| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Батчимэг |
| Хэргийн индекс | 102/2023/02348/И |
| Дугаар | 102/ШШ2023/03349 |
| Огноо | 2023-09-21 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 09 сарын 21 өдөр
Дугаар 102/ШШ2023/03349
| 2023 оны 09 сарын 21 өдөр | Дугаар 102/ШШ2023/03349 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 17 дугаар хороо 36и дугаар байранд байрлах ХСӨХ-ны нэхэмжлэлтэй
Хариуцагч: Баянгол дүүргийн 17 дугаар хороо 36А байрны 37 тоотод оршин суух Бн овогт Бн А /РД /-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээний зардалд 1,053,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Оюунсайхан
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ХСӨХ нь хариуцагч Б.Ат холбогдуулан дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээний зардалд 1,053,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Б.А нь Баянгол дүүргийн 17 дугаар хороо 36А байр 37 тоот орон сууцны өмчлөгч бөгөөд 2021 оны 04 дүгээр сараас хойш 2023 оны 04 дүгээр сарыг дуусталх хугацааны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээний зардал 1,053,000 төгрөгийг төлөөгүй.
2. Хариуцагч шүүхэд хариу тайлбар гаргаагүй. Б.А нь 2007 оноос хойш Баянгол дүүргийн 17 дугаар хороо 36а-37 тоот байрыг түрээслэн шүдний эмнэлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Энэ хугацаанд Х-той гэрээ хэлцэл хийгээгүй. Нэг айл 28,000 төгрөг төлдөг. Би 35,000-40,000 төгрөг төлье гэж бодож байсан. Нөгөө талаас мөнгөө нэмээд байгаа болохоор тохиролцохгүй болсон. Байрны орцоор нь орж гардаг бол төлөөд явж болно. Ямар ч цэвэрлэгээ үйлчилгээ хийгээгүй, газар доорх талбайгаа ашиглаж байгаа гээд байгаа. Бид нарын хувьд ямар ч дэмжлэг авдаггүй, хог хаягдлаа эмнэлгийнхээ хог хаягдлаар өгчихдөг. Цэвэрлэгээ үйлчилгээгээ өөрсдөө мөнгө төлөөд цэвэрлэдэг. Төлөхгүй биш төлнө гэсэн бодолтой байна. Мөнгөн дүнгээ арай багасгаад өгөөч гэсэн санал тавьж байна гэв.
3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, сууц өмчлөгчдийн холбооны гэрчилгээ, Х-ийн удирдах зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 03 дугаартай тогтоол, итгэмжлэл, Баянгол дүүргийн 7 дугаар хороо 33 байр 116 тоот орон сууцны 2019 оны 08 дугаар сараас 2022 оны 12 дугаар сарыг дуусталх хугацааны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалал, засвар үйлчилгээний зардлын нэхэмжлэх, Х-ны удирдах ба хяналтын зөвлөлийн 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 02 дугаартай хамтарсан хурлын тогтоол, хавсралт зэрэг баримтуудыг, хариуцагчаас үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, эрүүл мэндийн байгууллага аюултай хог хаягдлыг тээвэрлэгч байгууллагад хүлээлгэн өгөх маягт, фото зураг зэргийг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: хариуцагч Б.А нь өөрийн үйл ажиллагаа явуулж байгаа орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээний зардлыг төлөх үүрэгтэй бөгөөд 2021 оны 04 дүгээр сараас хойш 2023 оны 04 дүгээр сарыг дуусталх хугацааны төлбөрийг төлөөгүй гэж тайлбарлаж байна.
3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгө буюу орцыг ашиглаагүй. Цэвэрлэгээ, хог хаягдлаа өөрсдөө цэвэрлэсэн. Дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээтэй холбогдсон зардлын хэмжээг багасгасан нөхцөлд төлөх боломжтой.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Хсууц өмчлөгчдийн холбоо нь Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэгт зааснаар сууц өмчлөгчдийн хурлаар байгуулагдаж, 2005 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 76 тоот гэрчилгээ авч, Удирдах зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 03 тогтоолоор Д.Б сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирлаар томилсон байх тул нэхэмжлэгч нь дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, орон сууцны ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.
5. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө.
6. Хариуцагч талаас Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 36А дугаар байрны 37 тоот орон сууцны өмчлөгч этгээдийн талаар маргаагүй. Харин хариуцагчийн орон сууцны орцыг ашиглаагүй, хог хаягдал гаргаагүй гэх татгалзал Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.3-т зааснаар дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон зардлаас бүрэн буюу хэсэгчлэн чөлөөлөх үндэслэл болохгүй.
7. Мөн нэхэмжлэгч Хсууц өмчлөгчдийн холбоо нь дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээтэй холбогдсон зардал хуваарилах асуудлыг удирдах ба хяналтын зөвлөлийн хамтарсан хурлаар шийдвэрлэсэн байх боловч бүх гишүүдийн хурлаар шийдвэрлээгүй нөхцөлд тухайн тогтоосон хэмжээгээр холбогдох зардлыг сууц өмчлөгчдийн холбооны гишүүнээс гаргуулах нь нийт гишүүдийн эрх, ашигт нийцнэ.
8. Орон сууц өмчлөгч нь сууц өмчлөгчдийн холбоо гишүүн байхаас гадна дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй. Хариуцагч Б.Аээс 2021 оны 04 дүгээр сараас хойш 2023 оны 04 дүгээр сарыг дуусталх хугацааны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 1,053,500 /30,100*15+60,200*10/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ХСӨХ-нд олгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
9. Нэхэмжлэлийг хангасан тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Аээс орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээний зардалд 1,053,500 /нэг сая тавин гурван мянга таван зуун/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Хсууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Хсууц өмчлөгчдийн холбооноос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29,834 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Аээс улсын тэмдэгтийн хураамжид 29,834 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Хсууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