн хэрэг учрал болох үед тэр дэлгүүрийн худалдагчид 530,000 төгрөгийн гүйлгээ амжилттай гэх хуурамч зургийг харуулсан нь үнэн. Манай найз Т нь энэ үйл явдлыг мэдээгүй, намайг тухайн үед өөрт нь пүүз авч өглөө гээд их баяртай байсан..." гэсэн мэдүүлэг, /хавтас хэргийн 16-18 хуудас/
- Мөрдөн шалгах ажиллагааны шатанд дүрс бичлэгт үзлэг хийсэн “Тухайн цааш бичлэгийг үргэлжлүүлэн шүүхэд 2025 оны 09 сарын 27-ний өдрийн 14 цаг 01 минут 00 секундэд сэжигтэй этгээдүүдийн нэг болох Д.Ш нь тухайн дэлгүүрийн худалдагчид 530,000 төгрөгийн шилжүүлгийн "гүйлгээ амжилттай” гэх хуурамч дүрслэл бүхий хуулгыг харуулж байгаа дүрс бичлэг бичигдсэн байна...” гэсэн тэмдэглэл /хавтас хэргийн 19-20 хуудас/,
-Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Д.Ш яллагдагчаар өгсөн… “Би өмнө нь өгсөн мэдүүлэгтээ дэлгэрэнгүй ярьсан ба одоо нэмж ярих зүйл байхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хавтас хэргийн 88 хуудас/,
-Мөрдөн байцаалтын хэргийг нэгтгэх тухай тогтоол /хавтас хэргийн 101-103 хуудас/,
-Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч М.Д-ийн өгсөн "...2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр үнэгүй.мн дээр өөрийн ашигладаггүй гар утсаа 650.000 төгрөгөөр зарахаар үнэгүй.мн дээр зар байршуулсны дагуу 02 сарын 02-ны орой намайг гэртээ байхад **** дугаараас эрэгтэй хүн холбогдож утас чинь байгаа юу асуудал байгаа юу гэж асуухаар нь баруун дээд булан дээр дэлгэц нь жоохон хөндийрсөн байгаа гэж хэлсэн тэгтэл хүний төрсөн өдөрт эмэгтэй хүнд өгөх гэж байгаа юмаа би өөрөө утас засварын газарт ажилдаг юм очоод үзэж байгаад авъя гэж хэлсэн тэгэхээр нь хүрээд ирээ гэхэд 20 цаг 20 минутын үед манай гэрийн гадаа ирээд миний утсыг үзэж шалгаад тэгээд миний хаан банкны **** тоот данс руу 550.000 төгрөг явуулсан тухайн хүний утсанд нь зарлагын мессеж ирж байсан тэгээд би дансаа шалгахад миний дансанд орж ирэхгүй байна гэж хэлэхэд дундын орчвол чиний дансанд орчиж магадгүй жоохон хүлээж бай гэж хэлэхээр нь хүлээж байя гэж хэлэхэд найз нь жоохон яараад байна аа чи надад тэгвэл дансаа өг гэж хэлэхэд нэг данс өгөхөд хийж үзэхэд байхгүй байсан энэ данс чинь болохгүй байна гэж хэлэхэд өөр ахиад данс өгсөн тэгээд нөгөө өгсөн дансаа энэ манай бармены данс гэж хэлсэн юм тэр дансных нь дугаарыг хадгалж аваад мөнгө орохгүй болохоор нь утас руу залгахад холбогдохгүй болсон байсан юм..." гэсэн мэдүүлэг /хавтас хэргийн 139-140 хуудас/,
-Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Г.Н*ийн “…2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Үнэгүй.мн дээр өөрийн ашигладаггүй гар утсаа 650.000 төгрөгөөр зарахаар үнэгүй.мн дээр зар байршуулсны дагуу 02 сарын 02-ны орой намайг гэртээ байхад **** дугаараас эрэгтэй хүн холбогдож утас чинь байгаа юу асуудал байгаа юу гэж асуухаар нь баруун дээд булан дээр дэлгэц нь жоохон хөндийрсөн байгаа гэж хэлсэн тэгтэл хүний төрсөн өдөрт эмэгтэй хүнд өгөх гэж байгаа юмаа би өөрөө утас засварын газарт ажилдаг юм очоод үзэж байгаад авъя гэж хэлсэн тэгэхээр нь хүрээд ирээ гэхэд 20 цаг 20 минутын үед манай гэрийн гадаа ирээд миний утсыг үзэж шалгаад тэгээд миний хаан банкны **** тоот данс руу 550.000 төгрөг явуулсан тухайн хүний утсанд нь зарлагын мессеж ирж байсан тэгээд би дансаа шалгахад миний дансанд орж ирэхгүй байна гэж хэлэхэд дундын орчвол чиний дансанд орчиж магадгүй жоохон хүлээж бай гэж хэлэхээр нь хүлээж байя гэж хэлэхэд найз нь жоохон яараад байна аа чи надад тэгвэл дансаа өг гэж хэлэхэд нэг данс өгөхөд хийж үзэхэд байхгүй байсан энэ данс чинь болохгүй байна гэж хэлэхэд өөр ахиад данс өгсөн тэгээд нөгөө өгсөн дансаа энэ манай бармений данс гэж хэлсэн юм тэр дансных нь дугаарыг хадгалж аваад мөнгө орохгүй болохоор нь утас руу залгахад холбогдохгүй болсон байсан юм..” гэсэн мэдүүлэг /хавтас хэргийн 141 хуудас/,
-Дамно ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн ХУ1-23-165 дугаартай шинжээчийн "...зах зээлийн үнэлгээгээр нийт 675,000 төгрөг..." гэх дүгнэлт /хавтас хэргийн 146-147 хуудас/
-Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Д.Ш-ийн яллагдагчаар өгсөн... “ өмгөөлөгчтэй мэдүүлэг өгнө.” гэсэн мэдүүлэг /хавтас хэргийн 157 хуудас/зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.
Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд нь гэмт этгээд бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг хэрхэн хууль бусаар хохирогчоос шилжүүлэн өөрийн захиран зарцуулах эрхэд авч байгаа аргаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах, завших болон бусад гэмт хэргүүд ялган зүйлчлэгддэг.
Залилах гэмт хэрэг нь хохирогчийг хууран мэхлэх, итгэл эвдэх, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулах, зохиомол байдлыг зориудаар бий болгох аргаар эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг буцаан өгөхгүй гэсэн гэмт санаагаа хэрэгжүүлж бусдын эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн үеэс төгссөнд тооцогдоно.
Шүүгдэгч Д.Ш нь үргэлжилсэн үйлдлээр Төв аймгийн **** үйл ажиллагаа явуулдаг "****" гоо сайхан, хувцасны дэлгүүрт 2025 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр үйлчлүүлэхдээ "Jordan" загварын 1 ширхэг пүүз, "adidas" загварын 1 ширхэг пүүзийг худалдан авахдаа худалдагчид 530,000 төгрөгийн гүйлгээ амжилттай гэх хуурамч зургийг харуулан хуурч, бусдыг төөрөгдөлд оруулж залилсан,
Мөн 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр зарын дагуу гар утсыг нь худалдан авна гэж зохиомол байдлыг бий болгож Хан-Уул дүүргийн ****отхоны гадаа байхдаа хохирогчоос мөнгөө шилжүүлчихье ажилтай болчихлоо гэж хуурч, бусдыг төөрөгдөлд оруулан Айфоне икс эс маркийн гар утсыг нь шилжүүлэн авч өөрийн өмчийн адил захиран зарцуулсан идэвхитэй үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг залилах.” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Энэ гэмт хэргийн субьектив шинж нь зөвхөн шунахайн сэдэлтээр, гэм буруугийн санаатай хэлбэрээр илэрдэг бөгөөд шүүгдэгчийн бусдын эд хөрөнгийг өөрийн эзэмшилд шилжүүлж авах, захиран зарцуулах идэвхитэй үйлдлүүдийг ухамсартайгаар хийсэн нь шүүгдэгч Д.Ш нь өөрийн хууль бус үйлдлээ мэдсэн атлаа үйлдлээрээ хохирол, хор уршигт зориуд хүргэсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдлээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Д.Ш-д холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, ...бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирол, хор уршиг төлөгдсөн байдал:
Эрүүгийн Эрүүгийн 2534007890681 дугаартай хэрэгт хохирогчоор тогтоогдсон хохирогч Ө.О-т 530.000 төгрөгийн хохирол учирсан байна.
Тус хохирлыг шүүгдэгч Д.Ш нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Ө.О-ийн хаан банкны ***** тooт дансанд
“2025 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хохирол төлөлт гэх утгатай 190.000 төгрөгийн,
2025 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Ш хохирол барагдуулав гэх утгатай 265.000 төгрөгийг,
2025 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Ш хохирол барагдуулав гэх утгатай 70.000 төгрөгийн,
2025 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Ш хохирлын төлбөр гэх утгатай 5.000 төгрөгийг тус тус шилжүүлж нийт 530.000 төгрөгийн хохирол барагдуулсан дансны хуулга /хавтас хэргийн 54-55 хуудас/-т авагдсан байна.
