| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Батчимэг |
| Хэргийн индекс | 102/2023/04300/И |
| Дугаар | 102/ШШ2023/03845 |
| Огноо | 2023-10-25 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 102/ШШ2023/03845
| 2023 оны 10 сарын 25 өдөр | Дугаар 102/ШШ2023/03845 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 24а байрны 30 тоотод оршин суух Ж /РД:
Хариуцагч: Баянгол дүүргийн 16 дугаар хороо, 7-7 тоотод оршин суух Боржигин овогт Чо Ё /РД:
Нэхэмжлэлийн шаардлага: Эд хөрөнгө хөлслөх гэрээний үүрэгт 270,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: А.Ж
Хариуцагч: Ё
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Удвал
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч А.Ж нь хариуцагч Ёад холбогдуулан эд хөрөнгө хөлслөх гэрээний үүрэгт 270,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Нэхэмжлэгч А.Ж нь 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Ёад 2 хоног 2795 УБҮ улсын дугаартай Sonata-7 маркийн тээврийн хэрэгслийг түрээслүүлсэн бөгөөд гэрээний 1.3-т зааснаар хоцорсон цаг тутам 10,000 төгрөгөөр тооцохоор тохиролцсон. Хариуцагч Ё нь тээврийн хэрэгслийг 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 17 цагт өгөх байсан боловч 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 20 цагт хүлээлгэн өгч, 27 цаг хоцорсон 270,000 төгрөгийг төлбөр төлөөгүй.
2. Хариуцагч хариу тайлбартаа: А.Жтай аяллын явцад байнга холбоотой байсан бөгөөд үүнийгээ мэдэгддэг байсан. Хөдөө явах хугацаанд машины бичиг баримттай холбоотой их асуудал гарч ирж, машины доголдолтой засуулах хэрэгтэй болж, сэлбэг авч асуулж явсан. Тэр бүхнийг зохицуулж бид хүлээлгэх ёстой цагаас хоцорсон. Машиныг 2023 оны 9 дүгээр сарын 22-ний өдрийн 12 цагт орчим хүлээлгэж өгсөн. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй” гэв.
3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, А.Ж, Ё нарын хооронд 2023 оны 08 дугаар сарын 19-ний өдөр байгуулагдсан автомашин түрээслэх гэрээ, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, гялс банк интернет гүйлгээний мэдээлэл зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн, хариуцагчаас гаргасан баримтгүй.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагч Ё эд хөрөнгө хөлслөх гэрээний дагуу хөлс төлөх үүргийг гүйцэтгээгүй.
3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн Үүнд: Эд хөрөнгө хөлслөх гэрээний зүйл болох тээврийн хэрэгслийн доголдол, бичиг баримтын улмаас гэрээнд заасан хугацаанд тээврийн хэрэгслийг буцаан өгөх боломжгүй байсан.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч А.Ж, хариуцагч Ё нар нь 2023 оны 08 дугаар сарын 19-ний өдөр эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулж, уг гэрээгээр хөлслүүлэгч тал болох А.Ж нь 2795 УБҮ улсын дугаартай Sonata-7 маркийн тээврийн хэрэгслийг хөлслүүлэх, хөлслөгч тал болох Ё нь 2023 оны 08 дугаар сарын 19-ний 17 цагаас 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 17 цаг хүртэл нэг хоногийн 100,000 төгрөгийн хөлс төлөх, хугацаа хэтрүүлсэн цаг тутам 10,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан бичгээр байгуулсан гэрээ, зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
5. Талуудын хооронд Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д заасан эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй болно.
6. Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч А.Ж нь тээврийн хэрэгслийг хариуцагч Ёын эзэмшилд 2023 оны 08 дугаар сарын 19-ний 17 цагт шилжүүлсэн, хөлслөгч Ё нь тээврийн хэрэгслийг хувийн аялал хийх зорилгоор ашиглаж 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 20 цагт буцаан хүлээлгэн өгсөн болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.
7. Гэрээний 1.3-т гэрээний хугацаа дуусахаас өмнө аль нэг тал нь цуцлах, сунгах санал тавиагүй, сунгалтын төлбөрөө тухай бүр хийгээгүй тохиолдолд түрээсийн төлбөр 1 цагт 10,000 төгрөг бодогдохоор заасан байна.
8. Талуудын хооронд байгуулагдсан эд хөрөнгө хөлслөх гэрээний хугацаа дууссан 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 17 цагаас хойш хариуцагч Ё гэрээний хугацааг сунгах талаар санал гаргасан болох нь баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч А.Ж нь 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 17 цагаас 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 20 цаг хүртэлх хөлсийг гэрээний 1.3-т заасан хэмжээгээр буюу 1 цагт 10,000 төгрөгөөр тооцож нэхэмжилсэн нь үндэслэлтэй гэж үзэхээр байна.
9. Нөгөө талаас хариуцагч Ё нь эд хөрөнгө хөлслөх гэрээний зүйл болох тээврийн хэрэгслийн доголдол болон бусад нөхцөл байдлын улмаас тээврийн хэрэгслийг гэрээнд заасан хугацаанд буцаан өгөөгүй гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
10. Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д зааснаар нэхэмжлэгч А.Ж нь 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 17 цагаас 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 20 цаг хүртэлх эд хөрөнгө хөлслөх гэрээний үүрэгт 270,000 төгрөгийг хариуцагч Ёаас гаргуулахаар шаардах эрхтэй байна.
11. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор хуваарилна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д заасныг баримтлан хариуцагч Ёаас эд хөрөнгө хөлслөх гэрээний үүрэгт 270,000 /хоёр зуун далан мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.Жд олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8,750 төгрөгийг улсын төсвийн орлого болгож, хариуцагч Ёаас 8,750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Жд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