Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2023/03610

 

 

 

 

 

2023 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2023/03610

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 8 дугаар хороо, Сонсголон 22 гудамж, 768 тоотод оршин суух Боржгин овогт Нямдаваагийн С/РД:

Хариуцагч: Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 82 дугаар байр, 19 тоотод оршин суух Боржигон овогт Ханбүргэдийн Х /РД:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 1,020,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч С

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Удвал

 

Хариуцагч Х.Х хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Н.Снь хариуцагч Х.Хд холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 1,020,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Үүнд: Нэхэмжлэгч Н.Снь 2019 онд Хын хүсэлтээр түүний ажиллуулдаг эмийн санд өлгий нийлүүлсэн. Гэвч Х.Х өлгийний мөнгө өгөөгүй тул өлгийгөө 2020 оны 7 дугаар сарын 04-ний өдөр буцаан авсан. Буцаалт хийхэд 1,520,000 төгрөгийн үлдэгдэл үлдсэн бөгөөд 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр барааны үнэ 400,000 төгрөгийн буцаалт, 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр шилжүүлсэн 100,000 төгрөгийг тус тус хасаж 1,020,000 төгрөгийн авлагатай үлдсэн.

 

2. Хариуцагч хариу тайлбар гаргаагүй.

 

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, бараа хүлээлцсэн болон төлбөр төлсөн баримт, Х.Хын иргэний үнэмлэхийн лавлагаа, фото зураг зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Хариуцагчаас гаргасан баримтгүй.

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

1. Нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагч Х.Х худалдах-худалдан авах гэрээний дагуу хүлээн авсан бүтээгдэхүүний үнийг төлөх үүргээ гүйцэтгээгүй.

 

3. Хариуцагч Х.Хд шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, шүүхэд хариу тайлбар гаргаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, түүний эзгүйд хэргийг шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэг талаас С, нөгөө талаас Х.Х 2019 онд худалдах-худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр худалдагч Н.Снь 57 ширхэг өлгий нийлүүлэх, хариуцагч Х.Х хариу төлбөрт нь 3,800,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон болох нь бараа хүлээлцсэн болон төлбөр төлсөн баримтаар тогтоогдож байна.    

 

5. Хариуцагч Х.Х дээрх гэрээний дагуу өлгий хүлээн авсан, үнийг төлсөн эсэх талаар маргаагүй.

 

6. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

 

   7. Нэхэмжлэгч Н.Снь худалдах-худалдан авах гэрээний дагуу өлгий нийлүүлсэн болох нь бараа хүлээлцсэн болон төлбөр төлсөн баримтаар тогтоогдсон. Харин хариуцагч Х.Х нь хүлээн авсан барааны үнийн үлдэгдэл 1,020,000 төгрөгийг төлөөгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна. 

 

8. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-т зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

 

9. Хариуцагч Х.Х өлгийний үнэ 1,020,000 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч Н.Снь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар 1,020,000 төгрөгийг хариуцагч Х.Хаас шаардах эрхтэй байна.

 

10. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасаар улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 120 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

            

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Х.Хаас худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 1,020,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ст олгосугай.

 

 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 29,030 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Х.Хаас 29,030 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ст олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                 Ч.БАТЧИМЭГ