Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 14

 

 2019 оны 07 сарын 18-ны өдөр      Дугаар 222/МА2019/00014                   Баруун-Урт     

 

                                       Х.Аийн   нэхэмжлэлтэй, 

                                 Сүхбаатар сумын ерөнхий боловсролын

сургуульд холбогдох  иргэний хэргийн талаар

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч О.Баатарсүх даргалж, шүүгч Я.Алтаннавч, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд хийв. 

 

Шүүх хуралдаанд: 

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Зулаа

Нарийн бичгийн дарга Э.Энхсаруул нар оролцов. 

 

Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 218 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн нэхэмжлэгч Х.Аийн давж заалдах гомдлоор Х.Аийн  “гэм хорын хохирол 1720780 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлтэй Сүхбаатар сумын Ерөнхий боловсролын сургуульд холбогдох иргэний хэргийг давж заалдах шатны шүүх 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч  Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.   

 

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Д нь 2005 онд төрсөн, 13 настай, 2018.10.23-нд сургууль дээрээ хичээлийн цагаар хүүхдэд зодуулж биедээ гэмтэл авч эмчилгээ хийлгэсний улмаас учирсан гэм хорын хохиролд 1750.780 төгрөгийн хохирол нэхэмжилж байсан боловч нэхэмжлэлийнхээ шаардлагыг багасгаж 1381.920 төгрөг болгож байна. Томографын 290.000 төгрөг, хоолны 46.000 төгрөгийг хассан юм. Бид нэхэмжлэлийн шаардлагын 50 хувьд эвлэрэх санал тавьсныг хүлээн аваагүй тул эвлэрэхгүй гэж бодож байна. Сургуулиас Ш.Шын ээжийн өгсөн мөнгийг хасч тооцно гэсэн тайлбар гаргасан байсан. Үүнийг бол сургууль өгсөн гэж үзэх боломжгүй. Тэр хүн сэтгэл гаргаж өгсөн мөнгө. Харин өгсөн хүн нь авна гэвэл бид түүнийг нь буцааж өгнө. Улаанбаатар хотод такси болон Сүхбаатар сум Баруун-Урт хоёрын хооронд 14 удаа Ө гэдэг хүнтэй хамт явсан. Улаанбаатар хот руу ирж очихын 140.000 төгрөг төлсөн зэрэгт тодорхойлолт авсан. Замын унаануудад тодорхойлолтоор өөр баримт өгдөггүй. Иймд гаргасан нэхэмжлэлийнхээ шаардлагыг дэмжиж байна гэв.

 

Хариуцагч Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Ерөнхий боловсролын сургуулийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Дыг эмнэлэгт үзүүлэх, эмчилгээнд явах замын зардал, шинжилгээ өгөх зураг авахуулах, эм тариа авах хууль зүйн туслалцаа авах зэрэгт гарсан зардалд 1.381.920 төгрөг нэхэмжлэснээс нотлох баримттай зардлуудыг төлнө. 

Үүнд: замын зардал 1 дүгээр сарын 21-нд Баруун-Уртаас Улаанбаатар хот явсан зардал 54000 төгрөг, 1 сарын 25-нд Улаанбаатараас Баруун-Урт сум явсан зардал 54.000 төгрөг,  эмийн үнэ 40.390, 1 сарын 24-нд Томограф 120000 төгрөг, архивын лавлагаа 4800 төгрөг, Монос эмийн сангийн 4480 зэргийг тооцож 277689 төгрөгийг тус тус төлөхийг зөвшөөрч байна гэв. 

 

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Зулаа шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч тал 1.720.780 төгрөг нэхэмжлэснээ 1.318.920 төгрөг болгож багасгасан боловч энэ нэхэмжлэлд нотлох баримтын шаардлага хангахгүй нотлох баримтууд гаргаж өгсөн байна. Үүнд такси үйлчилгээнд төлсөн 120.000 төгрөг, Сүхбаатар сумаас Баруун-Урт сум руу 14 удаагийн явсны хөлс 368.000 төгрөг, Сүхбаатараас Улаанбаатар, Улаанбаатараас Сүхбаатар аймаг руу явахад замын зардалд 140.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 300.000 төгрөг зэргийг нэхэмжилсэн баримтууд нь тодорхойлолт авсан байгааг нотлох баримт гэж үзэх боломжгүй юм. Одоо үед дансанд мөнгө орсон эсэхийг харах боломтой болсон цаг үе. Ядаж л тухайн хүний дансанд мөнгө оруулсан баримт өгсөн бол тэр давхар нотлох баримт болно. Иймд нотлогдоогүй зардлуудыг хасч тооцуулах саналтай байна гэв. 

