Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 03

 

 

 

 

 

 

 

2019 оны 03 сарын 04-ний өдөр        Дугаар 222/МА2019/00003                Баруун-Урт    

 

                              “Ц” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

                          А.Бэд холбогдох иргэний хэргийн талаар

 

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч О.Баатарсүх даргалж, шүүгч С.Оюунтунгалаг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд хийв.

 

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга С.Ариунжаргал

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш

Хариуцагч А.Б, түүний өмгөөлөгч Г.Амарсайхан нар оролцов.

 

 Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн  40 дүгээр шийдвэрийг  эс зөвшөөрч бичсэн хариуцагчийн өмгөөлөгч Г.Амарсайханы давж заалдах гомдлоор Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутаг дэвсгэрт байрлах  “Ц” ХХК-ийн “эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирол 3799860 төгрөг гаргуулах тухай”  нэхэмжлэлтэй Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2 дугаар баг, Уртын 8-5 тоотод оршин суух А.Бэд холбогдох иргэний хэргийг 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч  Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Нэхэмжлэгч “Ц” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Хариуцагч А.Б нь 2018.05.25-ны орой 21 цаг 30 минутын орчимд Баруун-Урт сумын 6-р баг Цайртын 4 замын уулзвар дээр Сивик маркийн 61-00 СҮЭ улсын дугаартай автомашиныг жолоодож явах үедээ манай компанийн Volkswagen Multivan маркийн 06-67 УНУ улсын дугаартай автомашиныг мөргөж осол гаргасан.

Тухайн үед тэр даруй замын цагдаа дуудаж, ослын хэргийг бүртгүүлсэн. Хэргийн газрын үзлэг, замын цагдаагийн шалгалтаар хариуцагч А.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.9-д заасныг зөрчсөн буруутай болохыг тогтоосон. А.Б нь өөрийн бурууг хүлээж манай компанийн автомашинд учирсан хохирлыг барагдуулна гэсэн. Ослын улмаас манай компанийн автомашины урд хэсэгт ихээхэн хэмжээний гэмтэл учирч замын хөдөлгөөнд оролцох боломжгүй болсон бөгөөд уг автомашиныг Улаанбаатар хотруу тээвэрлэж засвар хийлгэсэн. Ийнхүү Сүхбаатар аймгаас Улаанбаатар хотод эвдэрсэн автомашиныг тээвэрлэхэд 400.000 төгрөг, шаардлагатай сэлбэг хэрэгслийг худалдан авахад 7.961.860 төгрөг, будаг засварын ажлын хөлсөнд 900.000 төгрөг, үнэлгээ хийлгэхэд 238000 буюу нийт 9.499.860 төгрөгийн зардал компаниас гарсан.

