Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 2021/ДШМ/42

 

*******д холбогдох эрүүгийн хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Долгормаа даргалж, ерөнхий шүүгч  Б.Дэнсмаа,  З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                 Г.Чинзориг

Прокурор                                                     Д.Ганчимэг

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч          *******

Хохирогчийн хууль ёсны

төлөөлөгчийн өмгөөлөгч                              В.Давааням

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                М.Энхтуяа

Шүүгдэгч                                                        ******* нар оролцов.

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 2021/ШЦТ/267 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч М.Энхтуяа нарын гаргасан давж заалдах гомдлоор *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 01ий өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1990 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, Баарин овогт Чадраабалын Энхбаясгалан.

Шүүгдэгч ******* нь 2021 оны 07 дугаар сарын 06-ны орой 22 цагийн үед Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багт үйл ажиллагаа явуулж буй “Luxe” рестораны урд талын засмал зам дээр ******* улсын дугаартай Тоёота Акуа маркийн тээврийн хэрэгсэл жолоодон явах үедээ Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 12.2-т “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд pжолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 16.2-т “Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч *******, ******* нарыг мөргөж, улмаар явган зорчигч  *******ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, *******ын амь нас хохирсон гэх гэмт хэрэгт холбогджээ.

Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******г авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 2021/ШЦТ/267 дугаар шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Баарин овогт Чадраабалын Энхбаясгаланг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас нэг хүний биед хүндэвтэр хохирол учруулж, нэг хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Чадраабалын Энхбаясгалангийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасах ялын хугацааг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сиди 1 ширхэгийг хэрэгт хавсарган баримт бичгээр ирсэн шүүгдэгч *******гийн ******* тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд  даруй хүргүүлж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээгч өөрчлөн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ... шийдвэрлэжээ.

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч М.Энхтуяа нар 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр гаргасан давж заалдах гомдолдоо: “Шүүгдэгч ******* би өмгөөлөгчийн хамт ярилцаад хэргийн бодит үнэн нөхцөл байдалд шүүхийн зүгээс бодитой үнэлэлт дүгнэлт хийж, гэм буруугийн хэр хэмжээ, хохирогчийн буруутай байдал, гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцлийг анхаарч үзэхгүй, хүний амь хохирсон, хохирогчийн төлөөлөгчийн гомдолтой гэснийг үндэслэн арай хүнд ял оногдуулсан гэж гомдол гаргаж байна.

Намайг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 12.2-т “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, мөн 16.2-т “Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн гэж буруутгасан.

Би хүний амь нас миний машинд мөргүүлсний улмаас хохирсонд маш их харамсаж байгаа. Үнэхээр хүний амь гэдэг хайран байлгүй яахав. Үүнд маргаж өөрийгөө өмөөрөх хэцүү байна. Гэхдээ хуулийн байгууллага бодит байдлыг үнэн зөв ярьсаар байтал шууд жолоочийг буруутгаж, чи хүн алчихаад гээд л хэлэх үггүй болгодог. Тэгээд ч энэ эрүүгийн хууль бол гэм буруугаа хүлээхгүй маргавал ял хатуу оногдуулдаг. Тиймээс буруугаа хүлээсэн нь дээр гэсэн. Ер нь би буруутай гэдгээ ойлгож байгаа.

Гэхдээ ядаж шүүх ч гэсэн бодит байдлыг харж үнэлж ялыг хөнгөрүүлэх тэнцүүлэх, тэр талаар дүгнэлт хийх байх гэсэн горьдлоготой байсан. Өмгөөлөгч хэргийн нөхцөл байдал бусад нөлөөлөл шалтгааныг хэлсэн болохоор надад нэмж хэлэх юм байгаагүй. Ер нь хөл салгалаад, хоолой ч гарч өгөхгүй, төрийн сүлд шүүхийн өмнө сүрддэг юм байна лээ. Гэхдээ одоо бодит үнэн дээр зөв дүгнэлт хийгээсэй гэж чин сэтгэлээсээ хүсэж байна.

Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь заалт бол жолоочид ч явган зорчигчид ч үйлчлэх нийтлэг ерөнхий биелүүлэх заалт юм. Дүрмийн 12.2 дахь заалтын хувьд би гэнэтийн нөхцөл байдлаас шалтгаалан хамаарал бүхий болоод байгаа. Миний хувьд уулзварыг харж ногоон гэрэл буюу миний талд зөвшөөрсөн гэрэл асахыг уулзвараас 10 метрийн зайнаас харсан учир хөдөлгөөнөө үргэлжлүүлсэн. Замын баруун гар талын машин гэрэл дохио хараад гарцны тэнд зогсчихсон байсан. Өөр ямар нэг зорчих хөдөлгөөн харагдаагүй. Харанхуй ч зам чөлөөтэй, гэрэлтүүлэгтэй учир харагдаж байсан. Тиймээс зөвшөөрсөн гэрэл дохионы дагуу уулзвар нэвтэрсэн.

Гэтэл баруун гар талд хойноос урд зүгт нэвтрэхдээ улаан гэрлээр саатуулагдаж хүлээж байсан машины цаад талаас буюу баруун талаас нь хоёр хүн гэнэт гарцгүй газраас уулзвар луу гүйж гарч ирсэн. Би уулзвар луу ороод ирчихсэн, ойрхон зайнд хүн гүйж гарч ирсэн учир яаж ч чадаагүй тойруулж мушгисан ч гаргаж чадаагүй мөргөсөн аймшигтай юм болсон. Шоконд орж тормозоо ч яаж дарснаа мэдэхгүй машинаа зогсоогоод буцаж уулзвар луу гүйж ирсэн. Тэр эмэгтэйг гүйж гарч ирэхэд тормоз дараад ч зогсож амжихгүй байсан. Энэ бол гарцаагүй үнэн. Намайг уулзвараар бага хурдтай явсангүй гэж эцэст нь хэлсэн. Үүнийг ч зөвшөөрч байгаа. Гэхдээ машины цаана халхлагдаад явган зорчигч харагдахгүй байсан. Зам чөлөөтэй нэвтрэхийг зөвшөөрсөн гэрэл асчихсан учир ийм юм гарч ирнэ гэж тооцоолоогүй миний алдаа байсан. Гэхдээ хэтэрхий их хурдтай биш зөвшөөрөгдсөн хэмжээнд л явсан.

Дүрмийн 16.2-г надад тохирохгүй заалтаар буруутгасан гэж үзэж байна. Учир нь:

1. Явган зорчигчид гарцаар яваагүй.

2. Мөн явган зорчигчийн хувьд улаан гэрэл нь асчихсан зам нэвтрэхийг хориглосон байсан үед гарцгүй газраар уулзвар руу ороод ирсэн. Гарцаар явган зорчигч гарч байх үед гэрэл солигдсон бол түүнийг өнгөрүүлж таарна. Ийм юм огт болоогүй. Харин явган зорчигч нь Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-т заасны дагуу “Замын хөдөлгөөнд оролцогч нь өөрийн явж байгаа чигийн өөдөөс хандан байрласан замын гэрлэн дохио буюу замын тухайн хэсэгт хөдөлгөөн зохицуулж байгаа зохицуулагчийн дохиог дагаж мөрдөнө” гэсэн заалтыг 5.12 дугаар зүйлийн а. “Үзэгдэх хүрээнд явган хүний гарцтай замын гарцгүй хэсгээр, эсхүл  явган хүний гарамтай замын гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах” б. “Аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар ... эргэж буцах”, д. “Ойртон ирж яваа тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гүйхийг хориглоно” гэсэн заалт, 5.7, 5.8-д заасан “Хөдөлгөөний зохицуулалттай хэсгээр явган зорчигч зам хөндлөн гарахдаа явган хүнд зориулсан гэрлэн дохиогоор ... зорчигч хэсэг рүү орох”, “Замын дагуу үзэгдэлт саадтай, зогсож байгаа тээврийн хэрэгслийн дэргэдүүр зам хөндлөн гарахдаа тээврийн хэрэгсэл ойртон ирж байгаа эсэхийг магадлан мэдсэн байвал зохино” гэсэн заалт гэх мэт явган зорчигчид үүрэг, хариуцлага, анхааруулга өгсөн мөрдөх заалтуудыг зөрчсөн байна.