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 218 дугаар шийдвэрт:  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 503 дугаар зүйлийн 503.2, 506 дугаар зүйлийн 506.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Ерөнхий боловсролын сургуулиас 299 480 / хоёр зуун ерэн есөн мянга дөрвөн зуун ная / төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Аьд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 082 500 / нэг сая наян хоёр мянга таван зуу / төгрөгийг хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Сүхбаатар сумын Ерөнхий боловсролын сургуулиас улсын тэмдэгтийн хураамжид 9634 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

  Нэхэмжлэгч Х.Аь давж заалдах гомдолдоо: Миний хүү Д нь 13 настай. Сүхбаатар сумын ерөнхий боловсролын сургуулийн 7 дугаар ангид сурдаг. 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хичээлдээ яваад ирэхдээ ангийн хүүхэд Шинэбаярт зодуулсан гээд хамар, ам нь хавдсан ирсэн. Үүнээс болж хүүхдээ эмнэлэгт үзүүлэх, эмчилгээ хийлгэх зорилгоор Улаанбаатар хот руу хоёр, аймаг, сумын хооронд 14 удаа явж замын болон эмчилгээний маш их зардал гаргасан. Хүү маань насанд хүрээгүй учир нааш, цаашаа явах болгонд эмээ нь эсвэл би өөрөө авч явдаг байсан.  Хотод эмчилгээ хийлгэж байх үедээ дандаа хувийн таксигаар явж 120000 төгрөгний зардал гаргасан, такси нь  бидэнд ямар нэгэн баримт өгдөггүй байсан. Хэрэв манай хүүхэд гэмтэл аваагүй бол бид эмчилгээнд явж хохирохгүй байх байсан. Сургууль үүргээ биелүүлээгүйд гомдолтой байна. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ зарим нэг баримтыг нотлох баримтын шаардлага хангахгүй гэж мөнгөн дүнгээс хасаж тооцсонд гомдолтой байна. Таксинд төлж байгаа мөнгийг баримтаар нотлох боломжгүй, таксины жолооч нар баримт өгөх боломжгүй гэдэг байсан. Шүүхээс энэ баримтыг шаардаад байгааг үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааныг  гэм хор учруулснаас үүсэх үүрэг гэж үзэн шийдвэрлэсэн нь Иргэний хуулийг 497 дугаар зүйлд заасан агуулгатай нийцсэн байна. 

Нэхэмжлэгч Х.Аь Сүхбаатар сумын ерөнхий боловсролын дунд сургуулиас хүү Ж.Дт учирсан гэм хорын хохиролд 1720780 төгрөг гаргуулахаар нэхэмжлэснийг хариуцагч тал нотлох баримттай 277680 төгрөгийг төлнө, бусдыг нь төлөхгүй гэж маргажээ.

Хохирогч  Ж.Д нь  2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр сургууль дээрээ хичээлийн завсарлагаанаар нэг ангийн сурагч Ш.Шт нүүрэн тус газраа өвдөглүүлэн, хамартаа гэмтэл авсан талаар зохигчдын төлөөлөгчид маргаагүй юм.  

 

Зохигчдын маргааны зүйлд хохирогч  асран хамгаалагчийн хамт аймгийн Нэгдсэн эмнэлэгт үзүүлэхээр Сүхбаатар сумаас Баруун-Урт сум руу ирсэн болон буцсан, 2018 оны 11 сарын 29-нд Улаанбаатар хот явсан, ирсэн, Улаанбаатар хот руу үзүүлэхээр 2 дахь удаагаа /2019.2.21-25-ны хооронд/ явахдаа таксигаар үйлчлүүлсний хөлс гэх мэт зардлууд, өмгөөлөгчийн хөлс, хоолны мөнгө зэрэг орж байгаа ажээ.  

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлээс дээрх шаардлагуудыг “ шүүхэд ирүүлсэн нотлох баримтууд нь хуульд заасан шаардлага хангаагүй, хоолны зардал уг гэм хортой шууд холбоотой гэж үзэх боломжгүй, өмгөөлөлийн хөлс төлсөн нь нотлох баримтаар нотлогдохгүй байна” гэсэн дүгнэлт хийж хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь буруу болжээ. 