Манай компанийн автомашинд учирсан эвдрэл, гэмтлийг засварлах зардлыг нөхөн төлөх зорилгоор хариуцагч А.Б нь 2018.06.20-ны өдөр 700.000 төгрөг, жолоочийн даатгалын журмаар М ХХК-аас 2018.06.13-ны өдөр 5.000.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. “Ц” ХХК-д учирсан хохирлын үлдэгдэл төлбөр буюу 3.799.860 төгрөгийг 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулахыг А.Бэд албан бичгээр мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл энэхүү хохирлыг барагдуулах талаар ямар ч арга хэмжээ авсангүй. Иймд компанийн эд хөрөнгөнд учруулсан гэм хорын хохиролд 3.799.860 /гурван сая долоон зуун ерэн есөн мянга найман зуун жар/ төгрөгийг хариуцагч А.Бээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ш шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Компанийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлд учруулсан хохирлын үлдэгдэл төлбөр болох 3.799.860 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Хариуцагч А.Б нь 2018 оны 05 дугаар сарын 25-ны орой 21 цаг 30 минутын орчим манай компанийн эзэмшлийн авто машиныг  Баруун-Урт сумын 6 дугаар багийн нутагт дэвсгэрт байх дөрвөн замын уулзвар дээр мөргөсөн байсан. Хэргийн газрын үзлэгээр А.Б нь замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар зүйлийн 9-т заасан зам тавьж өгөх үүргийг биелүүлээгүй байдаг. Тухайн үед А.Б нь өөрийн бурууг хүлээн, манай компанид учирсан хохирлыг хүлээн зөвшөөрч, бүрэн төлж барагдуулахаа илэрхийлж байсан. Ослын улмаас манай компанийн машины эвдрэл их байсан учраас Улаанбаатар хот руу том оврын автомашинаар ачин явж, эвдрэлийг засуулсан. Тээврийн хэрэгслээр Улаанбаатар хот руу тээхэд 400.000 төгрөг, шаардлагатай засвар үйлчилгээ, сэлбэг хэрэгсэлд 7.961.860 төгрөг, ажлын хөлсөнд 900.000 төгрөг, үнэлгээний компанинд 238.000 төгрөг, нийт 9.499.860 төгрөгийн зардал манай компаниас гарсан. Хариуцагч А.Б автомашины засварт 700.000 төгрөг, “М” ХХК-аас 5.000.000 төгрөг шилжүүлсэн. Тиймээс үлдэгдэл төлбөр буюу 3.799.860 төгрөгийг хариуцагч А.Бээс гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч А.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэн А.Б надаас гэм хорын төлбөрт 3.799.860 төгрөгийг нэхэмжилсэн Ц ХХК-ийн захирал С.Бгийн нэхэмжлэлтэй танилцаад эс зөвшөөрч доорхи тайлбарыг гаргаж байна. Миний бие 2018 оны 05 сарын 25-ны өдөр 21.30 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн Хонда цвик маркийн СҮЭ 61-00 дугаартай автомашинаар хөдөлгөөнд оролцож байхдаа Ц ХХК-ийн эзэмшлийн 06-67 УНУ дугаартай “Volkswagen multivan” маркийн автомашинтай мөргөлдөж осол гаргасан болно. Нэгэнт өөрийн болгоомжгүй үйлдлийн улмаас бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан тул төлж барагдуулахаар тохиролцсон бөгөөд албан ёсоор хохирлын төлбөрийн үнэлгээг гаргуулахаар нэхэмжлэгч талаас шаардахад “Ц” ХХК нь “Ашид билгүүн” үнэлгээний газраар үнэлгээ хийлгэж нийт сэлбэг хэрэгсэл, засвар үйлчилгээний хөлсийг үнэлүүлэн 5.820.000 төгрөгт гэмтсэн авто машиныг бүрэн засварлаж анхны байдалд нь сэргээнэ гэсэн үнэлгээ гарсан болно. Энэ үнэлгээг нэхэмжлэгч өөрөө гаргуулж нэхэмжилсний дагуу миний бие даатгалын баримт бүрдүүлж М компаниас 5.000.000 төгрөг, хувиасаа 700.000 төгрөгийг төлж хохирлоо бүрэн төлж барагдуулсан. Үлдэгдэл 120.000 төгрөгийг төлж болно.

Иймд “Ашид билгүүн” үнэлгээний байгууллагын гаргасан хууль ёсны /нэхэмжлэгчийн өөрөө гаргуулсан/ үнэлгээг бүрэн төлсөн тул нэмж төлбөр нэхэмжилж байгааг хариуцах үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

 

             Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 40 дүгээр шийдвэрт: Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч А.Бээс бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгт 3 399 860 /гурван сая гурван зуун ерөн есөн мянга найман зуун жар/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Ц” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 400 000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 75 748 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Бээс улсын тэмдэгтийн хураамжинд 69 348 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Ц” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэхь хэсэгт зааснаар талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардаж авахыг мэдэгдэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч талууд шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж  шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Амарсайхан давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль зүйн үндэслэлгүй байна. А.Б нь 2018 оны 05 дугаар 25-ны орой 21:30 минутын орчимд Баруун-Урт сумын нутаг дэвсгэрт Сивик маркийн 61-00 СҮЭ автомашинтай болгоомжгүй мөргөлдсөн учир хохирол болох 5700000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Автомашины үнэлгээний тухайд албан ёсны хохирлын төлбөрийн үнэлгээг гаргуулахаар “Ашид билгүүн” үнэлгээний газарт хийлгэж, нийт сэлбэг хэрэгсэл, засвар нь нийлээд 5820000 төгрөгт гэмтсэн авто машиныг бүрэн засварлаж анхны байдалд сэргээнэ гэсэн үнэлгээ гарсан юм. Энэ дагуу А.Б 5700000 төгрөгийг  “Ц” ХХК-д бүрэн төлж барагдуулсан. Гэтэл А.Бээс дахин нэмж 3799860 төгрөгийг үндэслэлгүйгээр нэхэж байгаад хүлээн зөвшөөрөх боломжгүй. Монгол Улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн үнэлгээний компани байгууллага ажилладаг байтал “Ц” ХХК өөрсдөө үнэлгээ гаргасан нь зах зээлийн машинаас  өндөр төлбөр нэхэж, хариуцагчийг илт хохироож байна гэж үзэж байна. Үнэлгээний компанийн гаргасан дүгнэлтийг шүүх анхаарч үзэлгүйгээр засвар хийсэн тооцоог харж шийдсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхээс нэхэмжлэгчид 3399860 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэснийг хэрэгсэхгүй болгож өгнө үү, эргэлзээ төрвөл засварын  тооцоог үнэлгээний компанийнхантай харьцуулж зах зээлийн үнэлгээг шинжээч томилуулж нягтлан гаргуулах шаардлагатай байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