Энэ талаар мөрдөгч, прокурор, шүүх анхаарч үзсэнгүй. Ялангуяа зохицуулалттай уулзварт зөвхөн түүнийг л дагах ёстой. Ингээгүйгээс болж энэ осол гарсан. Ослын шалтгаан энэ байсан. Хүний амь нас хохирсон болохоор жолоочийг буруутгаад л хохирогчийн буруутай байдлыг тодорхойлохгүй, түүнийг харгалзан үзэхгүй байгаа нь зорчих хөдөлгөөнд оролцогчдын хариуцлага, ухамсарыг дээшлүүлэхгүй байна.

Иймд нэгэнт хууль дүрэмд дурдагдсан зохицуулалтыг энд авч харгалзан үзэх ёстой гэж үзэж байна. Хохирогчийн хэт болгоомжгүй хууль дүрмийг биелүүлээгүй байдал эрсдэлд хүргэснийг бас анхаарах, үүнтэй холбоотой бусад хууль зүйн үр дагавар байгааг ч анхаарах ёстой гэж үзэж байна.

Иймд эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэж ял шийтгэлийг хөнгөрүүлж, нийгмээс  тусгаарлах ял оногдуулсныг өөрчилж, ялыг тэнсэж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би болсон явдалд маш их харамсаж байна. Талийгаачийн ар гэр болон хууль ёсны төлөөлөгчид гүн эмгэнэл илэрхийлье гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Осол гарсан шалтгаан нь явган зорчигч замын хөдөлгөөний дүрмийг баримтлаагүйтэй холбоотой. Ядаж л гэрлэн дохиотой хэсэгт гэрлэн дохионы дагуу хөдөлгөөнд оролцох ёстой байдаг. Наанадаж гарцтай хэсгээр зам хөндлөн гарах ёстой байдаг. Энэ бүхэн хохирогчтой шууд холбоотой. Жолооч нь аюул тохиолдох үед аюулыг зогсоох хэмжээний хурдыг сонгож хөдөлгөөнд оролцоно гэсэн заалтыг л зөрчсөн байгаа. Энэ байдлаа хүлээн зөвшөөрдөг. Тухайн үед замын уулзвар хэсэгт 2 тээврийн хэрэгсэл л байсан. Олон тээврийн хэрэгслээс болж харагдаагүй гэж хэлээгүй. Машины цаагуур зам хөндлөн гарсан тул харагдаагүй гэж тайлбарлаж байна гэв.

Хохирогчийн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би талийгаачийн төрсөн дүү нь байгаа юм. Манай эгчийн хувьд 4 дүүгээ хардаг. Ээжийг минь өнгөрснөөс хойш биднийг харж асардаг байсан хүн. Анх зүйл анги нь 1-ээс 5 жилийн хорих ялтай гэдгийг сонсоод надад 5 жилийн хорих ял нь хүртэл бага санагдсан. Анхан шатны шүүхээс 2 жилийн хорих ял оногдуулсан. Надад бага санагдсан хэдий ч хуулинд тэгж заасан бол яах билээ гэж бодсон. Гэтэл одоо өшөө бага ял авах хүсэлтэй байгааг сонсоод үнэхээр гайхаж байна. Хүний амь насыг мөнгөөр үнэлж чадахгүй шүү дээ. Зөвхөн баримтаар гаргасан мөнгөн дүн нь л 10 гаруй сая төгрөг болсон. Гэрч Гэрэлцэцэгийн мэдүүлгийг сонслоо. Энэ хүнээс маргааш нь мэдүүлэг авсан байсан. Ингэхдээ хэтэрхий эгчийг минь буруутгасан байгаа харагдсан гэв.

Хохирогчийн төлөөлөгчийн өмгөөлөгч В.Давааням шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *******гийн хувьд тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж яваагүй байгаа нь харагддаг. Камерийн бичлэг хийгдсэн байгаа. Үүнд үзлэг хийсэн байдаг. 4 замын уулзвар хэсэг байхад нилээдгүй өндөр хурдтай явсны улмаас ийм осол гарсан байгаа. Зөвшөөрсөн хурдаад явсан хэдий ч уулзвар хэсэг болон орой болж байгаа зэргийг тооцоолж жолооч мэдрэмжтэй хандах ёстой байсан. Хөдөлгөөн хэвийн сийрэг байсан гэдгийг гэрч нар хүртэл хэлдэг. Тиймээс гэнэт өөр машины араас гарч ирсэн зүйл байхгүй. Хохирогчид бүхий л бурууг тохож байгаа мэт харагдаж байна. Согтууруулах ундаа хэрэглэсэн байснаас болж гэмт хэрэг гараагүй гэж үзэж байна гэв.

Прокурор Д.Ганчимэг шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Хохирогчийн төлөөлөгчийн өмгөөлөгчийн гаргасан саналыг дэмжиж байна. Санал нэг байна гэж хэлмээр байна. Гэмт хэргийн хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд сонгож хорих ялыг оногдуулсан гэж үзэж байна. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Энхбаярсгалангийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Шүүгдэгч ******* нь 2021 оны 07 дугаар сарын 06-ны орой 22 цагийн үед Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “luxe”рестораны урд талын засмал зам дээр ******* улсын дугаартай Тоёота акуа маркийн тээврийн хэрэгсэл жолоодон явах үедээ Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, мөн дүрмийн 12.2-т “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч *******, ******* нарыг мөргөж, улмаар *******ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, *******ын амь нас хохирсон гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч *******гийн үйлдсэн хэрэг нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******гийн  мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч *******, гэрч А.Буянжаргал, Л.Гэрэлцэцэг, Т.Энхтайван нарын мэдүүлсэн мэдүүлгүүд, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 76 дугаартай дүгнэлт, мөрдөгчийн магадлагаа, камерийн бичлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотолсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмыг ноцтой зөрчөөгүй байна.

Шүүх ял оногдуулахдаа Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан үздэг.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн байх, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх, хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, хэмжээ нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзнэ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд амь хохирогч *******, хохирогч ******* нар нь Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан согтууруулах ундаанд хамаарах пиво уусан үедээ явган хүний гарцгүй газраар, зөвшөөрсөн гэрлэн тэмдэгт асаагүй үед замын хөдөлгөөнд нь оролцсон болох нь хохирогч *******ын “... Оюунсувдын хамтаар Хэрлэн сумын 10 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Люкс /Luxe/ паб руу очиж гаднах Гарденд сууж үйлчлүүлэхээр болсон. Тухайн газарт бид хоёр хоол идээд миний санаж байгаагаар хүний гурав, гурван шил Алтан говь нэртэй 0,5 литрийн савлагаатай пиво уусан. Улмаар тухайн паб 22 цагт хаана гэж байсан бөгөөд миний санаж байгаагаар Оюунсувд бид хоёр 21 цаг 50-55 минутын орчим пабаас гарсан. Бид хоёр тухайн үед манай гэр лүү /6 дугаар баг, 19 дүгээр байр/ очихоор ярилцсан байсан бөгөөд пабаас ертөнцийн зүгээр урд талд байрлах зам руу очсон. Улмаар явган хүний гарц руу нь дөхөж гээд уг замаар явж байхад зүүн талаас баруун тийш чиглэн нэгэн машин ирж байгаа харагдсан. Бид хоёр яахаа мэдэхгүй тухайн газраа зог тусаад зогсож байхад тухайн машин эхлээд намайг мөргөчихсөн. Би Оюунсувдын зүүн талд явж байсан. Тэгээд би газарт унаснаа санаж байна. Тэгтэл тухайн машин Оюунсувдыг хамт дайраад  явчихсан ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-38 дахь хуудас/,

 гэрч Л.Гэрэлцэцэгийн “... 22 цагийн үед би өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээ унаад Энхтайваны хамтаар Хэрлэн сумын 10 дугаар баг, Люкс пабын ертөнцийн зүгээр баруун талын замаар хойноос урагш чиглэлтэй явж байхад улаан гэрэл асаж байгаа харагдсан. Энэ үед миний машины урд талд ямар нэгэн машин байгаагүй. Энэ үед тухайн уулзвараар зүүнээс баруун зүгт чиглэлтэй замын  хоёр дугаар эгнээгээр явж байсан цэнхэр өнгийн Акуа маркийн тээврийн хэрэгсэл уг уулзвараар хойноос урагш чиглэлтэй зам хөндлөн гарч байсан хоёр эмэгтэйг мөргөчихсөн. Миний харснаар машин ирэхээс өмнө нэг эмэгтэй нь эхлээд зам хөндлөн гарах гээд гүйх оролдлого хийх гэж байсан. Энэ үед зүүн талаас нь баруун тийш чиглэлтэй ирж байсан машиныг нэг нь харсан бололтой нөгөө охиноо араас нь татсан боловч хоёулаа мөргүүлчихсэн. ... тухайн осол гаргасан тээврийн хэрэгсэл ногоон гэрлээр гарсан, дундын л хурдтай явж байсан. ... Уг хоёр эмэгтэй миний зогсож байсан замын эсрэг урсгалын машин замаар бие биенээ тэврээд бага зэрэг гуйвсан байдалтай ертөнцийн зүгээр хойноос урагшаа чиглээд явж байсныг би сайн санаж байна. Мөн тухайн хоёр эмэгтэй явган хүний гарцаар гараагүй, мөн ногоон гэрлээр гараагүй. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 58-60 дахь хуудас/,

гэрч М.Анударийн “... Тухайн өдрийн 20 цагийн үед тухайн пабаар өмнө нь хэд хэдэн удаа үйлчлүүлж байсан Оюунсувд гэх охин өөрийн найз бололтой нэгэн эмэгтэйн хамтаар манай пабын гаднах Гарденд суухаар болж найм дугаартай ширээнд хоёулаа суусан. Улмаар тэр хоёр нийтдээ 8 шил Алтан говь нэртэй шар айраг захиалж уусан. ... Тухайн хоёр эмэгтэй миний санаж байгаагаар 22 цаг өнгөрч байх үед гараад явсан. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 62-64 дэх хуудас/,

мөрдөгчийн 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн магадлагаанд “...Явган зорчигч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.12 а/-д заасан “үзэгдэх хүрээнд явган хүний гарцтай замын гарцгүй хэсгээр, эсхүл явган хүний гарамтай замын гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах” гэсэн заалтыг зөрчсөн байна.” /хх-ийн 103 дахь хуудас/,

Замын цагдаагийн тасгийн зохицуулагч д/ч Б.Батбаатарын “Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 53-д зааснаар *******ыг /хохирогч/ арван мянган нэгжтэй тэнцэх буюу 10 000 төгрөгөөр торгосон” шийтгэлийн хуудас /хх-ийн 126 дахь хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Анхан шатны шүүх нотлох баримтуудыг үнэлэхдээ дээрх нөхцөл байдлуудыг анхаарч үзэлгүй, хохирогчийн буруутай /зүй бус/ үйлдлийн талаар дүгнэлт хийлгүй орхигдуулсан, мөн шүүгдэгч *******г Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.2-т заасан “Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, өөрөөр хэлбэл шүүгдэгчийн гэм буруу болон түүнд ял оногдуулахад нөлөөлсөн гэж үзэхээр байна.

Иймд шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч М.Энхтуяа нарын давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлтэй гэж үзэв.

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “... шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно.” гэж заасан эрх хэмжээний хүрээнд  гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх зарчим, үзэл баримтлалд нийцүүлэн шүүгчдэгч *******гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч учруулсан гэм хорын хохирлоо нөхөн төлсөн, төлөх төлбөргүй зэргийг харгалзан тухайн зүйл хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хорих ял оногдуулах нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журамд нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгчийг амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 15 500 000 төгрөг төлсөн гэж бичсэн ба давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Лхагвагэрэл нь 12 500 000 төгрөг авсан талаар тайлбарласан, мөн хавтаст хэргийн 164, 165, 166, 167 /3,0+3,0+3,5+3,0=12,5 сая төгрөг/ дугаарт авагдсан ХААН банкны шилжүүлгийн баримт зэргээр тогтоогдож байх тул шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт 15 500 000 төгрөг төлсөн гэж бичигдсэнийг 12 500 000 төгрөг төлсөн гэж залруулан ойлговол зохино.

Шүүгдэгч *******гийн 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 65 /жаран тав/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч М.Энхтуяа нарын давж заалдах гомдлыг хүлээн авч, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 2021/ШЦТ/267 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “ ... 2 жилийн /хоёр/ ...” гэснийг “ ... 1 жилийн /нэг/...” гэж, 3 дахь заалтын “... 2 /хоёр/...” гэснийг “...1 /нэг/...” гэж тус тус өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 65 /жаран тав/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ж.ДОЛГОРМАА

  ШҮҮГЧИД                                             Б.ДЭНСМАА

                                                               З.ЭНХЦЭЦЭГ