 

Хэргийн баримтаас үзэхэд хохирогч Ж.Д нь 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр бусдад зодуулж хамартаа гэмтэл авсны улмаас 26-ны өдөр сумын их эмч Г.Сд үзүүлэн Аймгийн нэгдсэн эмнэлэгт үзүүлэх зөвлөгөө өгсний дагуу эмч З.Гд үзүүлж хамраа тэгшлүүлсэн, 2019 оны 01 дүгээр сарын 17-нд сумын Эрүүл мэндийн төвийн АМ-13А маягтаар АНЭ-ийн чих хамар хоолойн эмчид үзүүлж, улмаар АНЭ-ийн АМ-13А маягтаар Эх нялхсын эрүүл мэндийн үндэсний төв чих хамар хоолойн  тасагт үзүүлэхээр асран хамгаалагч Д.Цын хамт сум болон аймгийн төвийн хооронд 3 удаа явсан нь  өвчтөн илгээх хуудсууд, их эмч Г.С, З.Г нарын өвчтний картан дээр бичсэн тэмдэглэл, тодорхойлолт зэргээр тогтоогдож байна. Сүхбаатар сумаас аймгийн төв орох нэг удаагийн зардлыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 7000 төгрөг байдаг гэснийг нэхэмжлэгч үгүйсгээгүй тул үүгээр тооцож уг зардлыг гаргуулах нь зүйтэй гэж үзэв. /хх-7,8,11,37,81/  

 

 Мөн 2019 оны 1 дүгээр сарын 21-25-ны хооронд Улаанбаатар хотын  Люксмед эмнэлэгт компьютер томографийн шинжилгээ өгч төлбөр төлсөн баримт , Ачтан-Элит клиникийн эмнэлгийн чих хамар хоолойн эмчид үзүүлсэн үзлэгийн тэмдэглэл,Т-А эмийн сангаас 40490 төгрөгийн эм авсан баримт зэргээс үзэхэд тэдгээрийг хотод таксигаар үйлчлүүлсэн гэж үзэхээр байна. /хх-9,10,28,35/ 

 

Иргэний хуулийн 503 дугаар зүйлийн 503.2 дахь хэсэгт “7-14 хүртэлх насны иргэн сургууль, хүүхэд хүмүүжүүлэх болон эрүүл мэндийн байгууллагын шууд хяналтан дор байхдаа бусдад учруулсан гэм хорыг эдгээр хуулийн этгээд хариуцан арилгана.” гэж, 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн ... эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан ... зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй”, 506 дугаар зүйлийн 506.1-д  “ Арван зургаан нас хүрээгүй ... иргэний эрүүл мэндэд гэм хор учруулсан бол гэм хор учруулсан этгээд нь ийнхүү гэм хор учруулсантай холбогдон гарсан зардлыг энэ хуулийн 505.1-д  зааснаар нөхөн төлнө” гэж хуульчилжээ. 

 

Хохирогч Ж.Дын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон   Сүхбаатар сум-аймгийн төв-Сүхбаатар сум, Улаанбаатар хотод таксигаар үйлчлүүлсэн гэх зардлууд зайлшгүй гарах зардал байх тул хэрэгт ирүүлсэн дээрх нотлох баримтуудад дүгнэлт хийн Сүхбаатар сумаас аймгийн төв ороод буцах 2 хүний нэг удаагийн зардал 14000 *2= 28000 төг *3 удаа явсан= 84000 төгрөг, хот дотор таксигаар үйлчлүүлсэний хөлсийг 60000 төгрөг гэж тус тус тооцон нийт 144000 төгрөгийг хариуцагч Сүхбаатар сумын сургуулиас нэмж гаргуулах үндэслэлтэй  гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

 

Харин шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй юм. 

 

Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна. 

 

Хариуцагч байгууллагын хохирогчид төлөх хохирлын дүн нэмэгдэж байгаа тул сургуулиас гаргуулах улсын тэмдэгтийн хураамж нэмэгдэж байгаа болно.    

  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

Нэг. Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 218 дугаар шийдвэрийн тогтоох хэсэгт дараахь өөрчлөлтийг оруулсугай.

 

1.Шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “ 299480 “ гэснийг “ 443480” гэж, “ 1082500 “ гэснийг “ 938500 ” гэж, 2 дахь заалтын “ 9634” гэснийг “ 13954 “ гэж тус тус өөрчилсүгэй.

 

2.Тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

Хоёр. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн     41.1.7-д зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай. 

 

Гурав. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл хяналтын журмаар Монгол Улсын Дээд  шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.  

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             О.БААТАРСҮХ

 

                                        ШҮҮГЧИД                             Я.АЛТАННАВЧ

 

                                                                                      Д.БАЙГАЛМАА