Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 184/ШШ2023/04752

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ******* ******* овогт *******гийн *******/***/-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ******* дүүрэг, ******* овогт *******гийн *******/***/-ад холбогдох

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл алданги 2.400.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүх 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, мөн сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ****, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга **** нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Л.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Д.******* нэхэмжлэгч Л.*******гаас 2022 оны 09 дүгээр сард 20.000.000 төгрөгийг нийт хоёр удаагийн гүйлгээгээр “Хаан банк” ХХК-ийн өөрийн эзэмшлийн дансаар шилжүүлж авсан. 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Баясгалан итгэмжлэлийн хүрээнд төлөөлж 215 дугаар нотариатад гарын үсгийн баталгааг гэрчлүүлсэн. Хариуцагч үлдэгдэл төлбөр болох 12.000.000 төгрөгийг 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 7.200.000 төгрөг, 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр үлдэгдэл 4.800.000 төгрөгийг нэхэмжлэгч Л.*******гийн эзэмшлийн “Хаан банк” ХХК-ийн дансанд шилжүүлэх, хэрэв тохиролцсон хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд хоног тутам 0,5 хувийн алданги тооцохоор тохиролцсон. Хариуцагчаас 4.800.000 төгрөгийг гаргуулах тухай удаа дараа шаардсан боловч төлөлгүй өдийг хүрсэн. Иймд хариуцагчаас 4.800.000 төгрөг, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги хуанлийн хоногоор 139 өдрийн алданги 3.336.000 төгрөг, нийт 8.136.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчийн хохиролгүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Манайхаас нэхэмжлэлийн шаардлагыг хуульд заасны дагуу буюу Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасны дагуу нэхэмжилж байгаа алдангийг 2.400.000 төгрөг болгож багасгаж байна. 4.800.000 төгрөгөөс өмнөх төлбөр болох эхний төлбөр 7.200.000 төгрөг нь хугацаандаа төлөгдсөн. Бусад төлбөр нь хугацаанаасаа хойш төлөгдсөн. Тэр болгон дээр төлбөрөө хийгээрэй гэж итгээд утсаар мэдэгдэж байсан. Үндсэн төлбөр болох 4.800.000 төгрөгийг 2023 оны 08 дугаар сард “Баярлалаа дүү тооцоо дууссан” гэх утгатайгаар шилжүүлж төлсөн. Нэхэмжлэгчийн “Хаан банк” ХХК-ийн дансны хуулганы зургийг дарсан. Автомашин засуулсан асуудлын талаар би сонсож байсан. Л.*******, Д.******* нар нь олон жил нэгэндээ мөнгө зээлж байсан асуудал байдаг. Мөнгө зээлэхээс өмнө тодорхой хугацаанд танилцаж, итгэл олж нэхэмжлэгчээс ашигтай бизнест хөрөнгө оруулна ах нь чамд 20.000.000 төгрөгийг чинь 40.000.000 төгрөг болгож өгнө гэж хэлж авсан байсан. 20.000.000 төгрөгийг танилдаа битгий хэл ах дүүдээ ч өгөхгүй. Одоогийн нийгэм ямар билээ дээ. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгч хүн байна. Өмгөөлөгч хүний хувьд ийм зүйл ярьж байгаад нь гайхаж байна. Төлөгдөөд дууссан төлбөр нь дандаа хариуцагчийн аясаар, утсаар мэдэгдэж, аргаа барахдаа намайг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон. Би хариуцагчтай байнга утсаар холбогдож та төлбөрийг төл, төлөхгүй бол хуулийн хариуцлага байгаа шүү гэдгийг нь удаа дараа сануулж байсан. Автомашин зассан гэж яриад байгаа мөнгө нь хувийн харилцаа дээр нотлох баримт цуглуулах гээд нотлох гээд байж болохгүй. Хувийн харилцаа гэдэг зүйлийг нотлох баримтын хэмжээнд нотлох гээд дайраад байгаа юм бэ, таны үгүйсгээд байгаа гарын үсгийн баталгаа гэх зүйл Иргэний хууль дээр байгаа. Өдөр хоног гэх зүйл дээр та хувь хүний тоглолт хийгээд байж болохгүй. Тийм бол та Үндсэн хуулийн цэцэд хандаж Иргэний хуулийн зүйл заалтаа соль, зас гэдгийг журамт үүргийнхээ хувьд засуулах үүрэгтэй. Хувийн харилцаа гэж яриад байх юм. Бид нар цаасан дээр үйлдсэн баримт бичиг дээр үндэслэн нэхэмжлэлийнхээ хүрээнд ярьж байгаа. 2.400.000 төгрөгийн хуулийн дагуу нотариатаар батлуулсан гарын үсгийн баталгаа дээр үндэслэн шаардаж байгаа. Тэрнээс биш хариуцагчаас мөнгө ашиглуулсны зардал гэж баримт нотолгоогүй 2.400.000 төгрөгийг шаардаагүй. Хариуцагч 2.400.000 төгрөгийг төлнө гээд гарын үсгээ зурсан байна. Автомашин засуулсан төлбөр нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй. Та тэр талаараа баримтаа бүрдүүлээд нэхэмжлэл гаргах боломжтой. Бид нар нэхэмжлэлийн багасгасан шаардлага болох 2.400.000 төгрөгөө дэмжиж байна. Иргэдийн хооронд үүссэн мөнгө өгч авсан дээр маргаагүй. Итгэлцэл дээр нэгэндээ мөнгө өгсөн асуудал яригдаж байгаа. Хариуцагчид миний зүгээс гарын үсгийн баталгааны хугацаа дууссан талаар удаа дараа сануулж, өөрөө ухамсарласны үндсэн дээр бусдаас мөнгө зээлээд 4.800.000 төгрөгийг нэхэмжлэгчийн дансанд шилжүүлсэн гэсэн асуудлыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ярьж байна. Хариуцагч энэ төлбөрийг төлөх боломжтой байсан. Хариуцагч нь ухамсартайгаар төлбөрийг төлөх нь үнэн гэдгээ бичээд нотариатаар батлуулсан байдаг. Сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцоод байгуулж байгаа эрх зүйн акт. Дараа дараагийн хүмүүс нь төлөхгүй, хоног гэдэг үг алга би төлөхгүй гээд байна. Цаана нь шударгаар хөдөлмөр байгаа хүний эрх ашиг хохироод байж болохгүй байх. Иймд шүүх зөв шийдвэр гаргана гэж бодож байна гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** шүүхэд иррүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Д.******* нь миний үйлчлүүлэгч гэхээсээ илүү таньдаг хуурай ах. Хариуцагч нь Вьетнам кузов засварын газар ажиллуулдаг. Нэхэмжлэгч талтай олон жилийн харилцаатай, нэгнээсээ мөнгө төгрөг өгч авалцаж байдаг юм байна лээ. Анх мөнгө авахдаа 2022 оны 12 дугаар сард бэлэн мөнгө хэрэг болчихлоо гээд, түүнийгээ хавартаа багтаагаад өгнө гэсэн байдлаар авсан байдаг. Зээлийг хувааж төлөөд 4.800.000 төгрөг үлдсэн. Иргэний хуулиар ярих юм бол зээлийн харилцаа үүссэн. Үүнийг хэлцэл гэж үзэх үү гэрээ гэж үзэх үү, зээлийн гэрээ заавал бичгээр байгуулах ёстой, хэлбэрийн шаардлага хангасан байх ёстой байдаг. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлж байгаагаар тэгж их итгэл алдаад байсан зүйл байхгүй. Нэхэмжлэгч нь олон удаа машинаа засуулсан байсан. Энэ талаар нотлох баримт, бичлэг байгаа ч гэсэн заавал муухай зан гаргаж тэрийг гаргах шаардлагагүй байх. Тэр машин янзлуулсан үнэ нь бараг 3.000.000 төгрөг болсон байсан. Тэр талаар бичлэг бол байгаа. Тэгэхээр бид нар энэ шалтгаанаар алданги төлөхгүй гээд байгаа. Өмнө нь машин засуулж байснаа тооцохгүйгээр алданги нэхээд байна. Мөн 4.800.000 төгрөгөө төлөхгүй намар төлсөн нь манай талын буруу. Дээрээс нь баталгаа хийлгэж өгөөд гарын үсэг зурсан байдаг. Манай талаас яагаад 24.000 төгрөг алдангид төлнө гээд байгаа вэ гэхээр баталгаа дээр өдрийн, хоногийн гэсэн нэг ч үг байдаггүй. Үүнийг нотлох баримт шинжлэн судлахад тодорхой болох байх. Төлөөгүй үнийн дүнгийн 0,5 хувь гэсэн болохоос би банк болон банк бус санхүүгийн байгууллын зээлийн гэрээ дээр бичдэг хоногийн 0,5 хувь гэж бичигдээгүй. Иймд бид нарын хувьд зээлийн үнийн дүнгийн 0,5 хувь болох 24.000 төгрөгийг төлнө. Дээр нь хүн чанар алдангийн хувьд 3.000.000 гаран төгрөгийн кузов засварыг хийж өгсөн. Нэхэмжлэгч хариуцагчид гомдоод байх асуудал байхгүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******тай ярихдаа төлбөрөө төл, төлөхгүй бол шүүхэд өгнө шүү гэхээр нь мөнгөний боломж олдохоор нь 2023 оны 08 дугаар сард “эгчээ тооцоо дууслаа шүү баярлалаа” гээд мөнгөө төлсөн байдаг. Тус төлбөр төлсөн баримтыг нэхэмжлэлээ авахдаа өгсөн. Тэгэхээр хоёр тал мөнгө төлсөн дээр маргахгүй зөвхөн алданги дээр маргаж байгаа. Иймд бидний зүгээс машин засаад алдангийг төлсөн. Иргэний хуулийн дагуу харилцан тохиролцож хэлцэл хийдэг. Хэлцэл дээрээ хоногийн гэсэн үг байхгүй тул бид 24.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөөд төлөхөд татгалзах зүйлгүй. Хариуцагчид нэхэмжлэгчийг гомдоогоод, төлбөрийг төлөхгүй санаатай байсан бол өдий хүртэл 4.800.000 төгрөгийг төлөхгүй байсан. Мөнгөний боломж нь олдонгуут 4.800.000 төгрөгийг төлсөн. Гэтэл шүүх дээр нэхэмжлэл гаргасан гэдгийг мэдээгүй байхдаа 4.800.000 төгрөгийг төлсөн. Энэ талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ч гэсэн нэхэмжлэлийг гардуулахаас өмнө төлсөн байсан гэдгийг хэлсэн. Энэ асуудал дууссан гэж бодож байтал шүүхэд нэхэмжлэл ирээд, гардуулаад ажиллагаа хийгдэж байгаа асуудал. Манай талаас хуулийн дагуу 24.000 төгрөгийг төлөх боломжтой. Үүнээс илүү мөнгө төлөх боломжгүй. Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэнэ. Танай талд 2.400.000 төгрөгийн алдангийн давуулаад төлсөн. 3-4 машиныг 3.000.000 гаран төгрөгөөр засаад өгсөн. Үүнийг санаарай гэдгийг шүүх хуралдааны тэмдэглэл дээр тусгуулж байна. Хүн чанартай байгаарай. Хэрвээ би хуульч биш байсан бол заавал нотлох баримт бичлэгийг нь авчраад гэрчлүүлэх байсан байх. Иргэний хуулийн 198 дугаар зүйлд 198.1-т гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэж заасан байдаг. Тухайн бичгээр үйлдсэн гэх баримтад хэрэв хугацаандаа төлбөрөө төлөөгүй бол 0,5 хувийн алданги төлөхийг зөвшөөрч байна гэсэн байдаг. 4.800.000 төгрөгийн 0,5 хувь болох 24.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэсэн үг. Зээлийн харилцаа үүссэн бол гэрээ байгуулах ёстой. Талууд зээлийн гэрээ байгуулаагүй. Бид нарын хувьд 24.000 төгрөгийг төлнө. Төлбөр төлөх баталгааг бүхэлд нь үгүйсгээд юу ч төлөхгүй маргах боломжтой байсан. Гэхдээ хүн чанарын хувьд хугацаандаа төлбөрөө төлөөгүй бол төлнө гэсэн агуулгаар хэлсэн. Энэ бол хэлцэл, хэлцлийн хүрээнд баталгаажуулсан. Нэг талаасаа хүн чанаргүй үйлдэл гаргаад байгаа асуудал байхгүй. Төлөх хүсэлт сонирхолгүй байсан гэх тайлбарыг хэлж байна. Төлбөрийг төлөх боломжтой байсан эсэх дээр ярина. Төлбөр боломжтой байсан бол өнөөдөр шүүх дээр мэтгэлцээд суухгүй байсан. Бид нарын хувьд 20.000.000 төгрөг зээлээд цувуулаад төлсөн. Зээлсэн мөнгөний ихэнх хэсгийг 2-3 сарын дотор төлсөн байсан. Хэрвээ алданги ярих гэж байгаа бол автомашин зэргийг нь засаж өгсөн. Зун наадам, амралт гээд орлогогүй үед нь төлөх хүсэлт сонирхолгүй байсан гэж хэлэх хэрэггүй байх. Бидний зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх үндэслэл ч байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хууль дээр байна л гээд байна ямар хууль дээр тийм зохицуулалт байгаа юм. Зээлийн харилцаа байхгүй. Гарын үсгийн баталгаа л гээд байгаа болохоос биш хэлцэл үү юу вэ гэдэг нь тодорхойгүй. Агуулгын хувьд манай зүгээс 24.000 төгрөг төлөх юм байна гэж ойлгосон. Өөр ойлголт байхгүй гэв.

 

Нэхэмжлэгчээс Хавтаст хэрэгт авагдсан 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн нэхэмжлэл/хх-1-2/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт/хх-3/, он сар засвартай 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн төлбөр төлөх баталгаа гэх баримт/хх-4/, 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 0044 дугаартай гарын үсэг гэрчилсэн үйлдэл/хх-5/, 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 0016 итгэмжлэл/хх-6/ зэргийг,

 

Хариуцагч талаас 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн хариу тайлбар/хх-13/, 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 0525 дугаартай итгэмжлэл/хх-12/ 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Хаан банкны шилжүүлгийн баримт/хх-14/ зэргийг,

 

Шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй байна.

 

Шүүх зохигчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

 

Ү Н Д Э С Л Э Х нь:

 

Нэхэмжлэгч Л.******* нь хариуцагч Д.*******ад холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөрт 4.800.000 төгрөг, алдангид хуанлийн 139 хоногоор гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар тооцон 3.336.000 төгрөг, нийт 8.136.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага анх гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.******* зээлийн үндсэн төлбөр болох 4.800.000 төгрөгийг 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Хаан банкны өөрийн тоот дансаар нэхэмжлэгчийн тоот данс руу шилжүүлсэн, нэхэмжлэгч тал түүнийг хүлээн авснаа хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр нэхэмжлэлийн үндсэн зээлийн үлдэгдэл 4.800.000 төгрөг гаргуулах тухай шаардлагаас татгалзаж, үлдэх шаардлага болох алданги 3.336.000 төгрөгийн шаардлагыг Иргэний хуулийн алданги шаардах эрхийн 50 хувиас илүү нэхэмжлэх эрхгүй үндэслэлээр багасган 2.400.000 төгрөг гаргуулахаар багасгасан.

Хариуцагч тал нэхэмжлэлийн багасгасан шаардлага болох алдангид 2.400.000 төгрөг гаргуулах тухай шаардлагаас 24.000 төгрөгийг л хүлээн зөвшөөрөх боломжтой, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Шүүх зохигч талуудын тайлбар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв. 

Нэхэмжлэгч Л.******* болон хариуцагч Д.******* нарын хооронд 2022 оны 09 дүгээр сард “Зээлийн гэрээ” амаар байгуулагдан тус зээлийн гэрээгээр 20.000.000 төгрөгийг 2 удаагийн дансны гүйлгээгээр зээлдүүлсэн гэх үйл баримт зохигч талуудын тайлбараар тогтоогдсон.

Хожим 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэгчээс авсан 20.000.000 төгрөгөөс хариуцагч 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 8.000.000 төгрөгийг төлсөн, үлдэх 7.200.000 төгрөгийг 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн дотор, 4.800.000 төгрөгийг 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаа ирэрхийлэн “Төлбөр төлөх баталгаа” гэх баримт бичгээр үйлдэн нотариатаар үйлдлийн үнэн зөвийг батлуулсан, мөн нотариатаар 44 дугаартай гарын үсэг гэрчлүүлсэн үйлдлээр давхар баталгаажуулсан байна./ХХ4-5 тал/

“Төлбөр төлөх баталгаа” гэх баримтын доод талын сүүлийн 2 мөрөнд хариуцагч Д.******* “Хэрэв хугацаандаа төлбөрөө төлөөгүй тохиолдолд 05% хувийн алданга төлөхийг зөвшөөрч байн” гэж бичээд гарын үсгээ зурж баталгаажуулсан байдалтай байдаг./ХХ-4 тал/

Шүүх дээрх талуудын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн зохигч талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан байна гэж үзэхээр байна. Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсантай ижил хэмжээний мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээхээр заасан.

Нэхэмжлэгч нь өөрийн дансаар 2022 оны 09 дүгээр сард 20.000.000 төгрөгийг хариуцагчид зээлдүүлсэн, уг зээлийн гэрээний үүрэгт хариуцагч тал 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 8.000.000 төгрөг, 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 7.200.000 төгрөг, 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 4.800.000 төгрөг тус тус төлсөн, нийт 20.000.000 төгрөг төлөгдсөн, үндсэн төлбөр төлөгдсөн үйл баримтын талаар зохигчид маргаагүй.

Харин нэхэмжлэгч тал 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дотор 4.800.000 төгрөгийг төлж барагдуулахаа илэрхийлэн “Төлбөр төлөх баталгаа” гэх баримт үйлдсээр атал мөн өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл нэхэмжлэл гаргах хүртэлх хугацааны 139 хоногийн алдангийг 0,5 хувиар тооцоход гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрсэн үндэслэлээр 2.400.000 төгрөг гаргуулах үндэслэлтэй гэж маргадаг.

Хариуцагч тал бичгээр тохиролцсон гэх “Төлбөр төлөх баталгаа” гэх баримтад хоног тутамд төлөхөөр тохиролцсон гэх тохиролцоо тусгагдаагүй тул 4.800.000 төгрөгийн 0,5 хувиар тооцсон 24.000 төгрөгийн алданги төлөхийг зөвшөөрнө, үлдэх хэсэг үндэслэлгүй гэж маргаж, татгалзаж байна.

Шүүх хариуцагчийн уг татгалзлыг үндэслэлтэй гэж үзэв.

“Төлбөр төлөх баталгаа” гэх баримтад хариуцагч Д.******* “Хэрэв хугацаандаа төлбөрөө төлөөгүй тохиолдолд 05% хувийн алданга төлөхийг зөвшөөрч байн” гэж бичээд гарын үсгээ зурж баталгаажуулсан байдалтай байгаа нь түүнийг хоног тутамд алданги төлөхөөр тохиролцсон болон алдангийн тооцооллыг Иргэний хуульд нийцсэн байдлаар зөв ойлгон хүлээн зөвшөөрсөн гэх байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасан бөгөөд талуудын тохиролцоонд ...хоног тутамд... гэх тохиролцоо тусгагдаагүй, мөн ...гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр... нэхэмжлэхээр заасан атал 05 гэх байдлаар цэг, таслал бичигдээгүй байдлаар тохиролцсон болох нь тогтоогддог.

Иймд Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д зааснаар гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарахаар заасан, мөн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т заасан анз төлөхийг хариуцагч хожим хүлээн зөвшөөрч бичгээр тохиролцсон байх тул мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дах заалтад нийцүүлэн 1 хоногт төлөх алдангийн хэмжээний дээд хэмжээ болох 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр нэхэмжлэх эрхтэй гэж үзэж 24.000/4.800.000*0,5%=24.000/ төгрөгийн хэмжээнд хангах үндэслэлтэй.

Нэхэмжлэгч талын алданги шаардах эрхийн тухайд нээлттэй гэж үзсэн боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан талуудын тохиролцоо мөн зүйл буюу Иргэний хуульд нийцээгүй, хоног тутамд гэх тохиролцоо тогтоогдоогүй, түүнчлэн 0,5 хувиас хэтэрсэн 5 хувь гэж илүү тогтоосон гэх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2.376.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 145.126 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.*******аас 4.550 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.*******д олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйлийн 116.1, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Д.*******аас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл алдангид 24.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2.376.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 145.126 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.*******аас 4.550 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.*******д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар зохигчид 15-28 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       ***