           

            Нэхэмжлэгч “Ц” ХХК-ийн өмчлөлийн Volkswagen Multivanмаркийн 06-67 УНУ улсын дугаартай  тээврийн хэрэгсэлд хариуцагч А.Бийн буруутай үйлдлийн улмаас 9499860 төгрөгийн гэм хорын  хохирол учирсан байх бөгөөд хариуцагч 5700000 төгрөгийг төлж, үлдэгдэл 3799860 төгрөг төлөөгүй байгаа тул үүнийг гаргуулж өгнө үү гэх  нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд ирүүлжээ.

           

            Хариуцагч А.Б өөрийн болгоомжгүй үйлдлийн улмаас бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан,Ашид билгүүнХХК-ийн автомашины эвдрэл, хийгдэх засвар зэрэгт  үнэлгээ хийсний дагуу 5700000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 120000 төгрөгийг төлнө, Ц ХХК-ийн илүү нэхэмжилж байгаа 3799860 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

           

            Анхан шатны шүүхээс хэрэгт ач холбогдолтой гэж үзсэн нотлох баримт нь шаардлага хангахгүй, ач холбогдол бүхий нотлох баримтууд дутуу байхад хэргийг эцэслэн шийдвэрлэж, хэргийн оролцогчдын хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна.

 

            Тухайлбал: Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий замын цагдаагийн эрх бүхий албан тушаалтан ослын акт үйлдсэн эсэх, тээврийн хэрэгслийн эвдрэл, гэмтлийн талаар үзлэг хийсэн тэмдэглэл болон “Ашид Билгүүн” ХХК-ийн үнэлгээний тайлан зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдаагүй байна.

           

             Мөн “Ц” ХХК нь “Volkswagen Multivanмаркийн 06-67 УНУ улсын дугаартай автомашинд  “Таван богд” трейдээс 7961860 төгрөгийн ямар нэр төрлийн сэлбэг хэрэгслийг  авсан нь автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл болон Ашид Билгүүн ХХК-ийн үнэлгээний тайлантай хэрхэн нийцэж байгаа эсэх нь тодорхойгүй байхад “Ц” ХХК-ийн  “Таван богд” трейдээс 7961860 төгрөгийн автомашины сэлбэг хэрэгсэл авсан гэх баримтыг үнэлсэн нь учир дутагдалтай болжээ. /хх 16/

            Түүнээс гадна анхан шатны шүүх эвдрэл, гэмтэлтэй автомашинд “D” ХХК-иар 900000 төгрөгийн засвар үйлчилгээ хийлгэсэн гэх  баримтын бичвэр бүдэг, уншигдах боломжгүй байхад түүнийг үнэлсэн нь буруу болжээ. /хх 15/

 

            Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд  буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг шүүгчийн захирамжаар буцаан олгох үндэслэлтэй байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            Нэг. Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 40 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

            Хоёр.Хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 75747 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

            Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл хяналтын журмаар Монгол Улсын Дээд  шүүхэд гомдол гаргах эрхтэй болно.

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              О.БААТАРСҮХ

 

                                      ШҮҮГЧИД                               С.ОЮУНТУНГАЛАГ

 

                                                                                       Д.БАЙГАЛМАА