Мөн хохирогч Ө.О-т шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “Шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол саналгүй” гэсэн байна.
Харин хохирогч М.Д-д 530.000 төгрөгийн хохирол учирсан байна.
Тус хохирлыг шүүгдэгч Д.Ш нь 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хохирогч М.Д-ийн эзэмшлийн Хаан банкны ---- тоот дансанд 675.000 төгрөгийн гүйлгээ хийн хохирлыг бүрэн барагдуулсан дансны хуулгыг шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гаргаж өгчээ.
Иймд шүүгдэгч Д.Ш нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “гэм буруу”-ийн зарчмын дагуу шүүгдэгч Д.Ш нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдэл нь тогтоогдсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Улсын яллагч Э.Ууганцэцэгээс:
“Шүүгдэгч Д.Ш-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн тул энэ гэмт хэрэг нь торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрх хязгаарлах, хорих ялын төрлүүдтэй. Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн аюулын хэм хэмжээ, шинж чанар, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх нь шударга ёсны зарчимд нийцнэ. Мөн шүүгдэгч Д.Ш нь урьд 3 удаагийн ялыг биелүүлсэн, хувийн байдлыг нь харгалзан үзэж 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх саналтай байна” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн Өмгөөлөгч Д.Гансүхээс:
“шүүгдэгч Д.Ш гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн учраас эрүүгийн хариуцлага хүлээх нь гарцаагүй мөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон. Ам бүлийн хувьд өвөө, эмээ, ах, эгч болон өөрийн гэр бүл эхнэр 2-6 насны хүүхдүүдийн хамт амьдардаг. Өөрийнх нь хувьд Marquee нэртэй шөнийн цэнгээний газарт бармен хийдэг. Хохирол төлбөрөө бүрэн төлж барагдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал гэж үзэхээр байна. Хохирлын хэмжээний хувьд 2 удаагийн үйлдэл боловч нийлбэр дүн нь 1.250.000 төгрөг байгаа. Өмнө нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан боловч дуусгавар болсон. Ийм нөхцөл байдлуудыг харгалзан үзээд улсын яллагчийн санал болгосон ялаас доогуур ял оногдуулж өгөхийг хүсэж байна” гэсэн дүгнэлтийг тус тус шүүхэд гаргаж
Шүүгдэгч Д.Ш: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, маш их гэмшиж байна, дахиж энэ төрлийн гэмт хэрэгт холбогдохгүй, 2 хүүхдийнхээ төлөө хичээж амьдарна.” гэсэн эцсийн үгийг шүүхэд гаргав.
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:
Шүүгдэгч Д.Шын иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтас хэргийн 24 хуудас/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа/хавтас хэргийн 25 хуудас/, иргэний оршин суугаа газрын бүртгэлийн лавлагаа /хавтас хэргийн 25 хуудас/, жолоочийн лавлагаа мэдээлэл /хавтас хэргийн 27 хуудас/, авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /хавтас хэргийн 28 хуудас/, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа /хавтас хэргийн 29 хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтас хэргийн 49 хуудас/, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 2022/ШЦТ/395 шийтгэх тогтоол /хавтас хэргийн 59-62 хуудас/, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 2024/ШЦТ/47 дугаартай шийтгэх тогтоол /хавтас хэргийн 63-70 хуудас/, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/1741 дугаартай шийтгэх тогтоол /хавтас хэргийн 73-77 хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.
Шүүгдэгч Д.Ш нь урьд ял шийтгэгдэж байсан нь эрх зүйн үр дагавар үүсгэхгүй ч түүний хувийн байдлыг тогтоосон баримт болно.
Шүүгдэгч Д.Ш-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан шударга ёсны болон эрүүгийн хариуцлагын зорилтод нийцүүлж,
шүүгдэгч Д.Ш-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 /дөрвөн зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ш-д шүүхээс оногдуулсан 400 /дөрвөн зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоож, ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Ш-д сануулав.
Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:
Эрүүгийн 2534007890681 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд мөрийн баримт үгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Д.Ш нь энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүйг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.1., 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13., 37.1, 37.2, 38.1, 38.1, 2 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.Ш-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, Зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Д.Ш-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 /дөрвөн зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2,4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ш-д шүүхээс оногдуулсан 400 /дөрвөн зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоож, ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Д.Ш-д сануулсугай.
4. Шүүгдэгч Д.Ш-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 /дөрвөн зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн 2534007890681 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд мөрийн баримт үгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Ш нь энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.
6. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол хуульд заасны дагуу хүргүүлэхийг шүүгчийн туслах Ж.Ануужинд даалгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Ш-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОТГОНЖАРГАЛ