| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Батчимэг |
| Хэргийн индекс | 102/2023/02669/И |
| Дугаар | 102/ШШ2023/03537 |
| Огноо | 2023-10-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 10 сарын 05 өдөр
Дугаар 102/ШШ2023/03537
| 2023 оны 10 сарын 05 өдөр | Дугаар 102/ШШ2023/03537 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж гааль-7 байрны 9 тоотод оршин суух Таван булаг овогт Дашбазарын Ц
Хариуцагч: Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн 13 гудамж 294 тоотод оршин суух Боржигон Гомбын Н/
Нэхэмжлэлийн шаардлага: 1,650,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: Д.Ц
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ба
Хариуцагч Г.На
Гэрч Д.
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Оюунсайхан
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Ц нь хариуцагч Г.Н холбогдуулан 1,650,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Д.Ц нь 2020 оны 8 дугаар сараас 9 дүгээр сарын хооронд Г.Н засал ном хийлгүүлэх зорилгоор 3 удаагийн үйлдлээр 1,650,000 төгрөг өгсөн. Гэвч Г.Ннь шашны үйл ажиллагаа явуулах зохих зөвшөөрөлгүй, засал ном хийж өгнө гэж худал хэлсэн. Иймд 1,650,000 төгрөг гаргуулж өгнө үү.
2. Хариуцагч хариу тайлбартаа: Д.Ц нь нэхэмжлэлдээ үндэслэлгүйгээр худал зүйл зохиож бичсэн байна. Би түүнээс 1,650,000 төгрөг аваагүй. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.
3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэрэг баримтуудыг, хариуцагчаас Г.На Хаан банк, Хас банк дахь дипозит дансны хуулга зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Д.Эрдэнэ-Оюунаас мэдүүлэг авсан байна.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагч Г.Н шашны зан үйл хийлгэхээр 1,650,000 төгрөг шилжүүлсэн боловч хариуцагч тухайн зан үйлийг хийж өгөөгүй.
3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн Үүнд: Нэхэмжлэгч Д.Цоос 1,650,000 төгрөг шилжүүлэн аваагүйгээс гадна шашны зан үйл хийхээр тохиролцоогүй.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5. Нэхэмжлэгч Д.Ц нь нэхэмжлэлийн үндэслэлээ шашны зан үйл хийлгэхээр шилжүүлсэн 1,650,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсан боловч хэрэгт авагдсан баримтаас үзэхэд талуудын хооронд гэрээний болон гэрээний бус үүрэгтэй холбоотой харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байхаас гадна нэхэмжлэгч Д.Цоос хариуцагч Г.Н мөнгөн хөрөнгө шилжүүлсэн болох нь баримтаар нотлогдохгүй байна.
6. Иймд хариуцагч Г.Ннь үндэслэлгүй хөрөнгөжсөн болох нь баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
7. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Г.Н холбогдох 1,650,000 төгрөг гаргуулах Д.Цын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