Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 132/ШШ2022/00642

 

2023         08             28         

             132/ШШ2023/00383

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 Нэхэмжлэгч: Төв аймаг, Зуунмод сум, номт * дүгээр багт оршин суух, Улаан толгой овогт Батсайхан Г******* нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: Хөвсгөл аймаг, Мөрөн сум, 8 дугаар багт оршин суух, Раднасэнгийн С*******д холбогдох

 Нэхэмжлэлийн шаардлага: 1,000,000 /нэг сая/ төгрөг гаргуулах тухай 155/2023/00631/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд:

         Нэхэмжлэгч Б.Г*******,

         Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Цэрэнчимэд нар оролцов.

         Хариуцагч Р.С******* шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэлээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Нэхэмжлэгч Б.Г******* нь хариуцагч Р.С*******д холбогдуулан 1,000,000 /нэг сая/ төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Р.С******* над руу чат бичсэн. Эгчид нь тус байна гэсэн. Тэгээд би утсаар холбогдоод цахим залилан юм биш биз дээ гэж бодоод өөр лүү нь утсаар залгаж холбогдсон. Тэгэхэд эгчид нь яаралтай мөнгөний хэрэг гараад туслах боломж байна уу. Хүүтэй ч байсан хамаагүй 02 дугаар сарын 23-ны өдөр гэхэд буцаагаад өгнө гэсэн. 2023 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Төв аймгийн иргэнээс авч өгөхөөр асуусан. Гэтэл нөгөө хүн маань би тэр хүнийг чинь танихгүй юм чинь чи зээлээд гэрээ байгуулаад ав гэсэн. Тэгээд би С*******д хэлсэн. Би н.Л******* ахтай зээлийн гэрээ байгуулаад Р.С*******д мөнгө явуулахдаа хүүтэй гэдгийг нь хэлсэн. 2023 оны 2 дугаар сарын 19-ний өдрөөс хойш би холбоотой явсан. Цагаан сар гээд эгч нь боломжгүй байна гэсэн. 2023 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс хойш н.Л******* гэдэг хүн гэрт ирж уулзаад, ажил дээр ирж шүүхийн Тамгын газрын даргатай уулзаад миний нэр төрд халдсан төвөгтэй байдал үүссэн. Би н.Л******* гэдэг хүнд Р.С******* шүүгчийн утасны дугаарыг өгсөн. Тэгээд энэ хоёр хүн хоорондоо утсаар яриад маргаан үүссэн байсан. н.Л******* та 2-ын тохиролцоо надад хамаагүй. Би зээлсэн мөнгөө чамаас л авна гэсэн. Би тухайн үед 10,000,000 төгрөгийг зээлэхдээ өөрт нь 10%-ийн хүүтэй гэдгийг нь хэлсэн. Би туслаач ээ гэхэд нь тусалчихаад ийм зүйл сонсож байгаадаа гомдмоор байна. 2023 оны 02 дугаар сарын 23-наас 3 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл сунгаад 1,000,000 төгрөг нэмээд өгье гэсэн месенжер чат хүртэл байгаа. Үнэхээр л тийм өндөр хүүтэй гэж бодсон юм бол яагаад надаас тэгж их гуйж зээлсэн юм. Шүүгч хүн байж яагаад ийм муухай зан гаргаад байгааг ойлгохгүй байна. 5% ч гэх шиг үнэхээр худлаа ярьж байна. Хүний хэргийг дэнсэлдэг хүн байж хүний нэр хүнд гутааж байгаа нь үнэхээр гомдмоор байна. Би бухимдсан ажил дээр орж ирээд л шүүхийн хүн байж луйварчин гэх мэтчилэнгээр зөндөө доромжилж нэр хүндэд минь халдсан. Би Р.С*******г цахимаар оролцох байх. Нүүр нүүрээ хараад ярилцъя гэсэн. Гэтэл шүүх хуралдаанд оролцсонгүй. Иймд хариуцагчаас 1,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2.Нэхэмжлэгч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

-Б.Г******* депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 3-4-р хуудас/,

-99838986 дугаартай утаснаас ирүүлсэн мессеж /хэргийн 5-р хуудас/,

 

 3.Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Би 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Б.Г*******ас 10,000,000 төгрөгийг, хүүг 1 сарын 10 хувь байхаар, 2 сарын хугацаатай зээлж авсан. Зээлийн хүүг сар бүр өгнө гэж хэлсэн боловч эхний хүү болох өдөр буюу 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Б.Г******* та хүүгээ бөөнд нь өгөх юм уу одоо өгөх юм уу нөгөө хүн чинь асууж байна гэж мэссэж бичсэн байхаар нь хамт өгч болбол хамт өгье гэж хариу бичтэл ок гэсэн мэссэж ирсэн. 2023 оны 02 дугаар сарын 23-ны өдөр цалингийн зээлээ нэмж авч өгнө гэж төлөвлөж байсан боловч амралтын.өдрүүд таарсан миний цалингийн зээл ч нэмж авах боломжгүй гэж банк хариу өгсөн. Түүнээс хойш мөнгө олдохгүй явсаар 2023 оны 3 сарын 23, 26-ны өдрүүдэд хувааж, нийт 12,000,000 төгрөгийг өгсөн. 2023.02.23-2023.3.23-ны хугацаанд Б.Г******* надруу байнга залгаж, мэссэж бичиж байсан бөгөөд холбогдох болгондоо би мөнгийг нь өгнө гэдгээ хэлдэг байсан. Дээрх хугацаанд Б.Г******* болон мөнгө зээлүүлсэн гэх хүн надруу байнга залгаж, мэссэж бичиж дарамталж байсан. Хэдийгээр би 10 хувийн хүүтэй мөнгө зээлэхийг хүлээн зөвшөөрч байсан боловч бидний хооронд бичгээр гэрээ байгуулагдаагүй. Гэсэн хэдий ч би хэлсэн ёсоороо 2 сарын хүү 2,000,000 төгрөг өгсөн. Энэ нь маш өндөр хүү гэдгийг Б.Г******* ч ойлгож байгаа байх. Би Б.Г******* мөнгө зээлүүлсэн гэх хүн рүү “би 2.000,000 төгрөгийн хүү өгсөн. Үүнийг сарын 6,5 хувиар, 3 сараар бодвол 1,950,000 төгрөг болж байна. Таны тусалсан хүнээ хохироож байгаа гээд байгаа хүнд 50,000 төгрөг илүү гарч байна шүү дээ” гэж мэссэж бичихэд чаддаг юм бол тэгж бодоод өгөөч гэсэн. Мөн надаас анх мөнгөө авъя гэж мөнгө зээлүүлсэн хүн ярихдаа би ганцхан сая төгрөгний төлөө 10,000,000 төгрөг алдчихвий дээ гэж хэлж байснаас Б.Гантулгыг тэр хүнээсээ 5 хувийн хүүтэй зээлдчихээд надад 10 хувийн хүүтэй гэж хэлсэн юм байна гэж ойлгосон. Би Б.Г******* мөнгө зээлж авсан хүнийг ч, Б.Гантулгыг ч хохироогоогүй гэж бодож байна. Бидний хооронд бичгийн зээлийн гэрээ байгуулагдаагүй, би үндсэн төлбөр болон зээлийн хүүг бүрэн өгсөн тул нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн эөвшөөрөхгүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

         1.Шүүх Б.Г******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Хариуцагчаас зээлийн гэрээний дагуу 2023 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийг хүртлэх 1 сарын хүү 1,000,000 төгрөгийг гаргуулна гэв.

3.Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, бидний бичгээр зээлийн гэрээ байгуулаагүй, би үндсэн зээл, зээлийн хүүг анх тохиролцсон хэмжээгээр бүрэн төлж барагдуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж татгалзлын үндэслэлээ тодорхойлсон.

Хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.Талууд 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр зээлийн гэрээг амаар байгуулсан, зээлдүүлэгч Б.Г******* нь зээлдэгч Р.С*******д 10,000,000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгөн хөрөнгийг буцаан 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 4,900,000 төгрөг, 3 дугаар сарын 27-ны өдөр 7,100,000 нийт 12,000,000 төгрөгийг төлсөн үйл баримтын талаар зохигч талууд маргадаггүй.

5.Улмаар Р.С******* нь 2023 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн дотор зээл, зээлийн хүүг төлөхөөр харилцан тохиролцсон байна.

 

6.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээн” гэж хуульчилсан.

7.Талуудын хооронд үүссэн харилцаа нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан иргэд хоорондын зээлийн гэрээний харилцаанд хамаарч байна.

8.Гэвч Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж заасан байх бөгөөд зээлдэгч Б.Г*******, зээлдүүлэгч Р.С******* нарын хооронд үүссэн зээлийн гэрээний харилцаа нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-д заасан шаардлага хангахгүй байна.

Иймд хариуцагчаас зээлийн хүү 1,000,000 төгрөг гаргуулах Б.Г******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 9.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,550 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Р.С*******гаас 1,000,000 /нэг сая/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Г******* нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

        2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,  нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 28,550 /хорин найман мянга таван зуун тавь/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

         3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 О.ОДОНЧИМЭГ